Тэнгэр заяат Монгол түмний гал голомтод бүтээн байгуулалт өрнөж байна

     “Тэнгэр заяат монгол түмний гал голомт” гэж өөрсдийнхөө тухай бахархан өгүүлэх Их эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймагт энэ сарын 3-наас 6-ны өдрүүдэд зохион байгуулсан “100 жил-100 сэтгүүлч” аялал-хэлэлцүүлэгт оролцоод ирлээ.

2023 онд Хэнтий, Төв, Завхан, Архангай аймгийн 100 жилийн ой тохиож байна. Тэднээс Хэнтий аймаг 100 жилийн ойн баяраа хэрхэн угтах гэж байгаа нь сонин санагдлаа. Улсын төсвөөс олон тэрбум төгрөг хуваарилуулан авлаа гэх шүүмжлэлд өртөөд байсан Хэнтий аймагт чухам ямар бүтээн байгуулалт өрнөж байгааг орон нутгийн сэтгүүлчид нүдээр харахыг хүсэж байлаа. Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав ч сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ энэ тухай дэлгэрэнгүй ярив.

Тэд 100 жилийн ойн баяраа угтан хамгийн түрүүн, байгуулагдаад 100 жил болсон, улсын анхны 13 сургуулийн нэг, Нэгдүгээр лаборатори сургуулиа буулгаж буурин дээр нь олон улсын жишигт нийцэх сайхан сургууль барьж ашиглалтад оруулжээ. Шинэ сургууль үүдээ нээж, эздээ уриад гуравхан сар болж байна. Бид сургуулийн хашаагаар оронгуут хүүхдийн сурах орчин ийм л байх ёстой шүү дээ гэж өөрийн эрхгүй дуу алдлаа. Үнэхээр саруулхан, уужуухан анги танхимтай, хүүхдүүд хичээл тараад сургуулийнхаа үүдэнд гар бөмбөг тоглож наадаад, баяр хөөртэй байгааг харах юутай сайхан байв даа. Монголын бүх сургууль ийм орчинтой ч болоосой гэх бодол төрөв. Хэнтий аймгийн “Алтан гадас” одонт Лаборатори нэгдүгээр сургуулийг 19,6 тэрбум төгрөгөөр барьж ашиглалтад оруулжээ. Энд 2780 сурагч хоёр ээлжээр хичээллэж байна. 

     Хэнтий аймаг мөн шинэ Цэвэрлэх байгууламж барьж байгуулаад 2021 онд ашиглалтад оруулсан байна. “Хэнтий ус” ХХК нь аймгийн ард иргэд, байгууллагуудыг цэвэр усаар 100 хувь, дулаанаар 70 хувь хангадаг. Хэнтий аймгийн шинэ Цэвэрлэх байгууламж хоногт 3000 м3 бохир ус татан зайлуулах хүчин чадалтай. Одоогоор хоногт 900-1000 орчим м3 бохир ус татан зайлуулсаар байна. Ирээдүйд өсөн нэмэгдэх хэрэгцээгээ тооцохоор 2050 онд хоногт 2500 м3 бохир ус татан зайлуулах хэмжээнд ажиллана” гэж инженер Санчир өгүүллээ. 

     Чингис хотын төвд 7000 өрхийн ард иргэд амьдардаг. Тэднээс 1900 өрхийг төвлөрсөн халаалт, цэвэр усны шугамд холбох ажил хийгдээд дуусаж байна. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлт зохион байгуулж, Цагдаагийн газрын баруун урд орших нэг га газарт байрлалтай 23 айлын хуучны шавар байшинг нураагаад суурин дээр нь 174 айлын орон сууц барих ажлыг ч эхлүүлжээ. 

     БНСУ-ын Засгийн газар хоорондын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 10 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар Дулааны станц барьж эхэлсэн, 2024 оны 10-р сард ашиглалтад оруулна. Үүнтэй зэрэгцээд Чингис хотын гэр хороолол руу шугам сүлжээ татах ажил дуусаж, хуучин уурын зуухнуудаа халж, шинэ Дулааны станцаас халаалт авах ийм сайхан ирээдүй энд харагдаж байна. Дулааны станц барьж байгуулах газар шорооны ажил нэгэнт эхэлжээ. 

     Хэнтий аймаг 18 сум, 5 тосгонтой. 79.4 мянган хүн амтай. Түүнээс 7000 хүн ам нь Чингис хотод ажиллаж, амьдардаг тухай дээр өгүүллээ. Улс, аймгийн хөрөнгө оруулалтын 40 хувь нь зам, 20 хувь нь дэд бүтэц, 13 хувь нь боловсролд зарцуулагддаг. Аймаг, сумын хөгжлийг дэд бүтэцгүйгээр төсөөлөх аргагүй. Хэнтий аймаг сүүлийн 5 жилд дэд бүтцэд ихээхэн анхаарчээ. 2018 онд 4 сум л төвлөрсөн дулааны шугамд холбогдсон бол өнөөдөр 18 сумаа дулааны төвлөрсөн шугамд холбож амжсан байна. 2018 онд 412 км хатуу хучилттай замтай байсан бол 2022 онд 120-иод км замыг шинээр хатуу хучилттай болгосон байна. Тодруулбал, Өндөрхаан – Бэрхийн уурхайн 70 км зам, Бор-Өндөрөөс Даланжаргалангийн 50 км замыг тус тус шинээр ашиглалтад оруулжээ. 18 сум, 4 тосгоныг шилэн кабельтай болгосон. Гэр хороолол руу инженерийн шугам сүлжээ тавьж эхэлсэн. Хэрлэн сумын нэг, хоёрдугаар багт 51 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар инженерийн шугам сүлжээ татах ажлыг эхлүүлээд 2 жил болж байна. Цаашид Хэнтий аймгийн Хэрлэн суман дахь томоохон багуудыг инженерийн шугам сүлжээнд холбох гэнэ. 60, 70-аад оны шугам сүлжээг шинэчлэх ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж эхэлсэн. Шугамаа шинэчилснээр орон сууц болон томоохон үйлдвэрлэлийн барилга байгууламж барих боломж бүрдэх юм гэж үзээд Хэнтийчүүд ийнхүү хөрөнгө оруулалтын ихэнхийг дэд бүтцээ сайжруулж, шинэчлэхэд зориулж байна. 

     Хэнтий аймаг 100 жилийн ойн баяраа угтаад олон бүтээн байгуулалт өрнүүлж байгааг сэтгүүлчид анзааран гэрэл зургийн дурандаа буулгасаар явлаа. Баригдаж эхлээд хөрөнгийн гачигдлаас үүдэн 10 жил зогссон Хан Хэнтий чуулгын барилгыг энэ оны 7 сарын 27-нд тэмдэглэх аймгийн 100 жилийн ойн өмнө ашиглалтад оруулахаар шуурхайлан ажиллаж байна. Тэрээр шинээр барьж байгуулсан “Түүхэн музей”-н дотор дэглэлт хийх ажилдаа ч оржээ. Мөн гурван суманд тэртээх 13-р зууны үеийн түүх өгүүлэх шинэ хөшөө дурсгал бүтээн босгох гэж байгаа талаар аймгийн Засаг дарга нь зураг харуулан тайлбарласан.

Ийнхүү Хэнтийд өрнөж буй бүтээн байгуулалттай танилцахын зэрэгцээ Цэцэрлэгт хүрээлэнгээр нь орж Ардын хувьсгалын баатрууд, Халх голын дайны баатрууд, Хэнтий аймгаас төрсөн аваргуудын хөшөө дурсгал, Монголын ард түмний бишрэлт хүмүүн, яруу найрагч Р.Чойномын гэрэлт гудамжаар орж хөшөө дурсгалтай нь танилцан зураг татуулах боломж олдов. Бас Хан Хэнтий чуулгын утга уянга төгс, орон нутгийн театрын уран бүтээлчдийн ур чадварын бахархалт үлгэр дуурайлал болсон гайхамшигтай тоглолт үзсэн нь сэтгэл оюуны том мялаалга болов. Хэнтийн аймгийн төв Чингис хотын өргөн засмал зам бас анхаарал татлаа. Аймгийн төвийн хоёр урсгал, 4 эгнээ өргөн зам нь “Чингисийн өлгий нутагт юу л байна, өргөн уудам тал нутаг байна” гэх аархал, мэдрэмжийг төрүүлнэ. Энэ мэт олон сайхан дурсамж тээгээд буцлаа бид. 

     Монголд 500-аад хэвлэл мэдээллийн хэрэгсэл бий. Түүнд 4000 орчим сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан хөдөлмөрлөдөг. Тэдгээрээс 150 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь орон нутагт ажиллаж байна. Тиймээс Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл (МСНЭ) жил бүр орон нутгийн сэтгүүлчдийн форум зохион байгуулдаг уламжлалтай болсон гэж МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар өгүүлсэн. Хэнтийд зохион байгуулсан энэ үйл ажиллагаа нь Орон нутгийн сэтгүүлчдийн 5-р форум байлаа. Энэ нүсэр ажлыг амжилттай зохион байгуулсан МСНЭ-ийн Хэнтий аймгийн салбар зөвлөлийн С.Ган-Эрдэнэ тэргүүнтэй сэтгүүлч, уран бүтээлч залуустаа гүнээ талархал илэрхийлье. Тэд биднийг “Сумын бүжиг”-т хүртэл урьж оруулан хөгжөөн цэнгүүлэв шүү. Мартахын аргагүй сайхан дурсамж үлдээсэн Хан Хэнтийчүүддээ, МСНЭ-ийн удирдах зөвлөлд баярлалаа. МСНЭ-ээс жил бүр зохион байгуулж буй энэхүү Орон нутгийн сэтгүүлчдийн форумд оролцох явцад сэтгүүлчид эх орноо тойрон аялна, олон аймаг сумын хөгжлийг харж нүд тайлангаа ухаан цэлмэж, мэдлэг нэмнэ. Хожмын ийм олон сайн үр дагавартай энэ ажлыг дараа жил Булган аймагт зохион байгуулахаар тов тогтоод сэтгүүлчид нутаг нутгийн зүг хүлгийн жолоо заллаа. 

Ж.ОЮУН

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0
.

.

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал
Б.БАЯНБАТ: Усны дахин ашиглалтыг нэмэгдүүлж, байгалийн цэвэр усны хэрэглээг бууруулахыг зорьж байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %