Д.Рагчаа: Би галын илчинд ажиллаж, төмрийн үйлчин явснаараа бахархдаг

“Эрдэнэт” үйлдвэрийн Засвар механикийн заводын ахмад ажилтан Д.Рагчаатай ярилцлаа.

-Та аль нутгийн хүн бэ? Ургийн ямар овог сонгов?
-Өмнөговь аймгийн Номгон сумын харьяат. Чимэд зурхайчийн удмын Чонос овгийн хүн. Манай үйлдвэрийн Ерөнхий захирал  бид хоёр ойрын хамаатан. Ээж нь миний аавын төрөл байгаа юм. Би эхээс олуулаа. Бидний  бага нас өнчин өрөөсөн, тарчиг ядуу амьдрал дунд өнгөрсөн. Би эмээ, өвөө хоёр дээрээ өссөн хүн. Мал л маллаж явлаа даа.  Би нэлээн хөдөлгөөнтэй хүү байсан. Нуух юм алга. Холбооны техникумд суралцаж байлаа. Хонхорын станцад баахан хүмүүжигчдийн дунд ёстой бүтэхгүй санагдахгүй юу. Шантраад сургуулиа хаячихсан.
-Тэгээд яасан?
-Нутгаасаа цэрэгт татагдсан. Сонгинотод байрлах цэргийн бага даргын курст Дуламын Батлүндэн бид хоёр хамт сурч байлаа. Төгсөөд Улиастайд хуваарилагдсан. Үүнийг ярьдгийн учир Батлүндэн бид хоёр хамт л яваад байсан хэрэг. Эрдэнэтэд зохион байгуулалттай элсэлтээр  ирээд Тосгонд нэг гэрт амьдарч байсан. Төдөлгүй үйлдвэрийн ажилчин болцгоосон юм. Эрдэнэтэд л бидний ажил, амьдрал өрнөсөн дөө.
-Үйлдвэрийн ажилчин болсон сэтгэгдлээс хуваалцаач?
-Өө, ёстой юу ч мэдэхгүй нөхөр ирсэн. Малчны хүү ажилчин болоод их сайхан санагдаж байсан. Энэ сайхан Монгол орны баян хангайг түшсэндээ баяртай явдаг. Хэрэв би техникум төгсөөд мэргэжил эзэмшсэн бол  сумын холбооны нэг техникч байх биз. Аль эсвэл цэргээс халагдаад сумандаа очсон бол уурын зуухны галч, гудамж метрлэсэн нөхөр явахыг хэн байг гэхэв. Тэгэхээр хүний хувь тавилан их сонин. Энэ сайхан үйлдвэртэй хувь заяагаа холбож өдий зэрэгтэй яваадаа сэтгэл өег явдаг даа.
-Гэр бүлээ танилцуулна уу?
-Манай гэргий Эрдэнэт хивсний будах цехэд чанар шалгагчаар ажиллаж байгаад гавьяаныхаа амралтанд гарсан. Политехникийн сургууль төгсөөд насаараа энэ албыг хашсан хүн. Манай хүүхдүүд дасгалжуулагч, компьютер менежментийн болон автын инженер мэргэжил эзэмшсэн. Магистр зэрэгтэй. Том хүү Р.Түвшинтөр БелАЗ-ын жолооч. Ханан хадны спортын мастер. Ази тивийн аваргын тусгай байрын шагналтай.
-Хэзээнээс та урлаг, спортоор хичээллэсэн бэ?
-Би багаасаа урлаг, спорт сонирхсон. Цэцэрлэгийн багшаараа мандолин хөгжим заалгаад тоглоод сурчихсан юм. Монгол улсын гавьяат багш Банзрагч гэж байлаа. Энэ хүн манай ангийн багш. Багш  намайг энэ сахилгагүй нөхрийг урлагийн үзлэгт оруулаад хашраагаатах гээд л... Тэгээд би үеийнхээ хэдэн нөхөдтэй зургаадугаар ангидаа хамтлаг байгуулав аа. Хэдэн банзан гитартай. Түүнийгээ тоглоно. Мандолин тоглоод сурчихсан болохоор суурьтай байхгүй юу. Тэнд “Аянга” нэртэй хамтлаг байгуулсан. Тэгээд цахилгаан гитар хийж үзсэн. Ер нь манай ангийн хэд нэлээн хөдөлгөөнтэй нөхдүүд байсан юм.
-Таны мэргэжлийг өвлөсөн хүүхэд бий юу?
-Манай бага банди аавынхаа мэргэжлийг өвлөсөн. Рагчаагийн Түвшинбаяр гэж. Багш нь миний гарын шавь. Ч.Батбаяр гэж хүн бий. Чи надаас юу сурсан. Миний хүүд тэр бүхнээ хэлж өгөөрэй гэж захиж байгаа. Харин надаас та хоёр мэдэхгүй зүйл байвал асуу. Би сэтгэл харамгүй хэлж өгнө гэдэг. Манай хоёр хүү   хоёулаа  уулчин, аялагч. Хоёр бандийн дунд Р.Түвшинзаяа гэж охин байна. Бариа засалч. Бүгд тусдаа гарсан. Ажил, амьдралтай сайн сайхан амьдарч байна. Миний дөрөв дэх ач, зээ гарч байх шив. Энэ бүхнийг “Эрдэнэт” үйлдвэрийн буян хэмээн залбирч явдаг. Одоо тэтгэвэрт гарах гэж байна.
-Юу гэнээ. Ийм залуугаараа юу?
-Чи сайн танилын хувьд битгий дамшиглаад бай. Аан гээд сонс. Би үйлдвэрт 34 жил ажиллаж байна. Харин сэтгэлээрээ бол үргэлж залуу мэдэв үү.  
-Та их алиа хошин зантай хүн. Танд хошин шогийн мэдрэмж байна даа?
-Манай өвөө их ёж үгтэй хүн байсан. Аливаа юмны өө сэвийг олоод харчихна. Түүнийгээ үгээр оноод хэлчихнэ. Энэ зан чанар нь надад нөлөөлсөн байх. Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах бригадын малчин Сэдийн Балдир гэж хөгшин байлаа, миний өвөө. Сайхан мужаан хийнэ. Гэр орондоо орж ирсэн хүнийг шоглож егөөднө. Нэг хүн гэрт нь чөдөр бүслээд ороод ирж. Түүнийгээ мартаад гараад явчихаж гэнэ. Тэгсэн нөгөө хүн, Балдир гуай би танайд чөдөртэй орж ир лүү гэхгүй юу. Энэ яриаг  мань хүн өлгөж аваад сул орж гараад л байсан хэн яаж мэдэх юм гэж хариулсан байдаг. Айлд чөдөр бүсэлж орохыг монгол хүн цээрлэдэг байна л даа. Үүнийг эвтэйхэн ёж үгээр тухайн хүнд ойлгуулсан байх жишээтэй. Энэ мэт үг яриа, үйл явдал дунд өссөн болохоор орчин надад нөлөөлсөн байх. Би хамт олны дунд явж байгаад санаандгүй нэг үг хэлчихээр тэр нь инээдэм болдог. Манайхан Ааяа ах байхгүй болохоор нэг л дүмбийгээд явчих юм гэдэг. Түр зуур ч гэсэн хүмүүсийг хөгжөөчихөөр агшин төдий ч ажлын алжаалаа мартаад сэтгэл нь сэргэдэг. Тэгэхээр манай хамт олон миний тэр орон зайг  үгүйлдэг юм шиг билээ.
-Та ажил хөдөлмөрийн амтанд орсон үеэ эргэн дурсаач?
-Би “Эрдэнэт” үйлдвэрийн босгыг алхахдаа Засвар механикийн заводад засварчнаар ажилласан. Тэндээсээ металл хийцийн угсрагч хийлээ. Энд гагнуур, зүсэлт хийж сурсан.  Одоо ч би, намайг анх тэвэрч авсан гуравдугаар зэрэг гэж ярьдаг юм. Би ЗМЗ-ын металл хийцийн хэсэгт тав, Ерөнхий механикийн хэлтэст гурав, цутгуурын цехийн бэлдэц бэлтгэх хэсэгт нэг жил ажилласан. Тэгээд л хамгийн сүүлийн бэлэн бүтээгдэхүүн гаргадаг хатаалгын цехэд өнөөг хүртэл ажиллаж байна. Өөрөөр хэлбэл цутгаад  ирсэн металлаас шороог нь салган хатааж бэлэн бүтээгдэхүүн гаргадаг. Энэ хэсэгт сүүлийн 26 жил ажиллажээ.  
-Таны  ажлын нөхцөл хэр вэ?
-Ажиллах нөхцөл хүнд. Маш их халуунд ажилладаг. Одоо ажлын нөхцөл дээрдэж байгаа.
-2003 онд та бид хоёр Увсын Цагаан дэглийд авиралт хийсэн дээ. Та малчны хотонд бүжиг зохиож бужигнуулснаа санаж байна уу?
-Саналгүй яахав. Танай Цагаан дэглий мөн ч сайхан хайрхан шүү. Голын наад захад нь зун, цаад талд нь өвөл байхыг чи бид хоёр нүдээр үзээ биз дээ.
-Та чинь спортын хоёр ч төрлөөр мастерын болзол хангасан бил үү?
 -Миний хичээллэсэн унаган спорт аялал. Нөгөөх нь уулын спорт. Аяллын болон уулын спортын мастер цолтой. Миний хүү ч энэ спортоор хичээллэж байна. Энэ хоёр спортоор хичээллэсний үр дүнд хамрын ханиад ч хүрч үзээгүй. 34 жил ажиллахдаа тэмцээн, уралдаанд орохын тулд ажлаас чөлөө авч явснаас өвдөж ажлаас хөндийрч байгаагүй.  
  -Он удаан жил ажиллахдаа бие эрүүл байгаа нь таны хувийн зохион байгуулалттай холбоотой юу?
-Магадгүй. Би гар, хөлөө эсгэж байсан.Түүнээс биш бэртэж гэмтсэн юм байхгүй. Хөөрхий, ингэж хэлдэггүй юм гэнэ лээ. “Эрдэнэт” үйлдвэрт он удаан жил сайхан ажиллалаа. Яахав, үе мөчөөр бага зэрэг өвдөх бол байх зүйл. Түүнээс миний дотор эрхтэн энэ тэр эрүүл. Хөдөлмөр хамгааллын хувцас эрс сайжирсан. Амны хаалтаас өөр юм өгдөггүй байсан үе бий. Одоо бол тийм биш. Ажиллагчдын хөдөлмөр, хамгааллын хувцас маш боловсронгуй болсон. Тиймээс ажилчид дүрэм журмынхаа дагуу ажлын хувцас, багаж хэрэгслээ ашиглах нь зүйтэй. “Эрдэнэт” үйлдвэр хүнийхээ эрүүл мэндийн төлөө их анхаарч байна. Техник технологийн дэвшлээр ажлын байрууд  өөрчлөгдсөн.  Хүний  гар  ажиллагааг  хөнгөвчлөөд сайхан болж байна. Яг миний ажилладаг хэсэг дээр ойр зуурын юм өөрчлөгдсөн. Цаашид цаг үеэ дагаад хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн техник тенологиор  шинэчлэгдэж, ажиллагсад ая тухтай орчинд ажиллах нөхцөл бүрдэх байх. Бид 3200 хэмийн халуунд ажилладаг. Одооны залуус хоёр сар ажиллаад нуруу бөөр өвдлөө гэх болж. Би жилд нэг удаа өндөр уулын оргилд гарчихаар жилийнхээ эрч хүчийг авчихдаг. (Инээв.) Ер нь өндөр ууланд гарах нь их хийморилог үйл юм. Багахан өндөр газар гарах ч хүний эрүүл мэндэд тустай. Яагаад гэвэл жаахан өндөрт гарахад л хүний цусны эргэлт түргэснэ. Эрүүл агаар хүний бие организмыг маш их хүчил төрөгчөөр хангадаг.
-Явган аяллаар та хаана хамгийн олон  очсон бэ?
-Хагийн хар нуурт олон очсон.  Тэнд долоон гитар орхисон байдаг. Тэрэлжээс алхаж очоод л гитар дээрээ цуг явсан хүмүүсийнхээ нэрийг бичээд  байшинд нь өлгөчихдөг. Утсыг нь авчихна. Хагийн хар нуур Ханхэнтийн нуруунд байдаг. Тэнд  Естийн рашаан гэж  бий. Их халуун рашаан л даа.
-Одоогоор та явганаар хэдэн километр аялаад байна?
-Би хэдэн километр явснаа яс тооцож үзээгүй. 2002 онд 10 мянган км явганаар аялсан тооцоо гарсан. Түүнээс хойш дахиад 10 жил болжээ. Тэгэхээр одоо яг тэд гэж хэлэхэд хэцүү. Монгол орныхоо хилийн шугамаар тооцоход эх орноо нар зөв дөрөв тойрсон.
-Таны сэтгэлээс гардаггүй хамгийн сайхан байгальтай газар аль аймгийн нутагт байна вэ?
-Хөвсгөл аймгийн нутагт орших Шишигтийн хүрхрээг  нэрлэнэ дээ. Үнэхээр  сайхан  газар. Хүмүүс тэр бүр очдоггүй. Түүний зүүн хойхно Улаан хадны агуй гэж бий. Хөвсгөлийн Улаан уул сумын ард байгаа юм, тэр хүрхрээ. Увсын Ханхөхий, Говь-Алтайн Ээж хайрхан аугаа. Гэвч  Шишигтийн   хүрхрээ  гойд  санагдсан. Миний аяллын багш Дэмид гэж Хөвсгөлийн хүн байлаа. 1986 онд  би багштайгаа тэнд очиж үзсэн. Тэгэхэд тайгын Төмөртэй уулзсан.  Тэр сайн эр бидэнд газарчилж явсан удаатай.
-Сонин л түүх байна. Ямар янзын эр явж байх юм?
-Кинонд гардаг шиг тийм том нөхөр байгаагүй. Үйтэн хуар дээлтэй, өргөн шар бүс бүсэлсэн, хромон гутал жийсэн туранхай хөх залуу л явсан. Бидэнтэй Ренчинлхүмбэ сумын араас зам нийлсэн. Гэнэт л модон дотроос морьтой гараад ирсэн дээ. Тэр тайгын Төмөрийг нутгийн ардууд их хамгаалдаг байсан юм билээ. Та нар одоо энэ зүгт явна шүү. Модон дээр тэмдэг тавьчихсан, гэчихээд л яваад өгнө. Энэ мэтээр хэд хэдэн удаа бидэнд газарчилсан. Хожим түүний тухай сонсоход бүр нэг ангийнх нь хүүхэд бариад өгчихсөн юм билээ.
-Та говийн хүн. Хангай газар анх ирэхэд сонин байсан уу?
-Цэлгэр талд төрж өссөн хүнд их сонин байсан. Дотор давчдаад л ирдэг юм. Сүүлдээ сурчихдаг. Нэг жижиг умгар юманд байгаа юм шиг сэтгэгдэл төрнө. Одоо тийм биш. Говийн хүнд бас нэг онцлог байна. Уудам цэлгэр тал харж өссөн болохоор миний нүдний хараа сайн шүү. Энэ олон жил гагнуур хийсэн гэхэд би ямарч сонин, номыг нүдний шилгүй уншдаг.
-Хүнд нэг далд бахархал байдаг. Таны бахархал юу вэ?
-Би Засвар механикийн заводаас зохиосон олон нийтийн бүх үйл ажиллагаанд гар бие оролцож явлаа. Нэг хэсэг миний оролцоогүй урлаг, спортын тоглолт байдаггүй байлаа. Тэр бүү хэл туслах аж ахуйн хашаа барих бол Рагчаа ирчихсэн байна. Энэ тэнд гагнуур хийнэ Рагчаа л явж байх жишээтэй. Үүний буянаар хамт олондоо нэр хүндтэй сайхан явж иржээ, би. Нэг үе Засвар механикийн заводын нэр нүүр болж явсан гэвэл онгирсон болохгүй биз дээ. Манай ЗМЗ-ын ажиллагчид “Эрдэнэт”үйлдвэрт хэрэгцээтэй тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг. Энэ бүхэнд гар бие оролцож явсан болохоор бахархахгүй байхын аргагүй. Би “Эрдэнэт” үйлдвэрт тоног төхөөрөмжийн засварчны хувьд маш их юм хийсэн байна. Чи бод. Хаягдлын аж ахуйн бүх тоног төхөөрөмжийг манайд хийдэг. Энэ бүхэнд миний хүч хөдөлмөр орсон. Тэгэхээр бахархахгүй байхын аргагүй. Өдөрт 45 тн төмрийн бэлдэц хийдэг. Өөрөөр хэлбэл 45 тн төмөр зүсч байж, бидний нэг өдрийн ажил дуусах жишээтэй. Бэлдэц бол янз бүр. Зүгээр нэг байгууллагын засварчинтай зүйрлэх юм биш. Баялаг бүтээж буй энэ том үйлдвэрийн засварчид  их далайцтай ажил хийдэг, оргилуун хүмүүс. Манай нэг гавьяат За, Рагчаа... ...Чамаас би ичих юм. Чиний хийсэн юм  маш их. Та бүхний буянаар би гавьяат боллоо гэж ярьсан. Үүнийг  би нэг юм бодож хэлсэн үг гэж санадаг. Манай хэсэг эвдэрснийг эвлүүлдэг, буруу хийснийг засдаг газар. Тэр бүхний төгсгөлд стандартад нийцсэн бэлэн бүтээгдэхүүн гаргадаг. Надад галын энерги бий. Би галын илчинд ажиллаж яваа хүн гэж томордог. Би төмрийн үйлчин гэдгээрээ бахархдаг даа.
-Та хөдөлмөрөө аль хэр үнэлүүлсэн бэ?
-ЗМЗ-ын ажил хөдөлмөрийн аваргаар хоёр удаа шалгарсан. “Эрдэнэт” үйлдвэрийн хөдөлмөрийн аварга. Тэргүүний уран сайханч. Спортын мастер цолтой гэхээр хэр зэрэг үнэлүүлсэн байна даа.
-Сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа.


Т.БАТЧУЛУУН

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %