Технологийн эмч

     Энэ хөргийн эзэн Х.Оюунтунгалаг Эрдэнэт хотод төрж өссөн нэгэн. Эрдэнэтийн арван жилийн дөрөвдүгээр дунд сургуулийн химийн гүнзгийгийн “гавал” сурагчийн нэг явж. Аав нь Цэгмидийн Халтар ня-бо, эдийн засагч. Ээж Лувсангийн Дондол нь монгол хэл, уран зохиолын багш. Тэд Баянхонгор аймгийн Богд, Хүрээмарал сумын харьяат. Ийм нэгэн гэгээлэг сэхээтэн гэр бүлд өсөж хүмүүжжээ. Сурахын зэрэгцээ олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог сурагч байв. Тэр шинэ гарсан ном болгоныг авч уншиж, кино их үзнэ. “Хатанбаатар Магсаржав” киног үзчихээд Сономын Удвалын “Их хувь заяа” хэмээх эх зохиолтой нь харьцуулан уншина. “Луу жилийн бослого” орчуулгын кино одоо ч түүний сэтгэлд тодхон. Ээж нь сургуулийн хүмүүжлийн эрхлэгч болохоор энэ айлын зургаан охин бусдаас илүү хурдан нийгэмшсэн мэт. Тэр тухайн үеийн Хүүхдийн төлөө төвийн зөвлөлийн гишүүн. Найрамдал зусланд хоёр удаа урилгаар амарсан. Эрдэнэтийн пионер, сурагчдын чуулганыг зохион байгуулалцаж явсан идэвхтэй сурагч. Аймгийн холбоон дээр байрлах богино долгионы радиогоор хүүхдийн нэвтрүүлэг явуулдаг, сургуулиудын дунд “Авхаалж самбаа-авьяас чадвар”, “Цагаан гэрэл-ногоон шугам”  аяныг зохион байгуулж явжээ. Спорт, урлаг, олон нийтийн ажилд идэвхтэй, хичээл сурлагадаа шамдаж, багаасаа авьяас билгээ хөгжүүлэн биеэ даах чадварыг сурсан байна. Мөнхүү аав нь уншсан зохиол, бүтээлээсээ товч тэмдэглэл их хөтөлнө. Энэ бүхнийг харж өссөн болохоор чамгүй бичих чадвар эзэмшжээ. Цагийн юмыг цагт нь хийж, бие даан хичээлээ давтан онц сурах зорилго нь тэдэнд олгосон гэрийн хүмүүжил. Орой боллоо, одоо унтаарай, гэж хэлүүлтлээ хичээл номоо давтдаг байсан айлын охин. Үдээс хойш түүний хичээл ордог болохоор өглөө сүү, талхаа авчхаад дугуйландаа явна. Ийм байдлаар аавынхаа өгсөн 50 төгрөгөөр хүнсээ цуглуулна. 1980-аад оны 50 төгрөг гэдэг мөнгө л дөө. Сарын эцэст нягтлан аавтайгаа тооцоо нийлнэ. Ингэж аж ахуйч байх зарчимд эрт суралцсан аж. Аав нь Эрдэнэт хотын Худалдаа бэлтгэлийн удирдах газар,Улаан толгойн сангийн аж ахуй, Цэргийн худалдаа, Хөрөнгийн биржийн Ерөнхий нягтлан бодогч зэрэг алба хашиж явсан. Очсон газар болгондоо ажил сайжруулах зорилгоор томилогдоно. Одоогийнхоор бол байгууллагын санхүү, менежментийг сайжруулдаг байж.  Зуны амралтаар нь хүүхдүүдээрээ хүнсний ногооны талбайд зэрлэг зулгаалгана. Ингэж үр хүүхдэдээ хөдөлмөрийн хүмүүжил эртнээс олгож ирсэн ухаант аав бол Халтар агсан. “Хүний нэрийг сайн тогтоож сур. Аливаа хүнтэй ойр дотно нөхөрлө. Эрхийн тэнэг, уурын мунхаг, эдийн шунал, атомын бөмбөг дөрөв хүн төрөлхтнийг сөнөөнө шүү” хэмээн ярьж суусан аавынхаа талаар тэр дурсах дуртай. Халтар гуай нутаг, нутгийн нэр алдартай хүмүүсийн овог нэр, гаргасан ажлын амжилтыг цээжээр хэлдэг байж. Анх удаа тэр аавдаа, Увсын Зүүнговийн залуутай танилцсанаа дуулгахад, “тэмээчин Тайсайн Баатарын нутгийн хүн байна. Тэгэхээр сайн л хүн байж таарна. Чи наад хүнтэйгээ суу” гэж шулуухан хэлсэн гэдэг. Манай хөргийн баатар ийм л хурц ой ухаантай эцгийн охин. Түүний ханийг Лхамаахүүгийн Баттогтох гэдэг. Медипас эмнэлэгт эм зүйчээр ажилладаг. Эднийх Рэнчинбилэг, Рэнчиндаваа нэртэй хоёр сайхан нуган үртэй. Х.Оюунтунгалаг доктор Химийн Пүрвээ багштайгаа учирснаас хойш ирээдүйн химийн мэргэжилтэн болох шангаа татсан гэх. Улмаар, Эрдэнэтийн дөрөвдүгээр сургуулийн химийн багш Нарантуяагийн удирдлага дор суралцаж, улс, аймгийн олимпиадад амжилттай оролцжээ. Шинжлэх ухаан өөрийн зүй тогтолтой, хууль дүрэмтэй. Бодит үнэнийг баталж нотолсон, ажлын үр дүн нь тодорхой байдаг нь байгалийн шинжлэх ухаан. Тэр химийн  шинжлэх ухаанаар төлөвшсөн. МУИС-д сайн бэлтгэгдэж очсон сурагчийн нэг. Үүн дээр Эрдэнэтийнхэн орос хэлэндээ гаргууд. Энэ бүхэн түүнийг химичийн мэргэжил эзэмшихэд нөлөөлжээ. Дээд мэргэжил эзэмшээд Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуульд багшилж ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн байна. Онолын мэдлэгээ оюутнуудад заах арга барил сайн эзэмшсэн нь түүний бас нэг онцлог. Сурсан мэдсэнээ хүнд сайн тайлбарладаг нь багшийн ажлаас олж авсан ажлын туршлага. Технологийн сургуульд ажиллахдаа шаталсан зарчмаар өсөж дэвжсэнийг түүний амьдралын замнал харуулдаг. Зөвхөн өөрөө өсөж дэвшээд зогсохгүй оюутнуудаа олимпиадад бэлтгэн оролцуулна. Шавь Хаш-Эрдэнэ, Дорж нар химийн улсын олимпиадын дэд байрт шалгарсан амжилт түүнийх. Олон цаг суугаад л, бодоод л, аливаа юманд дүгнэлт өгөөд сурчихсан. Хүнд асуудлаас шантрахгүйгээр шийдвэр гаргадаг. Нэг бодлогыг хариуг олтлоо нухаж суух бол уйгагүй хичээл зүтгэл. Тэр шавь нартаа ийм зарчмыг өвлүүлсэн. Багшлахын зэрэгцээ тэр сургуулийнхаа үйлдвэрчний хороон даргын сонгуульт албыг гурван жил хашжээ. Түүний авга ах нь Төрийн шагналт геологич Ж.Бямбаа гуай. 60 хүрсэн хойноо англи хэл сурсан гэж байгаа. Дурсамжийн болон мэргэжлийн номоо зэрэг бичиж суух энэ эрдэмтэн хүнээс их юм сурчээ. Баянхонгор аймгийн Богд сумын ургийн бичгийг гаргасан. Удмын асуудал эмзэг. Энэ хүний бичиж, судалж байгааг их анхааралтай ажиглаж, гэрт нь амьдарч докторын зэрэг хамгаалснаа дурсав. Х. Оюунтунгалаг инженер Технологийн сургуульд багшлах явцдаа Америкийн нэгдсэн улсад мэргэжил дээшлүүлжээ. Ирээд Гидрометаллургийн судалгааны лабораторид судлаач инженерээр ажиллав. Харин 2008 онд “Үйлдвэрийн шингэн хаягдлын хүнд металлыг байгалийн цеолит ашиглан бууруулах нь” (Эрдэнэт үйлдвэрийн жишээн дээр) сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан байна. Энэ нь хөрсний нэвчилтээр үүсэх Хангал голын гадаргын усны бохирдлыг бууруулах дам ач холбогдолтой. Байгалийн ухааны тэнхимийн эрхлэгч Б.Шийдэв багш гавьяаныхаа амралтад гарахдаа түүнд ажлаа хүлээлгэн өгчээ. Тэрбээр Технологийн сургуульд Байгалийн ухааны тэнхимийн эрхлэгч, эрдэмтэн нарийн бичгийн дарга, судлаач инженерийн алба хашсан байдаг. Ажил амьдралын арвин баялаг  туршлага хуримтлуулсан тэр Эрдэнэт үйлдвэрийн технологийн усны чанарын асуудал яригдах үетэй зэрэгцэн Судалгааны төвд ажиллах болов. Өөрсдийн ордын онцлогт тохирсон инновацид технологиудыг нэвтрүүлж байгаагаас бид ч бас хоцрох ёсгүй хэмээн зорьж ажилладаг нэгэн. Үйлдвэрийн Судалгаа, шинжилгээний хүрээлэнгийн инженерүүд үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж ажилладаг. Өөрөөр хэлбэл, хүдрийн агуулга, урвалжийн горим, усны чанар, технологийн техникийн параметрүүдээс үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагаа хэрхэн жигд явааг хянах нь түүний ажлын онцлог. Энэ утгаараа Х.Оюунтунгалаг инженерийг үйлдвэрлэлийн технологийн эмч гэлтэй. 

     Судалгаа, шинжилгээний ажил нь олон хүний хамтын хөдөлмөр байдаг. 40 жилийн ойгоо тэмдэглэсэн Судалгаа, шинжилгээний хүрээлэнгийн үе үеийн эрдэмтэн инженерүүдийн бий болгосон судалгаануудад үндэслэн дараа дараагийн ажлуудаа хийж байна. Цаашид цугларсан тоон өгөгдлүүд дээр математик боловсруулалт хийх, эрдсээ молекулын түвшинд судалж үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд азид цөөхөн, Эрдсийн электрон анализаторыг тус хүрээлэнд авч тавьсан аж. Эдүгээ уул геологийн нөхцөл гүнзгийрч хүдрийн шинж чанар өөрчлөгдөж байгаа ч үйлдвэрлэлийн технологи доголдохгүй  яваа нь технологийн мэргэжилтнүүд урьдчилсан мэдээлэл маш сайн  өгч ажиллаж буйн шинж. Энд Судалгаа, шинжилгээний хүрээлэнгийнхний оруулж буй хувь нэмэр их. Хүдрийн найрлага, фазын анализ, баяжигдах чанар, хатуулаг зэрэг  мэдээллүүдэд үндэслэн загвар гаргаж хүдрийн баяжигдах чанарыг тийм хувийн магадлалтай баяжигдана хэмээн урьдчилан тооцоолох жишээтэй. Тус хүрээлэнгийн гол зорилго нь “Эрдэнэтийн-Овоо” ордын хүдрийг үйлдвэрлэлийн технологийн доголдол гаргахгүйгээр баяжуулж жигд ашиглах. Баяжуулалтын технологит тааруулж хүдрийн технологийн горимыг урьдчилан оновчилдог. Цаашид ядуу хүдрээ үйлдвэрлэлийн технологит ашиглах боломжуудыг нэмэгдүүлэхээр ажиллаж буй. Доктор Х.Оюунтунгалаг: “Одоогоор СШХ-ийн захирал Ц.Цэнд-Аюуш Монгол улсын хэмжээнд ашигт малтмал баяжуулалтын технологиор Америкт докторын зэрэг хамгаалаад  дэлхийн топ судалгааны институтэд ажилласан ганц хүн. Энэ нь бидэнд дэлхийн сүүлийн үеийн технологиос суралцаж үйлдвэрлэлд нэвтрүүлэх, орчин үеийн инженерингийн дэвшилтэт инновац, программ хангамж, арга барилаас шууд суралцаж чадавхжих давуу тал болж байна. Биет өв гэгчээр энэ хүнээс сурах нь чухал. Баяжигдах чанар, хатуулаг, торгуульт элементүүдийн загварчлалыг боловсруулж, технологио урьдчилан оновчилдог болсон. Онол практик хосолсон технологийн туршилт судалгааг өөрсдөө хийж, үйл ажиллагаандаа сүүлийн үеийн арга аргачлалуудыг нэвтрүүлэх замаар 1,6 тэрбум төгрөгийн ашиг олох боломж бүрдлээ. Ингэснээр, гаднын байгууллагуудаар хийлгэх байсан үнэтэй судалгаануудыг монгол инженерүүд өөрсдөө хийлээ” гэж бахархалтай өгүүлэв. Дэлхийн уул уурхайн үйлдвэрлэлийн хөгжлийн одоогийн хандлага нь “тогтвортой хөгжил”, “ногоон хөгжлийн бодлого”-ын үзэл санаа, зарчмын дагуу уул уурхайд байгаль, экологид ээлтэй техник, технологийг түлхүү нэвтрүүлж, хүрээлэн байгаа орчинд нийцтэй судалгаа, шинжилгээний шинэ арга, техник боловсруулан хэрэгжүүлэхэд чиглэж байна. Эрдэнэт үйлдвэр усны цогц бодлоготой байх ёстой. Бүхэл бүтэн мэргэжлийн баг ажиллаж байж тодорхой зөв дүгнэлт гаргана гэж тэр үздэг. Улмаар  өөрийнхөө гаргасан амжилтыг багаасаа ажлаа төлөвлөж сурсны ач тус. Зорилго тавиад ард нь гарах сайхан. Нэг ажлыг хийгээд явж байхад дараагийн хийх юм харагддаг. Дээр нь удирдагч багш нар их зөв чиглүүлсэн. Саарайн Амаржаргал докторын удирдлагад  эрдмийн цол хамгаалснаа дурслаа. Тэр Эрдэнэт үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн шүүрлийн сувгаас Технологийн сургуулийнхаа Портер машинаар оюутнуудтайгаа хамт том цэнхэр савнууд дүүрэн ус зөөж авчирна. Үүнийгээ гурван метрийн өндөртэй шүүгч колонкоор нэвчүүлэн, гарч ирсэн усныхаа хүнд металлыг нь тодорхойлох замаар технологийн горимыг нь боловсруулсан. Ингэж Гидрометаллургийн лабораторид ажиллаж, докторын зэрэг хамгаалахад нь сургуулийн жижүүрээс эхлээд бүх хүн түүнд нэгэн дуугаар баяр хүргэж байсан нь саяхан. Энэ нь түүний олон жилийн хөдөлмөр, хичээл зүтгэл, эрдмийн ажлынх нь чанар чансааг үнэлж буй хэрэг ээ. Тэрбээр Судалгаа, шинжилгээний хүрээлэнгийн арга, аргачлалуудыг шинэчилж, олон улсын 35 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн аж. Эдгээр стандартууд нь ажлын цаг ашиглалтыг сайжруулж, хөдөлмөрийн бүтээмжийг хоёр дахин нэмсэн төдийгүй, судалгааны ажлын чанар, үр өгөөжийг нэмэгдүүлсэн байна. Өнөөгийн Монголын хамгийн бодит баялаг, үнэт капитал нь инженерүүд. Тэдний мэдлэг, сэтгэлгээ, шийдэл бол хөгжлийн түлхүүр. Улс орныг инженерүүд авч явдгийг уул уурхайн салбар төдийгүй монголчууд нэгэн дуугаар хэлэх биз. Гадаадад олноор сураад эх орондоо ирж буй инженерүүд бол юугаар ч сольшгүй өв их эрдэнэ. Тэгвэл үйлдвэрлэлд хэрэглэж буй эргэлтийн усны чанарыг сайжруулах зорилгоор химич инженер Х.Оюунтунгалаг шинжлэх ухааны докторын ажил эхлүүлжээ. Энэ эрдмийн ажлаа МУИС, ШУТИС, Хими, хими технологийн хүрээлэнгийнхэнтэй хамтран гүйцэтгэж байна. Түүний ажил үйлс өөдрөг явна.
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %