Н.Оюундарь: Зүрх судасны өвчин үүсэхэд гол нөлөө үзүүлдэг ханасан тос, холестерин нь ургамлын гаралтай хоол хүнсэнд байдаггүй

Эрүүл, зөв хооллох, тэр тусмаа ургамалд суурилсан хүнсийг амьдралын хэв маяг, өдөр тутмын хүнсний хэрэглээндээ сонгох нь ямар ач тустай болох, улмаар улс орны нийгэм, эдийн засагт хэрхэн эергээр нөлөөлж буй зэрэг сэдвээр “Монгол ногоо” төслийн хоол, шим тэжээлийн Зөвлөх Н.Оюундарьтай ярилцлаа.


-Бидний нэрлэж заншсан “Цагаан хоол” гэдэг ойлголтын талаар мэдээлэл өгнө үү? 
-Веган гэдэг нь “vegetable” гэх англи үгнээс гаралтай бөгөөд ургамал ногоонд суурилсан хоолыг олон улсад “vegan” буюу “ногоон хоол” гэж нэрлэдэг. Веган хоолтой хүн хүнсний ногоо, жимс, үр тариа, самар, шош, буурцаг зэрэг ургамлын гаралтай хүнс хэрэглэж, харин өндөг, мах, сүү, загас, тахиа зэрэг амьтны гаралтай хүнс огт хэрэглэдэггүй. Монголчуудын хувьд махгүй хоолыг “цагаан хоол” гэж нэрлэдэг уламжлалтай. Учир нь махгүй хоол нь сүү, цагаан идээнд суурилсан байдагтай холбоотой юм. Амьтны гаралтай хүнснээс татгалзаж, ногоо, ургамлаар дагнаж хооллох нь өнөө цагт дэлхий нийтэд дэлгэрч буй хооллолтын шинэ чиг хандлага гэж хэлж болно. Дэлхийн улс орнууд, ялангуяа баруун Европ, Америк зэрэг өндөр хөгжилтэй орнуудад “veganism” буюу ногоон хооллолтын хэв маяг илүү эрчимтэй түгэн дэлгэрч байна. Хүмүүс веган хооллолтын хэв маягийг эрхэмлэх болсон нь олон шалтгаантай. Тухайлбал, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, амьтны эрхийг хамгаалах, хоолны буруу хэрэглээнээс үүдэлтэй өвчин эмгэгээс сэргийлж эрүүл мэндээ хамгаалах, байгалийн нөөц баялгийг зүй зохистой ашиглах, эдийн засгийн хэмнэлттэй амьдрах гэх мэт. Мөн бясалгал хийж ухамсар, оюун санааны хөгжилд тэмүүлж байгаа хүмүүст веган хооллолт ихээхэн ач тустай байдаг. 
-Монгол улсад веган хоолны чиг хандлага нутагших суурь хөрс ямар байна вэ?
-Түүх, соёлоо харвал Монголчууд цагаан хоол хэрэглэх өнө эртний уламжлалтай ард түмэн. Хавар мал төллөхөөс эхлээд намар малын сүү татрах хүртэл 6-9 сард махан хоолноос татгалзаж зөвхөн сүү цагаан идээгээр дагнан хооллож “гэдэс цайлгах” уламжлалтай байсан. Энэ нь монголчуудын эрүүл мэндээ дэмжих, өвчнөөс сэргийлэх нэг чухал арга хэрэгсэл болдог байж. Аж үйлдвэржилтийн он жилүүдэд бид дотооддоо үр тариа, хүнсний ногоо тариалж эхэлснээр монголчуудын хоолонд хүнсний шинэ нэр төрлүүд нэмэгдэж хоолны бүтэц, шим тэжээл сайжирсан. Одоо бол монголчууд хоол хүнсний нэн өргөн сонголттой болж энэ нь хүмүүсийн хооллолтын хэв маягт нөлөөлж байна. Манай улсад веган хооллолтын хэв маяг 1990-ээд оны сүүлээс дэлгэрч эхэлсэн бөгөөд олон хүн хооллолтын энэхүү шинэ хэв маяг руу шилжиж, үүнтэй холбоотой веган хоол хүнсний сургалт, үйлдвэрлэл хөгжиж эхэлсэн. Сүүлийн жилүүдэд хүүхэд залуусын дунд веган хоол хэрэглэх чиг хандлага илүү байгаа нь харагддаг. Учир нь тэд дэлхийн мэдээ, мэдээлэлд ойр байж, шинэ зүйлсийг хурдан сурч, дасан зохицох чадвар сайтай байна. Монголчууд олон төрлийн хүнсний ногоо, жимс жимсгэнэ, үр тариаг дотооддоо тариалж байгаа учраас веган хоолтон байх нь асуудал биш болсон. Монгол хүн махнаас бүх шим тэжээлээ авна гэдэг нь өрөөсгөл ойлголт юм. Хоолзүйн шинжлэх ухааны эрдэмтэн, судлаачид ургамлын гаралтай хүнс нь маш олон төрлийн шимт бодисоор баялаг тул хоол хүнсэндээ түлхүү хэрэглэж эрүүл мэндээ дэмжих нь зүйтэй гэж зөвлөдөг. Манай улс эрс тэс уур амьсгалтай, хүйтний улирал удаан үргэлжилдэг учир монголчууд мах идэх ёстой гэдэг ойлголт хуучирсан. Ургамлын гаралтай хүнснээс ч биедээ хэрэгтэй илчлэгийг авах бүрэн боломжтой. Цаг уурын онцлог үүнд нөлөөлөхгүй гэж хэлж болно. Тиймээс монгол хүн веган хоолтон байх бүрэн боломжтой бөгөөд манайд веганизм хөгжих хөрс суурь хангалттай бүрэлдсэн. 
-Хүнсний аюулгүй байдал гэж чухал асуудал бий. Ногоо ургамлын тухайд аюулгүй байх баталгаа ямар байдаг бол? Ялангуяа манай улс төмс, хүнсний ногооноос бусад нарийн ногоонуудыг гаднаас оруулж ирдэг..?
- Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны захиалгаар Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Монголын хөдөөг шинэчлэх фермерүүдийн холбооноос “Монгол ногоо” төслийг 2016 оноос хэрэгжүүлээд явж байна. Үүнээс өмнө 2004-2014 онд “Монгол төмс” төсөл амжилттай хэрэгжсэнээр дотоодын төмсний хэрэгцээг бүрэн хангаж чадсан. Одоо хэрэгжиж буй “Монгол ногоо” төслийн үр дүнд 2022 оны байдлаар өргөн хэрэглээний хүнсний ногооны дотоодын хэрэгцээг дунджаар 80 хувь хангаж, харин байцаа, шар луувангийн дотоодын хэрэгцээг 100 хувь хангасан үр дүнтэй байна. Энэ бол хүнсний аюулгүй байдлын том баталгаа юм. Нарийн ногооны дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор хүлэмжийн аж ахуйг эрчимтэй хөгжүүлж байна. Хүнсний ногооны чанар, аюулгүй байдлыг хангах чиглэлээр “Монгол ногоо” төслөөс олон үе шаттай ажлууд хийгдсэн. Тухайлбал, Хөдөө аж ахуйн зохистой дадал (ХААЗД) олон улсын стандартыг хүнсний ногооны салбарт нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн бөгөөд одоогоор 4 аймгийн 12 сумын 100 орчим ногоочид энэ стандартаар баталгаажсан хүнсний ногоог хүн амын хэрэгцээнд нийлүүлж байна. Энэ бол Монголын хүнсний аюулгүй байдалд гарсан асар том дэвшил юм.


-Веган хүнсний нийгэм эдийн засаг, байгаль эх дэлхийд үзүүлэх эерэг нөлөөний талаар өмнө тодорхой хэлсэн. Харин эрүүл мэндэд хэрхэн ач тусаа өгдөг тухайд тодруулна уу. Дагнан хэрэглэх нь ямар давуу болон сөрөг талтай вэ?
-Веган хоол нь хүний биед үзүүлэх ямар ч сөрөг нөлөө байхгүй бөгөөд эрүүл мэндийн өндөр ач холбогдолтой, маш олон давуу талтай. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас насанд хүрсэн хүн хоногт 400 граммаас багагүй хүнсний ногоо, жимс жимсгэнэ хэрэглэснээр олон өвчнөөс сэргийлэх боломжтой гэж зөвлөдөг. Веган хоол хэрэглэх үед хүнсний ногоо, жимсний хэрэглээ нэмэгдэж үүнийг дагаад бие махбод эрүүлжиж эхэлдэг. Зөв төлөвлөсөн веган хоол нь хүний биед хэрэгтэй бүхий л шимт бодисуудаар хангахын зэрэгцээ зүрх судасны өвчнөөс сэргийлэх, цусны даралт тогтворжуулах, цус харвах эрсдэлийг бууруулах ач холбогдолтой болохыг эрдэмтэд тогтоосон. Учир нь зүрх судасны өвчин үүсэхэд гол нөлөө үзүүлдэг ханасан тос, холестерин нь ургамлын гаралтай хоол хүнсэнд байдаггүй. Түүнчлэн таргалалт, чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэхэд тусална. Элэг цөс, нойр булчирхай, ходоод зэрэг хоол боловсруулах замын эрхтний үйл ажиллагааг сайжруулах, хоолны боловсролт, шингэцийг дэмжих, өтгөн хатахаас сэргийлэх, хорт хавдрын эрсдэлийг бууруулах зэрэг олон ач тустай. Мөн хүнсний ногоо, жимсний тогтмол хэрэглээ нь хүний биеийн хүчил шүлтийн тэнцвэрийг хангаж яс сийрэгжих эрсдэлийг бууруулна. Эдгээр нь веган хоолны гайхамшигтай үр дүн юм. Хүн амын дунд түгээмэл байгаа олон өвчнөөс сэргийлэх нэг арга зам нь махны хэрэглээг багасгаж, ургамалд суурилсан хоол хүнсний хэрэглээг нэмэгдүүлэх явдал гэж үздэг. Тиймээс долоо хоногийн тодорхой өдрүүдэд веган хоол хэрэглэх, ядаж оройн хоолондоо удаан шингэцтэй махан хоолноос татгалзах нь зүйтэй гэж зөвлөх байна. 
-Хүүхэд багачуудаа хоол хүнсээ зөв сонгож хэрэглэх, багаасаа зохистой хооллож сурахад нь танай төслийн зүгээс ямар бодлого хэрэгжүүлдэг вэ? 
-Монгол ногоо төслийн зүгээс 2023 оны 5 сард “Хүүхдийн хоолыг хүнсний ногоогоор баяжуулах нь” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж оролцогчдоос ирсэн санал, зөвлөмжийг нэгтгэж 6 сард Улаанбаатар хотод зохион байгуулагдсан “Хүүхдийн хоол” үндэсний чуулганд хүргүүлсэн. “Монгол ногоо” төслийн зүгээс 2016 оноос хойш 13 аймаг, нийслэлийн 9 дүүргийн төрийн өмчийн 1500 гаруй сургууль, цэцэрлэгийн тогооч, хоолзүйч нарт зориулан “Хүүхдийн хоолыг хүнсний ногоогоор баяжуулах ач тус, технологи” онол, дадлагын хосолсон сургалтыг зохион байгуулсан. Энэ сургалтаар хүнсний ногоо шим тэжээл, эрүүл мэндийн ач тусын талаар онолын мэдлэг олгож, хүнсний ногоог зөв хадгалж, боловсруулах, хүүхдийн хоолыг олон төрлийн хүнсний ногоогоор баяжуулах технологийг зааж сургасан. Хүүхдийн хоолыг хүнсний ногоогоор баяжуулах нь хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилтийг дэмжиж, эрүүл монгол иргэнийг төлөвшүүлэхэд маш чухал ач холбогдолтой. Цэцэрлэг, сургуулийн хоолоор дамжуулан хүүхдэд зөв хооллолтын мэдлэг, хандлага, дадал олгоход хоолзүйч, тогооч нар маш том үүрэг хариуцлага хүлээдэг. Нөгөө талаас эцэг, эхчүүд зөв мэдлэг, хандлагатай байж хүүхдэдээ зөв хооллох дадлыг төлөвшүүлэх нь зүйтэй байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
3
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
Билгийн тооллын 19
2023-10-03 | мягмар гараг
Нар 06:53 минутад мандаж 18:29 минутад жаргана.

Намрын дунд цагаагчин тахиа сарын нэг цагаан хөх морь өдөр

Үс засуулвал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
Суудал: Мод

Аргын тооллын 10 сарын 3, Ангараг гараг. Билгийн тооллын 19, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, хөх морь өдөр. Өдрийн наран 6 цаг 53 минутад мандан, 18 цаг 29 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.

Ярилцлага

wave
Г.ЦОГТГЭРЭЛ: Тээрмийг хугацаанаас нь өмнө сольсон нь том амжилт юм
Эрдэнэт үйлдвэрийн анхдагч болсон нь миний бахархал
  • .
  • 18/09/2023
С.Саранцэцэг: Ээлжнээс буугаад л аж ахуйн ажилдаа орох нь бидний амьдралын хэв маяг
М.ОТГОН: Бид 45 жилийн ойгоо их хөдөлмөр, бүтээлээр угтахаар ажиллаж байна
Р.ОЮУНЦЭЦЭГ: Эрдэнэт үйлдвэрийн гадаад ажилтны квотыг зургаан хувь байхаар тогтоосон
С.Наранцогт: “Эрдэнэс Монгол” нэгдэл харьяа компаниудаа дэмжин, тулгамдаж буй асуудлуудыг нь шийдвэрлэх үүрэгтэй
Н.ЭНХБОЛД: Бодлого бол шийдвэр гаргалтын удирдамж юм
Ц.ОРГИЛ: Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаанаас үүсэх материалын цацрагийн агуулгын түвшин хэвийн байна
Д.Жийнээ: Үйлдвэр, хотын түүх дурсгалыг бүтээлцэж явснаараа бахархдаг
Наадмын өнгө

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-10-03
10°C
Үүл багаснa
Салхи: 6м/сек
-2°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2023-10-04
14°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
-2°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2023-10-05
15°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2023-10-06
12°C
Ялимгүй хур тунадас
Салхи: 5м/сек
3°C
Хур тунадас
Салхи: 4м/сек
2023-10-07
10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
1°C
Ялимгүй хур тунадас
Салхи: 6м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3457.7 -0.0005 %
EUR 3655.48 -0.0033 %
GBP 4216.32 -0.0038 %
RUB 35.26 -0.0096 %
CNY 473.56 -0.0005 %
KRW 2.56 -0.0039 %
CAD 2545.61 -0.0106 %
NZD 2071.85 -0.0060 %
AUD 2216.56 -0.0109 %
JPY 23.09 -0.0061 %
HKD 441.46 -0.0010 %
SGD 2525.62 -0.0055 %
CHF 3791.96 -0.0020 %
SEK 316.18 -0.0090 %
TRY 125.94 -0.0014 %
THB 93.77 -0.0112 %