Эрдэнэт хотын “Тамир” зочид буудлын жижүүр, хижээл насны эмэгтэй эрүүл мэндийн эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношлогооны ачаар ходоодны хорт хавдартай гэдгээ эхлэл шатанд нь мэдэж, орон нутагтаа салст хуулах хагалгаанд орсноор бүрэн эдгэрчээ. Одоо тэр 24 цагийн жижүүрийн ээлжийг ажрахгүй даваад, үр хүүхдүүдээ үнэрлэн жаргаж сууна.
Т.Жамсран 2022 оны тавдугаар сард эрт илрүүлэх үзлэг оношилгоо улсын хэмжээнд нэгэн зэрэг эхлэхэд түрүүлж шинжилгээнд хамрагджээ. Өөрийн санаачилгаар бус, өрхийн эмчийнхээ дуудлагаар очиж. Тавдугаар сард эхэлсэн эрт илрүүлгийн үзлэг оношилгоонд эхэн үед хүмүүс төдийлөн хамрагдахгүй, үр дүнг нь ойлгохгүй, хойрго байсан учир тэр сард төрсөн хүмүүсийг түрүүлж хамруулах арга хэмжээ авсан нь тэр байв. Т.Жамсранд өвдөх зовиур шаналгаа байхгүй ч, шалтгаангүй ядрах мэдрэмж төрөөд байгааг анзаарч эхэлсэн үе. “Эрдэнэт-Ус” компанид олон жил түгээгчээр ажиллаад, тэтгэвэрт гарсан түүнд цагт баригдах ажил байгаагүй учир цааргалж, эргэлзэлгүй, харин ч эхний боломж олдсонд олзуурхан очжээ.
Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв 2022 оны эхээр Эрүүл мэндийг дэмжих төв байгуулахад Эрүүл мэндийн яамнаас хоёр тэрбум төгрөгийн үнэ бүхий 34 нэр төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмж олгосон нь эрт илрүүлэх үзлэг оношилгоо чанартай, баталгаатай, үр дүнтэй явагдах боломжийг бүрдүүлсэн байв. Эмнэлгийн олон арван тоног төхөөрөмжийг цэгцтэй, системтэй байрлуулах, иргэд эрүүл мэндийн үйлчилгээг тав тухтай орчинд хүртэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Нийгмийн эрүүл мэндийн төвийн хуучин хоёр давхар байшинг бүрэн засварлаж, тохижуулсан байлаа. Цахилгааны 380-ын шугам татах, хүйтэн усны үүсвэр бий болгох гээд хуучин байшингийн засвар, тохижилтод орон нутаг 300 орчим тэрбум төгрөг зарцуулжээ. Энэ бол иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө хийсэн бодитой хөрөнгө оруулалт байсныг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хамрагдсан 38000 хүн илүү тод мэдэрсэн болов уу гэж Т.Жамсран ярьж байна.
Түүний ходоодны дурангийн шинжилгээний хариу 0.8 см хорт хавдартай гарахад тэнгэр хөмөрчих шиг л санагдаж. Монголчуудын хувьд хорт хавдрын тухай ойлголт дэндүү бараан бүрхэг. Энэ нь өвчнийг эрт илрүүлэх үзлэг оношилгоо өмнө нь дутмаг байсантай холбоотой. Ялангуяа, ходоод, улаан хоолойн хорт хавдар эхлэл нэг, хоёрдугаар шатандаа зовиургүй. Харин шаналгаа мэдрэгдэх үед эмчид үзүүлэхэд хортой хавдар нь хэдийнээ гурав, дөрөвдүгээр шатандаа орчихсон, эмчлэгдэх найдваргүй болсон байх нь дийлэнх. Иймээс хүмүүс хорт хавдар туссан л бол үхэх тавилантай гэж ойлгодог. Т.Жамсран ч мөн тийн ойлголттой явсан тул эхэндээ их л цочирдож. Хүүхдүүд маань үнэрлүүлэх хүнгүй болох нь хэмээн бодохын төдийд гол нь харлаж, сэтгэл нь давчдаж үймэрнэ. Нулимс сул асгараад тогтдоггүй юм билээ гээд одоо тэр инээж сууна.
Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн дурангийн эмч Г.Шагдарсүрэн ходоодны мухар дахь хортой хавдрыг илрүүлээд зогсохгүй эрт оношилсон тохиолдолд 100 хувь эдгэрдэг болохыг шинжлэх ухааны үндэстэй, тодорхой тайлбарлаж, бүрэн эдгэрэх хүртэлх замыг түүнтэй хамт туулахдаа сэтгэл зүйн эмчилгээг ч давхар хийжээ. Г.Шагдарсүрэн Монголдоо АУИС төгссөн, Тайвань, Солонгос, Хятад улсад дуран болон элэгний чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн, боловсролын магистр зэрэгтэй, мэргэжлээрээ 10 гаруй жил ажилласан туршлагатай эмч юм. Тэрээр бүтэн жилийн хугацаанд 5100 хүний ходоод дурандаж, улаан хоолой, ходоодны 61 хорт хавдар илрүүлжээ. Үүний 58 хувь нь нэгдүгээр шатандаа оношлогдсон. Өөрөөр хэлбэл 61 хүн нартаас эрт буцах байсныг шинжилгээний эцсийн үр дүнд зогсоож, төдий тооны гэр бүлийг элэг бүтэн, сэтгэл дүүрэн хэвээр үлдээлээ.
Т.Жамсран “Манай дурангийнхан мөн ч чадварлаг залуус” хэмээн элгэмсэж, магтах үгээ олж ядна. Мэргэжлийн ур чадвар эн тэнцүү, чандмань мэт гурван залуу энд ажилладаг. Тэд мэргэжил нэгтнүүдтэйгээ хамтран эхлэл шатанд яваа ходоодны хорт хавдрыг авах салст хуулах хагалгааг орон нутагт анх удаа Орхон аймагт нутагшуулсан гавьяатай. Залуус одоогоор хорт хавдрын 12 тохиолдолд мэс засал хийсэн нь бүрэн эдгэрчээ.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Наран” багийн иргэн Т.Жамсран өнгөрсөн оны наймдугаар сард нийгмийн даатгалын хөнгөлөлтөөр, үнэ төлбөргүй хагалгаанд орсон. Навч хагдрах 10-р сард эмчдээ давтан үзүүлж, ходоодоо дахин дурандуулахад “Хорт хавдарын ул мөр үгүй болжээ. Та биеэ сайн гамнаарай” гэх ус уух заяаны шагнал шиг үгийг эмч нь хэлсэн гэдэг. Эмнэлгээс гараад алхахад хөл ер бусын хөнгөн, нар хүртэл илч дулаанаа над дээр илүү тусгах шиг сайхан санагдсан гэж тэрээр ярихдаа аньсага нь чийгтэв.
Орхон аймагт 106145 хүн эрт илрүүлэх үзлэг шинжилгээнд хамрагдах ёстой. Гэтэл өнөөдөр 36 орчим хувийн гүйцэтгэлтэй яваа нь хангалтгүй үзүүлэлт юм. Энэ нь дүрс оношилгооны шинжилгээнүүд дээр цаг их орж, дараалал үүсэж байгаатай холбоотойгоос гадна өвдөх зовиур байхгүй л бол эмнэлгийг зорьдоггүй хүмүүсийн тогтсон хандлага бас нөлөөлж байгааг Орхон аймгийн БОЭТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал М.Алтанбек ярьсан юм. Тэгвэл гадны орнуудад эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, өвчнөөс урьдчилан сэргийлэх соёл хандлага олон арван жилийн өмнөөс тогтсон. Тиймдээ ч хүн амынх нь дундаж наслалт өндөр, иргэдийнх нь эрүүл мэндийн мэдээллийн дата бааз хэдийнээ үүсчихсэн, амь нас, амьдралын чанарт ноцтой хохирол учруулах өвчнийг Т.Жамсрангийн жишээ адил эрт үед нь илрүүлж үр дүнтэй эмчилдэг. Тэд мөнгөө эмчилгээнд бус аялалд зориулж, дурсамж бүтээж амьдардаг. Ийм боломж Монголчууд бидэнд ч бий.