Нийгмийн хариуцлага

   Тав тухтай орчин, сэтгэл ханамжтай үйлчилгээ, хамгийн чухал нь эрүүл хоолоор үйлчлэхийг урьтал болгосон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын харьяа “Сэлэнгэ катеринг” өнөөдрөөс үйл ажиллагаагаа эхэллээ. Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Автотээврийн цехийн 1000-аад ажилчдад халуун хоолны үйлчилгээ үзүүлэх тус катерингийн засвар үйлчилгээг бүрэн дуусгаж, хоол үйлдвэрлэлийн стандартыг ханган ажиллахаар болсон нь энэ юм. Катерингийн үйл ажиллагааг газар дээрээс нь сурвалжилж, бодит мэдээлэл хүргэхийг зорилоо.
   Эрдэнэт үйлдвэр өнгөрсөн хугацаанд гаднын компаниудтай гэрээ байгуулан, үйлдвэрлэлийн үндсэн цех, нэгжийн ажилчдад халуун хоолны үйлчилгээ үзүүлсээр ирсэн. Ингэхдээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсээс хоолны чанар, халуун хоолны үйлчилгээг үйлдвэр өөрийн нийтийн хоолны хэсгээс үзүүлэх зорилгоор ил уурхайн катерингийн үйл ажиллагааг эхлүүлэх шийдвэр гаргасан. Катерингийн барилга засварын ажилд 760 сая төгрөг, тоног төхөөрөмжийн зардалд 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ. Хоол үйлдвэрлэлд хэрэглэх тоног төхөөрөмжийн 80 гаруй хувийг ОХУ-ын “Abat” компани, дагалдах хэрэгслүүдийг БНХАУ-ын евростандартын бүтээгдэхүүнээс сонгосон байна. Бэлтгэл ажлын хүрээнд үйлдвэрээс шинэ ажлын байр бий болгон, мэргэжлийн 51 хүнийг сонгон шалгаруулалтаар ажилд авчээ.  
   Орох хаалганаасаа эхлэн тохилог орчин бүрдүүлж, гэрэл гэгээтэй саруул заал танхим байхаар шийдсэн энэ байгууламжид хоол үйлдвэрлэлийн үндсэн шат дамжлага бүхий 10 гаруй өрөө бий. Өрөө бүр орох хаалга болон үйлдвэрлэлийн процессыг цааш дамжуулах гарах хаалгатай. Мөн агааржуулалтын орчин үеийн систем суурилуулж өгснөөр зуны улиралд сэрүүнээр, өвлийн улиралд дулаан агаараар үлээх таатай нөхцөлийг бүрдүүлж чаджээ.
   Тус катерингийн нэг давуу тал нь үйлдвэрээс баталж өгсөн мөнгөн дүнд тохирсон амт чанартай, эрүүл хоолны цэс гаргахдаа өргөн сонголтыг бий болгожээ. Өнөөдрийн байдлаар 28 хоногийн хоолны цэс батлуулж, нэг ч хоол давхардуулаагүй гэдгээ онцолж байсан. Сарын дараа уурхайчдын санал хүсэлтийг авч, эрэлт ихтэй хоолны жагсаалт батлан, дагаж мөрдөхөөр төлөвлөжээ. Өдөр бүрийн хоолны цэсэд 1, 2 дугаар хоол, салат зууш, талх, нарийн боов гурваас зургаан төрлийн сонголттой байхаар тусгасан нь шинэлэг бөгөөд содон байлаа. Тендерт шалгаран үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийнхэн шөнийн ээлжинд гарч байгаа ажилчдад зөвхөн хоёрдугаар хоол өгдөг бол “Сэлэнгэ”-ийнхэн дээрх бүх сонголтыг санал болгохоор шийдвэрлэсэнд уурхайчид сэтгэл өндөр байна.
   Баялаг бүтээгчид шинэ катерингийн үйлчилгээнд “Онц” үнэлгээ тавьж, хойшид энэ эрчээрээ ажиллаасай гэсэн итгэл сэтгэлээ нуусангүй. Тэд бол Монгол Улсын төсөвт үнэтэй хөрөнгө оруулагч, “ТОП 100” аж ахуйн нэгжийг тэргүүлэгч “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газрын үнэт баялаг мөнөөс мөн. Тиймээс ч хөдөлмөрийн бүтээмжийг нь дээшлүүлж, эрүүл, аюулгүй, стандартын шаардлага хангасан хоолоор үйлчлэх нь үйлдвэрийн газрын нийгмийн хариуцлагын нэг байдаг.
   Нээлтийн үеэр уурхайчдын сэтгэгдлээс хуваалцлаа.

“Сэлэнгэ” катерингийн эрхлэгч Б.Хантамир: Бид “ISO 22000” олон улсын стандартыг нэвтрүүлнэ

   - Бид алсын хараагаа “ISO 22000” олон улсын стандартыг нэвтрүүлэх хэмээн тодорхойлсон. Олон улсын стандартад тусгаснаар тухайн хүн ажлын байран дээрээ ямар хоол идэх, өдөрт хэчнээн хэмжээний илчлэг авах нь тодорхой бий. Энэ стандартыг мөрдлөг болгосноор эрүүл мэндийн талаасаа ч эерэг үр дүн гарна гэж харж байна. Манай алсын хараа, үнэт зүйл, эрхэм зорилго тов тодорхой. Амтлагчаас эрс татгалзсан эрүүл хоол байх болно. 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн баг хамт олон ажиллаж байгаа учраас хоолны чанарт санаа зоволтгүй гэдгийг амлаж байна.

АТЦ-ийн Технологийн тээврийн автомашины жолооч Л.Батжаргал: Хоолны амт сайхан байна

   - Сэтгэл их өндөр байна. Хоолны амт сайхан байна, баярлалаа. Үйлдвэрийн ил уурхайн катерингийг өмнө нь хувийн компаниуд ажиллуулж байсан. Зарим үед их тааруу хоолтой байсан. Тиймээс ч хаагдсан байх. Манайхан хэсэг хугацаанд өөр цайны газарт хооллолоо. Нийтийн заал нь хүрэлцээ муу, хүн ихтэй, хүндхэн байсан ч өнөөдрийн хувьд бүх зүйл сайхан байна. Үргэлж ийм байгаасай.

Ил уурхайн засварчин С.Энхтайван: Тав тухтай, цэвэрхэн орчин бүрдүүлсэн нь таалагдлаа

   - Шинэ катеринг их тав тухтай, цэвэрхэн орчин бүрдүүлжээ. Хоолны хувьд маш их таалагдлаа. Хүнд нөхцөлд ажилладаг бидний хувьд сайн хоолтой байна гэдэг хамгийн чухал. Уурхайчдынхаа нөхцөл байдлыг ойлгож, дэмжсэн үйлдвэрийн удирдлагууддаа баярлалаа. Катерингийн шинэ хамт олондоо ажлын амжилт хүсье.

  

  

  

  

Сурвалжилсан И.Чинтогтох
Фото: Ш.Лхамсүрэн

   Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжийн удирдлагууд сар хаалтын хурлыг өнөөдөр хийж, долоодугаар сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөөний гүйцэтгэлийг хэлэлцлээ. Үйлдвэрлэлийн гол үзүүлэлтийн дүнгээр төлөвлөгөө 100-183 хувиар биелсэн байна. Баялаг бүтээгчид 168 мянган м.куб уулын цул гаргаж, төлөвлөгөөг 108 хувиар, 428 мянган тонн хүдэр олборлож, төлөвлөгөөг 114 хувиар, 75 мянган тонн хүдэр боловсруулж, төлөвлөгөөг 102.8 хувиар, исэлдсэн хүдэр олборлолт 183 хувиар тус тус биелүүлжээ. Тухайн сард 914 мянган м.куб хөрс хуулснаар төлөвлөгөөний биелэлт 100 хувьд хүрсэн байна.
   Баяжмал дахь металл авалтын гүйцэтгэл зэсээр 433.4 тонн буюу төлөвлөгөө 103.9 хувиар, молибден авалтын гүйцэтгэл 10.3 тонн буюу 105 хувиар биелсэн бол, зэсийн агуулга 22.4 хувь, төлөвлөгөө 100 хувь, молибдены агуулга 49.5 хувийн гүйцэтгэлтэй байж, төлөвлөгөө 103 хувиар биеллээ. Өнгөрсөн сард агуулга сайтай хүдэр олборлосон нь сарын төлөвлөгөөний гүйцэтгэлийг хангахад голлон нөлөөлснийг Үйлдвэрлэлийн хэлтсээс мэдээллээ.

И.Чинтогтох
Фото: Ш.Лхамсүрэн

Мэдээний төрөл

Календарь

« 8-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Зургийн цомог