УТААНЫ УЛИРАЛ АЙСУЙ!!!

Байгалийн мөн чанарыг дулааны, эсвэл хүйтний улирал гэхээс биш, “утааны улирал” ч гэж юу байхав дээ уг нь. Гэхдээ Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хот, зарим аймгийн төвүүд ийм улиралтай болсон нь өнөөдрийн бодит үнэн. Өвлийн хүйтэн цаг агаар зонхилдог 11, 12, 1, 2-р саруудад цэвэр агаараар биш, хүнийг цэртэй ханиалгуулдаг утаагаар амьсгалдаг болсон монголын дээрх хот, суурин газруудын хүн ам утаа уугьдаг хүйтэн улирлыг түгшүүртэй угтана, өвлийн туршид амьсгалын замын өвчинтэй тэмцсээр байгаад эрүүл мэндээ доройтуулан туйлдсаар арайхийн хавартай золгоно. Ялангуяа өвлийн хүйтний оргил үед Монголын томоохон төв суурин газрын эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй, хүүхдийн эмнэлгүүд коридортоо нэмж ор засахад хүрнэ. Нялх үрс маань амьсгалын замын өвчиндөө өдөр шөнөгүй энэлэн шанална. Эмнэлгийн ажилтнууд хамаг хүчээ шавхан, ур чадвараа дайчлан ажиллаад ч зарим нялхсын амь насыг аварч чадахгүйд хүрнэ. Энэ юутай гунигтай, бас түгшүүртэй амьдрал гээч вэ??? 
Монгол Улсын Үндсэн хуулийн хоёрдугаар бүлэг (Хүний эрх, эрх чөлөө)-ийн 16-р зүйлийн 2-р заалтад: Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй гэжээ. Гэтэл энэ эрх зөрчигдсөөр нэлээн хэдэн жилийг үдлээ. Одоо яах вэ?
Энэ асуултад хариу нэхэн Орхон аймгийн төрийн байгууллагын холбогдох хүмүүстэй уулзаж ярилцах эрэлд гарлаа. Юутай ч эхлээд Ус цаг уур, орчны шинжилгээний газрын лабораторийн эрхлэгчтэй уулзаж өвлийн оргил хүйтний улиралд агаарын чанарт ямар өөрчлөлт гардаг талаар асууж тодруулахыг зорив. 
Орхон аймгийн Байгаль орчин, ус цаг уур, шинжилгээний газрын байгаль орчны шинжилгээний лабораторийн эрхлэгч Ц.ЭНХТОГОС:
-Байгаль орчны яамнаас баталсан хөтөлбөрийн дагуу бид өдөр бүр 08:00, 14:00, 20:00 цагт тогтмол агаарын сорьц авч шинжилгээ хийдэг. Заримдаа 20:00 цагт бохирдолгүй байснаа 23:00 цагт бохирдол ихэсдэг. Хүйтний улиралд гэр хорооллын айлууд, уурын зуухтай байгууллагуудын галлагаа нэмэгдэж, агаарын бохирдол хэвийн хэмжээнээс хэтэрдэг учраас ийнхүү нэмэлт дээж авч шинжилгээ хийх шаардлага тулгардаг юм. 
Шинжилгээний дүнгээс харахад өвлийн саруудад азотын давхар исэл стандартаас давдаг. Харин хүхэрлэг хий бусад саруудтай харьцуулахад хүйтний улиралд агууламж нь ихэссэн мөртлөө стандартаас давдаггүй. Энэ нь Монгол Улсын агаарын чанарын стандарт харьцангуй өндөр байгаатай холбоотой. (Миний бодлоор бараг угаартах хэмжээнд хүрч байж стандартаас давах юм шиг санагддаг. Хүмүүс агаарын бохирдол их байна гэж яриад л, бид ч тэр бохирдлыг мэдрээд байхад шинжилгээний дүнгээр стандартаас даваагүй харагддаг).
Мөн өвлийн улиралд дутуу шатсан нүүрснээс үүдэлтэй тоосны агууламж стандартаас байнга давдаг. Тоосны агууламж давсан байдлыг харах хамгийн энгийн үзэгдэл нь шинэ цас орсны дараа цасан дээр битүү хар тортог бүрхсэн байдаг. Энэ нь дутуу шатсан нүүрсний том ширхэгтэй агууламж цасан дээр буусан байна гэсэн үг. Энэ агууламж салхиар зөөгдөж хаа хамаагүй буусан нь бидний нүдэнд ийнхүү харагдана.  

Манайх агаарын чанарын хоёр харуултай. Нэг нь хотын төвд аймгийн захиргааны өмнөх 4 замд байрлалтай. Нөгөө харуул нь Цагаанчулуут багт Онцгой байдлын газрын хашаанд байрладаг. “Эрдэнэт-1”, “Эрдэнэт-2” гээд энэ хоёр харуул дээр агаарын чанарыг хянах тоног төхөөрөмжүүд суурилагдсан бий. Өдөр бүрийн шинжилгээний мэдээллийг orhkon.tsag-agaar.gov.mn вэб сайтад байршуулдаг. Мөн агаарын чанарын “Эрдэнэт-1” харуул дээр байрлалтай урсдаг самбарт тухайн цагуудын шинжилгээний дүнг оруулж иргэдэд агаарын чанарын мэдээллийг шуурхай хүргэдэг. 
Манай байгууллага азотын давхар исэл, хүхэрлэг хийг 1987, 1993 онд ашиглалтад орсон Оросын “аспиратор” багажаар шинжилдэг. Харин том ширхэгт тоосны агууламж хэмждэг, 2014 онд суурилуулсан “БАМ-1020” багаж нь 2021 оноос хойш ажиллаагүй, засвар хийхээс аргагүйд хүрсэн. Тиймээс агаарын чанарыг хянадаг багаж тоног төхөөрөмжийг шинэчлэх зайлшгүй шаардлага тулгарсан гэв.
Ер нь Орхон аймгийн утаа юунаас үүдэлтэй вэ?
Агаарын бохирдлын эх үүсвэрийн нэгдсэн тоо бүртгэл хийх журамд тусгаснаар:
1.Агаарын бохирдлын суурин эх үүсвэр
2.Агаарын бохирдлын хөдөлгөөнт эх үүсвэр гэж ангилдаг ажээ. 
Агаарын бохирдлын суурин эх үүсвэрт:

  • 3-15 кВт хүртэл хүчин чадалтай зуух (Айл өрхийн ахуйн хэрэглээний зуух, жижиг үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд ашиглагддаг уламжлалт болон сайжруулсан зуух, пийшин, усан халаалтын зуух)
  • 15-100 кВт хүртэл хүчин чадалтай зуух (Ахуйн хэрэглээний усан халаалтын зуух, төвлөрсөн дулаан хангамжийн системийн усан халаалтын зуух)
  • 100-4200 кВт хүртэл хүчин чадалтай зуух (Технологийн зориулалттай зуух, төвлөрсөн дулаан хангамжийн системийн халаалтын зуух)
  • 4200 кВт-аас дээш хүчин чадалтай зуух (Дулааны цахилгаан станцууд)

Агаарын бохирдлын хөдөлгөөнт эх үүсвэрт:

  • Дизель түлш болон бензинээр ажилладаг бүх төрлийн тээврийн хэрэгсэл, өөрөө явагч болон зөөврийн хөдөлгөөнт хэрэгсэл тус тус багтдаг ажээ. 

Орхон аймгийн 2022 оны нэгдсэн тоо бүртгэлийн дүнгээр 3-15 кВт хүртэл хүчин чадалтай зуух ашигладаг 13532 айл өрх, аж ахуйн нэгж, 15-100 кВт хүртэл хүчин чадалтай зуух ашигладаг 3 аж ахуйн нэгж, 100-4200 кВт хүртэл хүчин чадалтай зуух ашигладаг 6 аж ахуйн нэгж, байгууллагын 14 эх үүсвэр, 4200 кВт-аас дээш хүчин чадалтай зуух ашигладаг хоёр ДЦС-ын 13 эх үүсвэр тус тус бүртгэгдсэн байна. (2023 оны нэгдсэн тоо бүртгэл ирэх 11 сард хийгдэнэ).
2022 онд Орхон аймгийн хэмжээнд 13532 айл өрх 18219 тн нүүрс, 57755 м3 мод түлшинд хэрэглэсэн нь өмнөх онтой харьцуулахад нүүрсний хэрэглээ 3,6 хувь, модны хэрэглээ 1,2 хувиар өссөн дүн ажээ. 
2022 оны агаарын бохирдлын хөдөлгөөнт эх үүсвэрийн тоо бүртгэлээр Орхон аймгийн хэмжээнд 24398 авто тээврийн хэрэгсэл тоологдсон нь өмнөх хоёр жилийн бүртгэлийн дүнтэй харьцуулахад тээврийн хэрэгслийн тоо мөн л өсөлттэй гарсан байна. (Орхон аймгийн тээврийн хэрэгсэл 2020 онд 19722, 2021 онд 21600 байв). Авто тээврийн төвийн мэргэжилтэн Т.Ловонгончигоос энэ тухай тодруулахад 2023 оны 10 сарын байдлаар “Орхон аймагт 29915 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна” гэсэн хариулт өглөө. Орхон аймгийн агаарын бохирдлын суурин болон хөдөлгөөнт эх үүсвэрүүд жилээс жилд нэмэгдсэн нь дээрх тоон мэдээллүүдээс харагдаж байна. 
Өвлийн хүйтний улиралд Эрдэнэт хотыг бүрхдэг утааны талаар Орхон аймгийн БОАЖГ ямар дүгнэлттэй байгааг мөн сонирхлоо. 

 

БОАЖГ-ын Орчны бохирдол, хог хаягдал, химийн бодисын асуудал хариуцсан мэргэжилтэн П.ЭНХСЭЛЭНГЭ:
-Орхон аймгийн агаарын бохирдлын гол эх үүсвэр нь агаарын зонхилох урсгалын дээд талд байрласан гэр хороолол болон авто тээврийн хэрэгсэл юм. Манай аймагт 30-аад мянган тээврийн хэрэгсэл байна. Тээврийн хэрэгслийн тоогоор улсад хоёрдугаарт ордог. 
Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн Байгал орчны шинжилгээний лабораторийн шинжилгээний дүнгээс харахад азотын давхар исэл (NO2), стандартаас давдаг. Энэ нь тээврийн хэрэгслийн түлшний дутуу шаталтаас үүсэлтэй хортой нэгдэл юм. Мөн гэр хорооллын галлагааны нүүрсний дутуу шаталтаас үүсдэг хүхрийн давхар исэл (SO2) агаарт их цацагддаг. Түлшин дэх нүүрстөрөгч бүрэн шатаагүй үед үүсдэг нүүрстөрөгчийн дутуу исэл (CO) гэх мэтчилэн дээрх хорт нэгдлүүд агаарт байнга хаягдаж байдаг. Эдгээр нь бүгд нийлээд PM10 буюу том ширхэгтэй тоосонцор үүсгэдэг. Бидний нүдэнд харагдахгүй хамгийн нарийн ширхэгт тоос нь PM2,5 юм. Эрдэнэтэд PM10 буюу PM2,5 тоосонцрууд стандарт хэмжээнээс даваад удаж байна гэж ярилаа. 
Мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээр стандарт хэмжээнээс давсан гээд байгаа азотын давхар исэл (NO2), хүхрийн давхар исэл (SO2), нүүрстөрөгчийн дутуу исэл (CO) болон PM10 буюу PM2,5 тоосонцрууд хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдгийг албаны мэдээллээс сөхөж үзэхэд:

  • Азотын давхар исэл (NO2) нь амьсгалын замын өвчний тохиолдлыг ихэсгэх, гуурсан хоолойн багтраа болон үрэвсэлтэй хүний мэдрэгшлийг нэмэгдүүлэх, уушгины хамгаалах механизмыг бууруулах, зурх судасны архаг өвчнийг сэдрээх нөлөөтэй. 
  • Хүхрийн давхар исэл (SO2) нь амьсгал цочирсноос найтаах, ханиах зэрэг физиологийн хариу үйлдэл үзүүлэх бөгөөд сөрөг нөлөө зогсоход уушгины үйл ажиллагаа цагийн дотор хэвийн байдалд ордог. Хүхрийн давхар ислийн архаг нөлөө нь амьсгалын замын өвчний тохиолдлыг ихэсгэн, уушгины хамгаалах механизмыг бууруулж, зүрх судасны архаг өвчнийг сэдрээдэг.
  • Нүүрстөрөгчийн дутуу исэл (CO) нь түлшин дэх нүүрстөрөгч бүрэн шатаагүй үед үүсдэг. Нүүрстөрөгчийн дутуу исэл уушгиар дамжин цусны урсгалд орж эсэд хүчилтөрөгчийг зөөвөрлөдөг гемоглобинтой нэгдэн “карбоксигемоглобин” гэдэг нэгдэл үүсгэнэ. Иймээс хүний бие махбодь, эдэд очих хүчилтөрөгчийн хэмжээг багасгадаг. 
  • PM10 буюу PM2,5 тоосонцрууд: Зүрхний өвчтэй хүн эдгээр тосонцрын нөлөөнд өртсөнөөс цээжээр хөндүүрлэх, чичрэх, амьсгал давхцах, сульдах, зүрхний хэмнэл алдагдах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Нүүрсний дутуу шаталтаас үүсэлтэй энэхүү тоосонцрууд нь амьсгалын замын халдварт өвчний өртөмтгий байдлыг ихэсгэх бөгөөд амьсгалын замын архаг өвчнийг сэдрээх нөлөөтэй. 

Утаанаас үүдэлтэй дээрх хор хөнөөлийг Эрүүл мэндийн байгууллагын эрдэмтэд ийнхүү дүгнэсэн байна. Утаа ихэссэн үед иргэд ийм их хор хөнөөл дундуур туучиж, амь тэмцэн, аз туршин амьдардаг байх нь. Тэгвэл энэ аюул, хөнөөлийг хэрхэн багасгах вэ? гэх асуултад хариу нэхэн Орхон аймгийн төрийн байгууллагын зарим ажилтантай уулзлаа.
Орхон аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчин, уул уурхай хариуцсан мэргэжилтэн У.ЧИГЭСТЭЙ:
-Орхон аймаг “Агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөө”-тэй ажилладаг. Энэ төлөвлөгөөг жил бүр аймгийн Засаг даргаар батлуулан хэрэгжүүлдэг. Үүний хүрээнд байгаль хамгаалах арга хэмжээний санд тодорхой хэмжээний мөнгө төсөвлөөд, түүнийг БОАЖГ захиран зарцуулдаг. Энэ жил 34 сая төгрөг зарцуулахаар төсөвт тусгасан. Яндангаас татгалзаад хувийн орон сууцны халаалтаа цахилгаанаар шийдвэрлэсэн айл өрхүүдэд энэ мөнгийг урамшуулал болгон олгох юм. Урамшуулал олгох журмыг боловсруулсан. Түүнийг аймгийн ИТХ-аар батлуулаад, Хууль зүйн яамаар хянуулсны дараа урамшууллыг айл өрхүүдэд олгоно. Судалгаанаас харахад Эрдэнэтийн гэр хороололд 167 айл өрх цахилгааны эх үүсвэр бүхий халаалттай болсон байна. 
Орхон аймаг өнгөрсөн жил НҮБ-ын Хүүхдийн сан, Байгаль орчны яамтай хамтран “Санамж бичиг” байгуулсан. Энэ ажлын хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сангаас 2022 оны өвөл 49 айлд монгол гэрийн дулаалга, агаар сэлгэлт, халаалтын багцыг хүлээлгэн өгсөн. 2022-2023 оны өвөл бид тэдгээр айл өрхийн байдалтай танилцсан. “Чип” төслийн энэ дэмжлэг маш зөв шийдэл байсан нь харагдлаа. Энэ айлуудын цахилгааны дундаж хэрэглээ сард 150 мянган төгрөг гарсан нь өмнөх жилүүдийн мод, нүүрсний үнэтэй дүйцсэн учраас иргэд сэтгэл хангалуун байв. Энэ ажлын хүрээнд монгол гэрийн дулаалга хийнэ, дараа нь янданг буулгаад цахилгаан халаалт тавьж, төгсгөлд нь агаар сэтгэлтийг шийдэж өгдөг юм. Энэ ажлын хүрээнд өнгөрсөн жил 49 айл яндангаа буулгасан гэсэн үг. 
Тиймээс 2023 оны төсвийн тодотголоор дахиж 150 сая төгрөг төсөвлөөд нэг айлаас 20 хувь буюу 600 мянган төгрөгийн татаастайгаар дахин 60 өрхөд энэ дэмжлэг туслалцааг НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран үзүүлэхээр болсон. 2023-2024 оны өвөл энэ ажлыг хийх тул түүнд хамрагдах айл өрхүүдийн судалгааг одоо хийж байна. Энэ ажлын үр дүнд дахиад 60 айлын яндан бууна. Энэ мэтчилэн орон нутгийн засаг захиргаа, олон улсын байгууллагатай хамтран ажиллаж гэр хорооллын айл өрхүүдийн халаалтыг цахилгааны эх үүсвэртэй болгох алхам хийсээр байвал жилээс жилд гэр хорооллын яндан цөөрөх боломжтой. Дээрх “Санамж бичиг”-ийг 2027 он хүртэл байгуулсан. Хүүхдийн эрүүл мэнд, боловсрол гээд олон чиглэлээр үйл ажиллагаа нь хэрэгжих энэхүү сангийн зөвхөн нэг чиглэл нь агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагаа юм. 
Орхон аймаг өмнө нь шахмал түлшний үйлдвэр байгуулах зорилгоор орон нутгийн төсөвт 1,5 тэрбум төгрөг баталсан байсан. Гэхдээ Улаанбаатар хотын туршлагаас хараад шахмал түлш агаарын бохирдлыг дорвитой бууруулж чадахгүй юм байна гэж үзээд төсвийн тодотголоор тэр төсвийг задлаад 150 сая төгрөгийг ийнхүү гэр хорооллын айл өрхийн “монгол гэр дулаалах” төсөлд зарцуулахаар болсон. Монгол гэрт амьдардаг айлууд дээрх багц хангамжийг 3 сая төгрөгөөр аваад, цахилгааны хэрэглээгээ даагаад явах амьдралын боломж ямар билээ. Одоо энэ төсөлд хамрагдах айлууд өөрөөс 600 мянган төгрөг гаргаад, орон нутгийн төсвөөс 2 сая 400 мянган төгрөг гаргуулаад гэрийн дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн багц авах юм. Гэхдээ энэ төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд цахилгааны хангалттай эх үүсвэртэй айл өрхүүдийг сонгодог. Мөн НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран Яргуйт багийн цэцэрлэг, сургуулийн бага оврын уурын зуухыг халж, газрын гүний дулааныг ашиглаж тухайн байгууллагын халаалтыг шийдэх зорилгоор НҮБ-ын Хүүхдийн сангийн 150 сая төгрөгөөр ТЭЗҮ-ийг нь хийж байна. 
Утаа бууруулах ажлын хүрээнд гэр хороолол руу инженерийн шугам сүлжээ нэлээн татаж байна. Аймгуудаас анх удаа гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 260 айлын орлогод нийцсэн орон сууц бариад түрүүчийн байрыг ашиглалтанд хүлээн авлаа. Одоо гэр хорооллын хоёр газарт дахин төлөвлөлт хийгээд гадаадын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллагуудтай хамтран ажиллахаар ярилцаж байна гэв. 
БОАЖГ-ын Орчны бохирдолт, хог хаягдал, химийн бодисын асуудал хариуцсан мэргэжилтэн П.ЭНХСЭЛЭНГЭ:
-Орхон аймагт гэр хорооллын айл өрхүүдийн утааг бууруулахын тулд 2013 оноос эхлэн сайжруулсан зуух, цахилгаан тень, шингэрүүлсэн шатдаг хийн халаагуур, дулаан баригч олгох, хийн плетка ашиглуулах, хоёр тарифт тоолуурт шилжүүлэх гэх мэт олон аргыг туршиж үзсэн. Энэ нь иргэдийн хандлагыг өөрчлөх гэсэн богино хугацааны алхмууд байсан. Эдгээр туршилтын дараа гал түлдэг системээс татгалзах нь утаа бууруулах хамгийн зөв алхам байна гэдэг шийдэлд хүрсэн. Үүний тулд инженерийн шугам сүлжээг өргөтгөх, гэр хороололд дахин төлөвлөлт хийж барилгажуулах, утаагүй халаалтын системийн олон төрлийн дэвшилтэт технологи нэвтрүүлэхийг хэтийн зорилт болгон ажиллаж байна. 
Тиймээс Орхон аймгийн удирдлагууд сүүлийн жилүүдэд инженерийн шугам сүлжээг өргөтгөх, гэр хорооллыг дахин төлөвлөж барилгажуулах ажлыг эрчимтэй хийж эхэлсэн. 2023 оны хавар “Ногоон амины орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлэх тухай ч зарласан. 
Дэлхийн банкны санхүүжилтээр гэр хорооллын цахилгааны хүчдэлийн уналтыг бууруулах зорилгоор цахилгааны шугам солих, өмнөдийн дэд станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх, цахилгааны шонгуудыг бетон тулгууртай болгох, гэр хорооллын айл өрхүүдийг цахилгааны хоёр тарифт тоолуурт шилжүүлэх зэрэг олон ажил дэс дараатай хийгдэж байна. Цахилгааны хоёр тарифт тоолуурт шилжсэнээр айлууд цахилгааны шөнийн хөнгөлөлтийг жигд эдлэх боломжтой. 
Эрдэнэт хотод цаашид олон арван орон сууц барихын тулд эхлээд инженерийн шугам сүлжээг өргөтгөх нь хамгийн чухал. Үүний дагуу бохирын коллектор шинэчлэх ажил одоо 3-р бичил хорооллын урд хийгдэж байна. Нэг, дөрөвдүгээр бичил хорооллын инженерийн шугам сүлжээг иж бүрэн шинэчлэх ажил сүүлийн хоёр жилд хийлээ. Гэр хорооллын багийн төвүүд ихэнх нь төвлөрсөн шугамд холбогдсон. Төвлөрсөн шугамд холбогдоогүй цөөн баг нь цахилгаан халаалттай болсон. 
Мөдхөн өвөл болно, гэр хорооллын иргэд түлээ, нүүрсээ түлнэ. Тиймээс түлшний бүтцэд өөрчлөлт оруулах, аль болох хор хөнөөл багатай түлш хэрэглүүлэхэд бид анхаарал хандуулна. Хорт утаа бага ялгаруулдаг шахмал түлшний жижиг үйлдвэрүүдийг дэмжих бодлого ч хэрэгжиж байна. Гэхдээ шахмал түлш үйлдвэрлэлд болгоомжтой хандахгүй бол Улаанбаатарт шахмал түлшний барьцалдуулагч болон бусад бодисоос угаартах тааруу үр дагавар харагдсан.
Баян-Өндөр сумын гэр хороололд 13600 орчим яндан бий. Энэ яндангийн тоо буурахгүй бол утаа уугьсаар л байна. Мөн олон тээврийн хэрэгсэл, олон салаа шороон зам, байгалийн гэнэтийн шороон шуурга гээд агаар бохирдуулах хүчин зүйл олон учраас бодлогын түвшинд дорвитой арга хэмжээ авч, холбогдох байгууллага, ард иргэдийн хамтын оролцоотойгоор энэ хүндрэлээс гарах нь чухал. Үнэндээ агаарын бохирдол өнөөдөр нийгмийн том асуудал болсон. Тиймээс цаашид зөвхөн агаарын бохирдол хариуцан ажилладаг төрийн захиргааны томоохон бүтэцтэй болох шаардлагатай гэж үзэж байна. 
Гэр хорооллын 17-р сургууль, 22, 28-р цэцэрлэг, 20-р сургууль өнөөдөр нам даралтын зуухаар халаалтын асуудлаа шийдсэн. Нам даралтын нэг зуух 100-150 айлын яндантай тэнцэх хэмжээний утаа гаргадаг. Энэ зуухнууд агаарыг маш өндөр бохирдуулдаг эх үүсвэр. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос санхүүжилт авч тэдгээр нам даралтын зуухны янданд шүүлтүүр тавьж өгсөн. Үүнийг бүрэн ашиглавал яндангаас гарах утааны хор хөнөөл эрс буурч, ямар ч хар тортоггүй утаа гарах магадлалтай. Гэтэл дээрх боловсролын байгууллагууд шүүлтүүр тавьж ашиглахаар урсгал зардал өндөр гарч байна, дуу чимээ ихтэй гэх шалтгаанаар шүүлтүүрээ ажиллуулахгүй байна. Үнэхээр харамсалтай. Зарим байгууллага, хүмүүс нийгмийн эрүүл ахуйд ийм хайнга хандаж байна гэв.
Сүүлийн үед гэр хороололд зуухны халаалтаас татгалзаж хувийн орон сууцаа цахилгаанаар халаах айл өрх нэмэгдэж байна. Цахилгаанаар орон сууцаа халааж эхэлсэн иргэдийг урамшуулах, дэмжин туслах, бусдад нөлөөлөх үр дүнг тооцон тэдэнд урамшуулал олгох шинэ сонголт руу одоо орж байна гэж албаны хүмүүс ярив. Үүнтэй холбогдуулан Чингил багт эрчим хүчний хэмнэлттэй, эко орон сууц барьсан нэгэн иргэнтэй уулзаж санал бодлыг нь сонслоо. 
Иргэн Х.ОТГОНДАВАА: - Бид эрчим хүчний хэмнэлттэй, 103 м2 талбай бүхий 3 өрөө орон сууц барьсан. Ийм орон сууц барихад шал, хана, тааз, хаалга, цонхыг дулааны алдагдалгүй байлгах стандарт хангаад, дээр нь агааржуулалтын системийг чанартай хийх хэрэгтэй юм байна. Өнгөрсөн жилийн өвөл бид халаалтын тохируулгуудаа туршиж үзээд, энэ намар шинэ сууцандаа амьдарч эхэлсэн. Гэр хорооллын задгай цэвэр агаарт дулаахан, тохилог орон сууцандаа тав тухтай амьдрах нь бидний хүсэл байсан. Манайх өвлийн сард 180.000-215.000 төгрөг цахилгаанд төлж байна. Түлээ, нүүрсний үнэ өссөн, олдоц ховор болж байгаа энэ үед гэр хорооллын айлууд эрчим хүчний хэмнэлттэй, эко орон сууц баривал өөрсдөө ая тухтай, орчин тойрондоо агаарын бохирдол үүсгэхгүй амьдрах гээд олон талын ач холбогдолтой юм гэдгийг өөрсдийн аж амьдралд амжилттай туршиж үзсэндээ баяртай байна гэж ярилаа. 
Нэгэнт олон жил түлээ, нүүрсээр галлаад ирсэн ард иргэд бүгд нэгэн дуугаар байр сууцаа цахилгаанаар халаагаад эхлэхгүй нь мэдээж. Цахилгааны хүчдэлийн уналт ч хэвээр. Ялангуяа Даваат, Уртын гол, Яргуйт зэрэг захын хорооллын багуудад цахилгааны хүчдэл үе үе унадаг. Тиймээс Орхон аймгийн цахилгааны хангамж өнөөдөр ямар байгаа, цаашид хэрхэн шинэчлэл хийх талаар албаны хүнээс мөн тодрууллаа. 
Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн техникийн бодлогын хэлтсийн дарга Д.МӨНХСҮЛД:
-Хэрэглэгчдийг чанартай эрчим хүчээр хангах нь манай байгууллагын гол зорилго юм. Өдөр бүр хэрэглээ нь өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчийг чанаржуулах ажлыг нэг удаагийн дайралтаар хийх боломжгүй. Жил бүр энэ ажилд нэг тэрбум орчим төгрөг зарцуулдаг боловч хангалтгүй байдаг. Тиймээс 2015 оноос Дэлхийн банкны төслийн хүрээнд “Гэр хорооллын цахилгаан хангамжийг шинэчлэх” төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Энэ төсөл цар тахлын үед удааширсантай холбоотой одоо хүртэл хэрэгжиж дуусаагүй байна. Төслийн хүрээнд эхлээд гэр хорооллын цахилгаан хангамжийн найдвартай байдлыг дээшлүүлэх, хэвийн хүчдэлээр хангах зорилт тавьсан. Төслийн хөрөнгө оруулалтыг ойролцоох сумдад нэлээн зарцуулсан. Төслийн ажил 2023 оны 10 сарын 01-д дуусах байсан боловч ажлын явц удааширсан учраас гэрээ нь сунгагдах хандлагатай болсон. 
Орхон аймгийн төсвийн 2,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2022-2023 онд гэр хорооллын цахилгааны үндсэн эх үүсвэр болох өмнөд дэд станцын өргөтгөлийн ажлыг хийж дуусгалаа. Энэ нь айл өрхүүд орон сууцаа цахилгаанаар халаах боломж бүрдүүлж буй эхний алхам юм. Энэ жил цахилгаан халаалтын техникийн нөхцөл хүссэн 33 иргэн, аж ахуйн нэгжид техникийн нөхцөл олгож, яндангаа буулгах боломжтой болгосон. Тухайн хэрэглэгчийн ойролцоох дэд станц дахь цахилгааны хүчдэлийн хүчин чадал хангалттай байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдэд ийм боломж олгож байгаа. 
Ер нь иргэн, аж ахуйн нэгжүүд орон сууц, ажлын байрныхаа дулааны алдагдлыг бууруулсны дараа цахилгаанаар халаах алхам хийхгүй бол цахилгааны төлбөр өндөр гарч өөрт нь хэт ачаалал үүсэх магадлалтай. Дулааны алдагдалгүй орон сууц бариад яндангаа буулгаж цахилгаан халаалт руу шилжсэн айл өрх олон бий. 
Жил бүрийн 11 сарын 01-нээс дараа оны 4 сарын 31 хүртэлх хугацаанд орой 22:00 цагаас өглөө 06:00 цаг хүртэл цахилгааны шөнийн тарифыг 50 хувь хөнгөлнө гэж Эрчим хүчний зохицуулах хороо мэдээлсэн. Энэ жилийн 11 сарын 1-нээс энэ хөнгөлөлтийн журам хэрэгжинэ. Цахилгааны шөнийн хөнгөлөлт эдлэхэд тухайн айл өрх хоёр тарифт тоолууртай байна гэсэн шаардлага тавьдаг. 
Орхон аймгийн цаашдын өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах ажлын хүрээнд Цахилгааны тойрог схем үүсгэх ажлын саналыг Орхон аймгийн удирдлагуудад хүргүүлсэн. Гэр хорооллын хэрэглэгчид цахилгааны нэг талын тэжээлийн үүсгэгчтэй учраас эрчим хүчээр хязгаарлагдах тохиолдол гардаг. Энэ хүндрэлээс гарахын тулд 35 к\вольтын цахилгаан дамжуулах агаарын шугамыг тойрог схемээр үүсгэх ажлын зураг төсөл хийлгээд дууссан. Энэ ажилд 12 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдана. Ирэх жилүүдэд энэ ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийнэ. Энэ ажил хэрэгжсэнээр Орхон аймгийн гэр хорооллын захын шинэ суурьшлын багууд, дахин төлөвлөлтөөр барих шинэ орон сууцууд цахилгаанаар найдвартай хангагдах боломжтой болно. Үүний хүрээнд энэ жил Эрдэнэ багт 2,9 км, 35к\вольтын шугам, дэд станц барих ажил хийгдээд эхэлсэн, ирэх жил ашиглалтад орно. Цахилгаан дамжуулах агаарын шугамын тойрог схемийн ажлыг манай компани өөрийн хөрөнгөөр хийгээд эхэлсэн нэг жишээ нь энэ юм. Үүнийг цааш үргэлжлүүлээд Даваат, Баян-Овоот баг гэх мэтчилэн тойрог байдлаар цахилгааны эх үүсвэрээр хангана. Дээрх төсөл бүрэн хэрэгжсэнээр гэр хорооллын бүх багийн айл өрхүүд гэр, орон сууцаа цахилгаанаар бүрэн халаах таатай нөхцөл бүрдэнэ гэж ярилаа. 
Монголын хамгийн олон хүн амтай, хамгийн том сум Орхон аймагт л бий. Тус сумын шигүү суурьшсан айл өрх, аж ахуйн нэгжүүд Эрдэнэтийн утааны гол эх үүсвэр гэдгийг дээр өгүүлсэн. Тиймээс энэ суманд утаа бууруулахад тустай ямар ажил, хөтөлбөр хэрэгжиж байгааг Засаг даргаас нь тодрууллаа. 
Баян-Өндөр сумын Засаг дарга Б.БААСАНСҮРЭН:
-Орхон аймгийн Баян-Өндөр сум 29 мянган өрх, 106 мянган хүн амтай. Иргэд эрчим хүчний хэмнэлттэй орон сууц барихыг бид дэмжиж байна. Хамгийн гол нь шинэ орон сууцандаа ахиухан хөрөнгө оруулалт хийж, эхнээс нь чанарын стандартад нийцсэн орон сууц баривал хожмын өдөр зардал багатай, тохь тухтай орон сууцанд үе үеэрээ сайхан амьдрах нөхцөл бүрдэнэ. Манай сум 2015, 2016 онд гэр хорооллын айл өрхүүдийг бүсчлээд хоёр тарифт тоолуур олгосон. Дэлхийн банктай хамтран “Эрчим хүч сайжруулах-2” төсөл ЭБЦТС компанид мөн хэрэгжсэн. Энэ хүрээнд байшин болон гэр хорооллын олон айл өрхийн цахилгааны тоолуурыг 2 тарифт ухаалаг тоолуураар сольж шинэчилсэн. 
МУ-ын засгийн газар болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас модыг тайрдаг биш ургуулдаг бодлого барьж байгаа. Баян-Өндөр сумын түлээ хэрэглэдэг 14 мянган өрх модны нийлүүлэлтийн хязгаарлалтад орж эхэлсэн. Учир нь, Булган аймгийн зэргэлдээх сумууд өмнө нь Баян-Өндөр сумтай хамтран ажиллах гэрээ байгуулж гоожин бичээд манай айл өрхүүдийг мод түлээгээр хангадаг байсан. Гэтэл одоо Булган аймгийн ИТХ-аар батлагдаж буй тухайн жилийн түлээ бэлтгэх хэмжээ асар багассан. Тиймээс одоо ойн цэвэрлэгээ байдлаар манай аймагт мод нийлүүлж байна. Орхон аймгийн Баян-Өндөр сумын гэр хорооллын айл өрхүүд жилд 150-180 мянган м3 мод, 70 мянган тн нүүрс хэрэглэнэ гэсэн тооцоо байдаг. Гэтэл 2023 онд Булган аймгийн сумууд Орхон аймгийн Баян-Өндөр суманд 9000м3 мод л нийлүүлнэ. Тийм учраас гэр хорооллын айлууд түлээ, нүүрсний хэрэглээнээс татгалзах нөхцөл бий болж байгааг харгалзан иргэдийг орон сууцжуулах ажлыг эхлүүлээд байна. Тухайлбал, Орхон аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газрын хамтын шийдвэрээр “Орлогод нийцсэн орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлэн Цагаанчулуут багт 260 айлын орон сууц барих ажлыг эхлүүлсэн. Цаашид Цагаанчулуут багийн 49-53 дугаар гудамжинд орон сууц барина. Мөн 7А, 2А, 1А болон Их залуу багийн хэсэг газарт орон сууц барих хөтөлбөр хэрэгжүүлнэ. Эрдэнэ багийн нутаг дэвсгэр буюу багийн байрны ард 4,6 га газарт эрчим хүчний хэмнэлттэй, 50-иад айлын эко орон сууц барина. Арилжааны банкууд мөн ногоон зээлээр эрчим хүчний хэмнэлттэй орон сууц барих үйл ажиллагааг дэмждэг болсон. Энэ мэтчилэн Орхон аймгийг орон сууцжуулах замаар утаанаас ангижруулна гэдэг дүгнэлтэд бид хүрсэн гэв.
Цаашид хор хөнөөлгүй утаатай, болж өгвөл утаагүй амьдрах ямар боломж байна вэ?
Энэ асуултад хариу нэхэн дээрх хүмүүстэй уулзсан юм. Эцэст нь тунгааж үзэхэд ойрын хугацаанд гэр хорооллын айл өрхүүдийг утаа багатай түлшээр хангах, банкны өндөр хүүтэй зээл аваад өртөг зардал ихтэй ч эрчим хүчний хэмнэлттэй орон сууц барьж, байгаль орчинд ээлтэй амьдрах зам сонгосон ард иргэдийг дорвитойхон урамшуулах, хувийн шинэ сууц барьж буй иргэдэд тал бүрийн зөвлөгөө өгөх мэргэжлийн багаар туслуулж, хувийн сууцаа эхнээс нь дулааны алдагдалгүй барихад нь дэмжлэг үзүүлэх, инженерийн дэд бүтэцтэй холбох, цахилгааны найдвартай эх үүсвэрээр хангах гээд ажлуудыг өргөн хүрээнд хэрэгжүүлэх шаардлага байна. 
Харин хэтдээ Орхон аймгийн одоогийн гэр хорооллыг өргөтгөлгүй, шинэ газарт суурьшлын бүс байгуулж иргэдэд газар олгох, орон сууцны шинэ шинэ хороолол барьж байгуулан иргэдийг орон сууцжуулах ажлыг 1975-1985 оны хооронд Эрдэнэт хотыг бүтээн босгож байх үеийнх шиг их бүтээн байгуулалтын хоёр дахь давлагаагаар эхлүүлж, Монголын өнцөг булан бүрээс хуран цугласан энэ олон мянган айл өрхийг амьдрах ая тухтай нөхцөлөөр хангахгүй л бол бид жилийн жилд хорт утааны айдастай амьдарсаар байх нь. Утаанаас ангижрах дорвитойхон шийдлүүдийг зоригтой хийж байж л “Орхон аймаг 2025 онд агаарын PM10 буюу PM2,5 тоосонцруудын чанарыг стандарт түвшинд хүргэнэ” гэсэн зорилтдоо хүрэх эхний алхам тавигдана. “Эрдэнэт хот өмнөө ийм том зорилт тавьсан, гэхдээ үүнийг биелүүлэхэд хэцүү дээ, хэцүү” хэмээн мэргэжилтний толгой сэгсрэн хэлсэн үг одоо ч чихнээ дуулдах мэт. Үнэндээ бол, Орхон аймгийн утааг бууруулах холыг харсан том бодлого л хэрэгжүүлэх хэрэгтэй байна даа. Том, том, бүүр том бодлого...

Сэтгүүлч Ж.ОЮУН 
 


 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал
Б.БАЯНБАТ: Усны дахин ашиглалтыг нэмэгдүүлж, байгалийн цэвэр усны хэрэглээг бууруулахыг зорьж байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %