ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР УЛСАД 100 САЯ МОД, ТҮҮНЭЭС ОРХОН АЙМГИЙН НУТАГТ 10 САЯ МОД ТАРЬЖ УРГУУЛНА

“Ногоон Эрдэнэт” хөтөлбөр

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон Орхон аймгийн төр, захиргааны байгууллагаас санаачлан хэрэгжүүлж буй “Ногоон Эрдэнэт” хөтөлбөрийг Эрдэнэтийн уул уурхайн компаниуд хэрхэн дэмжин ажиллаж байгааг сонирхлоо. Тэд өөр өөрсдийн боломжид тулгуурлан, маш их санаачилгатай ажиллаж байгааг харлаа, бахархлаа. Улсын болон орон нутгийн төсөв бүрдүүлэхэд томоохон хувь нэмэр оруулдаг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ гэхэд дэргэдээ “Ойн генетик нөөцийн төв” байгуулан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж улсад 100 сая мод, түүнээс Орхон аймгийн нутаг дэвсгэрт 10 сая мод тарьж ургуулан хүлээлгэж өгөх үүрэгтэй ажиллаж эхэлжээ. Тэд энэ оны эхний хагас жилийн байдлаар 2,126,000 мод тарьж улсын хэмжээнд хамгийн олон мод тарьсан байгууллагаар шалгаран, үндэсний хэмжээнд манлайлал үзүүлэн үлгэрлэж байна. Энэ намар мөн 500 гаруй мянган мод тарьжээ.


“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ойн генетик нөөцийн төвийн дэргэдэх “Ногоон хөгжил” төслийн нэгжийн дарга Б.Сэр-Оддамбатай уулзаж ярилцлаа. 
-Орхон аймагт шинээр байгуулагдсан Ойн генетик нөөцийн төвийн үүрэг, ач холбогдол нь юу вэ?
-Энэ нь модлог ургамлын үрийн сан бүрдүүлэх зорилгоор байгуулагдсан Монголын анхны ойн генетик нөөцийн төв юм. Тус төвд модлог ургамлын үр, тарьц, суулгац, генетик нөөцийг хадгалах, хамгаалахаас гадна In-vifro, ex-vifro орчинд эд эсийн аргаар үржүүлж, туршилт судалгаа хийх, иргэд, ААН, байгууллагуудыг стандарт үр, тарьц, суулгацаар хангах, тарилтын хугацааг уртасгах, мод тарьж ургуулах шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллийг үнэ төлбөргүй олгох, экологийн боловсролыг дээшлүүлэх үндсэн үүрэгтэй ажиллах юм. Манай төвийн үйл ажиллагааны хүрээнд Хөрсний инновац, технологийн “Эрдэнэт” төв мөн байгуулагдаж ажиллаж байна. Хөрсний инновац, технологийн “Эрдэнэт” төв нь органик хаягдал ашиглан үржил шимт хөрсний хольц хийх, микориз мөөг үржүүлнэ. Одоогоор 3тн верми бордоо, 100 литр compost tea үйлдвэрлээд байна. Органик хаягдлыг бордоо болгох үйлдвэрлэлийг ч албан ёсоор эхлүүлсэн. Нэг тонн багтаамжтай 20 цагаан саванд ажилчдын хоолны үлдэгдлийг ашиглан бордоо хийж байна. Ер нь байгалийн “хар алт” гэгддэг хөрсөө хамгаалахад энэ төвийн үүрэг, ач холбогдол их юм. Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төв цаашид Амтомат систем бүхий мод үржүүлгийн үйлдвэрлэлийн цогцолбор байгуулахаар ажиллаж байна. Тус цогцолборт жилд 10 сая шилмүүст модны тарьцын нөөц, жимсний модны плантациуд бий болгох, мод үржүүлгийн газрыг дэмжсэн загас, зөгий, тахиа гэх мэт дагалдах аж ахуй буй болгох, сургалт, судалгаа, аялал жуулчлалын баазтай болох зорилтууд тавиад ажиллаж байна. 


-Улсад 100 сая, түүнээс “Ногоон Эрдэнэт” хөтөлбөрөөр Орхон аймагт 10 сая мод тарьж, ургуулах ажлаа хэрхэн эхлүүлэв? 
-“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Орхон аймаг “Ногоон Эрдэнэт” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Энэ хөтөлбөрийн дагуу “Эрдэнэт” үйлдвэр болон Орхон аймаг хамтран ажиллах санамж бичгийг 2022 оны 2 сард байгуулсан. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэн “Эрдэнэт” үйлдвэр 100 сая мод тарьж ургуулах үүрэг хүлээсэн юм. Үүний 10 сая модыг Орхон аймгийн нутаг дэвсгэрт тарьж ургуулах тухай дээрх санамж бичигт тусгасан. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Орхон аймаг 20 сая мод тарих зорилт дэвшүүлсэн. Түүний 10 сая модыг ийнхүү Эрдэнэт үйлдвэр тарьж ургуулан, хүлээлгэж өгөх үүрэг хүлээгээд ажиллаж байна.
Манай “Ногоон хөгжил” төслийн нэгж байгуулагдсанаас хойш 2022, 2023 оны намар, хавар нийт 4 удаагийн тарилт хийсэн. Үүний ихэнх нь “Эрдэнэт” үйлдвэрийн хаягдлын аж ахуйн зурвасыг дагуулан хайлаас модыг үрээр тарьсан. Энэ нь тухайн газартаа хамгаалалтын модлог зурвас болж үлдэх юм. Тэнд нийт 2.1 сая мод таригдаад байна. Өөрөөр хэлбэл, хаягдлын аж ахуйн урд тал болон баруун, зүүн талд их хэмжээний үрээр ийнхүү тарилт хийсэн. Хоёр жилийн хөдөлмөрийнхөө үр дүнг харахад тэдгээр үр маш сайхан соёолоод гараад ирлээ. Хавар, зун, намар ээлжит хэмжилт хийж үзэхэд зарим нь 90 см-ийн урттай болсон байна. Хаягдлын аж ахуйн баруун талд гэхэд 6 км орчим газарт тарилт хийсэн. Талбайн зарим хэсэг нөмөр, зарим хэсэг нь салхи жавар их хургадаг, нэг талд нь тэгш газар байхад нөгөө талд нь гуу жалга их зэрэг байдлаас шалтгаалан ургалт мэдээж өндөр нам янз бүр л байна. Ерөнхийд нь харахад сийрэг, дунд зэрэг, өндөр гэсэн янз бүрийн өсөлтүүд ажиглагдсан. Мөн хаягдлын аж ахуйн урд хэсгийн 34 га талбайд үрээр болон суулгацаар мод тарьсан. Хаягдлын аж ахуйн зүүн талд зөвхөн суулгацаар нэлээн их мод тарилаа. Хиймэл нуурын баруун талын ар хэсгээр өнгөрсөн хавар шар хуайс нэлээн тарьсан. Өөрөөр хэлбэл, хаягдлын аж ахуйн баруун, зүүн, урд талд ойжуулалт хийгээд байна. 
-Монгол улсын Ерөнхий сайд энэ намар Эрдэнэт хотод ирж иргэдтэй уулзах үеэр “Эрдэнэт” үйлдвэрийн хаягдлын аж ахуйг 2027 онд шинэ газар руу нүүлгэн шилжүүлэх тухай яриа өрнөсөн. Хиймэл нуурын эргэн тойрныг тэр үед ойжуулж, нөхөн сэргээх ажлыг одоо хийгээд эхэлсэн гэсэн үг үү?
-Тэр үед одоогийн хаягдлын аж ахуй ашиглагдахгүй үлдэх учраас тэндхийн цагаан тоосны хуйлралыг багасгах зорилгоор өнөөдөр далангийн урд хэсгийн 34 га талбайд мод тарьж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, энэ тарилт хиймэл нуурын далангийн урд талын доод хэсэгт хийгдсэн гэсэн үг. Үүний зэрэгцээ 2023 оны хавар Хангал голын урд хэсгийн 7 га талбайд улиас, бургас, үхрийн нүдийг мөчрөөр, бас 5 зүйлийн модлог ургамлыг үрээр тарьсан. Түүнээс сайн ургасан нэг настай, нэг метр орчим өндөр ургасан 3000 орчим бургас модыг энэ намар манайх Хангал голын доод хэсэгт шилжүүлэн суулгалаа. Энэ хэсэгт хашаалсан 53 га газар бий. Цаашид Хангал голын сайр, голдирлыг дагаад бургасан шугуй үүсгэх зорилгоор энэ ажлыг эхлүүлсэн. Бургас намагтай чийглэг орчинд сайн ургадаг. Яг түүнд нь тохирсон арга технологи ашиглаад тэр орчныг бургасан шугуй болгох нь зөв гэж үзсэн.


 

-Эрдэнэт үйлдвэр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд тарих 100 сая модыг үр, суулгацын алинаар нь тарих вэ? Түүний 10 сая модыг Орхон аймгийн нутагт, бусдыг нь хаана тарьж ургуулах вэ?
-“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний дагуу “Эрдэнэт” үйлдвэр 100 сая модыг 2031 он хүртэл тарьж ургуулах үүрэгтэй ажиллаж байна. Эхлээд суулгацын нөөцтэй болохын тулд Хангал голын дэргэд эхний мод үржүүлгийн газар байгуулсан. Тэнд үрээр тарьсан учраас тоолоход хэдэн сая тарьц гарахыг одоогоор хэлэхэд эрт байна. Энэ үрийн тарилтыг хоёр жил бойжуулаад дараа нь талбай руу шилжүүлнэ. 
“Эрдэнэт” үйлдвэрийн бэлдсэн 100 сая модны тарьц суулгацыг нийт 12 аймагт тарина гэж төлөвлөсөн. Нэг аймагт 5-10 сая мод таригдана. Тиймээс бид тухайн аймаг бүрт албан тоот илгээж, тарих газраа баталгаажуулж аваад бойжуулсан моддыг хүргэж хөрсөнд нь суулгаж, арчилж тордон ургуулсны дараа тухайн орон нутагт нь хүлээлгэн өгөх юм. Аймаг бүрийн орчин, цаг уурын нөхцөл, хөрсний чанар өөр учраас эхлээд судалгаа сайн хийх шаардлага тулгарна. Ингэснээр тухайн аймаг бүрийн хөрсөнд тохирсон зүйлийн модыг тарьж ургуулах ажлаа эхэлнэ. 
-Энэ олон сая модны тарьц суулгац бэлдэх томоохон аж ахуйг Хялганатад эхлүүлэх гэж байгаа гэж сонссон. Энэ талаар мэдээлэл өгнө үү? 
-Манайх Булган аймгийн Хялганат тосгонд 130 га талбай авч тусгаарлалт хийж байна. Тэнд усалгааны системтэй, нийлэг хальсан хүлэмж бүхий автомат мод үржүүлгийн цогцолбор байгуулна. Жимсний аж ахуй ч энд бий болгоно. Ирэх онд энэ аж ахуйн бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Автомат мод үржүүлгийн газарт жилд 10 сая тарьц үржүүлнэ гэж тооцсон. Ийм их хэмжээний ажил хийх чадавхтай, тендерт шалгарсан компани орж ирээд дээрх зорилтыг хэрэгжүүлэн ажиллах нөхцөл боломжоор бид хангана. 
“Эрдэнэт” үйлдвэр энэ нүсэр ажлын бэлтгэлийг хангахын тулд 2024 онд бүтээн байгуулалтын ажлуудаа дуусгана. Дээрх 12 аймагт мод тарих ойжуулалтын ажил 2025 оноос эхэлнэ. Түүнээс өмнө Орхон аймагт тарьж ургуулах 10 сая модны тариалалтыг хийхийн тулд Хаягдлын аж ахуйн эргэн тойронд, бас Хангал гол дагуу нийт 60 га талбайд мод тарих ажлаа эхлээд байна. 
-Энэ их ажлыг ямар хүчээр хийх вэ? 
-Манайх 18 хүний орон тоотой, одоо 15 хүн ажиллаж байна. Ойн генетик нөөцийн төв бүрэн хүчин чадлаар ажиллаад эхлэхээр хүн хүч нэмэгдэнэ. Мод тарих үйл ажиллагаа улирлын чанартай учраас дулааны улиралд орон нутгийн иргэдийг түр ажлын байраар хангаж хамтран ажиллана. Хангайн бүсийн мод үржүүлэг, тарилтын ажил жил бүрийн 4 сараас 10 сарын 20 хүртэл үргэлжилдэг. Энэ хугацаанд 120 орчим хүн байнгын болон түр ажлын байраар хангагдана.


-Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө оруулалтаар Орхон аймагт Ойн генетик нөөцийн төв барьж байгууллаа. Монголын орон нутагт бүтээн байгуулсан энэхүү анхны төвийн цаашдын үйл ажиллагааны талаар тодруулна уу?
-Энэ бол маш том материаллаг бааз юм. Модны үрийн нөөцийг олж хадгалах нь энэ төвийн гол зорилго. Манай оронд ургадаг олон зүйлийн модны үр хаана байгааг олж тогтоох, тэдгээрийг цуглуулж татах, ховор болон нэн ховор ургамлыг шинжлэн судлах, хадгалах ажлыг бид хийнэ. Зүгээр нүдэн баримжаагаар сайхан харагдах үр дотроо идээгүй байх тохиолдол түгээмэл. Тиймээс заавал судалж, шинжлээд, чанартай сайн үр гэдгийг тогтоох нь хамгийн чухал. Ингэснээр Монгол орны модлог ургамлын үрийн генетик нөөц үүсгэж, үржүүлж тариалах томоохон байгууламж нь манай Ойн генетик нөөцийн төв байх юм. Модны тарьц суулгацыг өвлийн улиралд найдвартай хадгалах агуулах манайд л бий. Манай оронд түгээмэл ургадаг улиас, бургас зэрэг ургамлуудыг заавал хадгалах шаардлагагүй. Харин манай улсад нэн шаардлагатай ургамлуудын үр, тарьц, суулгацыг стандартын дагуу хадгалаад хавар тарих үед гаргаж өгөх нь бидний зорилго. 
Зарим байгууллага, хүмүүс манай агуулахад тарьц, суулгацаа хадгалуулах хүсэлт тавьж байна. Өнгөрсөн жил тийм хүсэлт ирээгүй, энэ жил стандарт тохиргоотой агуулахын ач холбогдлыг ойлгоод манайд хандаж байгаа нь нэг дэвшил юм. Тэдний авчирсан модны суулгацуудыг энэ өвөл манайх үнэгүй хадгалж өгнө. Энэ нь мод үржүүлгийн чиглэлээр ажиллаж байгаа байгууллага, иргэдэд үзүүлж байгаа бодит дэмжлэг юм. Мэдээж модны суулгац, үр хадгалах нөхцөл шаардлагаа өндөр тавина. Ялангуяа модны суулгацын баглаа боодлыг тэд өөрсдөө лацдаж хүлээлгэж өгөөд, ирэх хавар бид тэр янзаар нь буцааж өгнө гэсэн хэлцэлтэй хамтран ажиллаж байна. Мэдээж энэ ажил гэрээний дагуу хийгдэнэ. 


Ж.ОЮУН

ТОДРУУЛГА: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас гадна Орхон аймгийн нутагт катодын зэсийн үйлдвэрлэл эрхэлж буй “Эрдмин”, “Ачит Ихт”, Зэс эрдэнийн хувь” ХХК-иуд нийгмийн хариуцлагын хүрээнд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ногоон Эрдэнэт” хөтөлбөрийн дагуу өөр өөрийн хувь нэмрээ оруулан ажиллаж байна.  
"Ачит-Ихт" ХХК “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд арван жилийн хугацаанд 3 сая мод тарихаар төлөвлөж, өнгөрсөн жил “Далайн хошууны шинэс” мод үржүүлгийн газар байгуулжээ. Тэрээр 2022 онд Монголын цаг агаарт тохиромжтой 10-аад төрлийн 300 мянга гаруй модны суулгац тарьж, 2023 оны хавар Орхон аймагт 250 мянга гаруй мод тарьсан байна. 2023 оны намрын мод тарилтын үеэр тэд мөн өөрсдийн ургуулсан олон мянган тарьц, суулгацыг Орхон аймагт нийлүүлсэн. 2023 оны 10 сарын 09-нд тус хамт олон “Эх дэлхийгээ хайрлая” уриан дор мод тарих намрын өдөрлөг зохион байгуулж, 2 байршилд 300 шинэс, 1144 бургас, нийт 1444 мод тарьжээ. 
“Далайн хошууны шинэс” ХХК өнгөрсөн жил 2 төрлийн мод үрслүүлсэн бол энэ жил шинэс, хайлаас, агч, шар хуайс, хуш зэрэг 5 төрлийн мод үрслүүлжээ. Модны төрөл нэмэгдсэн учраас үрслүүлэх талбай нь 5 дахин нэмэгдэж. Тэд ирэх жил 400 мянган тарьц гаргах зорилттой ажиллаж байна.
“Далайн хошууны шинэс” ХХК мөн бортоготой модны бойжуулалтын талбайтай. Өөрөөр хэлбэл, тэд өнгөрсөн жилийн үрслэгээг бортоголоод гаргаж ирж бойжуулж байна. Бортоготой модыг заавал хавар намар 5,10 сар гэхгүйгээр хэзээ ч гаргаад суулгаж болох давуу талтай. Ийм мод шинэ хөрсөнд дасан зохицох чадвар илүү аж. Энэ жил тэд 230 мянга орчим тарьцыг бортогонд суулгаж бэлдээд намрын тарилтад нийлүүлсэн байна. 

“ЗЭС ЭРДЭНИЙН ХУВЬ” ХХК “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ногоон Эрдэнэт” хөтөлбөрийн хүрээнд “Эко үйлдвэр-Ногоон ирээдүй” төсөл хэрэгжүүлэн ажиллаж байна. Дээрх зорилгын хүрээнд: 

  1. “Тэрбум мод” хөдөлгөөнийг дэмжиж жил бүрийн 5, 10 сард хамт олноороо мод тарих аян зохион байгуулахаас гадна “Ойн инженер” мэргэжлийн хүний нөөц бэлтгэх, сургах, чадавхжуулах, агаар, ус, хөрсний суурь судалгааны бааз үүсгэх,
  2. “Эко үйлдвэр-Ногоон ирээдүй” зорилтынхоо хүрээнд экологи, байгаль хамгааллын үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлж, мод үржүүлгийн газар байгуулах, мод бут тариалах, ургуулах,
  3. Ногоон байгууламжийг нэмэгдүүлснээр ““Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн ажиллагсад болон Орхон аймгийн ард иргэдийн ая тухтай ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилтууд дэвшүүлээд ажиллаж байна. “Зэс эрдэнийн хувь” ХХК 2022 оны 5 сард нийгмийн хариуцлагын дагуу үйлдвэрийнхээ орчимд 750 шинэс, улиас тарьж мод тарих ажлаа эхлүүлсэн бол энэ жил мод тарилтаа нэмэгдүүлэхийн зэрэгцээ мод үржүүлгийн газар байгуулах бэлтгэлээ бүрэн хангажээ. 

“Эрдмин” ХХК 2018 онд “Эрдэнэтийн-Овоо”-ны ард 800 улиас, Баян-Өндөр уулын урд энгэрт хамгаалалтын 600 м урт торон хашаа барьж, дотор нь 200 шинэс мод тарьж аймагт хүлээлгэн өгсөн. 2019-2022 онд Баянцагаан багийн нутаг, вокзалын цаана авто замын хоёр талаар 1600 улиас, шинэс, хайлаас, хус тарьсан. 2023 онд “Эрдэнэт“ хаалганы баруун талд 0,65 га талбайд 480м хашаа барьж дотор нь 1000 улиас тарьж арчлан ургуулахад анхаарсаар ирсэн. Эдгээр тарьсан модны ургалт 97 хувьтай байна. Энэ нь “Ногоон Эрдэнэт” хөтөлбөрийн хүрээнд хийж буй манай байгууллагын ажиллагсдын хамтын хөдөлмөрийн үр дүн юм“ гэж “Эрдмин” ХХК-ийн байгаль орчин хариуцсан мэргэжилтэн Ч.Өлзийбүрэн хэлэв. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Л.Уранцэцэг: Манай бүтээмж чанарын дугуйлангууд үйлдвэрлэл, үйл ажиллагаанд тулгарсан асуудлыг шийдэхэд томоохон нөлөө үзүүлдэг
Ч.ХҮРЭЛБААТАР: Би 40 насандаа шатрын учрыг олж, 50 хүрч философийг нь ойлгосон
Б.ЧИНЗОРИГ: Энэ жил үйлдвэрлэлийн үндсэн 51 тоног төхөөрөмжид их засвар хийж, найдварт ажиллагааг хангана
Х.ДОЛГОРМАА: Ажилдаа чин сэтгэлтэй хандвал амжилт аяндаа ирнэ
Ж.Эрдэнэчимэг: Ажилтнууд 20 орчим нэр төрлийн багцаар эрүүл мэндийн үзлэгт хамрагдана
П.ПҮРЭВДОРЖ: Эрдэнэт үйлдвэр гэдэг нэр миний цол чимэг мэт санагддаг
Д.МӨНХБОЛД: Цаашид хиймэл оюун ухаан ашиглаж, аюул ослоос урьдчилан сэргийлнэ
О.ОТГОНБААТАР: Тоглоомоо гаднын зах зээлд гаргахад дэмжлэг хэрэгтэй
Б.БААСАНСҮРЭН: Ирэх онд төсөл хөтөлбөрүүдээ эрчимжүүлэхэд түлхүү анхаарч, сайн үр дүн хүлээж байна
“Цахим Эрдэнэт - 1” хөтөлбөр нийгмийн суурь хөгжилд хувь нэмрээ оруулна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %