Эгшиглэнт баяжуулагч

      Эрдэнэт үйлдвэрийн 2022 оны Шилдэг ажилтан, Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн технологич Далхаагийн Бат-Эрдэнэ гэх энэ залууг би урлагийн тайзан дээр олон харсан. Тэр Н.Жанцанноровын “Сэтгэлд шингэсэн говь” бүтээлийг морин хуураар ямар гайхалтай эгшиглүүлдэг гэж санана. Нутгаа санасан хүний нүднээс нулимс унатал сэтгэлгээний орон зайд тоглоно шүү дээ. Харин түүнийг баяжуулалтын сайн технологич, Монгол Улсын бүтээмж чанарын шилдэг дугуйлан “Төслийн баг”-ийн гишүүн, Эрдэнэт үйлдвэрийн энэ цагийн нүүр царай болсон тэргүүний ажилтан гэдгийг сүүлд мэдсэн. 
      Д.Бат-Эрдэнэ Эрдэнэт хотын унаган хүүхэд. Ерөнхий боловсролын 4-р сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч байхаасаа морин хуур барьж, Хөгжмийн сургуульд давхар суралцаж төгссөн. Арван жилийн сургуулиа төгсөх тэр жил “Морин хуурын чуулга”, Соёл урлагийн Их сургууль, Монголын хүүхдийн ордон хамтран зохион байгуулсан Өсвөрийн хөгжимчдийн Улсын уралдаанд тэрээр Б.Дамдинсүрэнгийн “Хэнтийн өндөр ууланд” бүтээлээр оролцож, онцгой ялгарч хол түрүүлсэн. Шагналд нь СУИС-д элсэн суралцах урилга гардсан юм. Хөгжимчин болох хүсэл тэмүүлэлд хөтлөгдөн, хөөр гүйж явахад нь эдийн засагч мэргэжилтэй ээж нь түүнийг тогтоон, сонгон шалгаруулалтад орж уул уурхайн мэргэжил эзэмших нь алсдаа хэрэгтэй хэмээн залж чиглүүлсэн гэдэг. Найман хүүхэдтэй айлын отгон хүүгийн хувьд голомт залгамжлах үүргээ тэр эрт ухамсарласан. Тиймдээ ч ээжийнхээ үгнээс зөрж зүрхлээгүй. ШУТИС-ийн Ашигт малтмал, баяжуулалтын технологич мэргэжлийн ангийг өөрийн чадлаар авч, Нийслэлийн зүг хүлгийн жолоо залсан нь баяжуулагчийн зам мөрийн эхлэл байлаа. Түүнийг гуравдугаар курсийн оюутан байхад Монгол Улсад орчин цагийн уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 85 жилийн ой тохиож, энэ чиглэлээр суралцаж буй оюутнууд, уурхайчид, мэргэжлийнхний хамтарсан том концерт тогложээ. Энэ үеэр Хөгжим бүжгийн оркестртой хамт Д.Бат-Эрдэнэ өнөөх “Сэтгэлд шингэсэн говь”-ио эгшиглүүлэн үзэгчдийг уярааж, хаанахын хэн бэ гэх эрэл хайгуул хийхэд хүргэсэн. Тухайн үед Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх, ШУТИС-ийн харьяа Технологийн сургуулийн захирал, доктор С.Давааням оюутан Д.Бат-Эрдэнийг дуудаад татгалзахын аргагүй санал тавьсан юм. “Чи Эрдэнэтийн хүүхэд юм байна. Ээжтэйгээ хамт амьдардаг юм байна. Ирэх жил манай сургуулийн ой болно. Чи төгсөх курсээ манай сургуульд очиж сурч дүүргэ. Ингэхдээ манай багш, оюутнуудад морин хуур зааж, хамтлаг байгуулах хэрэгтэй байна. Бид сургуулийнхаа ойгоор тоглолт зохион байгуулна. Би чамайг Эрдэнэт үйлдвэрт ажиллахыг урьж байна гэжээ. Их хотод ээжээсээ хол суралцах амаргүй байсныг хэлэх үү, Эрдэнэт үйлдвэрийн баяжуулагчдын эгнээнд багтах битүүхэн хүсэл мөрөөдөл тээж явсныг ч хэлэх үү, аз ивээж, од гийсэн хавар нутгаа зорьжээ. Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа гэдэг үгийн биелэл 2005 онд төгс бүрдсэн. Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургууль 30 жилийн ойгоороо 20 гаруй морин хуурчтай концерт тоглож, баяжуулалтын технологич шинэхэн инженер Д.Бат-Эрдэнэ Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсэгт насосны машинчаар ажлын гараагаа эхэлж байлаа. Тэр цагаас хойш хэдийнээ 18 хаврын яргуй дэлгэрчээ. Д.Бат-Эрдэнэ тэр л хэсэгтээ насосны машинч, хөвүүлэн баяжуулагч, ээлжийн мастер, технологич зэрэг ажил, албыг хашиж, чимээгүй хөдөлмөрлөсөн ч түүний эгшиг аялгуу, хичээл зүтгэл түүнийг үргэлж цуутай нэгэн байлгаж ирсэн. Өнгөрсөн онд гэхэд тэр хамт олноо удирдан зохион байгуулж, олон ажил санаачлан хэрэгжүүлжээ. Тухайлбал, хүдэр боловсруулалт, хамтын баяжуулалтын хүчин чадлыг хэвээр хадгалах шаардлага тулгарахад нөөц зэс молибдены баяжуулалтын флотомашиныг хам баяжуулалтаар ажиллах уян схем боловсруулж ажилд оруулсан юм. Мөн шинэ 5-р ээлжийн технологийн тоног төхөөрөмжүүдийн угсралт, тохируулга, жигдрүүлэлтийн ажлыг гүйцэтгэхийн зэрэгцээ Өөрөө нунтаглах хэсгийг сүүн шохойгоор тасралтгүй найдвартай хангах, насосны ажиллагааг сайжруулах, шохойн чанн ИИ161, 162-н шилжүүлэх ажлыг гардан хийжээ. Түүнээс гадна 6-р ээлжийн холигч чанныг флотомашин болгон өөрчилж металл авалтыг нэмэгдүүлсэн байна. Д.Бат-Эрдэнэ 2022 онд хамт олноо манлайлан ажилласнаар 82457 мянган тонн хүдэр төлөвлөгөөнөөс илүү боловсруулж, 315 мянган тонн зэсийг зэсийн баяжмалд, 6 тонн молибденыг молибдены баяжмалд илүү үйлдвэрлэж, 2.1 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олох боломж бүрдүүлсэн тэргүүний ажилтан юм. Үндэсний бүтээмжийн шилдэг дугуйлангийн гишүүн тэрээр сүүлийн гурван жилд 400 орчим төслийн хамгаалалтад үнэлгээ, зөвлөгөө, дүгнэлт өгч ажилласан байдаг. Түүний зөвлөгөөгөөр ажилласан дугуйлангууд 2019 онд 3.5 тэрбум, 2020 онд 4.7 тэрбум, 2021 онд 1.8 тэрбум төгрөгийн үр ашигтай ажилласныг тодоор тэмдэглэжээ. Д.Бат-Эрдэнэ “Ажлын байр гэдэг амьдралын сургууль, хамт олон гэдэг хувиршгүй түшиг тулгуур юм” гэж онож хэлсэн. Уулаас олборлох ашигт эрдсүүдийг цаг хугацаатай уралдан баяжуулах, эсвэл гологдол болгон хаях эсэх нь баяжуулагчийн ур чадвараас шууд хамаарна. Түүнээс гадна эв эеийг эрхэмлэх нь чухал гэж Эрдэнэт үйлдвэрийн шилдэг ажилтан Д.Бат-Эрдэнэ ярьсан. Монголын ХХ зууны манлай үйлдвэр, өнөөдөр ч магнайлан түүчээлсэн хэвээр, арвин ашиг орлоготой, улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд түлхэц үзүүлэн ажиллаж байгаа нь энэ мэт эгэл уурхайчид, энгийн ажилчдын хамтын хөдөлмөрийн үр шим юм.


       

     Д.Бат-Эрдэнэ Баяжуулах үйлдвэрт анх ажилд орохдоо одоогийн Үйлдвэрийн газрын Ерөнхий инженер Т.Батмөнхөөс үндэсний хөгжмийн хамтлаг байгуулах үүрэг чиглэл авснаа биелүүлж, олон жил Эрдэнэтчүүдийн сэтгэлийг баясгаж, сонорыг мялаасан. Одоо түүний байгуулсан үндэсний хөгжмийн “Эгшиглэн” хамтлагийн ихэнх гишүүд гавьяаны амралтдаа суусан тул шинэ залуу ажилчдын авьяасыг судалж, хамтлагаа шинээр бүрдүүлэхээр зорьж байна. Түүний амралт бас сэргэлт нь хөгжим. Хөгжим хүнийг онцгой мэдрэмжтэй болгодог ч байж мэдэх. Үйлдвэрлэлийн технологийн үйл явц дунд догол гарахыг тэр андахгүй. Яг л хөггүй хөгжим дуугарахыг мэдрэх мэт. Эгшиглэнт баяжуулагч маань сүүлийн үед шагайн харваа сонирхох болжээ. Баяжуулах үйлдвэрийн “Оюу аргай” баг нь өнгөрсөн жил Үндэсний спортын спартакиадад Орхон аймагт түрүүлж, улсад амжилттай оролцсон байна. Хөг аялгуу, хөдөлмөр зүтгэл, хүч чадлын нийлбэр болсон ийм нэгэн Эгшиглэнт баяжуулагч Эрдэнэт үйлдвэрт манлайлан ажиллаж байна. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
10
Таалагдаж байна
2
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана
П.ОЮУНСҮРЭН: Би Эрдэнэт үйлдвэртэй хувь заяагаа холбосон азтай хүн

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %