Эрдэнэт хотоос 60 км-ын алсад байрлах Ус өргөх станцууд руу сар бүр гурван хүний бүрэлдэхүүнтэй баг, бензин тос гарздан явж цахилгааны тоолуурын мэдээлэл авдаг байсан үе саяхан. Харин одоо ганц товчлуур дараад бүх мэдээллийг дотоод сүлжээгээр авах боломжтой. Энэ шийдлийг сахилгагүй сурагчаас шилдэг инженер болтлоо өсөж хөгжсөн Ганхуягийн Чимэдлхам гэх залуу гаргаж хэрэгжүүлсэн юм. Тэр энэ ажлынхаа шугамаар, гүйцэтгэгч “MCL” компанийн мэргэжилтэнтэй хамт Москва хотод сургалтад хамрагдахаар очжээ. Орос “ах нар” Г.Чимэдлхамаас санаачилж, хэрэгжүүлсэн ажлаа танилцуулахыг хүссэн байна. Тухайн үед 80 сая төгрөгөөр худалдан авах байсан том төхөөрөмжийг төө хэрийн жижиг төхөөрөмжөөр орлуулан шийдсэнээ тэр торох юмгүй ярив. “Шар” нөхөд яаж ийм хямд, хялбараар болгосныг гайхан, асуултаар булж байснаа “Бид танд хичээл заахгүй. Манай улсад долоо хоног зугаалж байгаад сертификатаа аваад яваарай” гэж. Харин Орост мэргэжлийн сургууль төгссөн Г.Чимэдлхамын хувьд “гудамж метрлэж”, зугаацахаас илүү мэдлэгээ тэлэх нь чухал байв. Их ч зүйлийг сурч, судалж ирсэн гэдэг. Ирээд Дулааны цахилгаан станц, Хаягдлын аж ахуй, Эргэлтийн усны насосны станцууд гээд үйлдвэрийн бүсээс захдуу оршдог байгууламжуудад цахилгаан эрчим хүчний тоолуурын шинэ программ нэвтрүүлж, автоматжуулснаар хэрэглээг цаг алдалгүй хянах боломжийг бүрдүүлсэн юм. Ингэж тэр Зууны манлай үйлдвэрийн Шилдэг залуу ажилтны шагналыг “бярдаж” авсан.
Г.Чимэдлхам хүүхэд байхдаа хөдөлгөөнтэйгөөр тогтохгүй сахилгагүй сурагчийн тоонд багтдаг, сургуульдаа “нэртэй” нэгэн байжээ. Цонх хагалсан, паар хагалсан, хүүхдийн толгой хагалсан хэргийн эзэн нь тэр байдаг байв. Орос хэлний хичээлд бүр дургүй, хоёр чих нь гадаад хэлэнд таг битүү байсныгаа одоо тэр дурсан, инээж сууна. Орчин үеийн сэтгэл судлаачид сэтгэлгээ нь хоригдоогүй, сахилгагүй хүүхэд харин ч сайн, чигээр нь орхи гэж зөвлөдөг. Хэлэх үг, хийх үйлдэлдээ итгэлтэй, өөрийнхөөрөө байх нь ирээдүйн манлайлагч, удирдагч болохын шинж гэнэ. Г.Чимэдлхамын зам мөр үүнийг нотлох мэт. Түүний аав, ээж ганц хүүгээ их зарчимтай, тооцоотой, ухаан зарж өсгөсөн гэлтэй. Хэдийгээр хоёулаа Эрдэнэт үйлдвэрийн өндөр цалинтай баяжуулагч байсан ч ганц хүүгээ эдэнд умбуулж, амттанд бялууруулж, цамаан занд сургаагүй. Үеийн хөвгүүд нь унадаг дугуйтай жирийж явахад, Г.Чимэдлхам “эхлээд сурчхаад, дараа нь дугуй авхуул” гэсэн эцгийн даалгавартай харж зогссон. Хүссэндээ чи өөрийн чадлаар хүрэх ёстой, аливаа ажлыг эхэлсэн л бол чин сэтгэлээсээ, чанартай, гүйцэт хийх хэрэгтэй гэх үзэл хандлагыг багад нь суулгасан нь өнөөдрийн шилдэг ажилтныг бүтээсэн гэж хэлж болно.
Г.Чимэдлхам дунд ангид байхдаа цагаан нөмрөгт эмч болохыг мөрөөдөж, гүнзгийрүүлсэн сургалттай химийн ангийг сонгосон ч түр зуурын шохоорхол байсныг цаг хугацаа харуулсан. Ахлах ангийн сурагч болох үеэсээ амьдралыг арай бодитой харж дүгнэн, басхүү хичээх болжээ. Монголын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болох уул уурхайн салбар, тэр дундаа аав, ээж нь бүхий л насны хөдөлмөр, зүтгэлээ бүрэн зориулсан Эрдэнэт үйлдвэр сэтгэлийг нь далдхан татах болов. Гэхдээ тэр гэртээ ховорхон тухалдаг ээлжийн ажилтай ээж шигээ краны машинч, аав шигээ конвейерийн машинч болохыг хүссэнгүй. Хүүхэд байхдаа аав, ээжийгээ олон цагаар хүлээж, ганцаарддаг байсан нь нөлөөлсөн ч байж мэдэх. Ямартай ч уул уурхайн өөр мэргэжилтэй болох хүсэлтэй, юм эвдэж, угсарч, “монголчлох” дуртайг нь аав нь анзаарч, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Цагаач гуай дээр дагуулан очиж зөвлөгөө авчээ. Хашир уурхайчин “Хэрэв хүү нь баяжуулагч, металлургич болохыг зорихгүй байгаа бол цахилгаанчин зүгээр биш үү” гэсэн чиг заасан нь оносон. Тэрээр Эрхүү хотын Техникийн их сургуулийн цахилгаан автоматжуулалтын инженерийн ангид элсэн суралцаж, тэгээс эхэлсэн орос хэл нь жилийн дараа гэхэд түвшин ижил үнэлэгдсэн хүүхдүүдийнхээ эхэнд эрэмбэлэгдэх хэмжээнд хүрэв. Мөн 500 гаруй оюутныг эгнээндээ нэгтгэсэн Монгол оюутны холбооны Тэргүүнээр сонгогдов. Энэ бүхэн түүний хичээл зүтгэл, зөв үйл мөр, бодол сэтгэлийнх нь үр, үнэлгээ байлаа. Г.Чимэдлхам мэргэжлийн сургуулиа магистр зэрэгтэй, мэргэшсэн инженер цолтой төгссөн цөөхөн оюутны нэг. Эх орондоо ирсэн даруй нь “Монгол Алт”, “MCS” компаниас ажлын урилга ирж байсан ч тэр голомт залгах хүний ганц хүүгийн үүргээ ухамсарлан аав, ээжийнхээ дэргэд байх ачлалт сонголт хийсэн ухаан.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Шилдэг залуу ажилтны шагналыг гардуулах үеэр хөтлөгч ГАНХУŸГИЙН ЧИМЭДЛХАМ хэмээх алдрыг дэлхийн дайдад ч дуулдахаар цуурайтуулахад сэтгэл нь ихэд огшсон гэнэ. Тайзан дээр догдолж зогсохдоо, хүүхэд байхдаа аягаа дутуу угаан, ээждээ аливаа ажлыг хэнд ч гологдохгүйгээр хийж сур гэж зэмлүүлэн дахин дахин угаадаг байснаа, элдвийг сонирхон далийх өсвөр насанд нь аав нь заал руу дагуулан явж, волейболын спортод дурлуулсныг, аймгийн шигшээ багт тоглон ялж, ялагдаж явснаа, ажлын талбарт гарсан шинэхэн цахилгаанчин аюулгүй байдлын зааварчилгааны номыг орос хэлнээс орчуулсныг одоо хүн бүр хэрэглэж байгааг, хайртай ханьтайгаа учирч, үрийн зулай үнэрлэн баярласнаа, аавыгаа хүнд өвчнөөр алдахаас айж, тэвдэж явснаа сэтгэлдээ зураглан харсан. Илүү хичээх, үлгэрлэх хэрэгтэй гэдгийг харин өөртөө шивнэсэн болов уу.
“Өнөөдрийн мэдлэг маргаашийн амжилт” гэх үзлийг эрхэмлэдэг шилдэг инженер маань үндсэн ажлынхаа зэрэгцээ Эрдэнэт үйлдвэрийн хамгийн өнөр бүл болох Залуучуудын холбоог удирдан, мянга мянган залуусын дуу хоолой, итгэл найдвар, туг нь болж явна. Мөн сайн аав, сайхан хань, сэтгэлтэй хүүгийн үүрэг ачааг дөмөгхөн дааж, өөрийгөө хөгжүүлэн урагшилсаар...
Сахилгагүй сурагчаас ШИЛДЭГ ИНЖЕНЕР
Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
3
0
0
0
0