Улаан дипломтой уйгагүй баяжуулагч
Увсын цэнхэр хязгаарын Дэглий цагаан уулаас эх авдаг Түргэний голын дэнж дээр төрсөн Сүрэнгийн Давааням Улаангом хотноо 10-р ангиа дүүргээд Зөвлөлт Холбоот Улсад баяжуулагч мэргэжил эзэмшихээр мордов оо. Эрхүүгийн Политехникийн дээд сургуульд орос хэлний мэдлэгээ базааж, Украйны Донецк хотод оюутан болсон түүхтэй. Анхилам үнэрт, өнгийн сарнай хаа сайгүй дэлгэрсэн үзэсгэлэнт энэ хотод дэлхийд дээгүүрт ордог Донецкийн нүүрсний бассейн байх. Коксжсон нүүрсний үйлдвэрийн инженерүүдийг бэлтгэдэг Политехникийн дээд сургууль ч тэнд бий. Бодит амьдрал, практикт суурилсан сургалттай гайхалтай энэ сургуульд С.Давааням Донекцийн том уурхайн Баяжуулах фабрикийн дарга, Ерөнхий инженерээр ажиллаж байсан томчууд, эрдэмтэн багш нараар баяжуулалтын ухааныг заалгажээ.
С.Давааням хичээл номдоо гаргууд сайн суралцав. Донецкийн алдарт энэ сургуулийг 1981 онд Улаан дипломтой дүүргэж, аспирантурт суралцах урилга гардсан хоёр хүний нэг нь тэр. Өндөр үүдээ нээгээд удаагүй, цар хүрээ, зохион байгуулалтаараа дэлхийн чихийг дэлдийлгэсэн бүтээн байгуулалт болох Эрдэнэт үйлдвэрт 1980 онд дадлага хийсэн нь залуу инженерийн “хорхойг гозолзуулав”. Ийнхүү тэр сэтгэлийн дуудлагаараа Эрдэнэтийг зорьжээ. Та бүхнийг “Эрдэнэт” хэрхэн угтав? гэхэд: “Тэр жил Эрдэнэт үйлдвэрт гадаадад голдуу төгссөн 180 орчим инженер хуваарилагдан ирсэн юм. Ихэнх нь эхнэр, хүүхэдгүй, өмч нь чемодантай хувцас, ном л байлаа. Биднээс аль давхарт, хэдэн өрөө байр авах вэ гэж санал авч байлаа шүү дээ. Ихэнх нь Сувилалд байрлахыг сонгосон. Олуулаа бужигнаад, эргээд оюутан болсон мэт сайхан санагддагсан. Эрдэнэт үйлдвэр залуу мэргэжилтнүүдээ ингэж хүндэтгэн, хүлээн авч байжээ гэж бодоход сэтгэлд гэгээ татдаг юм” гэв.
С.Давааням үйлдвэрийн “зүрхэн” цехийн “зүрхэн” хэсэг болох Нунтаглан баяжуулах, манайхны нэрлэдгээр Төв корпусаас ажлын гараагаа эхэлснээ том завшаан хэмээдэг. Хөвүүлэн баяжуулагч, тээрмийн машинчаас эхлэн уураар утдаг хэсэгт ч ажиллав. Тухайн үед эхнэр нь Донецк-д сураад үлдсэн, хүүхдийг нь хөдөө аав, ээж нь хардаг болохоор завтайг ч хэлэх үү, мэргэжилдээ дуртай, сониуч залуу ээлжээс буугаад харихгүй. Асуудалтай зүйл хаана байна, тэр тэнд л шийдэх арга замыг эрж хайж явна. С.Давааням идэвх, санаачилга, мэдрэмж, мэдлэгээрээ үе тэнгийн инженерүүдээ манлайлж, найман сарын дотор мастер болов.
Бядтай эрдэмтэн
Тухайн үед Эрдэнэт үйлдвэрийн тоног төхөөрөмж болхидуу, автоматжуулалтын түвшин тун тааруу, өнөөдөртэй харьцуулахад, харилцаа холбоо маруухан байж. Залуус үүнийг сайжруулахаар ухаанаа уралдуулах. Пропарк хэсэг түлэгдэх аюултай, энерги их зарцуулдаг, асар өндөр зардалтай ажлын байр байв. Энэ технологийг өөрчлөх бодол С.Даваанямын толгойноос салахаа болив. Найз Ж.Баатархүүгээ “уруу татан”, ажлаасаа буугаад янз бүрээр туршина, бас их судална. Ингэж байтал найзыг нь Шинжилгээний төв лаборатори руу явуулчхав. С.Давааням нөхдийн хамт мөн л “үзэлцсээр”. Эрдмийн ажлын сэдвээ ч үүгээр сонголоо. Зэс, молибдены баяжмалыг салгахдаа уураар утдаг байсныг таван жил уйгагүй зүтгэсний үр дүнд сонгомол үйлчилгээтэй урвалж ашиглан баяжуулдаг болов. Энэ нь Эрдэнэт үйлдвэрт жилд 2,2 сая ам долларын эдийн засгийн үр өгөөж бий болгожээ. Докторын зэргээ амжилттай хамгаалж, энэ төслөө ч үйлдвэрлэлд нэвтрүүлэв. Эрдэмтэд, мэргэжил нэгтнүүд нь энэ бүтээлийг “Технологийн хувьсгал” гэж үнэлжээ. Монголын төрд патентлагдаж, баяжуулах процесст хийсэн “тэсрэлт”-ээ тэр: “Ганц минийх гэж хэлж даанч чадахгүй ээ. Баяжуулахынхан, бидний хамтын бүтээл. Эрдэнэт үйлдвэрийн “хүн” болсны минь буян заяа хэмээн даруухан өгүүлэв. Бас “Уул уурхайн гайхамшигт менежер “Ш.О” захирал залуу мэргэжилтнүүддээ “гадаад ертөнц”-ийг таниулж, нүдийг нь нээж, тэр хэрээр “их юм” нэхдэг байсан нь бидний шинийг сэдэх, хөгжихөд их нөлөөлсөн” гэв.
“Баяжуулах”-ын анхны Монгол Ерөнхий инженер
Мастер С.Давааням хамт олноо нэгэн зүгт хандуулах, технологийн процессыг жигдрүүлэх, тоног төхөөрөмжийг зүгшрүүлэх, хэцүүхэн ажлын байрыг аятай болгох гэж цаг нарыг умартан зүтгэх ч, оюунаа дайчилж, өөрийгөө сорихоо хэзээ ч зогсоосонгүй. Орос хэлний олимпиадад түрүүлж, Залуу мэргэжилтнүүдийн анхдугаар чуулганд тавьсан илтгэл нь дэд байр эзлэв. Залуу хархүү туршлагатай удирдагчдын овоо хараанд аль хэдийн өртөж, технологич, удалгүй Шинжилгээний төв лабораторид судлаач инженер болж дэвшив. Түүнийг нэг өдөр Орлогч сайд Д.Рэнчинханд дуудаж, Баяжуулах фабрикийн орлогч даргаар ажиллуулах болсныг дуулгав. Ингэж 28 настай залуу “Баяжуулах”-ын удирдлагад багтав. Гурван жил ажиллалаа. Эвийг нь олох гэж хичээсэн ч энэ ажил түүнд огт таалагдсангүй. Нэг өдөр тэр Ш.Отгонбилэг захиралд, цехийн орлогч дарга гэж хэрэггүй орон тоо, илүү дамжлага хэмээн, өөрийн албан тушаалаа үгүй хийлгэх хачирхалтай санал тавьжээ. Учир нь зөвхөн монгол ажилчдыг хариуцан, хэн нэгний үгээр тэднийг зэмлэж, сахилгын шийтгэл оногдуулдаг, технологийн процесст ойртох, шийдвэр гаргалтад оролцох эрхгүй байдал нь түүнийг ийн эгдүүцүүлжээ. Хэсэг хугацааны дараа дээрх орон тоог халж, үндсэн цехүүдийн Ерөнхий инженерээр Монгол хүмүүсийг томилов. С.Давааням Баяжуулах үйлдвэрийн анхны Монгол Ерөнхий инженер боллоо. Монгол мэргэжилтнүүдээ улам чадавхжуулах, тэднээр технологи удирдуулах нь түүний чин хүсэл, том зорилго байв. Л.Батаа, Р.Дэлгэр, З.Ганбаатар нарын шилдэг инженерүүдийг бодлогоор бэлтгэлээ. Фабрикийн дарга нартайгаа учирлаж нэг, уурлаж нэг, хэлэлцсээр Орос мэргэжилтний орон тоог Монгол болгож тэднийгээ хэсгийн даргаар томилуулж чадлаа. Үйлдвэрлэлийн гол хэсгүүд ийнхүү Монгол даргатай болов. С.Давааням инженер Эрдэнэт үйлдвэрт Монгол хүний статусыг өргөх шийдвэрт ингэж нөлөөлсөн юм.
Фабрикийн даргыг эзгүй хоёр жилд үүрэг гүйцэтгэгчээр түүнийг томилов. Эрдэнэт үйлдвэрийн “цөм” болсон том цехийг удирдаж явахдаа тэр конторт бараг л суухгүй. Үйлдвэрээ тойроод л усны гуталтай гүйж явах түүний гялалзуур төрх хэн бүхэнд танил. С.Давааням 1994 онд Үйлдвэр, техникийн хэлтсийн даргаар томилогдон, Үйлдвэрлэл эрхэлсэн захирлын ажлыг жил гаруй хашиж, “Эрдэнэт”-ийн үйлдвэрлэлийн бодлогыг тодорхойлолцож явсан нэгэн.
Тэрбээр 1990-ээд оны эхэн үед Эрдэнэт үйлдвэрийн нөлөө бүхий 16 нөхдийн хамт Иргэний хөдөлгөөн байгуулав. Тэд Хамтарсан үйлдвэрийн эдийн засгийн үр ашгаас Монголын тал бага хүртэж буйг хөндөн, нийгэмд дуу хоолойгоо тод томруунаар өргөв. Энэ нь Монголын талын эзэмших хувийг 51-д хүргэх үндэслэл болсон байна.
“Овгор” баяжуулагчдын багш
Зах зээлийн шилжилтийн эхэн үед гайгүй мастерууд нь “гахай үүрч” ганзагын наймаанд явчхаад Ерөнхий инженерийг ихээ сандаргав. Тэр Ерөнхий захиралд энэ тухай танилцуулснаар өөрсдөө баяжуулагч инженер бэлтгэх даалгавар авав. Баар ресторан, пивоны үйлдвэр, талхны цех болчихсон Сургалтын төвөө дахин сэргээж, ТИС-ийн салбар сургууль нээв. Орос номоо барьж, баяжуулалтын хичээл зааж эхэллээ. Эхний ээлжинд Дарханы Политехникум төгссөн, шилмэл залуусаа элсүүлэн сургажээ. С.Давааням, “Манай анхдагчдаас Т.Батмөнх, Т.Түмэн-Өлзий, Д.Эрдэнэцогт, С.Хандмаа нарын зэрэг өнөө цагийн өнгийг тодорхойлж яваа “овгор” баяжуулагч олон төрсөн” хэмээн бахархалтайгаар хэлэв. Ийнхүү түүний санаачилгаар Монголдоо бэлтгэсэн анхны баяжуулагч инженерүүдээ “өлгийдөн” авсан юм. “Эрдэнэтийн Овооны дэргэд Эрдмийн овоо сүндэрлэнэ” хэмээх түүний алдарт ишлэл биеллээ олж, “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль өргөжин, тэлсээр байна.
Мэргэжлийн холбоог санаачлагч
Түүний дотнын найз, Донецк-ийн “Улаан дипломтон”-ны нэг Самбуугийн Гэрэлтуяа агсан “Баяжуулагч мэргэжлийнхэн олуулаа боллоо. Одоо мэргэжлийн холбоо байгуулъя” хэмээснийг нь мань эр дэмжсэнээр хоёр найз С.Даваанямын гэрт Ашигт малтмал Баяжуулагчдын Холбооны дүрмийг бичсэн түүхтэй. Анхны хурлаа 1998 оны 6-р сарын 14-нд хийснээр Монголын Ашигт малтмал баяжуулагчдын холбоо байгуулагдсан юм. Анхны Ерөнхийлөгчөөр Баяжуулахын анхны доктор, хүндэт баяжуулагч Мятавын Дамдинсүрэн, гүйцэтгэх захирлаар Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрлэл эрхэлсэн захирал Ш.Гэзэгт сонгогдсон тухай тэр хуучилсан. Тэрбээр энэхүү мэргэжлийн холбооны Гүйцэтгэх захирлаар 10, Ерөнхийлөгчөөр 5 жил ажилласан гэдэг. Би баяжуулагч мэргэжилтэй болсондоо үргэлж баярлаж, талархдаг. Бидний мэргэжил ядуу хүнийг баян, ядуу хүдрийг баяжмал болгодог юм шүү дээ гэж баясан мишээв.
ХАБЭА-н шижгэр дарга
Эрдэнэт үйлдвэрт хоёр жилийн дотор хэд хэдэн осол гарч, эрдэнэт хүний амь эрсэдсэн, хар дарсан зүүд мэт өдрүүд тохиов. Энэ үед Ерөнхий захирал асан Ч.Ганзориг түүнээс, ХАБЭА-н хэлтсийн даргын албыг хариуцан ажиллаж, энэ салбарыг өөд нь татахыг аминчлан гуйж. Сэтгэл зүйн хувьд түүнд хэцүү байсан ч, тангараг өргөсөн цэрэг адил үйлдвэрийнхээ төлөө хүнд үед нь чадах бүхнээ зориулъя хэмээн бодож зөвшөөрсөн гэдэг. С.Давааням дарга ХАБ-ын ажлыг 71300 дугаартай утас ажиллуулан, ажилчдаас мэдээлэл цуглуулахаас эхэлсэн юм. Энэ нь аюул, эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх чухал хүчин зүйл болсон. Аюулгүй ажиллагааны 5А зарчмыг бий болгож, ажилтан бүр мөрддөг шинэ соёлыг Эрдэнэт үйлдвэрт төлөвшүүлэв. Монголд анхлан Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо OHSAS 18001 стандартыг Эрдэнэт үйлдвэрт нэвтрүүлсэн. “Нэн түрүүнд ХАБ” гэх нэршлийг Монголд нутагшуулав. Улсын хэмжээнд “Нэн түрүүнд ХАБ” бага хурал зохион байгуулж, Эрдэнэт үйлдвэрт хэрэгжиж буй сайн туршлагыг түгээн дэлгэрүүлдэг болов. Энэ бүхэн Эрдэнэт үйлдвэрийн ХЭМАБ-ын ажлыг шинэ түвшинд хүргэсэн.
С.Давааням 2014 онд “Эс Эф Си Эс” ХХК компанийг нөхдийн хамт үүсгэн байгуулсан юм. Энэ нь Олон Улсын Менежментийн тогтолцооны стандартыг баталгаажуулдаг, олон Улсад хүлээн зөвшөөрөгдсөн анхны компани юм. Өнөөдөр үйл ажиллагааны хүрээгээ тэлж 140 гаруй аудитортой, олон зуугаар тоологдох байгууллагын менежментийн тогтолцооны баталгаажуулалт хийж байна.
Тэр одоо ч ХАБ-ын чиглэлээр зөвлөгөө өгч, хичээлээ заасаар л, амьдралынхаа туршид хуримтлуулсан мэдлэг, туршлагаа түгээн дэлгэрүүлэх их үйлсэд хүчин зүтгэсээр явна.
Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Техникийн ухааны доктор, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ахмад ажилтан, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн профессор Сүрэнгийн Даваанямын тухай цухас өгүүлэхэд ийм. Энэ эрхэм хүмүүнд “Баавартай баяжуулагч”, “Бядтай эрдэмтэн”, “Чансаатай удирдагч” хэмээх тодотгол зохих нь лавтай.