Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна

Энэ буландаа бид Ил уурхайн Өрөмдлөг тэсэлгээний хэсгийн Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийн оператор диспетчер Баасансүрэнгийн Булганыг урьсан юм. Хүнд үйлдвэрт хүдэр эрчүүдтэй мөр зэрэгцэн 21 дэх жилдээ ажиллаж буй, гэрэл цацруулсан сайхан бүсгүйтэй ажил амьдралын энгүүн яриа өрнүүллээ.


- Нутаг ус, аав ээжийн тань тухай яриагаар ярилцлагаа эхэлье?
-Миний төрсөн нутаг Булган аймгийн төв, өссөн нутаг Сэлэнгэ сум. Одоо Эрдэнэт үйлдвэр байгаа газар миний өвөг дээдсийн нутаг. Тэд маань энд өвөлжиж хаварждаг, энэ хөндийгөөр мал ахуйгаа бэлчээрлүүлээд л морьтой давхилддаг байсан. Миний аав Н.Баасансүрэн гэж агрономич хүн байсан. Улаантолгойн сангийн аж ахуй байгуулагдахад Булган аймгийн ХАА-н газраас Яамны томилолтоор Ерөнхий агрономичоор томилогдож ирсэн. Миний ээж Б.Сувдаа 40 гаран жил багшилсан монгол хэлний багш хүн. Булган аймгийн сургуульд багшилж байгаад аавыг дагаж ирээд, Улаантолгойн айл болсон доо. Манайх тэнд нэлээн хэдэн жил болсон. Тэгээд намайг гуравдугаар ангид байхад аав Ингэттолгойн сангийн аж ахуй руу томилогдсон. Хүүхэд насны минь хамгийн жаргалтай үе Сэлэнгэ суманд өнгөрсөн. Үе үе “Ингэт”-ээ зорих их дуртай. Аав ээж минь олондоо хүндлэгдсэн сайхан хүмүүс. Би гурван хүүхдийн отгон нь. Ижий аавынхаа элбэрэл хайранд бөмбөрч өссөн дөө. Өөрийн нутаг минь өгөөжөө хайрлаж, жаргалтай сайхан амьдарч явна. 
-Эрдэнэт сайхан нутагтаа хэзээнээс суурьшив?
-Сэлэнгэ сумандаа 10 жилээ дүүргээд хуучнаар Политехникийн  их сургууль буюу Одоогийн ШУТИС-ийг оёмол бүтээгдэхүүний дизайнер мэргэжлээр 2000 онд төгссөн. Ингээд Улаанбаатарт цэргийн оёдлын үйлдвэрийн “Бөртэ” компанид мэргэжлээрээ ажиллаж байгаад, айлын бага охины хувьд аав ээжийгээ асаръя, нутаг усандаа амьдаръя гээд л Эрдэнэтдээ ирсэн дээ. Хөнгөн үйлдвэрийн мэргэжилтэн би хүнд үйлдвэрт орно чинээ санаагүй явсан. Хүний тавилан сонин шүү дээ. Нутгаа зорин ирж, бахархам үйлдвэртэйгээ хувь заяагаа холбосондоо сэтгэл үргэлж хангалуун явдаг даа. 
-Хөнгөн үйлдвэрийн хүн, хүнд тэр тусмаа Тэсрэх бодисын үйлдвэрт ажиллах ямар байсан бэ?
-Би чинь химийн бодисын үйлдвэр битгий хэл хүнд үйлдвэр гэх ямар ч төсөөлөлгүй л хүн ирсэн. Хортой нөхцөлтэй, хүнд л дээ. Гэсэн ч сайхан хамт олны дунд хүн ер нь ямар ч юмыг давж гардаг. 20 жил ажиллахдаа хүнд, хэцүү, ядрах, залхах мэдрэмж огт төрж байсангүй ээ. Үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө үнэнч сайн ажиллах хэрэгтэй л гэж боддог. Сургууль төгсөөд дан хүүхнүүд дунд гурван жил ажиллачхаад дасахгүй байсан. Би төрөлхөөсөө л эрчүүдтэй ажиллах хувьтай л хүн шиг байгаа юм. Хэдий өөрийнхөө дуртай, мэргэжлийн ажлыг хийсэн ч хамт олны уур амьсгал нэг л тааламжгүй. Эрдэнэт үйлдвэрт ирэхэд, манай хэсэгт 34 залуу, таван бүсгүй байсан. Оросууд нэлээн их ажилладаг байв. Намайг орос дарга хүлээж авч байлаа. Дарга маань зарчимч, өндөр шаардлагатай ч сайхан сэтгэлтэй, тусч хүн байсан. Гоёхон орос бүсгүйчүүдтэй цуг ажиллана. Манайхны залуус ч их найрсаг сайхан хүмүүс. Энэ бүхэнд татагдаад баяр хөөртэй ажиллаад, тэр эрчээрээ 20 жил болжээ. 
-Та бүхний ажил ямар онцлогтой вэ? 
-Бид эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийн амин судас болох эмульс үйлдвэрлэх процессыг хянаж, гол ажлыг нь нугалдаг. Эмульс үйлдвэрлэл 3-4 үе шаттай. Усан бас тосон уусмал бэлдэнэ. Үүнийгээ нийлүүлж эмульсжүүлэх машинд холиод, холин цэнэглэгч машинд ачдаг. Машин уулан дээр очоод, өөрөө хольж цэнэглээд тэсэлгээ хийгддэг. Бид энэ бүх процессыг хянадаг, ТЕГ-т бүртгэлтэй, их хариуцлагатай ажилтай улс. Шөнийн ээлжинд гарч буй оператор үйлдвэр доторх хоёр том объектыг хариуцдаг. Шөнийн 12 цагаас хойш технологийн ажил зогсох ч түүний галын аюулгүй байдлыг хариуцаж, шөнийн турш цурам хийхгүй харж, хонодог. Бас маргаашийн ажилдаа бэлдэнэ. Технологи ачилтад орох бүтээгдэхүүнийг бэлтгэж савнуудаа дүүргэж тавина. Ер нь үйлдвэрлэлийн процесс хянана гэдэг таван мэдрэхүйгээ зэрэг ажиллуулж, оюун ухаанаа дайчлан ажилладаг онцлогтой.
-Орос мэргэжилт-нүүдтэй нэлээн ойр ажиллаж байсан уу?
-Таня, Ирина гээд үлгэр дуурайлалтай, бүтээлч сайхан бүсгүйчүүдтэй найзалж, нөхөрлөн тэднээс их зүйл сурсан. Намайг дөнгөж ажилд орсны дараахнаас хүүхнүүд бүлгэм маягтайгаар нийлж, орос бүсгүйчүүд төрөл бүрийн хоол, салат, нэхмэл хийхийг заадаг байлаа. Орос мэргэжилтнүүдийн эхнэрүүд ч биднийг гэртээ урьж, мөөг, ногооны дарлага, цэцэг ногоо ургуулах зэрэг олон мэдлэгээ харамгүй хуваалцдаг байсан. 
-Таны хань бас уурхайчин гэсэн. Гэр бүлээ танилцуулна уу?
-Ханийг минь Х.Амартөр гэдэг. Ил уурхайн Засварын хэсгийн механик инженер. Бид оюутан байхдаа ханилж, хөөрхөн хүүтэй болчхоод, сургуулиа төгссөн. Нөхөр маань Говь ХК-д мэргэжлээрээ ажиллаж байлаа. Бид хотод гурван жил ажиллаад л хүүгээ хөтлөөд энд ирсэн. Хөнгөн үйлдвэрийн механикч мэргэжилтэй хань маань дахин сурч, хүнд үйлдвэрийн механик болсон. Олон жил нэг цехэд ажилласан болохоор нэгнийхээ ажлыг хэнээс ч илүү ойлгоно, мэдэрнэ. Сайхан ханийнхаа халамж, түшигт жаргалтай яваа би их азтай эмэгтэй. Манайх хоёр хүү, нэг охинтой. Том хүү геологич мэргэжилтэй, удам дагаж, уурхайчин болсон. Одоо “Оюу толгой”-д ажиллаж байна. Дараагийн хүү оюутан, архитектур мэргэжлээр сурч байна. Охин Орхон-Эмпати сургуулийн 7-р ангид сурдаг. 
-Таныхаар хүний хамгийн нандин чанар юу вэ? 
-Сайхан сэтгэл. Аав ээжээсээ өвлөсөн, амьдралдаа мөрдөж явдаг хэдэн чанар надад байдаг. Үнэн бай, сэтгэлтэй бай, хүнийг хайрла, хүнд тусалж бай гэж түүнийгээ би хүүхдүүддээ захидаг. Бас аливааг гэгээлгээр харахыг хичээдэг. Ямар ч бэрхшээл тохиолдсон за яах вэ, цаг зуурын юм гээд л бодчихдог юм. Миний хувьд худал хуурмагт их дургүй. Буруу бусармаг үйлдэл гаргасан хэнийг ч шууд л нүүрэн дээр нь хэлчихдэг. 
-Танд сониноор дамжуулан хэлэх зүйл байна уу?
-Эмэгтэй хүн ажил хөдөлмөр эрхлэхээс гадна ээж болох том үүрэгтэй. Эх хүн үрээ эрүүл тээж, эрүүл өсгөх ёстой. Химийн хортой үйлдвэрт ажиллаж байгаа залуу эмэгтэйчүүдийг ураг тээх хугацаанд нь өөр ажил руу шилжүүлэх зохицуулалт байгаасай. Би үүнийг биеэрээ туулсан болохоор хэлдэг юм. Намайг ажилд орсны дараахан дунд хүү маань олдсон. Төрөөд зургаан сар болоод л ажилдаа орсон. Дунд хүүгийн маань эрүүл мэнд нөгөө хоёртой харьцуулбал жаахан асуудалтай. Иймээс л би төрөх насны залуу охидод санаа зовдог юм. Үүнийг захиргаа, үйлдвэрчний эвлэл анхааралдаа аваасай гэж хүсэх байна. 
-Урилга хүлээн авч, сайхан яриа өрнүүлсэн танд баярлалаа. 

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
3
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %