ХАЙР, ХАВАР, ШУВУУ, НАВЧ...

     Хавар гадаа айлсаж, хэн хүнгүй дулааны илчийг таатайяа тоссон эдгээр өдрүүдэд аяллын замд гарахаар гэрээсээ догдлон гарч билээ. Өөдөөс ээх наран тааламжтайг хэлэх үү, өглөө болзсон цагаасаа арай эрт гарсан би ойр хавийг сонжингоо ажлаараа орж, автовокзалын зүг алхахдаа аялалд гарах залуусын тухай “зураглаж” амжлаа. 

     Уулын үйлдвэр ажлаа долоо хоног, сар, жилээр төлөвлөдөг бөгөөд түүнийг биелүүлэх хариуцлагатай үүрэг нь уурхайчдын нуруун дээр оноогддог юм. Амаргүй ч гэлээ энэ ажлыг мэргэжилдээ эзэн болсон олон зуун уурхайчид гүйцэтгэдэг учраас Эрдэнэт үйлдвэр жилээс жилд түүхэн дээд амжилтаа ахиулж, 45 жилийнхээ түүхт ойн босгон дээр шинэ дээд амжилт руу итгэл төгс тэмүүлж байна. Энэ нь дан ганц “үйлдвэр” гэдэг нэр томьёо алс ирээдүй рүү тэмүүлэх тухай бус энэ үйлдвэрийн эд эс болсон уурхайчид, удирдлагууд, үйлдвэрийн газарт харьяатай, түүгээр овоглосон хэн бүхний хамтын тэмүүлэл, хүч, оролцоо нэгдмэл байгаагийн илрэл юм. 

     Даяаршлын зуунд дэлхий нийтээрээ хөгжих тухай ярьж, хэлэлцэж, учир шалтгаан, гарц гаргалгааг эрэлхийлж байна. Харин Эрдэнэт үйлдвэр хөгжих тухай ойлголтыг хүндээ чиглэсэн оновчтой бодлогоор тодорхойлж, урт болон дунд хугацааны хөтөлбөрүүд хэрэгжүүлж эхэлсэн. Хүний нөөц бол байгууллага оршин тогтнох үндэс бөгөөд ур чадвартай, мэргэшсэн, мэдлэг туршлагатай, зөв харилцаа, хандлагатай боловсон хүчин гэдэг эрдэнийн чулуунаас тод гялалзах “Алмаз” эрдэнэс гэдгийг олж харсан нь энэ. Тиймдээ ч Эрдэнэт үйлдвэрийн Хүний нөөц, захиргааны хэлтсийн хамт олон хүний нөөцийн бүтэц бүрд чиглэсэн хөтөлбөр боловсруулан, амжилттай хэрэгжүүлж байна. Тэд үнэт баялаг болсон ажилтнаа системтэй хөгжүүлэхийн тулд хувь хүний хөгжил болоод манлайлах ур чадвар, хувийн зохион байгуулалтыг дээшлүүлэхэд анхаарч, хувийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулан, гар гараасаа “хөтлөлцсөөр” хамтдаа урагшлах замыг сонгосон. Энэ урт замын нэгээхэн хэсэгт “Залуу ажилтныг дэмжих хөтөлбөр” багтах бөгөөд залуучуудаа суралцах, хөгжих бүхий л боломжоор хангаж, чиглүүлж байгаад нь талархууштай. 

     Өглөө бүрийн ажилдаа явах маршрутыг өөрчилсөн энэ өглөө харах, сонжих зүйл ихтэй байлаа. Автовокзал дээр ирэхэд олны хөл хөдөлгөөн ихтэй, хэсэг залуус нэгнээ хүлээн, өөр хоорондоо ярилцаж зогсоно. Энэ өдөр аяллын замд хоёр автобус гарахаар зорчигчоо хэдийнээ суулгажээ. Удалгүй “Цагаасаа хоцроод ирчихлээ, уучлаарай манайхаан” гэсээр сүүлчийн зорчигч автобусандаа сууж, бид өглөөний 07:30 цагт Дархан-Уул аймгийн зүг “хүлгийн жолоо” заллаа. Үйлдвэрийн газарт хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжиж байгаа “Залуу ажилтныг дэмжих хөтөлбөр”-ийн 66 оролцогч энэ өдөр “Дархан нэхий” ХК, “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-тай танилцах аялалд гарч байгаа нь энэ билээ. 

     Хөтөлбөрт оролцогч залуус холын замд гарч байгаадаа, тэр дундаа хоёр жилийн турш нөхөрлөсөн багийнхаа гишүүдтэй мөр зэрэгцэн сууж, хамтдаа дуу аялан, инээлдэж яваадаа баяр хөөртэй байгаа нь илт. Ажлын өдөр аянд гарна гэж санаагүй тэд өнөөдөр өөрт эвтэй хувцсаа өмсөн, шинэ мэдлэг хуримтлуулахаар ийнхүү аяллын замд гарч байна. Тэд замын туршид хөгжилтэй асуулт хариултын тэмцээнээр шилдгээ тодруулж, азтан шалгаруулж, даалгавар биелүүлэн, авьяасаа үзүүлж, шүлэг зохиов. “Хайр, хавар, шувуу, навч” гэдэг дөрвөн үгээр шүлэг зохиох даалгаврыг нэгэн залуу чадмаг гүйцэтгээд суудалдаа суухад, сонгогдсон үг нь, зохиосон шүлэг нь “Эрэмгий залуус” гэдгийг нь тодотгох мэт. 

     Амсхийж хойш суулгүйгээр тэмцээн бүрд идэвхтэй оролцсон залуус яах ийхийн зуургүй Дархан-Уул аймагт хүрэлцэн ирэв. Хөтөлбөр ёсоор хоёр автобус хоёр зүгт салж, нэг нь “Дархан нэхий” ХК руу, нөгөө нь “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийг зорилоо. Харин сэтгүүлч миний бие арьс шир боловсруулах үйлдвэрийн багт нэгдсэнээр шинэ газраас сонин хачин эрэлхийлэх сэдэл төрж, залуусын түрүүнд алхав. Энэ бол 1972 онд шангаа татсан, Монгол Улсын ууган үйлдвэрүүдийн нэг “Дархан нэхий” хувьцаат компани. Боловсруулах үйлдвэрээс эхэлсэн бидний аяллыг тус компанийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан газарчиллаа. “Дархан нэхий” компани өдгөө 8 охин компанитай, тэдгээрт ажилладаг 500 гаруй ажилтантай, жилдээ 300 мянган ширхэг бодын, 1,5 сая богийн арьс боловсруулах хүчин чадалтай ажиллаж байна. Үйлдвэр үзэх явцдаа залуучууд маань хөтчөөс сонирхсон сэдвээр асуулт асууж, туршлага судлахын зэрэгцээ очсон газраасаа шинэ санаа эрэлхийлж, түүнийгээ цех, нэгждээ хэрэгжүүлэх зорилго тавьснаа нуусангүй. Чухамдаа залууст харж мэдрэх, сонсох, туршлага хуваалцах зүйлс чамгүй байсныг энд онцлох нь зүй. Ингээд боловсруулах үйлдвэртэй танилцаж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн дамжлагатай танилцсан залуучууд нэрийн барааны дэлгүүрт зочлон, худалдан авалт хийснээр энэ удаагийн танилцах аялал өндөрлөлөө. 

    Залуучууд хөтөлбөрийн дагуу Дархан-Уул аймгийн “Морин хуур” цогцолборын өмнө дурсгалын зураг татуулснаар сургалт болох ресортын зүг аяны жолоо залсан юм. “Гүнж ресорт” нь Хонгор сумаас холгүй тул зорьсон газартаа саадгүй ирж, өдрийн хоолондоо орцгоов. Удалгүй хурлын зааланд сургалт эхэллээ. Энэ удаагийн сургалтыг Улаанбаатар хотоос уригдсан багш нар орж, “Багаараа амжилтыг бүтээх нь” сэдвийг чухалчилсан нь анхаарал татав. Хүн бүр аливаа нэг багийн гишүүн бөгөөд багт гүйцэтгэх үүрэг нь тэргүүлэгч, дарга байх нь гол бус, тухайн багт өөрийн чадвараар үнэлэгдсэн, оролцоотой, хэрэгтэй нэгэн байхыг сургалтаар сануулсан юм. Өөрөөр хэлбэл хувь хүн бүр энэ ертөнцөд ирсэн эрхэм зорилгоо тодорхойлж, түүндээ хүрэх алхмуудыг бий болгон, замаасаа гажилгүй явах нь багт гүйцэтгэх үүрэг оролцооны үндэс болохыг тодотгов. “Нээрээ би эрхэм зорилготой билүү?”, “Миний алсын хараа юу билээ?” хэмээн залуус дотоодоо “нэгжин”, дор бүрнээ нэгэн шинэ ойлголт, ухаарлыг авсан билээ. Энэ хаалгаар эргээд гарсан хүн бүр хорвоо дэлхийд ирсэн учир шалтгаанаа танин мэдэх, түүндээ тохирсон зорилго, мөрөөдөлтэй болохоор шулуудсан нь хаа холоос зорин ирсэн хоёр багшийн сэтгэлд тулсан үнэлгээ байсныг нуух юун. 

    “Амьдрах стратеги” гэж чухам юу вэ? “Алхмаа зөв тооцоолж, зорилгоо тодорхой тавивал амьдрал их энгийн” хэмээн “Амьдрах стратеги” хөтөлбөрийг санаачлагч, стратеги судлаач Д.Цэцэнбилэг яриандаа онцолсон. Тэрээр энэ удаагийн сургалтад Хүний хөгжил судлаач, Төрийн удирдлагын докторант, “Нийслэлийн хүний нөөцийн хөгжлийн төв”-ийн сургагч багш М.Мөнхжаргалын хамтаар ирж, залуусын сэтгэлд “дүүрэн” мэдрэмж “тамгалаад” буцлаа. Сургагч багш нараа замд үдэж, автобусанд суусан залуучууд сонсож дуулсан шинэ ойлголт мэдлэгээ тархи, зүрхэндээ шингээн, наран шингэх зүгт орших гэрийн зүг тэмүүллээ. Аялал бүр сонин содон дурсамж үлдээдэг бол энэ удаагийн үүргэвчтэй аяллын залуучууд өдрийн турш бусдын орон зайд зэрэгцэн оршиж, санаа бодлоо илэрхийлэн, баг, хамт олноороо бүтээлч сэтгэлгээг уралдуулсан “онцгой” өдрийг хамтдаа бүтээлцсэн юм. 

     Эрдэнэт үйлдвэр хэмээх их айлыг зүрх сэтгэлдээ бүхлээр нь багтаан, үйлдвэрийнхээ хэт ирээдүйг залж чиглүүлэхээр зорьж буй шинэ үеийнхэндээ амжилт хүсье. Тэд одоо ч, анхны хайр, хаврын бодол, шувуудын жиргээ, навчсын сэрчигнээн мэт цоо шинэ мэдрэмж төрүүлсэн аяллын түүхээ бусадтай хуваалцаж суугаа гэдэгт итгэлтэй байна. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
2
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
Билгийн тооллын 17
2023-06-06 | мягмар гараг
Нар 04:55 минутад мандаж 20:47 минутад жаргана.

Зуны тэргүүн улаагчин могой сарын гурван хөх хөхөгчин хонь өдөр

Үс засуулвал: Өнгө зүс доройтно
Суудал: Хий

Аргын тооллын 6 сарын 6, Ангараг гараг. Билгийн тооллын 17, одтой, хөхөгчин хонь өдөр. Өдрийн наран 4 цаг 55 минутад мандан, 20 цаг 47 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Буудай боловсрох цаг (6ц 44м) болно. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Ярилцлага

wave
Б.БААСАНСҮРЭН: Бид энэ жил 400 гаруй сая төгрөгийн импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ
Л.АВЬЯАНДҮР: Хийж бүтээснээсээ урам зориг, урагшлах хүч авдаг
Х.БАТБАЯР: Театрын зураач урлагийн бүх төрлийг тайзан дээр амилуулдаг онцлогтой
Д.БАЙГАЛ: Эрдэнэт үйлдвэр ахмадын талаар баримтлах ойрын таван жилийн бодлогоо тодорхойлно
Б.БАЙГАЛЬМАА: Хоол үйлдвэрлэлийн салбарынхан “ГОК-ын брэнд бүтээгдэхүүн”-ийг андахгүй
О.ОТГОНБАЯР: Үндэсний зөвлөгөөнд Эрдэнэт үйлдвэрээс 100 гаруй төлөөлөгч оролцоно
Б.МАЖИНБУУ: Үнэт зүйлсээ хойч үедээ өв болгон үлдээхийн тулд Маркны музей байгуулахыг зорьж байна
Т.ТҮМЭН-ӨЛЗИЙ: Техник, зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлснээр уулын ажлын төлөвлөгөөг биелүүллээ
Д.Идэрбаяр: Нэгнийхээ гаргасан санааг багаараа дэмжин хэрэгжүүлэх нь илүү дэвшилттэй, хурдтай, сонирхолтой
Я.АРИУНЗУЛ: Хөрсний төв нь экологийн болон эдийн засгийн хувьд ач холбогдолтой

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-06-06
22°C
Бага зэргийн бороо
Салхи: 7м/сек
10°C
Үүл багаснa
Салхи: 5м/сек
2023-06-07
21°C
Үүл багаснa
Салхи: 6м/сек
9°C
Бага зэргийн бороо
Салхи: 5м/сек
2023-06-08
23°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
9°C
Үүл багаснa
Салхи: 5м/сек
2023-06-09
26°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
9°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2023-06-10
24°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3446.96 0.0000 %
EUR 3684.11 -0.0070 %
GBP 4272.85 -0.0105 %
RUB 42.35 -0.0064 %
CNY 484.24 -0.0060 %
KRW 2.64 +0.0152 %
CAD 2566.33 -0.0008 %
NZD 2085.07 -0.0072 %
AUD 2272.75 -0.0027 %
JPY 24.54 -0.0098 %
HKD 439.81 -0.0004 %
SGD 2548.68 -0.0049 %
CHF 3783.29 -0.0070 %
SEK 317.25 -0.0087 %
TRY 162.89 -0.0135 %
THB 98.8 -0.0077 %