I хэсэг
Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал С.Наранцогт, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл тэргүүтэй албаны хүмүүс хүнд аж үйлдвэрийн төв Дархан-Сэлэнгийн бүсэд ажиллав. Тодруулбал, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” болон “Цемент шохой” ТӨХК, “Эрдэнэт үйлдвэр”-ийн үйл ажиллагаатай танилцсан юм. Аймгуудын өрсөлдөх чадварын үзүүлэлтээр Дархан-Уул, Орхон аймаг бусдыгаа тэргүүлдэг. Үүний “нууц” нь улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд онцгой ач холбогдолтой дээрх үйлдвэрүүдтэй шууд холбогддог.
Гурав дахь зогсоол: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ
Аж үйлдвэрийн томоохон төв Эрдэнэт хот томилолтын эцсийн зогсоол байлаа. Улс болон орон нутгийн төсөвт хамгийн их орлого төвлөрүүлэн ажиллаж байгаа “Эрдэнэт үйлдвэр” зогсох эрхгүй эдийн засгийн гол зүтгүүрүүдийн нэг. Анхны баяжмалаа экспортод гаргаж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн цагаас хойш 45 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байгаа “Монгол Улсын Баатар” үйлдвэр. Хүдэр олборлолт, боловсруулалтын хэмжээг түүхэндээ хамгийн өндөр түвшинд хүргэж, 3.6 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн. Ингэснээр улс болон орон нутгийн төсөвт өнгөрсөн онд нийт 1.8 их наяд төгрөг төвлөрүүлсэн нь үйлдвэрийн түүхэн дэх өндөр үзүүлэлт болжээ.
Эргэн сануулахад, Эрдэнэтийн уурхайчид коронавирусын цар тахлаас үүдсэн эдийн засгийн хямралыг даван туулахад улсын хэмжээнд 900 гаруй мянган өрх, 120 мянган аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, усан хангамж, хог хаягдлын төлбөрийг бүрэн хариуцаж, үүнд 1.1 их наяд төгрөгийн санхүүжилт олгож байсан билээ.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий инженер Т.Батмөнх “Үйлдвэрийн төлөвлөгөө цаг минутаар хэмжигдэж байдаг. Бид энэ онд 33.6 сая тонн хүдэр боловсруулж, 129 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Оны эхний зургаан сарын байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүд бүгд биелсэн” хэмээн уурхайгаа танилцуулсан юм.
Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” хоногт 100 орчим мянган тонн хүдэр боловсруулж, 1600-1800 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, мөнгөн дүнгээр 10 гаруй тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж байна. Үүний тав орчим тэрбум төгрөгийг улс болон орон нутгийн төсөвт төвлөрүүлж, үлдсэн нь үйлдвэрлэлийн зардлаа нөхдөг байна.
Уурхай гүнзгийрэхийн хэрээр уул техникийн нөхцөл хүндэрч, чулуулгийн хатуулаг өсөж, хүдэр тээвэрлэлтийн зай уртсаж, зардал тэр хэрээр нэмэгдэж байгааг Ерөнхий инженер хэлж байсан юм. Уулын олборлолтын ажлыг 1976 онд далайн түвшний 1606 метрээс анх эхэлж байсан бол одоо хамгийн доод түвшний олборлолт 1190 метрт хүрсэн байна.
Б.Баяртогтох Itoim.mn сайт, сэтгүүлч
Эдийн засгийн сэтгүүлчдийн клубын Ерөнхий зохицуулагч,















