Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 108 жилийн ой есдүгээр сарын 17-ны өдөр тохиож байна.
Монгол Улсын түүхэнд алдар нэрээ тод томруунаар үлдээсэн халуун эх оронч ахмад үеийнхээ ариун, гэгээн үйлсийг манай ард түмэн үргэлж сайн сайхнаар дурсаж, тэднийхээ алдар гавьяаг мөнхжүүлж ирсэн сайхан уламжлалтай билээ.
Бид, “Бал дарга” нэрээр түмэн олныхоо дунд алдаршиж, XX зууны Монголын түүхэнд онцгой том орон зай эзлэн ажиллаж амьдарч байсан төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга буюу Ерөнхий сайд, Ардын Их хурлын тэргүүлэгчдийн дарга, төрийн тэргүүн, Монгол Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал, Улс төрийн ууган намын Ерөнхий нарийн бичгийн дарга Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний ойг тэмдэглэж, алдар гавьяаг нь бахдан мөнхжүүлж, бахархан дурсах ёстой юм.
“Чингисийн тулганд дүрэлзэх гал бөхөх ёсгүй” гэсэн нэгэн үзүүрт сэтгэлээр улс үндэстэн, төр түмнийхээ төлөө амь, амьдралаараа зүтгэсэн тэнгэрлэг их хүмүүн Юмжаагийн Цэдэнбал гуайн улс орны удирдлагад байсан 40 гаруй жилд манай орны тусгаар тогтнол бэхжин батжиж, үйлдвэр, аж ахуй, соёл, боловсрол, эрүүл мэндийн салбар цэцэглэн хөгжиж, Монгол Улс дан ганц нүүдлийн мал аж ахуйн орноос хөдөө аж ахуй, аж үйлдвэрт түшиглэсэн хос иргэншилт орчин үеийн улс болтлоо өөрчлөгдөн шинэчлэгдсэнийг хэн ч үгүйсгэж чадахгүй түүхэн үнэн юм.
Түүний шууд удирдлага дор Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Багануур зэрэг олон хот, тосгонд сүндэрлэн босож Монголын ард түмний амьдралд хэмжээлшгүй их ач буянаа өгсөн юм.
Монгол орныг үйлдвэржүүлэх, эдийн засгийг өөд нь татах экспортыг нэмэгдүүлж, валютын нөөцийг өсгөхөд “Эрдэнэт үйлдвэр, шинэ хот чухал үүрэг гүйцэтгэхийг ухамсарлаж “Эрдэнэтийн-Овоо”-ны орд газарт геологи хайгуул явуулах, зураг төсөл гаргах, техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулахаас эхлээд үйлдвэр, хот байгуулах, өндөр үр ашигтай ажиллуулахад бүр эхнээс нь анхаарч, асар их ажлыг санаачлан хэрэгжүүлсэн хүн бол Ю.Цэдэнбал мөнөөс мөн. Ю.Цэдэнбал Сайд нарын зөвлөлийн дарга байхдаа “Эрдэнэт үйлдвэр, хотын барилга байгууламжийн ажлыг эрчимжүүлэх талаар Сайд нарын Зөвлөлийн гурван тогтоол, захирамж гаргаж хэрэгжүүлэх ажлыг гардан зохион байгуулжээ.
Мөн Ю.Цэдэнбал дарга Зөвлөлтийн дээд удирдлагуудтай хэл амаа ололцон тохирч, ЗХУ КН-ын Төв хороогоор гурван чухал тогтоол гаргуулсны дээр 1972 оны 11 дүгээр сарын 01-нд ЗХУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга А.Н.Косыгинд маш чухал дөрвөн асуудал хөндсөн захидал бичиж нааштай хариу авчээ.
Тухайлбал, “Эрдэнэтийн-Овоо”-ны зэс, молибдены орд газрыг хамтарсан үйлдвэр барих замаар эзэмших тухай Монгол-Зөвлөлтийн Засгийн газар хоорондын хэлэлцээрт Ю.Цэдэнбал ЗХУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга И.Т.Новыков нар 1973 оны 11 дүгээр сарын 23-нд гарын үсэг зуржээ.
Ю.Цэдэнбал дарга Монгол, Зөвлөлтийн талаас гарсан тогтоол, шийдвэрүүдийг хэрэгжүүлэх зорилгоор 1975 оны 09-р сард Засгийн газрын ордны “А” зааланд НТХ, Сайд нарын зөвлөлийн дарга, орлогчид, НТХ-ны хэлтсийн эрхлэгчид, яамд, газрын дарга нар, олон нийтийн төв байгууллагуудын удирдлага, аймаг, хотуудын намын хороод, гүйцэтгэх захиргааны дарга нарыг цуглуулж үүрэг даалгавар өгсөн юм. Ингэхдээ Эрдэнэт Монголын бүх ард түмний барилга байгууламж бөгөөд түүнтэй холбоотой бүх ажил, асуудал энэ өдрөөс эхлэн зөвхөн “Ногоон” гэрлээр явах болно гэснээр “Эрдэнэтийн ажил үйлс шуурхай, амжилттай бүтэх сайхан нөхцөл бүрдсэн байна.
Ю.Цэдэнбал дарга өөрөө, 1976, 1977, 1978, 1983 онд НТХ-ны УТТ-ны хэсэгчилсэн бүрэлдэхүүнтэй, мөн Зөвлөлтийн удирдлагуудтай Эрдэнэтэд очиж Монгол-Зөвлөлтийн барилгачид, уурхайчид, хотын хөдөлмөрчид, Монгол-Зөвлөлтийн барилгын цэрэг дайчидтай нүүр тулан уулзаж, чөлөөтэй яриа хөөрөө өрнүүлж үнэтэй санал зөвлөгөө өгч амжилт бүтээл, сайн сайхан бүхнийг ерөөж урамшуулдаг байсан сайхан дурсамж бий.
Эрдэнэтийн-Овоо, түүнийг тойрсон газар нутагт байгаа их баялгийг бүрэн ашиглаж, өгөөж үр ашгийг нь улс орноо хөгжүүлэх, ард түмний амьдрал ахуйг өөд татахад Ю.Цэдэнбалын зүгээс тавьсан зорилт, зүтгэл, анхаарал халамж бүрэн хэрэгжиж “Эрдэнэт” үйлдвэр, шинэ хот бүх ард түмний үйлс болон хэрэгжиж 20 дугаар зууны манлай бүтээн байгуулалтаар тодорч, нэр хүнд, алдар гавьяа нь Монголд төдийгүй дэлхий дахинд цуурайтаж буй нь гайхалтай сайхан байна.
Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хот, “Эрдэнэт” үйлдвэрийг барьж байгуулсан, Зөвлөлтийн “Медьмолибденстрой” барилгын удирдах газрын дарга Зөвлөлт холбоот улсын (хуучин нэрээр) Социалист хөдөлмөрийн баатар Анатолий Васильевич Чекашов гуай Ю.Цэдэнбал даргын тухай дурсан ярихдаа тэр бол Эрдэнэтийг төрүүлсэн хүн (Он его родил) юм гэжээ.
Монгол Улсын Засгийн газар 2016 оны есдүгээр сард тогтоол гаргаж “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болгосон билээ. Энэ нь “Эрдэнэт” үйлдвэрийг Ю.Цэдэнбал даргын нэрэмжит болгох талаар олон нийтийн зүгээс удаа дараа санал хүсэлт тавьж байсны биелэл болсон юм.
Эрдэнэтэд амьдарч байгаа хэн боловч Ю.Цэдэнбалын Эрдэнэтийн бүтээн байгуулалтад оруулсан их хувь нэмрийг санан дурсаж алдар гавьяаг нь мөнхжүүлэх ажлыг түүний төрсөн өдрөөр хийж байх нь бид бүхний үүрэг зорилт мөн. Энэхүү буурал даргынхаа буянаар байгуулагдсан Монгол Улсын баатар “Эрдэнэт” үйлдвэр Монголын ард түмний зүрх сэтгэлд өнөд гэрэлтэн, хөгжиж цэцэглэх нь дамжиггүй.
Ю.Цэдэнбалын Академийн Орхон аймгийн салбарын тэргүүн,
Түүхийн ухааны доктор, профессор Б.Мянганбаяр