Баяжуулах үйлдвэрийн Үндэсний шагайн харвааны “Оюу аргай” багийн харваачид аймгийн гоц мэргэн цол хүртсэний мялаалга тэмцээн өнгөрсөн амралтын өдөр тус цехийн Чийрэгжүүлэлт, хөгжлийн төвд боллоо. Энэхүү тэмцээнд Улаанбаатар, Хөвсгөл, Булган, Өмнөговь, Орхон аймгийн 22 багийн 170 гаруй харваач цэц мэргэнээ сорив. Бүсийн тэмцээний нээлтэд Баяжуулах үйлдвэрийн удирдлагууд, Эрдэнэт үйлдвэрийн ҮЭ-ийн холбооны дарга оролцож, аймгийн гоц мэргэн цол хүртсэн баяжуулагч харваачдад баяр хүргэж, багийн нэр бүхий өмсгөл гардуулсан юм.
Үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд өөрсдийн хувь нэмрийг оруулан, амжилтаа ахиулж яваа Үндэсний шагайн харвааны “Оюу аргай” багийн нэрэмжит тэмцээний багийн харвааны төрөлд Н.Хаянхярваа ахлагчтай “Хүрэн толгой” баг түрүүлж, Г.Шаравнямбуу ахлагчтай “Даян” баг дэд байрт, Түвшинбаяр ахлагчтай “МАК-Гашуун сухайт” хамтарсан баг гутгаар байрт шалгарлаа. Хувийн цуваа харвааны төрөлд нэгдүгээр байрт Монгол Улсын гарамгай мэргэн О.Отгонбат тодорч, Хөвсгөл аймгийн гоц мэргэн н.Жанцандорж, “Даян” багийн харваач н.Төмөрсүх нар удаалав.
Аймгийн гоц мэргэн цол хүртсэн, Үндэсний шагайн харвааны “Оюу аргай” багийн харваач, Баяжуулах үйлдвэрийн ажилтан Д.Бат-Эрдэнэ, У.Нэмэхбаяр, Ж.Шаравдорж, Б.Батбаатар, У.Эрдэнэ-Очир, Э.Галданжамц, Цахилгаан цехийн ажилтан Х.Наранбаатар нарт уурхайчин хамт олны нэрийн өмнөөс баяр хүргэе.