Энэ буландаа Засвар, угсралтын цехийн гагнуурчин Батмэндийн Батжаргалыг урилаа. Тэрээр саяхан Улаанбаатар хотноо болсон Гараар татах хүчний Улсын аварга шалгаруулах тэмцээнээс Алтан медаль хүртэж, -90 кг жингийн рекорд амжилтыг эвдэж, улмаар Ази тив, Дэлхийн аваргын тэмцээнд орох эрхээ гарджээ. Түүнтэй уулзаж ярилцлаа.
-Юуны өмнө Гараар татах хүчний Улсын аварга болсонд баяр хүргэе.
-Баярлалаа.
-Тэмцээнд түрүүлсэн үеийн сэтгэгдлээ хуваалцана уу?
-Жингийн рекордоо шинэчлэн тогтоосондоо их баяртай байна. Дасгалжуулагч багш, хамт бэлтгэл хийдэг тамирчдадаа, бэлтгэл хийх боломжоор хангадаг гэр бүлийнхэндээ, аав, ээждээ, ажлын хамт олондоо баярлалаа.
-Та аль нутгийнх вэ? Өөрийнхөө тухай товч танилцуулна уу?
-Би Булган аймгийн Могод сумын унаган хүүхэд. Аав ээж маань малчин хүмүүс. Багаасаа л унага татаж, үнээ тугал ивэлгэж, айраг цагаа ууж өссөн дөө. Би автын механик, гагнуурчин мэргэжилтэй. 2020 онд сонгон шалгаруулалтад тэнцэн, Эрдэнэт үйлдвэрийн ЗУЦ-д цахилгаан ба хийн гагнуурчнаар ажилд орсон.
-Эрдэнэт хотод өнгөрсөн жил болсон Бүх ард түмний өвлийн спортын тэшүүрийн төрлөөс та хоёр ч медаль хүртэж байсан санагдаж байна. Энэ спортоор хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ?
-.Бүр багаасаа хичээллэсэн. Олон сайхан тамирчин төрүүлсэн Булган аймгийн Могод сумын сургуулийн биеийн тамирын Балгармаа багш маань тэшүүрийн спортын сайхныг надад мэдрүүлсэн. Биднийг Улаанбаатар хот руу хүртэл явуулж бэлтгэл хийлгэдэг байсан. Дараа нь Орхон аймагт ирээд Одцэцэг, Мөнх-Эрдэнэ багш нарынхаа удирдлагад бэлтгэл сургуулилт хийсэн. Энэ спортоор бараг 20 шахам жил хичээллэлээ. Өнгөрсөн өвөл Бүх ард түмний өвлийн спортын наадмын Шорт трекийн төрөлд мөнгө, хүрэл медаль авсан.
-Хамгийн сэтгэл хөдөлгөсөн тэмцээнээ дурсвал?
-5-р ангид байхдаа Аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль авч, их баярлаж, урамшсан. Тэгээд л Орхон, Булган аймаг, мөн Улсын аварга шалгаруулах тэмцээнд тасралтгүй оролцож, бараг л тэмцээн бүрээсээ медаль авч байсан. Ер нь тэмцээн бүрд л сэтгэл хөдөлдөг дөө.
-Та ямар зайд уралддаг вэ?
-Холын зайд уралддаггүй. Ойрын зайд тэсрэлттэй, хүч их шаардсан төрлөөр уралдах дуртай. Тэшүүр бол хурд, хүчний спорт. Хөлийн булчин сайн хөгждөг, тэсвэр тэвчээр дээд зэргээр шаарддаг. Уул өөд гүйх, талын кросс хийх зэргээр бэлтгэлээ базаадаг. Тэгэхлээр тэшүүрийн тамирчин аль ч спорт руу хөрвөх боломжтой. Тэсвэр тэвчээрээ сайжруулахын тулд фитнесээр 16 наснаасаа хичээллэсэн.
-Тэшүүрийн тамирчин яагаад хүчний спортоор хичээллэх болов?
-Би хүчний спортод ч мөн дуртай. Бие бялдраа хөгжүүлэх зорилгоор 2022 оны 6-р сараас энэ спортоор хичээллэж эхэлсэн. Энэ спортоор хичээллэдэг манай цехийн О.Гантөмөр ах, “Чиний хүч бага багаар ахиж байна. Ирээдүй харагдаж байна шүү. Улсын аваргын тэмцээнд ороод үз” гэсэн. Энэ үгэнд нь урамшиж, бэлтгэлээ шаргуу хийсээр 9-р сард Улсын аваргын тэмцээний Гараар таталтын төрлөөс мөнгөн медаль авсан.
-Гуравхан сар хичээллээд л Улсын аваргаас медаль хүртэнэ гэдэг их авьяастайнх байх?
-Хөдөө мал ахуйд ойр өссөн нь өлчир чийрэг, хүч чадал сайтай байхад нөлөөлсөн байх. Багш, дасгалжуулагч, гэр бүлийнхэн, удирдлага, ажлын хамт олны дэмжлэгээр бэлтгэл сургуулилтаа сайн хийж л амжилт гаргасан.
Би Орхон аймгийн “Хүчтэн” клубийн Эрдэнэхүү багшийн удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийдэг. 2023 онд Бүх ард түмний спортын өвлийн наадмын бэлтгэл хийгээд хүчний спортын Улсын аваргын тэмцээнд орж чадаагүй. Хүчний гурван төрөлтийн Булган аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, хүрэл медаль авсан. Энэ жил болсон Булган аймгийн аваргын тэмцээнээс суултаар мөнгө, нийлбэр дүнгээр мөн мөнгөн медаль авсан. Сая 3-р сарын 18-нд пауэрлифтингийн гараар таталтын Улсын аваргын тэмцээнд орж, алтан медаль хүртлээ.
-Таныхаар спортоор хичээллэхийн сайхан нь юунд байдаг вэ?
-Зөв дадал, ялж, ялагдаж чаддаг, тэсвэр тэвчээртэй байх зэрэг хүний амьдралд нэн чухал чанаруудыг спорт өгдөг. Тиймээс дүү нар, үе тэнгийнхэндээ спортоор хичээллээрэй гэж уриалах байна.
-Хүнд ажлын хажуугаар хүч шаардсан дасгал хийхэд ядардаг уу?
-Анх үйлдвэрт ороод ажил, гэр гэсэн маршруттай байхад ядардаг байсан. Одоо бол бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ядарснаа мартчихдаг. Спортоор хичээллэснээр ажлын бүтээмжид ч сайнаар нөлөөлдөг. Ажил, амралтаа зохицуулж, нойроо сайн авах нь тун чухал.
-Өдөр бүр бэлтгэлтэй байдаг уу? Чөлөөт цаг тань зааланд л өнгөрөх үү?
-Хоёр өдөр бэлтгэл хийгээд, нэг өдөр амардаг. Бэлтгэлгүй өдрөө гэрийн ажлаа хийх, хүүхдээ асрах зэргээр эхнэртээ тусалдаг. Бас амралтын өдрүүдээр гэр бүлээрээ агаар салхинд гарах дуртай.
-Таны цаашдын зорилго юу вэ?
-Бэлтгэлээ эрчимтэй базааж, тив дэлхийгээс медаль хүртэх том амбиц бий.
-Ярилцсанд баярлалаа. Таны хүсэл биелэх болтугай.