Дуулга инженер

Инженер Санжаасүрэнгийн Гандуулга хэмээх нэгэн эрхмийн тухай уншигч та бүхэнд хүргэх гэж байна. Ан гөрөө элбэг, адуу, айргаараа алдартай Булганхангай бол түүний унасан газар, угаасан ус нь. Тэрбээр Булган, Архангай аймгийн ерөнхий боловсролын дунд сургуульд суралцаж улмаар Цэцэрлэг хотын нэгдүгээр 10 жилийг дүүргэжээ. Дараа нь Эрхүү хотын Политехникийн дээд сургуулийг Уул уурхайн цахилгаан хангамж автоматжуулалтын инженер мэргэжлээр суралцаж төгссөн. Эрдэнэт үйлдвэр хэмээх их айлд тогтвор суурьшилтай ажиллаж яваа нэгэн. Ил уурхайн тэргүүлэх эрчим зүйч Ж.Энхцоожтой нэгэн цагт ОХУ-д хамт суралцаж байв. Оюутны байрны нэг өрөөнөөс эхлэн одоог хүртэл энэ хоёрын хувь заяа нийлсээр яваа. Ж.Энхцоож найзаасаа Эрдэнэт үйлдвэрт ажиллах саналыг анх хүлээн авч бүртгүүлээд л үйлдвэрт хэрэгцээтэй мэргэжилтэн байсан тул шууд ажилд орчихож. Ингэж хувь заяагаа үйлдвэртэй холбосон түүхтэй. Энэ цаг үеэс тэрбээр 29 дэх жилдээ Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байна. Ил уурхайн Цахилгаан тоног төхөөрөмжийн төвлөрсөн засварын хэсэгт Уулын тоног төхөөрөмжийн цахилгаанчин, цахилгаан тоноглолын тохируулгын мастер, хэсгийн дарга, Ерөнхий инженерийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан орлогчийн албыг хашиж иржээ. Монгол улсын Тэргүүний уурхайчин, Эрчим хүчний Тэргүүний ажилтан, Оны шилдэг инженер гэсэн цомхон шагналын эзэн. Аав Санжаасүрэн нь Булган аймгийн Сайхан сумын Цөнгөрөг бригадынх. Эдийн засагч мэргэжилтэй. Эрдэнэтийн Дулааны станцад ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарчээ. Ээж нь бага ангийн багш. Архангайн Өндөр-Улаан сумын харъяат Төмөр-Очирын Дархижав хэмээх эрхэм 8-р сургуульд багшилж явсныг Эрдэнэтчүүд мэднэ. Ийм нэгэн сэхээтний гэр бүлд С.Гандуулга төрж өссөн бөгөөд доороо нэг дүүтэй. Оонын эвэр шиг хоёулаа. Дүү нь Засвар механикийн заводын Урлан бүтээх хэсгийн дарга С.Ганбаатар. Архангай аймгийн Өндөр-Улаан суманд өвөө, эмээ дээрээ С.Гандуулга хүү өвөл, зуны амралтаа өнгөрөөнө. Хануйн голын хөвөөнд тоглож наадаж өссөн аж. Түүний хүүхэд нас хуйвтай шилбүүр барин хурга ишиг хариулж, хурдны морины нуруунд гийнгоо хадаан явжээ. Өглөө нар битүү адуунд мордон хийморио сэргээнэ. Өвлийн түлш бэлтгэн эр биеийн булчин шөрмөсөө чангаруулна. Ингэж өлчир чийрэг өссөн эр. Нагац өвөө, эмээ дээрээ хөдөө өссөн болохоор тэр хар багаасаа ажил хийж сурсан нь үнэнч шударга хөдөлмөрлөхийн эхлэл байв. Төмөр-Очир өвөөгийнхөө амьдралын ухааныг биширнэ. Эрс тэс уур амьсгалтай монгол орны байгаль, малч ахуй, үнэт өв уламжлалаар бахархана. Үр хүүхдэдээ өв соёл, ёс заншлаа өвлүүлэхийг эрхэмлэнэ. Тэр чөлөөт цагаараа хөдөө салхинд гарах дуртай. Байгальд аялж, загасчлах сонирхолтой. Яриа нийлдэг, явдал таардаг хэдэн нөхөдтэй. Тэдний тэргүүн эгнээнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Д.Жаргалсайхан явах. Мань эр зам нийлсэн нөхдөө хөгжөөнө. 32 Доржийн тухай онигоо сонирхол татдаг. Юу гэж үү. Шатдаггүй Дорж, шартдаггүй Дорж, онодог Дорж, онол Дорж, тайлбар Дорж гэх мэтээр 32 лонхыг нэг амьсгаагаар тоолох лугаа явж өгдөг юм байх. Ийм л хөгжөөн наргиантай, эвсэг хамт олны дунд ажиллаж ирсэн түүхэн замналтай инженерийн нэг нь С.Гандуулга. Анх хамгийн залуу нь явсан тэр одоо ахмадын тоонд оржээ. Оюутан ахуй цаг дор төөлбөл нуруу чацуу, тоолбол нас чацуу 100 гаруй эрчүүд Улс тунхагласны баярт зориулан зодоглоход үзүүр, түрүү булаацалдаж явсан эрийн хугархай. С.Гандуулга инженер хүний харилцаа их чухал гэж үзнэ. Аливаа хүний өссөн орчин, эзэмшсэн мэргэжил, ааш зан олон янз. Тэгэхээр хүн бүхэнтэй тааруулж харьцах нь удирдлагаас онцгой авьяас, амьдралын туршлага, арга барил шаарддаг. Би хүнийг юун түрүүнд талоныг нь таслаад цалин мөнгийг нь хасаад байдаггүй. Ард нь хүний амьдрал явдаг болохоор хүнлэг хандахыг эрхэмлэдэг гэж ярьсан. Тэр оюутан ахуй цагтаа Ш.Дэлгэрмаа гэж говийн бүсгүйг амьдралынхаа ханиар сонгожээ. Эдүгээ Авто тээврийн цехэд агуулахын эрхлэгчийн алба хашдаг аж. Эдний гэр бүл хоёр зээгийнхээ зулайг үнэрлэн сууна... Аливаа ажилтны эрүүл байх, аюул эрсдэлгүй ажиллах орчныг бүрдүүлдэг хүчин зүйл бол Хөдөлмөрийн аюулгүй байдал. Өглөө гэрээсээ үр хүүхдээ үнсээд гарсан ажилчид, орой ямар ч эрсдэлгүй гэртээ очих ёстой. Ийм хариуцлагатай үүргийг тэр хүлээж ажилладаг. Тэгэхээр ажиллагсад хөдөлмөр хамгааллын хувцас, хамгаалах хэрэгслийг дүрэм журмын дагуу цаг ямагт зөв хэрэглэж эрүүл ажиллах ёстой. Ажлын байрны нөхцөл сайжирч явах нь зүйн хэрэг. Тэр ийм зарчимч шаардлагатай. Бусдад амралт, чөлөөт цагаа зөв зохицуулах ёстой гэж захина. Цахилгаанчнаар ажиллах хугацаандаа Ил уурхайн тоног төхөөрөмжүүд, барилга байгууламж дэд бүтэц, цахилгаан хангамж, уур ус, дулааныг хариуцан ажиллаж байв. Энэ хугацаанд урсгал засварын болон төлөвлөгөөт ажлыг цаг тухайд нь хийж, осол авааргүй ажиллажээ. Цахилгаан нүдэнд харагдахгүй. Иймээс цахилгаанчин хүн онолын өндөр мэдлэгтэй байж, дүрэм журам зааврыг чанд мөрдөн ажиллах хэрэгтэй гэх. Тэр алдааг дахин гаргахгүй байх талаар хувь хүнд ойлгуулахыг хичээнэ. Дүрэм журам илт ноцтой зөрчсөн тохиолдолд зохих шийтгэл торгууль тавина. Энэ нь бусдад сануулга болдог биз. Хүмүүсийн зан авир, сэтгэл зүйд нь тохируулж харьцана. Нэг хэсгийг нь зэмлэж, нөгөө хэдийг нь магтаж өгсөн үүрэг даалгавраа шалгах жишээтэй. “Бид залуу насаа зааланд өнгөрөөдөг байлаа. Тухайн үед ахмад уурхайчин Дэчиндээ ах биднийг дагуулаад биеийн тамирын талбай тойроод гүйчихнэ. Биеийн тамир спортоор хичээллэж эрүүл мэнддээ анхаарч явах хэрэгтэйг зааж зөвлөнө. Миний хувьд сагс, волейболоор өөрийнхөө хэмжээнд хичээллэж цехийнхээ өмнөөс тоглож явсан. Намайг цахилгааны хэсгийн дарга байхад ажилчдын 60 хувь нь дээд боловсролтой байсан. Хүнд боловсрол чухал. Ядаж хүнтэй зөв харьцдаг. Ажлыг орхиж явахгүй, дутуу хийж болохгүйг ухамсарласан байдаг. Эдгээр хүмүүс бусдыгаа манлайлаад явдаг. Ийм болохоор тэднийг удирдан чиглүүлэхэд амар байсан” хэмээн туулсан амьдралынхаа бодит үнэнээс хүүрнэв. Он удаан жил нэг газар ажиллахаар ажил гарт орчихдог. Зан чанар туйлбартай байхыг эрхэмлэдэг. Юм бүхэн рүү савлаж явах дургүй. Янз бүрийн ажлын санал надад ирж л байсан, хүлээж аваагүй. Харин хийж буй ажилдаа үнэнч байх зарчим барьж ирсэн хэмээн нэмж өгүүлэв.

Тэр Цахилгаан тоног төхөөрөмжийн засварын хэсгийн даргаар ажиллахдаа хамт олноо чадварлаг удирдан зохион байгуулж, экскаватор, өрмийн машины аваарын зогсолтууд болон бусад уулын цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээг цаг тухайд нь чанарын өндөр түвшинд үр бүтээлтэй гүйцэтгэж иржээ. Мөн үйлдвэрийн бүтээмж сайн саналын системийн хүрээнд олон шинэ санал санаачилга гаргаж үйлдвэрт нэвтрүүлсэн байна. Тухайлбал, экскаваторуудын синхрон хөдөлгүүрийн асаалтыг зөөлрүүлэн хөөн асаах төхөөрөмж суурилуулах ажлыг гардан хийснээр сүлжээний хүчдэлийн уналтаас шалтгаалах сул зогсолтыг 100 хувь арилгасан. Түүнчлэн гэрээт мэргэжилтнийг орлон ажиллах үндэсний боловсон хүчнийг бэлтгэхэд онцгой анхаарал тавин ажилласан байна. Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн товчооны даргын хувьд шинээр батлагдсан хууль, тогтоомж, стандартуудыг нэвтрүүлэх, мөрдүүлэх зорилгоор ХАБЭА-н заавар зааварчилгааг стандартын дагуу боловсруулах, орчуулах, батлуулах ажлыг удирдан зохион байгуулжээ. Мөн ажлын байрны таатай орчин бүрдүүлж, аюул эрсдэлийг бууруулах, осол эндэгдэлгүй зөв ажиллах зан үйлийг хэвшүүлэв. Ингэснээр ажилтан бүрийн идэвх оролцоо нэмэгдэж үйлдвэрлэлийн хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчлөл, үйлдвэрлэлийн ослыг дорвитой бууруулсан байна. Түүнчлэн тэрбээр Монгол улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны MNS ISO45001:2018 стандарт, Байгаль орчны удирдлагын тогтолцооны МNS ISO14001:2005 стандарт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа юм. Мөнхүү тасралтгүй үйл ажиллагаатай Эрдэнэт үйлдвэрт он удаан жил ажиллахдаа ажлын шаардлагаар тэр шөнө орой, баяр ёслолын үеэр дуудагдаж ажиллана. Шаардлагатай ажлыг цагт нь чанартай гүйцэтгэх түүний хүлээсэн үүрэг хариуцлага. Ажлын ард гараад гэр рүүгээ явах сайхан гэж ярина. Өөрөөр хэлбэл хийсэн ажлынхаа үр дүнг үзээд сэтгэл ханамжтай явах нь туршлагатай мэргэжилтний аз жаргал байдаг биз. Ийм нэгэн шилдэг инженер бидний дунд ажиллаж, амьдарч явна. Энэ эрхэм бол ойр дотныхны нэрлэдгээр Дуулга инженер болой.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %