• Улсын Онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлэх тухай аймгийн Засаг даргын захирамж гарлаа

    Улсын Онцгой комиссын 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 07 дугаар хуралдаан, аймгийн Онцгой комиссын тус өдрийн 06 дугаар хуралдааны шийдвэрийг үндэслэн Орхон аймгийн Засаг дарга захирамж гаргалаа. Орхон аймгийн хэмжээнд Covid-19 шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор улс болон хот хоорондын тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг ирэх сарын 03-ны өдрийн 08.00 цаг хүртэл түр зогсоохоор шийдвэрлэлээ. Мөн БНСУ-аас Орхон аймагт 02 дугаар сарын 19-нөөс хойш ирсэн 62 иргэний ар гэрийнхнийг тусгаарлаж, ажлын газарт нь мэдэгдэх ажлыг Эрүүл мэндийн газар хариуцан ажиллаж байна. Хот доторх нийтийн тээврийн үйлчилгээг өглөөний 07.00-09.00 цаг, орой 17.00-19.00 цаг байхаар тогтоож, ариутгал халдваргүйтгэлийг тогтмолжуулан, зөвхөн амны хаалттай иргэдэд үйлчилгээ үзүүлэхээр боллоо. Захирамжид заасны дагуу аймгийн хэмжээнд баар, караоке, түргэн хоолны цэг, кофе шоп, хүргэлтийн хоол эрхлэгч аж ахуйн нэгжүүд, спорт заал, фитнесс, сауны үйл ажиллагааг 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл зогсоохоор шийдвэрлэж, олон нийтэд мэдээллээ.   И.Чинтогтох Дэлгэрэнгүй...
  • Эрдэнэт үйлдвэр хэмнэлтийн горимд ажиллаж эхэллээ

        Эрдэнэт үйлдвэр 2020 оны эхний 2 сарын байдлаар бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө биелүүлэн, хэвийн жигд ажиллаж байна. Энэ оны 2 дугаар сарын эхний 20 хоногийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний гүйцэтгэлээр 1861 тонн хүдэр олборлож, 1791 тонн хүдэр боловсрууллаа. Зэсийн металл авалтыг 87.78 мянган тонн, молибдены металл авалтыг 51.96 мянган тоннд хүргэснээр 100.7-107.1 хувиар металл авалтын төлөвлөгөөгөө биелүүлээд байна. Мөн үйлдвэрлэлийн үзүүлэлтийг дагасан эдийн засгийн үзүүлэлтийг авч үзэхэд, 2020 оны 1-р сард үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний зардал буурч, нийт зардал 0.3 хувиар хэмнэгдэн, нийт орлогын хэмжээ 14 хувиар өслөө.     Гэвч БНХАУ-д гарсан коронавирусын халдварын улмаас дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ 5700 ам.доллар орчим болж, төлөвлөснөөс 260 орчим ам.доллар буюу 4.4 орчим хувиар буурсан дүнтэй байна. Цаашид ч үнэ тогтворгүй, хэлбэлзэл ихтэй байх магадлал өндөр тул үйлдвэрийн удирдлагуудын зүгээс өртөг зардал бууруулах төлөвлөгөө боловсруулан, хэмнэлтийн горимд ажиллаж эхэллээ.  И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Цагаан тоосны бүсэд амьдарч байгаа иргэдэд хийсэн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний дүн гарлаа

          Орхон аймгийн Засаг даргын 2019 оны А/430 тоот захирамжийн дагуу цагаан тоосны бүс дэх 488 иргэнийг үзлэг, шинжилгээнд хамруулж, нэгдсэн дүнг өнөөдөр танилцууллаа. Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд 90 орчим сая төгрөгөөр санхүүжүүлсэн энэхүү үзлэг, шинжилгээг өнгөрсөн оны 9 дүгээр сарын 19-нөөс 11 дүгээр сарын 15-ны хооронд зохион байгуулсан юм. Орхон аймаг, БОАЖГ, Баян-Өндөр сумын багууд, Эрүүл мэндийн газар, “Медипас” эмнэлэг, үйлдвэрийн Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс, Эрдэнэт сувиллын цогцолборын хамтарсан ажлын хэсэг цагаан тоосны дэгдэлтийн бүсээс 326, бусад бүсээс түүврээр 163 иргэнийг сонгон үзлэгт хамруулсан.       Эрүүл мэндийн үзлэг нь тухай иргэний өвчлөлд цагаан тоос нөлөөлсөн, эсвэл нөлөөлөөгүй гэдэг дүгнэлт гаргах бус нөлөөллийн бүсэд амьдарч байгаа иргэдийн өвчлөл нь голомтын болон голомтын бус бүсээр ялгаатай байгаа эсэхэд тандалт хийсэн тухай НЭМТ-ийн Орчны эрүүл мэнд, нөлөөллийн үнэлгээ хариуцсан мэргэжилтэн М.Болормаа тайлбарлалаа. Үзлэгт хамрагдсан нийт иргэдийн 70 хувь нь таргалалттай, түүнээс үүдсэн зүрх судасны өвчлөлийн хамаарал байгаа нь тогтоогджээ. Мөн насжилт нэмэгдэхийн хэрээр зүрх судасны өвчтэй хүмүүсийн тоо нэмэгдэж, тамхи татдаг иргэдэд уушигны өвчлөл давамгайлж байгааг илрүүлсэн байна. Улмаар нэгдсэн дүгнэлтэд голомтын бүсэд амьдарч байгаа иргэдийн эрүүл мэндийн ерөнхий байдал нь голомтын бус бүсэд амьдарч байгаа иргэдээс ялгарах онцгой зүйлгүй байгааг тусгажээ. Иргэдийн эрүүл мэндэд цагаан тоос нөлөөлж байгаа эсэхийг тогтоохоор 2020 онд ЭМЯ-наас эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ хийхээр болсон байна. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Улсын онц чухал объектын харуул хамгаалалтыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэн ажиллаж байна

          Covid-19 коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд энэ оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс Эрдэнэт үйлдвэрийн Гэрээт цагдаагийн хэлтсийн алба хаагчид Улсын онц чухал объектын харуул хамгаалалтыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэн ажиллаж байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед үйлдвэрийн дүүрэг, захиргааны I, II байранд гадны байгууллагын төлөөлөл, иргэдийг хувийн ажлаар нэвтрэх асуудлыг бүрэн хориглосон. Мөн үйлдвэрийн ажилчдыг амны хаалт хэрэглэх, амны хаалтгүй ирсэн тохиолдолд объект руу нэвтрүүлэхгүй болохыг Гэрээт цагдаагийн хэлтсээс анхааруулан ажиллаж байна. И.Чинтогтох Дэлгэрэнгүй...
  • Өглөөний сэргээш цуврал контент #12: Чойдогийн УРАНЧИМЭГ

    Төгссөн сургууль: 1990 онд Улсын Багшийн Дээд Сургууль, 1995 онд Төрийн Захиргаа Удирдлагын Хөгжлийн институт, 2009 онд Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль Мэргэжил: Математик-физикийн багш, Удирдлагын арга зүйч, зохион байгуулагч мэргэжилтэй. Боловсрол судлалын магистр. Ажилласан туршлага: 1994-2003 онд Эрдэнэт хотын 5 дугаар 10 жилд багш, 2003-2009 онд “Гэгээ” сургуулийн захирал, 2009 оноос Технологийн сургуульд математикийн багш, 2019 оноос тус сургуулийн Хүний хөгжлийн төвийн Тэргүүлэх мэргэжилтнээр ажиллаж байна. Орхон аймгийн Шатрын холбооны дэд тэргүүн. Мэргэжил дээшлүүлсэн байдал: 2016 онд Энэтхэг улсад багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдсан. Чин хүсэл: Технологийн сургуулийн дэргэд байгуулагдсан Хүний хөгжлийн төвийн Тэргүүлэх мэргэжилтнээр Урнаа багшийг сонгосон нь олон олон өөрчлөлтийг дагуулжээ. Өнгөрсөн нэг жилийн хөдөлмөр зүтгэлээ хамт олноороо үнэлүүлж, сар шинийн босгон дээр байгууллагынхаа 2019 оны “Шилдэг ажилтан” болсон тэрээр Технологийн сургуулийн тэнхээтэй, нуруутай, мэдлэг чадвартай боловсон хүчний нэг. Зөв сэтгэлтэй, чадварлаг ажилтныг хүний нөөцийн зах зээлд бэлтгэн гаргах хүсэлтэй түүний яриа барилгын ажлыг сууринаас нь эхэлдэгтэй агаар нэг санагдлаа. Шавь нараа төсөл бичих, хөлөгт тоглоом тоглох, амьдрах арга ухаанд сургаж яваа Урнаа багшийн ажил ундарсаар байх биз ээ.   -Та өглөөг хэрхэн эхлүүлдэг вэ? Өдөр бүр хэвшил болсон чухал дадал бий юу? -Өглөөний цайг өөртөө гэдэг дээ. Энэ зарчмыг амьдралдаа хэвшүүлсэн. Маргааш хийнэ гэж бичсэн зүйлээ яаж хийх тухайгаа өглөө ажилдаа гарахаас өмнө төсөөлөн боддог. Заримдаа хэн нэгэнд зориулж цээжиндээ 4 мөрт бичих үе бий. -Та хэнээс, юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ? -Зээ хүүгээсээ, бас хөлөгт тоглоомноос их эрч авдаг. Сүүлийн үед оюуны спортын шинэ төрөл отелло хөлөгт тоглоомыг сонирхон тоглох болсон. Бас бусдын хэлсэн урмын үгийг сонсоход эрч хүч нэмэгдэж, сэтгэх чадвар дээшилдэг. -Хийж байгаа ажлын тань онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд? -Өнгөрсөн 29 жилийн турш шавь нартаа математикийн хичээл зааж сургадаг байсан бол одоо хүнийг төлөвшүүлэн хөгжүүлэх, мэргэжил олгохоос гадна ёс зүйтэй ажилтан бэлтгэхэд чадлынхаа хэрээр хувь нэмэр оруулж байна. Хүний хандлагыг өөрчлөхөд гэр бүлийн хүмүүжил нөлөөлөхөөс гадна хугацаа их шаарддаг. Тиймээс залуу гэр бүлүүд хүүхдийнхээ суурь хүмүүжлийг зөв олгохын тулд ярьж, хийж байгаа үйлдлийг нь харж, өөртөө дүгнэлт хийдэг байх хэрэгтэй. Манай сургалтын үр дүн, онцлог энэ юм болов уу. -Та бусдаас суралцахыг илүүд үзсэн үү, өөрийгөө дайчлан суралцахыг чухалчилж ирсэн үү? -Залуу үеэсээ суралцаж, тэдний хүсэл сонирхол дээр тулгуурлан дэмжлэг үзүүлэх зорилгоор шавийнхаа зөвлөх үйлчилгээний сургалтад хамрагдаж, орчин цагийн хөгжил дэвшил, харилцах арга ухаанд суралцаж байна. Хүний амьдрал бол миний амьдрал гэдэг өнцгөөр аливааг харах хэрэгтэй юм шиг санагддаг. Өөрийгөө дайчлах, бусдаас суралцах аргыг хослуулсаар өнөөдрийг хүрсэн. Бид сайхан сэтгэлээр л дутдаг. Аав ээж, гэр бүл, ажлын хамт олны сайхан сэтгэл, хамтач байдал миний ажлын амжилтын гол тулгуур учир тэдэндээ баярлалаа гэж хэлмээр байна. -Өөртөө хэвшүүлэхээр зорьж буй шинэ зүйлсээсээ хуваалцаач? -Хүн бол шатрын нэг дүрс. Тэд шатрын хөлөг дээр байхдаа өөр өөрийн үүрэгтэй ч хайрцганд орохдоо хэн ч биш болдог. Шатрын хүү ухарч нүүдэггүй тул би байгаа орчиндоо сайхан бүхнийг түгээж, бусдад чин сэтгэлээсээ туслах юмсан гэж боддог. -Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө юу вэ? -“Бусдад туслаад өөртөө хоосон үлдсэн ч бүгдийг болгоод явдаг юм шүү” гэж аав минь надад хэлдэг байсан. Гэрийн хүмүүжил бол миний хамгийн сайн зөвлөгч. Аав АИХ-ын депутат байсан. Энэ өндөрлөгт хүргэхэд ээжийн минь дэмжлэг, хүүхдүүдээ хүмүүжүүлсэн арга ухаан багагүй үүрэгтэй байсан гэж боддог. Би өв уламжлал, гэр бүлийн үнэ цэнэтэй зүйлээ дараа үедээ тээж хүргэхийг эрмэлздэг. -Эрдэнэт үйлдвэр таны харах өнцөг, үзэл бодол, итгэл үнэмшилд хэрхэн нөлөөлж байна вэ? -Эрдэнэт үйлдвэр залуу боловсон хүчнээр хүрээгээ тэлж байна. Тэдний сайхан бүхнийг түгээх, мэргэжилдээ чин сэтгэлээсээ хандах, боловсролоо дээшлүүлэх, сонирхлынхоо дагуу өөрийгөө хөгжүүлдэг болоход нь дэм болно гэж өглөө бүр өөртөө хэлдэг. Дэлгэрэнгүй...
  • “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн хамт олон БНХАУ-ын иргэдэд хандив илгээжээ

        Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургууль буюу одоогийн “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн хамт олон БНХАУ-ын ард иргэдэд сэтгэлийн хандив илгээсэн байна. Тус  сургууль нь БНХАУ-ын их дээд сургууль болон судалгаа шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж, эрдэм шинжилгээ, судалгааны төслүүд хэрэгжүүлдэг. Хамтын нягт ажиллагаатай байгууллагын хувьдтусламж дэмжлэг шаардлагатай үед нь хандивын гараа сунгах нь зүйд нийцнэ гэж тус сургуулийнхан ярилаа.     БНХАУ-д шинэ төрлийн корона вирусийн халдварт өвчин дэлгэрч, халдвар авсан болон нас барсан хүний тоо нэмэгдэж байгааг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж буй. Тус улсын нийгэм, эдийн засгийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, ард түмэнд нь томоохон сорилт тулгараад буй энэ хүнд цаг үед “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн багш, ажилтнууд сэтгэлийн хандив цуглуулж, БНХАУ-ын элчин сайдын яаманд хүлээлгэн өгчээ.      Уг хандивын арга хэмжээг дэмжин, оролцсон сургуулийн нийт багш, ажилтнуудад тус улсын элчин сайдын яамныхан талархал илэрхийлсэн байна. М.Балжинням Фото: Б.Булганбаатар Дэлгэрэнгүй...
  • Эрдэнэт үйлдвэрийн нутаг дэвсгэрт халдваргүйтгэлийн ажил хийж эхэллээ

        Эрдэнэт үйлдвэрийн Аврах, гал унтраах 58 дугаар ангийн алба хаагчид Орхон аймгийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Хүнс хөдөө аж ахуйн газрын төлөөлөлтэй хамтран үйлдвэрийн нутаг дэвсгэрт халдваргүйтгэлийн ажлыг өнөөдрөөс эхлүүллээ. Улсын онцгой комисс болон Шадар сайдын удирдамж, Онцгой байдлын Ерөнхий газрын даргын тушаал, аймгийн Онцгой комисс болон үйлдвэрийн Гамшгаас хамгаалах штабын шийдэрийн дагуу дээрх ажлыг нэгдсэн журмаар зохион байгуулж байна.     Аймгийн Онцгой байдлын газрын тусгай зориулалтын автомашинаар хийж байгаа халдваргүйтгэлийн ажлыг Захиргааны I байр болон хоол үйлдвэрлэл эрхлэгч үйлдвэрийн цех нэгжид зохион байгууллаа. Өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэрт эрүүл ахуйч эмч, онцгой байдлын ажилтны бүрэлдэхүүнтэй 24 цагийн шуурхай штаб ажиллаж, бүтцийн нэгжүүдийн холбогдох мэдээллийг богино хугацаанд шуурхай дамжуулан ажиллаж байна. Аврах, гал унтраах 58 дугаар ангийн бие бүрэлдэхүүн өглөөний ээлжийн ажилчдыг зөөвөрлөсөн 32 автобусанд ариутгал, халдваргүйтгэл хийжээ.     Аврах, гал унтраах 58 дугаар ангийн захирагч, хошууч А.Отгонбаяр Эрдэнэт хотын иргэд, үйлдвэрийн ажиллагсдыг хөдөө гадаа явахгүй, шинийн нэгний өглөө овоо тахилга дээр гарахгүй байхыг анхаарууллаа. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Эрдэнэт үйлдвэрийн Оёдлын цех амны хаалт үйлдвэрлэж эхэллээ

           Covid-19коронавирус, бусад аюулт томуугийн вирусийн халдвар тархаж болзошгүй байдлыг харгалзан үзэж, Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын А/78 дугаар тушаал үйлдвэрийн газарт хэрэгжиж эхэлсэн. Тушаалд “Нэг удаагийн амны хаалтыг дотоод нөөц бололцоонд тулгуурлан, зохих халдвар хамгааллын шаардлагыг ханган үйлдвэрлэж, үйлдвэрийн газрын ажилтнуудыг нэгдсэн журмаар тогтмол ханган ажиллах” тухай тусгасны дагуу Эрдэнэт үйлдвэрийн Оёдлын цех амны хаалт үйлдвэрлэж эхэллээ. Үйлдвэрлэлийн явцын талаарх мэдээллийг Оёдлын цехийн орлогч дарга Ж.Мөнх-Оргилоос тодрууллаа.     -Оёдлын цех амны хаалт үйлдвэрлэхээр болсон тухай таатай мэдээ сонслоо. Энэ талаар бидэнтэй хуваалцахгүй юу?     -Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолыг хэрэгжүүлж улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Үйлдвэрийн удирдлагуудын зүгээс баялаг бүтээгч уурхайчдынхаа аюулгүй байдлыг харгалзан үзэж, Оёдлын цехийн удирдлагуудтай зөвлөлдсөний үндсэн дээр 30 мянган амны хаалт үйлдвэрлэх чиглэл өгсөн. Өнөөдрийн байдлаар амны хаалтны эсгүүрээ гаргаж, оёх бэлтгэлээ хангаад байна.     -30 мянган амны хаалтыг хэдэн өдөрт үйлдвэрлэхээр төлөвлөж байна вэ?     -Манай эсгүүрчид 10 мянган амны хаалтны эсгүүрийг хоёр хоногт гаргасан. Бид сар шинийн баяраас өмнө тодорхой хувийг бэлтгэх, үлдсэнийг баярын дараа үйлдвэрлэхээр төлөвлөж байна. 30 мянган амны хаалт гэдэг бага тоо биш. Тиймээс ажлын хувцас, баяжмалын уут оёхын хажуугаар амны хаалтаа үйлдвэрлэж дуусгана гэсэн зорилт тавьсан. Эсгэх цехийн хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллахаас гадна зөөлөн оёдлын 40 гаруй ажилтан энэ ажилд оролцоно.       -Стандартад нийцсэн амны хаалт гэж ойлгож болох уу?     -Амны хаалтыг цэвэр даавуун материалаар үйлдвэрлэхийн зэрэгцээ 2-3 давхар байхаар тооцоолсон. Бидний зүгээс аймгийн Мэргэжлийн хяналтын газар болон Эрүүл мэндийн газарт даавуун материалаа шинжлүүлж, зохих зөвшөөрөл авсны дагуу үйлдвэрлэлээ эхлүүлсэн.       -Нэг ажилтанд хэдэн ширхэг амны хаалт олгох вэ?     -Ажилтан бүрт 5 ширхэг амны хаалт олгохоор тооцоолсон. Ирэх 7 хоногт эхний ээлжийн амны хаалтыг ажилчдын хувцасны агуулахаар дамжуулан олгоно. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Эрдэнэт үйлдвэр гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

          “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2020 оны 02 сарын 14-ний өдрийн А/78 дугаар тушаалаар үйлдвэрийн газрыг энэ сарын 13-ны өдрөөс 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүллээ. Энэхүү тушаал нь 14 заалттай бөгөөд үйлдвэрийн бүсэд энэ сарын 14-ний өдрөөс хэрэгжиж эхлээд байна. Тушаалтай холбогдуулан Эрдэнэт сувиллын цогцолбор, Сэлэнгэ амралт, аялал жуулчлалын цогцолборын сувилах, амраах үйл ажиллагааг түр хугацаанд зогсоож, нийгмийн цехүүдийн захиргааны болон харуул хамгаалалт, ариутгал цэвэрлэгээ хариуцсан ажилтнуудаас бусад хүнд цалинтай чөлөө олгох, нөхөн амраах, бусад цех, нэгжид түр шилжүүлэн ажиллуулах, шаардлагатай тохиолдолд ээлжийн амралтыг нь олгох зэргээр зохицуулалт хийж, нийт ажиллагсдын ажлын цаг ашиглалтад хяналт тавих, сахилга, хариуцлагыг чангатгах талаар арга хэмжээ авч ажиллахыг холбогдох удирдлагуудад даалгаад байна. Мөн энэ сарын 18-наас эхлэн Захиргааны I,IIбайранд гадны байгууллагуудын төлөөлөл, иргэдийг хувийн асуудлаар нэвтрүүлэхгүй байх, онцгой тохиолдолд гаргасан хүсэлтийг бичгээр хүлээн авч, холбогдох нэгж, ажилтанд хүргэн ажиллахаар боллоо. И.Чинтогтох Дэлгэрэнгүй...
  • Цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа эхлэх хугацааг 03 дугаар сарын 30-ныг хүртэл сунгах шийдвэр гарлаа

         Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн шийдвэрийг 2020 оны 3 дугаар сарын 30 ны өдрийг хүртэл сунгах Засгийн газраас тогтоол гаргалаа. Ингэснээр цэцэрлэг, сургууль, их дээд сургууль, сургалтын төвүүдийн үйл ажиллагаа эхлэх хугацаа хойшилж байгаа төдийгүй олон нийтийг хамарсан үйл ажиллагааг 3 дугаар сарын 30-ныг хүртэл зохион байгуулж болохгүй гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон цэцэрлэг, сургуулиудад тогтоосон хөл хориог сунгах эсэхийг Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар ийнхүү шийдвэрлэлээ. Өнгөрсөн Лхагва гарагт Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин шаардлагатай бол хөл хориог дахин сунгана гэдгийг мэдэгдэж байсан. Улсын онцгой байдлын комиссын 1 дүгээр сарын 24-ний өдрийн шийдвэрээр сургууль, цэцэрлэг өмчийн байдал үл харгалзан 3 дугаар сарын 2-ныг хүртэл хаах шийдвэр гаргасан. Түүнчлэн олон нийтийг хамарсан төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болгосон. Ингээд зогсохгүй “Шинэ коронавирусийн халдварын эрсдэлийг бууруулах, засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэх тухай Засгийн газрын тогтоол” гарсан юм. Харин 2 дугаар сарын 14-нөөс эхлэн БНХАУ-тай хил залгаа боомтуудаар орох, гарах агаарын болон төмөр замын зорчих хөдөлгөөнийг зогсоогоод байгаа билээ. Э.Мөнх-Уянга Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
Нэвтрүүлэг

     Эрдэнэт үйлдвэрийн Авто тээврийн цехийн Зорчигч тээврийн хэсэг үйлдвэрийн ажилчдыг тээвэрлэхэд өдрийн нэг ээлжинд 24 автобусаар үйлчилдэг. Ажилчдын ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх, үйлдвэрийн дүүрэг болон автобусны буудал хооронд  аюулгүй тээвэрлэх үндсэн үүрэг хүлээж, 2019 оны төлөвлөгөөндөө олон ажил шинээр санаачилан тусгажээ. Өдрийн ээлжийн нэг автобус дунджаар 60-80 хүн тээвэрлэдэг. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журмыг өндөр түвшинд мөрдөж, техникийн найдвартай бүрэн бүтэн байдлыг хангахад онцгой анхаарч, жолооч нарын хариуцлагыг дээшлүүлэхэд онцгой анхааран ажиллаж буйг холбогдох албаны хүн онцоллоо. Мөн ахмад болон залуу жолооч нарын хоорондын уялдааг нягтруулж, халамжлан хүмүүжүүлэх ,багш шавийн холбоог бэхжүүлэх зэрэг хөдөлгөөнийг зохион байгуулж байна.
     Саяхан тус хэсэг парк шинэчлэлийн хүрээнд шинэ автобусаар “бүл” нэмж, Солонгос улсад үйлдвэрлэсэн Хьюндай маркийн 45 хүний суудал бүхий зочны автобусыг үйлчилгээнд гаргажээ. Автобусны техникийн болоод дотоод цэвэрлэгээ, өнгө үзэмжтэй байлгахад Зорчигч тээврийн хэсгийн ажилтнуудаас гадна зорчиж буй ажилчдын санаачилга гол нөлөөтэй. Иймд ажилчдын автобусаар үйлчлүүлж буй хүн бүхэн бие биенээ хүндэтгэлтэй хандаж, соёлтой зорчиж байхыг тус хэсгийн хамт олон уриалж байна. 

М.Балжинням
Б.Баттөгс

     Эрдэнэт үйлдвэрийн Механикийн хэлтэс, Засвар механикийн завод импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Тус завод нь уул уурхайн үндсэн тоног төхөөрөмж болон төрөл бүрийн бөмбөлөгт тээрмүүдийн хуяг, экскаватор, бульдозер, автогрейдерийн шүд, буйл, 20 орчим нэр төрлийн шахуурга, резинэн эдлэл, металл хийц болон стандарт бус тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг.
     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь гадны компанитай хамтран Баяжуулах үйлдвэр, Ил уурхайд гидро цилиндр сэргээн засварлахаар болжээ. Ингэснээр зах зээлийн үнээс 40-60 хувийн хямд өртөгтэй эдийн засгийн үр ашиг гарч байна.

А.Бямба
Б.Баттөгс

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Дулааны цахилгаан станцын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн алба ажлын байранд дулаан механикийн тоноглолд тусгаарлалтын журам  нэвтрүүлжээ. Тоног төхөөрөмжид үзлэг, үйлчилгээ хийх, засвар угсралт, туршилт, тохируулгын ажил гүйцэтгэхэд бүх төрлийн аюултай эх үүсвэрийг тусгаарлах юм. Өндөр даралттай халуун уур, халуун болон хүйтэн усны шугам хоолойн хаалт хавхалга зэргийг хааж гинжилж цоожилсноор ажилтны амь нас эрүүл мэндэд хохирол учруулахаас урьдчилан сэргийлж байна.
     Тус станцын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн алба цахилгаан тоног төхөөрөмж, тэдгээрийн удирдлагын самбар, хүчдэлийн хуваарилах байгууламж гэх мэт цахилгаан эрчим хүчний аюултай эх үүсвэрийг тусгаарлах ажлыг шат дараатай зохион байгуулахаар төлөвлөжээ.

А.Бямбамаа
Б.Баттөгс



 

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ энэ оны хөрөнгө оруулалтын ажлын төлөвлөгөөнд томоохон бүтээн байгуулалтуудыг тусгасны нэг нь соёл, спортын “Эрдэнэт” цогцолбор буюу Бөхийн өргөөний барилгын ажил юм. Бурхан багшийн сэрэг дүрийн урд баригдах тус цогцолборын барилгын ажлыг тус үйлдвэрийн Барилга засварын цех гүйцэтгэнэ. Уг соёл спортын цогцолборыг барих ажилд Эрдэнэт үйлдвэр 4.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх бөгөөд энэ онд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.     
     Барилга засварын цехийн хамт олон энэ онд хөрөнгө оруулалт, урсгал засвар гэсэн хоёр чиглэлээр ажиллана. Өнөөдрийн байдлаар эдгээр чиглэлээр нийт 67 ажлын гэрээ хийгдсэнээс 36 обьектын засварын ажлыг дуусган, хүлээлгэж өгчээ. Үлдсэн төлөвлөгөөт ажлаа хугацаанд нь багтаан гүйцэтгэнэ гэж тус цехийн Үйлдвэр техникийн товчооны дарга Э.Жаргалцэцэг хэлэв. Мөн зуны улирал эхэлж буйтай холбогдуулан улирлын засварын ажлууд эхэлжээ. Ойрын үед хүүхдийн зуслангийн засвар болон үйлдвэрийн “Их зогсолт”-ын цэвэрлэгээний бэлтгэл хангах, Засвар механикийн заводын өргөтгөлийн бетон хийх зэрэг ажлыг төлөвлөсөн байна.   
      Тус цехийн захиргаа үндсэн ажлаас гадна ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, дэмжиж туслах, урам зориг өгөх зорилгоор “Сайн үйлс” аяныг зохион байгуулдаг. Саяхан цехийнхээ засал чимэглэлчин, өрх толгойлсон эмэгтэйд өөрсдийн хүчээр шинэ хашаа байшин барьж өгчээ. Энэ үйлсэд цехийн ажилтнууд нэг өдрийн цалингаа хандивлаж, сэтгэл санаа болон эд материалын дэм үзүүллээ. Мөн цех хариуцсан эмчтэйгээ хамтран “Эрүүл мэндийн аян” өрнүүлж, жингийн илүүдэлтэй ажилтнуудаа хамруулан сургалт, зөвлөгөө өгч байна. Аянд 60 ажилтан оролцож, биеийн жингээ зохист хэмжээнд хүргэхээр уралдаан зарлажээ.

М.Балжинням

Мэдээний төрөл

Календарь

« 5-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Зургийн цомог