Аварга уурхайчин

     Эрдэнэтийн - Овоо” өнгөтэй байна Энэ зууны царай байна” гэх цоглог аязтай дуу залуусын дунд хит болж, шинэ хот, шинэ үйлдвэрийн  тухай домог мэт яриа тархсан он жилүүд хөвөрсөөр... Тэртээх баруун хязгаарын Алтай нутгийн ахлах  ангийн сурагч С.Лхагважавт ч тэр сайхан хотыг үзэх сониуч зан сэтгэлийн гүнд хадгалаастай. Тэр 1981 онд 10-р ангиа дүүргээд  конкурс шалгалтад дээгүүр оноо авсан ч  хэн нэгний буруугаас дөрвөн хүүхдийн нэр жагсаалтаас хасагдсаны нэг нь Лхагважав байв. Гэлээ ч  Лхагваа хүү нэг их гонсойсонгүй. Эрдэнэтийн сургалтын төвд элсэх батламжаа гардахдаа, нэг л нууцлаг совин татаж  догдлон баясав. Нутгаасаа Зил-130 машинаар гарсан  үе тэнгийн 30-аад залууг төсөөлснөөс нь ч илүү  сайхан орчин, найрсаг хүмүүс  угтав.  Сургалтын төвдөө бүтэн жил  нарийн мэргэжил эзэмшиж, үйлдвэрт дадлагажив. С.Лхагважав  бульдозер, грейдерчин болж, Ил уурхайн Зам овоолгын хэсэгт хуваарилагдав. Орос багшийнхаа заасан бүхнийг нь сурах гэж мэрийж  явсан цаг саяхан. Сийрэгхэн ухаантай, аливааг гүйцэд хийхийг зорьдог С.Лхагважав, багштайгаа ядах юмгүй ойлголцож, ажилдаа ч амархан дадав. Жил гаруй ажилласны дараа эр цэргийн албанд мордож, гурван жилийн дараа, дассан хамт олон, дадсан ажлаа санагалзсаар  уурхайдаа ирлээ. Ажил, амьдрал  өрнөж хоёр жил  болсон ч  тэр  ар гэрийн гачигдлаас болж, нутгаа зорих болов. Уурхайн тусгай техникийн жолооч залуу Аймгийн Барилга трестэд барилгачин боллоо. Өглөө ирж, барилгын талбайд бужигнаж байгаад л тардаг ажилчдыг  Эрдэнэт үйлдвэрийнхээ туршлагаар ээлжинд оруулах санаачилга гаргав. Эл санал  дэмжигдсэнээр  хөдөлмөрийн бүтээмж багагүй нэмэгджээ. Аль ч ажилд эв дүйтэй,  мэдрэмжтэй, авьяастай  энэ  залууг Барилга трестийн удирдлага кранчны курст сургаж, “өөрийн болгохоор”  хот руу илгээж. Гэвч мань эр курсээ төгсөөд Эрдэнэт рүүгээ “оргочихсон”. Уурхайнхан “оргодол”-ыг өөриймсөн  хүлээн авчээ. Таныг Эрдэнэтэд юу ингэтлээ татдаг вэ гэхэд: “Өгөөмөр баян уул минь, өнөр сайхан хамт олон минь гэж хариулаад,  Ил уурхайд гурван удаа  ажилд орсон юм. Тэр  бүрийд  алгаа дэлгэн  хүлээж авсан журмын нөхөд, удирдлагууддаа  одоог хүртэл баярлаж явдаг. Уурхайчин гэдэг  эр хүний хийморь лундааг сэргээсэн ажил мэргэжил дээ” гэж хэлэхдээ дөлгөөхөн харцтай нүд нь очтон гялалзав. 

      С.Лхагважав сүүлийн 28 жилийн турш үйлдвэрийн овор ихтэй ачаа өргөх хүнд даацын автокраны машинчаар ажилласан. Уулын ажил хийж буй аварга экскаватор, өрөм, бутлагч зэргийн эд ангийг  хаа байгаа газар нь  зөөвөрлөдөг нь  машинчаас ур чадвар, зургаа дахь мэдрэхүй ч  шаарддаг аж.  Өргөж буй ачааны жин, тухайн газрын хөрсний бүтцийг хүртэл тооцоолох хэрэгтэй. Түүнчлэн эзэмшсэн техникийнхээ бүрэн бүтэн байдлыг хариуцан, засварлах үүрэг ч кранчид  ноогддог. С.Лхагважав кранчаар ажиллах 28 жилд хоёр л автокран бүрэн эзэмшсэн. Засвар үйлчилгээг тогтмол чанартай хийж, ашиглалтын хугацааг уртасгаснаар бүхэл бүтэн автокран хэмнэсэн тооцоог мэргэжилтнүүд гаргасан юм. Түүний тухай Ил уурхайн Уулын тоног төхөөрөмжийн засварын хэсгийн Өргөх машин механизм хариуцсан механик Л.Наранбаатар: “Манай С.Лхагважав гуай, ажилдаа хариуцлагатай, үүрэг даалгаврыг цаг тухайд нь гүйцэтгэл сайтай биелүүлдэг, маш  чадварлаг кранч. Бас олон шинэ санаа сэдэж, ажилдаа нэвтрүүлэн, тэр нь үйлдвэр, уурхайд үр ашгаа өгсөн. Хүн чанар сайтай,  яарсан давчидсан, ядарсан зүдэрсэн нэгэнд тус дэм болж явдаг,  залууст үлгэр дуурайлалтай шилдэг  ажилчин  даа” гэсэн юм.  

     Тэрбээр автокраны асаах унтраах системийг алсын удирдлагатай болгосон. Автокраны хөдөлгүүрийн эргэлт, түлш өгөлтийг нэмэгдүүлэгч цахилгаан төхөөрөмжийн хийцийг  хийн ба механик ажиллагаатай болгон өөрчилсөн.  Хүйтний улиралд хөдөлгүүрийг асаах үед гарах угаарын хийг автогаражаас гадагшлуулах шийдэл гаргасан. Энэчлэн дурдаад байвал хөдөлмөр хөнгөвчлөх, техникийн бэлэн байдлыг хангах, аюул эрсдэлийг бууруулахаар  түүний санаачилж, хэрэгжүүлэн үр дүнгээ өгсөн  ажил тун их. 

     С.Лхагважав: “1980-аад оны үед Ил уурхайд одоогийнх шиг олон техник байсангүй. Хоёрхон автокран, цөөн тооны машинтай л байсан. Өвлийн хүйтэнд машин эвдрээд зогсоход уулан дээр орох байх газар олддоггүй байлаа. Үйлдвэрийн үе үеийн удирдлагууд техникийн шинэчлэл хийж, дулаан сайхан гаражууд барьж, ажилчдынхаа ажиллах орчин, цалин хөлс, нийгмийн асуудалд их анхаарч байна. Дэлхий нийтэд  тархсан цар тахлын   гамшгийн  үед ч ажилчдынхаа  цалинг  нэмсэн газар Эрдэнэт үйлдвэрээс өөр дуулдаагүй. Хүний төлөө  зөв бодлого  менежмент хэрэгжүүлж буй удирдлагууддаа бид дандаа талархдаг.

     Уурхайчдадаа Эрдэнэт үйлдвэрийнхээ хөгжил дэвшлийн төлөө   хоёргүй сэтгэлээр ажиллаарай” гэж ахмад хүний  хувьд уриалъя гэв. Эрдэнэт үйлдвэртээ 30 жилийн нөр их хөдөлмөрөө зориулсан тэр энэ хавраас  гавьяаны амралтаа эдэлж суугаа.  Өглөө эртээ гэгч босож, гэрийнхээ  цонхоор ажилчдын  автобусны цуваа уурхай өгсөхийг харан бахархаж, зарим үед хөнгөн гуниг төрдөг гэсэн. Гэлээ ч хүү нь “Уурхайчин”-ы  алдрыг өвлөсөн болохоор сэтгэл тэнэгэр. Украйн Улсад  Нисэхийн дээд сургууль төгссөн залуу хархүү  хотод мэргэжлээрээ ажиллаж байгаад, нэг л өдөр ааваа би  “Уурхайд ажилланаа” гээд л хүрээд ирж. С.Лхагважав эхнэр Д.Сульхүүтэйгээ эрдэнэсийн хотод учирчээ. Одоо тэднийх  хүү,  охинтой өнөр сайхан бүл болсон. Охин нь ээжийнхээ мэргэжлийг  залгамжлахаар  АШУИС-д суралцаж буй. 

     С.Лхагважав багадаа   Монгол хэл, уран зохиолын нэртэй багшийн шавь  байсан болоод ч тэр үү,  утга уянга, яруу найраг сонирхон, бичдэг. 

“Онгон баян байгалийн дархан хүн уурхайчин
Оргил сарьдаг уулсын эзэн хүн уурхайчин
Очтон гэрэлтэх аварга машины оньс атгаж
Одтой шөнө ч ажиллах хөдөлмөрийн хүн уурхайчин
Тэнгэрт нартай хамт мандаж
Газарт нартай хамт бадарч
Дурсагдах нэр нь хөдөлмөр бүтээлтэй гагнагдаж
Дуулим хорвоод уурхайчин алдраа өргөе”. Тэр уурхайчны тухай ийнхүү шүлэглэжээ.

     Бидний ярилцлага дуусах үед  түүний утсанд дуудлага ирэв. Утсаар ярихдаа царай  нь гэрэлтэн:  “За, маш их баярлалаа” гэсээр  утсаа салгав. Түүнийг Төрийн дээд Алтан гадас одонгоор шагнах болсон тухай баярт мэдээг Ил уурхайн Хүний нөөцийн  ажилтан дуулгасан аж. Тэр баяр хөөр, догдлолоо барьж ядан, нүднээсээ сувдан дусал гялтгануулан, баярт мэдээгээ гэрийнхэндээ дуулгахаар яаран гарч одлоо. Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга энгүй их хөдөлмөрч С.Лхагважав төрдөө үнсүүлж, энгэрт нь “Алтан гадас” одон гялалзах нь ээ.

Я.ЭНХТУЯА
ФОТО: Б.БАТТӨГС

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %