Ирээдүйн гамшгийн эсрэг ЭРДЭНЭТИЙН ЭХЛЭЛ


Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран хэрэгжүүлдэг SPACES төслийн хүрээнд сэтгүүлчид нэг өдрийн зөвлөгөөнд оролцов. Энэ үеэр Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн ахлах зөвлөх, биологич, ландшафтын экологич Торстен Хардер “Монголын экосистемд нүүрлэж буй сүйрлийн аюул” сэдвээр илтгэл тавихдаа хандлагаа одоо л өөрчлөхгүй бол Монгол Улс Ази тивд хэзээ ч байгаагүй гамшигт өртөх болно хэмээн онцолсон. Амны билгийг ашдын ерөөл хэмээн бэлгэшээдэг монголчуудад сүржин “гарчиг”-тай энэ илтгэл төдийлөн таалагдаагүй. Гэхдээ онцгой анхаарах, олны сэрэмж сонорт хүргэх асуудал гэдгийг толгой дохин хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Сүүлийн жилүүдэд эргэн тойрон цөлжилт, үер, ган, зуд, түймэр гээд байгалийн гамшигт үзэгдэл болж, давтамж нь мэдэгдэхүйц нэмэгдэж байгааг бид бэлхнээ харж байна. 

Эрдэнэт үйлдвэрийн  “Ногоон хөгжил” төслийн нэгжийн мод үржүүлэг хариуцсан ойн инженер Э.Очирсүрэн уур амьсгалын өөрчлөлт ойн салбарт ажиллаж буй мэргэжилтнүүдэд илүү тод мэдрэгдэж байгааг хэлсэн. Модлог ургамлын үрийн болц эрдэмтдийн тогтоосон цаг хугацаанаас жил ирэх тусам хойшилж байна. Гүйцэт боловсорсон үр хоосон, буурцаг, боргоцойноос гарах цэвэр үрийн хэмжээ тогтоосноос доошоо орох зэргээр мэдрэгдэх болжээ. Биднийх бус, дэлхийн л асуудал мэт холуур боддог уур амьсгалын өөрчлөлт дэргэд нэгэнт ирснийг олон баримтаар нотолж болно. Сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд агаарын хэм 2,24 хувиар нэмэгдэж, хур тунадасны хэмжээ найм орчим хувиар буурсан. Монголын нийт газар нутгийн 76 хувь нь цөлжин доройтсон гэх дүгнэлтийг судалгааны байгууллага гаргажээ. Тэгвэл бид уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах юу хийж чадах вэ? 
Уур амьсгалын өөрчлөлтөд голлох нөлөө үзүүлдэг нүүрсхүчил, хүлэмжийн хийг хамгийн ихээр шингээж, агаар цэвэршүүлж хүчилтөрөгч ялгаруулдаг нь ойн сан. Бид экосистемийг нөхөн сэргээх, бүрдүүлэх, зохистой ашиглах ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, эрчимтэй хийж чадна. Үүний эхлэлийг газрын баялагт үндэслэн үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нийгмийн хариуцлагын хүрээнд цогцоор нь, бүрэн утгаар нь тавьж байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг анхлан дэмжиж, 100 сая мод тарих үүрэг амлалт авснаа хэрэгжүүлж байгаагаас гадна нэн ховор, ашигт, модлог ургамлын 1000 тонн үрийн агуулах бүхий Ойн генетик нөөцийн төвийг Монголд анх удаа байгууллаа. Удалгүй шимт хөрсний асуудлыг шийдвэрлэх Хөрсний инноваци, технологийн төвийг ашиглалтад оруулав. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө Хангайн бүсийн мод үржүүлгийн газрын ТЭЗҮ батлагджээ. Ингэснээр олон улсын тендер зарлаж, ирэх жилээс бүрэн автомат мод үржүүлгийн газрын бүтээн байгуулалт эхлэх нөхцөл бүрдэж байна. Түүнээс гадна Эрдэнэт үйлдвэр уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах ажлаа газар дээр нь хэдийнэ эхэлсэн. Өнгөрсөн жил гэхэд үрээр, мөчрөөр, суулгацаар 2,1 сая мод тарьсан нь ургаж байна. Ойн инженер Э.Очирсүрэн Хаягдлын аж ахуйн хуурайшиж доройтсон, 10 см хэрийн зузаан цагаан тоос хуримтлагдсан газар үрээр олон тооны мод тарина гэдэг сэтгэлд багтамгүй зориг, шийдвэр байсныг одоо дурсан, өвдөг шүргэм өндөр ургасан моддынхоо дэргэд инээж зогсоно. Ойжуулалт, нөхөн сэргээлт хийж байсан туршлагатай, мэргэжлийн хүн боловч ийм доройтсон газар тийм хэмжээний масс тарилт хийж үзээгүй учир түгшиж, тэнгэр хангайг царайчлан нойргүй хонох шөнө олон байжээ. Бохирдсон хөрсийг цэвэрлэх, үржил шимийг нь сайжруулахын тулд Шинжлэх ухааны академийн хамтын ажиллагааны үр дүнд бий болсон Цэвэрлэх байгууламжийн 40 жил хуримтлагдсан лаг, малын бууц ашиглах нөр их хөдөлмөр тэнд өрнөсөн юм. Моддын цухуйлц гарч эхлэхэд “Ногоон хөгжил”-ийнхөн сая л нэг урт амьсгаа авч, урамшсан гэдэг. Одоо Хаягдлын аж ахуйн 34,6 га талбайд монос, гүйлс, бүйлс, шар хуайс, хайлаас, интоорын мод намрын наранд өндийн ургаж байна. Нэг хайлаас жилд агаар мандлаас 41 кг нүүрсхүчлийн хий шингээж, хүчилтөрөгч ялгаруулдаг гэхээр хэдэн сая мод уур амьсгалын өөрчлөлтөд хэрхэн эерэг нөлөө үзүүлэх нь тодорхой. Хоёр жилийн дараа Хаягдлын аж ахуйн эргэн тойронд ногоон төгөл бий болж, бичил уур амьсгалын таатай орчин бүрдэнэ гэдэгт би хувьдаа эргэлздэггүй.
Эрдэнэт үйлдвэр энэ жил гурван хэсэг газар 3,5 сая мод тарилаа. Үүнээс 500 гаруй мянгыг нь Баян-Өндөр, Жаргалант сумын нутаг дамнан 40 гаруй км урсах Хангал гол дагуу тарьжээ. Голыг ийнхүү бургасан ойтой болгосноор хөрсийг элэгдлээс хамгаалж, усны нөөц, урсац нэмэгдэх төдийгүй цаг уурыг зөөллөх, салхины хүчийг бууруулах, амьтад амьдрах таатай орчин бий болох экологийн ач холбогдолтой юм. Нэг мод 500-1000 тонн усыг өөртөө татаж, үндэс нь хөрсөө барьдаг онцлогтой. Японд доктор хамгаалсан эрдэмтэн энд ирж, пито милороци буюу усны хүнд металлын цэвэрлэгээг ургамлаар хийж туршсан нь амжилттай болж, сэтгэл хангалуун буцсан дуулдсан. 

“Ногоон хөгжил” төслийнхөн Хангал гол дагуу ойн плантац үүсгэснээр дараагийн тариалалтын мөчрийн тайрдас бэлтгэх бааз суурь бий болох юм. Үүний тулд арчилгаа, цэвэрлэгээний тайралт хийх бөгөөд түүгээр нь иргэд монгол гэрийн бургасан хана, араг, шээзгий хийж, зах зээлд нийлүүлэх, жижиг дунд үйлдвэрлэл хөгжих үүд хаалга нээгдэнэ. Шведийн мод үржүүлгийн компанийн мэргэжилтнүүдтэй жил гаруйн өмнө “Сэлэнгэ” амралтын бааз руу явах замд тэд “Монголчууд ой модондоо яагаад ашиглалтын огтлолт хийдэггүй юм бэ? гэж гайхан асууж билээ. “Мод тайрах гэм нүгэл тул ард түмэн эсэргүүцнэ” гэж хариулахад толгой сэгсрээд өнгөрсөн. Ой модонд ашиглалтын огтлолт хийдэггүй юмаа гэхэд арчилгааны тайралт заавал хийх ёстой. Үүнийг орхигдуулснаар ойн бүтэц өөрчлөгдөн доройтож, уур амьсгалд эргээд сөргөөр нөлөөлнө. Өндөр хөгжсөн Канад, Америк, Европын орнуудад өсөлт хөгжил удаантай, хөнөөлт шавж нүүрлэсэн моддыг ашиггүй болохоос өмнө тайрч байшин барилга, модон эдлэл үйлдвэрлэх байдлаар менежментийн зохион байгуулалт хийдэг. Учир нь чулуун нүүрс шатаах, цемент, шил боловсруулах, хуванцар хайлуулахад хүлэмжийн хий маш ихээр ялгардаг. Харин эдгээрийг модоор орлуулах нь хүлэмжийн хийг хэмнэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зөв сонголт, эко үйлдвэрлэл болдог байна. Түүнээс гадна арчилгааны тайралт хийснээр нэг модонд ноогдох нөөцийн хэмжээ нэмэгдэж, моддын өсөлт ургалт сайжирч эрүүлжихийн зэрэгцээ нүүрсхүчлийн хийн шингээлт нэмэгддэг болохыг судалгаагаар тогтоожээ.
Монгол Улс Ази тивд хэзээ ч байгаагүй гамшигт өртөхөөс хэн аврах вэ? Ногоон ирээдүйг бүтээгчид л аварна. Өөр хэн ч, юу ч аврахгүй. Эрдэнэт үйлдвэрийн “Ногоон хөгжил” төслийн нэгжийн ойн инженерүүд, тэдэнтэй үйлс зорилго нэгтэй хамтран зүтгэгчид, амьдран буй орчныхоо ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр өнөөдөр мод тарьж буй иргэн Та ч уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хувь нэмрээ оруулж буй дэлхийн хүн. Бидэнд нөөц боломж, өгөгдөл бий. 
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал
Б.БАЯНБАТ: Усны дахин ашиглалтыг нэмэгдүүлж, байгалийн цэвэр усны хэрэглээг бууруулахыг зорьж байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %