Нэг асуулт... Хог хаягдлаар баялаг бүтээх боломжтой юу? Мэдээж боломжтой. Дэлхий ба улс орнууд, түүний дотор манай улс ч мөн адил, хог хаягдлаар баялаг бүтээх чиглэлд аль хэдийн алхсан. Дэлхий тэр чигтээ байгаль дэлхийгээ яаж хог шороогүй, эмх журамтай, ариун дагшин, эрүүл орчинтой байлгах вэ, хог хаягдлаар баялаг бүтээж болох уу, тэр нэмүү өртөг шингэсэн баялаг юу байж болох вэ гэдэг дээр том менежмент боловсруулж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэгдсэн системтэй болсон.
Эрдэнэт хот энэ чиглэлд юу хийв? С.Батжаргал Засаг даргын өнгөн дээр хог хаягдал боловсруулах чиглэлд чамлахааргүй олон төсөл хөтөлбөр амжилттай эхэлсэн байна. Эрдэнэт хотод “Эрдэнэт хотын хатуу хог боловсруулах үйлдвэр байгуулах, хог хаягдлыг татан зайлуулах менежментийг сайжруулах” төсөл 2017 онд Польш улсын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээр хийгдэж байж. Төслийг хэрэгжүүлэхээр Польш улсын ППЭйч Мелиорекс ХХК түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээг Орхон аймагтай 2019 онд хийжээ. Энэ төсөл хэрэгжиж эхэлснээр 2020 онд Польш улсаас 5 тир машин, нийт 108 тонн барилгын караказ төмөр, 2022 онд 4 тир машин, үйлдвэрийн тоног төхөөрөмж, барилгын материал иржээ. Мөн онд үлдсэн тоног төхөөрөмж, барилгын хийц, машин механизмууд хэсэгчлэн нэмэгдэв. ППЭйч Мелиорекс компанитай байгуулсан ажлын гэрээгээр тус компани 2021 оны 10 дугаар сард үйлдвэрийг барьж дуусган ашиглалтад хүлээлгэн өгөх байсан ч ковидын цар тахалтай хоёр жил, ОХУ-аас Украин улсад явуулж буй цэрэг дайны улмаас төсөл хэрэгжүүлэх үйл явцад саатал, бэрхшээл гарч, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн шалтгаанаар гэрээний хугацааг 2024 оны хоёрдугаар хагас хүртэл сунгалаа. Одоогийн байдлаар төслийн хүрээнд нийлүүлэх машин механизмууд болон үйлдвэрийн тоног төхөөрөмж, барилгын материал, төмөр хийцлэл орж ирсэн, үйлдвэрийн барилгын ажил эхэлжээ. Гэрээний хүрээнд хог хаягдлыг татан зайлуулах машин механизмыг шинэчлэх ажил бүрэн хийгдсэн, хог ангилах үйлдвэрийн барилгын ажил 30 хувьтай явж байгаа юм байна. Үйлдвэр ашиглалтад орохоор хог хаягдлаа яаж хүлээж авах, иргэд яаж ангилж сурах, цэвэр цэмцгэр орчноо яаж бүрдүүлдэг болох гээд зөндөө ажлууд хүлээгдэж байна.
Дэлхий хог хаягдлаа яадаг вэ? Байгаль орчноо хамгаалах хамгийн гол алхам бол хог хаягдлын ангилалт. Хог хаягдлаа тэр чигт нь хогийн цэгт овоолж, байгаль орчноо бохирдуулдаг байсан үе улирсан. Дэлхий нийтээрээ, тэр дундаа он удаан жилийн түүхтэй хөгшин Европ энэ чиглэлд хол алхсан. Хог хаягдлаа ангилдаг болоод Европ даруй 40 жил болжээ. Герман улс хог хаягдлаа ангилах дээр дэлхийн хамгийн том системтэй улсын нэг. Германчууд хог хаягдлынхаа дийлэнх хувийг дахин боловсруулж, байгаль орчноо хамгаалж сурчээ. Тэд хог хаягдлаа үндсэн 4-6 чиглэлээр ангилдаг. Айл өрх бүрд хамгийн багадаа 3 өнгийн бүр нарийн ангилж сурсан айл өрхөд , хүртэл өнгийн хогийн сав байдаг. Хог хаягдлаа ангилах систем Герман улсын бүх иргэд, компани албан байгууллагуудын заавал биелүүлэх үүрэг нь болсон байдаг бөгөөд улсаас бодлогоор дэмждэг.
2015 онд Г.Зоригт Засаг дарга агсны хамт бидний хэдэн хүн Германд улсад хог хаягдал боловсруулах үйлдвэр барих асуудлаар туршлага судалж очсон байдаг. Герман улс хог хаягдлын системдээ ангилаагүй бүх төрлийн хог хаягдлаар эрчим хүч, түлш шатахуун гаргаж авах ииновацийн шинэ арга нэвтрүүлэхээр ажиллаж байгаатай таарч билээ. Тэр үед миний санаж байгаагаар 11 сая еврогийн үйлдвэр Эрдэнэтэд оруулж ирэх, тэр үйлдвэр ердөө ганцхан га газарт багтаж баригдах барилга байгууламжтай, хог хаягдал боловсруулан, цахилгаан эрчим хүч гаргаж, Орхон аймгийн дайтай дөрвөн аймгийг тасралтгүй хангах хэмжээний цахилгааны эх үүсвэртэй болж болох. Эсвэл манай Эрдэнэтийн хог хаягдлын жилийн хэмжээгээр хэчнээн тонн түлш боловсруулж гаргаж болох тооцоолол хийн, 5 жилийн дотор хөрөнгө оруулалтаа хэрхэн нөхөх, цаашид Эрдэнэт хотын төдийгүй бүс нутгийн хог хаягдлыг худалдан авч, эдийн засгийн эргэлтэд оруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл бий болгох, хамтран ажиллах анхны гэрээ үзэглээд ирж байсан юм.
Германчуудын инновацийн энэ шинэ арга технологиор бол дахин боловсруулалтад орж, баялаг бүтээхэд оролцох боломжгүй ганц төрлийн хог хаягдал дэлхий дээр байдаг тухай олж мэдсэн. Тэр нь барилгын хог хаягдал. Бусад бүх хог хаягдлыг ангилах зардалгүй болгож, эрчим хүч, түлш үйлдвэрлэж болно. Технологи нь хэт өндөр хэмд шатаах арга гэсэн. Дэлхий дахин энэ аргыг хүн чандарлан оршооход хэрэглэдэг. Герман мэргэжилтэн ирж, манай Эрдэнэтийн хогийн цэг дээр очоод дуу алдсан. Зуданд осгосон малаас өгсүүлээд газар дор булагдсан үлэмж хэмжээний хог хаягдлыг тэр герман мэргэжилтэн судлаач шууд эдийн засгийн утгаар нь тооцоолж хараад ямар баян, бас үнэгүй түүхий эд байна аа хэмээн дуу алдсан байдаг. Германд нэг үхсэн муурнаас нэг литр түлш гаргадаг гэж хүртэл танилцуулаад, манай улсын малын тоо, түүнээс гарах арьс үс, яс ноос, тос өөхний тухай асууж, хэзээ ч тийм баян хог хаягдал, түүхий эд Германиас олдохгүй гэж билээ.
Монголд одоогоор ганцхан Оюутолгой ийм аргаар хог хаягдлаа боловсруулдаг үйлдвэртэй ч нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн хараахан гаргаагүй байгаа.
Энэ төсөл яагаад яваагүй вэ? Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргахад манай улсын олон хууль тогтоомж бодлогод таардаггүй учир зөвшөөрдөггүй юм байна лээ. Тэр дундаа эрчим хүчний хуулинд бүр хориглосон заалттай. Зөвхөн энэ шалтгаанаар олон хууль, дүрэм, журмаар энэ төсөл цааш явах боломжгүй болсон байдаг. Боловсруулах үйлдвэр оруулж ирэх дээр асуудалгүй ч бизнесийн эдийн засгийн агуулгаар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд, жишээ нь эрчим хүч гаргахад, манай улс хууль дүрмээр зөвшөөрдөггүй системтэй учир төсөл яваагүй гэж хэлж болно. Тэгэхээр хог хаягдлаас баялаг бүтээхэд нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэл бий болоход зайлшгүй төрийн бодлого зохицуулалт зайлшгүй хэрэгтэй.
Энэ яагаад чухал гэж? Хог хаягдлаас баялаг бүтээх үнэхээр боломжтой. Дэлхий нийтээрээ хог хаягдлаараа дахин баялаг бүтээдэг арга замыг сонгож буй. Интернэт, цахим орчин хөгжсөн өнөөгийн асар хурдтай, боломжит цаг үед бид хог хаягдлаар баялаг бүтээх тал дээр дэлхийтэй хөл нийлүүлэхээс аргагүй. Эрдэнэт хот ч адил. Хог хаягдлын менежмент маркетингийн асуудал яалт ч үгүй хотын соёлын нэг том өнгө нь. Энэ чухал асуудлыг хөгжүүлэхийн тулд хэд хэдэн чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлж, төр засгийн бодлогын түвшинд хүргэх зайлшгүй шаардлага тулгарч байна.
- Хог хаягдлаар нэмүү өртөг шингээсэн стратегийн ач холбогдолтой ямар баялаг бүтээж болох, тэрийг баялгийг яаж ашиглах систем бий болгох, хууль эрх зүйн орчин хэрхэн бүрдүүлэх вэ,
- Энэ чиглэлийн судалгаа хийдэг мэргэшсэн мэргэжилтнүүд хэрхэн бэлтгэж, бусдын сайн туршлагыг хэрхэн яаж нутагшуулах вэ,
- Хог хаягдлаа эхэлж яаж зөв ангилж сурах сургалтын программтай болох вэ,
- Цэцэрлэг сургуулийн Хүн ба байгаль орчны хичээлийн номын агуулгад хог хаягдалдаа ханддаг хандлагын өөрчлөлтийг яаж оруулах вэ,
- Иргэд, албан байгууллагуудыг хог хаягдлаа ангилж боловсруулалтад өгдөг албан үүрэгтэй хэрхэн болгох, төрийн бодлогоор дэмждэг системтэй яаж болох вэ
Энэ сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлж, эрдэмтэн мэргэд, олны санаа бодлыг сонсож нэгтгээд бодлогын түвшинд хүргэвэл одоо үйлчилж байгаа ч орчин цаг үеэсээ хоцорсон эсвэл хөгжихөд саад болсон төр засгийн шийдвэрт зөв тусгалаа олж болох юм.
Ойрын ирээдүйд Эрдэнэт хотын хог хаягдал боловсруулах үйлдвэрийн дээрх төсөл бүрэн хэрэгжээд, хог хаягдлаар баялаг бүтээх чиглэлд цааш хөгжих боломжтой болоход төрийн бодлого, нэгдсэн систем гарцаагүй чухал болно.
Сүрэнгийн СУВДАА















