Эрдэнэт үйлдвэрийн Тээвэр, ложистикийн төвийн дарга Х.Олзбаатараас тус цехийн “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн ач холбогдлын талаар тодрууллаа.
-Өдөрлөгийн нэг онцлог нь тухайн бүтцийн нэгжүүдийн бараа материал авах эрх бүхий албан тушаалтан нь, инженер техникийн ажилтан, мастер, засварчинтайгаа ирээд хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүнээ сонгох боломж олгодог. Өөрөөр хэлбэл, хэрэгцээтэй бараа материалтайгаа танилцах, бусад нэгжийн захиалгаар ирсэн сэлбэг хэрэгсэл байвал хугацаа алдахгүй авч ашиглах боломжтой. Мөн хэрэгцээтэй бараа материалаа газар дээр нь тэмдэглүүлээд авч болно. Харин 7 хоногийн хугацаанд нь журмын дагуу холбогдох бичиг баримтыг бүрдүүлж өгөх ёстой.
-Энэ жилийн нээлттэй хаалганы өдөрлөгийн онцлог юу вэ?
-Бид гурваас дээш жил хадгалсан нийт 1351 нэр төрлийн 25,9 тэрбум төгрөгийн өртөг бүхий бараа материалыг бүтцийн нэгжүүдийнхээ дотоод хэрэгцээнд олгох зорилгоор цехийнхээ үйл ажиллагааг нээлттэй танилцуулж байгаа нь онцлог юм. Нөгөө талаар ашиглахгүй бараа материалын үлдэгдэл наймдугаар агуулахад байдаг. Энд үйлдвэрлэлийн технологи шинэчлэгдсэний улмаас ашиглалтаас гарсан тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл ихэнх хувийг эзэлдэг. Ийм 738 нэр төрлийн 2,7 тэрбум төгрөгийн бараа материал байгаа. Нийт 2089 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг бүтцийн нэгжүүдийн хэрэгцээнд танилцуулах ажлыг зохион байгуулж байна.
-Гаднын байгууллага, хувь хүмүүст ашиглагдаагүй бараа материал худалдан авах боломж хэр байдаг вэ?
-Манай төв, Мэдээлэл технологийн хэлтэс, ХМТАЦ, Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтэстэй хамтран ашиглахгүй бараа материалыг цахим бүртгэлд оруулсан. Сонирхсон хүмүүс QR код уншуулж, мөнгөө төлөөд цахимаар бараа материал захиалах боломжтой. Өөрөөр хэлбэл олон шат дамжлагагүйгээр цахим худалдаа хийх боломж бүрдсэн. Холбогдох бараа материалын мэдээллийг Эрдэнэт үйлдвэрийн сайтад нээлттэй тавина. Урьд нь ашиглагдахгүй бараа материалыг зөвхөн үйлдвэрийнхээ бүтцийн нэгжүүдэд олгодог байсан. Тэгвэл бараа материалынхаа үлдэгдлийг олон нийтэд нээлттэй мэдээлснээр сонирхсон этгээд худалдан авах боломжийг олгох шийдвэрийг үйлдвэрийн удирдлагаас гаргасан. Ер нь цаг хугацаа өнгөрөх тусам ашиглахгүй байгаа бараа материал үнэгүйдэх явдал гардаг. Манай үйлдвэр урьд нь ОХУ-д үйлдвэрлэсэн техник, бараа материал ашиглаж байсан. Техник технологийн шинэчлэл хийгдсэнээр эдгээр тоног төхөөрөмжийг ашиглахгүй болсон, загвар нь сайжирсан гэх мэт олон хүчин зүйлүүд үүнд хамаарна. “Эрдэнэс Монгол” нэгдлийн хүрээнд бид уул уурхайн компаниудад үлдэгдэл бараа материалаа сурталчилсан. Монрос нэгдэл 30 гаруй сая төгрөгийн бараа материал худалдан авах санал ирүүлсэн. Үүнийг эхний ээлжинд зарж борлуулна. Манай нээлттэй хаалганы өдөрлөг 6 дахь жилдээ зохион байгуулагдлаа. Өнгөрсөн онд гурван тэрбум гаруй төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг Нээлттэй хаалганы өдөрлөгөөр бүтцийн нэгжүүдэд олгосон.
-Одоогийн байдлаар танай цехийн хэмжээнд ямар ажлууд хийгдэж байна вэ?
-Илчит тэрэгний засвар үйлчилгээний ажлууд хуваарийн дагуу тогтмол хийгдэж байна. Улирлын чанартай, зам засварын ажлын хүрээнд хуучин дэр моднуудаа солих ажил эхэлсэн. Манай цехийн хувьд төмөр замын тээвэрлэлтийг хэвийн хэмжээнд авч явах, хүчин чадлыг нэмэгдүүлэх, нэлээн ачаалалтай ажиллах сарууд эхэлж байна. Энэ сард 792 вагон ачих төлөвлөгөөтэй ажиллана.
-Баярлалаа.