Хөвсгөл аймагт зохион байгуулсан Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн хойд бүсийн салбар зөвлөлийн гишүүдийн уулзалт сургалтад оролцоод маргааш нь буюу 3 дугаар сарын 2-нд Хөвсгөл далайд зохион байгуулсан “Хөх сувд-2024” олон улсын мөсний баярт МСНЭ-ийн Орхон аймаг дахь салбараас 11 сэтгүүлч оролцлоо. Энэ баярт анх удаа оролцож буй хүмүүст бас нэгэн бишрэм, бахархалтай сайхан агшин байв. Энэ сарын 2-ны 17:00 цагийн байдлаар авто замын постоор мөсний баярт оролцох 30 мянга гаруй хүн нэвтэрлээ гэж Хөвсгөл аймгийн Замын цагдаагийн албанаас мэдээлсэн. Мөсний баярын нийт зочид 40 мянгад хүрсэн байх ч магадлалтай. Хөвсгөл далайн эрэг хавийг бүрхсэн гадаад, дотоодын зочид, ТВ, сайтуудын дроноор авсан дүрс бичлэгээс харахад чухамдаа хөх сувд дээр хүмүүн сувд “асгарчээ” гэх бодол төрнө. Тэд монгол үндэсний хувцсаар гангарч, гадаадын жуулчид хүртэл монгол дээл, гутлаар гоёсон нь бахархал төрүүлнэ. Тэрээр Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг мөсний баярын нээлт дээр “Өнөөдөр энэ баярт үндэсний хувцсаар гоёж, соёлын биет өв тээж яваа бүх хүнд баярлалаа” хэмээн талархав. Монгол хувцас цаанаа л дулаахан агаад гоёмсог харагдана.
“Хөх сувд-2024” мөсний баярын нээлт дээр Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав: - Хөвсгөл далай дэлхийн цэнгэг усны 0.4 хувь, Монгол Улсын цэнгэг усны 74.5 хувийг эзэлдэг, хоёр сая орчим жилийн настай байгалийн сайхан тогтоц юм. Энэ удаагийн мөсний баярыг зохион байгуулахад Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Соёлын яам, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо, Хөвсгөл аймгийн аялал жуулчлалын холбоо, төрийн болон ТББ-ууд, аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг ААН, байгууллагууд хамтран ажилласан. Мөс урлаачдын Улсын аварга шалгаруулах тэмцээн “Далай ээж”-д анх удаа зохион байгуулсан нь энэ жилийн мөсний баярын онцлог байлаа. Хөвсгөл аймагт байгалийн аялал жуулчлал хөгжүүлэхэд МУ-ын Ерөнхийлөгч, Засгийн газраас онцгой анхаарч, тогтвортой аялал жуулчлал хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэн 54 тэрбум төгрөгөөр хатуу хучилттай зам, хог хаягдлын болон цэвэрлэх байгууламж, мэдээллийн цэг гээд олон бүтээн байгуулалтыг Хөвсгөл далай орчимд өрнүүлж байна. Цаашид Хөвсгөл нуурыг Байгаль нууртай холбон, байгалийн аялал жуулчлал хөгжүүлэхэд нэн тустай Ханх боомтыг сэргээн зам харилцаа, дэд бүтцийг сайжруулахад Засгийн газар, УИХ-ын гишүүд анхааран ажиллаж байна гэв.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ: -Засгийн газрын бүсчилсэн хөгжлийн зорилтын хүрээнд Хөвсгөл аймгийн сум бүр үйлдвэрлэлийн төвтэй болох бодлого хэрэгжинэ. Мөн Ханх зэрэг боомтуудыг ашиглалтад оруулж боомт дагасан худалдаа, өрхийн амьжиргааг дэмжих, иргэдийг ажилтай орлоготой байлгах тогтолцоо Хөвсгөл аймагт “Хөх баавгай” төслийн хүрээнд үргэлжилнэ. Азийн хөгжлийн банк, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Тогтвортой аялал жуулчлалыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд “Хөх баавгай” төсөл хэрэгжиж байна. Цаашид энэ төслөөр дамжуулж Хөвсгөл аймагт маш олон үйлдвэрлэл, худалдаа эрхлэх боломж олгох зорилтыг Засгийн газраас хэрэгжүүлнэ. “Хөх баавгай” сэрснээр Хөвсгөл нутаг сэргэн мандана.
Соёлын яамны дэд сайд Т.Баттөр: -Соёлын яам “Соёлын жил-2023” хөтөлбөр амжилттай хэрэгжүүлсэн. Энэ онд “Соёлын жил-2024” хөтөлбөр хэрэгжүүлнэ. Энэ хөтөлбөрийн хүрээнд Хойд бүс буюу Булган, Орхон, Хөвсгөл аймгийн соёл урлагийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлж, бүсийн иргэдэд соёлын үйлчилгээг хүргэх юм. УИХ-ын энэ хаврын чуулганаар “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тухай” хуулийн төсөл хэлэлцэж батална. Ингэснээр байгалийн аялал жуулчлалын хүрээнд бараа бүтээгдэхүүнээ дэлгэн худалдаж, үйлчлэх иргэдийг төрөөс дэмжин ажиллах юм. Өөрөөр хэлбэл, урлаг соёлын оюуны өмч, бараа бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулахад Засгийн газар ийнхүү санаачилга гарган ажиллаж байгааг дуулгахад таатай байна гэв.
Хөвсгөл далайд 22 дахь жилдээ тэмдэглэж буй энэхүү “Хөх сувд” мөсний баярыг 10-аад жилийн өмнөөс “Олон улсын мөсний баяр” хэмээн тодотгох болжээ. Гадаадын жуулчид монгол хувцас өмсөж, морь, сарлаг, цаа буга унаж баясахаас гадна чарган дээр ачаагаа тавьж чирээд нуурын нэг эргээс нөгөө рүү алхах, тунгалаг мөсөн дээр наадаж тоглох, тойрог үүсгэн дээшээ харж хэвтээд нар тосож баясах, нуурын мөсөн дээр майхан татаад хоноглохоор зэхэж буй агшин гээд олон сонин үйл явц энд нүднээ тусна. Гадаадын иргэд “Далай ээж” дээр ийнхүү аяллын адал явдалт, сонирхолтой түүхээ бүтээж харагдана. Нутгийн иргэдийн хэллэгээр “Толин нуур”-ын мөсөн мандал нь гүн рүүгээ түмэн янзын талстан хээ хуар үүсгэн байгалийн нэгэн өвөрмөц урлан бүтээснийг харахад үнэхээр нүд баясам ажээ.
Монголчууд л болсон хойно, Хөвсгөл аймгийнхан мөсөн дээр монгол гэрээ барьж, зуух яндангаа зэхэж гал түлээд, хоймроо ууц, идээ дэлгэн, цай чанаж, бууз жигнэн орж ирсэн зочдыг цайлан үндэсний дайлах, цайлах ёс заншлаа үйлдээстэй.
Мөн энэ удаад мөс урлаачдын Улсын анхдугаар тэмцээн зохион байгуулж, “далай ээж” дээр мөсөн урлалын галерей байгуулсан тухай Хөвсгөл аймгийн Засаг дарга бахархан өгүүлэв. Мөсөн урланг хүмүүс бахархан үзэхийн зэрэгцээ дэргэд нь гэр бүл, найз нөхдөөрөө дурсгалын зураг татуулан баясна. Эргэн тойронд морин чарга, моторт дугуй, морь, сарлаг, цаа буга, тэмээ унаж, инээж баяссан хүмүүс дүүрэн. Бас хажууханд цаатан ардын ахуй соёл, хувцас хэрэглэл, модны ур ашиглан бүтээсэн модон эдлэл, нуурын загас, “Хөх баавгай” дарс, Хөвсгөл нутгийн хүнсний брэнд бүтээгдэхүүн, эмийн ургамал, арьсан дээрх уран зураг, чулуун гоёл зүүлт гээд харж ханамгүй, барьж барамгүй их зүйлс дэлгэгдсэн байв. Тэртээ мөсний шагай, морин чарганы уралдаан ч зохион байгуулж харагдана.
Хөвсгөл далай энэ жил Монголын нийт нутгийн нэгэн адил нимгэн ч гэлээ цасан хучлагатай байна. Өмнө нь шил толь шиг л толийж, мөсний гоёмсог талстуудаар нүд баясгаж, сэтгэл сэргээдэг байсан гэх. Гэхдээ “Хүслийн хад” хавийн мөсөн толио тунгалаг байх тул монголчууд энд чухам монголоороо гоёж зураг авхуулан, байгалийн онгон дагшин төрхтэй “хөх сувд” дээр дураараа хөрвөөн “эрхлэх”-ийг харах нэн тааламжтай.
“Далай ээж”-ийн энгүй урт хөвөө хязгаар нь битүү амралтын газар, жуулчны баазтай болжээ. Тэдгээрийн нэг тод өнгө төрх нь “Тойлогт” жуулчны бааз. Энд гадаадын аялагчид голдуу байрласан харагдав. Монгол гэр, цаатан түмний өвөрмөц сууц, орчин үеийн байшин бүхий зоогийн газар, тохь тух бүрэн хангасан халаалт, ариун цэврийн байгууламж бүхий 00, шүршүүртэй, ой модоор хүрээлүүлсэн гээд сэтгэл татам сайхан үйлчилгээ энд бүрэн байна.
Мөсний баярын ихэнх зочид хувийн унаагаар хүрэлцэн иржээ. Олон зуун машин нуурын нэг эргээс нөгөө хязгаар руу хурдлан давхихдаа алаг тууз, түр хашлагаар хамгаалсан аюулгүйн бүсээс хол, нуурын захаар голдуу явна. Залуус спорт загварын машиныхаа ид шидийг үзэн, мөсөн толион дээр “дрифт” эргэж наадан баясах нь бас л энэ агшны аз жаргал гэлтэй. Тэрээр иргэд далай ээжийн “Хүслийн хад” руу цойлон дүүлж, хүслээ шивнэн луу жилийн сэтгэлийн заслаа хийцгээнэ. Нуур хөлдөх агшинд харгиатан ханан хаданд тогтож мөстсөн байгалийн урлан гэлтэй сонин сайхан мөсөн тогтцын өмнө хүмүүс зураг авхуулж, машиныхаа гэрлийг асаан шөнө болтол зугаацаж харагдана. Тэр үдэш Улаанбаатар хот, Хөвсгөл аймгийн авьяаслаг уран бүтээлчдийг урьж ирүүлэн толин цэнхэр нуурын мөсөн мандал дээр шоу тоглолт хийж, өнгө солонгоруулан салют цацруулсан нь ялангуяа залуусын баяр хөөрийг ихэд бялхааж байв. Чухамдаа энд “Мөсний баяр” нэртэй бага наадам боллоо. Бидний хэдэн сэтгүүлч энэ өдрийн төгсгөлд МСНЭ, Хөвсгөл аймгийн сэтгүүлчдийн салбарын удирдах бүрэлдэхүүнтэй хамт мөсөн зогсоолдоо түр байршсан “Сүхбаатар” хөлөг онгоцны дэргэд ирж дурсгалын зураг татуулан, үдэш 22:00 цагт нутгийн зүг жолоо залсан. Зам зуур ажиглахад Хөвсгөл аймаг руу буцаж яваа нутгийн цөөн ард иргэдийг эс тооцвол зам хоёр эгнээндээ бүрэн чөлөөтэй. Амралтын өдрөөр “Далай ээж”-ийн энгэрт эрхлэн наадсан гадаад, дотоодын зочид ийнхүү Бямба гарагийн орой гэртээ харих бус, байгалийн сайхан, цэнхэр нуур орчмын цэнгэг агаарт сэтгэл хоргодон тэндээ хонохыг илүүд үзэв бололтой. Хөвсгөлөөс Эрдэнэт орох зам нэлдээ цэлийгээд л, бид энэ сайхан чөлөөтэй замаар хурдаа тааруулан давхисаар таван цагийн дараа Эрдэнэт хотноо эргэн ирцгээв.
Хөвсгөл нуурын мөсөн тольт дээр өдөржин, шөнөжин наадсан иргэд баяр баясгалангийн асар их энерги аваад “Дараа жил улам олуулаа эргэж ирнэ дээ” гэх бодол эргэцүүлэлтэй буцсан биз ээ. Eguur News зэрэг олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл орчин үеийн техник хэрэгслийн нэг болох дроноор бичлэг хийж, тэр даруй интернэтээр цацаж энэ өдөр “Хөх сувд” дээр хэчнээн хүмүүн сувд “асгаран” баяр хөөр бялхаасныг толины тусгал мэт харуулж чадлаа, хэвлэлийн салбарын мэргэжил нэгт нөхдөөрөө ч бахархлаа. Мөсний баяраар энэ мэт нүд баясгасан олон гайхамшгийг нэгэн зэрэг тольдсон, мартагдашгүй дурсамж бүтээсэн онцгой сайхан өдөр байв.
Дэндүү гүнзгий, хил хязгааргүй мэт цэлийх Хөвсгөл нуур олон мянган хүнийг машин техниктэй нь нэгэн агшинд даах хэмжээний гүн хөлдөж, тэднийг хэвлий дээрээ наадуулж чадсан гээд бодохоор эх орны маань цаг агаар хэчнээн их эрс тэс уур амьсгалтай, түүнд зохицон амьдрах ард иргэд нь юутай их тэвчээр, хатуужилтай, эрүүл чийрэг билээ дээ гэх бодол өөрийн эрхгүй төрнө.
Хөвсгөл аймгийн удирдлагууд, УИХ-ын гишүүд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын яриаг мөсний баярын нээлт дээр сонсоод Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн “Бүс нутгийн хөгжлийн бодлого”-н хүрээнд Хөвсгөл нуур орчимд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр удахгүй үр дүнгээ өгч, гадаад дотоодын аялагч, жуулчдад илүү таатай үйлчилгээ үзүүлэх нөхцөл Хөвсгөл аймагт цогцлох нь гэсэн итгэл өвөрлөсөөр бид эргэн ирлээ. Жуулчид олшрохтой зэрэгцэн далай ээжийг бохирдуулахгүй байх, үеийн үед байгалийн онгон төрхөөр нь оршоох онцгой бодлого нэн чухал. Сайн цагийн сайхан үйлчилгээ хүртэхээр “Далай ээж”-дээ өвөл, зун хэдийд ч дахин дахин очиж, тухлан саатах болно бид.
Сэтгүүлч Ж.ОЮУН















