“Фосфоритийн геологи, хайгуул-2022” үйлдвэрлэл, судалгаа, шинжилгээний ажил амжилттай явагдлаа

Дэлхий дэлэгнэж дэнж, судаг ногоорно. Хөндий алсад хараа бэлчээхүйд хөх ногооны суунаг татна. Хүн малын зоо тэнийх хөхөөн дууны улирал, бидний хэдэн нөхөд хөх сувдын орон гэгдэх Хөвсгөл нутгийг зорилоо. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрдэнэт үйлдвэртэй хамтран зохион байгуулж буй “Фосфоритийн геологи, хайгуул-2022” үйлдвэрлэл, судалгаа шинжилгээний хээрийн бага хурлын хаалтын үйл ажиллагааг сурвалжлахаар яваа нь энэ. Улсын Их Хурлын 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд Уул уурхайн түүхий эдийг боловсруулан нэмүү өртөг шингэсэн хүнд үйлдвэрлэлийг байгаль орчинд ээлтэй, тогтвортой байх зарчмаар хөгжүүлж, хөрөнгө оруулалтын дэвшилтэд хэлбэрүүдийг дэмжинэ, мөн зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр барьж байгуулах тухай заажээ. Зэсийн баяжмал хайлуулах боловсруулах явцад дагалдан гарах хүхрийн давхар ислийн асуудлыг фосфорын бордоо үйлдвэрлэх замаар шийдвэрлэх боломжтой тул ойрын ирээдүйд баригдах зэсийн баяжмал боловсруулах, хайлуулах үйлдвэрийн хэрэгцээнд фосфоритын ордын судалгаа онцгой ач холбогдолтой юм. Энэхүү зорилгын хүрээнд “Фосфоритын геологи хайгуул-2022” сэдэвт үйлдвэрлэл, судалгаа, шинжилгээний хээрийн бага хурал, экскурсийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын санаачилгаар зохион байгуулсан нь чухам цагаа олсон ажил байв. УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын А/07 тоот тушаалаар “Фосфоритын геологи хайгуул-2022” хээрийн бага хурлын ажлын хэсгийн даргаар УУХҮЯ-ны геологийн судалгаа, төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Дэлгэрсайхан, нарийн бичгийн даргаар доктор Ч.Бямбажав, Н.Манчук нар ажиллалаа. Хээрийн сургалт судалгааны үед ажлын багийнхан Завхан, Хөвсгөлийн  фосфоритын сав газрын геологийн тогтоц, гол гол зүсэлтүүдтэй танилцах, хурдас хуримтлалын үүссэн дэс дарааллыг хэрхэн палеонтологийн олдвороор тогтоосон, фосфоритжилт, түүний онцлог, илрэх байдал, агуулгын нөөцийг хэрхэн яаж тогтоосон арга аргачлалд суралцаж, цаашид фосфоритын эрэл хайгуулын ажлыг хэрхэн явуулахад энэхүү хээрийн хурлын ач холбогдол оршиж байв. Бид явсаар Мөрөн хотын баруун талд Говь-Алтай, Завханы ай сав газар ажиллаад ирсэн геологичидтойгоо уулзав. Олон хоног хэцээр дэр, хээрээр гэр хийж явсан тэд маань нэлээд борложээ. Хэн нэгэн тэндээс “Бид нар, салхинд элбүүлээд хар арьстан шиг болж уу” гэх. “Энэ танил цагаан хүмүүс хаанаас гараад ирэв ээ” хэмээн зарим нь мэдэн будилна. Бид ийн мэнд мэдэлцэн уулзалдаад цааш хөдлөв. Дөрвөн машинд хүмүүсээ хувааж суулгаад довтолголоо. Тэдний нэрлэснээр “хайнагийн шар” буюу ногоон өнгийн Ланд-80 түүчээлнэ. Араас нь Эрдэнэт үйлдвэрийн хоёр патрол замчилна. Үүнийг хоёр шарга гэх. Цоожилж яваа бидний хөлөглөсөн “номхон бор” бол манай албаны старекс хойноос нь мацсаар нэгэн чулуулаг уулын хажуу энгэрт зогсоцгоов. Бүрэн хаан хайрхан 21 хүдрийн биетээс тогтсон том ордын нөөцтэй газар. Геологичид зураглалаа гарган газрын байршлыг тогтоов. 

Ерөнхий геологич Б.Алтанхуягийн хэлснээр Бүрэнхааны ордын хоёрдугаар биетийн зүүн хэсэгт ирснийг нотлов бололтой. Геологич А.Дэлгэрсайхан, М.Дамдинсүрэн нараар ахлуулсан хэсэг ордын дээж авахаар уул өөд өгслөө. Палеонтологич  эрдэмтэн Г.Сэрсмаа тэргүүтэй нөхөд уулын бэл уруудан эртний амьтдын ул мөрийг судлах ажилдаа орох нь тэр. Харин бид уулын араас хоёр зээрдээрээ сажлуулсаар оргилд гарсан юм. Нэг нь дээж авахаар өрөмдөж байхад нөгөө нь алхаар чулуу хагалан үнэрлэж зогсох. Бас нэг нь чулуу долоож харагдана. Ингэж таван мэдрэхүйгээрээ тамшаалж таалах нь геологичдын жаргал юм санж. Уулын өвөр хэсэг нь хар өнгөтэй, ар талдаа цайвар судалтай чулуу бол ялгаагүй фосфоритийн хүдэр. Хагалахаар үнэртэж буй тэр исгэлэн зүйл бол 540 сая жилийн тэртээ амьдарч асан амьтан ургамлын үлдэгдэл биогийн гарал хэмээн ярих геологич Ш.Баттүвшиний үг чих дэлсэнэ. Харин ШУТИС-ийн багш, доктор Г.Сэрсмаа үнэтэй юмаа гээчхээд олсон хүн шиг нүүрэндээ мишээл тодруулан сууна. Эртний кембрийн галавын үед хамаарах строматолит буюу хөх ногоон замаг, онколит ч байна. Олон улсын хэллэгээр археоциат амьтныг олж тогтоолоо. Моллюск буюу дун хясаа, хиолит-гуурслаг амьтад, трилобитыг олж зургийг нь авч баталгаажууллаа. Энэ удаагийн судалгаа маш амжилттай явагдлаа гэв. Геологичид, палеонтологичид өөрсдийн судалгааны түүхий эд гэгдэх шуудай, шуудай чулуу дээжлэн авах нь сонин. Өөрөөр хэлбэл, судлаачдын энэ орд газрын баялгаас дээжлэн авсан олз нь. Энэ үеэр бид зарим хүний сэтгэгдлийг сонссон юм.


 

УУХҮЯ-ны геологийн судалгаа, төлөвлөлтийн хэлтсийн дарга А.ДЭЛГЭРСАЙХАН:

“Эрдэнэт үйлдвэрийн санаачилгаар геологичдынхоо дунд эрдэм шинжилгээний хээрийн бага хурал зохион байгууллаа. “Алсын хараа-2050” шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд уул уурхай, геологийн салбарыг урт, дунд, богино хугацаанд хөгжүүлэхтэй холбоотой Эрдэнэт үйлдвэрийг дэмжих зорилгоор фосфоритын гарал үүсэл, суурь, түүн дээр нь юу байгаа, ямар түвшинд судалгаа хийсэн талаар авч үзлээ. Цаашид юу судлах талаар хэлэлцлээ. Шинжлэх ухааны талаас Геологийн хүрээлэн, боловсролын талаас ШУТИС-ийн багш нар зураглал хийдэг хувийн компанийн төлөөлөл оролцлоо. Эдгээр хүмүүст фосфоритын системтэй мэдлэг олгох, улс оронд фосфоритын орд ямар хэрэгтэй байгаа талаар хэвлэмэл гарын авлага гаргана. Бид Говь-Алтай, Завханы нутгаар нийт 3000 гаруй км газар яваад ирлээ. Одоо Бүрэнхааны фосфоритын ордтой танилцаж байна. 


 

Эрдэнэт үйлдвэрийн Геологи хайгуулын экспедицийн дарга М.ДАМДИНСҮРЭН:

“Энэ ажлыг манай үйлдвэрийн ерөнхий геологич анх санаачилсан. Үүнийг УУХҮЯ дэмжсэн. Тэгэхээр Эрдэнэт үйлдвэр зэсийн баяжмал хайлуулж цэвэр зэс гаргахад фосфорит зайлшгүй шаардлагатай. Үүнийг судлах зорилгоор Говь-Алтай, Завхан, Хөвсгөлөөр яваад ирлээ. Зэсийн баяжмалыг хайлуулахаар эхлээд бохир зэс гардаг юм байна. Дараа нь хүхрийн хүчилд уусгаад цэвэр металл гарна. Энэ металлыг уусгадаг хүхрийн хүчлийг фосфорын баяжмалаар саармагжуулдаг. Тэгэхээр хүдрийг баяжуулж фосфорын бордоо гаргадаг. Үүнийг Монголын хөдөө аж ахуй, газар тариалангийн бүх төрлийн бордоонд хэрэглэдэг юм байна. Баяжмалаа хайлуулан металл гаргаад түүнд хэрэглэсэн хүхрийн хүчлээ фосфоритын баяжмалаар саармагжуулбал бордоо гарна. Энэ нь манай орны хөдөө аж ахуй, газар тариалангийн хэрэгцээг хангаад зогсохгүй, экспортод гаргах асуудал яригдах ёстой. Иймээс Хөвсгөл аймгийн Бүрэнхааны фосфоритийн орд бидний анхаарлын төвд байгаа. Энэ удаа бид тус ордын хоёрдугаар биетэд ажиллалаа. Бид ашигт малтмалын ордтой танилцахаас гадна ШУТИС-ийн геологийн тэнхимийн судлаачид, палеонтологичид, Үндэсний геологийн албаны геологичид өвс ургамлын гарал үүслийг судалсан. Манай үйлдвэр зэсийн эцсийн бүтээгдэхүүн гаргах талаар сүүлийн 20 гаруй жил судалгаа хийсэн. Энэ ажлын хүрээнд Бүрэнхааны ордыг ашиглах боломжтой гэж үзэж байгаа. Улмаар энэ ордын хүдрийг фосфоритын баяжмал болгон Эрдэнэт үйлдвэрийн цэвэр зэс гаргах үйлдвэрт хэрэглэнэ гэсэн үг. 


 

ШУТИС-ийн багш, доктор Г.СЭРСМАА:

Юун түрүүнд хээрийн хоймор, ордын дэргэд яриа өгч байгаадаа баяртай байна. Энэ бага хуралд миний бие палеонтологич, стратиграфикчийн хувиар оролцлоо. Учир нь фосфоритын ордын геологийн нөхцөлийг тодорхойлоход палеонтологи, стратиграфи маш чухал байдаг. Палеонтологи нь эртний чулуужсан амьтны үлдэгдлийг энэ чулуулаг дотроос илрүүлээд тэдгээрээр геологийн харьцангуй насыг тогтоож орд хэдий үед үүссэнийг гаргадаг. 

Амьтан ургамлын үлдэгдлийг үечилж аваад хамгийн хөгшин, хучиж тогтсон хамгийн залуу үеийг тогтоодог салбарыг стратиграфи гэж нэрлэдэг. Палеонтологич, стратиграфи хоёр салшгүй холбоотойгоос гадна ашигт малтмалыг эрж олоход түүний геологийн насыг тогтоож өгдөг. Геологийн орчин тогтоц бий болгоход маш чухал үүрэгтэй шинжлэх ухаан юм. Бид хээрийн бага хурлын үеэр Завхан, Хөвсгөлийн эртний далай тэнгис асан чулуулагтай сав газартай танилцлаа. Тэгэхээр Бүрэнхааны орд тунамал орд. Далай тэнгисийн үйл ажиллагаагаар газрын гадаргууд үүссэн ордыг бид тунамал орд гэж үздэг. Энэ тунамал орд карбонат буюу шохойн чулуутай, элсэн чулууны үелэлттэй холбоотойгоор далайн усанд уусмал байдалтай байсан. Фосфорын исэл, үй түмэн органик амьтдын биеийн үлдэгдлээс тунаж үүсдэг орд юм. Иймээс бид амьтны үлдэгдлийг судлах шаардлага тавьсан. Тухайлбал, бид хөх саарал өнгийн шохойн чулуун дээр сууж байна. Энэ дотор зураг хээ байдалтай археоциат гэдэг амьтан байна. Уг амьтныг олсноороо энэ чулуулгийн насыг доод кембрийн буюу одоогоос 541-521 сая жилийн өмнө үүссэн гэж үзлээ. Иймээс Эрхэл нуур формацын доод хурдац байна гэж тогтоолоо. Археоциат нь удирдах малтмал болж явдаг. Энэ нь маш богинохон хугацаанд амьдраад чулуулагт олноор хадгалагдаж үлдсэн хэн хүнд амархан танигддаг амьтдыг удирдах малтмал гэж нэрлэдэг. Бид үүнийг олоод доод кембрийн настайг тогтоолоо. Геологичид дээж авахдаа он цаг өдрөө бичээд хэддүгээр цэг болохыг тэмдэглэдэг. Лабораторид бид шлиф бэлтгэдэг. Энэ бол нимгэхэн зүсэж шилний завсар хавчуулаад түүнийгээ микроскопоор харж судлан чулуулгийнхаа насыг баталгаажуулдаг. Тэгээд энэ амьтан ямар төрөл зүйлд хамаарагдахыг тодорхойлдог юм. 


Монгол орны геологийн судалгаагаар фосфорын бордооны үндсэн түүхий эд болох фосфоритын гурван орд, 70 орчим илрэл тогтоосон нь хээрийн экскурс зохиосон Завхан, Хөвсгөлийн сав газарт  хамаардаг байна. Эндээс бид Бүрэнхааны Уушгийн өврийн буган чулуун хөшөөг үзэж сонирхов. Энэ нь Төв азийн өргөн уудам бүс нутагт тархсан загварчлан дүрсэлсэн бугын зураг бүхий чулуун дурсгалын томоохон цогцолбор байв. Энд нийт 15 буган чулуун хөшөө байх бөгөөд тэдгээрийн гадаргууд баруун, зүүн дээш чиглэн дүүлж буй бугын дүрс урлажээ. Мөнхүү ирвэс, гөрөөс зэрэг амьтад сийлсэн нь сонирхол татна. Буган чулуун хөшөөнд нийтлэг байдаг хүзүүний зүүлт, нум сум, толь, тагнайн хээтэй бамбай, зээтүү, хутга, бүс зэрэг эд өлгийн зүйлс сийсэн нь нүд “хужирлана”. Түүнчлэн 14-р буган хөшөөний дээд хэсэгт хүний нүүр гарган дүрсэлсэн нь буган чулуун хөшөөний соёлд маш цөөхөн тохиолдох зүйл гэж археологичид тэмдэглэсэн байх аж. Дэлгэр мөрний мандал намуухан цэлэлзэж харагдана. Тээр цаахна нь Мөрөн хотын гэрэл тэнгэрийн одод шиг анивалзаж үдшийн гэгээг шөнийн харанхуй нөмөрлөө. Унтаж амрах минь. Маргааш Төрийн бодлоготой уялдсан “Фосфоритийн геологи, хайгуул-2022” хээрийн бага хурал танхимд үргэлжилнэ.

Дэлхийн хэмжээнд  540-560 сая жилийн тэртээ фосфоритын орд зөвхөн Монгол оронд үүссэнийг таньж мэдэхээр байна

Хурмаст хур бороо хайрласан Мөрөнгийн өглөө зэврүүн. Нутгийн ордны өмнөх талбайд хэсэг хүмүүс өглөөний гимнастик хийж байна. Эгшиг хөгтэй аянд, эвлэгхэн хөдөлгөөн хийцгээнэ. Манай жолооч Ц.Мөнхнарангийн өвөөд зориулсан дурсгалын хөшөө Титэм сургуулийн үүдэнд байх. Монгол улсын гавьяат багш Д.Батсуурийн хөшөөнд патиар татуулаад Хээрийн бага хурлын хоёр дахь өдрийн үйл ажиллагаанд оролцлоо. Фосфоритын нөөц баялгийн хувьд хамгийн хэтийн төлөвтэй гэж 45 орчим орд илрэл бүхий Хөвсгөлийн сав газрыг геологичид илрүүлснээс Мөрөн хотоос баруун хойш 30 км зайд орших Бүрэнхааны фосфоритын ордыг 193 сая.тн хүдрийн нөөцтэй болохыг тогтоосон аж. Үүнээс хойш ямар нэгэн нэмэлт судалгаа хийгдээгүй өнөөг хүрчээ.  Харин анх удаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрдэнэт үйлдвэртэй хамтран зөвхөн монгол геологичдын дунд “Фосфоритийн геологи, хайгуул-2022” үйлдвэрлэл, судалгаа шинжилгээний хээрийн бага хурлыг “Мянга сонсохоор нэг үз” уриан дор зохион байгуулсан нь түүхэн үйл явдал боллоо. Ажлын багийнхан “Фосфат хуримтлал, фосфоритын ордын геологийн тогтоцтой танилцсанаар Монгол Улсын эрдэс баялгийн сан хөмрөгийг арвижуулан өнгөт металлын ордын ашиглалтын хугацааг уртасгах, зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах явцад дагалдан гарах хүхрийн давхар ислийн асуудлыг фосфорын бордоо үйлдвэрлэх замаар шийдвэрлэх боломжтой” хэмээн үзэж байна. 


Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий геологич Д.АЛТАНХУЯГ:

“Фосфоритийн геологи, хайгуул-2022” хээрийн бага хурлыг анх удаа зохион байгууллаа. Манай багт оролцож буй ШУ-ны академийн болон ШУТИС-ийн судлаачид гадаад хүмүүстэй хамтран ажиллаж байсан. Энэ удаа Монголчуудад дагнан геологийн суурь судалгаа, эрэл хайгуулын чиглэлээр оновчтой мэдээлэл өгч байна. Бид Говь-Алтай аймгаас хээрийн судалгааны ажлаа эхэлсэн. Газар дээрээ бидний судлагдахуун ямар байдалтай байна. Тэр бүхнийг мэргэжлийн судлаачаас бусад нь асууж тодруулан байгаль дээр нь хариу авлаа. Судлагдахуунаа гараар барин үзэж байгаа нь чухал юм. Монгол Улсыг хөгжүүлэх “Алсын хараа-2050” гэсэн том зорилт дэвшүүлснийг бид мэднэ. Дотор нь 10 жилээр гурав хуваасан. Үүний эхний 10 жил явж байна. Мөн Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжиж байна. Энэ бүхэнтэй уялдуулан Эрдэнэт үйлдвэр өөрийн бүтээн байгуулалтад шаардагдах хэрэгцээний материал, түүхий эдийн  судалгааг дотоодоосоо хангах зорилгоор ажиллаж байна. Монгол Улсад фосфоритийн ордын хэтийн төлөвтэй нь Завханы ай сав газар байдаг. Говь-Алтайн хойд, Завхан аймгийн баруун талын сумдыг хамарсан том талбайд фосфоритийн хэр нөөц байгааг судалсан. Хөвсгөлийн сав газрын орд ОХУ-ыг дамнаад явчихдаг. Тэгэхээр дээр нэр дурдсан газруудад зүй тогтлын харьцуулсан судалгаа хийх санаачилга гаргасан. Өмнөх жилүүдэд говийн бүс нутгаар явсан. Дорноговь, Говьсүмбэр, Дундговийн нутгаар судалгаа хийсэн. Геологи хайгуулын экспедиц  өөрийн хийх ажлын чиг үүргээ хэрэгжүүлээд эхэллээ. Энэ судалгааны ажлыг үйлдвэрлэлийн болон шинжлэх ухааны талаас харж болно. ШУ-ны үүднээс төв Ази, дэлхийн хэмжээнд  540-560 сая жилийн тэртээ зөвхөн манай нутгаас фосфоритын орд үүссэнийг таньж мэдэхээр байна. Өөрөөр хэлбэл, чулуулгууд нь өөр газар тодорхой харагдахгүй, тасалдалттай байх жишээтэй. Доод талд нь амьтан ургамлын үлдэгдлүүдтэй, фосфоритийн үеүдээр ялгарч байгаа нь манай үйлдвэрийн геологичдын болон хамт яваа хүмүүсийн геологийн шинжлэх ухаанчаар хандахад тустай ажил байлаа. Үйлдвэрлэл талаас бол бид хамгийн түрүүнд ордын нөөц илрүүлэх ёстой. Манай үйлдвэрийн цаашдын хэвийн үйл ажиллагаа, бүтээн байгуулалтад хэрэгтэй, хэрэгцээ хангах нөөц хаана байгааг тогтоох нь эцсийн зорилго. Тэгэхээр говийн бүсэд ордын нөөц байна. Гэвч тодорхой хугацаа хөрөнгө шаардсан судалгааны ажлыг ирэх жилүүдэд явуулах бодолтой байгаа. Тэгэхдээ цаг хугацаа хожих нь чухал. Завханы ай сав газарт фосфоритийн үе нэмгэн байна.  Хөвсгөлийн ай сав газар фосфорит зузаан байгаа. Бүрэнхааны хоёрдугаар биет дээр 250 орчим метрийн зузаантай үеүд гарч ирсэн. 1984 он хүртэл хийсэн нөөцийн судалгаатай бид санал нэгдэж байгаа. Хөвсгөл аймгийн удирдлагууд 50 дугаар өргөргөөс хойш ямар нэг уул уурхайн ажил явуулахгүй, аялал жуулчлал хөгжүүлэхээр заасан. Үүнээс урагш байгаа учраас энэ заалттай нийцэж байгаа. Тэгэхээр Бүрэнхааны ордын тодорхой биетүүдийг судлах нь практик талаасаа чухал ач холбогдолтой юм. Мөн байгаль орчноо хамгаалах чиглэлээр судалгаа явуулж байна. 


 

Шинжлэх ухааны академийн Палеонтологийн хүрээлэнгийн магистр Г.АЛТАНШАГАЙ:

Манай хүрээлэнгийн доктор Д.Доржнамжаа багш анх шинжлэх ухааны онолын судалгаа хийж Завханы фосфоритийн ордыг нээсэн байдаг. Анх фосфорит агуулсан хүдрийн ордыг Завхан аймгийн Цагаанчулуут сумын нутаг Зүүн харцага ууланд илрүүлсэн. Тухайн сав газрын дагуух эртний 540 сая жилийн настай хурдас чулуулагт амьтан ургамлын үлдэц илрүүлсэн. Энэ нь Говь-Алтай аймгийн Баян -Уулаас Завхан аймгийн Завханмандал сум хүртэлх сав газарт тогтвортой байрласан байдаг. Үүнийг мэргэжлийн хэллэгээр биогийн гарал үүсэлтэй гэж үздэг. Бид энэ бүс нутгийн геологийн тогтоц, стратиграфи, хүдрийн биетүүдийн судалгаан дээр хээрийн экскурс амжилттай зохион байгууллаа. Тэгэхээр фосфоритийн хүдрийн биет явахаас гадна тухайн үед хүдрийг үүсгэсэн органик амьтан, ургамлын үлдэгдэл Завханы ай сав газарт маш их элбэг. Тэр тусмаа фосфоритийн нэг онцлог нь истермотолит гэж эртний хөх ногоон замгийн үлдэгдэл байдаг. Үүнийг бид палеонтологийн үүднээс судалдаг. Ер нь амьтан, ургамлын судалгаа нь хоёр том эриний заагт хамаардаг. Амьтан, ургамлын үүсэл тухайн бүс нутагт тогтоогдсон. Одоогоор ОХУ, Монгол, Австрали, Герман, Франц, Шведийн экспедиц тухайн бүс нутгийн амьтан ургамлын эртний олдворын талаар судалж байна. Нэлээн алдартай тулгуур зүсэлтүүдтэй газар юм.


“Эм Жи И Эм” компанийн гүйцэтгэх захирал Ш.БАТТҮВШИН:

“Сэтгэгдэл маш өндөр байна. Манай компани геологийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Геологийн эрэл, зураглал, хайгуул, нөөцийн тооцооны тайлан бичиж эрдэс баялгийн зөвлөлөөр хамгаалах гэх мэт. Уул уурхайн олборлолтын өмнөх бүх шатны ажлыг гүйцэтгэдэг гэсэн үг. Миний бие 2010 онд “Таст маргад” компанийн ерөнхий геологиор ажиллаж байлаа. Энэ ордод гурван жил геологи хайгуулын ажлыг удирдан зохион байгуулж, гардан ажилласан. Фосфоритийн орд бүрэлдэн тогтох сав ямар байсан юм. Энэ дотор хүдэр хэрхэн хуримтлагдсан талаар Говь-Алтай, Завхан, Хөвсгөлийн ай сав газрыг судаллаа. Хоёр дахь том орд гэж нэрлэгддэг Бүрэнхааны ордын танилцуулгыг би хийлээ. 1981-1984 онд Зөвлөлтийн геологичдын хийсэн хайгуулаар Бүрэнхааны орд 193 сая.тн фосфорын хүдрийн нөөцтэй гэж тооцоолсон байдаг. Одоогоор манай компани зөвхөн дөрвөн биетэд 193 сая.тн хүдрийн нөөц байгааг тогтоосон. Геологичдын үндсэн ажил нь орд газрыг илрүүлж нээдэг. Энэ утгаараа улс эх орны хөгжилд жинтэй хувь нэмэр оруулдаг салбар шинжлэх ухаан. 100 саяас дээш нөөцтэй орд бол том ангилалд орно. Бүрэнхааны ордын хүдрийн биетүүдийн нэг онцлог нь маш зузаан тогтоцтой. Ил аргаар олборлох боломжтой. Далд аргаар олборлохоор эдийн засгийн зардал өснө. Эрдэнэтийн Зэс хайлуулах үйлдвэр барихад хүхрийн хүчлийг саармагжуулан фосфорын бордоо үйлдвэрлэх маш чухал түүхий эд энд байна.       

Хурлын төгсгөлд  “Фосфоритийн геологи, хайгуул-2022” хээрийн судалгааны ажилд долоо хоногийн турш оролцсон хүмүүст гэрчилгээ олгов. Ийнхүү Төрийн бодлоготой уялдсан “Фосфоритийн геологи, хайгуул-2022” хээрийн бага хурал  амжилттай явагдаж өндөрлөлөө.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %