Эрдэнэт үйлдвэрийн “Ногоон хөгжил” төслийн нэгжийнхэн цагаан тоосны дэгдэлт бууруулах ажлын хүрээнд энэ хавар Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн эргэн тойрны 10 га талбайд 15000 мод тарихаар бэлтгэл хангаж байна. Мөн Хангал гол дагуу 56,3 га газарт 2.8 сая бургасны модожсон мөчрөөр тарилт хийхээр төлөвлөжээ. Түүнээс гадна Булган аймгийн Хангал суманд байгуулагдах автомат хүлэмж бүхий Мод үржүүлгийн газарт талбайн зохион байгуулалт хийж, Булган аймгийн удирдлагуудтай ойн салбарт хамтран ажиллах чиглэлээ тодорхойлон ажиллаж байна.
Эрдэнэт үйлдвэр Монголын уул уурхайн эрдэс боловсруулалтын салбар дахь ууган үйлдвэрийн хувьд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, байгаль орчноо хамгаалах, цөлжилтийг бууруулахад хувь нэмрээ оруулахаар 2031 он хүртэл 100 сая мод тарьж, ургуулах амлалт авсан. Нийгмийн хариуцлагын амлалтаа шинжлэх ухааны үндэслэлтэй хэрэгжүүлэхийн тулд Монголд анх удаа Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төв, Хөрсний инноваци, технологийн төвийг байгуулан амжилттай ажиллаж байна.
Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төвд үрийн чанар тодорхойлох, эрдэм шинжилгээний судалгаа гүйцэтгэх лабораторийн үйл ажиллагааг тогтворжуулах, тоног төхөөрөмж авах ажил өрнөж байгаа бол Хөрсний инноваци, технологийн төвд өргөтгөлийн барилгын засвар, агуулах, машины гарааш барих ажлыг Барилга засварын цех гүйцэтгэхээр бэлтгэл хангаж байна.