Монгол Улсын Их хурлын дэд дарга Л.Мөнхбаатараар ахлуулсан баг Эрдэнэт үйлдвэрт ажиллалаа. УИХ-ын дэд дарга болон УИХ-ын Байнгын хороодын дарга, гишүүд "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ажилтнуудын төлөөлөлтэй хийх уулзалтыг өчигдөр Соёл, урлагийн цогцолборт зохион байгууллаа.
Уулзалтын эхэнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон Эрдэнэт үйлдвэрийн түүхэн замнал, үйлдвэрлэл, үр ашиг, хүний нөөц, цалин хөлс, хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагаа, цаашдын хөгжил, зорилтын талаар танилцуулав. Тэрбээр, “Эрдэнэт үйлдвэр 100 хувь төрийн өмчит үйлдвэрийн газар болсноос хойших 5 жилд улс, орон нутгийн төсөвт нийт 6,9 их наяд төгрөг төвлөрүүлснийг онцлов. Мөн түүхэндээ анх удаа 37,2 сая тонн хүдэр боловсруулж, 4.0 их наяд төгрөгийн орлоготой ажиллаж, 2.0 их наяд төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэн 1,1 тэрбум ам.долларыг Монгол банканд арилжлаа” хэмээн тодотгосон.
Харин Монгол Улсын Их хурлын дэд дарга Л.Мөнхбаатар: “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн эрх зүйн орчин, Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, паркийн үйл ажиллагаанд төрөөс үзүүлэх дэмжлэг, бүсчилсэн хөгжил”-ийн талаар дэлгэрэнгүй тайлбарлав.
Түүнчлэн, Монгол Улсын Их хурлын дэд дарга дагалдан яваа хүмүүсийн хамт Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Засвар, механикийн заводын ажил байдалтай газар дээр нь очиж танилцлаа.