XX зууны сүүлийн хагаст Эрдэнэтийн-Овоо хэмээх нэр ертөнцийн сонорыг дэлдэн Монгол түмний мэлмийг баясгаж, их бүтээн байгуулалтын нүргээн дуурьсаж эхэлснээс хойш эдүгээ 50 жилийг ардаа орхижээ. Өдгөөгөөс 50 жилийн өмнө Эрдэнэтийн барилга байгууламжийг барьж байгуулахад залуучуудыг татан оролцуулах тухай БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 304-р тогтоол гарч, уг тогтоолоор “Эрдэнэт” үйлдвэрт МХЗЭ-ийн гишүүд, Залуучуудыг ажилчнаар элсүүлж МХЗЭ-ийн илгээлтээр ажиллуулах үндсэн нөхцөлийг баталсан байдаг. Анх 1973 оны 3-р сард “Эрдэнэтийн-Овоо”-нд Зөвлөлтийн барилгын цэргийн анги нэгтгэлүүд ирж, шинээр сүндэрлэн босох их хотын барилга байгууламжийг барьж эхэлсэн түүхтэй. МХЗЭ-ийн илгээлт гардсан анхны 54 залуу 1974 оны 8-р сарын 20-нд “Эрдэнэтийн-Овоо”-нд хүрэлцэн ирснээр илгээлтийн эздийн их хөдөлмөр бүтээл өрнөсөн юм. 1974 оны 8-р сараас 1976 оны 7-р сар хүртэл эвлэлийн 18-35 насны 1000 гаруй залуусыг сонгон шалгаруулж, илгээснээр Эрдэнэтэд 990 залуу ажилласан байна. Ийнхүү Эрдэнэтийн их бүтээн байгуулалтад ажиллахаар эвлэлийн илгээлт болон зохион байгуулалттай элсэлтээр ирсэн олон мянган ажилчдыг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, удирдан зохион байгуулах зорилгоор Зөвлөлтийн барилгын “Медьмолибденстрой” барилгын удирдах газрын дэргэд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн №330 тоот тогтоолоор Монгол ажилчдын нэгдсэн захиргааг 61,000 төгрөгийн үндсэн хөрөнгөтэйгөөр байгуулан ажиллуулж эхэлжээ.
1974 онд МХЗЭ-ийн илгээлтээр Залуучуудын хоёр цуваа хүрэлцэн ирсэн бол 1975 он бүхэлдээ МХЗЭ-ийн Төв Хороо, нийслэл хот, аймаг, районуудын ХЗЭ-ийн байгууллагаас Эрдэнэтийн барилга байгууламжид эвлэлийн гишүүн залуучуудыг элсүүлэн илгээх ажил байлаа. Тухайн жилийн залуучуудыг Эрдэнэтийн бүтээн байгуулалтад уриалан дуудсан нэг томоохон үйл явдал бол тэр үед нийслэлийн Сүхбаатар районы ХЗЭ-ийн хорооны ажилтан Я.Ширэндэв нийслэлийн 21, 24, 6, 50-р сургуулийн 10-р анги төгсөгчдийг зохион байгуулан авчирч, мөн “Улаанбаатар хотын ХЗЭ-ийн 15-р бага хурлын нэрэмжит залуучуудын гавшгайч бригад” Эрдэнэтийн бүтээн байгуулалтад ирж, шаргуу ажиллаж байсан явдал юм. Зууны манлай бүтээн байгуулалт “Эрдэнэт” үйлдвэр, Эрдэнэт хотын нөр их бүтээн байгуулалтын ажилд илгээлтийн эзэд, зохион байгуулалттай элсэлтээр ирсэн олон мянган барилгачид, тээвэрчдийг эгнээндээ нэгтгэсэн “Монгол ажилчдын нэгдсэн захиргаа”-наас гадна Зөвлөлтийн олон мянган мэргэжилтнүүд, зөвлөлт, монголын барилгачид, дайчдын оруулсан асар их хичээл зүтгэл, алдар гавьяаг бид орхигдуулах учиргүй. Зууны манлай бүтээн байгуулалтад ЗХУ-ын 15, БНУ-ын 180 шахам хотоос олон мянган мэргэжилтнүүд ирж ажиллаж байлаа. Монгол, Зөвлөлтийн залуучууд хамтран ажиллахдаа Найрамдал-Дружба экипаж, интернациональ болон залуучуудын гавшгайч бригадыг зохион байгуулан ажиллаж тэдний амжилт бүтээл, арга туршлага орон даяар цуурайтаж байв.
МАНЗ-ны анхны даргаар Н.Лхагва, дараа нь Б.Галсанцэрэн /хожим ММС удирдах газрын анхны монгол талын орлогч даргаар ажиллаж байсан/, С.Нямаасүрэн, С.Бүжийнэн, н.Цоодол нар ажиллаж асан. Орлогч даргаар Д.Амар, ерөнхий санхүүчээр Ш.Бээжинхүү нар ажиллаж байлаа. Ш.Бээжинхүү нь 1974-1992 он хүртэл тасралтгүй 17 жил тогтвор суурьшилтай, үр дүнтэй ажиллажээ. МАНЗ-ны барилгачид, тээвэрчид 1974 оноос 1991 оныг дуустал Эрдэнэт хот, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг барьж байгуулах ажилд идэвхийлэн оролцож Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн хамтаар “Эрдэнэт” үйлдвэрийн эхний ээлжийг 1978 оны 12-р сарын 14-нд хугацаанаас нь 2 жилийн өмнө, 2-р ээлжийг 1979 онд, 3-р ээлжийг 1983 онд, 4-р ээлжийг 1986 онд барьж ашиглалтад өгснөөр үйлдвэр иж бүрэн хүчин чадлаараа ажиллаж, дэлхийн арван том үйлдвэрийн тоонд орж Монгол Улсын эдийн засгийн тодорхой хувийг бүрдүүлэх болсон билээ. Түүнчлэн МАНЗ-ны барилгачид, тээвэрчид 1974-1991 онд Багануурын нүүрсний уурхай, Бор-Өндөрийн жоншны уурхай, Хөтөлийн Цемент шохойн үйлдвэрийг хот суурины хамт барьж байгуулснаас гадна Улаанбаатар хотын Талх чихрийн комбинат, Сүлжмэлийн үйлдвэр, Ээрмэлийн үйлдвэр зэрэг улс орны эдийн засагт өндөр ач холбогдол бүхий томоохон аж ахуйн барилга байгууламжийг барьж байгуулсан юм. Үүнээс гадна Эрдэнэт хотын 1, 2, 3, 4, 5, 6-р бичил хорооллын орон сууцны иж бүрэн барилгууд, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, худалдаа үйлчилгээний төвүүд, биеийн тамир, спорт, соёл урлагийн олон арван барилга байгууламжаас гадна нутгийн удирдлагын ордон, хивс, хүнсний үйлдвэрүүд, мод боловсруулах комбинат зэрэг олон томоохон барилга байгууламжийг барьж ашиглалтад оруулсан билээ.
Монгол ажилчдын нэгдсэн захиргаа нь Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг үндэсний боловсон хүчнээр хангахад ихээхэн үүрэг гүйцэтгэж БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1976 оны 14-р тогтоолын дагуу барилгын төрөл бүрийн мэргэжлээр дадлагажсан 400 гаруй ажилчдыг тухайн үед “Эрдэнэт” үйлдвэрт үндсэн ажилчнаар шилжүүлсэн байна. Энэ тухай МАНЗ-ны орлогч даргаар ажиллаж байсан Монгол Улсын гавьяат багш, Д.Сүхбаатарын одонт Д.Амар гуай, “1975 оноос БелАЗ машины жолооч, бульдозерчин, үйлдвэрийн машинист, өрмийн машинист, цэнэглэгч, экскаваторын машинист, цахилгаанчин, засварчин зэрэг мэргэжлээр 73 хүнийг, 1976 онд уулын тоног төхөөрөмжийн засварчин, цахилгааны слесарь, сантехникч, цахилгаан ба хийн гагнуурчин, уулын тоног төхөөрөмжийн техникч зэрэг 10 төрлийн мэргэжлээр 135 хүн, 1977 онд машинист, хөвүүлэн баяжуулагч, баяжуулалтын туршилтын лаборант, урвалж баяжуулагч, вакум шүүлтүүрийн машинист, тунгаагуурын машинист, хатаах төхөөрөмжийн машинист, эрдэс холигч, дээж авагч, аппаратчин мэргэжлээр 163 хүн, нийт 400 шахам хүнийг шинэ мэргэжил эзэмшүүлэхэд Монгол ажилчдын нэгдсэн захиргаа ихээхэн хүчин чармайлт гарган ажилласан” хэмээн дурссан байна.
Эрдэнэтийн илгээлтийн эзэд, анхдагчдын дундаас Монгол Улсын хөдөлмөрийн баатар Д.Жаргалсайхан, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Р.Жанчивдорж, О.Зоригт, гавьяат багш Д.Амар, гавьяат барилгачин М.Батбаатар, доктор, профессор Ө.Даваа, доктор, профессор, хурандаа Ч.Эрдэнэчулуун нарын олон алдартнууд төрсөн юм. Гэвч эрин зууны их бүтээн байгуулалтад өөрийн залуу насны эрч хүч, хөдөлмөр бүтээлээ харамгүй зориулан ажилласан олон зуун алдарт барилгачид, тээвэрчдийн хөдөлмөр бүтээлийг бүрэн үнэлээгүй орхигдуулсанд харамсаж явдгаа нуух юун. 1991 оны 12-р сард МАНЗ татан буугдсанаар анхдагч, илгээлтийн эзэд барилгачид, тээвэрчид харьяалах байгууллагагүй үлдэж байсан бөгөөд тэдний эрх ашгийг хамгаалах зорилгоор 1999 оны 4-р сарын 19-нд анхдагч, илгээлтийн эзэд барилгачид, тээвэрчдийн эрх ашгийг хамгаалах “Баатар холбоо”-г байгуулсан нь Эрдэнэт хотын анхны төрийн бус байгууллага болсон юм. Тус холбоо нь 25 дахь жилдээ 436 гишүүнтэй үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна. МАНЗ-ны үе үеийн барилгачдын бүтээлч хөдөлмөрөөр босгож сүндэрлүүлсэн Эрдэнэт үйлдвэр Монгол Улсын Баатар цолоор, төрөлх хот маань Д.Сүхбаатарын одонгоор шагнагдсанд ахмадууд бид бахархаж явдаг билээ. Манай холбооны үйл ажиллагаа болон гишүүдийн амьдрал ахуйд тусламж дэмжлэг үзүүлж ирсэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлага хамт олон, аймаг орон нутгийн төр, захиргааны байгууллагуудад Анхдагч, илгээлтийн эздийн 50 жил, МАНЗ-ны 50 жил, “Баатар холбоо”-ны 25 жилийн ойн баярын мэнд хүргэж, чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Эрдэнийн анхдагч, илгээлтийн эзэд, МАНЗ-ны барилгачид, тээвэрчдийн эрх ашгийг хамгаалах
“Баатар холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Г.ДАМДИНБАЗАР















