Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрийн хамт олон 2024 онд “Хайр, хүндлэл, хариуцлага-Амжилтын үндэс” уриа дэвшүүлэн соёл, олон нийтийн үйл ажиллагаагаа зохион байгуулж байна. Энэ хүрээнд ирэх 5 дугаар сарын 15-нд тохиох “Дэлхийн гэр бүлийн өдөр”-ийг угтаж “Гэр бүлийн аз жаргал- Амжилтын үндэс” цуврал аяллыг өнөөдөр эхлүүллээ. Цехийн ажилтнуудынхаа гэр бүл, үр хүүхдүүдийг уурхайн ажлын байранд урьж, үйлдвэрлэл, уурхайчдын ажил үйлстэй танилцуулах зорилготой уг аяллыг Засварын хэсгээс эхэлж буйг Хүний нөөцийн товчооны дарга Т.Тунгалагтамир онцлов.
Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангахад гол үүрэг гүйцэтгэдэг Засварын хэсэг нь 200 гаруй ажиллагсадтай бөгөөд дан эрчүүд ажилладгаараа онцлог. Тэдний гэр бүлийг дөрвөн ээлжинд хувааж, үйлдвэртээ урих юм байна. Эхний ээлжинд тус хэсгийн 25 ажилтны гэр бүлийн 29 гишүүн Эрдэнэт үйлдвэрт зочилж байгаа бөгөөд тэднийг үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцуулахын зэрэгцээ цехийн удирдлагууд хүлээн авч, санал хүсэлтийг нь сонслоо. Мөн Эрдэнэт үйлдвэрийн музей үзэж, зууны манлай үйлдвэрийн түүхэн замналаар давхар аяллаа.
Энэ үеэр Засварын хэсгийн гагнуурчин Ю.Төрмөнхийн гэргий Б.Баасансүрэн, хүү Т.Намжилдорж нар сэтгэгдлээ хуваалцсан. Хүү Т.Намжилдорж, “Аавынхаа ажил дээр анх удаа ирж, танилцлаа. Хүнд хэцүү ч сонирхолтой ажил эрхэлдэг юм байна. Энэ аяллыг зохион байгуулсан Баяжуулах үйлдвэрийн ах эгч нартаа баярлалаа” гэсэн бол гэргий Б.Баасансүрэн, “Жилийн 365 хоногийн турш нэг ч хором зогсдоггүй, тасралтгүй ажиллагаатай энэ том үйлдвэрийн нэг эд эс нь болсон ханиараа бахархах сэтгэл их төрлөө. Уурхайн ажил, орчин нөхцөл хүнд хэдий ч эх орны хөгжил дэвшилд том хувь нэмрээ оруулж буй үйлдвэрт миний ханийн хөдөлмөр зүтгэл шингэж байгааг мэдрэх сайхан байна” хэмээн нэг өдрийн аяллын сэтгэгдлээсээ ярилаа.