СУМ ДУНДЫН ОЙН АНГИ МОД ҮРЖҮҮЛГИЙН 11 ХҮЛЭМЖТЭЙ

“Ногоон Эрдэнэт” хөтөлбөр


“Ногоон Эрдэнэт” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулан, хичээнгүй хөдөлмөрлөж яваа Сум дундын ойн сангийн хамт олны ажил үйлс, амжилт ололтыг олж харахаар энэ байгууллага руу саяхан зүглэж очлоо. Эрдэнэт хотын эргэн тойронд тарьсан ойн зурвас, нэрэмжит төгөлүүдийг хавраас, намрын цэнэг усалгаа хүртэл байнга усалж, нөхөн сэргээж, хортон шавжтай нь тэмцэж, биднийг хүрээлэн буй ойн шугуй, шинэхэн модод ургах эрүүл, таатай нөхцөл бүрдүүлэхэд байнга хараа хяналт тавьж ажилладаг нь тэдний ажлын онцлог ажээ. 
 

Орхон аймгийн Сум дундын ойн ангийн инженер Ж.Атарсүрэн, мэргэжилтэн Х.Эрдэнэбат нар хамт олныхоо эрхэлдэг ажил үйлсийн талаар ийнхүү хуучиллаа.
Ж.АТАРСҮРЭН: - “Ногоон Эрдэнэт” хөтөлбөрийн хүрээнд Орхон аймгийн Засаг даргын 2021 оны 10 сарын 25-ны өдрийн А/545 тоот захирамжаар манайх 11 хүний орон тоотой ажиллахаар болсон. Үүнээс мод үржүүлгийн газарт 7 хүн ажилладаг. Шинэ ажилтнуудаа ойжуулалтын сургалтад хамруулаад мэргэшүүлсэн. 
Бид мод үржүүлэг, ойн нөхөн сэргээлт, хортон шавжийн судалгаа хийх, устгах, талбай тусгаарлалт зэрэг олон ажил хийж гүйцэтгэдэг. Манайх 13 ажилтантай. Тарьц суулгацаа жил бүр борлуулаад Орхон аймгийн төсөв бүрдүүлэхэд хувь нэмэр оруулдаг. 
Манай байгууллага 3,5 га газартай. 2018 оноос тэнд тарьц суулгацаа бойжуулдаг болсон. Нийт 11 хүлэмжтэй. Мөн ил талбайд тарилт хийдэг. “Номин” агуулахын чанх урд байрлалтай манай талбайд хавар салхины нөлөө их. Хөрсөө өөрсдөө боловсруулдаг. Энд 20 тонны ус агуулах савтай учраас тэндээс хүлэмжийн усалгаагаа хийдэг. 
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ногоон Эрдэнэт” хөтөлбөрийн хүрээнд манай байгууллага сум дундын ойн мод үржүүлгийн талбайн хэмжээг 80 хувь хүртэл нэмэгдүүлсэн. 2021 оны намар 50 мянга, 2022 онд 330 мянга, 2023 онд 400 гаруй мянган тарьц суулгац ургуулан арчилсан. 
Орхон аймагт 14 иргэн, аж ахуйн нэгж мод үржүүлгийн газар ажиллуулдаг. Жил бүрийн хавар намрын тарьц суулгацын үзэсгэлэн худалдааг манайх зохион байгуулдаг юм. Энэ намар 23 хүн тус худалдаан дээр ажиллаж тарьц суулгацаа зарж борлуулсан, Гэхдээ борлуулалт тааруу байсан. Томоохон аж ахуйн нэгжүүд мод үржүүлгийн газартай болсон учраас иргэдийн тарьсан суулгац зарагдахгүй нөхцөл байдал үүсэж байна. Тиймээс мод үржүүлгийн аж ахуй эрхлэгчид нэгдээд тарьц суулгацын нөөц бий болгож, төсөл боловсруулан, томоохон байгууллагад хамтдаа нийлүүлэлт хийх нь зөв байх. 
Эрдэнэтэд шар хуайс түлхүү ургадаг учраас бид үрийг нь эндээс түүж нөөцөлдөг. Хайлаасны үрийг Хялганатаас түүх боломжтой. Харин нарс, гацуур, шинэс гэх мэт шилмүүст модны үрийг худалдаж авдаг.
Сум дундын ойн анги жил бүрийн намар Жаргалант суманд очиж сургалт зохион байгуулдаг. Энэ үеэр мод тарих заавар зөвлөгөө өгч, нөхөрлөлийн гишүүдэд түймрээс сэргийлэх мэдлэг олгодог юм. Нөхөрлөлийн гишүүдээс 3 хүн тус суманд мод үржүүлгийн газар байгуулаад ажиллаж байна. 
Манайх “Гэр бүлийн ойн төгөл”, “Чимээгүй хот”-ын таримал ойн төгөлд мод тарьсан. Баян-Өндөр хайрхны бэлд байрлалтай “Гэр бүлийн ойн төгөл”-д 2022 оноос эхлэн 9884 мод, бут сөөг тарьсан. Энд иргэд гэр бүлээрээ очиж өөр өөрсдийн дурсгалын мод тарьж төгөл үүсгэх зорилгоор анх тарилт хийсэн. Жил бүрийн хавар, намрын бүх нийтийн мод тарилтаар хүмүүс гэр бүл, найз нөхдөөрөө очиж мод тарьдаг сайхан уламжлал бий болж байгаа. Манай байгууллага тэдгээр модны усалгаа, арчилгаа, нөхөн тарилтыг хариуцан ажилладаг. Энэ төглийг тойруулаад 2-3 настай 7000 хайлаас тарьсан. Өөрөөр хэлбэл, энд ургамалан хашлага бий болгосон. Ургамалан хашлага дунд голт бор, монос, буйлс, гүйлс гээд олон төрлийн модыг хүмүүс тарьсан. Энэ жил 120-иод мод нөхөн тарилаа. 
“Чимээгүй хот”-ын төгөлд манайх 4396 мод тарьсан. Энэ оны 10 сард 400-аад бургас тариад усалгаа арчилгааг сайн хийсэн. Дээрх хоёр төглийн ургалт 98 хувьтай байна. Чимээгүй хотоос үнэр ялгардаг гэсэн иргэдийн санал хүсэлтийн дагуу тэнд ойн төгөл үүсгэж, хэтдээ ургамалан хөшиг бий болгох холын зорилт тавиад ажиллаж байна.
2022 онд Жаргалант сумын Хөндлөнгийн амны 18 га талбайд Орхон аймгийн “Хөвөнтөн ой” ХХК ойжуулалт хийсэн, бид түүнд хяналт тавиад ажиллаж байгаа. Үүний ургалт 78 хувьтай байна. 2023 онд Японы 100 хувийн хөрөнгө оруулалтаар “Оиско Монголиа” компани Цагаанчулуутын ард 10 га газарт 23 мянган тарьц суулгац тарьж ургууллаа. Манай байгууллага мөн үүнд хяналт тавьдаг. 
Энэ жил манайд усалгааны нэг машин нэмэгдэж хоёр машинтай болсон. Хоёр жолооч графикийн дагуу усалгаа хийгээд зогсолтгүй ажиллаж байна. Манай ажилтнууд өвөл улиас, бургасны үр түүж нөөцөлдөг. Мөн 11, 12 сард нарсны үр түүнэ. Түүнийг мод үржүүлгийн газартаа хүргэж хадгалаад дараа нь харандаална гээд их ажил ундардаг. 
Сум дундын ойн ангийн мэргэжилтэн Х.ЭРДЭНЭБАТ : -Манайх Ойн тухай хуулийн 18-ын 3-т заагдсан үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант суманд нийт 18531 га ойн талбай байдаг. Бид энэ ойн талбайд хортон, хөнөөлт шавжийн судалгаа хийж, тэндээс түлшний мод бэлтгэх ямар боломж байгааг судалж тогтоодог. Өөрөөр хэлбэл, хаанаас түлшний мод бэлдэж болохыг судлаад дараа нь талбай тусгаарлалт хийнэ. Ингэснээр тухайн газраас ямар хэмжээний мод бэлдэж түлшинд хэрэглэж болох чиглэлийг тогтоодог. Үүний дагуу сумаас түлээний гоожин буюу мод бэлтгэх эрхийн бичгийг иргэдэд олгодог. Төгсгөлд нь мод бэлтгэх үйл ажиллагаанд бид хяналт тавьдаг. Үүний дагуу орон нутгийн төсөвт тодорхой хэмжээний орлого ордог. 2023 онд 102 га талбайгаас 770 м3 мод бэлтгэх тооцоо гаргаж өгсөн. Үүнээс 600 м3 нь түлшний мод, 170 м3 нь хэрэглээний мод бэлтгэх юм. Жаргалант суманд ой цэвэрлэгээний хүрээнд бага хэмжээний мод бэлдэнэ. Сүүлийн 3 жилд байгалийн сэргэн ургалт маш сайн байна. Мод өөрөө үр цацаад тэндээсээ сэргэж ургах нь их болсон. 
2022 онд манай аймгийн ойн сангийн 14 мянган га талбайд шинэсний шилмүүс хуйлагч хортон тархаж, шилмүүст ойг их хэмжээгээр гэмтээсэн. Энэ үед манай Сум дундын ойн анги Засаг даргын нөөц хөрөнгөөс 28 сая төгрөг гаргуулаад тэрхүү хортон шавжийг устгах ажил хийсэн. Нийт 1442 га талбайд устгал хийж ойг сэргээсэн. Ийм ажлыг утаат үүргийн химийн 3 багажаар хийдэг. Баян-Өндөр уулыг тойрч, мөн Жаргалант сумын Хонгор морьт, Шувуут, Жаргалантын ам, Хөндлөн, Цагаан хуст, Баруун зүүн булаг, Даршт, Онгоцот зэрэг газруудад устгал хийсэн. Шилмүүс хуйлагч хортон модны ногоон шилмүүсээр хооллодог ба бүх шилмүүсийг хуйлаад модыг улаан болгодог. Түүнийг устгасны дараа 14 хоногт уг модны шилмүүс эргэж ургаад төлжөөд эхэлдэг. Энэ хортон шавж нэг модыг 2-3 жил давтан хөнөөвөл тухайн мод шууд үхдэг аюултай. 
Жаргалант сумын ойд урьдчилан сэргийлэх байдлаар 2023 онд 2750 га талбайд хортон шавжтай тэмцэх ажил хийсэн. Тухайлбал, “Сайхан ой” компани улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2000 га талбайд, “Залуу төгөл” компани 750 га талбайд тус тус хортон шавжтай тэмцэх ажил хийсэн. 
Ер нь ойн хортон шавжийн нүүдэл хааяа болдог. 2017, 2018 онд Эрдэнэтэд Сибирийн хүр эрвээхэйн нүүдэл ирж нэлээн их модыг идэж улаалгахад Улаанбаатараас 3 компани ирж туслалцаа үзүүлэн ойн хортон шавжийн устгал хийж ойг сэргээсэн юм. Нэгэнт ургасан ой модыг хамгаалах нь хамгийн чухал. Орон нутгийн жил бүрийн төсөв батлахдаа энэ үйл ажиллагаанд хөрөнгө тусгаж байж ойн хортон шавжаас бид ангижирч чадна. 
Бид жилд хавар намрын давталттайгаар 2 удаа 18531 га талбайдаа хортон шавжийн тоймчилсон судалгаа хийдэг. Хортон шавж 3 үе шаттай өсдөг. Эхлээд хүрэнцэр байна. Хүрэнцэр нь эрвээхэй болж нисээд дараа нь өндгөө цацдаг. Хадны, модны завсар өндөг байна уу, үгүй юу гэдгийг бид хавар, намрын судалгаагаар тогтоодог юм. Намар яваад ирэх хавар хортон шавж гарах эрсдэл байгаа эсэхийг судлаад тогтоочихвол дараа хавар нь эртхэн тэр өндгийг хусаж цуглуулж устгадаг арга бий. Бид байгаль хамгаалагч нөхөрлөлүүдтэй хамтарч хортон шавжаас урьдчилан сэргийлэх ажил хийдэг. Нийт 11 нөхөрлөл 7700 га газрыг хариуцан хамгаалдаг. Нөхөрлөлүүд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхэд маш том үүрэг гүйцэтгэж байна гэв. 

Ж.ОЮУН

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Г.Мөнх-Эрдэнэ: Бид төлөвлөсөн ажлаа чанартай гүйцэтгэж, намар, өвлийн бэлтгэлээ хангалаа
Г.Алтангэрэл: Үйлдвэрлэл, технологийн паркийн ажлын байрны 65 хувь нь Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрт ажиллана
О.Отгонбаяр: Мэдлэг түгээх ажлын байр нь ажилтнуудыг хөгжүүлэх томоохон боломж юм
Б.МӨНХТОГОО: Жадо Ринбүчи багш Маналын ван айлтгаж, овоо тахилгын зан үйлд оролцоно
М.ОТГОН: Өндөр бүтээмжтэй ажиллах зорилтдоо хүрэхийн төлөө тэмүүлж байна
Б.Сонин-Эрдэнэ: Усанд сэлчхээд ажилдаа ирэхэд бие, сэтгэл хөнгөн, сэргэг, бүтээмж сайтай байдаг
М.Энхцэцэг: Эрдэнэт үйлдвэр Архивын баримтын хадгалалт хамгаалалтыг олон улсын жишигт нийцүүлнэ
Б.ЧИНЗОРИГ: Дотоод бүх нөөц бололцоогоо ашиглана
Б.Алтангэрэл: Төслийн дэд бүтцийн ажил 60 орчим хувьтай явна
Х.ХУЛАН: Жингээ хасаж чадахгүй байвал бамбайн даавраа шалгуулаарай

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %