Орхон аймагт “Номын өргөө” цогцолбор болон “Америкийн Соёл мэдээллийн төв”-ийн нээлт өнөөдөр боллоо. Энэхүү цогболборын нээлтийн ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Батлут, Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Засаг дарга М.Түмэнжаргал, Соёлын яамны Соёлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Наранцэцэг, аймгийн ЗДТГ-ын дарга Ш.Ганболд, Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны дэд сайд, Хэргийг түр хамаарагч Мэйтью Фэрэнс, АНУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе Брайн Харт, тус улсын Элчин сайдын яамны Батлан хамгаалах ажиллагааны ахлагч Луйс Хэрнандез, АНУ-ын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албаны дарга Жонн Браун, “Шинжүү” ХХК-ийн захирал Л.Сарангэрэл нарын албаны хүмүүс оролцлоо.
“Номын өргөө”цогцолбор болон “Америкийн Соёл мэдээллийн төв”-ийг нээж, Орхон аймгийн Засаг дарга М.Түмэнжаргал үг хэлэв.Тэрбээр: ”Орон нутгийн төсвийн 4,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьсан томоохон бүтээн байгуулалт болох “Номын өргөө” цогцолборыг өнөөдөр ашиглалтад хүлээн авч үйл ажиллагааг нь эхлүүлж байна. Соёл урлагийн салбарын 2023 оны шилдэг барилгаар шалгарсан энэхүү байгууламжид аймгийн Нийтийн номын сан үйл ажиллагаа явуулна. Ингэснээр 1976 онд Эрдэнэт хотод номын сан байгуулагдсан цагаас хойш анх удаа аймгийн Номын сан орчин үеийн шаардлагад нийцсэн зориулалтын байранд иргэдэд үйлчлэхээр боллоо.
Нөгөө талаас аймгийн ард иргэд, хүүхэд, залуус номын сангийн үйлчилгээг орчин үеийн жишигт нийцсэн шинэлэг хэлбэрээр авч чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, хөгжих боломж бүрдсэнд баяртай байна. Түүнчлэн АНУ-ын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр байгуулагдсан “Америкийн Соёл мэдээллийн төв” мөн нээлтээ хийж байна. Уг төвд ажиллах ажилтнуудын цалинг орон нутгийн төсвөөс бүрэн шийдвэрлэж, ажиллах нөхцөл боломжоор бүрэн хангалаа. Энэ төвөөс зохион байгуулах олон талт үйл ажиллагааны үр дүнд Эрдэнэт хотын хүүхэд, залууст ирээдүйн олон шинэ боломж нээгдэнэ гэдэгт итгэл дүүрэн байна. Орон нутгийн төсвийн хөрөнгөөр баригдсан энэ барилгын бүтээн байгуулалтын ажлыг санаачилсан Орхон аймгийн засаг дарга асан С.Батжаргал болон шаардлагатай санхүүжилтийг жил бүрийн төсөвт тусган шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлсэн Д.Мөнхбат даргатай аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, цогцолборын барилгыг барьж байгуулан ашиглалтад оруулахад хөдөлмөр зүтгэлээ зориулж ажилласан барилгачид, инженер техникийн ажилчид та бүхэнд нийт иргэдийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэв.
Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны дэд сайд, Хэргийг түр хамаарагч Мэйтью Фэрэнс хэлсэн үгэндээ:”Эрдэнэт дахь Америкийн соёлын төв хоёр орны иргэд хоорондын харилцаанд түлхэц болж,Эрдэнэтчүүдийг Америктай ойр дотно болгоход дэмжлэг үзүүлэх нь эргэлзээгүй юм” гээд “Номын өргөө” нийтийн номын сангийн хамт олон, манай Элчин сайдын яамтай хамтран энэхүү төвийг Эрдэнэтчүүдийн суралцах, мэдлэгээ тэлэх, санал бодлоо солилцох боломж бүхий гэрэл гэгээ түгсэн, очих дуртай мэдлэгийн өргөө болгоно гэдэгт маш итгэлтэй байна” хэмээн онцлов.
“Номын өргөө”цогцолборын нээлтийн үйл ажиллагааны төгсгөлд Номхон далай дахь АНУ-ын Нисэх хүчний “Final Approach” хамтлаг жааз хөгжмийн аяс тоглож, тэнд хуран цугларсан хүмүүсийн сонорыг мялаав.