III хэсэг
Хүдрийн нөөц нэмэгдүүлэх, өртөг зардлыг бууруулах, өрсөлдөх чадварыг ахиулах ажлууд “Эрдэнэт үйлдвэр”-ийн хэмжээнд өрнөж байна. Тухайлбал, ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологийг нэвтрүүлэх, Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийг шинээр барих ажлаа энэ онд ашиглалтад хүлээн авах аж. Мөн “Үйлдвэрлэл, технологийн парк”-ийн эрчим хүч, усан хангамж, төмөр зам, авто замын дэд бүтцийг мөн онд байгуулахаар бүтээн байгуулалтын ажил төслийн талбайд эхэлсэн байна. Үүнээс төмөр зам болон авто замын барилгын ажил ид явагдаж байв. Нийт 1200 га газрыг “Үйлдвэрлэл, технологийн парк” хамарна гэнэ.
Тус паркт Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр, Исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах катодын зэсийн үйлдвэр, Молибдены баяжмал боловсруулах үйлдвэр баригдана. Ирээдүйн Эрдэнэтийг авч явах “Үйлдвэрлэл, технологийн парк” нь “Эрдэнэт үйлдвэр”-ийг түшиглэн хөгжих юм. “Маш том төлөвлөлт” хэмээн Ерөнхий инжежер Т.Батмөнх онцлов.
“Үйлдвэрлэл, технологийн парк”-ийн төслийн нэгжийн дарга Б.Алтангэрэл “Хүнд үйлдвэрүүдийг барьж байгуулахын өмнө дэд бүтцийн хангамжийг бүрэн шийднэ. Үүний дараагаар үйлдвэрүүдийн барилга, угсралтын ажил эхэлнэ. Зураг төслөө боловсруулж, холбогдох захиргааны байгууллагаар батлуулж, гүйцэтгэл рүү шилжсэн. “Үйлдвэрлэл, технологийн парк”-ийн хүрээнд барих гол үйлдвэр нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн зэсийн баяжмалыг боловсруулах, хайлуулах болон катодын зэсийн үйлдвэр байх юм.
Катодын зэсээр дараагийн шатны өндөр технологи шингэсэн бүтээгдэхүүн гарган авна. Төслийн нэгжийн хувьд ажлаа эхлүүлсэн. Паркийн хэмжээнд шаардлагатай нийт хөрөнгө оруулалтын дүн нэг тэрбум орчим ам.доллар. Үйлдвэр барих ажлаа ойрын хугацаанд эхлүүлнэ, олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтаар явна. Үндсэн том үйлдвэрээ дөрвөн жилийн дотор барьж дуусгана. Исэлдсэн хүдэр боловсруулах үйлдвэрийг хоёр жилийн хугацаанд байгуулна. Эдийн засгийн үр өгөөж гэвэл улс болон орон нутгийн төсөвт ойролцоогоор хайлуулах үйлдвэр гэхэд жилд 50 сая орчим ам.доллар төвлөрүүлнэ. Нийтдээ 800 гаруй ажлын байр бий болно. Шууд бус дагалдах байдлаар 9000 ажлын байр гарах нөхцөл бүрдэнэ” гэв.
Б.Баяртогтох Itoim.mn сайт, сэтгүүлч
Эдийн засгийн сэтгүүлчдийн клубын Ерөнхий зохицуулагч,















