Л.ЦЭДЭНСОДНОМ: Ажлыг ялархаж биш талархаж хийвэл үр шимийг нь хүртдэг

Энэ удаа бид Эрдэнэт үйлдвэрийн Боловсон хүчний дарга асан Л.Цэдэнсодномтой ярилцлаа. Шударга, бүтээлчээр хөдөлмөрлөж ирсэн гэгээн зам мөртэй түүнийг ойр дотнынх нь дээдлэн хүндэлдэг. Бөхчүүд дундаа боловсролтойд тооцогдох, Аймгийн арслан, Эрдэнэт үйлдвэрийн анхдагч Л.Цэдэнсодном абугайг Орхончууд андахгүй. Өнгөрөгч он жилүүдийн түүхийн “амьд архив” болсон түүний дурсамж хөвөрсөн ярилцлагыг уншигч танд хүргэж байна. Таалалд нийцэх болтугай.

-Та ямар мэргэжил эзэмшиж, хэзээнээс Эрдэнэт үйлдвэрт ажиллаж эхэлсэн бэ? 
-Би 1977 оны 6-р сард МУИС-ийн математикийн анги төгссөн. Багш мэргэжилтэй. Тухайн үед ГУУЯ-ны томилолтоор Эрдэнэт үйлдвэрт томилогдон ирж байлаа. Эрдэнэт үйлдвэрт 1977 оны 7-р сарын 25-нд ажилд орж, амьдралын гараагаа эхэлсэн. 
-Тухайн үед Эрдэнэт хот ямаршуухан дүр төрхтэй байв. Ажиллаж, амьдарч ирсэн дурсамжаасаа хуваалцахгүй юу? 
-Нэг, хоёрдугаар хороолол баригдсан. Гуравдугаар хороолол дөнгөж эхэлж байсан үе л дээ. Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах фабрикийн суурийн багануудыг босгосон төдий байлаа. Анх ирээд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд математикийн хичээл заасан. Тухайн үед Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал В.Н.Кобахидзе гэж гүрж эр байлаа. Түүний нэгдүгээр орлогч нь Дондвоогийн Лхагвасүрэн гуай. Энэ хүн намайг орос хэл дээр ажилд орох өргөдлөө бичиж өг гэдэг юм. Эхлээд Механикийн болон Ерөнхий энергетикийн хэлтсээс ийм мэргэжилтэй хүн хэрэгтэй эсэхийг асуусан. Тэгэхэд нэг Зөвлөлтийн мэргэжилтэн, “Энэ хүүхдийг би сургаж авъя” гэдэг юм. Ингэж Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулахад шаардлагатай тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, бараа материал ирсэн эсэх, хаана суурилуулсныг шалгадаг хэлтэст ажилласан. Үйлдвэрийн ашиглалтын өмнөх хангамжийг бүрдүүлдэг хэлтэс л дээ. Тус хэлтэст ердөө хоёр монгол хүн байсан. Лодонгийн Жадамбаа, Лхагвасүрэн гэж. Бусад нь Зөвлөлтийн хүмүүс байлаа. Дараа нь үйлдвэр ашиглалтад орж Эрдэнэт үйлдвэрийн Хангамжийн хэлтэс байгуулагдсан. Энд Ж.Димитрев, Цэдэн-Иш, Б.Буянхишиг, Л.Жадамбаа, Лхагвасүрэн нарын хүмүүстэй ажилласан. Эрдэнэт үйлдвэрийн Материал техникийн хангамжийн цех ашиглалтад ороход зургаан склад хов хоосон байлаа. Бид Эрдэнэт үйлдвэрт хэрэгцээтэй бараа материалыг авах үүрэг хүлээн ажиллаж эхэлсэн л дээ.
1979-1981 он хүртэл Хангамжийн хэлтэст ажиллаж байгаад Эрдэнэт үйлдвэрийн Тооцоолон бодох төв байгуулагдахад инженер, ахлах инженер, товчоон даргаар таван жил ажилласан. Энэ үед Эрдэнэт үйлдвэрт Боловсон хүчний болон Хөдөлмөр, цалин хөлсний хэлтэс монгол даргатай байсан юм. Бусад бүтцийн нэгжийн дарга нар тэр үеийн Зөвлөлтийн мэргэжилтнүүд байлаа. 1985 оноос би Эрдэнэт үйлдвэрийн Боловсон хүчний хэлтсийн орлогч даргаар томилогдсон. Дараа нь 1991 оны хоёр сар хүртэл Эрдэнэт үйлдвэрийн Боловсон хүчний даргаар ажилласан юм. Намайг Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байхад манай аймаг 30 гаруй мянган хүнтэй байлаа. Би орос мэргэжилтнүүдтэй гар сэтгэл нийлж ажиллаж ирсэн. Шуудхан хэлэхэд би оросуудыг муу хэлэх дургүй. Манай Эрдэнэтийнхэн оросуудаас их юм сурсан. Зан харилцааны соёл, амьдралын зөв хэв маягаас нь суралцсан. Орос мэргэжилтнүүдтэй ажилладаг байснаас миний үеийнхний хэлний мэдлэг дээшилсэн. Оросуудыг дагаж спортоор хичээллэж амжилт гаргасан. Эрдэнэтэд гар бөмбөг, хоккейн спорт хөгжсөн. Тухайн үед 8, 10-р анги төгссөн хүмүүс энд ажилладаг байсан. Наймдугаар анги төгссөн хүмүүсийг бодлогоор оройн 10–р ангид сургадаг байлаа шүү дээ. Би тэдэнд математикийн хичээл орно. Тэгэхэд хичээл дээр нойрмоглох тохиолдол гарна. Яагаад вэ гэхээр өдөр нь ажиллаад, орой нь сурдаг болохоор. Эмэгтэйчүүд төрөөд 45 хоноод л ажилдаа ордог байлаа. Тэд өдөр нь ажиллаад, үр хүүхдээ өсгөөд, орой нь сураад явах жишээтэй. Ер нь ихээхэн тэсвэр тэвчээр шаардаж байсан. Мэдлэг, мэргэжлээ дээшлүүлж, сурч мэдье гэсэн хүсэл эрмэлзэл дүүрэн байсан. Эх орондоо хувь нэмрээ оруулан хөдөлмөрлөж явна гэсэн сэтгэлгээ тэдэнд бүрэн суусан байсан л даа. “Соц” нийгмийн үед хийснийхээ хэрээр авна гэсэн зарчим үйлчилдэг байлаа. Одоо хэн хөдөлмөрлөсөн нь өөрийгөө бүрэн үнэлүүлж чадаж байна. 1991 оноос би Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын иргэдийн хүсэлтээр сумын Засаг даргын алба хашсан. Дараа нь Автотээврийн байгууллагад нэг жил ажиллаад Эрдэнэт үйлдвэрийн харьяа Ноолуур боловсруулах үйлдвэрийн даргаар 10 жил ажилласан. Ш.Отгонбилэг захирлын үед Эрдэнэт үйлдвэрийн дэргэд гурван үйлдвэр байгуулагдсан түүхтэй. Нэг нь Ган бөмбөлөг үйлдвэрлэх цех. Нөгөө нь уусган баяжуулалтын аргаар зэс үйлдвэрлэх зорилготой байгуулагдсан “Эрдмин” компани. Гурав дахь нь “Эрдэнэт ноолуур”-ын үйлдвэр юм. Анх Эрдэнэт үйлдвэрийн харьяа Ноолуурын цех нэртэй байгуулагдаж байлаа. 2006 онд би гавьяаныхаа амралтад гараад хувийн хэвшилд ажиллаж эхэлсэн. Одоо “Ачит ихт” компанид менежерээр ажиллаж байна. 
-Эрдэнэт үйлдвэрийг мэргэжилтэй боловсон хүчнээр хангахад ямар бодлого барьж ажиллаж байсан бэ?
-Манай Боловсон хүчний хэрэгжүүлж байсан бодлого нь нэгдүгээрт, үйлдвэрийг мэргэжилтэй боловсон хүчин ба ажилчдаар хангах, хоёрдугаарт, ажилчдын мэргэжлийг байнга дээшлүүлэх явдал байсан. Гуравдугаарт, Зөвлөлтийн хүмүүсийн мэдлэг, мэргэжил, ажлын арга барилыг өвлөн авч, тэр хүмүүсийн хэмжээнд хүрч бие даан ажилладаг болгохын тулд халамжлан хүмүүжүүлэх хөдөлгөөнийг өрнүүлсэн. Монгол-Зөвлөлтийн хүмүүсийн хооронд багш, шавийн холбоо байгуулж ажиллахаас гадна нийт ажилчдын хөдөлмөрийн сахилга батыг бэхжүүлэх, гэмт хэрэг, хэв журмын зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх, арга хэмжээтэй холбоотой асуудлыг голлон гүйцэтгэж байлаа. Тус хэлтэс мэргэжилтэй ажилчдыг бэлтгэх, богино хугацаанд сургаж дадлагажуулах бодлогыг шуурхай хэрэгжүүлсэн. “Эрдэнэт” үйлдвэрийн цех, хэсгийн удирдах албан тушаалд үндэсний мэргэжилтэн Инженер техникийн ажилтнуудыг дэвшүүлэн ажиллуулах, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх зорилгоор Дарханы политехникумын салбарыг нээсэн. Энэ нь одоогийн “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн үндэс суурь болсон юм. Мөн миний үед боловсон хүчний хэлтсийн ажлыг удирдлагын автоматжуулсан системд шилжүүлсэн. Тэр үед Эрдэнэт үйлдвэрт Зөвлөлтийн 1200 орос мэргэжилтэн, 5500 монгол ажиллаж байлаа. 
-Та Эрдэнэт үйлдвэрийнхээ талаар ямар сэтгэгдэлтэй явдаг вэ?
-Эрдэнэт үйлдвэрийн буян хишгийг хүртээгүй хүн монголд байхгүй. Зах зээлийн шилжилтийн үед Монгол Улсын төсөв Эрдэнэт үйлдвэрээс хамааралтай байсан. Энэ үйлдвэр Монголчуудын түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн. Цар тахлын үед ч Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ямар чухал үүрэг гүйцэтгэснийг Монголчууд мэднэ. Иймээс би Эрдэнэт үйлдвэрээр бахархаж, шүтэж явдаг хүний нэг. 
-Та амьдрал дээр ямар зарчим мөрдөн ажиллаж ирэв. Хэн нэгний захиж хэлсэн сэтгэлийн нандин үг сургаал байдаг даа?
-Хангамжийн хэлтэст ажиллаж байснаа би дээр дурдсан. Намайг Боловсон хүчний хэлтсийн даргаар дэвшихэд Буянхишиг гуай гурван зүйл захисан нь сэтгэлээс ер гардаггүй юм. Албан тушаал хүнийг эвддэг. Нэгдүгээрт, аливаа хүнийг ялгаварлан харьцаж болохгүй. Хоёрдугаарт, чи залуу хүн. Зүй бусаар авгай хүүхний асуудалд холбогдов. Гуравдугаарт, архинаас хол яв гэсэн. Тэр хүний надад санаа тавьсан сургаал үг энэ. Үүнийг би амьдралд мөрдсөн. Энэ хүнтэй би хамтран Тооцоолон бодох төвд хангамжийн дэд системийг үйлдвэрлэлд нэвтрүүлж байлаа. 
-Залууст хандаж хэлэх таны үгийг сонсъё?
-Ажлыг ялархаж биш талархаж хийвэл түүнийхээ үр шимийг хэзээ нэгэн цагт хүртдэг. Залуустаа ажлыг чин сэтгэлээсээ хий гэж хэлэх байна. 


-Хоёулаа ярианыхаа сэдвийг жаахан өөрчилье. Наадам ойртож байна. Та аймгийн арслан цолтой бөх. Таны үндэсний бөхөөр гаргасан амжилтыг манай уншигчид сонирхож байж болох юм. Хэдийд нь спортоор хичээллэж, ямар амжилт гаргаж байв?
-Би дунд сургуулийн сурагч байхаасаа л барилдсан. 1972 оны үндэсний бөхийн Идэрчүүдийн улсын аварга шалгаруулах барилдаанд дөрөвдүгээр байр эзэлсэн. Тэгэхэд Дорж гэж “Барилгачин” нийгэмлэгийн бөх түрүүлж байлаа. Одоогийн Ч.Гочоосүрэн заан үзүүрлэсэн. Монгол Улсын гавьяат тамирчин, Улсын начин Ж.Даваажав агсан гутгаар байрт шалгарсан юм. Бид хоёрын даваа тэнцсэн. Түүнд унаснаар би дөтгөөр байр эзэлж явлаа. 10-р ангиа төгсөөд сумандаа түрүүлсэн. 1978 онд Эрдэнэт хотод “Сумын заан” цолтой 20 настай зодоглож үзүүрлэсэн. Аймгийн арслан Н.Гончиг түрүүлж байлаа. 1982 онд Эрдэнэтэд Монгол Улсын начин Д.Нэгдэл түрүүлж би үзүүрлэсэн. 1990 онд Хэрлэнгийн хөдөө аралд болсон Монголын нууц товчооны 750 жилийн ойд зориулсан анхны Даншиг наадамд 37 настайдаа өөрийнхөө чадлаар гурав даваад С.Хүрэлбаатар заанд өвдөг шороодсон. Энэ наадамд 768 бөх зодоглосныг Монголчууд мэднэ. Халхын эрчүүд зодоглосон энэ наадамд есөн хөлт цагаан тугийг хоёр тойрчих юмсан гэж бодож очсон. Харин гурав тойрчихсон шүү. Эргээд бодоход сэтгэл ханачихсан байсан санагддаг. Хэрэв дөрөв давчихвал Ш.Отгонбилэг захирал тэргүүтэй хүмүүс начин руу зүтгэвэл дэмжихээ илэрхийлж байсан л даа.  Тэгээд ч би начнаа батлах биш. Нэг л дэмий санагдаад байсан юм. 1985 он хүртэл манай аймгийн бөхчүүд ажлаа хийж яваад байгалиас заяасан бяр чадлаараа барилдчихдаг байлаа. 1986 оноос би Үйлдвэрийн боловсон хүчний дарга байхдаа аймгийн бөхчүүдээ наадмын бэлтгэлд анх гаргасан. Зэвсэгт хүчний 186-р ангийн бөх, Аймгийн арслан Хишигтийн Ганбаатар бид хоёр бөхчүүдээ наадмын бэлтгэлд гаргах ажлыг санаачлан эхлүүлсэн. Нэг бяцхан түүх ярихад, Орхоны Ханхарт малчдын өвөлжөө рүү цахилгаан татах болдог юм. Тэр цахилгааны шонгийн модыг би, бөхчүүдээр бэлтгүүлсэн. Аймгийн арслан Ё.Хүрэлцоож, Н.Гончиг, Ч.Баттуяа тэргүүтэй бөхчүүд байсан л даа. Манай залуус ганц голтой цуваа зургаа машины тэвшинд 12 метрийн урттай шонг ачдаг байсан. Бүгд мөр нь халцарчихсан явдагсан. Модоо мөрлөж цагаалдаг байхгүй юу. Ингэж хөдөлмөрлөхийн сацуу наадмын бэлтгэл хийж эхэлсэн. Энэ үеэс манай аймгийн бөхчүүд наадмын бэлтгэлд гардаг уламжлал тогтсон юм. 
-Таны дархан мэх юу вэ?
-Учраагаа сэнжигний барьцаас гайгүй суйлчихна. Намайг сэрвүү барьцаас халахаар баргийн хүн барьцаа тавьчихдаг байсан юм. Сугадаж тонгордог. Тонгороод суусан хүнийг эргээд хавирчихдаг байлаа.
-Эрдэнэтийн түүхэнд манай аймгийн бөхчүүдийн үзүүлсэн ямар өндөр амжилт байдаг вэ?
-“Соц” нийгмийн үед Булган, Эрдэнэт, Архангай, Хөвсгөлийн бөхчүүд нэг бүс болж, тойргоор барилддаг байв. Эндээс шалгарсан найман бөх бүс хоорондын барилдаанд оролцдог байсан юм. Бүс хоорондоос шалгарсан найман бөх Улсын аварга шалгаруулах барилдаанд оролцоно. 1982 онд манай аймгаас гурван бөх Улсын аварга шалгаруулах барилдаанд шалгарсан. Тодруулбал, Монгол Улсын начин Д.Нэгдэл, Аймгийн арслан Н.Гончиг, бид гурав. Тэр жил бид Улсын аваргаас мөнгөн медаль авч байлаа. Улсын хэмжээнд шалгарсан 16 бөх тойргоор дахин барилдсан. Тухайн үед Монгол Улс нэг сая 500 мянган хүнтэй байсан гэж бодоход тэндээс шалгарсан 16 хүний нэгд бид гурав багтсан байгүй юу. (Инээв.) Аймгийн захиргаа Говилд байсан гээд бод. Биднийг С.Цэвээн дарга хүндэтгэн хүлээн авч байлаа.
-Тэгвэл хэдэн оны наадмын барилдаан таны сэтгэлд тод үлдсэн байна вэ?
-Аймгийн нэг наадмын барилдаан сэтгэлд тод үлдэж. Манай бөхчүүд гар бөмбөг их тоглоно. Нэг удаа Ё.Мөнхцоож бид хоёрын дунд бяцхан маргаан болоод салсан юм. Харин түүний төрсөн ах Аймгийн арслан Ё.Хүрэлцоож агсан намайг их хүндэлдэг байлаа. Наадам ч боллоо. Аймгийн хурц арслан Ё.Мөнхцоож гурвын даваанд Н.Саранцогт харцагыг аймгийн заан цолтой байхад нь аваад хаячихдаг юм. Би дөрвийн даваанд Мөнхцоожийгоо амлаж аваад хаячихсан. Тэр их сайн байсан л даа. Энд хүрээд бидний ярилцлага өндөрлөв. Хэлж ярих үгтэй, хийж бүтээсэн юмтай, Эрдэнэт үйлдвэрийн анхдагч, Үндэсний бөхийн спортын зүтгэлтэн Лосолын Цэдэнсодном танд урт насалж, удаан жаргахын ерөөл өргөе. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
15
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
2

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Х.ОЛЗБААТАР: Цахимд бүртгэлтэй бараа материалыг сонирхсон хүмүүс худалдан авах боломж бүрдсэн
Г.Ёндон: Би баяжмал борлуулах гэрээ хийхгүй
  • .
  • 10/05/2024
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %