• Б.МЯНГАНБАЯР: “Би хотынхоо, үйлдвэрийнхээ төлөө юм хийх ёстой” гэдэг бодол санааг аваасай

        ОХУ(ЗХУ)-д болон хуучин социалист системийн орнуудад их, дээд сургууль төгсөгчдийн IV чуулганыг энэ сарын 17-ны өдрийн 14.00 цагаас Эрдэнэт хотноо зохион байгуулахаар төлөвлөжээ. Чуулганы бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа талаар “ОХУ (ЗХУ)-д сургууль төгсөгчдийн холбоо”-ны Орхон аймгийн салбарын тэргүүн Б.Мянганбаяр гуайтай ярилцлаа.     -ОХУ-д сургууль төгсөгчдийн чуулга уулзалтыг сэргээх нь ямар ач холбогдолтой вэ?   -Холбооны анхдугаар чуулганыг 2008 онд Эрдэнэт үйлдвэрийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан. Анхдугаар чуулганаас уриалга гаргаж, холбооны зорилго, чиглэлийг тодорхойлсон нь хамгийн том ололт байсныг энд хэлэх нь зөв байх. Тухайн үед 11 хүний бүрэлдэхүүнтэй Удирдах зөвлөлийг сонгоход миний бие гишүүнээр сонгогдож байлаа. 2010, 2012 онд хоёр жилийн хугацаатай чуулганыг зохион байгуулж, түүнээс хойш тасраад байсан юм. “ОХУ-д сургууль төгсөгчдийн холбоо”-г улсын хэмжээнд УИХ-ын дарга Занданшатар тэргүүлж, энэ жил ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг ирэх үеэр Улаанбаатар хотод ээлжит чуулганыг зохион байгууллаа. Одоо орон нутагтаа хийхээр төлөвлөн, бэлтгэл ажлаа хангаж байна. Их, дээд сургууль төгсөгчдийн хувьд эргэх холбоогоо сайжруулах, хоорондоо танилцах, мэдлэг туршлагаа хуваалцах боломжийг бүрдүүлэх нь олон талын ач тустай. Нэгд, хотоо хөгжүүлэх, үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, шинэ техник технологи нэвтрүүлэх чиглэлээр хийж байгаа залуучуудын инновацийн ажлыг судалж, үр дүнг нь олон нийтэд түгээх, сурталчилах, боломжтой бол төгссөн сургуульд нь зуучлах, мэдээлэх ажлуудыг зохион байгуулна. Хоёрдугаарт, улс орны хөгжилтэй холбогдуулан залуучуудыг чадавхижуулах шаардлага бий болж байна. Энэ хүрээнд төгссөн сургууль дээрээ очиж дадлага хийх, мэргэжил дээшлүүлэн суралцахад нь гүүр болно гэж үзэж байгаа.     -Хойд хөршид сургууль төгсөгчдийн тоон судалгаа бий юу?    -Орхон аймгийн хэмжээнд ОХУ-д их, дээд сургууль төгссөн 400-500 хүн байна гэсэн тоон судалгааг хэдэн жилийн өмнө гаргаж байсан. Өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд ажиллаж байгаа 340-өөд, ажлаас чөлөөлөгдсөн болон тэтгэврийн насны 400 орчим төгсөгч байгааг судалгаагаар гаргасан. Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд 700 гаруй хүн байна гэж бодвол аймгийн хэмжээнд чамгүй тоо гарах байх. Ер нь сургууль төгсөгчдийн бүртгэлийг нарийн гаргахыг зорьж байна. Энэ нь алсдаа хэрэгтэй.     -Чуулга уулзалтын хүрээнд ямар ажлууд зохион байгуулах вэ?     -Чуулганд “Монгол-Оросын найрамдлын нийгэмлэг”-ийн дарга, БНМАУ-ын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, ОХУ-д сургууль төгсөгчдийн /МАВСУЗ/ холбооны дэд тэргүүн, Монгол Улсын Гавьяат багш Д.Цогзолмаа нарыг урьсан. Тэд Халхын голын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд хийгдсэн ажлууд, холбооны зүгээс цаашид тавих зорилго, зорилтуудаа тодорхой ярьж, танилцуулга мэдээлэл хийхийн зэрэгцээ санал хүсэлт хүлээн авч, төгсөгчидтэй чөлөөт ярилцлага хийх юм. Төгсөгчид хоорондоо танилцахаас гадна “Би хотынхоо, үйлдвэрийнхээ төлөө юм хийх ёстой” гэдэг бодол санааг аваасай гэж хүсч байна. Энэхүү чуулга уулзалт нь өргөн утгаараа Монгол-Оросын найрамдлыг бэхжүүлэхээр хийж байгаа ажлуудын нэг.     -Өнөөгийн залуучуудын дийлэнх хувь нь сайн сургуульд мэргэжил дээшлүүлж, мэдлэг чадвараа зузаатгахыг хүсч байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Ямар сур    -ОХУ-ын Уралын их сургууль дэлхийн “ТОП 100” сургуулийн жагсаалтад орохоор хөтөлбөр боловсруулан ажиллаж байгааг энд онцолмоор байна. “ТОП” шалгуурыг хангахын тулд нийт суралцагчдын тодорхой хувь нь гадаад оюутан байна, гадаадын улс орнуудтай хамтран ажиллах төсөл хэрэгжүүлэх, сургууль төгсөгчдийн эрдэм шинжилгээний бүтээллийг Олон улсын сэтгүүлд хэвлүүлэх зэрэг олон ажил багтдаг. Тиймээс гадаадын төгсөгчидтэйгээ холбоо тогтоож, гаднаас оюутан элсүүлэх, суралцуулах сонирхолтой болжээ. Уралын их сургууль Эрдэнэт үйлдвэртэй олон жилийн хамтын ажиллагаатай. Саяхан 17 инженер залуу тус сургуульд суралцахаар явлаа. Эрдэнэт үйлдэрт цагаан тоос дарах болон өнгөт металлургийн чиглэлээр хамтран ажиллахдаа Технологийн сургууль дээр тоног төхөөрөмж бүхий кабинет байгуулах боломжтой эсэх талаар бид санал оруулсан. Мөн Технологийн сургуулийн оюутнуудыг 2+2 хөтөлбөрөөр буюу сургалтынхаа 2 жилийг Уралын их сургуульд, үлдсэнийг эх орондоо суралцан хоёр дипломтой төгсөх талаар санал дэвшүүлээд байна. Сургуулийн дэргэдэх Мэргэжил дээшлүүлэх институтэд Эрдэнэт үйлдвэрийн инженер техникийн ажилтнууд суралцдаг байсан. Энэ уламжлалаа сэргээн, сургуультайгаа хамтран ажиллах боломж, гарц нээлттэй байна.     -Та өөрийн ажил, амьдралын арвин туршлагаас бидэндтэй хуваалцахгүй юу? ЗХУ-д ямар сургууль дүүргэсэн бэ?   -Миний бие ЗХУ-ын Свердловскийн Политехникийн дээд сургуулийг төгсөж, ЗХУ-ын Коммунист намын дэргэдэх Нийгмийн шинжлэх ухааны институтад докторын зэрэг хамгаалсан. Миний амьдралын бүх зүйл ЗХУ-д суралцаж боловсрол эзэмшсэнтэй холбоотой гэж боддог. Тэр ч утгаараа талархах сэтгэлийнхээ илэрхийлэл болгож холбооны ажилд идэвхитэй оролцохыг хичээж явна. “Свердловск хотын Политехникийн дээд сургууль төгсөгчдийн холбоо” гэж бий. Тус холбоог Улаанбаатар хотын захирагч асан Г.Мөнхбаяр ахалж, би тэргүүлэгчийн хувиар үйл ажиллагаандаа оролцож ирсэн.     -Таныг Эрдэнэт хотын намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргын хариуцлагатай алба хашиж явсныг мэдэх хүн олон бий. Ажлын гараагаа хаанаас эхэлж байв?    -Миний бие 1967 онд Свердловскийн Политехникийн дээд сургуулийг төгсөөд 52 жил болж байна. ЗХУ-д оюутан байх үед сурлага, сахилгаараа шилдэг хүүхдүүдийг намд элсүүлдэг байлаа. Энэ журмаар намын гишүүн болж эх орондоо эргэн ирсэн юм. Улаанбаатар хотын Автозасварын заводын инженерээс ажлын гараагаа эхэлж, Ерөнхий инженер болтлоо дэвшин ажилласан. Тэр цагаас хойш тэтгэвэрт гарах хүртлээ улс төрийн ажилтан буюу намын хариуцлагатай ажил албан тушаал хашиж байлаа. Ажилчны хороонд Намын хорооны нэгдүгээр дарга, Эрдэнэт хотын намын хороонд нэгдүгээр нарийн бичгийн дарга, сүүлд Ардчиллаас хойш ОХУ-ын БНТува улсын Ерөнхий консулаар ажилласан. Тувагаас эргэж ирээд Эрдэнэтийн Оёдлын цехийн даргаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэртээ гарсан. 1980 онд Коммунист намын дэргэдэх НШУ-ны төвд түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан.    -Нэг ажлаас нөгөөд хөрвөж ажиллахдаа ур чадвараа хэрхэн ахиулж байв? Таны хувьд хамгийн их ачаалалтай ажил аль нь байсан бэ?   -Би 1985 онд 42 настайдаа Эрдэнэт хотын Намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар ирсэн. Тэр үед залуу байж гэж бодогддог. Нэг намын системтэй байх үед бүх зүйл дээр намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга шийдвэр гаргадаг байлаа. Ер нь намын ажилтай холбоогүй зүйл гэж байсангүй. Тэр ч утгаараа хувь хүнээс хамгийн их ур чадвар шаардсан ажил байсан гэж бодож байна. Энэ албан тушаал дээр сууж байгаа хүн олон талын боловсрол, мэдлэгтэй байх ёстой. Би Металлургийн буюу цутгуурын инженер мэргэжилтэй хүн. Гэтэл зориуд энэ том үйлдвэр дагасан хотыг удирдахад техникийн боловсролтой хүн байх шаардлагатай гэж үзсэн хэрэг л дээ. Мэргэжлийн чиглэлээр Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд, инженер техникийн ажилтнуудтай уулзахад ямар ч байсан мэргэжлийн баримжаатай, энэ хүн худлаа хэлж байна уу, үгүй юу гэдгийг ялгаж таних чадвартай байлаа. Үндсэндээ суурь мэргэжил дээрээ үндэслэн өөрийгөө хөгжүүлж, тавигдсан шаардлагад тохируулан уншиж судалж, харилцаандаа их анхаарсан. Нэр төрөө өсгөхийн тулд бус улс орны эрх ашгийн үүднээс эдгээрийг хийдэг байлаа.    -Өнөөгийн залуучуудад хандан таны хэлэх үг?   -Би өөрийн амьдралын түүхээс цухас ярья. Улаанбаатар хотын Намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга н.Алтангэрэл намайг өрөөндөө дуудаж, “Автозасварын заводын намын хорооны даргаар тавина” гэсэн саналаа хэлсэн юм. Тухайн үед Зөвлөлтийн хөрөнгөөр тохижуулсан Автозасварын завод нь 1200-аад хүнтэй, 1000 машинд их завсар хийдэг томоохон бүтэц байлаа. Намын ажлын талаар ойлголтгүй, тэр чиглэлийн сургууль соёл төгсөөгүй надад энэ санал хэтэрхий ахадсан. Үүнийгээ ч хэлсэн. Гэтэл н.Алтангэрэл дарга, “Би 29 насандаа Хүнсний үйлдвэрийн Сайдаар ажиллаж байлаа. Мянганбаяр аа, чи 29 насандаа 1200 хүнтэй жижиг заводыг ахлаад явж чадна. Юуны тулд ЗХУ-д сургууль төгслөө” гэж билээ. Ингээд би хорооны даргын үүрэгт ажилд томилогдсон. Итгэл, хариуцлага дааж явна гэдэг амаргүй. Дараа нь ЗХУ-д Намын сургууль төгсөж ирээд Ховд аймаг хариуцсан хорооны зохион байгуулагчаар ажиллаж байгаад Ажилчны районы Намын хороон даргын ажлыг хийсэн байдаг юм. Тэндээсээ Эрдэнэтдээ ирсэн. Энэ бүхнийг хэлэхийн учир нь хүн алсаа харсан зорилготой байх хэрэгтэйг залуустаа хэлэхийг хүслээ. Зорилгодоо хөтлөгдөн, өөрийгөө удирдах нь хамгийн зөв. Хариуцлагатай ажил хийхийн хэрээр өөртөө өндөр шаардлага тавьдаг юм билээ. Хамгийн наанадаж ажилдаа цагтаа ирдэг, цагтаа тардаг, ажил дээрээ үр бүтээлтэй ажиллах гээд олон зүйл яригдана. Зүгээр цаг өнгөрөөж суух нь сонин биш, санаачилгатай ажиллах хэрэгтэй л гэж зөвлөмөөр санагддаг. Аливаа санаачилга жижигдэнэ гэж байдаггүй. Эмх цэгцтэй, шударга байх тухай бодох хэрэгтэй. Одоогийн хүмүүс ядарсан зүдэрснээ гайхаж, халаглан, хэт залхуу болсон юм шиг санагддаг. Хот суурин газар амьдарч байгаа хүмүүст даарч хөрөх асуудал алга, сайхан л байна шүү дээ. Дэнгийн гэрэлд ном уншдаг цаг үе өнгөрсөн. Улс орныхоо хөгжлийг эерэгээр харж байна. Бид шилжилт, өөрчлөлтийг өөдрөгөөр харах хэрэгтэй.    -ОХУ-д сургууль төгсөгчдийг уриалсан үгээр энэ ярилцлагаа өндөрлье?    -Бидний зохион байгуулах үйл ажиллагаанд хүрэлцэн ирээрэй гэж төгсөгчдөө уриалмаар байна. Та бүхэнтэйгээ хамт санаа оноогоо хуваалцан, цаашдын ажлаа төлөвлөн ярилцъя. И.Чинтогтох Фото: Ш.Лхамсүрэн   Дэлгэрэнгүй...
  • “Эрдэнэс Тавантолгой”-н ажилтнууд Эрдэнэт үйлдвэрээс туршлага судлав

       Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд тус компанийн ХАБЭА-н 22 ажилтан өчигдөр ирж, манай үйлдвэрээс туршлага судаллаа. Зочдыг  үйлдвэрийн газрын ХАБЭА-н хэлтсийн удирдлага хүлээн авч  үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалт, хэрэгжүүлж буй шинэ төслүүдийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, ярилцлага хэлэлцүүлэг өрнүүллээ. Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭА-н бодлого, зардлын бүрдэл, аюултай тохиолдлыг хэрхэн судалж буй зэрэг асуудал тэдний анхаарлыг татаж, заримыг нь компанидаа нэвтрүүлэх боломжтойг хэлсэн. Тэд Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Эрдэнэт сувиллын цогцолбор, Технологийн сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай энэ оны 6-р сарын 28-нд хамтран ажиллах гэрээ байгуулсан юм.    Я.Энхтуяа     Дэлгэрэнгүй...
  • Бага агуулгатай хүдрийг баяжуулж байгаа туршлагыг нэвтрүүлнэ

       Дэлхийд байгаа зэсийн нөөц 5.6 тэрбум тонн, үүнээс тодорхойлогдсон нөөц нь 2.1 тэрбум тонн, уул уурхайн олборлох хүчин чадал нь 24 сая тонн байгаа бол уул уурхайн байгууллагууд 20.6 сая тонн зэс олборлон гаргаж байна. Энэ судалгааг Засгийн газар хоорондын байгууллага болох Олон улсын Зэс судлалын байгууллагын ээлжит хуралдааны үеэр мэдээлжээ.     Олон улсын зэс судлалын байгууллагад зэс үйлдвэрлэдэг болон зэс хэрэглэдэг 26 орон гишүүнчлэлээр элсжээ. Энэ байгууллагад Монгол Улс 2017 онд нэгдэн хамтын ажиллагааг Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хариуцан ажилладаг юм.     Жилд хоёр удаа хурлаа зохион байгуулдаг уламжлалтай тус байгууллагын ээлжит хуралдаан Португал улсын Лисбон хотноо болж Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Экспорт, борлуулалтын хэлтсийн дарга Я.Пүрэвээ нар оролцоод ирлээ.    Хуралдаанд гишүүн орнуудаас гадна ажиглагчаар арав гаруй орны төлөөлөгчид оролцож зэсийн талаарх техник, технологи, байгаль орчин хамгаалал, эрүүл ахуй, зэсийн худалдаа, зэсийн зах зээлийн цаашдын чиг хандлага ямар байгаа талаар судалгаа хийж гарын авлага, ном бэлтгэн гишүүн байгууллагууддаа өгдөг байна.    “Энэ байгууллага нь зэс худалдан авалт, зэсийн зах зээлийн тухай дэлхий дахинд цогц мэдээллийг хүргэх зорилготой юм. Хуралдаанаар зэсийн эргэн тойронд өрнөж буй үйл явдлыг багцлан гишүүддээ өгдөг. Өмнөх хурлаас гарсан шийдвэрийг үндэслэн дүгнэлт хийж,  цаашид хэрхэн тухайгаа ярилцаж санал бодлоо солилцлоо” гэж Эрдэнэт үйлдвэрийн Экспорт, борлуулалтын хэлтсийн дарга Я.Пүрэвээ ярилаа.     Зэсийн уурхайнуудын агуулга буурч, зэсийн хэрэглээ өсөж байгаа энэ үед дэлхий нийтээр зэсийн хэрэглээг хэрхэн хангах асуудлуудыг ч энэ удаагийн хурлаар онцлон хөндсөн байна. Түүнчлэн байгаль орчны нөхөн сэргээлт, зэсийн баяжмалын хорт элементүүдийн хязгаарыг хэрхэн доошлуулах, бага агуулгатай хүдрийг баяжуулж байгаа туршлагыг нэвтрүүлэх зэрэг илтгэлүүдийг хэлэлцэж, зэсийн цаашдын хандлагын талаар санал бодлоо солилцжээ.      А.Бямбамаа Дэлгэрэнгүй...
  • Бутлагдсан хүдэр дамжуулах хүчин чадал нэмэгдэв

       Эрдэнэт үйлдвэрийн голт зүрхэн цех болох Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсгийн 11, 17-р конвейерийн редукторыг шинэчлэн солих ажил өчигдөр 16 цагийн турш үргэлжилж, 23 цаг 30 минутад тоног төхөөрөмжийг амжилттай залгалаа. ХБНГУ-ын Sew euro driwe компанийн ХЗК-260 маркийн хоёр редуктор конвейерт суурилуулснаар цагт 3600 хүртэл тонн хүдэр нунтаглалт руу дамжуулах боломж бүрдэж, хүчин чадал нэмэгдлээ. Ингэснээр төв корпусын есөн тээрмийг хүдрээр найдвартай хангахаас гадна засварын ажил багасаж, үйлдвэрлэлийн найдвартай ажиллагаа бүрэн хангагдав. Тус хэсгийн тоног төхөөрөмжийг түр хугацаанд зогсоож хийсэн техникийн шинэчлэлийн хүнд ачаалалтай энэхүү ажлыг Баяжуулах үйлдвэрийн Засварын болон Бутлан тээвэрлэх хэсгийн ажилчид нарийн тооцоолол, өндөр зохион байгуулалттайгаар хамтран гүйцэтгэсэн байна. Редукторыг хүчин чадал өндөртэй, орчин үеийнхээр шинэчлэх ажил хуучин конвейруудын 60 орчим хувьд нь хийгджээ. Эхнийхийг 2013 онд шинэчилсэн бөгөөд одоогоор эвдрэл доголдол гараагүй хэвийн ажиллаж байна. Мөн техникийн шинэчлэлийн хүрээнд Бутлан тээвэрлэх хэсэгт АНУ-д үйлдвэрлэсэн “Метсо” компанийн бутлуур суурилуулах ажил үргэлжилж байна. Ирэх жил нэг дунд, нэг жижиг бутлуур солих юм. Ингэснээр жилд 22 сая тонн хүдэр хүлээн авч бутлах нөхцөл бүрдэнэ. Харин энэ жилийн хувьд тус хамт олон 17 сая 233 мянган тонн хүдэр хүлээн авч боловсруулахаас 104 мянган тонноор илүү гаргасан амжилттай явна. М.ОДГЭРЭЛ Фото: Б.БАТТӨГС Дэлгэрэнгүй...
  • Б.Мажинбуу: Найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн уламжлалыг хадгалж, залуу үеийнхэнд ойлгуулж, үлдээх учиртай

       Жил бүрийн намар Монгол-Орос хоёр орны найрамдалт харилцааны түүх, дурсгалыг сэргээж, үнэ цэнийг эргэн сануулж байдаг найрамдлын өдрүүд Эрдэнэт хотод өрнөдөг. Энэхүү уламжлалт өдрүүдийн энэ удаагийн онцлог, үйл ажиллагааны талаар Монгол-Оросын найрамдлын Эрдэнэт нийгэмлэгийн тэргүүн Б.Мажинбуутай ярилцлаа.    - Монгол-Оросын найрамдлын сарын ажил энэ жил уламжлал ёсоор зохион байгуулагдаж байна. Сарын ажлын сонин хачины талаар ярилцахын өмнө гадаад улс орнуудтай соёлоор харилцаж ирсэн найрамдлын нийгэмлэгийн үүх түүхээс өгүүлнэ үү?    - 1947 онд Улаанбаатар хотод ажиллаж байсан Монголын тэргүүний сэхээтнүүд гадаадтай соёлоор  харилцах Монгол  нийгэмлэг гэж байгуулсан байдаг. Тэр үеийн сэхээтнүүд тухайн үеийн Зөвлөлт Холбоот улсад суралцаж ирээд, тэнд сурч мэдсэн соёл болон бусад зүйлээ  Монголдоо нэгтгэн сурталчлах зорилгоор шатар тоглох, шүлэг, уран зохиол бичих, Оросын зохиолчдын бүтээл туурвилаас уншиж, ярилцах, орчуулга хийх, дүү шүлэг, бүжгийн уралдаан явуулах зэрэг олон хэлбэрээр тус нийгэмлэгийн үйл ажиллагааг зохион байгуулж байв. Монголын тухайн үеийн сэхээтнүүд болох нэрт эрдэмтэн Б.Ширэндэв, дипломатч Н.Лхамсүрэн, Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен нарын бичгийн их хүмүүс энэ байгууллагыг эхлүүлж, авч явж байсан. 1950-иад оны эхэн үед социалист орнууд бий болж, манай улсын гадаад харилцаа өргөжин, дипломат холбоо тогтоох хамтын ажиллагаа идэвхтэй эхэлсэн.  Энэ үед Зөвлөлт улстай холбоо харилцаагаа бэхжүүлж, хөгжүүлэх шийдвэр гарч, 1952 онд Монгол-Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэг хэмээх байгууллагыг байгуулсан түүхтэй юм. Тэгэхээр уг байгууллагын үүслийг 1947 оноос эхлэлтэй гэж үздэг. Түүхэн хөгжлийнхөө явцад тус байгууллагын нэр дөрвөн удаа өөрчлөгдсөн байдаг. Эхнийх нь Гадаадтай соёлоор харилцах Монголын нийгэмлэг гэж байсан бол Монгол-Оросын соёлын харилцааны нийгэмлэг, Монгол-Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэг, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэл гэх зэргээр өөрчлөгджээ. Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэл гэж нэрлэсний учир гэвэл 1990 онд хуучин ЗХУ задарч, бүрэлдэхүүнд нь байсан 15 бүгд найрамдах улс биеэ даасантай холбоотой юм. Өөрөөр хэлбэл, биеэ даасан улс орнуудыг нэгтгэн Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэл гэж нэрлэсэн юм билээ. Энэ үеэс бас Монгол-Зөвлөлтийн найрамдлын сарын ажил гэж бий болсон. Найрамдлын сарын ажлыг 1921 оны 11 сарын 5-нд  Монгол, Зөвлөлтийн хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулснаар хаалтын үйл ажиллагааг нь зохион байгуулж байв. Харин нээлтийг нь жил бүрийн 10 сарын 5-нд эхлүүлж, нэг сарын туршид найрамдал, хамтын ажиллагааны олон хэлбэрийн арга хэмжээ явуулж ирлээ. Энэ уламжлал 1990 он хүртэл үргэлжилсэн. Харин 1990 оноос социалист нийгэм зах зээлийн тогтолцоонд шилжих болсноор бусад улсуудын  найрамдлын нийгэмлэгүүд тус тусдаа салсан ч Монгол дахь нийгэмлэг уламжлалаа барьж үлдсэн байдаг. Хэдийгээр Монголын найрамдлын нийгэмлэг үйл ажиллагаагаа  зогсоогоогүй ч найрамдлын сарын ажлыг урьдынх шигээ өргөн хүрээтэй тэмдэглэдэггүй болчихсон. Ийм идэвхгүй үе 2000 он хүртэл үргэлжилсэн гэж хэлж болно.  Харин манай Эрдэнэт хотын хувьд 1974 оноос эхлэн найрамдлын сарын өдрүүдийг  тогтмол тэмдэглэж ирсэн.  Учир нь Эрдэнэт хот бол Монгол-Зөвлөлтийн ард түмний найрамдлын үр шимээр боссон. Тухайн үеийн Зөвлөлт холбоот улсын эдийн засаг, техник технологи, боловсон хүчний бүрэн дэмжлэгээр байгуулсан тул Эрдэнэтчүүд найрамдлын сараар хязгаарлагдахгүй өргөн хүрээ, урт удаан хугацаанд хамтын ажиллагаагаа олон хэлбэрээр өргөжүүлж ирснийг онцлох учиртай.  Ер нь 2000 оноос Монгол-Оросын хамтын ажиллагааны дахин сэргэлтийн үе эхэлсэн гэж болно. Найрамдлын сарын ажил ч мөн энэ үеэс эргэн идэвхжиж, маш өргөн цар хүрээнд өндөр ач холбогдолтой болж байна. ОХУ-ын Ерөнхийлөгчөөс эхлээд яам, хэлтсийн бүх сайд, удирдлагууд, төрийн Думын гишүүд хүрэлцэн ирж оролцдог болсон. Тиймээс найрамдлын сарын ажил гэж нэрлэж байсныг найрамдал, хамтын ажиллагааны өдрүүд гэж өөрчилсөн. Энэ өдрүүдийн хүрээнд  манай хоёр орон  нийгэм, эдийн засаг, соёл спорт, бизнесийн гээд бүхий л салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж, харилцан сурталчилдаг болсоноор энэ сарын ажлын утга учир улам бэхжиж, сэргэсэн. Найрамдал хамтын ажиллагааны сарын ажлыг тэмдэглэж ирсэн түүх гэвэл ийм.    - Найрамдлын нийгэмлэг гэдэг байгууллагын үндсэн чиглэл, зорилго нь юу болохыг дэлгэрүүлж хэлэхгүй юу?    - Манай улс  1921 оноос хуучнаар ЗХУ-тай нягт хамтран ажиллаж, холбоотой байж ирсэн. Тэр үед Монголын эдийн засаг ЗХУ-ын тусламж, дэмжлэгээс хамааралтай байв. Бусад гадаад орнуудтай хамтарч байсан ч тухайн үеийн ЗХУ гол үүрэг гүйцэтгэж байсныг хэлэх хэрэгтэй.  Тиймээс Орос  орны соёл уламжлал, шинжлэх ухааны ололтоос суралцах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор 2 орны Найрамдлын нийгэмлэг ажилладаг байлаа.  Одоо ч энэ чиглэлээ баримталж байна. Манай Эрдэнэт хотын хувьд энэ уламжлал, чиг зорилгыг онцгой хадгалж явах ёстой гэж боддог. Өмнө би хэлсэн. Хоёр орны найрамдалт харилцааны үр дүнд Эрдэнэт үйлдвэр, хот байгуулагдаж, Монгол орны нийгэм эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсаар байна. Энэ утгаар нь авч үзвэл, Монгол-Оросыннайрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн  уламжлалт үйл ажиллагааг  цаашид хадгалж, залуу үеийнхэнд өвлүүлж үлдээх ёстой. Нөгөө талаас, энэ бол Монголын түүхийн нэгэн хэсэг гэж хэлж болно. Түүхийг түүх чигээр нь үлдээх, үнэн мөнөөр нь ойлгуулахад бас энэ байгууллагын зорилго чиглэл оршиж байна.    - Таны хувьд найрамдлын нийгэмлэгийн ажилтай хэдийнээс эхлэн холбогдсон бэ?    - 1976 оны 1 дүгээр сарын 1-нд Эрдэнэт маань хотын статустай болсон. 1974 оноос Булган аймгийн Эрдэнэт хороо гэж нэрлэгдэж байсныг манайхан мэдэх байх. Тэр үеэс л аймаг, хөдөө орон нутаг бүрт Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн салбар зөвлөл байгуулагдаж байв. Тэгэхээр манай салбар хоттойгоо чацуу юм.  Миний хувьд  1990 онд Эрдэнэт хотын Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн орон тооны нарийн бичгийн даргаар ажиллаж эхэлсэн. Одоо бол нэр нь өөрчлөгдсөөр Орхон аймгийн Монгол-Оросын найрамдлын Эрдэнэт  нийгэмлэг болж, өдийг хүртэл сонгуульт ажлаа хийж явна. Энэ бүх хугацаанд хамгийн идэвхтэй үйл ажиллагаатай байж ирсэн хөдөө орон нутгийн салбар гэвэл манай Эрдэнэт нийгэмлэг.    - Энэ жилийн Найрамдлын сарын өдрүүдийн онцлог нь юу вэ?    - Энэ удаагийн Найрамдлын сарын өдрүүд хоёр онцлогтой гэж үзэж байна. Энэ онд Монгол улсын тусгаар тогтнолын хувьд маш том ач холбогдолтой Халх голын дайны 80 жилийн ой тохиосон. Халхын голын 1939 оны дайны ялалт бол дэлхийн 2 дугаар дайны ялалтыг авчирхад их нөлөөлсөн гэж Орос болон дэлхийн олон түүхчид дүгнэдэг. Яагаад гэвэл, Халхын голын дайны ялалтад үнэлж баршгүй гавьяа байгуулсан олон Орос жанжнууд бий. Тухайлбал, ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, Г.К.Жуков жанжин Халх голд маш хүчтэй, цэрэг дайны түүхэнд хэрэглэж байгаагүй олон стандарт бус, санаанд оромгүй тактик гаргаж ялалтанд хүргэснийг түүхэн баримтууд өгүүлдэг. Үүнийгээ ч бас дэлхийн 2 дугаар дайнд ашигласан. Энэ утгаараа Халх голын дайны ялалтын ач холбогдол туйлын өндөр. Тиймээс ч энэ намар болсон ялалтын  ойд ОХУ-ын  Ерөнхийлөгч В.В.Путин өөрийн биеэр хүрэлцэн ирж, энэ тухай зарлан хэлсэн. Мөн манай улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хүсэлтээр Халх гол сумыг жишиг сум болгон хөгжүүлж байна. Нөгөө талаас, Халхын голын ялалт бол Монгол улсын тусгаар тогтнолыг баталгаажуулах, дэлхийн улс орнуудад хүлээн зөвшөөрөгдөхөд хамгийн гол үр нөлөөг үзүүлсэн. Ийм өндөр ач холбогдолтой учраас Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойг өргөн хүрээнд тэмдэглэж, энэ жилийн найрамдлын сарын өдрүүдийн үйл ажиллагааг үүнд чиглүүлж байгаа. Энэ сарын 18-ны өдөр болох хаалтын ажиллагааны үеэр Халх голын 80 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэнг иргэдэд дахин толилуулна. Энэ бол энэ удаагийн найрамдал хамтын ажиллагааны сарын ажлын том онцлог болж байна. Мэдээж, уламжлал ёсоор ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд Монгол, Орос дууны тэмцээн, уралдаан болсон.  Мөн 11 дүгээр сарын 15,16-ны өдрүүдэд  Хангайн бүсийн ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдын дунд Орос хэлний олимпиадыг зохион байгуулж байна. Олимпиадын үйл ажиллагаанд БНМАУ-ын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа болон ОХУ-д сургууль төгсөгчдийн холбооны Ерөнхийлөгч ирж, оролцоно. Ингэж ач холбогдол өгөхийн учир нь ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгээр суралцагчдын тоог нэмэгдүүлэхэд мөн оршиж байна. Өмнө нь манайхаас 200 хүүхэд л суралцдаг байсан бол сүүлийн жилүүдэд 500, харин энэ оноос 800 хүргэхээр нэмж байгаа. Ер нь манай найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн зорилго бол ОХУ-д суралцагчдыг дэмжих, орос хэл, соёл шинжлэх ухаанаас суралцан дэлгэрүүлэх чиг шугамыг баримталсаар байгаагийн нэг илрэл нь энэ юм. Мөн энэ удаагийн найрамдлын өдрүүдээр хуучин ЗХУ, одоогийн ОХУ-д сургууль төгсөгчдийн чуулга уулзалтыг зохион байгуулна. 2008, 2012 онуудад уг чуулга уулзалтыг Эрдэнэт үйлдвэрийн дэмжлэгээр хийж байсан. Энэ жил үүнийг сэргээж байна. Эдгээр арга хэмжээг Оросын шинжлэх ухааны төв, ОХУ-ын Элчин сайдын яам, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэг, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэл зэрэг байгууллага хамтран зохион байгуулж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ дэмжин ивээн тэтгэж, оролцож байна.    - Найрамдлын сарын ажлын хаалтын ажиллагаа хэзээ болох вэ?    - Энэ жилийн найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн хаалтын ажиллагаа 11 сарын 18-нд Соёл урлагийн цогцолбор буюу хуучнаар Уурхайчин соёлын ордонд болно. Уламжлал ёсоор энэ өдөр Найрамдлын өндөрлөг, Монгол-Оросын дөрвөн жанжны хөшөөнд  цэцэг өргөх, Халх голын 80 жилийн ойд зориулсан зургийн үзэсгэлэн, баярын хурал концерт зэрэг цогц үйл ажиллагаа зохион байгуулагдана. Эрдэнэт үйлдвэрийнхэн төдийгүй Орхон аймгийн нийт иргэд, ОХУ-д сургууль төгссөн төгсөгчдийг найрамдлын өдрүүдийн арга хэмжээнд өргөнөөр оролцохыг энэ дашрамд урьж байна. М.Балжинням Фото Ш.Лхамсүрэн   Дэлгэрэнгүй...
  • Б.Болор-Эрдэнэ: Техникийн шинэчлэлийн ажлууд ирэх онд ч эрчимтэй үргэлжилнэ

       Эрдэнэт үйлдвэрээс хэрэгжүүлж буй “Хөрөнгө оруулалт-2019” хөтөлбөрийн хүрээнд Баяжуулах үйлдвэрийн хэмжээнд хэд хэдэн томоохон бүтээн байгуулалт, техник технологийн шинэчлэлийн ажлууд  хийгдэж байна. Эдгээр ажлын явц, гүйцэтгэл, ирэх оны зорилтын талаар Баяжуулах үйлдвэрийн Механикийн албаны дарга Б.Болор-Эрдэнээс тодруулж, ярилцлаа.          - Баяжуулах үйлдвэрийн хэмжээнд Хөрөнгө оруулалтын жилийн ажлын явц хэрхэн өрнөж байна вэ?    - Баяжуулах үйлдвэрийн хамт олон энэ онд хөрөнгө оруулалтын ажлын хүрээнд хэд хэдэн томоохон бүтээн байгуулалт, техник технологийн шинэчлэл хийхээр төлөвлөн ажиллаж байгаа.Технологийн дарааллаар яривал, механикийн чиглэлээр бутлах тоног төхөөрөмжийн КМД-13 бутлуурыг АНУ-д үйлдвэрлэгдсэн Metso компанийн МР800 бутлуураар солих ажлыг эхэлсэн. Бутлуур бүрэн шинэчлэх энэ ажлыг ирэх 12 сарын 1-нд дуусгахаар төлөвлөж байна. Мөн хүдэр нунтаглалтын тээрмийн хувьд бөмбөлөгт тээрэм дээр  МШЦ 5.5*6.5 маркийн №7 дугаар тээрмийг солих ажил өнгөрсөн сарын сүүлээр эхэлсэн. Өнөөдрийн байдлаар, уг тээрэм солих ажил төлөвлөгөөний дагуу угсралт хийгдэж байна. Өөрөө нунтаглах хэсгийн ММС90*30 №1 тээрмийг солихоор энэ оны засварын ажлын нэгдсэн төлөвлөгөөнд тусгасан боловч одоогоор нийлүүлэлт хийгдээгүй байна. Үүнтэй холбоотойгоор үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлтэд өөрчлөлт орж болзошгүй нөхцөл үүсч байгаа. Бидний зүгээс бүхий л шаардлагатай бэлтгэл ажлыг хангасан ч тээрэм өнөөг хүртэл ирээгүй. Үүнийг хэлэх нь зүйтэй байх. Урьдчилсан байдлаар 12 сарын эхний 7 хоногт ОХУ-аас наашаа ачигдана гэсэн мэдээ ирсэн. Хөвүүлэн баяжуулалтын чиглэлээр бид энэ онд томоохон ажлууд төлөвлөөд, гүйцэтгэж байна. Молибдений шинэ флотацийн секц барьж байгаа. Үндсэндээ механик болон цахилгаан талын ажил дууссан. Биелэлт 90-95 хувийн гүйцэтгэлтэй байна. Өнөөдрөөс FLSmidth компаниас холбогдох мэргэжилтнүүд ирж, нийлүүлэгч талаас хариуцах нарийн тохируулгын ажлыг эхлүүллээ. Энэ ажлыг ирэх сарын эхээр дуусгахаар төлөвлөсөн.  Дараагийн бас нэг том ажил Шүүн хатаах хэсгийн молибдений даралтат шүүлтүүр суурилуулах ажил байгаа. Энэ сарын эхээр уг ажил эхлээд, төлөвлөгөөний дагуу хийгдэж байна. Тоног төхөөрөмж нь бэлэн болсон. Одоогоор суурийг нь угсарч байна. Ирэх сарын дундуур дуусгаж, залгахаар төлөвлөж байгаа. Мөн нийлүүлэгч компанийн мэргэжилтнүүд ирж, ажиллана. Техникийн шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй ажлуудын тухайд ийм байна.    - Молибдений флотацийн шинэ секц барьж байгаа. Үүнийг ашиглалтад оруулснаар ямар ач холбогдол өгөх вэ?   - Нэгдүгээрт, энэ шинэ секцийн флотмашинууд нь бүрэн автоматжуулагдсан, битүү учир тухайн ажлын байрны нөхцөлийг сайжруулна. Учир нь хуучин секц дээр задгай флотмашинууд нь маш халууны улмаас уур дэгдэн, янз бүрийн урвалжууд нь ажилчдад шууд сөргөөр нөлөөлж байсан. Хоёрдугаарт, үйлдвэрлэлийн тасралтгүй найдвартай ажиллагааг нэмэгдүүлнэ. Гуравдугаарт, хүдэр боловсруулалтын хэмжээ нэмэгдэхэд молибдений флотаци асуудалгүй жигд ажиллах боломж бүрдэнэ. Нөгөө талаас бүтээгдэхүүний чанарт сайн нөлөөтэй. Ийм давуу талуудыг олж харсаны үр дүнд энэхүү техникийн шинэчлэлийг хийж байна.     - Танай цехэд шаардлагатай импорт орлох бүтээгдэхүүн буюу тоног төхөөрөмжийн эд ангиудыг Засвар механикийн заводад үйлдвэрлэх боломжтой. Зарим нэр төрлийг нь үйлдвэрлэж байгаа. Энэ чиглэлд хэрхэн хамтарч байна вэ?    - Мэдээж, энэ тун чухал асуудал. Импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр өөрсдийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилтыг бид аль аль нь хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна. Өнгөрсөн онд  Баяжуулах үйлдвэрийн туузан конвейруудын роликийг Засвар механикийн заводад манай захиалгаар үйлдвэрлэж эхэлсэн. Энэ онд бид ийм ролик гаднаас огт аваагүй. Учир нь Засвар механикийн заводын үйлдвэрлэж нийлүүлсэн роликууд манай хэрэгцээг бүрэн хангаж буй. Энэ бол маш талархууштай, үр дүнтэй хамтын ажиллагаа гэж хэлмээр байна. Мөн бид хавтант тэжээгүүрүүдийн хавтанг захиалж хийлгэж байна. Энэ онд бид гурван ширхэг иж бүрдэл хавтанг Засвар механикийн заводад хийлгэж, авч тавьсан. Бас их үр дүнтэй ажил болсон. Чанарын шаардлага хангаж байгаа. Тиймээс цаашид үүнийг ЗМЗ-д   үйлдвэрлээд, нийлүүлээд явах бүрэн боломжтой гэдэг нь харагдсан. Цаашлаад Warman төрлийн булинга шахах насосны эд ангийг үйлдвэрлэх талаар төлөвлөгөө гарган ажиллаж байна. Бид саяхан Хятад улсын зарим үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаад ирсэн. Тэнд хийж байгаа зарим бүтээгдэхүүнүүдийг манай үйлдвэрт үйлдвэрлэх боломжтой нь харагдаж байсан. Иймд Засвар Механикийн Заводын мэргэжилтнүүдийг тусгайлан импорт орлох бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх зорилгоор машин үйлдвэрлэлийн зарим үйлдвэрүүдтэй танилцуулж, Орхон аймгийн аж үйлдвэрлэлийн паркийн үйл ажиллагаатай уялдуулан цогц төлөвлөгөө гарган ажиллах боломжтой гэж үзэж байна.       - Ирэх сард хэд хэдэн шинэчлэлийн ажлууд дуусаж, ашиглалтад орох юм байна. Энэ онд хийхээр төлөвлөсөн их засварын ажлуудын явцыг дүгнэвэл?    - Тоног төхөөрөмжийн шинэчлэлийн бүх ажлууд төлөвлөгөөний дагуу хийгдэж байгааг дахин онцолж хэлье. Энэ оны 4 дүгээр улиралд манайхан ачаалалтай ажиллаж байна. Энэ нь нэг талаас үйлдвэрлэлийн төлөвлөгөө, нөгөө талаас тоног төхөөрөмжийн шинэчлэлийн ажлууд давхар хийгдэж байгаа. Гэсэн ч манай цехийн хамт олон 12 сарын 14-нөөс өмнө томоохон шинэчлэлийн ажлуудаа дуусгаж, хүлээлгэж өгнө. 2019 онд бид их засвараар 15 ажил хийхээр төлөвлөсөн. Гүйцэтгэл 85 хувьтай байна.     - Энэ онд хөрөнгө оруулалтын бүтээн байгуулалтууд олон хийгдлээ. Ирэх онд ямар ажлууд төлөвлөгөөнд тусгагдсан байгаа вэ?    - Мэдээж, техник тоног төхөөрөмжийн шинэчлэл үргэлжилнэ. Үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангахын зэрэгцээ шинэчлэлийн ажлуудаа хийнэ. Бутлан тээвэрлэх хэсэгт бутлуурын шинэчлэлийг хийснээр бутлагдсан хүдрийн бүхэллэгийг бууруулж, улмаар цахилгаан эрчим хүч, ган хуягны  зарцуулалтыг багасгах боломжтой гэж харж байгаа. Тиймээс ирэх онд бид хоёр бутлуур болон 4 дүгээр тээрмийг солихоор төлөвлөсөн. Хүдэр боловсруулалтын төлөвлөгөө өсөж байгаа тул үүнтэй уялдуулан засварын цаг нэлээд буурна. Тиймээс 2020 онд засвар үйлчилгээнд ашиглаж буй багаж хэрэгсэлдээ анхаарч, механикжуулах ажлыг эрчимтэй хийнэ. Ирэх оны хоёрдугаар улиралд  Өөрөө нунтаглах хэсгийн ММС тээрмийг солих ажил эхлэнэ. Мөн КМД3000Т2-ДП №12   бутлуурыг Metso компанийн МР800 бутлуураар солино. Нунтаглан баяжуулах хэсгийн МШЦ 5.5*6.5 маркийн №4 дүгээр тээрмийг шинэчлэн солих ажил хийгдэнэ. Түүнчлэн зарим үндсэн конвейрийн хөтлөх механизмыг Герман улсад үйлдвэрлэгдсэн SEW Eurodrive компанийн хөтлөх механизмуудаар солих ажлуудыг  эрчимтэй хийхээр төлөвлөж байна. Энэ бүх техникийн шинэчлэл нь хүдэр боловсруулалтын хэмжээг нэмэгдүүлэхэд үйлдвэрлэлийн  тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах гол хөшүүрэг болно. Тиймээс үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэх хэрээр техникийн шинэчлэлийн ажил хурдацтай эрчимтэй хийгдэх шаардлагатай юм.    М.Балжинням Фото Б.Баттөгс   Дэлгэрэнгүй...
  • Үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд бүгд биелжээ

       Баялгийг бүтээгч Эрдэнэт үйлдвэрийн хамт олон  11-р сарын эхний арав хоногийн байдлаар үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүдээ 100-135.1 хувиар биелүүлэн ажиллаж байна.     Уулын цул гаргалт 104.9 хувь, хөрс хуулалт 101.3 хувь, хүдэр олборлолтын төлөвлөгөөг 109 хувиар биелүүлжээ. Хүдэр дэх металлын агуулга зэсээр 101.5 хувь, молбиденоор 125,1 хувиар биелүүлсэн бол  металл авалт зэсээр 100 хувь, молибденоор 135.1 хувь , баяжмал дах металлын агуулга зэсээр 100.8 хувь, молибденоор 103.1 хувиар тус тус биелжээ.    Тайлант хугацаанд ачигдсан зэсийн баяжмалын чанар 100.8 хувь бол ачигдсан зэсийн баяжмал дахь металл 103.9 хувь, ачигдсан молибдены баяжмалын чанар 103.1 хувьтай биелжээ.    Ийнхүү Эрдэнэт үйлдвэрийн хамт олон төлөвлөгөөт даалгавруудаа амжилттай биелүүлэн ажиллаж байна.     А.Бямбамаа   Дэлгэрэнгүй...
  • Н.МАНЧУК: Гадаад харилцаагаа тэлж, оюутнуудаа сургаж дадлагажуулахад анхаарна

       Технологийн сургуулийн Сургалт хариуцсан орлогч захирал Н.Манчуктай тус сургуульд ойрын үед өрнөж буй үйл явдал хийгээд хэтийн зорилтын талаар ярилцлаа.      - Энэ хичээлийн жилд танайд хэчнээн оюутан сурагч суралцаж байна вэ?    - Манай сургууль 2019-2020 оны хичээлийн жилд 164 оюутан, сурагч, суралцагч элсүүлж авсан. Үүнээс ахлах сургуульд 41, мэргэжлийн анхан шатны боловсрол олгох сургалтын нэг жилийн ангид 27, бакалаврын сургалтад 68, магистрт 28 оюутан  элсэж, одоо 728 оюутан сурагч суралцаж байна. Өнгөрсөн хичээлийн жилд 117 оюутан сурагч төгссөн.    - Ахлах сургуульдаа Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр зорьж байгаа. Энэ талаараа ярина уу?    - Бид Олон улсын Кембрижийн хөтөлбөрийн зөвлөлд хүсэлт явуулсан. Хүсэлтийг маань хүлээн авч хөтөлбөр хэрэгжвэл найман хичээл англи хэл дээр явагдана. Үүнтэй холбоотой ирэх оны нэгдүгээр сард Францаас математикийн ухааны доктор, түүнчлэн гадаадын хэд хэдэн багш урьж, багш нартаа туршлага судлуулахаар зэхэж байна. Одоо бид 10-12-р ангид сургалт явуулдаг энэ хөтөлбөр хэрэгжвэл 9-12-р ангид сургалт явуулах юм.    - Технологийн сургуулийн Боловсролын магадлан итгэмжлэлд орох явц аль шатанд явна?   - Өнгөрсөн хичээлийн жилээс бид тайлангаа бичиж, энэ оны гуравдугаар сард Боловсролын магадлан итгэмжлэлийн Үндэсний зөвлөлд  хүсэлт гаргасан. Тавдугаар сард манай сургууль өөрийн үнэлгээний тайлангаа явуулсан. Ингээд 10-р сарын 16-18-нд БМИҮЗ-ийн зохицуулагч, гурван шинжээч манай сургууль дээр ажилласан. Тэд манай өөрийн үнэлгээний тайлантай холбоотой баримт материалтай танилцаж, сургуулийн багш, оюутнууд, төгсөгч, ажил олгогчидтой уулзаж, сургуулийн үйл ажиллагаатай танилцсан. Энэ нь манай сургуульд гурав дахь удаагаа явагдаж байгаа магадлан итгэмжлэл. 2002 онд анх удаа, 2009 онд хоёр дахиа магадлан итгэмжлэлд орсон. Одоо 10 жилийн дараа гурав дахиа магадлан итгэмжлэлд орж байна.    - Магадлан итгэмжлэлийн дүн хэзээ гарах вэ?    - Шинжээчид бидэнд зөвлөмжөө хараахан ирүүлээгүй байна. Шинжээчдийн зөвлөмжийн дагуу бид шалгуур бүр дээр сайжруулалт хийгээд буцааж явуулна. Түүний дараа шинжээчид тайлангийн үр дүнг комисст хүлээлгэн өгнө. Комиссын шийдвэрээр манай сургууль магадлан итгэмжлэгдэх эсэхийг шийднэ. Төлөвлөгөөт хугацаагаар 12-р сард багтаад шийдвэр гарчих байх.    - Технологийн сургуулийн ирээдүйн талаар таны бодлыг сонсъё?    - Манай хамт олон Олон улсын судалгаанд суурилсан институт болох зорилттой ажилладаг. Үүний тулд эхний ээлжинд гадаад харилцаагаа тэлэх ёстой. Гадаадад үнэлэгдэж байж л олон улсын институт болно. Ингээд хамтран ажилладаг байгууллагуудтайгаа гадаадын тэтгэлэг олгох тухай яриа хэлэлцээр хийж байна. Өнгөрсөн хичээлийн жилээс бид Японы Нагоя, Акита их сургуулийн профессорыг урьж оюутнууддаа хичээл заалгасан. Японы Засгийн газраас зардлыг нь дааж Sakura science хөтөлбөрөөр өнгөрсөн хавар манай нэг оюутныг дадлагажуулсан. Энэ жил Sakura science хөтөлбөрөөс дахин нэг хүүхдэд тэтгэлэг олгосон. Ирэх 1-р сард явах юм. Мөн ахлах сургуулиас Хятад улс руу нэг жилийн хугацаатай хэлний сургалтад төлбөргүй сургах тэтгэлэг зарласан. Одоогоор явах сурагч нь тодроогүй байна. Гадаад харилцаагаа тэлж, оюутнуудаа гадагш явуулж сургах, дадлагажуулахад анхаарч байгаа.    - Япон  улсын сургуулиудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж  байна уу?   - ШУТИС Японы сургуулиудтай нэлээн өргөн харилцаатай. Хамтын ажиллагаатай сургуулиудад оюутнууд нэг жил хүртэлх хугацаагаар төлбөргүй суралцах боломж байдаг. Энэ боломжийг сургуульдаа авчрахаар зорьж байна. Оюутнууд 7 хоног ч гэсэн гадагш яваад ирэхэд л “нүд тайлагдаж” гадаад хэл үзэж тэнд суралцах хэрэгтэйг маш сайн ойлгодог. Манай сургууль хэлний төвтэй болохоор боломж харьцангуй их. Сурч буй мэргэжлээрээ Японд дадлага, судалгааны ажил хийх, дипломын ажлаа бичээд ирэх ч боломж бий.    - Оюутан сурагчдын гадаад хэлний боловсролд хэрхэн анхаарч байгаа вэ?    - Сүүлийн үед нэг хоёрдугаар курсээс хэлний сургалтад суралцуулж төгсөхөөс нь өмнө гадаад хэлний шалгалт авдаг болсон. Өөрөөр хэлбэл гадаад хэлний шалгалтаа давж байж диплом хамгаална. Ингэж “шахсанаар” тухайн оюутанд гадаадын их сургуульд сурах боломж нэмэгдэнэ. Эрдэнэтийн хүүхдүүд АНУ-ын Аляска Фейрбанксын их сургуульд тухайн орон нутгийн сургалтын төлбөрөөр суралцах боломжтой. Ихэнх орнууд гадаадынхныг өндөр төлбөртэй сургадаг. Тухайн орон нутгийнхаа иргэний адил төлбөрөөр суралцах нь ихээхэн хямд тусдаг. Манай сургуульд сурч байгаа Эрдэнэтийн хүүхдүүдэд ийм боломж өндөр байгаа.    - Оюутны мэдлэг чадвар, чадамжийг сайжруулах чиглэлээр танай сургууль хэрхэн ажиллаж байна?    - Оюутны мэргэжлийн мэдлэг, чадвар багшаас шалтгаална. Мөн сургалтын хөтөлбөртэй ч бас холбоотой. Нөгөөтэйгүүр бид сайн оюутан элсүүлж, чанартай боловсон хүчин бэлтгэх зорилготой байгаа. 2018 оноос манай сургууль босго оноогоо 500 болгосон. ШУТИС-ийнх 450 байдаг. Тэгэхлээр манай босгыг давсан л  бол мундаг хүүхэд. Бид  үр дүнд суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулаад гурван жил болж байна. Долоон хөтөлбөрөөс гурвыг нь эцэслэсэн. ШУТИС-ийн хөтөлбөрийн ерөнхий хороо дэмжсэн. Одоо ШУТИС-ийн эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлэхийг хүлээж байгаа. Дэмжигдвэл сургалтдаа эдгээр хөтөлбөрөө хэрэгжүүлнэ.    - Япон улсад суралцсан хүний хувьд манай оюутнуудад тэднээс юуг авч  хэрэгжүүлмээр санагдсан бэ?   - Монгол хүүхдүүд чөлөөтэй, задгай сэтгэдэг. Юмыг  аль ч талаас нь харж чаддагаараа япончуудаас давуу талтай. Төлөвлөдөггүй, цагийн юмыг цагт нь хийдэггүй дутагдал манайханд бий. Үүнийгээ засаад төлөвлөгөөтэй, аливаад дүрмийг чанд баримтлаад сурчихвал манай оюутнууд хэнээс ч хоцрохгүй.    Японы хамгийн олон Нобелийн шагналтан төрөн гарсан Нагоягийн их сургуульд докторын зэрэг хамгаалсан эрдэмтэн бүсгүй Н.Манчук ШУТИС-д багшлахын зэрэгцээ Нагоя их сургуулийн байгуулсан лабораторийн захирлаар ажиллаж байжээ. Орон нутгийн салбарт ажиллаж, сурсан эрдмээ залууст түгээх хүсэлдээ хөтлөгдөн сонгон шалгаруулалтад орсноор 2018 оны гуравдугаар сард энд ирсэн. Гадаад харилцаагаа өргөжүүлж, улмаар судалгаанд суурилсан олон улсын институт болох Технологийн сургуулийнхаа зорилтыг хэрэгжүүлэхэд  өөрийн хувь нэмрээ оруулна гэж тэр итгэлтэй хэлсэн юм.   Я.Энхтуяа Дэлгэрэнгүй...
  • “Залуу ажилтны сургалт” боллоо

       Өнгөрсөн баасан гарагт Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цех “Залуу ажилтны сургалт” зохион байгууллаа. Сургалтын эхэнд тус цехийн дарга З.Бямба-Од цех, хэсгийнхээ үйл ажиллагаа,онцлогийн талаар мэдээлэл хийв. Уг сургалтад 35 хүртэлх насны 99 ажилтан хамрагдсан бөгөөд “Байгууллагын хөгжилд-Залуучуудын оролцоо”, “Залуу үе-Төлөвшил”, ХАБЭА-н манлайлал” зэрэг сэдвээр Хөгжлийн хэлтсийн Бүтээмж инновацын мэргэжилтэн Л.Уранцэцэг, Эрдэнэт сургуулийн ахлах багш,сэтгэл судлалын ухааны магистр Б.Уламбаяр, ХАБЭА-н хэлтсийн Тэргүүлэх инженер Ц.Оргил нар илтгэл тавьж хэлэлцүүлэв. Энэ үеэр тус цехийн лаборант Б.Бота, дээж авагч Б.Шүрэнцэцэг, засварчин Д.Батзориг нарыг Орхон аймгийн хүндэт тэмдгээр  шагналаа. Эрдэнэт үйлдвэрийн ажилтныг шагнаж урамшуулах журмын дагуу тэдэнд тус бүр 100 мянган төгрөгийн мөнгөн шагнал олгов.   Т.Батчулуун                 Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
Мэдээ

     Гаалийн ерөнхий газрын Орхон аймаг дахь  Гаалийн газраас Эрдэнэт үйлдвэрийн Хууль эрхзүйн газартай хамтран  Материал техникийн хангамжийн хэлтэс, Чанар хяналтын хэлтэс, Тээвэр ложистикийн албаны ажилтан албан хаагчдад өнгөрсөн пүрэв гарагт сургалт явууллаа. Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захиргааны Оюу танхимд болсон уг сургалтаар   гаалийн байгууллагын үйл ажиллагаа, шинэ хөтөлбөр, гаалийн хууль тогтоомжийг сурталчлан таниулсан. Гаалийн байгууллага нь гадаад худалдаанд оролцогчдод тодорхой шалгуур тавьж, шалгуур хангасан аж ахуйн нэгжид итгэл хүлээлгэж, гаалийн хяналт бүрдүүлэлтэд нь  зарим хөнгөлөлт үзүүлж байгаа аж. Гааль бизнесийн хамтын ажиллагааг дэмжих,  хууль ёсны худалдааг хөнгөвчлөх үүднээс Гаалийн ерөнхий газраас  Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд одоогоор улсын хэмжээнд хоёр байгууллага нэгдсэн аж. “Манай улсын шилдэг аж ахуйн нэгж Эрдэнэт үйлдвэр бүхий л шаардлагыг хангаж байгаа тул  хөтөлбөрт  нэгдэн орох бүрэн боломжтой” хэмээгээд энэхүү хөтөлбөрт нэгдсэнээр үйлдвэрийн эдийн засагт хэмнэлттэй болохыг гаалийнхан тодотгов. Гаалийн байгууллагын үйл ажиллагаа, хууль тогтоомжийг сурталчлан таниулснаар  гаалийн харилцаанд оролцогчдын хууль сахих түвшин дээшилж, гаалийн үйлчилгээ илүү хөнгөн шуурхай болох юм гэж Гаалийн газрын дарга Б.Майдармаа хэлсэн үгэндээ онцолсон юм.


Я.ТУЯА


 

    Б.Баасансүрэн даргын  унаган мэргэжил нь үнэндээ  уул уурхайгаас  хол, өөр мэргэжил. Тэр мэргэжлээ их л санаандгүй бөгөөд бяцхан адал явдалтайгаар сонгож байснаа дурдатгалдаа өгүүлсэн. 1982 онд түүнийг 10 дугаар анги төгсөхөд сурагчдыг  сурлагаар нь жагсаан, улаан шугам татдаг байж. Гэхдээ түүнд  улаан шугамны хаана жагсаж  байгаа нь тийм ч сонин байсангүй. Харин жолооч болох хүслээр “ өвчилсөн” хүүхэд байв. Сургуулиа төгсөөд,  цэргийн албанд мордож, тэнд жолооч болно гээд  шийдчихсэн явж байтал нэг өдөр  ангийн багш нь дууджээ. Яваад очтол, чи юун цэргийн алба хаах вэ, элсэлтийн шалгалтад ор гэж зэмлэж. Ингээд багшийнхаа хэлснээр шалгалт  өгч, уул уурхайн чиглэлээр гадаадад сурах эрхтэй болов.  Гэтэл  нөгөө бүлгийн  нэг хүүхэд  орос хэлний ярилцлагадаа унаснаас болоод  түүний сонгосон  машин үйлдвэрлэлийн анги сул үлдсэн байжээ.  Тэр үед ах нь ч түүнд “миний дүү, заавал гадаад хуваарь гэж байхаар сонирхлоо дагаад, машин техникийн чиглэлийн ангид эндээ сурвал яасан юм бэ”  гэж зөвлөх нь тэр. Ингэж  Машин үйлдвэрлэлийн технологи, металл боловсруулах суурь машин, багажны инженерийн ангид элссэн түүхтэй. Хожим   нөгөө шалгалтандаа унасан хүүхэд таараад, би хуваариа буцааж авна гэсэн ч, “одоо тийм юм байхгүй, би хэдийнэ сонгосон” гээд өгөөгүй гэдэг. Тэр жил  Монгол Улсын  Их сургуулийн бүтцээс Политехникийн дээд сургууль бие даан тусгаарлаж, Машин үйлдвэрлэлийн технологи, металл боловсруулах суурь машин, багажны инженерийн ангид анхны  25 хүүхэд элсүүлсний нэг нь тэр байв. Харин өнөөдөр мэргэжлээрээ ажиллаж байгаа гурав, дөрөвхөн төгсөгчийн нэг нь Б.Баасансүрэн дарга юм.  Хөгжилтэй бас санаандгүй сонгосон энэ л мэргэжил нь түүний  амьдралын замыг зааж явна.
     Архангай аймгийн Өндөр-Улаан сумын уул ус тэгш хангай нутагт тэр  малчин айлын хүү болон мэндэлжээ. Сурагчийн амралтаараа нэгдлийн малтай  аав ээждээ тусалж, бусад үед сумын төвийн дотуур байранд эрдэм номын дуу сонсон хүүхэд насаа үдсэн. А үсэг таниулсан анхны багш,   амьдралын замд хөтөлсөн аравдугаар ангийн  багш нараа үргэлж санан дурсаж, тэр л сайхан хүмүүсийн гар дээр сурч хүмүүжсэнээ их хувь тохиол гэж тэр өгүүлнэ. Хүүхэд байхын их хөдөлгөөнтэй, авхаалжтай байсан нь одоо ч хэвээрээ гэж түүний ойр дотныхон ярьдаг. Тиймдээ ч наймдугаар анги төгсөтлөө хурдан морь унаж, бүсээ намируулан хүлгийн зоон дээр дарцаглаж өсчээ. Арван нэгэн хүүхэдтэй айлын дунд хүү,  ах дүү нар дотроо хамгийн адтай сэргэлэн  байсан тэрээр ажил амьдралын замд ч хамгийн эрэмгий, дайчин нэг нь. Үргэлж урагшаа харж, өөдөө тэмүүлж явдаг цог жавхаанд нь  багадаа давхиж хурдалсан  морьдынх нь  хийморь, сэрүүхэн өндөрлөг хэдий ч сэтгэл татам унаган нутгийнх нь нөмөр нөөлөг нөлөөлснийх буй заа.   

     Аав ээжээс илүү ачлалт бурхан гэж үгүй. Арван нэгэн хүүхдийг төрүүлж өсгөн, хүний зэрэгт хүргэсэн аав ээж хоёрыгоо тэр хүний дээд гэж хайрлан шүтнэ. “Миний аав насаараа мал дагасан, нутаг усандаа алдартай сайн уяач хүн байв. Манай адуу “Өвгөний зээрдүүд” гэж зүсээрээ танигдсан нэршилтэй. Аавын минь нэг дүр төрх ер санаанаас гардаггүй  юм. Зун морио хөлслөх гээд уул, нугаар явна. Тэгээд надаас их асууна, миний хүү аль морио унах вэ, алийг нь хөлслөх вэ гээд л. Миний унах морь, бас хөлслөх морь тусдаа байсных л даа. Аав минь тэгж хайр, хал хоёрыг зэрэг амсуулж өсгөсөн. Харин ээж минь хатуу талдаа хүн. Сахилгагүйтвэл сүү самарч байгаа шанагаараа цохиод авна. Тэгж л тэр олон хүүхдийг дэгтэй хүмүүжүүлсэн байх. Их ажилсаг,  дээл сайхан оёдог уран хүн байсан” гэж ижий аав хоёроо дурссан.  Хүн болох төлөвшлийн  эхний суурийг түүнд сумын сургуулийн тэр л бүлээн дулаахан орчин өгсөн гэдэг. Сургуулийнхаа дотуур байранд 8 дугаар ангиа дүүргэж, чухам тэрхүү цаг хугацааны орчил дунд хүний арга эвийг олох, бие даан амьдрах гээд олон чадваруудыг олж авсан хэмээн Б.Баасансүрэн дарга хуучилна.  Үндэс сайтай мод түмэн зүгтээ сүрлэг сайхан нахиалж ургадгийн адил хүүхэд ауйдаа ухаант аав ээж, ачит багш нараасаа өвлөсөн хүмүүжил нь түүнийг оюутны цэнхэр өдрүүд,  ажил хөдөлмөрийн гараанд ч хэлбэрэлтгүй хөтөлсөн юм.  
     Энх цагийн их хөгжлийн нэрийн хуудас Эрдэнэттэй тэр хувь заяагаар холбогдсон. Оюутны дипломын ажлаа  “Мушгиа өрөм үйлдвэрлэх оновчтой технологи” сэдвээр хамгаалж, үйлдвэрлэлийн дадлагаа өнөөгийн нэг гэр нь болсон Засвар механикийн заводдаа хийж байжээ. “Үйлдвэрлэлийн дадлага хийж байхдаа л эзэмшиж буй мэргэжилдээ улам их “дурлаж” билээ. Үнэхээр сонирхолтой, машин хийх юм байна, машин үйлдвэрлэл гэж юу болох гэдгийг тэр үеэс л илүү сайн мэдэж авсан. Төгсөөд Эрдэнэт үйлдвэрт ирж ажиллах хүсэл ч  төрсөн дөө” гэж тэр Эрдэнэтийн хүн болох үеийн дурсамжаа хуваалцсан. Түүнийг сургуулиа төгсөхөд нь тухайн үеийн Ой модны аж үйлдвэрийн яамнаас Завхан аймагт хуваарилсан боловч Эрдэнэтэд  ирэх хүсэлтээ олон дахин хэлж байж, шинэ цагийн шилдэг бүтээн байгуулалтын өлгий хотыг зорин иржээ. Түүний анхны ажлын гараа  Эрдэнэт хотын Мод боловсруулах комбинатаас эхлэв. Механик инженер, цехийн даргын албыг нэр төртэй хашиж, тэр ч бүү хэл тухайн үеийн олон нийтийн хамгийн том байгууллага болох МХЗЭ-ийн Эрдэнэт хотын хороонд хоёрдугаар нарийн бичгийн даргаар сонгогдон ажиллаж, оюуны цараатай, чадварлаг удирдагч болохоо харуулж чаджээ. Хотын ХЗЭ-ийн хорооны хоёрдугаар даргын сонгуульт ажил аанай л түүний холыг харж, том сэтгэж чаддаг чадварыг нь дагаж ирсэн гэж хэлж болно.  

     1989 онд хотын Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны бүгд хурал болов. Тус  хурал дээр Модны үйлдвэрийнхээ  ХЗЭ-ийн Хорооны даргын даалгавраар үг хэлэх болж,  ажилчин залуусын нийгмийн асуудлыг хөндсөн санал хэлсэн гэдэг. Залуучуудыг орон сууцжуулах  хөтөлбөрийг хэрэгжүүлье. Ингэхдээ залуучуудынхаа  хүчийг нэгтгээд, газрыг нь шийдэж өгөөд, өөрсдөөр нь орон сууц бариулая гэсэн нь хурлын төлөөлөгчдийн анхаарлыг ихээр татаж, удирдлагууд нь ч зөв зүйтэй асуудал дэвшүүллээ гэж үнэлжээ.  Ингээд тун удалгүй хотын ХЗЭ-ийн Хорооны сонгуульд  өрсөлд гэсэн санал ирж,  дэд даргаар сонгогдсон байна. Энэ бүхэн түүнд хамт олныг зөв удирдан чиглүүлэх, ямар ч ажилд манлайлан оролцох өндөр чадвартайгаа нээх боломж, бас арвин туршлага хуримтлуулах үүд хаалга нь болж өгчээ. Эрдэнэт хотын ХЗЭ-ийн Хорооны дэд даргаар ажиллаж байхдаа түүнд өөрийн мэргэжлээрээ Засвар механикийн заводад ажиллах бодол хэдэнтээ төрж,  тэр саналаа ч Эвлэлийн хорооны даргадаа хэлэв. Ингээд ЗМЗ-ын ерөнхий инженер Ц.Цогтсайхан, Орлогч дарга Х.Даваасүрэн,  Механик цехийн дарга Д.Цогтхангай нартай уулзахад нь уриалгахнаар хүлээн авч, “Баскагаа аль ажил дээр томилох вэ” гэж ярилцан, дотно хандаж байсан нь одоо ч мартагддаггүй аж. Харин тэр заводдаа л  ажиллаж байвал юу ч хийхэд  бэлэн гэсэн тэмүүлэл дүүрэн Цутгуурын цехэд мастераар ирж байв. Дараа нь Механик цехдээ  багажны хэсгийн мастераар ажиллаж байхад нь  Хөтөлийн Гангийн үйлдвэрээс ажлын санал хүлээн авчээ. Тэнд жил орчим ажиллаад, үйлдвэртээ эргэж ирсэн гэдэг. Ингээд төрөлх үйлдвэртээ технологи инженер, Засвар монтажийн цехийн орлогч дарга, Ган бөмбөлгийн цехийн дарга, Засвар механикийн заводын дарга гээд  үүрэг хариуцлага, итгэл найдвар хүлээлгэсэн газар бүхэнд очиж, хичээл зүтгэл, мэдлэг чадвараа зориулж явна.  
     Түүний түүхийг сонсоход тэр үнэхээр л Эрдэнэтэд амьдрах л ерөөлтэй хүн ажээ. Өөр газар орон, хамт олонтой ажиллах олон боломжууд гарсан ч тэр эргээд л Эрдэнэтийн овоондоо буцаад ирдэг гэнэм. “Эрдэнэт надад олон зүйлийг өгсөн. Оюутан ахуй цагтаа учирсан амьдралын ханьтайгаа гурван сайхан охины аав ээж бололцож, эдүгээ зээ нараа тойруулсан өнөр өтгөн айл болжээ. Хэн бүхний адил энэ  үйлдвэрт ажиллах болсноороо хязгааргүй их бахархаж,  Орос ах нарын үлдээсэн өндөр соёл, ажлын зөв арга барилыг эрхэмлэж явдаг. Оюутан ахуй цагаасаа л энд би өсөж, төлөвшиж, ажил хөдөлмөрийн эрдэмд суралцаж яваа гэж санана. Мастераас эхлээд ахлах мастер, хэсгийн дарга, хэлтсийн инженер, цехийн дарга хүртэл ахиж дэвшсэн энэ замд  Эрдэнэт үйлдвэр гэдэг өнөр бүл  намайг хөтөлж, хүн болгосон гэж ам бардам өгүүлнэ. Тиймээс юу чаддаг, юу мэддэгээ бас юу бодож яваагаа хэрэгжүүлэх боломж гэж би өнөөдрийн ажил албаа хардаг” хэмээн тэр сэтгэлээ  уудалсан.

     Б.Баасансүрэн даргын удирддаг Засвар механикийн заводын ирээдүй гэрэлтэнэ.  Тэр гэрэл гэгээг илүү тод болгохын төлөө түүний хамт олон  шинэ, өндөр түвшинд ажиллахыг зорьдог. Тиймээс ч Засвар механикийн заводыг 2018-2032 онд хөгжүүлэх техник эдийн засгийн үндэслэл боловсруулах техникийн даалгаврын төслийг хамт олонтойгоо гүйцэтгэж, цаашид явах зам, зүг чигээ тодорхойлох нарийвчилсан техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлыг мэргэжлийн байгууллагаар, мөн өөрсдийн инженер техникийн ажилтнуудын хүчээр бүтээгдэхүүний өртгийн шинэчилсэн аргачлал боловсруулах ажлыг эхлүүлээд байгаа төдийгүй Олон улсын ISO9001 стандартыг Заводынхаа үйлдвэрлэл, аж ахуйн бүхий л үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх томоохон зорилт тавин ажиллаж байна. Энэ  онд тус заводынхан Хүйтнээр хатуурах холимгоор хэв барих технологийг үйлдвэрлэд нэвтрүүлэх, хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээнд компанийн удирдлага гарын үсэг зурсан. Энэхүү төслийг хэрэгжүүлэх ажил нь эхэлж, 2020 оны эхээр технологио бүрэн нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Энэ бол ирээдүйн их хөгжлийн гараа, дэвжин дээшлэхийн эхлэл юм. Заводынхаа хувь заяаг атгаж байгаагийн хувьд Б.Баасансүрэн даргад үргэлж бодож явдаг нэг зүйл бий гэсэн. Энэ нь тус заводын техник технологийн шинэчлэлийг үе шаттай зөв оновчтой хийх, хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэхэд чиглүүлж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэн олон улсын зах зээлд тэнцэхүйц стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэх нөөц боломжийн тухай. Үүнийг хэрэгжүүлнэ гэж тэр эрс шийдэмгий өгүүлнэ лээ.  
      Хүн бүхэн өөр өөрийн чадах зүйлийг хийж, амжилтанд хүрэх хичнээн сайхан. Түүн лугаа Б.Баасансүрэн даргын багийхан ингэж ажиллаж, ийм ихийг бүтээсэн шүү гэж харж, бахархах сайн ажил үйлсийг хойчдоо үлдээх нь түүний чин хүсэл. Өөрийн багт ажиллаж буй мэргэжил нэгт хамтрагч, залуусаа тэр үнэт баялаг хэмээн бахархдаг. Хүсэл эрмэлзлэлийнхээ төлөө  шинийг эрэлхийлж, цаг  үргэлж том  сэтгэж, холыг харах нь түүний бас нэг давуу чанар. Хүн болж төрсний их хувь заяа түүнд эрин зууны манлай хотод ажиллаж амьдрах ерөөл хайрласан шиг тэр өөрөө ч Эрдэнэтээ, Засвар механикийн заводаа их хөгжлийн оргил өөд хүргэх билэг ерөөлөөр дүүрэн явна. Түүний хэлсэнчлэн,  хөгжлийн бодлогоо зөв тодорхойлсноор бүс нутгийг хамарсан металл боловсруулах үйлдвэр төдийгүй улс орныхоо аж үйлдвэрийн тодорхой салбаруудын  машин, тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгсэл, тоноглолын үйлдвэрлэлийн том төв болох цаг үе ойрхон гэдэгт итгэнэм.


М.Балжинням

     Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн компанийн хэтийн төлөвд чухал нөлөөтэй хүдрийн нөөц бүхий орд, илрэлүүдийн геологи хайгуул болон эрэл үнэлгээний ажил газар дээрээ хэрхэн үргэлжилж буйг өнгөрсөн лхагва гарагт явж үзлээ. Үйлдвэрийн Хөгжил, их барилгын асуудал хариуцсан дэд захирал Д.Эрдэнэцогт, Хөгжлийн бодлогын газрын дарга Д.Нэмэхбаяр болон Ерөнхий захирлын зөвлөхүүд тэргүүтэй холбогдох мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн ажлын хэсэг Ил уурхайгаас эхлээд Баруун хойд болон Төвийн ордоор дамжаад Завсрын хэсэг, судалгааны томоохон биет болох Оюут, Шандын орд дээр ажилласан юм. 1985, 2012 онд эрлийн хайгуулын шатанд нөөц тогтоосон Шандын орд дээр өрмийн гурван машин ажиллаж байна. Энэ удаа 1300 гаруй метрийн гүний түвшинд өрөмдлөг явуулсан нь анхны тохиолдол бөгөөд энд хүдэржилт байх магадлалтай дүн гарчээ.
     Ерөнхий захирал энэ үеэр “Хүдэржилт боломжийн байдалд харагдаж байгаа нь 300-400 метрээс цааш. Хэрэв нөөц тогтоогоод ашиглах болвол далд уурхайн асуудал яригдана. Далд уурхайн зардал илүү өндөр байдаг. Тэр утгаараа хүдрийн агуулга ямар байхад онцгой анхаарч байна. Зэсээ дагаад өөр үнэт металл байж гэмээнэ ордын үнэ цэнэ нэмэгдэх учиртай. Ойрын жилүүдэд геологи хайгуул, судалгааны ажил үргэлжилнэ” гэж ярив.
     Шандын орд дээр илүү нарийвчилж гүний хайгуул хийх, олон төрлийн эрдэс болон металл тодорхойлох, геологийн үнэлгээ хийж нөөцийг бүрэн тогтоох ажил давхар хийгдэж байна. Түүнээс гадна өрөмдлөгийн явцад гүний тодорхой түвшнөөс салаалах шинэ технологи ашиглаж байна. Нэг цооногоос олон салаа өрөмдөж зардал бууруулах технологийг энэ жилээс ашиглаж эхэлжээ.    
     Энэ жилийн геологи хайгуул нь агаар сансарын зургийн тайлал, геофизикийн аргачлалуудаас гадна талбайн урсгал сарнилын хүрээний болон хөрсний геохимийн дээжлэлтүүд, хувирлын зэрэг өмнө хийгдэж байгаагүй цогц ажлыг Эрдэнэтийн Овоо ордын эргэн тойрон 60 км радиуст хийж байгааг геологич онцолж байлаа. Мөн ашиглалт явуулж буй орд дээр олон улсын Жорк кодоор шалгалт, хяналтын өрөмдлөг болон нөөц, баялагийн үнэлгээний ажил хийж байна. Олон улсын туршлагатай зөвлөхүүд, мэргэжилтнүүд энэ ажлыг удирдан явуулж  байгаа бөгөөд туслан гүйцэтгэгч “Гео сан” компани геофизикийн аргаар агаарын болон газрын тандан судалгаа, “Дипирамид” компани хувирал, структур, зураглал, “Тайтлайн ресурс”-ийнхэн нөөц, баялагийн үнэлгээ хийж байгаа аж. Мөн Геологи хайгуулын ангийн 20 гаруй ажилтан хээрийн ажилд байнгын хяналт тавьж, чиглэл, зөвлөмж өгч ажиллаж байна.          
     Сүүлийн үед Эрдэнэт үйлдвэр геологийн болон талбайн судалгааны ажилд их хэмжээний хөрөнгө хүч зарцуулах болсон. 2017 онд өмнөх онтой харьцуулахад Геологи хайгуулын ажлыг хоёр дахин нэмэгдүүлсэн бол энэ жил 3,2 дахин өсгөжээ.

М.ОДГЭРЭЛ

 














 

     Монгол Улсад шинэ цагийн аж үйлдвэрийн цогцолборыг амжилттай хэрэгжүүлсэн Зууны манлай бүтээн байгуулалт, Хөдөлмөрийн Гавьяаны Улаан тугийн одонт, Сүхбаатарын одонт Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулах тухай Монгол, Зөвлөлтийн хамтарсан Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдсаны 45 жил, Эрдэнэт үйлдвэрийн эхний ээлж ашиглалтад орж, анхны баяжмалаа гаргаж эхэлсний 40 жилийн ой энэ онд тохиож байна. Түүхт ойн баярын хүрээнд “Эрдэнэт үйлдвэр түүхэн хөгжил-40” соёлын өдрүүдийг Улсын Драмын Эрдмийн театрт зохион байгууллаа. Уул уурхайн салбар, тэр дундаа Эрдэнэт үйлдвэрийг байгуулах, бүтээн босгох, чухал судалгаа, шийдвэрүүдийг гаргахад гар бие оролцож, сэтгэл зүрхээ зориулж ирсэн үе үеийн зүтгэлнтүүд, уурхайчид нэгэн дор цуглаж төрөлх үйлдвэрийнхээ 40 жилийн ойн баярын  хуралд оролцлоо. Мөн энэ үеэр уурхайчдын 40 жилийн амжилтыг харуулсан архивын ховор баримт материал, гурван үеийн түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэж, олны хүртээл болгосон.  

      Баярын хурал, хүндэтгэл ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд, Сангийн сайд, Төлөвлөгөөний хорооны дарга, Сайд нарын зөвлөлийн даргаар ажиллаж байсан Д.Содном, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Түлш эрчим хүчний сайд асан, Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт“ үйлдвэрийн Зөвлөлийн Монголын хэсгийн анхны дарга, Техникийн ухааны доктор, Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор, академич П.Очирбат, Геологи, уул уурхайн яамны орлогч сайдаар ажиллаж байсан, Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт“ үйлдвэрийн Зөвлөлийн Монголын хэсгийн дарга, зөвлөлийн гишүүнээр 20 шахам жил ажилласан Д.Рэнчинханд, Геологи уул уурхайн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан, МУ-ын Хөдөлмөрийн баатар, доктор Ч.Хурц тэргүүтэй Уул уурхай, аж үйлдвэрийн үе, үеийн сайдаар ажиллаж байсан эрхэмүүд, ахмадууд, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, Монгол, Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэрийн зөвлөлийн Монголын талын дарга, гишүүнээр ажиллаж байсан, мөн тус зөвлөлийн хянан шалгах хорооны дарга, шинжээчээр ажиллаж байсан эрхэмүүд, Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн Ерөнхий захирал, орлогч захирлаар ажиллаж байсан эрхэм хүндтэй хүмүүс, тус үйлдвэрээс төрсөн Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Гавъяатууд, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн удирдлага, инженер техникийн ажилтан, ажилчдаас бүрдсэн төлөөллүүд нэгэн дор цугласан.
      20-р зууны Манлай бүтээн байгуулалт болж, Дэлхийн жишигт эрэмблэгдсэн  Эрдэнэт үйлдвэрийн анхны шанг таталцаж, ажил үйлсээрээ дархалсан эрхэм уурхайчдадаа баяр хүргэхээр Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүрэлцэн ирсэн. Мөн Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газар, УИХ-ын тамгын газрын төлөөлөл, УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүдийн төлөөлөл, УУХҮЯ, Монгол улсад суугаа элчин сайдын яам, хамтран ажиллагч байгууллагын төлөөллүүд баярын мэндчилгээ өвөртлөн ирсэн.    

        Баярын хурлыг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал, Монгол улсын аж үйлдвэрийн гавъяат ажилтан, Техникийн шинжлэх ухааны доктор Х.Бадамсүрэн нээж үг хэлсэн. Тэрээр, Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулах асуудалд чухал шийдвэр, оновчтой бодлогыг хэрэгжүүлж ирсэн төр засгийн үе үеийн удирдлагууд болон Хүндэтгэлийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон үе үеийн уул уурхайн яамны удирдлагууд, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хотыг бүтээн босгоход залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулж ирсэн Эрдэнэт хотын анхдагчид, илгээлтийн эзэд, Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн удирдлагууд, Ахмадууд, Уурхайчид, одоо ажиллаж байгаа инженер техникийн ажилтан, ажилчдадаа Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 40 жилийн ойн баярын мэндийг хүргэж, талархал илэрхийлсэн. Мөн, “Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Техникийн шинжлэх ухааны доктор агсан Ш.Отгонбилэг Эрдэнэт үйлдвэрийн анхны Монгол Ерөнхий захирлаар томилогдон ажиллаж, энэ үйлдвэрийг чадамгай удирдаж, Монгол хүний, Монгол инженерийн үнэлэмжийг өөрийн оронд болон дэлхийн бусад орнуудад үзүүлж чадсан, бүх шатны боловсон хүчнийг бэлтгэхэд онцгой хувь нэмэр оруулсан гавъяатай хүн юм. Ийм учраас энэ баярынхаа өдөр Ш.Отгонбилэг агсныг дурсан санаж, түүний гэр бүл, үр хүүхдэд Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид, хамт олон гүн хүндэтгэл талархалаа илэрхийлж байна” гэсэн. Мөн, “Энэ 40 жилийн түүхэн хугацаанд дэлхийд томд тооцогдох үйлдвэрийг 24 цаг тасралтгүй, доголдолгүй ажиллуулж чадах удирдах ажилтнууд болоод инженер техникийн ажилтнууд, нарийн мэргэжлийн ажилчдыг үе шаттайгаар бэлтгэж, ийм том үйлдвэрийн сайн авч явах ажилтан ажилчдын бүхэл бүтэн “арми”-ийг бий болгосон нь Эрдэнэт үйлдвэрийн үнэт зүйл гэж би ойлгож байна” гэсэн юм. Тэрээр цааш нь, Эрдэнэт үйлдвэрийн бүтээлч хамт олны түүхэн амжилт, өнгөрсөн, одоо, ирээдүйн талаар ярьж, шинээр боловсруулан хэрэгжүүлж буй үндсэн чиглэл, төслүүдийг танилцуулж, Эрдэнэт үйлдвэр энэ жилээс цааш дахин 60 жил ажиллах нөөцийг тогтоож, баталгаажуулсан тухай бахархан дуулгасан юм.       
     Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрдэнэт үйлдвэрийн улс, эх орны хөгжилд оруулж ирсэн хувь нэмрийг онцгойлон тодотгож, “Үндэсний бахархал болсон Эрдэнэт үйлдвэрийн хамт олны үлдээсэн түүхэн замнал, бүтээсэн бахархалт үйл хэрэг нь үеэс үед уламжлагдан дэлгэрч, Монгол улсын хөгжил дэвшлийн төлөө, ард иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө уурхайчид та бүхэн  улам ихийг хийж бүтээнэ гэдэгт Монгол улсын засгийн газар итгэл төгс байна” гэсэн.
     Уурхайчин хамт олонд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд бие төлөөлөгчөөрөө дамжуулан илгээлт ирүүлж, мэндчилгээ дэвшүүлсэн юм.

     Энэ үеэр мөн, компанид үр бүтээлтэй амжилттай ажилласан Автотээврийн байгууллагын хүнд даацын белазын  жолооч Б.Ууган-Эрдэнэ, Автотээврийн байгууллагын автомашины цахилгааны засварчин С.Энхболд нарыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны жуух бичгээр, “Уул уурхайн салбарын тэргүүний ажилтан” цол, тэмдэгээр Засвар механикийн заводын ороомогчин, өндөр настан Л.Саруултуяа, Геологи хайгуулын ангийн цооног өрөмдөгч Б.Октябрь, Засвар механикийн заводын цахилгаан ба хийн гагнуурчин Э.Оюунболд нарыг тус тус шагнаж, урамшуулсан.


     Ойн баярын үйл ажилалгаанд хүрэлцэн ирсэн зочдод Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн “Уурхайчин” соёлын ордон, “Эрдэнэт” дуу, бүжгийн чуулгын уран бүтээлчид, Эрдэнэт үйлдвэрийн ажилчин, уран сайханчид, авъяаслаг уурхайчид “Хайрлан жаргах эх орон” хүндэтгэлийн концертоо толилуулсан юм.

     Шинжлэх ухаан технологийн их сургууль нь сургуулийнхаа сургалт, эрдэм шинжилгээний хөгжил болон Монгол Улсын аж үйлдвэрийн салбарт  хүндтэй гавьяа байгуулсан эрхмүүдэд профессор, хүндэт профессор цол олгодог. Энэ эрхэм хүндтэй цолыг тус сургуулийн эрдмийн зөвлөлийн шийдвэрээр шинжлэх ухаан, техник технологи, уул уурхайн салбарт гавьяа байгуулсан дотоод, гадаадын 30 гаруй эрдэмтэнд өгчээ.
     Тус сургуулийн эрдмийн зөвлөлийн хурлын ээлжит шийдвэрээр ШУТИС-ийн Хүндэт профессор цолыг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал, Техникийн шинжлэх ухааны доктор, Монгол Улсын Аж Үйлдвэрийн гавьяат ажилтан Х.Бадамсүрэн, профессор цолыг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий баяжуулагч, Техникийн шинжлэх ухааны доктор, Төрийн соёрхолт, Гавьяат уурхайчин Ж. Баатархүү нарт олгохоор  болж, өнөөдөр цолыг нь гардуулж өглөө.
     Сургуулийн эрдмийн зөвлөлийг төлөөлж, Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат хэлсэн үгэндээ: Монгол Улсын уул уурхай, аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд хүндтэй гавьяа байгуулж, Монголросцветвет нэгдэл болон Эрдэнэт үйлдвэрийг удирдан, монгол инженерийн ур чадварыг нэр төртэйгээр харуулж байгааг нь үнэлэн Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнд Хүндэт профессор цол олгож байна. Х.Бадамсүрэн захирал нь хамтарсан үйлдвэрүүдийг удирдаж ирсэн шилдэг менежер байгаад зогсохгүй геологи, уул уурхайн салбарын шилдэг эрдэмтэн, судлаач юм. Тиймээс салбартаа оруулсан хувь нэмрийг нь эрдэмтэн нөхөд нь үнэлж буй юм гэж онцолж байв.
     Мөн Бадамсүрэн захирлыг Монгол Улсын аж үйлдвэрийн салбар, тэр тусмаа геологи уул уурхайн салбарынхан дунд мэдэхгүй хүн байхгүй. Өөрийн амьдралаа уул уурхай, аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд зориулахын зэрэгцээ ШУТИС, Эрдэнэт үйлдвэрийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, шинэ шатанд гаргах, Ш.Отгонбилэг агсаны нэрэмжит Технологийн сургуулийг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж байна гэж эрдмийн зөвлөлөөс үнэлж байв.
     ШУТИС-ийн профессор цол хүртсэн Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий баяжуулагч, Техникийн шинжлэх ухааны доктор, Төрийн соёрхолт, Гавьяат уурхайчин Ж.Баатархүү нь уул уурхайн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн, судлаач болохыг мөн энэ үеэр тодотгож байлаа.




 

 

Даваа, 15 10-р сар 2018 00:00

Элдэвтэй эр

     Одоогоос 18 жилийн өмнө энэ шавилхан залууг би  таних болсон юм. Гадаад дүр төрх нь “Аман хуур” киноны  Соном өвгөнийг санагдуулах эл эрийг Дамбийн Одсүрэн гэдэг. Гадна, дотнын мэргэжлийн танилууд нь “Эрдэнэт”-ийн Одсүрэн гэх. Эрдэнэт үйлдвэрийнхэн Баяжуулахын Од хэмээнэ. Түүнийг таньж, мэдэхгүй хүмүүс ийн дотно ханддаг нь эрхэлсэн ажилдаа эзэн байж, мэргэжлийн ур чадвараараа олонд танигдсаных биз. Нэгэн цагт Сайншандын Төмөр замын боловсон хүчний дарга асан Майдарын Дамбийнх 15 хүүхэдтэй айл байх.  Одсүрэн тэдний 10 дахь хөвгүүн нь. 15 хүүхэд төрүүлж өсгөсөн ээж нь төмөр замчнаар ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарчээ. Түүний ээж Самбуугийн Цэрэнбалжир гэж өндөр насалсан, буянтан байв. Эдүгээ үр хүүхдүүд нь бүгд тус тусын ажил алба эрхлэн улс орондоо өөрсдийн хүч хөдөлмөрөө зориулж явна. Түүний ханийг Жигжидсүрэнгийн Долгорлхам гэдэг. Тогооч мэргэжилтэй. Шүлэг бичих авьяастай. Хотын төвийн 19-р цэцэрлэгт амтат хоол хийн бяцхан үрст үйлчилж, хорооллын хашаандаа ногоо тарьж, цэцэг үрслэн суух. Энэхүү аав, ээжийнх нь хөдөлмөрч тууштай зан чанар, авьяас билгийг төрсөн үр хүүхэд нь өвлөсөн бололтой. Том хүү  О.Анхучрал нь Триатлионы  холбоонд тамирчин дасгалжуулагч. Уулын ашиглалтын механик инженер мэргэжилтэй. Триатлионы спорт сонирхогчдын хоёр удаагийн улсын аварга тамирчин. Дунд охин О.Азжаргал нь 2002 онд Монгол улсын урлагийн үзлэгийн “Бяцхан тод авьяастан”-аар шалгарч байв. Харин авьяас билэг нь хожим тодрох ирээдүйн нэгэн төлөөлөл нь бага охин Бөртэ-үжин бөлгөө...

     Энэхүү хөргийн эзэн Улаанбаатар хотын Тээврийн ТМС-ийг улаан дипломтой төгсөж, гагнуурчны дөрөвдүгээр зэрэг эзэмшээд  Эрдэнэтийн “отгон” илгээлтийг өвөрлөж ирсэн залуусын нэг. Түүний ажлын дадлага туршлага бүтээлч хөдөлмөрөөс суралцсан олон арван залуус буй. Одоо түүний шавь нараас Эрдэнэт үйлдвэрт найм нь, Оюутолгойд хоёр нь ажилладаг гэнэ.
     ...Д.Наранбаатар даргатай Засварын хэсгийнхэн Баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн тасралтгүй  үйл ажиллагааг ханган ажилладаг. Ээлжит болон ээлжит бус засвар үйлчилгээг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэдэг хамт олон. Бутарсныг эвлүүлж, салсныг нийлүүлж, хуучирсныг шинэчилдэг нь гагнуурчны ажлын онцлог. Одсүрэн үр дүнтэй, өндөр бүтээлтэй, гар сэтгэл нийлэн ажилладаг  бригадын дарга Ш.Эрдэнэбат, залуу ажилтан Н.Отгондорж, Э.Батзаяа, Э.Гомбодорж, Э.Энхбаяр, С.Бат-эрдэнэ нарынхаа ажил үйлсээр бахархаж явдаг гэсэн. Нимгэн зузаан төмрийг ямар электродоор хэрхэн яаж гагнах нь тухайн мэргэжилтнээс нарийн мэдрэмж шаардана. Бид бол төмрийн мэс заслын эмч нар юм гэж тэр ажил мэргэжлээ тодотгов. Түүний хэсгийнхэн Бүтээмж чанарын “Эв нэгдэл” дугуйлангийн гишүүд. Тэд олон бүтээлч санал гаргаж үйлдвэрлэлд нэвтрүүлжээ.  Одсүрэн хотын төвөөр алхахдаа хийсэн ажлаа ярих. “10-р хорооллын шугам хоолойны засварыг хийж, Уурхайчин соёлын ордны өмнөх лед дэлгэцийн суурийг би гагнаж босгосон. 400 метр газар, Эрдэнэт хотын цэвэр усны шугамыг би шинэчлэн сольж байлаа” гэж “томорно”. Манай Засварын хэсэг 150 ажилтантай. Даргын нарийн бичиг, үйлчлэгч хоёроос бусад нь эрчүүд. Сайхан даа гээд хариу нэхсэн харцаар намайг ширтэх. Тэрбээр улс төр, уран зохиол, урлаг спорт, уул уурхайн сэдвийг хөндөж ярих дуртай. Өөрийн үзэл бодлоо хамгаалж баримтаар нотлох гэж чигээрээ зүтгэнэ. Маргасан нөхцөлд бууж өгөхгүй зөрүүдэлнэ. Энэ нь түүний ямарваа нэг ажлыг гүйцэт хийж санаа амардаг, хөдөлмөрч зангийн илрэл мэт. Түүний нэг дутагдал нь хүнд үгүй гэдэггүй. Би чадахгүй, амжихгүй гэж хэнд ч хэлж үзээгүй гэхэд болно. Ямартаа нэг найз нь Эрдэнэтийн байшингийн булан тойроод ирэхээр  Од л гагнуур хийж суух юм гэхэв. Учир нь Эрдэнэтийн орон сууцуудын нэг давхарт  үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжүүд үүд хаалгаа нээхэд Одсүрэн гагнуур хийн ажилласан байдаг. Анх түүний хаалга үүдийг нь нээсэн байруудад одоо үсчин, гоо сайхан, цайны газар ажиллаж буй. Ингэж тэр олон байгууллага, хувь хүнтэй ойртон дотносож хөдөлмөрлөсөн хүртээмжтэй эр. Тэр түмэнд хүндлэгдсэн хөдөлмөрийн сайчуулын нэг. Хэтийдсэн магтаал зарим хүнийг ичээх нь бий. Харин “хийсэн ажилтай, хэлэх үгтэй” Одсүрэн шиг аливаа юманд эвсэлтэй  элдэвтэй эрийг сайшаахад ичих зүйл алга. 

     32 жил гагнуурчнаар ажилласан түүний хийж бүтээснийг энд жагсаавал хэдэн хуудас материал болно. Баяжуулах үйлдвэрийн хөдөлмөрийн аварга, Тэргүүний уурхайчин Дамбийн Одсүрэнгийн ажилласан хугацаанд хийсэн гагнуурын оёдлын уртыг тооцоход олон зуун километр гарч байх жишээтэй. Нэг баримт дурдахад 2000 онд Баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн шинэчлэлийн ажлыг далайцтай хийж  КМД, КСД бутлуурыг цаг хугацаанаас нь өмнө хүлээлгэн өгөхөд тэр бусдыгаа манлайлан оролцжээ. Ер нь тэр зүгээр сууна гэж үгүй. Үндсэн ажлынхаа хажуугаар Дулааны цахилгаан станцын өргөтгөл, Баяжуулах үйлдвэрийн эргэлтийн усны шугам хоолойн ажилд гар бие оролцон ажилласан байна. Чи унтаж амардаг юм уу гэхээр... Орой амраад эрт босоод сурчихсан юм. Хүн ажиллаж байхдаа амардаг байхгүй юу гэж ам таглана.  Найз нөхөд нь “Аман хуур”-ын  Соном оо гэж хошигнож дуудахаар би тэр хүн биш ээ. Харин төрсөн жилтэйгээ ямар нэг талаараа адилхан байж болох юм гэх. Нээрээ л “элдвийн зүйлийг элэглээд байдаг, илбэч эрдэмтэй бичин” жилтэн тэр бөлгөө. Тиймээс юм бүхэнд авхаалж самбаатай, овсгоотой. Хүн хийе бүтээе гэсэн сэтгэл байхад болохгүй зүйл бүтэхгүй ажил байхгүй гээд л зүтгэнэ. Энэ нь түүний бусдаас ялгарах давуу тал. Барилдаад уначихаараа дахиад нэг үзчихье гээд зууралдаад салахгүй. Хэрвээ тэр урлаг, спортоор тууштай хичээллэсэн бол юм дуулгах байсан нөхөр. Техник мэргэжлийн сургуулийн оюутан явахдаа гар бөмбөгийн шилдэг холбогч байж, улсын аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртэж явсан “толгой”.  Мөнхүү нийтийн цэнгээнт бүжгийг гаргууд хийнэ. Баяжуулах үйлдвэрийн ахмадын “Од” бүжгийн хамтлагийн гишүүн. Эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гаргасан,урлаг спортын олон талын авьяастай, ийм нэгэн элдэвтэй эрийн энгэрт эрхэт төрийн одон гялалзах цаг ирсэн мэт ээ.

 


Т.БАТЧУЛУУН
 

     Энэ сарын 12-нд Нийслэлийн Архивын газрын дарга С.Гаваа, Эрдэнэт үйлдвэрийн Захиргаа хүний нөөцийн хэлтсийн Архивын товчооны дарга Б.Одонтуяа нар хамтран ажиллах, туршлага судлах санамж бичигт гарын үсэг зурлаа. Цаашид хоёр тал архивын баримт бичгийг бүрдүүлэх, хадгалах, хамгаалах, цахимжуулах чиглэлд хамтран ажиллахаар болов. Энэ үеэр Б.Одонтуяа: “ Бид энэ ажлын хүрээнд мэргэжилтнүүдээ солилцох, төрөл  бүрийн сургалт явуулах, цахим  программ хангамжийн туршлага солилцох  зэрэг мэргэжлийн чиглэлийн өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулахаар зорьж байна” гэв.  Тус үйл ажиллагаанд Нийслэлийн Архивын газрын мэргэжилтнүүд, хотын найман дүүрэг, ЗДТГ-ын архивын тасгийн дарга нарын 17 хүний бүрэлдэхүүнтэй баг ирж оролцлоо.


М.ЖАВЗАНПАГМА

     Дорнодын талаас газрын тос оргилсон тэр намар Монгол улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат Тамсагбулагт цагаан дээлээ үнэт тосоор мялаан сэтгэл дүүрэн инээд алдан буй дүрс бүхий мэдээг телевизээр үзэж байхдаа  хожим уул уурхайн сэтгүүлч болоод эрхэм энэ хүмүүнтэй ярилцаж суухын чинээ зүүдлээгүй явлаа. Хүний амьдрал баялаг агаад таашгүй. Бид гурвантаа уулзаж эрдэс баялгийн салбарын талаар ярилцаж байгаа ч энэ удаагийнх илүү элгэмсүү, нээлттэй өрнөлөө.

-Та Завхан руу сайн явж ирэв үү?
-Сайхан яваад ирлээ. Би чинь Завхан аймгийн Түдэвтэй сумын хүн шүү дээ. Бунхантын өвөлжөөнд төрсөн юм.

-Бунхант гэдэг ямар учиртай нэр вэ?
-Манай өвөлжөөний бэлд найман бунхан байдаг юм.Их Монголын үеийн язгууртан хүмүүсийн булш оршдог юм гэнэ лээ.

-Ингэхэд таны бага нас хэрхэн өнгөрсөн бэ?
-Би долоон нас хүртлээ нутагтаа байсан. Аав маань намайг таван настай байхад өөд болсон. Бага дүү Жамбалралди маань нэг ой дөнгөж өнгөрч байсан. Дүүгээ харж, ойр зуурын аргал түлээ ойртуулах төдийхнөөр ээждээ тусалдаг байсан биз. Манайх Хавцгайт, Шаврын гол хавиар зусдаг, Бунхант, Ханан, Тулгын өвөлжөө сэлгэн нутагладаг айл байсан юм билээ. Би Бунхантад, миний дүү Дондовсамбуу Хананд, бага дүү Жамбалралди Тулгад төрсөн гэдэг. Өвөлжөөний орчимд худаг, ус байхгүй цасны хунгар хайлж уудаг байлаа. Зун Шаврын голоос усаа зөөнө. Хүний өөрийн хурга ишиг эргүүлсэн шиг өдрийг өнгөрөөнө. Айлын хүүхдүүдтэй шилбүүр унаж уралдаж тоглох ийм л ажилтай байсан байх.

-Та хэдтэй хотод орж ирсэн бэ?
-Намайг найман нас хүрэх жил ээж маань хотод нүүж ирсэн. Нүүх ч гэж дээ, тэмээний тэнгийн нэг талд хамаг хөрөнгөө хийсэн, нөгөө талд нь намайг арганд хийгээд тэгнэчихсэн, 10-аад хонь туугаад, ээж минь хээр морио унаад, гэр оронтойгоо нүүж явсан Галбадрахынх гэдэг айлыг бараадан сар гаруй явж Улаанбаатар гээч газар ирж байлаа шүү дээ.

-Та чинь хоёр дүүтэй юм шиг байсан. Яагаад ганцаараа тэмээнд тэгнэгдэж ирдэг билээ?
-Дондовсамбууг багад нь авга ахынд өргүүлчихсэн юм билээ. Бага дүү Жамбалралдийг зун хот руу явахын даваан дээр айл ирээд аваад явчихсан. Би дүүгээ өгөхгүй гэж уйлж унжиж, зуураад тавихгүй өчнөөн юм болсон. Хөөрхий дөө, муу ээж минь хүн танихгүй, газар мэдэхгүй нутагт хоёр нялх хүүхэдтэй яаж амьдрахав гэж бодож, бас үр хүүхэдгүй нэг ч гэсэн айлд үрийн заяа хайрлах гэсэн юм байлгүй дээ. Чи хэрэггүй юм асууж байж баахан гуниг зарлуулчих юм. Гэхдээ яахав, миний хүүхэд нас энэ.

-Бүр сэтгэл эмзэглэчихлээ, уучлаарай. Та тэгээд хотод ирээд ямар сургуульд оров?
-Хотод ирээд Амгаланд суурьшсан. Амгаланбаатар хотын 8-р сургуульд бүртгүүлэхээр хамар хашааныхаа хүүхэдтэй очсон юм. Бүртгэж байгаа багш овог нэрээ хэл гэсэн. Би ойлгохгүй дуугүй зогсоод л байсан. Багш асуултаа давтахдаа чамайг хэн гэдэг вэ гэж асуухад нь би Очирбат гэсэн. Аавын чинь нэр хэн бэ? гэхэд нь би аав байхгүй гэсэн. Тэгвэл ээжийнхээ нэрийг хэл гэсэн. Би Пунсалмаа гэж хэлсэн. Энэ өдрөөс би Пунсалмаагийн Очирбат болсон хүн дээ.

-Та яагаад аав байхгүй гэж хэлсэн  юм бэ? Та аавтай ш дээ.
-Тийм л дээ. Гэхдээ бурхан болсон хүний нэр хэлж болохгүй. Лам хувраг байсан хамаатан садан, ойр төрлийн хүнийхээ нэрийг хэлдэггүй цээрлэдэг байсан болохоор тэр байх. Миний аав Гонсын Гэндэнжав гэдэг чинь Галуутайн хүрээний зурхайч лам байгаад хүрээ хийдийг тараахад “хар” болж ээжтэй минь гэрлэж, би төрсөн юм гэнэ лээ. Чи мөн үгэнд дуртай хүүхэд юм аа.

-Уучлаарай, мэргэжил минь ийм юм аа. Хэр сурагч байсан бэ?
-Би бусдын адил л хүүхэд байсан. Бөмбөг өшиглөдөг, лабтуу цохидог, ширээний теннис тоглодог, бас ном уншдаг, онц сурдаг сурагч байсан. Харин аравдугаар ангиас сэтгүүлчийн мэргэжлийг сонирхсон. Харамсалтай нь миний хүслээр болоогүй.

-Та Ленинградын Уул уурхайн дээд сургуулийг уулын инженер мэргэжлээр төгссөн байх аа. Ажлын гараагаа хаанаас эхэлсэн бэ?
-Аж үйлдвэрийн яамны уул уурхай хариуцсан мэргэжилтнээр нэг жил ажиллаад Шарын голын уурхайн Ерөнхий инженерээр томилогдож зургаан жил ажилласан. Эндээс миний ажлын гараа эхэлсэн гэж үздэг дээ.

-Тэр үед Эрдэнэт үйлдвэрийн талаар ямар ажиг сураг сонсдог байв?
-Хамгийн түрүүн Эрдэнэтийн овоо гэдэг газар Чехүүд хайгуул хийдэг гэж сонссон. Харин Эрдэнэтийн үйлдвэрийн талаар бол 1972 онд Түлш, эрчим хүчний үйлдвэр геологийн яамны орлогч сайдаар томилогдоод байхад Эрдэнэт үйлдвэр байгуулах асуудлыг хариуцаж ажиллахыг М.Пэлжээ сайд надад үүрэг болгосон.

-Тэгвэл та Эрдэнэт үйлдвэрийн түүхтэй эрт холбогдсон юм байна...?
-Би Эрдэнэт үйлдвэрийн түүхтэй 1972 оны тавдугаар сарын дөрөвний өдрөөс эхлэн холбогдсон. Энэ өдөр намайг Түлш, эрчим хүчний үйлдвэр геологийн яамны орлогч сайдаар томилсон юм. М.Пэлжээ сайд намайг дуудаж уулзаад эхэлж хэрэгжүүлэх долоон төрлийн ажлын даалгавар өгсний нэг нь Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулах асуудал байсан. Эрдэнэт үйлдвэр байгуулах асуудал Монгол Зөвлөлтийн эдийн засгийн харилцаанд мөрдөж байсан журам дүрмийг зөрчсөн, дүрмийн гадуур урьд өмнө байгаагүй хурдтай тоглолт болсон юм. Ордын нөөц батлагдаагүй байхад ордыг эзэмших техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж батлах, улмаар уулын баяжуулах үйлдвэрийн техникийн зураг төслийн даалгавар боловсруулах, уулын баяжуулах үйлдвэр, Эрдэнэт хот, төмөр зам, авто зам зэрэг барилга байгууламжийн талбайг сонгох комисс байгуулагдан ажиллах шийдвэрүүд ар араасаа ойрхон гарч хэрэгжүүлсэн.

Эрдэнэтийн Зөвлөлийн гурван дарга Костин Владимир Николаевич, Пунсалмаагийн Очирбат, Дугарын Рэнчинханд нар. 1974 он.

-Та түрүүн ордын нөөцийг баталсны дараа хийгдэх ажлууд түрүүлээд хийгдээд явсан юм ярилаа. Ордын нөөц чухам хэзээ батлагдсан юм бол?
-Эрдэнэтийн овооны Зэс-молибдений ордын нөөцийг Зөвлөлт, Монголын нөөцийн комиссуудын хамтарсан хурлаар 1972 оны 12-р сарын 18-ны өдөр баталсан шиг санагдаж байна. Чи түрүүн Эрдэнэт үйлдвэрийн түүхтэй та ямар холбоотой вэ? гэж асуусан. Товчхон хэлбэл 1972-1976 онд болсон Эрдэнэт үйлдвэрийн бүх үйл явдалд би холбоотой.

-Тэгвэл энэ үйлдвэрийн бүтээн байгуулалтад оруулсан таны хувь нэмрийн тань талаар нэлээн дэлгэрэнгүй ярилцмаар байна л даа.
-Эрдэнэтийн бүтээн байгуулалтад нэг хүнд хамаатуулах юм тун бага. Энэ бол хамтын бүтээл. Тэр тусмаа Монгол, Зөвлөлтийн олон арван зураг төслийн байгууллага, олон мянган барилгачин, олон зуун инженерийн хамтын хөдөлмөрийн үр дүн. Монгол, Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг байгуулах тухай БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хооронд 1973 оны 11-р сарын 22-ны өдрийн хэлэлцээрт Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал, Зөвлөлтийн Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Игнатий Новиков нар гарын үсэг зурсан. Энэ хэлэлцээр байгуулагдахаас өмнө 1973 оны хоёрдугаар сарын 20-нд Эрдэнэтийн овооны ордыг ашиглахад эдийн засаг, техникийн талаар хамтран ажиллах тухай засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдсан байсан юм. Эрдэнэт үйлдвэрийн ТЭЗҮ, техникийн зураг төслийг Улсын төлөвлөгөөний комисс, Засгийн газраар батлуулах болон засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл боловсруулах ажилд тус салбарыг хариуцсан орлогч сайдын хувьд байнга оролцож ажилладаг байлаа. Эрдэнэтийн үйлдвэрт ажиллах мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх ажлыг зохион байгуулах үүрэг бол цэвэр манай яамны, миний хариуцах ажил байсан. Би энэ үүргээ биелүүлэхийн төлөө хичээж ажилласан. Хамтарсан үйлдвэрийн удирдах дээд байгууллага нь Хамтарсан үйлдвэрийн Зөвлөл байсан. Энэ Зөвлөлийн Монголын хэсгийн анхны дарга нь би байлаа. Зөвлөлтийн хэсгийн дарга нь эхлээд ЗХУ-ын өнгөт металлургийн яамны орлогч сайд Костин Владимир Николаевич, дараа нь Тюряков Александр Феодорович болсон. Хамтын үйлдвэрийн Зөвлөл анхныхаа хурлыг 1974 оны 6-р сарын 23-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотод хийж хурлыг Монголын хэсгийн дарга би даргалж, хамтарсан үйлдвэрийн Ерөнхий захирлаар Зөвлөлтийн иргэн Шлыков В.А-ийг, нэгдүгээр орлогч захирлаар Монголын иргэн Д.Лхагвасүрэнг томилж байлаа. Хамтарсан үйлдвэрийн Зөвлөлийн Монголын хэсгийн бүрэлдэхүүнд Сангийн яамны орлогч сайд Э.Бямбажав, Материал техникийн хангамжийн улсын хорооны орлогч дарга А.Юндэндорж, Гадаадтай эдийн засгийн талаар харилцах Улсын Хорооны орлогч дарга Д.Жамбалдорж, Түлш, эрчим хүчний үйлдвэр геологийн яамны төлөвлөгөөний хэлтсийн дарга Г.Дорж, Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Д.Лхагвасүрэн нар байсан. Эд нар мартагдах учиргүй анхдагч хүмүүс юм шүү. Бид Эрдэнэтийн асуудлыг хамтарч шийддэг байсан. Би энэ ажлыг 1976 оны зургадугаар сар хүртэл хийгээд өөрийн хамтран зүтгэгч Дугарын Рэнчинхандад хүлээлгэн өгч байлаа.

-Эрдэнэтийн сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан анхны эрдэмтэн болсон түүхээсээ хуучлаач?
-Эрдэнэтийг барьж байгуулах ТЭЗҮ, зураг төсөл боловсруулахаас нь эхлээд шүүлт хийх, нэмэлт өөрчлөлт хийж холбогдох дээд байгууллагад оруулж, хамгаалж батлуулах, барилга байгууламжийг эхлүүлэх, анхны 4 сая тонн хүдэр олборлох, ил уурхайг ашиглалтад оруулах, үйлдвэрлэлийн хүчин чадлыг эхний жилд нь эзэмших техник-технологийн болон мэргэжилтэй ажилчдаар цаг хугацаанд бэлтгэх ажлыг бүрэн хангаж байлаа. Энэ нь үйлдвэрийн дараагийн ээлжүүдийг ашиглалтад хүлээж авах суурь болдог юм. Уулын инженерийн хувьд оруулсан хувь нэмэр гэвэл Эрдэнэтийн овооны ордын ашиглалтын систем, горимын тооцоог хийж зураг төсөлд нь өөрчлөлт оруулах санал тавьж, уулын үндсэн малталтын эхний үеийн хэмжээг 14 саяас 7 сая шоо метрээр багасгаж анхны хөрөнгө оруулалтыг 30 сая рублиэр багасгаж, тэр хөрөнгийг Засвар механикийн заводыг барихад шилжүүлэн хэрэглэх боломжийг бүрдүүлж байлаа. Энэ аргачлал дээрээ үндэслэн Техникийн ухааны дэд эрдэмтний зэргийг Москвагийн Геологи хайгуулын дээд сургууль дээр 1975 онд хамгаалсан юм. Ингэж Эрдэнэтийн сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан анхны эрдэмтэн болсон.

-Ер нь та дэлхийд данстай энэ үйлдвэрийн Монголын эдийн засаг, нийгмийн амьдралд оруулсан өгөөжийг хэрхэн дүгнэдэг вэ?
-Асар их хувь нэмэр оруулсан. Бүтээгдэхүүний үнэ тогтоох, валют санхүүгийн тооцооны аргачлалын зөрүүгээс шалтгаалж 1981 оныг хүртэл Эрдэнэт үйлдвэр алдагдалтай, Монгол улсаас дотаци өгдөг байлаа. Энэ нь Зөвлөлтийн гадаад худалдааны доогуур, Монголын дотоодын бөөний үнийн дээгүүр байсны зөрүүгээс үүдсэн алдагдал байсан. Энэ гажуудлыг Монголын эдийн засагчид арилгах талаар шаргуу хөөцөлдсөний дүнд 1984 онд талууд харилцан зөвшөөрч хэвийн болгосон юм. Ер нь Эрдэнэтийн үр ашиг өгөөжийг өсгөн нэмэгдүүлэхийн төлөө тэндхийн үе үеийн удирдлагууд байнга санаачилгатай ажиллаж, техник технологийн шинэчлэлийг цаг алдалгүй хийж, дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвараа хадгалж, хүч чадлаа нэмэгдүүлсээр уурхай гүнзгийрэх тутам хүдрийн агуулга буурдаг байгалийн сөрөг хүчин зүйлийн нөлөөллөөс эдийн засгийн үр ашгаа бууруулахгүй хамгаалж, өндөр байлгаж чадсаар ирсэн гавьяатай улс.Зах зээлд шилжих хүнд үед монголын эдийн засгийг малчид, уурхайчид нуруундаа үүрч гарсны дотор Эрдэнэт үйлдвэр гадаад худалдааг бараг дангаараа авч гарсан шүү дээ. Эрдэнэтийн гүйцэтгэсээр байгаа нэг гавьяат үйлс бол уул уурхайн мэргэжилтэй ажилчид бэлтгэдэг “Их уурхай” болж чадсан явдал юм. Уурхайн “хүмүүн капитал” гээчийг жинхэнээр нь үйлдвэрлэдэг газар бол Эрдэнэт. Мөнгөн болоод хүмүүн капиталыг 40 жил үйлдвэрлэсэн Эрдэнэт үйлдвэр дахиад 40-өөс доошгүй жил тасралтгүй үйлдвэрлэх болно гэдэгт эргэлзэх зүйлгүй. Энэ бол уурхайчин бидний итгэл юм шүү.

-Хэрэв та Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал бол хамгийн түрүүнд ямар өөрчлөлт шинэчлэлт хийх байсан бэ?
-Хэрэв би Эрдэнэтийн Ерөнхий захирал байсан бол Шагдарын Отгонбилэг болон түүний багийнхны хийснийг л хийх байсан. Эдүгээ цагийн ерөнхий захирал Хоохорын Бадамсүрэн, түүний багийнхны хийж байгааг л хийх байсан. Ш.Отгонбилэг бол социализмын хаалттай хязгаарлагдмал үед Монголын уул уурхайг дэлхийд нээж өгсөн хүн. Бадамсүрэн бол дэлхийн уул уурхайг монголд нээж байгаа хүн. Энэ онд Бадамсүрэн дэлхийн 15 орны уул уурхайн салбарынхныг Эрдэнэтэд цуглуулж тэднийг өөр хооронд нь өрсөлдүүлж чадаж байна билээ. Би очиж үзсэн. Бахархаж байсан. Залуу байсан бол хийх л ажил даа гэж бодож явсан.

-Монголын уул уурхайн салбар таны амьдралтай салшгүй холбоотойг гэрчлэх сайхан дурсамжаасаа хуваалцаач?
-Хүний эзэмшсэн мэргэжил гэж тухайн хүний амьдралтай салшгүй холбоотой байдаг эд юмаа. Би төрийн тэргүүн байж үзлээ. Хийх ажил их байсан. Тэдэн дотроос давын өмнө өнөө л уул уурхайгаа шүүрээд авсан байх юм. Улсын валютын сан хөмрөг дундраад ирэхийн цагт юун түрүүнд “Алт хөтөлбөр” толгойд ороод ирэх юм. Бензин шатахууны гачигдалд ороод ирэхээр “Нефть хөтөлбөр” өөрийн эрхгүй хөтлөөд явах юм. Их Британы дэлхийд алдартай Бритиш Петролиум компани дээр Лондонд очоод манай монголд нефть байна уу? гэж сураглаад, дагуулж ирж судлуулаад, Америкийн СОКО интернейшнлийн Эдуард Сторийг ятгаж байж өрөмдүүлээд баярлахдаа гоёлынхоо дээлийг нефтээр мялааж байлаа шүү дээ. Үүнээс сайхан дурсамж гэж юу байхав.

-Таны энэ цагийн бодол, мөрөөдөл...?
-Алт, Нефть, Оюу толгой, Таван толгойн баялаг ард түмний минь нурууг тэнийлгээд сэтгэлийг нь амраагаад өгөөсэй л гэж бодож мөрөөдөж сэтгэлээ чилээж сууна даа.

-Таны үр удмаас мэргэжлийг тань өвлөсөн хүн бий юу?
-Байлгүй яахав. Миний зээ хүү Аранжиндорж Санктпетрбургийн Уул уурхайн их сургуульд суралцаж төгссөн. Уулын инженер. Миний бага охин бизнесийн эрх зүйч мэргэжилтэй. Эрдэс баялгийн салбарын бизнест хүчин зүтгэж байна.За, үг олдож үхэр холдлоо. Ингэсхийгээд өндөрлөх үү дээ, хоёулаа.Эрдэнэтийн гэрэлт ирээдүйд итгэл төгс байна. Уурхайчдадаа 40 жилийн ойн баярын мэнд хүргэе!

-Цаг зав гаргасан танд баярлалаа.


Эрдэнэтийн Зөвлөлийн хоёр дахь дарга Тюряков Александр Феодорович, Пунсалмаагийн Очирбат нар. 1990 он.


М.ОДГЭРЭЛ

     Эрдэнэт үйлдвэр оны эхний есөн сард 712 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч зарцуулсан нь төлөвлөгөөнөөс 14 сая кВт-аар илүү гарчээ. Тайлант хугацаанд хүдэр боловсруулах төлөвлөгөө  101,8 хувийн биелэлттэй байсан нь ийнхүү цахилгаан эрчим хүчний хэрэглээ ихсэхэд нөлөөлсөн байна. Нөгөөтэйгүүр гурван тарифт тоолуур хэрэглэснээр үйлдвэрийн хэмжээнд 2,2 тэрбум төгрөгийн цахилгаан эрчим хүч хэмнэсэн байна. Мөн  269 мянган Гкал дулаан хэрэглэсэн нь төлөвлөгөөнөөс даруй 21 мянган Гкал-аар хэтэрчээ. Энэ хугацаанд цэвэр ус 18 сая м3, бохир ус 5,2 сая м3, эргэлтийн ус 59,3 сая м3-ийг хэрэглэжээ.

Я.ЭНХ

Даваа, 15 10-р сар 2018 00:00

Эрдэнэт үйлдвэр эхний 9 сард

     Эрдэнэт үйлдвэрийн хамт олон  энэ оны эхний есөн сарын байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөний бүх үзүүлэлтээ 100-116 хувиар биелүүлэв. Үйлдвэрийн 40 жилийн түүхэнд хүдэр дэх зэсийн агуулга хамгийн бага буюу 0.495 хувь байхад манай уурхайчид олборлох хүдрийнхээ шинж чанарт тохируулан боловсруулах технологи, түүний хэлхээг оновчилж, технологийн горим, сахилга батыг чанд сахин ажилласнаар зэсийн металл авалтыг 89.3 хувьд хүргэж, хамгийн өндөр орлого ашигтай ажиллалаа. Энэ хугацаанд  400 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж улс, орон нутгийн төсөвт 560.4 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.


Я.ЭНХ

Мэдээний төрөл

Календарь

« 10-р сар 2018 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Зургийн цомог