Бүсгүйчүүд чуулсан өмнийн говийн өдрүүд

Үд хэвийх үед Эрдэнэтээс хөдөлсөн бид үдшийн гялаан хүүшлэх цагаар Нийслэлийн ойролцоох “Чингисийн хүрээ” цогцолборт дөрөө мулталлаа. Өмнийн цэнхэр говьд “Хүртээмжтэй уул уурхайн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо” сэдвийн хүрээнд болох “Эрдэс баялаг-Эмэгтэйчүүд” Үндэсний IV чуулганд оролцохоор яваа Эрдэнэт үйлдвэрийн  уурхайчин 40 бүсгүй энд буудаллаж, холын аянд ганзага нийлэхийн эхлэл танилцах уулзалтаа нэгэн их гэрт цомхон зохион байгуулав. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд баяжуулагч, геологич, жолооч, судлаач, эдийн засагч, эмч, сэтгүүлч, үйлчлэгч, гагнуурчин, цахилгаанчин, дуучин гээд янз бүрийн ажил мэргэжлийн хүрээнийхэн багтсан нь Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагааны цар хүрээг илтгэх. 

Маргааш нь бид эртлэн өмнө зүг хүлгийн жолоо заллаа. Урин дулааны улирал айлссан ч замд хүүгсэн салхитай, заримдаа нартай, хуртай. Аяллын багийнхан хэдийнээ арван жилийн нэг ангийнхан мэт дотносож, дуутай хууртай, инээд хөөртэйгөөр урт холын нөхөрлөлийн түүх бүтээж явлаа. Аяллын багийг ахалж яваа манлайлагчид нь хөгжилтэй, нээлттэй, энгийн байхын хэрээр хүн бүр чөлөөтэй, өөрийнхөөрөө оршиж, хамт олон нэгэн зүг харж, нэгэн цул болдгийг мэдэрсэн. Далан булгийн домогтой Даланзадгадын хөндий дэндүү уудам юм. Гэсэн ч бид их аяншиж чилэлгүй, зорьсон газраа ирлээ. Аяллын автобусны тав тух, зам харгуйн тэгш дардан байдал ийм таатай тайвныг хайрлана. Ямартаа л очсон оройгоо буудалдаа тухлалгүй, Даланзадгад хотоос зайдуу буйдханд орших Гранд Говь ресортд болох “Freezone”-ын тоглолт руу яарахав. Нүд ирмэхийн зуурт аяллын пүүзээ өсгийтөөр сольж, өнгөлөг жавхаалаг үдшийн бүсгүйчүүд болцгоосон бид Гранд Говьд “Өвлийн шөнө”, “Бороотой зуны дурсамж” зэрэг хит дуунуудад уярч, хоолойгоо сөөтөл дуулж бүжиглэн, дурсамжаа зузаалсан. Бидний дундаас хоёр ч азтан тодорч, “Freezone”-ын нэрэмжит шагнал хүртэхэд хийморьтой яваадаа бэлгэшээн хөөрцөглөж ирэв. 

Даланзадгадын өглөө бүрхэг бүүдгэр угтлаа. Говьд чийг унах нь шар тос. Бидэнд анхаарал халамж тавьж, хоолны асуудлыг хувь, хувьсгалаасаа шийдэж явсан нутгийн эмэгтэй, Төлөвлөлт, эдийн засгийн шинжилгээний хэлтсийн Хөдөлмөр зохион байгуулалт, цалин хөлсний албаны дарга Н.Ариунаагаа “Өндөр ээж” хэмээн хүндэтгэн нэрийдсэн нь учиртай. Түүний найзууд Өмнөговийн есөн гайхамшгийн нэг Мухар шивэртийн ам руу биднийг газарчилж, байгалийн ижилгүй сайхныг бахдаж сэтгэл ханах, амарлил тайвшралыг эгээрч, энерги нөхөгдөх ховорхон боломжийг олгосон юм. Цас хялмаалж, манан буух нь уулсыг сүр оруулж, байгалийн өвөрмөц тогтоц, үзэсгэлэнг улам тодруулна. Зүүн сайхан уулан дахь 10 орчим метрийн өндрөөс урсдаг жижиг булаг нь өвөл хадан хана даган тэлж хөлдөн их хэмжээний мөсөн бүрхүүл үүсгэдэг. Нар бага тусдаг мухар ам учир зуны ид дунд үед ч мөстэйгөө байдаг нь нүд баясгах шидтэй гэмээр. Шинэ танилууд маань биднийг байгалийн үзэсгэлэн дундаа говийн нэрийн хоол “жимбий”-гээр дайлсан нь ер бусын зураглал байлаа. 

Маргааш нь бид говь нутагт 16 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулсан, 850 хүний суудалтай, архитектурын өвөрмөц шийдэл бүхий Хөгжимт жүжгийн театрт "Эрдэс баялаг-Эмэгтэйчүүд" Үндэсний IV чуулгандаа ХАБ-ын хувцсаараа жигдрэн оролцов. Монгол Улсын нийт төсвийн 30 хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбарын бүсгүйчүүдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэх, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлох, ойлголтоо нэгтгэх зорилготой уг чуулганд 20 гаруй компанийн 360 орчим эмэгтэй оролцсон юм. Мөн УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Жендэрийн Үндэсний Хорооны ажлын албаны дарга Т.Энхбаяр, Оюу толгой ХХК-ийн орон нутаг хариуцсан Ерөнхий менежер Г.Сугар нар мэндчилгээ дэвшүүлж үг хэлэхдээ, салбарын эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замыг эрэлхийлсэн санал дэвшүүлж байлаа. Манай Судалгаа, шинжилгээний хүрээлэнгийн захирал, доктор Х.Оюунтунгалаг хүмүүн капитал дээр тулгуурлан уул уурхай хэрхэн хөгжих боломжтойг Эрдэнэт үйлдвэрийнхээ хүний нөөцийн цогц бодлогын хүрээнд хэрэгжиж буй хөтөлбөрүүдийн сайн жишээг үндэслэн туршлагаа хуваалцсан нь төлөөлөгчдөд ихэд таалагдсан. Энэ удаагийн чуулганд Эрдэнэт үйлдвэрийн нүүр царай нь Геологи, хайгуулын экспедицийн Засварын хэсгийн мастер Б.Пүрэвдоржийн гэргий, "Асах гэрэл баясал" төвийн Эрдэнэт салбарын багш-эрхлэгч Б.Цолмонгэрэл болов.

Б.ЦОЛМОНТУЯА: 
-Би аутизмын хүрээний эмгэгтэй, хөгжлийн онцлогтой хүүхдүүдтэй ажилладаг. Үйлдвэр дагасан хотод амьдардаг маань маш том давуу талыг бий болгосон. Бид гэр бүлээрээ хамт амьдардаггүй, үүрэг хариуцлагаа эн тэнцүү хуваалцдаггүй байсан бол би дуртай ажлаа хийж чадахгүй. Эрдэнэт үйлдвэр өөрийн харьяаны сургууль, цэцэрлэгтэй. ШУТИС-ийн харьяа “Эрдэнэт цогцолбор” дээд сургуультай. Оюутан залуусыг сургахаас гадна үйлдвэрийн ажилчид, иргэд, хувь хүний хөгжил рүү чиглэсэн олон үйл ажиллагаа явуулдаг нь таалагддаг. Манай нөхөр хүний нөөцийн хөгжлийн “Манлайлал, авьяас чадварын хөтөлбөр”-т гурав дахь жилдээ хамрагдаж байгаа. Энэ хүрээнд гэр бүл рүү чиглэсэн сургалтууд явагддаг. Мөн хүүхдүүд маань Спорт цогцолбор, Соёл, урлагийн цогцолборын секц дугуйлангуудад хичээллэдэг, амралтын өдрөөрөө бид хамтдаа усан санд сэлдэг. Түүнээс гадна Эрдэнэт үйлдвэрийн орон сууцны дэмжлэгт хамрагдаж байртай болсон гэхчлэн хүний хэрэгцээ цөм бүрдсэн Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийнхээ давуу тал, сайн туршлагыг бусадтай хуваалцаж, хэлсэн үг, хийсэн ажлаараа хэн хүний хайр хүндлэлийг хүлээсэн юм. 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд, геологич, гурван хүүхдийн ээж, уурхайчны гэргий гэх олон тодотголтой Б.Уянга уул уурхайн салбарт эмэгтэйчүүд яагаад хэрэгтэй вэ гэдгийг гурван үндэслэлээр тайлбарласан. Ажлын байрны уур амьсгалыг өргөж, сэтгэл ханамжийг дээшлүүлж, ёс суртахууныг төлөвшүүлж, түгээдэг. Ингэснээр шинэлэг хандлага, итгэл даах хүмүүс бий болдог, үйл ажиллагаа илүү чанарждаг, ёс суртахуун, сэтгэл ханамж дээшилж, үр дүн сайжирдгийг судалгаагаар илтгээд, уул уурхайн компаниуд ажиллах хүчээ тэнцвэржүүлэхийн чухлыг онцолсон. Өнөөдөр Монголын уул уурхайн салбарт 67000 хүн ажиллаж байгаагийн 16 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Үүн дотор Эрдэнэт үйлдвэрийнхэн жин дардаг. 
Чуулганы төлөөлөгчид хөдөлмөрийн эрүүл харилцаа, цалин хөлсний ялгаваргүй тогтолцоо, ажиллаж, амьдрах таатай орчин нөхцөл, говийн бүсийн тоосжилт, ус, мэргэжлээс шалтгаалах өвчлөл, эрүүл мэнд, ажлын цагийн асуудал, тэтгэврийн насны хязгаарт өөрчлөлт оруулах, ногоон ирээдүй, сургалт хөгжил, нийгмийн хамгаалал, ажил-ар гэрийн тэнцвэр зэрэг сэдвийн хүрээнд санал бодлоо илэрхийлснийг нэгтгэн боловсруулж, бодлого боловсруулагчдад албан ёсоор хүргэх ажлыг Эрдэс баялаг Эмэгтэйчүүдийн холбоо бүрэн хариуцахаа илэрхийлэв. 

Энэ үеэр чуулганы зарим төлөөлөгчдийн сэтгэгдлийг сонслоо.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.УЯНГА: 
Эрдэнэт үйлдвэр энэхүү чуулганыг дэмжиж, хамтран ажиллаж, хамгийн олон төлөөллөө оролцуулж байгаад юуны өмнө талархал илэрхийлье. Чуулганд уурхайчин бүсгүйчүүдээс гадна уурхайчдын гэргий нар оролцож байгаа нь онцлог. Тэр утгаараа маш олон санаачилга гарч байна. Эрдэнэт бол нийгмийн бүхий л асуудлаа цогцоор нь шийдсэн, бүхэл бүтэн хот цогцлоосон тэргүүлэгч үйлдвэр. Дараа нь Цогтцэций орох байх. Ханбогд цэцэглээд явна гэсэн төсөөлөлтэй байгаа. Эрдэнэт үйлдвэрийнхэн өргөн бүрэлдэхүүнтэй ирж, туршлагаа хуваалцаж, түгээж байгаад бусад компаниуд олзуурхах хэрэгтэй. Би уурхайчны гэргийн хувьд шилжээд, тухайн төслийн талбай дээр очъё гэхээр хүүхдүүдийн маань боловсролын асуудал тулгамддаг. Энэ мэт асуудлуудад шийдэл гаргахад эмэгтэйчүүдийн дуу хоолой чухал учраас бид чуулж байна. 


 

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Судалгаа, шинжилгээний хүрээлэнгийн захирал, Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, доктор Х.ОЮУНТУНГАЛАГ: 
-Эрдэнэт үйлдвэр 2018 онд Эрдэс баялгийн салбарын эмэгтэйчүүдийн Үндэсний анхдугаар чуулганыг орон нутагтаа зохион байгуулж байсан. Түүнээс хойш дөрөв дэх чуулгандаа өргөн бүрэлдэхүүнээрээ оролцож, сайн туршлагаа хуваалцаж байна. Эрдэнэт үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбоо үйл ажиллагаагаа Залуучуудын байгууллага, ҮЭ-ийн холбоо зэрэг олон нийтийн байгууллагатай, үйлдвэрийн бүтцийн нэгжүүдтэй уялдуулахад анхаарч ажиллаж байгаа. Чуулганы төлөөлөгчид судалгаанд суурилсан эрүүл зан үйл, сэтгэл зүйн асуудал дээр эмэгтэйчүүд манлайлан ажиллах ёстой гэдэг дээр санал нэгдлээ. Уурхайчин гэхээр баяжуулалт, уулын, авто тээврийн хүнд ажлын байрыг төсөөлдөг. Гэтэл байгалийн шинжлэх ухааны чиглэлээр эмэгтэйчүүд нарийн мэдрэмжтэй ажиллах, олон шинжлэх ухааны зангилаан дээр хөрвөж ажиллах чадвар, боломж бий. Шимт боловсролын чиглэлээр сурч байгаа оюутнуудад тодорхой хөтөлбөрүүд хэрэгжүүлээсэй, залуу эмэгтэйчүүдийг дэмжиж, инженерүүдийг олноор бий болгож, судалгаа шинжилгээний ажилд татан оролцуулаасай гэж хүсдэг. 

Засвар, механикийн заводын гагнуурчин С.ТҮМЭННАСТ:
-Цаг үеэ олсон чухал чуулганд оролцож байгаадаа баяртай байна. Уул уурхайн салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийн асуудал, санал бодол нэг байгааг харлаа. Эрдэнэт үйлдвэр маань ажилчдынхаа нийгмийн асуудалд онцгой анхаардаг, шийддэг болохыг энд илүү тод мэдэрч байна. Гэсэн ч энд яригдсан сайн туршлагаас хэрэгжүүлмээр санаа бас байна. Тухайлбал, ажилчдынхаа ар гэрт чиглэсэн дэмжлэгийг илүү өгөөжтэй болгох үүднээс уурхайчны гэр бүлийн хүн нь ажилгүй бол төсөл хэрэгжүүлэх хэлбэрээр амьжиргааг нь дээшлүүлэхэд дэм үзүүлдэг туршлага таалагдлаа. 
 

Ил уурхайн Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийн цахилгаанчин Ц.ХОРОЛСҮРЭН: 
-Эрдэс баялгийн салбарын эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлыг олон талын оролцоотой хэлэлцэж байгаа нь ач холбогдолтой санагдсан. Үр дүн гарна гэдэгт итгэж байна. Манайх 535 ажилтантай. Үүний 53 нь эмэгтэй. Ил уурхайд эмэгтэйчүүдийн амралтын байр, душны асуудал хөндөгддөг. Цехийнхээ удирдлагад санал хүсэлтээ тавиад эхнээс нь асуудлаа шийдүүлээд явж байгаа. Мөн бид цехийнхээ Эцэг эхийн зөвлөлтэй хамтран гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхдүүдэд чиглэсэн сургалтуудыг тодорхой сэдвийн хүрээнд мэргэжлийн хүмүүстэй хамтран зохион байгуулдаг. Энэ туршлагаа салбарын бүсгүйчүүдтэйгээ чөлөөт байдлаар уулзахдаа хуваалцаж, тэднээс бас суралцаж байна. 
 

Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсгийн шүүлтүүрчин Д.СОЛОНГО: 
Эрдэнэт үйлдвэрийн уурхайчин бүсгүйчүүд таван шөнө, зургаан өдрийн турш 2000 гаруй км аялж, Өмнийн цэнхэр говийн чуулганд оролцоод ирлээ. Үйлдвэрийн газрын бүтцийн нэгж бүрийн төлөөлөл, манлайлагч 37 бүсгүй, мөн уурхайчин залуусын гэр бүлийн төлөөлөл гурван сайхан гэргий хамт явсан. Хэрхэн хөгжих, зөв хандлага төлөвшүүлэх, асуудлыг шийдэх талаар хэлэлцэж ярилцсан, бие биеэсээ суралцсан өдрүүд байлаа. Чуулганд оролцох бүрэн боломжоор хангасан Эрдэнэт үйлдвэрийн Захиргаа, удирдлага санхүүгийн газрын дарга Д.Үүрийнтуяа, Судалгаа, шинжилгээ хүрээлэнгийн захирал Х.Оюунтунгалаг, аяллын “өндөр ээж” Төлөвлөлт, эдийн засгийн албаны дарга Н.Ариунаа, Аж ахуй, үйлчилгээний цехийн дарга, чин сэтгэлт Б.Туяадаа, Баяжуулах үйлдвэрийн захиргаа, Эмэгтэйчүүдийн зөвлөлдөө баярлалаа. Нийгмийн асуудлаа бүрэн шийдсэн Эрдэнэт үйлдвэрийн эмэгтэйчүүд гэдгээ мэдэрсэн, бахархсан өдрүүд байлаа.

Гэрээт Дотоодын цэрэг 816-р ангийн Хүний нөөцийн ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч Э.БОЛДМАА: 
-Энэ удаагийн чуулган их онцлогтой боллоо. Учир нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын бүтцийн нэгжийн ажилтнуудаас 40 өөр ажил, мэргэжлийн эмэгтэйчүүд чуулганд оролцсон нь сонирхол татлаа. Тэр дундаа эрдэс баялгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад төрийн тусгай албан хаагч, улсын онц чухал объектын харуул хамгаалалт, аюулгүй байдлыг хариуцан ажилладаг байгууллагын эмэгтэйчүүдээ төлөөлөн оролцсондоо баяртай байна. Салбар болгонд чиг үүргээсээ хамаараад асуудал бий. Бидний хувьд төрийн тусгай албан хаагчдын нийт бие бүрэлдэхүүнд эмэгтэйчүүдийн эзлэх хувь харьцангуй бага байдаг. Харин Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын 34 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг нь дэлхийн жишгээс өндөр үзүүлэлт. Тэднээс суралцах зүйл маш их. Аялалд мөрдөстэй бүсгүйчүүдийн төлөөллийг багтаасанд талархал илэрхийлье. 

Бүсгүйчүүд чуулсан, Өмнийн говийн өдрүүд хураар тасарсангүй. Эхчүүд, эмэгтэйчүүд нэгэн дор чуулахад хурмаст хүртэл баярлаж хураараа илбэдэг гэлтэй. Харин биднийг нутгийн зүг хүлгийн жолоо залахад тэнгэр цэлмэж, нар даллан хоцорсон. Даланзадгадын эгц баруунд дүнхийх Зүүн сайхан уулын тэргүүн өндөрлөг биднийг адислах шиг амгалан агаад сэтгэл татах увдислаг үдсэнийг мартахын аргагүй. 

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
5
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Х.ОЛЗБААТАР: Цахимд бүртгэлтэй бараа материалыг сонирхсон хүмүүс худалдан авах боломж бүрдсэн
Г.Ёндон: Би баяжмал борлуулах гэрээ хийхгүй
  • .
  • 10/05/2024
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %