Ц.ТӨРБАТ: Эрдэнэт үйлдвэр бүхий л амьдралын минь туршид баяр бахдал төрүүлсээр ирсэн

     Эрдэнэт үйлдвэр анхны баяжмалаа экспортод ачуулсан түүхэн өдрийг тохиолдуулан Эрдэнэт үйлдвэрийн анхдагч, Баяжуулах үйлдвэрийн ээлжийн дарга асан Цагаадайн Төрбаттай уулзаж, дурсамж яриа өрнүүллээ. 

-Та Эрдэнэт үйлдвэрт анхны ажилчдын нэг болж ирсэн үеэ дурсана уу?

-Би 1974 онд Дарханы Политехникумд элсэн ороод 1977 оны 12-р сарын сүүлчээр төгссөн юм. Биднийг төгсөнгүүт Геологи, уул уурхайн яаман дээр дуудав. Тэнд Эрдэнэт үйлдвэрийн нэгдүгээр орлогч Д.Лхагвасүрэн, санхүүгийн албаны Дорлигжав гуай нар хүлээн авч уулзаад томилолт өгч, 2-р сарын 14 гэхэд Эрдэнэтэд оч, байр сууц бүх юм бэлэн гэсэн. 2-р сарын эхээр сар шинэ болж, бид гэртээ харьчихаад 2-р сарын 14-нд 22-уулаа Эрдэнэтэд хөл тавьж байлаа. 

-Тухайн үед Эрдэнэт хотын байдал ямархуу байв?

-Говилд дэлгүүр, эмнэлэг, соёлын ордон, Холбооны газар байсан. Үндсэндээ Эрдэнэт хотын төв Говилд байсан. Хотын урд хэсэгт хүнсний орос дэлгүүр, одоогийн Нэгдсэн эмнэлгийн ойролцоо барааны дэлгүүр, “хойд, урд хоёр дугуй”-д хүнс бараа холилдсон монгол дэлгүүр байлаа. “Город”-д нэгдүгээр микр баригдсан байсан. 2-р микрт Технологийн сургууль, 2-ын 12, 13-р байрууд баригдсан. Энэ байруудад Монголчууд, нэгдүгээр микрийн тоосгон байруудад мэргэжилтнүүд байв. Говилын цэргийн ангийн орчимд оросын барак тосгон байсан. Ажил цуглахад Говилын уулзварт город, Говилоос цуваа ирнэ. Эндээс нийлсэн цувааны эхний автобус АБК орж байхад сүүлийнх нь Говилын уулзварт байдаг байж. Монгол, орос цэргүүд, Зөвлөлтийн мэргэжилтнүүд, манай илгээлтийн байрныхан, городынхон. Үйлдвэр, хот ид баригдаж байсан болохоор тийм олон хүн байсан. Арав гаруй мянган хүн байсан гэдэг санагдана, түүний 90 хувь нь оросууд байсан. Үйлдвэр маань тийм л олон хүний хүч хөдөлмөрөөр боссон доо. 

-Эрдэнэт үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг та хэрхэн төсөөлж байв?

-Бидний сурч байх үед Баяжуулах үйлдвэр гэж байсангүй. Базар, Далхаа гээд мэргэжлийн багш нар Конусан бутлуур, хөвүүлэх машин гээд л зураг хөрөгтэй сайхан заана. Бид сайн ойлгохгүй ээ.   Сүхбаатарын Бүрэнцогтын вольфромын уурхайд дадлага хийлээ.  Тэнд конусан бутлуур байнаа. Тэр нь 40-ийн битоны дайтай бондгор юм. Конусан бутлуур гэж ийм л төсөөлөлтэй явлаа. Эрдэнэтэд ирсэн чинь юун 40-ийн битон, байшин шиг юм байдаг байгаа (инээв).  Тиймэрхүү хөгжилтэй юм болж байлаа. Өөрөө угсралцсан болохоор тээрэм, бутлуур, хөвүүлэх машинаа ерөнхийдөө ойлгосон. 

-Та ирээд ямар ажилд хуваарилагдав? 

-Тэр үед үйлдвэр ид баригдаж байсан. Бид 2-р сарын 17-нд ажлын үнэмлэхээ гардаж аваад, би Төв корпуст хүдэр нунтаглах тээрмийн угсралтын ажилд томилогдсон. Манай бригадын ихэнх нь оросууд, миний дээд төгсөлтийн Б.Батдэлгэр, биднээс арай ахмад настай Алтангэрэл бид гурван л монгол ажилчинтай. 

Бүгд л орос багштай. Миний багш Ряпицав гэж өндөр нуруутай орос байлаа.  Нэг өдөр 22, 27, 19 ч гэлүү баахан түлхүүр авчир гэлээ. Би явах замдаа мартчихаж. Тэгэхээр нь түлхүүрийн маш том модон хайрцгийг тэр чигт нь өргөөд хөлсөө гоожуулаад очлоо. Нөгөөх маань саваад уначихлаа. Маргааш нь хажуугаараа 35 үсэгтэй, жижигхэн хөөрхөн тэмдэглэлийн дэвтэр балтай авчирч өгсөн. Түүн дээр орос үгнүүд бичиж, мөн авчрах зүйлээ бас бичиж өгдөг байж билээ. Ер нь алхам тутамд орос мэргэжилтнүүд зааж сургасан даа. 

-Тоног төхөөрөмжөө угсарч дуусаад ямар ажилд томилогдов?

-Үйлдвэрийн туршилт тохируулгын ажил 7-р сарын нэгнээс эхэлсэн. Энэ үед би Урвалжийн хэсэгт “шил чанагч” албан тушаалтай болов. Шингэн шил гэж урвалж байдаг. Буталсан шил шиг харагддаг энэ урвалжийг халуун уураар хайлуулж, уусгаад цавуурхуу юм болгоод Төв корпус руу явуулдаг. Хоёр жилийн  дараа тээрмийн машинч, дараа нь  бригадын дарга, мастераар ажиллаж байгаад 2000 оноос ээлжийн даргаар ажиллаж байгаад  2014 онд тэтгэвэртээ гарсан.

-Үйлдвэр хэзээнээс бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн бэ? 

-Анхны тээрмээ 10-р сард эргүүлсэн санагдана. Энэ үед Ю.Цэдэнбал дарга, хожим Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Хандсүрэнгийн Рагчаа нар тээрмийн товчлуурыг дарж эхлүүлсэн юм.  Энэ үеэр өргөн олныг хамарсан цуглаан болж байлаа. Энэ үеэс бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж явсаар хоёр сар гаруйн дараа буюу 1978 оны 12-р сарын 14-нд тухайн үеийн чанар стандартад тохирсон анхны баяжмалаа ачуулсан түүхтэй. Төв корпусын баруун талд Цэдэнбал, Брежнев даргын зургаар чимэглэсэн толгойтой галт тэрэг   4 чингэлэг   баяжмал ачиж, ОХУ руу хөдөлсөн.  Монголын төр засгийн тэргүүн Ю.Цэдэнбал, Зөвлөлтийн Сайд нарын зөвлөлийн орлогч дарга И.В.Архипов нар тууз хайчлан хамтарсан үйлдвэрийн нээлт болсон юм даа. Энэ үед том алтан түлхүүрийг Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал В.Н.Кобахизед гардуулан өгч байлаа.  

-Баяр бахдал, хүнд хэцүү аль аль нь байсан л байх. Энэ тухайгаа дурсвал...

-Ажил амьдралын гараагаа эхэлсэн Эрдэнэт үйлдвэр ухамсарт бүхий л амьдралын минь туршид баяр бахдал төрүүлсээр ирсэн. Хүнд үе байсан. 1990-1992 оны үед цахилгаа тасардаг, сайхан ажиллаж байтал гэнэт зогсчихдог үе тохиолдоно. Тээрэм бүх ачаатайгаа зогсоно. Хэцүү шүү дээ. Эргэж сэргээж ажиллуулна гэхэд их хүнд. Тухайн үед элстэй баахан байлдсан даа. Одоогийн Үйлдвэрлэл эрхэлсэн захирал Т.Батмөнх сургууль төгсөөд анх манай ээлжинд баяжуулагчаар орж байсан. Би түүнийг “Элс угаа” гээд л доошоо оруулчихна. Бараг бүтэн сар элс угаасан байх шүү. Батмөнх маань одоо ч багш гээд л надад их сайн байдаг юмаа. Манай ээлж “Гурван гавьяатын ээлж” нэртэй.  Хандсүрэнгийн Рагчаа, Цэрэнгийн Ерэнпил, Хавааны Байгавил гээд гурван гавьяат манай ээлжнээс төрсөн.  Сүрэнгийн Давааням гавьяат ч бас тэр ээлжээр дамжсан гэдэг. 

-Нэг ээлжнээс дөрвөн ч гавьяат төрнө гэдэг бахархмаар юм..? 

-Тийм ээ. Байгавил гавьяат хүнтэй ажиллах их нарийн ухаантай хүн. Рагчаа, Ерэнпил гавьяатууд ажлыг яг дүрэм номоор нь цаг тухайд нь хийдэг. Хөдөлмөрийн сахилга бат маш сайтай, хариуцлагатай. Шударга зарчимч гэж. Ямартаа Ерэнпил шөнө 03 цагт эхнэр рүүгээ утасдаж, носатка сольчихоод хэлсэнгүй гэж загнасан гэдэг.  Эхнэр Ичинхорлоо нь бас баяжуулагч. Тэр ээлжнээс шөнө буусан, бид 00 цагаас гарсан.  Өгч буй материалын их багыг тохируулдаг носатка гэж байдаг. Түүнийг Ичинхорлоо жаахан багасгаад буухдаа хэлэхээ мартсан байж.  Мань нөхөр мэдэлгүй жаахан мунгинасан шиг байгаа юм. Би түүнийг нь олж хараад ийм байна шүү дээ хө гэсэнд шөнө дөлөөр эхнэрээ сэрээн загнасан хэрэг. Ийм хөгжилтэй зүйл болно оо бас.  

-Шинэ соргог, содон сонин үйл явдал юу байв?

-Эрдэнэт үйлдвэр бүх цаг үеийн турш шинэчлэгдэж, тоног төхөөрөмжөө сайжруулж, дэлхийн нэртэй брэнд машин, тээрмүүдийг суурилуулан сайхан л ажиллаж байна. Ш.Отгонбилэг захирал ирээд нэг жил болсны дараа нэгдүгээр секц гэх том шинэчлэл хийсэн. Тэр тоног төхөөрөмжийн угсралт тохируулгад оролцож явлаа.  Үйлдвэр маань хүчин чадлаа нэмэгдүүлсээр одоо жилд 32,5 сая тонн хүдэр боловсруулж байгаа нь бахархууштай. Биднийг ажиллаж байх үед төлөвлөгөө нормоо биелүүлсэн гэж шагнал урамшуулал их авдаг байсан. Эрдэнэт үйлдвэр хүний хийсэн ажлыг жинхэнэ үнэлдэг гэж би боддог. 1980-аад онд социалист уралдаан өрнүүлдэг байсан. Зэсийн чанар, хүдэр боловсруулалт, хүдрийн агуулга гээд л олон үзүүлэлтээр дүгнэнэ.  Социалист уралдаан сайн муу хоёр талтай. Сайн тал нь хамт олныг идэвхжүүлнэ. Муу нь бие биенээ шоглоно. Ээлжнээс буухдаа   жижигхэн шоглосныг нь засаж янзлах гэсээр цаг хугацаа авна. Үүнийг Өлзийхутаг инженер болиулсан юм. Наадах чинь уралдаан биш, уралцаан болж байна гээд л. 

-Та гэр бүлээ танилцуулна уу? Танайхаас удам дамжсан баяжуулагч төрсөн үү? 

-Манайх гурван хүүхэдтэй.  Том хүү Эрдэнэт үйлдвэрт тоног төхөөрөмжийн засварчин. Бага охин баяжуулагч хийж байна. Би 2014 оны 4-р сарын 14-нд тэтгэвэртээ гарсан, тэр өдөр охин баяжуулагчаар орсон. Охиноо краны болон конвейрын машинч, баяжуулагчийн курс төгсгөж бэлтгээд, мэргэжлээ өвлүүлсэн юм. Тэгээд л хүүхдүүдээсээ үйлдвэрийнхээ тухай сураг чимээ сонсож, эргэх холбоотой байх юм.  

Манай гэргий З.Галбадрах Дархан хотын АУДуС төгссөн юм. Бид Дарханд танилцаад, Эрдэнэтэд ирж, Говилын илгээлтийн байранд голомтоо бадраасан юм. Манай хүн бүх л насаараа сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллагын эмч хийсээр, хоёр жилийн өмнө тэтгэвэртээ гарсан.  Энэ хүний буянаар би ээлжинд ажиллаж байхдаа халаасан хоол идэж үзээгүй. Шөнө 1 цагт буугаад ирэхэд л халуун хоол цайтай хүлээгээд суудаг байсан. 
-Сүүлийн асуултыг танд үлдээе

-Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн ажилчдадаа үйлдвэрийнхээ төрсөн өдрийн мэнд хүргэе. Ахмадууддаа эрүүл энх, сайн сайхныг хүсье. Биднийг залгамжлагч баялаг бүтээгч хамт олондоо Эх орныхоо эдийн засгийг дааж явах хүндтэй үүргээ улам сайн биелүүлэхийг хүсэж, аз жаргалын дээдийг ерөөе.

Я.Энхтуяа
 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %