А.БААСАНЖАВ: Эрдэнэт үйлдвэрийнхээ нэр төрийг өндөрт өргөхийг хичээж ажилласан

Энэ удаа бид Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийн анхдагч, Эрдэнэт үйлдвэрийн Хүндэт дэвтэрт нэрээ мөнхөлсөн, Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн хошой аварга, Автотээврийн цехийн жолооч асан Авъяагийн Баасанжавтай ярилцлаа.
-Хоёулаа ярилцлагаа таны Эрдэнэтэд ирсэн үеэс эхлэх үү?
-Би Завхан аймгийн Дөрвөлжин сумын хүн л дээ. 1975 онд цэргийн албанд татагдан Эрдэнэтэд ирсэн. Биднийг ирэхэд үйлдвэр дөнгөж л хундамаа тавьж байсан, Тосгоны хэдэн брак байшингаас өөр торойх юмгүй эзгүй тал л байсан даа. Говилд Монголын барилгын бригад бий болж, цэргийн ангиуд ирж, байр байшингаа өөрсдөө барьж байлаа. Би цэрэгт ирснийхээ дараа Улаанбаатарт жолооны курст суралцан жолооч болсон. Ингээд л Барилгын цэргийн Улс төрийн хэлтсийн даргын жолооч боллоо. Дарга нар бүтээн байгуулалтад оролцож буй цэргүүдээ эргэж тойрно. Орос монгол ажилчид, цэргүүд гар сэтгэл нийлэн, өдөр шөнөгүй ажилладаг сан. Гуравхан жилийн дараа буюу 1978 онд биднийг халагдахад орон сууцны эхний гурван хороолол, үйлдвэрийн барилга, үйлчилгээний төв гээд байшин барилгууд сүндэрлэж өгсөн дөө. Их бүтээн байгуулалтыг яг дэргэдээс нь харж, гар бие оролцож, омогшиж явсан залуу хүний хувьд бидний 100 гаруй цэрэг үйлдвэрийн ажилчин болох хүсэл, сонирхолдоо хөтлөгдөн, илгээлтээр Эрдэнэт үйлдвэрт орсон юм. Биднийг бүртгээд гэртээ сар амраад ир гэж явуулсан. Би нутагтаа амарчхаад шууд ирээд л шинэ машин авч байлаа. 
-Яагаад жолооч мэргэжлийг сонгох болсон бэ?
-Манай аав, ээж малчин улс. Би долоон хүү, есөн охинтой айлын ес дэх хүүхэд. Аав ээж минь бидэнд ажлыг голж болохгүй. Эхэлсэн ажлаа дуустал чанартай хий гэж захиж, нягт нямбай, сахилга баттай, үнэнч шударга байхад сургасан. Миний таван ах жолооч. Ах нар маань том баазуудад тээврийн тэрэг барьдаг. Тэднийгээ дагаж, тусалж, кабинд нь сууж явсаар техникт дуртай болсон хэрэг. Энэ сайхан мэргэжил эзэмшсэнийх Эрдэнэт үйлдвэртээ төрөл бүрийн машин барьж явлаа. Хөнгөн тэрэг, тээврийн тэрэг, Белаз хүртэл жолоодож явлаа шүү дээ. 
-Үйлдвэр ашиглалтад орсон жил болохоор өрнүүн их ажилтай байсан байх. Таны эхний даалгавар юу байв?
-Бүхий л ажил мэргэжлийн хүмүүс дутагдалтай байсан даа. Тэгээд хүн хүчээ бүрдүүлэх, илгээлтийн эздийг аймаг орон нутгаас зөөж авчрах ажилд гар бие оролцож эхэлсэн. Мөн Булган аймагт хэвлүүлсэн үйлдвэрийн нээлтийн ёслолын уриа лоозон, бичиг баримтыг Эрдэнэт рүү зөөнө. Энэ үед би УАЗ-469 машинтай байлаа. Бас нутаг руугаа амралт, чөлөө авч явах Зөвлөлтийн мэргэжилтнүүдийг Улаанбаатар, Дархан руу хүргэнэ. Онгоц буудал, вокзалууд дээр үднэ. Ирснийг нь тосож авна. Тухайн үед зам харгуй тааруу байлаа. Булган, Эрдэнэт хоёрын хооронд бороо устай үед ачааны машин гурав ч хонодог л цаг үе байлаа даа. 
-Хамгийн хол тээвэрт хаашаа явж байв?
-Зах зээлийн нийгэмд шилжсэний дараа ийш тийш их явсан. Өмнөх гэрээ контракт хүчингүй болж, үйлдвэрт чухал хэрэгцээтэй бараа материалаа өөрсдөө явж авчирдаг үе байв. ОХУ-ын Красноярск, БНХАУ-ын Эрээн хот хүртэл явлаа. Тэсэлгээний материал, баяжуулах процесст шаардлагатай химийн бодис, ОХУ-аас запаас сэлбэг авчирна. Холын тээвэрт явах сайхан л даа газар үзнэ. Анхнаасаа Зөвлөлтийн хүмүүстэй ажилласан болохоор Орос улсад явахад хэл ус нь ч, элэг сэтгэл ч ойр, дотно санагддаг байсан. За тэгээд, Монгол орныхоо 18 аймгийн нутгаар явсан даа. Ер нь холын тээвэрт явах сайхан. 
-Жолооч хүний жаргал юу вэ?
-Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг ян тан биелүүлчхээд нүүр баатар суух шиг сайхан зүйл үгүй ээ. Техник л болохоор эвдрэл гэмтэл гарна. Замын бартаа саад таарна. Тэр бүгдийг даван туулаад, машин техник, ачаа бараа бүрэн бүтэн, цаг хугацаандаа ажлаа амжуулаад ирэх ч жаргал шүү дээ. Би өглөө үүрээр тээврээс ирчхээд, гэрээр орж нүүр гараа угааж, аяга цай уучхаад ачаагаа буулгахаар үйлдвэр рүүгээ явдаг. Ачаагаа буулгаж, хүлээлгэн өгөөд л бууж ирнэ. Маргааш нь нарядтай ажлаа хийгээд л явна даа. Би үйлдвэрт 60 хүртлээ л тээвэр хийлээ. Холын тээврээс ирчхээд ядарч байна, маргааш нь амаръя гэж хэлж үзээгүй ээ. 
Тусгай зориулалттай автомашины засварын хэсэгт ажиллаж байхад янз бүрийн л даалгавар ирнэ шүү дээ. Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын ар гэрт тохиолдсон гачигдал, зовлон, нүүдэл, суудал, малтай нэгнийх нь өвс түлээ татах ажилд хүртэл явна. Орой ажлаас буугаад ирэхэд даргаар цохуулсан өргөдөл барьсан 10-аад хүн үүдэнд зогсож байх нь ч бий. Тэдний хүсэлтэд цааргалахгүй ээ, өглөө үүрээр, шөнө өдрийг ялгахгүй л явна. Хүмүүс их баярлана. Ингээд л үүргээ биелүүлж, хүн баярлуулж, хамт олонтойгоо явах шиг сайхан юм үгүй ээ. Би бараг бүх цехэд хүрч ажилладаг байлаа. Гадагшаа тээвэрт явахгүй үедээ Төв агуулахаас цехүүдийн тоног төхөөрөмж, бараа таваарыг зөөж хүргэнэ. Эрдэнэт үйлдвэртээ 37 жил гаруй ингэж л хөдөлмөрлөсөн дөө. Манай үйлдвэрийн нэгэн үеийнхэн ч намайг анддаггүй л байлаа. 
-Та Эрдэнэт үйлдвэрт энэ олон жил ажилласнаараа, жолоо мушгиснаараа бахархдаг биз?
-Тэгэлгүй яах вэ. Бахархал болсон үйлдвэрийнхээ нэр хүндийг нь хаана ч өргөж явах сан гэж хичээдэг. Эрдэнэт үйлдвэрийн нүүр царай тээвэр хийж яваа жолоочоосоо эхлээд л харагдана гэж би ойлгодог. Тэгээд л цэвэр цэмцгэр хувцаслаж, хүнтэй зөв, сайхан харилцаатай байхыг өөртөө хэвшүүлсэн төдийгүй, залуус дүү нартаа захидаг юм. 
-Эрдэнэт үйлдвэрийн буян хишгийг хэр хүртэв та?
-Үнэнч шударга, уйгагүй хөдөлмөрлөснийг минь Төр засаг, Эрдэнэт үйлдвэр үнэлсэн. Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аваргаар хоёр удаа шалгарсан. Эрдэнэт үйлдвэрийн Хүндэт дэвтэрт нэрээ бичүүлсэн. Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан. Үйлдвэрийнхээ ач буяныг зөндөө л хүртсэн. 1980 онд надад үйлдвэрээс хоёр өрөө байр өгсөн юм. Одоо ч манайх тэндээ л амьдарч байна. Үйлдвэрийнхээ өгсөн байрыг зарж үрж, өөрчилж төвддөггүй ээ. Манайх зургаан хүүхэдтэй. Тэд маань энд л өсөж өндийсөн. Эхнэр Ж.Цэцэгмаа Тээвэр, ложистикийн төвд 30 жил ажиллаад гавьяандаа суусан. Эрдэнэт үйлдвэрт охин, хүү хоёр маань ажиллаж явна. Үр хүүхдүүд маань бүгд л ажил төрөл нь бүтэмжтэй, амьдрал ахуй дажгүй сайхан явна даа. 
-Та гавьяаны амралтдаа гарсаар юу хийж байна?
-Хөгшин бид хоёр хэдэн бүл зөгий маллаад зун хөдөө голдуу байдаг юм. Багачууд хүүхдүүдээ эрүүл агаарт гаргаад, бас хэдэн гэрээрээ хэрэглэх балаа авчхаад сайхан л байдаг. Энэ зунаас бие жаахан чилээрхээд, зөгийний маллагаагаа жаахан алдуулсан. Бороо устай ч болохоор балын гарц ч тааруу болдог юм байна. 
-Төгсгөлд нь та юу хэлэх вэ?
-Үйлдвэрийнхээ болон цехийнхээ удирдлага хамт олон, анхдагч ахмадууд, үе, үеийн ажилтнууддаа Эрдэнэт үйлдвэрийнхээ 45 жилийн ойн баярын мэнд хүргэж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе.
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
3
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %