Швейцар лугаа хөгжье /Аян замын тэмдэглэл/

Ид өрнөж байгаа өвс хадлангийн ажлаа орхиод гадаад улс руу зорихоор болоход минь хаашаа ямар хэргээр явж байгааг сонирхох хүн олон. Өндөр хөгжсөн Европын холбооны Швейцар улсад хадлан тэжээл бэлдэх техник, технологи, арга туршлага юу байгааг судалж ирэхээс. Алийн болгон цах, тармуур бариад өвс бухалдаж явах вэ, гэхэд минь инээлдэсхийгээд... Нээрээ ч тэнд өвсөө арай өөрөөр авдаг байх гэлцэн өвлийг өнтэй давах найдлага болгон хадаж хураасан ногоон өвснийхөө чанар байдлыг алс тэртээх Швейцарынхаас лав дээгүүр байгаа гэж бардамнан үлдэв. Магадгүй хөгжилдөө ханасан Европчууд нүүдлийн мал аж ахуйн сүүлчийн голомт болж байгаа Монгол ахуйгаас хүний мөн чанарыг хайж ирэхэд үзүүлэх юмтай үлдэх далдын совин нөлөөлсөн биз ээ. Ийнхүү Тэрмийн даваа, Марцадын уулнаа хусны навчис шаргалтан ялгарч эхлээд, удахгүй бугын чийг унан гайхамшигт урамдлага уянгалж эхлэхийг сэтгэлдээ ургуулан мордлоо. 
Чингис хаан олон улсын нисэх буудлын зам талбай, нислэгийн зурвас тойрсон өвс ногоог сайтар хадаж тэгшилснийг хараад, “Эднийх аль хэдийнээ хадлангаа авчихжээ” гэх бодол зурсхийх нь хэд хоног хадлан өвс гэж зүтгэснийх биз ээ. Хамт явах нөхөдтэйгөө нийлж аваад МИАТ- н эзэмшиж байгаа “Бойнг – 789 – 9” загварын, 292 хүний суудалтай, 14140 км агаарын замыг буулгүй туулах чадвартай шинэхэн хөлгөөр Герман улсын Франкфурт хүртэл 6856 км зайг 7 цаг 51 минут зарцуулан нисэж хүрэхээр хөөрөв. Онгоцны цонхоор Туул, Орхон, Сэлэнгэ голын сав газрууд, Төв, Булган, Хөвсгөл аймгуудынхаа таньж мэдэх газар орноо бүртгэн харжээ явахад Идэр, Дэлгэр гол, мөрнүүд биенээ угтан тахиралдаж эвсээд Сэлэнгэ мөрний эх болж байгаа зураглал эгээ л Монгол нум сумаа тавьж байнд нь илгээх эхний агшныг дүрслэх лугаа өвөрмөц сонин үзэгдэх юм. Харин Дархадын хотгор хавиар өнгөрөхдөө Тэнгис, Шишгэд голууд нийлээд Бага Енисей мөрний эх болон гадаад руу зулрахыг хараад үүн лугаа адил Монголоосоо одож байгаа хэчнээн хүн энэ онгоцонд яваа бол гэх таагүй бодол төрөхөд онгоц маань хүртэл хилээ давахаас дургүйцэх мэт хэсэг зуур биеэ сэгсрэн зорчигчдоо тавгүйтүүлээд Тагна Тувагийн нутаг залган битүү ой хөвчтэй уулс харагдаад үүлэнд бүрхэгдэв. Цагтаа нэгэн тогоонд буцалж явсан бантангийн зайлдас Тувачууд Оросын бөөрөнд очиж наалдсандаа ичээд багир бараан үүлэн хөшигний цаана нуугдаж өнгөрөөхөөр шийдэв бололтой. Өмнөх дэлгэцэд харагдах онгоцны замыг ажихад Москвагаас хойхнуур Беларусь, Латвийн нутаг дээгүүр нисдэг юм байна. Үүлний чөлөөгөөр сонирхож харсан газар орнуудаас тоймгүй олон жижиг том нуур цөөрмүүд шавааралдан харваас дан шавар намаг баймаар их хөндийгөөр дүүрэн нуга газрын байдал өвөрмөц сонин. Оросын их нуга хэмээх хот орчмын газар байх гэж таав. Германы нутаг залгаад өндөр уулын бүс багатай ерөнхийдөө талархуу газар зонхилж байгааг сонирхон ниссээр Франкфуртын нисэх онгоцны буудалд шил шилээ даран нисэж буух олон онгоц дунд ороод арай л агаарт дугаарлаж зогсолгүй буугаад хилийн шалганаар нэвтэрч Европын аль ч улсад зорчих эрхтэй болоод авлаа. Энэ буудлын том танхимд, үзүүлэн маягаар байрлуулсан ганган тансаг суудлын тэргийг сонирхон, унаж үзмээр санагдахад Швейцарын Цюрих, цаашаа Давос хүртэл онгоцоор нисэхээ болиод, машин хөлөглөн давхих санаа төрж түрээсийн газраар нь орвол нөгөө миний сонирхсон машин алга. Харин 50 – 80 мянган евро байршуулаад Audi, Benz, BMB гээд дэлхийд гайхуулдаг аваргуудаас дуртайгаа сонгож унаад явж болохоор байна. Үйлдвэр маань ийм хэмжээний мөнгийг түр байршуулаад өгдөг бол гэх давруу бодол тээсээр онгоцоор зорьсон газраа хүрч төлөвлөсөн хэргээ бүтээгээд ирсэн дээ.
Жил бүр дэлхийн улс орнуудын удирдагчид чуулж, эдийн засгийн асуудлаа хэлэлцдэг Давосын чуулганы ордонд энэ удаа 80 гаруй орны 1200-аад төлөөлөл хуран цугларч эх дэлхийнхээ газрын доорх усны талаар ном хаялцав. Олон улсын Гидрогеологийн холбоо, Швейцарын холбооны улсын Гидрогеологийн нийгэмлэг, Нойшателийн Их сургуулийн Гидрогеологи, геотермикийн төв хамтран зохион байгуулсан энэ чуулганд Монгол Улс маань хамгийн олон төлөөлөлтэй буюу яам, газар, их дээд сургууль, уул уурхайн хамслууд, хувийн хэвшил оролцсон 12 хүнтэй багаар оролцов. Усны газрын Д.Түвшинжаргал мэргэжилтэн тэргүүлээд, гадаад “хэл ус” сайтай, эрдэм номын хүмүүс манлайлан, унаа, буудлаас авхуулаад хэн, хаана, хэзээ, ямар сэдвээр салбар хуралдаан, хэлэлцүүлгүүдэд оролцох гээд бүгдийг сайтар зохион байгуулах юм. Манай улсаас газрын доорх усны хяналт, халуун рашааны химийн судалгааны талаарх илтгэлүүдийг тусгайлан хэлэлцүүлэв. Миний хувьд Эрдэнэт үйлдвэр, хотынхоо ашиглаж байгаа цэвэр усны эх үүсвэрийн газрын доорх болон гадаргуугийн усны харилцан хамаарал, түүний хяналт шинжилгээ, ашиглалтын өнөөгийн байдал нь дэлхийн чиг хандлагын хаахна явааг мэдэж авах, газрын доорх дулааны эрчмийг байр, сууцны халаалтад хэрэглэж байгаа туршлагыг судлах чиглэлээр салбар хуралдаануудад оролцож энэ чиглэлийн техник, технологийн ололтуудтай танилцаж амжив. Би оролцогчийн үнэмлэх дээрээ кирилл үсгээр нэрээ бичүүлсэн тул бусад орны хүмүүс түүнийг хараад хаанахын хэн болохыг шууд уншиж чадахгүй сонирхож асуух хүн зөндөө. Тэр бүхэнд Монголоос ирснээ, бид үүнээс өөр бичиг үсэгтэй тухайгаа хэлээд босоо Монгол бичгээрээ овог нэрээ бичиж өгөхөд ихэд сонирхон нарийвчилж шалгаах юм. Даанч миний Монгол бичиг, англи хэлний мэдлэг эх бичгийнхээ их далайгаас хүнд утгаж өгөхөд жулдах нь харамсалтай. Харин Монгол Улс гэж хаана байдаг, ямар улс болохыг гайхаж асуух хүн гараагүй нь бахархалтай. Хуучин Зөвлөлт Оросын бүрэлдэхүүнд байсан улсуудын төлөөлөлтэй Оросоор харилцаж ярилцахад хэлний бэрхшээлийг мэдрэхгүй амар байв. Үзэж харах юм ихтэй тул завгүй гүйсээр Дэлхийн чуулган гэхээр юуг мэдрүүлж, ямар хүсэл эрмэлзэл төрүүлдгийг анзаарсаар энэ хэд хоног харвасан сум шиг өнгөрсөн дөө. 

Бас өвс хадлангийн ажил, эндэхийн дээр үеийн хүмүүсийн хэрэглэж байсан багаж, тэрэг чаргыг ч сонирхоод амжив. Уулсынхаа бэлээр, ой модныхоо захад хадлангийн талбай гаргаад техникээр хадаж хуйлаад томоо дамар шиг болгон саравчинд голдуу хураасан байна. Зарим хадлангийн талбайн дунд эзэнгүй орхигдсон бололтой яг манай Хөвсгөл, Булганд түгээмэл хэрэглэдэг заамал дүнзэн байшин харагдана. Ийм модон сууцыг барьж хэрэглэх арга туршлага Швейцараас Орос, Буриадаар дамжин Монголд хүртлээ хэдэн зууныг туулаа бол гэх бодол төрнө. Шимээсэг зардаг дэлгүүр байгаа эсэхийг асууж сурагласаар хотынхоо захад байрлалтай төрөл бүрийн багаж хэрэгслийн дэлгүүрийг олж очвол шимээсэг, цах, тармуур гээд гараар хадлан бэлдэх бүх багаж байна. Шимээсэгний модон ишийг гэхэд л урлагийн бүтээл гэмээр хачин гоёмсгоор хийгээд зарж байна. Техник явах боломжгүй газрын өвсөө өнөөг хүртэл гараар хадаж авдаг гэнэ. Хуучны 9 дугаарын Орос шимээсэгний багцааны, түүнээс арай өргөндүү нэг л хэмжээний шимээсэг байх юм. Даанч чемодан саванд багтахгүй, онгоцонд ил авч явах хориотой болохоор ганц жижиг гар хадуур л авлаа. Давосын алдарт чуулганы танхимд урьд өмнө чуулсан хүмүүсээс энэ дэлгүүрийг зорьж очоод гар шимээсэг худалдаж авсан хүн гараагүй ба цаашид лав гарахгүй гэнэ. Намайг ингэж Давосын нийтийн тээврийн автобусаар хотын зах хүртэл явж байх үеэр Улаанбаатарт замын боржин хөвөөлбөрийн маргаан ид дэгдэж таараад манай ухаант дээдэс чухам яагаад Швейцар лугаа хөгжье хэмээн уриалж байсныг биеэр мэдрэв. Энд замын хөвөөлбөрийг жинхэнэ боржин чулуугаар хийгээд барагшин хучилт хөвөөлбөрийн заагт чулуун оруулга суулгажээ. Ингэснээр замын ус хөвөөлбөрт хашигдан тэр чулуун оруулга дээгүүр урсаад зайлуулах суваг руу орж байна. Бас нийтийн тээврийн автобуснууд буудалдаа ирж зогсоод гишгүүрээ замын хөвөөлбөртэй чацууртал ялимгүй хазайгаад зорчигчоо буулгаж суулгах юм. Энэ мэтчилэн жинхэнэ утгаараа хүнийхээ аятай, таатай нөхцөлийг бүрдүүлэх гэж хичээдэг нь юухан хээхэн дээр ч тод харагдана. Хотынхоо хамгийн өндөр уулын оргил өөд тавьсан дүүжин замаар бүхээгт суун зорчиход энэ хотын нэр болсон Давос нуур, түүнээс эх авсан багавтар голын давчуу хөндий дагаад сунаж тогтсон хотын байдал нэн үзэсгэлэнтэй. Эрдэнэт хотынхоо цанын бааз байрладаг Сархиа уулыг Баян-Өндөр хайрхны оройтой дүүжин замаар холбоод бүхээгт тээвэр явуулбал өвөл зунгүй, өдөр шөнийн аль ч цагт сонирхож зорчих олны хөл тасрахгүй баймаар санагдана. Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө мөнгөөр бүтээчих том төслийн нэг энэ байж болохоор санагдав.


 

Давосоос буцах замдаа Цюрих хотод хагас өдөр байж таараад трамвайгаар зорчиход буудал хэсэгтээ бас л замын хөвөөлбөртэй чацуу зогсоод хүнээ буулгаж суулгах юм. Цюрих хотын төвийг чимэх эрт, эдүгээ цагийн гудамж барилгуудын ур хийцийг сонирхож явахад бие биедээ хонхны дуугаа дуурсган орших олон сүрлэг сүм дугануудыг хараад шашинтай, шашингүй болмоор санагдах өнөө цагийн Европын хөгжилд уламжлалт шашин, түүнийг дагасан соёлын нөлөө, үүргийг бодоход хүрэв. Сүм, хийдээрээ орж бодол санаагаа ариутган цэгцлээд гарч байгаа хүмүүсийн тогтвортой, зөв байгаа байдал эндэхийн хүмүүсийн нийтлэг дүр төрх юм. Ийм л иргэдтэй байх нь аль ч улс орны язгуурын эрх ашиг төдийгүй энэ эрх ашгаа уламжлалт шашин соёлынхоо боловсролоор дамжуулан хангаж байгаа учир өнөөгийн өндөр хөгжлөө бүтээсэн ч юм билүү. Үүнийг Монголынхоо уламжлалт шашин соёлыг хэрэглэж байгаа байдалтай харьцуулж судалмаар санагдсан шүү. Цюрих хотын төвд байх үзэсгэлэнгийн танхимаар орж тансаг зэрэглэлийн суудлын цахилгаан тэргийг сонирхон Монголоос яваагаа, одоо шууд бэлэн мөнгөөр авбал үнэ буулгах эсэх гээд жинхэнэ Монгол үнэртэй асуултаар үйлчилгээний хүмүүсийг нь баясгаж үзлээ. Англи хэл сайтай бол өвөл цас мөсөнд, хөдөө хээр мал хариулахдаа унавал яах бол гээд жаахан цаашлуулмаар л байлаа. Хамгийн гол нь машинаа тайлбарлан таниулж байгаа сайхан залуучууд намайг огт төвөгшөөхгүйгээр миний асуултыг ойлгох гэж, бас надад ойлгуулах гэж үнэн сэтгэлээсээ маш хүндэтгэлтэйгээр хандах нь бахадмаар. Ийм л иргэдтэй болохоор Европ хөгждөг юм байна. Швейцар лугаа хөгжих урианы цаад санаа ч ийм л иргэдтэй улс болон хөгжих санаа байжээ гэж бодогдоно. Гадаад томилолтын бас нэг зорилго бол санаа хайлгах байдаг. Тийм болохоор олсноо түгээх үүднээс ийнхүү бичиж байгаа хэрэг. Цюрихээс Франкфуртээр дамжин Улаанбаатартаа буцах нислэг шөнийн цагаар таарсан тул зүүрмэглэх зуураа газраар зулсан гэрлийн эзэлж байгаа талбайгаар хот, суурин газруудын том, багыг багцаалж явлаа. Онгоц доошлон Улаанбаатарын гэрэл харагдаж эхлэхэд санаж тэмүүлэх эх орны минь нийслэл угтаж байна хэмээн цээж тэлэн уужирч, хаашаа ч яарахгүйгээр амгаланд эзэмдүүлэх нь гайхалтай. Энх амгалангийн Швейцар орноос энхийн хөх Монголоо саначхаад л ирж байгаа юм. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
2
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.АТАРБАЯР: Цахим сургалтын платформ ашиглах нь илүү үр дүнтэй...
О.Отгонбаяр: Манлайлал, авьяас чадварын хөтөлбөр нь удирдах шатны түлхүүр ажилтны нөөц бэлтгэж буй анхны хөтөлбөр юм
Б.ЧИНЗОРИГ: “Эрдэнэт машин цогцолбор-2025” форумд гадаадын найман хөрөнгө оруулагч, дотоодын 33 аж ахуйн нэгж оролцох хүсэлтээ ирүүлээд байна
Н.Мөнхбаяр: “Зогсох эрхгүй” уурхайн ажлынхаа онцлог, зорилгыг сайн мэддэг уурхайчин хамт олноороо бахархдаг
М.ОТГОН: Баяжуулах үйлдвэрт өргөтгөл шинэчлэл, бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байна
Б.БАЯНБАТ: Эргэлтийн 3-р усан санг хүчитгэсэн төмөр бетон хийцлэлтэй байгуулснаар 50 жил ашиглах боломж бүрдсэн
Г.МӨНХ-ЭРДЭНЭ: Хэрэглээний өсөлтийн үед үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх боломжтой
П.ЭРДЭНЭ-ОЧИР: Тээрэм жигд ажиллаад, төлөвлөгөө норм тасрахгүй байх л жаргал юм даа
Д.НЯМДОРЖ: Мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлснээр тээвэрлэлтийн зардал 25 хувиар буурна
ИВЧЕНКОВА.Е.В: Эрүүл ахуйн стандартад нийцсэн хоолны цэсээр хүүхэд багачууддаа үйлчилж байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %