Алтан мутарт эмч

      Хүмүүнд дахин төрөх боломж бэлэглэгч гавьяатан бол эмч нар. Ийм гавьяатнуудын нэгэн төлөөлөл “Эрдэнэт” сувиллын цогцолборын мэс заслын их эмч Баярсайханы Оюунбямбыг онцлон хүргэе. Гарын мэдрэмжээрээ оношилж, хагалгааны явцад оношоо батлах мэс заслын эмчийн мэргэжил гайхалтай. Хагалгаа хийх, уран оёход ч эмчээс гарын ур дүй, өндөр мэдрэмж “нэхнэ”. Ийм ч учраас мэс засалчийг “Алтан мутарт” хэмээх нь аргагүй. 
      Б.Оюунбямба эмч 1996 онд Анагаах ухааны дээд сургуулийн Эмчилгээний анги төгсөөд нутаг, ус, аав ээждээ тэмүүлсээр Увсын цэнхэр хязгаарыг зорив. Оюутан ахуйд нохой, мэлхий, хулгана дээр хийх бодит мэс засал түүний сонирхлыг ихээхэн татаж. Мэс засалч болох мөрөөдөлтэй залуу эмчийг Нэгдсэн эмнэлэг гурван сар түр ажиллуулан “тандсан”-ы эцэст курст явуулав. Эргэж ирээд жинхэнэ мэс засалч болов. Туршлагатай, чадварлаг эмч нараас цаг үргэлж суралцахыг хичээнэ. Залуу хүний хувьд тэднийхээ гарыг амраах үе ч цөөнгүй. Зах зээлийн эхэн үе тун амаргүй байв. Хязгаар нутгийн эмнэлэгт юм юм л дутагдалтай. Эмчийн гар угаах олигтой саван, бок ч үгүй. Захаас оёдлын утас авч, угааж, чанаж ариутгаад мэс засалд хэрэглэх үе ч байж. Оношилгооны хүчирхэг аппаратын тухай ярилт ч үгүй. Эхо л муухан ажиллана. Мэс засалч мэдлэг, туршлага, сэтгэл, мэдрэмждээ л найдна. Ажлын ачаалал тун их. Долоо хоногийн гурван өдөр жижүүртэй, бас мэс засал гарах үед дуудагдан ажиллана. Эмч маань гэртээ харилгүй, эмнэлэг дээрээ найм хоносон тохиолдол ч бий гэдэг. Б.Оюунбямба эмчийн эхнэр нэг өдөр хүүхдээ тэвэрчихсэн, товлолт вакцинаа хийлгэхээр эмнэлэг дээр явж байж. Эмнэлгийн дарга тааралдаж мэндлээд, та хоёр маань яаж явна? гэхэд нь, “Хүү тань ийм том болсон, гэж аавд нь үзүүлэх гэж явна” гэж хошигносон гэдэг. “Их дуудагдаж, ар гэртээ анхаарах ч чөлөөгүй байна шүү” гэдгийг даргад дамжуулсан хэрэг. Б.Оюунбямба эмч “Үнэхээр ч хүү маань намайг танихгүй шахам болсон байж билээ. Тог тасраад, манайх лаатай байлаа. Хүү уйлав. “Миний хүү яасан” гэхэд, над руу “ийм хүн байдаг билүү” гэсэн шиг лааны гэрэлд сүүмийтэл харж байсан нь санаанаас гардаггүй юм” гээд инээмсэглэв. Увсад цас их унана, зам бартаатай. Аль ч үед алсын дуудлагад хүний амь нас аврахаар яаравчилна. Тэр үеийн түргэний тэрэг ч тааруухан байж. Эмч, жолоочтойгоо цас ухах энүүхэнд. Тэрбээр сум алдаад өөрийгөө буудсан хүүд, халтирч унаад сав нь задарсан тулгар эхэд гээд өр өвтгөсөн олон хагалгаа хийж хүний амь аварсан байдаг. 
       Б.Оюунбямба эмч хөдөөгийн айлд хоёр, сумын эмнэлэгт 20 гаруй мэс засал хийсэн. Тэр мэс засал, гэмтлээр хамтад нь мэргэшсэн бөгөөд бас нэг мэргэжил эзэмшсэн нь сэхээний эмч. Увсын нэгдсэн эмнэлгийн мэс заслын таван эмчээс түүнийг сонгон сэхээний эмчээр сургажээ. Сэхээний эмч болоод аймагтаа хоёр жил шахам ганцаараа бүх ажлыг даажээ. Төрөх, гэмтэл, мэс заслын хагалгаа Б.Оюунбямба эмчгүйгээр явахгүй. Тэрбээр “Хөдөө ажилласан он жилүүд надад их зүйл өгсөн. Тэнд л хамгийн ихээр суралцаж, туршлага хуримтлуулж чадваржсан. Мэс засал бол багийн ажиллагаа. Нэгдүгээр эмч, хоёрдугаар эмч, гуравдугаар эмч, сэхээн амьдруулах эмч гээд л тус бүрдээ үүрэгтэйгээр оролцдог. Тэдэнтэйгээ ойлголцож, оногдсоноо сайн биелүүлж л, хүний амь нас, эрүүл мэндийг аварч, хамгаална даа” гэсэн юм. Та цаг наргүй, ачаалал ихтэй ажилласан болохоор цалин сайтай байсан биз гэхэд, ёжтойхон инээмсэглэснээ, “тухайн үед би сэхээний тасгийн эрхлэгчийн нэмэгдэл, хагалгааны нэмэгдэлтэйгээ нийлээд, сард 31500 төгрөг авдаг байлаа. Тэр нь Увсаас Улаанбаатар руу нисэх онгоцны тийзэнд ч хүрдэггүй. Эмч хүн эвхэрч, муужирч унаж ирсэн өвчтөнөө эдгэрчихсэн явааг нь хараад баясаж, мэргэжлээрээ бахархаж, сэтгэлээ тэжээдэг юм ш дээ” гэв. 
Тэр, хүний төлөө гэх чин сэтгэлтэй нэгэн. Өвдсөн зовсон, ядарсан зүдэрсэнд тусалж, эмчлээд хариуд нь шан харамж, хээл хахууль авахыг ёс бус гэж үздэг. Түүнд, “эмчээ миний бие сайн болсон, баярлалаа” гэх нь л хамгийн дээд шагнал гэсэн. 
       Б.Оюунбямба эмч Увсаас 2004 онд Эрдэнэтэд шилжин ирж, “Эрдэнэт” сувиллын цогцолборт өдгөө 19 дэх жилдээ ажиллаж буй. Түргэний жолооч нутгийн Цэдэн ах нь нэг өдөр, “манайд түргэний эмч хэрэгтэй болсон. Чи С.Дандар эмчтэй уулз” гэж. Ерөнхий эмчтэй уулзаж, зорилгоо хэлэхэд, тэр даруй л зөвшөөрч. Ингээд л сувиллын коридорт өргөдлөө бичиж өгөөд л тэр өдөртөө ажилдаа орж билээ гэв. Ерөөс түүний дуртай мэргэжлээ эзэмших, ажиллах зам үргэлж дардан байж. Энэ нь түүний мэдлэг ур чадвар, харилцаа хандлагын давуу тал байж таарна. Б.Оюунбямба эмч Эрдэнэт үйлдвэрт орсон эхний гурван жил түргэний эмчээр ажиллаж. Энэ хугацаанд үйлдвэрлэлийн том жижиг 18 осол гарч, 28 хүн өртсөн бөгөөд тэр бүхэнд Б.Оюунбямба эмч нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлсэн. Энэ үеэс түүний мэргэжлийн өндөр ур чадварыг илүүтэй таньж, амбулаторидоо татаж ажиллуулах нь зүйтэй, гэж Ерөнхий эмч шийджээ. Одоо тэрээр 16 дахь жилдээ “Эрдэнэт” сувиллын цогцолборын мэс засал, гэмтлийн эмчээр хавсран ажиллаж буй. Түүгээр жилдээ ясны хугарал, гэмтэлтэй 150-аас 180 хүн эмчлүүлдэг. Давхардсан тоогоор 8000 хүнд тусламж үзүүлж эмчилдэг. Мөн Барилга засварын цех хариуцсан эмчээр давхар ажилладаг. Эрдэнэт үйлдвэр нийгмийн халамжийн бодлогоор ажилчдаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт өдий төдий мөнгө зарцуулан оруулж байгаа. Гэтэл шинжилгээний хариуг үндэслэн эмч заавар зөвлөмж өгч байхад түүнийг мөрдөхгүй, эрүүл мэндийнхээ төлөө хойрго хандаж буйд сэтгэлээ чилээж явдгаа ярьсан. Эмч маань гэмтэл бэртлээс сэргийлэх нь эрүүл мэнд хийгээд эдийн засагт хэчнээн их тустай болохыг ажилчдад байнга сурталчилж явна. 
      Б.Оюунбямба Уулчин-эмч. Эрдэнэт үйлдвэрийн 20 уулчин залуу 2011 онд Отгонтэнгэр хайрханд авирч. Өндөр жинтэй эмч маань уулчдын олсонд орж, тэднийгээ нэлээн чангааж, оргилд хүрч. Оргилд гарахад өөрийгөө өөрөөр таньж, орчин тойрныг, байгаль дэлхийгээ өөр нүдээр харж, зүйрлэшгүй сайхан мэдрэмж авчээ. Энэ цагаас хойш ууланд авирах хоббидоо хөтлөгдөн мөнх цаст 10 гаруй ууланд авирчээ. Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр хайрханы Этүгэн оргил, Алтайн нурууны ноён оргил Хүйтэн, Саяны нурууны ноён оргил Мөнхсарьдаг, Хэнтийн нурууны ноён оргил Асралт хайрханд гарч, Уулын холбооноос цом авчээ. Түүгээр ч барахгүй Европ тивийн ноён оргил Эльбрусын зүүн оргилд хойд замаар гарсан анхны монгол болжээ. 
       Б.Оюунбямба эрүүл мэндийнхээ төлөө зөвхөн эмч бус хувь хүн өөртэйгөө ажиллах нь чухал болохыг биеэрээ үлгэрлэж яваа эмч. Тэр 100 кг жинтэй, таргалалт өвчтэй байсан бол ууланд авирч, долоо хоног бүр зааланд волейбол тоглож хөдөлгөөнөө эрчимжүүлснээр хэвийн жиндээ хүрчээ. 
       Б.Оюунбямба эмчийнх хүү, хоёр охин, бэр, ач гээд өнөр олуулаа айл. Эхнэр Б.Эрдэнэтуяа нь “Сэлэнгэ” амралтын баазад Зоогийн газрын эрхлэгч. Том охин нь тэднийг хотод оюутан байх үед, хүү нь Увс аймагт эмч болсны дараа, бага охин нь Эрдэнэтэд мэндэлжээ. Том хоёр нь их дээд сургуулиа төгсөөд, ажил амьдралын замдаа оржээ. Бага нь орос сургуулийн 9-р ангид онц суралцдаг цовоо охин. Эднийх эмч бэртэй, ач охин нь таван настай гэнэ. 
    Б.Оюунбямба шинэхэн голомтоо бадраасан залуухан эмч аавынхаа хашаанд айлсан амьдрахдаа ааваараа гутлаа тослуулан, ээжээрээ Монгол дээлээ хөөргөн бүслүүлж, алсын дуудлагад мордож явсан азтай хүү. Аав ээж, хань ижил, дүү нар нь ардаа санаа зовохгүйгээр ажлаа сайн хийх боломжийг олгосон нь өдгөөгийн шилдэг эмч төлөвшихөд нөлөөлсөн ч байж магад. 
       Ийнхүү хөдөөгийн олон үрсийн хүйн ижий болсон ээжийгээ залгамжлан 27 дахь жилдээ эрүүл энхийн манаанд зогсож буй Алтан мухарт Б.Оюунбямба эмчийн маань үйлс бүхэн нь дэлгэрч байг. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
13
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
2
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана
П.ОЮУНСҮРЭН: Би Эрдэнэт үйлдвэртэй хувь заяагаа холбосон азтай хүн

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %