Эрдэнэт үйлдвэрийн анхдагч болсон нь миний бахархал

Батмагнайн МАЖИНБУУ 1951 онд төрсөн. 1961 онд 10 настайдаа шууд хоёрдугаар ангид элсэн орж 1969 онд Говь-Алтай аймгийн 10 жилийн дунд сургуулийг дүүргэсэн. Тухайн үед сурлага сайтай хүүхдүүд л хамгийн түрүүн хүссэн мэргэжлээ сонгодог байлаа шүү дээ. Тэр жил сургуулийнхаа 72 төгсөгчийг  сурлагаар тэргүүлсэн эхний 4 хүүхдэд ЗХУ-д суралцах эрх олгоход нэгэнд нь Б.Мажинбуу  сонгогдсон байна. Ингээд ЗХУ-ын Эрхүү хотын Их сургуулийн хэлний бэлтгэл ангид эхний жил суралцсан. Улмаар 1976 онд Эрхүү хотын Политехникийн сургуулийг Ашигт малтмалын баяжуулалтын инженер мэргэжлээр төгсөж ирснээс хойш Эрдэнэт хот, “Эрдэнэт” үйлдвэртээ ажилласаар гавьяаны амралтаа авчээ. 
Удаан жил хөдөлмөрлөх хугацаанд Төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн хүндэт медаль” “Алтан гадас” одон, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор энгэрээ мялаалгасан түүнийг Эрдэнэтийнхэн Сургалтын төвийн анхдагч,  Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн, аяллын хоббитой гэдгээр нь андахгүй. Нийгмийн өндөр идэвхтэй, олон хоббитой, “Эрдэнэт” үйлдвэрийн анхдагч, ахмад ажилтан, ШУТИС-ийн хүндэт профессор Б.Мажинбууг мөн 6 салбарын “Тэргүүний ажилтан” цол, тэмдгээр мялаасан  байна.  Түүний туулсан ажил, амьдралын баялаг түүхийг товчлон өөрийнх нь яриагаар уншигч танаа хүргэж байна. 

Б.МАЖИНБУУ: -Биднийг ЗХУ-ын Эрхүүгийн Политехникийн их сургуульд эхлэн суралцаж байх үед буюу 1970-аад оноос Монгол улсад уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, хотыг Монгол-Зөвлөлтийн барилгачид барьж байгуулж байгаа гэсэн мэдээ  ихэд цацагдаж байв. Манай факультетын эрдэмтэн профессор, ашигт малтмалын баяжуулалтын инженер, гадаад оюутны асуудал эрхэлсэн дикан Иван Макарович Куликов 3-р курст орсон жилээс “Танай улсад уул уурхайн маш том үйлдвэр барьж эхэлсэн байна. Чи сургуулиа төгсөөд тэнд л очиж ажиллаарай” гэж байн байн хэлдэг байв. Хичээл дээр хүртэл “Эрдэнэт” үйлдвэрээр жишээ татаж, монгол оюутнууд төгсөөд очиж ажиллах ажлын байр нь бий болж байна, сайн суралцаарай гэдэг байв. Сургуулиа төгсөж, эх орондоо ирж Уул уурхайн яаман дээр очоод багшийнхаа зөвлөснөөр шууд л “Эрдэнэт” үйлдвэрт ажиллана гэж саналаа өгсөн. Ингээд 1976 оны 7-р сарын 1-нд анх Эрдэнэтэд ирсэн. 1976 оны 8-р сарын 2-оос “Эрдэнэт” үйлдвэрийн Сургалтын төвд ажиллах тушаал гарч, хөдөлмөрийн гараагаа эхэлж байлаа. Биднийг ирэхэд “Эрдэнэт” үйлдвэрийн бүтээн  байгуулалт  ид өрнөж байсан. Би үйлдвэрийн дэргэдэх Сургалтын төвийн багшаар томилогдсон болохоор суралцагчдаа дагуулаад удахгүй баригдаж дуусах “Эрдэнэт” үйлдвэрийн шинэ барилга байгууламжтай танилцуулах аялал, хичээл  хийдэг байв. Тус үйлдвэр ашиглалтанд орохоос өмнөх бүтээн байгуулалтын үеийн бүх үйл явцыг харж ажиглаж явсаар энэ үйлдвэрийн анхдагч болсон нь миний бахархал, бас азтай хувь заяа юм даа. Тийм ч учраас Эрдэнэт үйлдвэрт ажилласан азтай хувь заяа, амжилтдаа сэтгэл тэнүүн ажиллаж амьдарснаа мэргэжлийн маань багш И.М.Куликовтой холбон бахархаж байдаг юм.
Намайг сургуулиа төгсөөд ирэхэд “Эрдэнэт” үйлдвэрийн Сургалтын төв байгуулагдаад нэг жил болсон байлаа. Анх ирэхдээ үйлдвэрийн талбар дээр ажиллана гээд ирсэн чинь багшаар ажиллуулна гэхэд зүрхшээж билээ. Тэр бүү хэл, 8-р сард шинээр ирсэн сурагчид “Мажинбуу багш аа” гэж дуудахад нүүр улайж “Нээрээ би багшилж чадах болов уу” гэж бодож байв. Энэ бол тухайн үед багш гэдэг мэргэжил, багш хүн гэдэг нийгэм даяар өндөр нэр хүндтэй байсантай л холбоотой юм даа. Эхний хоёр жил Говилын нэг давхар түр сууцанд сургалтын үйл ажиллагаа эрхэлсэн. Үйлдвэрийн удирдлагууд “Үйлдвэр удахгүй ашиглалтанд орно. Тэнд ажиллах боловсон хүчнийг сайн сургаж, дадлагажуулах нь та нарын гол үүрэг” гэдэг байв. Сургалтын төвийн анхны төгсөлтөөр цахилгааны засварчнаар 36 хүн төгссөн. 1977 оноос ашигт малтмалын баяжуулалт, гүүрэн кранчин, коньвейрын машинч, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжлээр сургаж эхэлсэн. 1980 оны үед белазын жолооч, автын засварчин, хянах хэмжих төхөөрөмжийн засварчин, цахилгаанчин, бульдозер, экскаватор, өрмийн машинч, тоног төхөөрөмжийн засварчин гэх мэт 10-аад мэргэжлээр сургаж төгсгөдөг болсон. Нийтдээ ТМС-ийн системээр 1985, 1986 он гэхэд 1300 гаруй мэргэжилтэй ажилчид бэлтгэсэн. Энэ бол миний бас нэгэн бахархал юм.  Монголд ирээд монгол хэлээр хэвлэгдсэн мэргэжлийн ном олдохгүй хэцүүхэн байж билээ. Харин 1978 оноос баяжуулалтын мэргэжлээр сургалт хийхэд Дарханы Политехникумын багш нарын бичсэн, орчуулсан ном, гарын авлагууд бидэнд маш их хэрэг болсон. Миний хувьд “Эрдэнэт” үйлдвэрт ажиллах анхны баяжуулагчдыг сургаж төгсгөснөөрөө, Сургалтын төвийн  №1 дугаартай дипломыг анхны төгсөгч Ц.Бавуужавд  гардуулан өгч байсан нь сайхан дурсамж болон үлджээ. Ийнхүү мэргэжлийн сургалтын багшаар хэдэн жил ажилласны дараа Сургалтын төвийн ахлах инженер-багш, захирлын сургалт хариуцсан туслах, хичээлийн эрхлэгч, орлогч захирлын албан тушаалд дэвшин ажилласан. 1985 оноос Д.Сүхбаатарын нэрэмжит Намын дээд сургуульд 2 жил суралцаад 1987 оноос  Эрдэнэт хотын Намын хороонд улс төрийн ажилтан, зааварлагчаар 1991 он хүртэл ажилласан. Улмаар Монгол-Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн сонгуульт ажил эрхэлж   байгаад 1993 оноос “Эрдэнэт” үйлдвэрийн Баяжуулах фабрикт хоёр жил ажилласан. 1995-1998 онд Сургалтын төвийн захирлаар томилогдон ажилласан. 2011 онд гавьяаны амралт авах хүртэл тус сургуульд ШУТМ-ийн инженер, ХАБЭА-н инженер, Сургалтын албаны ажилтан байв. Өөрөөр хэлбэл, улсад ажилласан 35 жилийн хөдөлмөрийн 29 жилд нь “Эрдэнэт” үйлдвэрийн Сургалтын төвд ажилласан түүх ард үлджээ. Ингэж нэг байгууллагад олон жил тогтвор суурьшилтай, оногдсон ажилдаа хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн маань бахархал юм даа. 
Манай сургуулийн түүхийг одоо эргэн харахад их сайхан санагддаг. Яагаад гэвэл, үйлдвэрийнхээ ажиллагсдын хөгжлийг хангахын тулд дандаа өсч өндийн, дэвшин хөгжиж ирсэн байдаг. 1975-1978 онд  ТМС-ийн системээр 8-р анги төгссөн хүүхдүүдийг хүлээн авч, 1978 оноос  “Эрдэнэт” үйлдвэрт бие бялдар, боловсрол сайтай залуусыг сонгон сургах шаардлагын дагуу 10-р анги төгсөгчдийг элсүүлэн сургадаг болсон. Намайг Намын дээд сургуульд суралцаад, дараа нь хотын Намын хороонд ажиллах хугацаанд “Эрдэнэт” үйлдвэрийн ажиллагсдын мэргэжлийн мэдлэг боловсролыг дээшлүүлж техникийн дунд боловсрол эзэмшүүлэх зорилгоор Дарханы Политехникумын салбарыг Сургалтын төвд 1987-1992 онд ажиллуулав. Энэ хугацаанд техникийн тусгай боловсролыг 400-аад ажиллагсдад эзэмшүүлсэн. 1990 оноос нийгмийн өөрчлөлт шинэчлэлийн явцад боловсон хүчний бодлого алдагдаж инженер техникийн ажилтнуудыг нөхөн сэлгэлт хийх хүний нөөцгүй шахам болсон. Үүнийг  С.Давааням тэргүүтэй инженерүүд соргогоор мэдэрч, уул уурхайн дээд мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх асуудлыг боловсруулан үйлдвэрийн Ерөнхий захирал агсан Ш.Отгонбилэгт танилцуулсан. Ерөнхий захирал улмаар Улаанбаатар дахь Техникийн дээд сургуулийн удирдлагуудтай уулзаж ярилцаад тус сургуульд хөвүүлэн баяжуулалтын лаборатор  бэлдэж өгөөд тус сургуульд  инженер техникийн ажилтнуудаа сургаж боловсруулах шинэ алхам хийсэн юм. Үүний зэрэгцээ Сургалтын төвийн бааз суурин дээр  дээд сургууль байгуулах санаачилга гарч, тэр нь дээр дооргүй дэмжигдэж Сургалтын төвийг шаталсан сургалттай Техникийн дээд сургууль болгон өргөтгөх төслийг Ш.Отгонбилэг захирлын удирдлага дор бид боловсруулж билээ. Тухайн үеийн ТЗУХИ-ийн эрдэмтэн багш нар ирж энэ төсөлд оролцсон. Ингээд шаталсан сургалттай Техникийн дээд сургууль болж, түүний захирлаар би бас гурван жил ажилласан. Тус сургуулийн бакалаврын сургалтын анхны элсэлтийг 1996 онд хийж, тэднийг 1998 онд төгсгөсөн. Манай сургуулийн магадлан итгэмжлэлийг 1998 онд олгосон. Үүнтэй зэрэгцээд ШУТИС баяжуулалтын инженер, геологичид, цахилгааны инженерүүдийг сургаж бэлтгээд манай үйлдвэрийн ажиллах хүчний нөөцийг хангахад маш том хувь нэмэр оруулсаар ирсэн. Өнөөдөр манай сургууль ШУТИС-ийн харъяа “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль болж, харилцан ашигтай хамтын  ажиллагааны үр дүнд улам өргөжсөөр байна. Төр засгийн бодлогын дагуу 2022 оноос МУИС-ийн Орхон аймаг дахь салбар сургуулийг манай сургуультай нэгтгэсэн. Ингэснээр манай сургууль өмнө нь зөвхөн техник технологийн мэргэжил олгодог байсан бол одоо нийгмийн ухааны мэргэжлээр сургалт эрхлэх үүрэг хүлээж байна. ШУТИС өнөөдөр Ази тивийн тэргүүлэх сургууль болох зорилттой ажиллаж байгаад “Эрдэнэт” үйлдвэрийн оролцоо, дэмжлэг туслалцааны үр нөлөө их юм. Сургуулийнхаа энэ бүх өөрчлөлт шинэчлэлд оролцож, хувь нэмэр оруулж явсан маань миний насан туршийн бас нэгэн том бахархал.   


Сургуулийг олон улсын түвшний их сургууль болгох их үйлсийн санаачлагч Ш.Отгонбилэг агсны оруулсан хувь нэмэр асар их. Тиймээс жил бүр хичээлийн шинэ жилийн нээлтийн өдөр-9 дүгээр сарын 1-нд, мөн төрсөн өдрөөр нь түүний хөшөөнд цэцэг өргөх хүндэтгэл, ёслолыг  зохион байгуулдаг.  Ш.Отгонбилэгийн нэрэмжит гудамжны эхэнд үзгэн хөшөө босгосон, жил бүр Ш.Отгонбилэгийн нэрэмжит хичээлийг шинэ оюутнууд болон үйлдвэрийн шинэ ажиллагсдад зориулан хийдэг. Түүнчлэн “Ш.Отгонбилэгийг хэн сайн мэдэх вэ?” эссэ бичлэгийн уралдаан жил бүр зохион байгуулдаг. Түүний “Эрдэнэт” үйлдвэрт оруулсан хувь нэмрийг үеийн үед дурсан санах, дурсгалыг нь мөнхжүүлэх, удирдахуйн ухааны арга барилаас нь залуу удирдлага, инженер техникийн ажилтнуудад эзэмшүүлэх зорилготойгоор энэ ажлуудыг тус сургууль олон жил тасралтгүй зохион байгуулж ирсэн. Цаашид ч хийсээр байх болно. Үүнийг сургуулийн хамт олон бид зайлшгүй хийх ёстой сайн үйлс гэж үздэг. 

ХОББИНУУД МААНЬ АЖИЛ АМЬДРАЛ СОНИРХОЛТОЙ, ХӨГЖИЛТЭЙ, ҮЙЛС ӨӨДРӨГ БАЙХАД ТУСАЛДАГ

Монгол-Зөвлөлтийн найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэх нь миний амьдралын нэг хэсэг


Өмнөх нийгэмд аймгуудын Намын хороонд Монгол-Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн ажилтан орон тоогоор ажилладаг байсан. Би 1991 оноос хойш энэ ажлыг хийсэн. Эхний хоёр жил орон тооны ажилтан байсан. Дараа жилүүдээс сонгуульт ажил болсон хэдий ч өнөөдрийг хүртэл энэ дуртай ажлаа хийсээр байна. Би ОХУ-д дээд боловсрол эзэмшсэн, Оросын ард түмний Монголд оруулсан түүхэн хувь нэмэр үнэлж барамгүй, Эрдэнэт хот, уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг барьж байгуулан ашиглалтанд оруулаад өнөөдрийг хүртэл хамтран ажилласаар буй ОХУ-ын мэргэжилтнүүдийн ач тусыг бид мартах учиргүй гээд Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн ажлыг орхигдуулахгүй байх маш олон учир шалтгаан бидэнд бий. Монголчууд бусдын тус дэмийн хариуд дандаа ач санаж явдаг  жудаг ёсыг дагаад энэ ажлаас би татгалздаггүй юм. Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн ажлын хүрээнд жил бүрийн 4, 5-р сард Ялалтын баяр, 10-11-р сард Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийг зохион байгуулахад гол анхаарлаа хандуулдаг. Ялангуяа ерөнхий боловсролын сургууль, оюутан залуучуудын дунд манай хоёр орны олон арван жилийн уламжлалт найрамдал, хамтын ажиллагааг сурталчлах, Эрдэнэт хот, “Эрдэнэт” үйлдвэрийг бүтээн байгуулсан түүхэн үйл явцыг сурталчлан ойлгуулахыг хичээдэг. Эрдэнэт хот, “Эрдэнэт” үйлдвэрийн бүтээн байгуулалт ид өрнөсөн1974-1984 оны үйл явцын баримт болох гэрэл зургаар томоохон үзэсгэлэн гаргаж, “Эрдэнэт” үйлдвэрийн музейд 100 гэрэл зураг хүлээлгэн өгөхөөр зэхэж байна. Эх орны дайны он жилүүдэд Монгол-Зөвлөлтийн ард түмэн харилцан бие биедээ хэрхэн тусалж байсныг мөн гэрэл зургаар илэрхийлсэн үзэсгэлэн надад бий. Үүнийг баярын өдрүүдээр олон нийтэд дэлгэн үзүүлдэг. Энэ бүхнээс хүүхэд, залуучууд Монгол орны өнөөгийн энх амгалан амьдрал ямар үнэ цэнээр олдсоныг олж хараасай гэж хүсдэг. Монгол-Оросын найрамдлын сарын ажлыг Монгол улсад 1951 оноос (1991-2000 оны хооронд завсарласан), харин Эрдэнэт хотод 1976 оноос эхлээд өнөөдрийг хүртэл бид тасралтгүй зохион байгуулсаар байна.
1975-1980 оны төгсгөл хүртэл Эрдэнэтэд ажиллаж амьдарсан ЗХУ, Оросын мэргэжилтнүүдээс Эрдэнэтийн уурхайчид  ажлын арвин их туршлага, амьдралын зөв хэвшил, дадлыг олж авсан. Тэр үеийн Зөвлөлт, Оросын мэргэжилтнүүд болон тэднээс суралцаж “Эрдэнэт” үйлдвэрийн анхны жилүүдийн ачааны хүндийг үүрэлцсэн үйлдвэрийн удирдлага, инженер техникийн ажилтнууд, уурхайчдыг жинхэнэ “алтан үеийнхэн” гэж нэрлэмээр санагддаг. Инженер техникийн ажилтнуудыг хаана суралцаж төгссөнийг үл харгалзан үйлдвэрийн цехэд ажилчны ажлын байрнаас хөдөлмөрийн гарааг нь эхлүүлж, үйлдвэрлэлтэй танилцуулан дадлагажуулсны дараа л шат ахиулан албан тушаалд томилдог “алтан дүрэм” тэр үед үйлчилж байлаа. Энэ бол “Эрдэнэтийн школ” бий болсон, түүний жинхэнэ эзэд нь бид байсан түүх юм.  Зөвлөлтийн мэргэжилтнүүд маш богино хугацаанд монгол уурхайчдыг  ажил мэргэжилд нь сургах үүрэг хүлээн ажилладаг байсан, тэр нь амьдралд яг хэрэгжсэн нь бидний аз юм. 

Уул-аяллын спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулав

Би Говь-Алтай аймгийн уугуул. Манай нутаг уулархаг учраас бид хүүхэд байхаас л ууланд их аялдаг, алхдаг байлаа. Эрхүүд оюутан байхдаа уул-аяллын спортын клубт хичээллэж, Саяни уулс, дундат Азийн Тянь-шянь ууланд авирч явлаа. “Советский альпинист” тэмдгийн нормыг биелүүлж байв. Эрдэнэтэд ирээд  сурагчдаа дагуулан уулын алхалт хийдэг байснаа дараа нь уулын аялал зохион байгуулдаг болсон.1990-2018 онд Монголын адал явдалт спорт аяллын холбооны Эрдэнэт дэх салбарыг тэргүүлэн ажилласан. Энэ ажлын хүрээнд Эрдэнэтийн явган аялал, спорт аяллыг хөгжүүлэхэд багагүй хувь нэмэр оруулсан. Ер нь Эрдэнэтийнхэн аялах дуртай. Баян-Өндөр хайрхан руу алхалтын шат, зам гаргаснаас хойш иргэд ууланд маш их алхдаг, аялдаг болсон байна. Спорт аяллаар оюутнуудаа дагуулаад мөн л нэлээн ажил зохион байгуулсан. Энэ бүхэн хүүхэд, залуучууд эх орноо хайрлах, байгаль орчинтой зөв зохистой харьцах, эрүүл мэндийнхээ төлөө зөв дадал хэвшилтэй болох гээд олон талын ач холбогдолтой юм. 

Скаутын хөдөлгөөний зохион байгуулалтад оролцдог


Скаутын хөдөлгөөн Монголд 1990-ээд оноос үүсч маш амжилттай хөгжсөн. Хүүхдүүдийг байгальд ойртуулах нэг гол үйл ажиллагаа энд өрнөдөг. Би 1990-ээд оны дунд үеэс энэ хөдөлгөөнийг дэмжиж Эрдэнэтийн олон арван хүүхдийг скаутын хөдөлгөөнд татан оролцуулж, нийгмийн идэвхтэй иргэн болгосондоо баяртай байдаг. Одоо “Энэрэл” төвийн Скаутын бүлэгт зөвлөгөө өгч хамтран ажилласаар байна. 

Гэрэл зургийн сурвалжлагч

ОХУ-ын Эрхүү хотод оюутан байхад биднийг үндсэн мэргэжлээс гадна сайн дурын үндсэн дээр оройн сургалтаар нийгмийн мэргэжил эзэмшүүлдэг байв. Би энэ сургалтанд хамрагдаад гэрэл зураг сонирхож, бас ШБОС-ын патент судлалаар нэлээн мэдлэг чадвар эзэмшсэн. Дээд сургуулийн дипломын ажилд патентын судалгаа хийж хавсаргаад өндөр үнэлгээ авч билээ. Мөн гэрэл зураг сонирхсоор яваад гэрэл зургийн сэтгүүлчийн үнэмлэх гардан авсан. Аяллын болон Эрдэнэт хот, “Эрдэнэт” үйлдвэрийн түүхэн үйл явдлын гэрэл зураг их авсан. 2025 онд тохиох “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн 50 жилийн ойг угтан сургуулийнхаа түүхэн гэрэл зургийн бүтээл хийхээр бэлтгэж байна. Би МСНЭ-ийн гишүүн. 

Марк цуглуулах нь хобби төдийгүй соёлын өв тээгч болов

Марк цуглуулах нь миний маш эртний хобби. 1990 он гараад нийгмийн өөрчлөлт шинэчлэл болоход марк цуглуулах үйл ажиллагаа зогссон. Өмнөх нийгэмд марк цуглуулагчдын холбоо өргөн хүрээтэй үйл ажиллагаа зохион байгуулдаг байв. Эрдэнэт хотын салбар 80 гаруй гишүүнтэй байлаа. Би цуглуулгаа хаяагүй, хадгалсан. 2010 онд эргэн уулзахад марк цуглуулагчид цуглуулсан маркуудаа хаясан гээд хожим нь харамсаж байсан. Би цуглуулгаа хадгалсаар өдий хүрсэн учраас одоо музейн үзмэр болгохоор зэхэж байна. Монголд анхны марк хэвлэгдсэний 100 жилийн ой 2024 онд тохионо. Энэ ойн үеэр маркны музей нээхээр Соёлын яамны Соёлын өвийг бүртгэх газарт саналаа хүргүүлсэн. Орхон аймгийн Соёл урлагийн газар миний саналыг мөн дэмжээд хамтран ажиллаж байна. Марк бол нийгмийн түүх, соёлын их өв юм. Тиймээс “Маркад мөнхөрсөн Монгол мину” сэдвээр музейн үзмэрээ нээнэ. Монголд 1110 нэрийн 4500 гаруй марк гарсан байдаг. Үүнээс надад 3000 орчим марк нь байна. Эрдэнэтийн марк цуглуулагчдын холбоонд 25 хүн бий. Хобби нэгтэй хүмүүсийг нэгтгэсэн “Эрдэнэт өв” ТББ-ын тэргүүнээр би өнөөдөр ажиллаж байна.

Эрдэнэт хот, “Эрдэнэт” үйлдвэртээ 45 жилийн турш ингэж ажиллаж, амьдарснаа эргээд дурсахад харамсах юмгүйдээ сэтгэл хангалуун байдаг. Энэ онд тохиож буй “Эрдэнэт” үйлдвэрийн 45 жилийн ой, “Эрдэнэт” үйлдвэрийг  байгуулах тухай Монгол-Зөвлөлтийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 50 жилийн ой угтаж нийт Эрдэнэтчүүддээ, Эрдэнэтийн анхдагч, уурхайчдадаа ажлын амжилт, эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе.

Ж.ОЮУН 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Х.ОЛЗБААТАР: Цахимд бүртгэлтэй бараа материалыг сонирхсон хүмүүс худалдан авах боломж бүрдсэн
Г.Ёндон: Би баяжмал борлуулах гэрээ хийхгүй
  • .
  • 10/05/2024
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %