Эрдэнэтээ дэмжье

     Жил бүрийн 3-р сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдрийг тохиолдуулан үйлдвэр, хотын цэвэр ус хангамжийг хариуцан ажилладаг Эрдэнэт үйлдвэрийн Эрчим хүчний цехийн дарга Г.Батмөнхтэй ярилцлаа.

     -“Дэлхийн усны өдөр”-ийг хэзээнээс тэмдэглэх болов. Энэ тэмдэглэлт өдрийн ач холбогдол, зорилго юу вэ?
    -1993 онд анх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралдаанаас жил бүрийн 3-р сарын 22-ыг “Дэлхийн усны өдөр” болгон зарласан. 2005 оноос манай улсын хэмжээнд тэмдэглэж байна. Цэвэр ус болон усан хангамж, усны нөөцийн тогтвортой менежментийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулан сурталчлан таниулах зорилготой.

     -Энэ жилийн тухайд ямар асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулж байна?
    -Дэлхийн усны өдрийг жил бүр тодорхой уриан дор тэмдэглэдэг. Энэ уриануудаас ямар асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулахыг харж болно. Тухайлбал, 2016 онд “Сайн ажлын байр-Сайн үйлс”, 2017 онд “Бохир ус”, 2018 онд “Байгальд ээлтэй усны өдөр” уриатай тэмдэглэсэн. Энэ онд “Цэнгэг ус-Тэгш хүртээмж” уриан дор тэмдэглэж байна.

     -Танай цех энэ жилийн урианд хэрхэн нэгдэж байна. Ямар ажлууд хийхээр төлөвлөөд байна вэ?
    -Эрчим хүчний цехийн тухайд жил бүрийн усны өдрөөр тодорхой ажлууд төлөвлөж хийдэг. Энэ жил Т.Батмөнх захирлын баталсан төлөвлөгөөний дагуу ажил зохион байгуулна. Манайхтай гэрээтэй ажилладаг ус хэрэглэгч байгууллагын төлөөллийг хүлээн авч цэвэр ус хангамжийн болон бохир ус цэвэрлэгээний байгууламжуудтайгаа танилцуулж мэдээлэл өгөх, хэлэлцүүлэг өрнүүлэх, санал авах ажлыг төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл хэрэглэгчдийг цэвэр усаар тэгш хүртээмжтэй хангах асуудлыг хөндөнө.

     -Эрдэнэт үйлдвэр, хотын цэвэр ус хангамжийн онцлог юу вэ?
    -Монгол улсын хэмжээнд хамгийн хол буюу 60 километрийн цаана орших Сэлэнгэ мөрнөөс цэвэр ус олзворлож, ус өргөх дөрвөн өртөөгөөр дамжуулан хэрэглэгчдэдээ хүргэдэг. Цэвэр усыг Сэлэнгэ мөрнөөс Эрдэнэтэд авчрахад  627 метр өргөж байна шүү дээ. Орон зайн хувьд ч, техникийн шийдэл талаасаа ч, барилга байгууламжийн хэмжээгээрээ ч Монголд хамгийн том ус хангамжийн системтэйгээрээ онцлог юм.

     -Энэ том системийг ажиллуулахад хүндрэл гарах уу?
    -Бэрхшээл гарна. Аливаа тулгамдсан асуудлыг зөв шийдэх чухал байдаг. 40 гаруй жил ашигласан газар доорх шугам хоолойн элэгдэл, цоорол гээд ашиглалтын хэвийн горимд сөрөг нөлөөтэй асуудлууд бий. Эрдэнэт уулынхаа буянд энэ бүхнийг шийдээд л явж байна. Мэргэжлийн чадварлаг баг хамт олон ажилладаг болохоор аливаа бэрхшээлийг давах боломж нь ижил төстэй бусад байгууллагаас үнэхээр өөр.

     -Та Монголд хамгийн томд орох ус хангамжийн байгууламжийг ашигладаг гэсэн. Уг системийг ашиглахад зардал өндөр, дагаад усны үнэ өндөр байна гэж ойлгож болох уу?
    -Харин ч эсрэгээрээ. Цаг тухайд нь хэрэгжүүлдэг техник шинэчлэлтийн бодлого, ажиллах хүчний хариуцлага, сахилга бат, зөв хандлага, хяналт удирдлагын автоматжуулсан систем гээд үйлдвэрээ дагасан үйлдвэрлэл явуулах том нөхцөл бүрдсэний үр дүнд харьцангуй бага зардлаар энэ системийг авч яваа. Иргэдэд нэг тонн усыг 650 төгрөгөөр нийлүүлдэг.Өөрөөр хэлбэл нэг литр усыг 65 мөнгөөр өгч байна. Гэтэл дэлгүүрт литр ус ямар үнэтэй байгаа билээ. Та харьцуулаад бод доо. Гэхдээ хямд үнэтэй гээд хамаагүй зарцуулаад байж болохгүй. Алхам тутамдаа усны хэрэглээгээ хэмнэхийг ойлгуулах гэж дэлхий нийтээрээ усны өдөртэй болсон.

    -Усаа хэмнэхийн нарийн учрыг тайлбарлаач?
   -Дэлхий нийтийг хамарсан уур амьсгалын өөрчлөлт, дулаарлын хүн төрөлхтөнд учруулах хамгийн том аюул бол ган гачиг, хуурайшилт, түүнийг дагасан ундны усны хомсдол гэдгийг улс орнууд хүлээн зөвшөөрсөн явдал юм. Иймээс цэнгэг усны нөөцөө ариглах, хамгаалахад анхаарах болсон. Тэр тусмаа манай орон шиг усны нөөц бага улс орнууд усны нөөцөө хэмнэх үүрэгтэй.

    -Үүнд Эрдэнэтчүүдийн хамгийн түрүүнд оруулах хувь нэмэр юу вэ?
   -Хүн бүр усны хэрэглээгээ багасгах аргуудыг эзэмшиж, үр хүүхэддээ заах хэрэгтэй. Чандмана эрдэнэ усаа хэмнэж сурах ёстой. Ус хэрэглээний аливаа асуудалд үнэнч шударга байх. Өөрөөр хэлбэл усны тоолуураа буруу ашиглах, байцаагчийг аргалах зэрэг муу дадлаасаа салах нь иргэдийн усны хэмжээнд төдийгүй суурин соёлд оруулж буй том хувь нэмэр болно.

Т.БАТЧУЛУУН





 

   Өнөөдөр дэлхийн Усны өдөр. Нэгдсэн Үндэсний Байгууллагаас 1993 онд жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдрийг дэлхийн Усны өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн байдаг. Цэвэр усны гачигдалд буй улс орнуудыг усны гачигдлаас гаргах, цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх, арвилан хэмнэх талаар уриалдаг энэ өдрийг дэлхий нийт тодорхой уриан дор тэмдэглэж ирсэн юм. “Усны өдөр”-ийг тэмдэглэж буйтай холбогдуулан Сэлэнгэ мөрний ай сав газрын захиргааны Ахлах мэргэжилтэн, Байгаль орчны Улсын байцаагч Б.Бат-Эрдэнэтэй усны салбарын талаар ярилцлаа.

   -Сэлэнгэ мөрний ай сав газрын захиргааны үйл ажиллагаа, чиг үүргийн тухай ярилцлагаа эхлэх үү?
   -Сэлэнгэ мөрний ай сав газрын захиргаа 2013 оны наймдугаар сард байгуулагдсан. Усны салбарын үүсэл хөгжлийн суурь манай улсад 1930-аад онд тавигдсан ч бүтэц зохион байгуулалтын хувьд өөрчлөгдсөөр байв. Монгол орон 1990 онд зах зээлийн тогтолцоонд шилжиж, үйлдвэрлэл эрчимтэй хөгжих болсноор усны салбар, түүний хууль эрх зүйн орчныг өөрчлөх шаардлага гарч ирсэн. Ус гэдэг бол байгаль ертөнц дээр оршдог амьд амьтныг тэтгэж, тэжээдэг шинжлэх ухаанд бүрэн дүүрэн тайлагдаагүй цор ганц бодис. Ийм учраас УИХ, ЗГ-аас усыг ашиглах, хамгаалах чиглэлээр маш зөв, зохистой  менежментээр эрх зүйн зохицуулалт хийхгүй бол цаашид бид байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулах, нөхөж баршгүй хор хохирол учруулах нөхцөл байдалд хүргэж болзошгүй гэсэн дүгнэлт гарсан. Энэ үндсэн дээр усны салбарт Төрөөс баримтлах бодлогыг өөрчлөн боловсруулж, усны талаар олон цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Ингэснээр дэвшил гарч байна. Төрөөс баримтлах усны бодлогыг хэрэгжүүлэгч нэг байгууллага нь Сэлэнгэ мөрний ай сав газрын захиргаа юм. Манай байгууллагын гол үүрэг нь өөрийн сав газарт байгаа гол мөрөн, газрын доорх усны  ашиглалт, нөөцийн хэмжээ, түүнд тулгуурласан нийгэм, эдийн засгийн харилцааг төрийн өмнөөс зохицуулахад чиглэдэг. Тухайлбал, усан орчныг ашиглаж буй үйлдвэрлэл, хүн ам, хөдөө аж ахуй, эрчим хүч, үйлдвэрлэлийн усан хангамжийг хэрхэн зохицуулах вэ, тогтоосон усны нөөцийн хэдий хэмжээг нь ашиглахад байгаль экологийн тэнцвэртэй байдлаа хадгалж үлдэх вэ гэдгийг тооцоолох, бохирдлоос хамгаалах, нөхөн сэргээх зэрэг олон асуудлыг хариуцдаг. Түүнчлэн орон нутгийн удирдлага, байгууллагуудыг мэргэжлийн зөвлөмжөөр хангах, салбар хоорондын уялдаа холбоог зохицуулах  үүрэг бүхий нэлээд өргөн хүрээг хамардаг байгууллага гэж хэлж болно. Манай байгууллага 7 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.

   -“Усны өдөр”-ийг дэлхий нийтээрээ тэмдэглэж байна. Энэ өдрийг манай улс хэдэн оноос тэмдэглэж эхэлсэн бэ?
  -Монгол оронд 1994 оноос дэлхийн “Усны өдөр”-ийг Ерөнхийлөгчийн санаачлагаар тэмдэглэж ирсэн. Хэдийгээр дэлхийн газар нутаг дээр ил харагдах ус их байдаг ч цэвэр цэнгэг ундны ус дөнгөж 2,5 хувийг нь эзэлдэг. Бусад нь хүн ам өдөр тутам хэрэглэж болохгүй холимог бүтэцтэй, шорвог ус байдаг. Тиймээс өчүүхэн хувийг нь эзэлж буй цэвэр усаа ариг гамтай хэрэглэж занших шаардлага хүн төрөлхтөний өмнө тавигдаж байна. Өнөөдөр дэлхийн усны нөөцийн хэмжээ  нийт 1386 сая километр куб байгаа. Үүнээс манай орны газар нутаг дээрх усны нөөц 0,004 хувийг нь эзэлдэг. Эдгээрийн 500,0 километр куб нь нуурын ус, 62,9 километр куб нь мөнх цас, мөсөн гол, 10,8 километр куб нь газрын доорх ус, 34,6 километр куб нь гол мөрний ус байдаг. Энэ бүхнээс хамгийн чухал нь газрын доорх цэнгэг ус буюу бидний ундандаа хэрэглэдэг цэвэр ус маш бага хувьтай байгаа. Тиймээс цэвэр усаа хэрхэн ашиглаж, хэрэглэж байгааг төрөөс чиглүүлэх чухал асуудлуудын нэг болгосон. Газрын доорх усаа хайрлаж, гадаргуу дээр байгаа усыг түлхүү ашиглавал зуун хувь усны төлбөрөөс чөлөөлөх заалтыг хуульчилж өгсөн. Ингэснээр урсаж буй гол мөрний усны ашиглалтыг нэмэгдүүлж, газрын гүний цэнгэг усаа хэмнэх, хамгаалах ач холбогдолтой юм. Гэтэл өнөөдрийн бодит байдал дээр бид нийт усны хэрэглээнийхээ 80-90 хувийг газрын гүний, үлдсэн 10 гаруйхан хувийг гадаргуу дээрх уснаас хангаж байна. Энэ харьцааг өөрчилж, гадаргын усыг илүү ашиглах, усны нөөцийг бий болгох чиглэлээр дорвитой ажиллах ёстой юм. Хэрэв бид усны нөөцөө нэмэгдүүлж чадвал тухайн орчин, газар нутагт байгалийн таатай нөхцөл үүсгэх боломжтой. Ингэж бид усаа, байгаль орчноо хамгаалж байж үр өгөөжийг нь хүртэх учиртай. Амьд ертөнцийг авч үлдэхийн тулд ус өөрөө хийн, шингэн, хатуу гэсэн гурван төлөвт шилжиж, тэнцвэртэй байдлыг хадгалж байдаг зүй тогтолтой.  Тэгэхээр хамгийн чухал зүйл бол усны нөөцийг бий болгох, зөв зохистой ашиглах явдал. Энэ асуудалд олон талын оролцоо, тэгш хэрэглээ байж гэмээнэ усны ашиглалт хамгаалалтын ажилд ахиц гарна. Тиймээс энэ жилийн дэлхийн “Усны өдөр”-ийг “Цэнгэг ус-Тэгш хүртээмж” уриан дор тэмдэглэж байна.

   -Байгаль орчин тодруулбал, усаа хамгаалах, зөв ашиглах харилцааг зохицуулсан хууль эрх зүйн орчин манай улсад хэр зөв тогтолцоотой байдаг вэ?
   -Манай улсын хувьд байгаль орчны тэнцвэртэй байдлыг хадгалах талаар хууль эрх зүйн орчин боломжийн түвшинд бүрдсэн гэж хэлж болно. Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Усны тухай хууль, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль, Хот суурины усан хангамжийн ариутгалын тухай хууль, “Ус” үндэсний хөтөлбөр гээд маш олон хууль тогтоомж хэрэгжиж байна. Энэ бүх хууль, баримт бичигт заасны дагуу усны салбарын асуудлыг зохицуулахыг зорьж ажилладаг. Усны тухай хуульд энэ салбарын асуудлыг нэлээд өргөн хүрээнд тусгаж өгсөн. Тухайлбал, салбарын яам ямар зохицуулалт хийх вэ, сав газрын захиргаа ямар чиг үүрэгтэй байх вэ, нийслэл, аймаг, сум, баг, дүүргийн  засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурал ямар оролцоотой байх вэ, хуулийн хэрэгжилтэд хэрхэн хяналт тавих вэ гэх зэрэг бүхий л чиглэлийг тодорхой заасан байгаа.  Бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх талд учир дутагдалтай талууд байгааг хэлэх нь зүйтэй. Цаашид илүү боловсронгуй болгохын тулд олон нийтийн санал бодлыг нь сонсох, гарц боломжийг хамтдаа эрж хайх нь зөв шийдэл гэж харж байна. Түүнчлэн хуулинд заасан зүйлийг шат шатандаа хэрэгжүүлж, хэвшвэл бид хойч үеийнхэндээ байгаль эх дэлхийгээ сайн сайхан авч явах боломжийг нээж чадна. Тэгэхээр манайд усны салбарыг хөгжүүлэх, хамгаалах чиглэлээр хууль эрх зүйн таатай орчин бий болсон гэж боддог.

   -Цэвэр цэнгэг усаа хайрлаж, хамгаалах нь хүн бүрийн үүрэг. Харин энэ үүргээ биелүүлэх, зөв хэрэглээтэй болгох талаар сургалт сурталчилгааны ажлууд хэрхэн зохион байгуулагдаж байна вэ?
   -Аливаа асуудалд саад бэрхшээл, алдаа дутагдал байхгүй байна гэж үгүй. Их бага хэмжээгээр хүндрэл бий. Харин тэр асуудалдаа  зөв дүн шинжилгээ, мониторинг хийж гарц гаргалгааг төр засаг, орон нутгийн засаг захиргааны байгууллагуудтайгаа хамтран тодорхойлж ажиллах нь зүйтэй. Өнөөдөр шууд л ус тойрсон хүндрэл бэрхшээлтэй асуудлыг засаж залруулчихна гэвэл боломжгүй зүйл. Хамгийн гол нь асуудлаа эрэмбэлж, юунаас эхлэх дарааллаа зөв тогтоох нь чухал. Дараагийн хамгийн гол асуудал бол ард иргэдээ соён гэгээрүүлэх ажил болно. Манай ард түмэн эрт дээр үеэс эх  дэлхийтэйгээ ойр байж, сурган хүмүүжүүлэх ухаанд байгалиа хайрлаж хамгаалах ном сургаалийг түгээж ирсэн уламжлалтай. Биднийг сурагч байхад ерөнхий боловсролын сургуульд Түмэн бодис гэж хичээл ордог, байгаль орчны талаар өргөн мэдээлэл өгдөг байлаа. Тиймээс энэ уламжлалаа сэргээн, байгалиа хайрлах, усаа арвилан хэмнэх үзлийг хүүхэд байхаас тархи оюунд нь шингээж суулгаж өгөх шаардлага тулгарч байна. Энэ ажлыг бодит болгохын тулд төр засаг, байгууллага, иргэн бүр үүрэг хүлээж, хэрэгжүүлэх ёстой гэж бодож байна. Түүнчлэн ашиг хонжоо олох сэдлээр байгаль эх дэлхий, гол мөрнийг бохирдуулж буй иргэдийн буруу сэтгэлгээг үндсээр нь өөрчлөх, зааж сургах ажлуудыг үр дүнтэй хийх хэрэгтэй.

   -Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хотыг усаар хангаж буй Сэлэнгэ мөрнөө хамгаалах талаар таны бодол?
   -Эрдэнэт хотын орон сууцны хорооллын усан хангамжийг Сэлэнгэ мөрнөөс, гэр хорооллын усан хангамжийг МОН-2301 төслийн шугамаар буюу Бүрэнбүстийн эх үүсвэрээс хангаж байна. Цаашид бид усан хангамжийн эрүүл ахуй, хязгаарлалтын бүсүүдийг маш сайн тавьж өгөхгүй бол хүн амын ундны эх үүсвэр бохирдсоноос өвчин эмгэг тархахаас эхлээд хүнд байдал үүсч болзошгүй. Тиймээс бид Булган аймаг, Орхон аймгийн Газрын харилцааны албанд хүсэлт гаргаж, албан бичгээр хандсан. Бүрэнбүстийн усан хангамжийн эх үүсвэр маань гэр хорооллын хориглолтын бүс рүү орчих гээд, газар олголт хийгдчих гээд байна. Зөрчил, тулгамдсан асуудал олон байна. Төр энэ талаар зөв ойлгож, тухайн орон нутгийн засаг захиргаа, өөрөө удирдах нэгжүүд усны боловсрол, усны харилцааг зөв зохицуулж явахад нэлээд анхаарч ажиллах хэрэгтэй.

   -Эрдэнэт үйлдвэртэй хамтын ажиллагаа ямар түвшинд байна вэ?
  -Эрдэнэтийн бүх усан хангамж, цэвэрлэх байгууламж, Эрдэнэт үйлдвэрийн өмч дээр суурилсан байгаа тул тус үйлдвэрийн хүчинд л явж байна. Эрчим хүчний цехийн үндсэн үйл ажиллагаа ч энд чиглэдэг. Цэвэрлэх байгууламжийн хувьд 90-ээс дээш хувьтай усаа цэвэршүүлж, стандартаа хангаж байгаа. Усны барилга байгууламж, тоног төхөөрөмжийн хувьд манай аймаг Монголдоо тэргүүлнэ. Үүнийг хэлэх нь зөв байх. Иргэдийг ч баталгаатай усаар хангаж байна. Сэлэнгэ мөрний хөвөөнөөс 24 худгаар гүний ус татаж авч байгаа нь хамгийн том усны нөөц гэж үзэж болно. Харуул хамгаалалт ч сайн. Тиймээс Эрдэнэт усны нөөцөөр айх аюулгүй. Эрдэнэт үйлдвэр жилдээ 100 орчим сая метр куб ус ашигладаг. Үүний хориод хувийг Сэлэнгэ мөрний ай саваас, үлдсэнийг өөрийн Хаягдлын аж ахуйгаас хэрэглэж байна. Ус ашиглалтын гэрээгээ манай байгууллагатай хийдэг тул бид ирэх оны нэгдүгээр сард ажлаа дүгнэнэ. Энэ жилээс эхлэн төлөвлөснөөс илүү ус ашигласан тохиолдолд төлбөр нэмж төлөх тухай заалт хуулинд орсон.


М.Балжинням 

     Уурхайчин бүсгүйчүүдийн мэдлэг, ур чадвар, авхаалж самбааг сорьсон “Цэцэн бэр” тэмцээн 11 дэх жилдээ амжилттай зохиогдож, 23 баг тэргүүн байрын төлөө ухааны цэцээр  өрсөлдлөө. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Эмэгтэйчүүдийн холбоо, “Уурхайчин” соёлын ордон хамтран зохиодог тус тэмцээнд үндэсний дээл хувцасаараа жигдэрсэн багууд өнгө нэмсэн.
    Багууд Эмэгтэйчүүдийн холбооны түүх, эмэгтэйчүүдийн баяр, шинжлэх ухааны холбогдолтой гээд тал бүрийн асуултаар мэдлэгээ сорьсон. Энэ жилийн тэмцээнд Баяжуулах үйлдвэрийн бүсгүйчүүд “Цэцэн бэр” тэмцээний аваргаар тодорч, Ил уурхай, Ган бөмбөлгийн цехүүд удаалсан бол Ахмадын зөвлөл, Дулааны цахилгаан станц, Сэлэнгэ амралтын бааз, Технологийн сургуулийн багууд тэнцүү оноогоор тусгай байранд шалгарлаа.

И.ЧИНТОГТОХ

 

     Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр боллоо. Хуралдаанаар "Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилж, дүрмийг нь батлав.  Үйлдвэрийн газар нь өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллана. Мөн “Монголросцветмет” компанийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилж, дүрмийг нь баталлаа.

                                                                                                                      Эх сурвалж: Zasag.mn

     “Дэлхийн усны өдөр”-ийг тохиолдуулан Эрдэнэт үйлдвэрийн Эрчим хүчний цехээс санаачлан, Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийн 14 компанийн төлөөллийг оролцуулсан усны хэрэглээ, ашиглалтын талаарх хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн зочдыг тус цехийн Ус хангамжийн хэсгийн дөрөвдүгээр өргөх станц болон цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцуулсан нь ихээхэн үр өгөөжтэй ажил болсон юм.
     НҮБ-аас жил бүрийн гуравдугаар сарын 22-нд тэмдэглэж ирсэн усны өдрийг 2015 онд “Ус ба тогтвортой хөгжил”, 2016 онд “Ус ба ажлын байр”, 2017 онд “Хаягдал ус”, 2018 онд “Байгальд ээлтэй усны шийдэл”, энэ онд “Хэнийг ч үл орхих” уриан дор зарлаж байна. Энэ нь усны гачигдалд орсон улс орны иргэн бүрт усыг тэгш хүртээх бодлого юм. Байгаль орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн хүн амын өсөлт, хотжилт болон бусад олон хүчин зүйл усны бохирдолд нөлөөлж байгаад олон улсын эрдэмтэд санал нэгдэж, гарцыг эрэлхийлсэн яриа, хэлэлцүүлэг, уулзалт, чуулган зохиодог нь энэ өдөр илүүтэй мэдэгддэг. Харин БОАЖЯ “Цэнгэг ус-тэгш хүртээмж” уриаг орон даяар зарласан байна.
     Эрдэнэт үйлдвэрийн Эрчим хүчний цехийн Усан хангамжийн хэсэг нь Эрдэнэт хот, үйлдвэрийн хэрэглээний цэвэр усыг хариуцаж, Орхон аймгаас 65 км зайд орших Сэлэнгэ мөрний усыг дөрвөн станцаар дамжуулан хэрэглэгчдэд хүргэдэг. Тус цех нь хоногт 60800 гаруй м.куб ус олборлож, 220 мянга гаруй м.куб усыг Баяжуулах үйлдвэрт, 9000 гаруй м.куб усыг Эрдэнэт хотын хэрэглэгчдэд нийлүүлдэг бөгөөд жилдээ 20-21 сая м.куб цэвэр ус олзворлож, 8-9 сая м.куб ус хүлээн авч, түүнийгээ 96-98 хувьтай цэвэршүүлэн, мэргэжлийн өндөр ур чадвартай баг хамт олныг бүрдүүлэн ажиллаж байна.


И.ЧИНТОГТОХ
 

    Монгол Улсын Засгийн Газраас  энэ сарын 6-ны өдөр Эрдэнэт үйлдвэр ХХК-д онц дэглэм тогтоосонтой холбогдуулан Ерөнхий захирлын “Онцгой дэглэмийн үед авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/145 тоот тушаал батлагдсан. Уг тушаалаар онцгой  дэглэмийн үед сахилга хариуцлагыг өндөржүүлж, үйлдвэрийн хэвийн тогтвортой байдлыг хангаж ажиллах чиглэлийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. Энэ дагуу үйлдвэрийн хэмжээнд онцгой дэглэмийн үед авч хэрэгжүүлэх ажлууд хийгдсэнээр үйлдвэрлэл, эдийн засаг болон бусад үйл ажиллагаа хэвийн тогтвортой үргэлжилж байна.
    Эрдэнэт үйлдвэрийн хамт олон 3 дугаар сарын эхний 20 хоногийн байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөг бүх үзүүлэлтээр давуулсан байна. Энэ хугацаанд 1400.26 мянган метр куб уулын цул гаргаж, төлөвлөгөө 106.7 хувиар биелэв. Хүдэр боловсруулалт 1742.99 мянган тонн буюу 101.7 хувиар давсан байна. Зэсийн металл авалтыг 88.3 хувиар төлөвлөснөөс сарын эхний 20 хоногт 88.4 хувьд хүргэж, төлөвлөгөөг 100.1 хувиар, молибдений металл авалтыг 48.5 хувиар төлөвлөж 49.1 хувийн гүйцэтгэлтэйгээр 101.2 хувиар тус тус биелүүлсэн үзүүлэлттэй байна. Мөн энэ хугацаанд үйлдвэрлэлийн төлөвлөгөөг бүх үзүүлэлтээр давуулан биелүүлж, төлөвлөгөөнөөс таван вагон зэсийн баяжмал илүү ачжээ.
   Дулааны цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлж, эрчим хүч үйлдвэрлэгч болсноор 3 дугаар сарын эхний 20 хоногийн байдлаар 13.83 сая кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэж, 11.05 сая кВт.цаг эрчим хүчийг төвийн эрчим хүчний системд нийлүүлсэн байна.

    Эрдэнэт үйлдвэрийн Худалдан авалтын бодлого, тендер шалгаруулалт, бараа материал нийлүүлэх үйл ажиллагаа хууль тогтоомжийн дагуу үргэлжилж буйг  Хангамжийн хэлтсээс онцлов. Энэ сарын 6-ны өдрөөс хойш 14 хоногийн хугацаанд тус хэлтэс 15 аж ахуйн нэгжтэй “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн дагуу хамтран ажилласан байна. Ган бөмбөлөг, техник тоног төхөөрөмжийн тос масло, сэлбэг эд анги зэрэг бараа материал худалдан авахад  нийт 16 тэрбум 553 сая төгрөг  зарцуулжээ.
   Эрдэнэт үйлдвэр ХХК-иас ажилтнуудынхаа хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, ажлын гүйцэтгэл чадамжид суурилсан урамшууллын хөшүүрэг нэмэгдүүлэх, ур чадварыг хөгжүүлэх чиглэлээр зорилт дэвшүүлсэн байгаа. Үүнтэй уялдуулан Эдийн засгийн хэлтсээс 2019 онд нийт ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэхтэй холбоотой тооцоо, судалгаа гаргажээ.  Мөн 2018 оны Монгол Улсын дундаж цалинтай компанийн дундаж цалин хөлсний харьцуулсан судалгаа хийсэн байна. Ингэснээр ажилтнуудын цалин урамшууллыг үе шаттай нэмэгдүүлэх боломж бүрдэж байна.  
    Ийнхүү онцгой дэглэмийн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Ерөнхий захирлын тушаалыг Эрдэнэт үйлдвэрийн цех нэгж бүр мөрдөж, үйлдвэрлэлийн үндсэн төлөвлөгөөт зорилтуудаа цаг хугацаанд нь хэрэгжүүлж, ажлын зохион байгуулалт, эмх цэгц, уялдаа холбоог сайжруулан ажиллаж байна.  

М.Балжинням

     Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Эрдэнэт үйлдвэр ХХК-д онцгой дэглэм тогтоосонтой холбогдуулан Үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагаа, хөдөлмөрийн сахилга батыг хангуулах, ажлын цаг ашиглалтад тавих хяналтыг сайжруулах чиглэлээр компанийн Ерөнхий захирлын тушаал гарсан.Үүний дагуу хийж буй зарим ажлын хэрэгжилтийн талаар Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хүний нөөц, цалин хөлсний хэлтсийн даргын үүргийг түр орлон  гүйцэтгэгч О.Отгонбаяраас тодруулсан юм.     

     

     -Өнөөдрийн байдлаар Компанийн хэвийн үйл ажиллагаа хэрхэн хангагдаж байгаа вэ. Тодорхой чиглэлийн дагуу хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарсан. Үүний дагуу ямар ажлууд хийгдэж байна?

     - Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр манай компанид 6 сарын хугацаатай тогтоосон онцгой дэглэмийн хүрээнд Үйлдвэрлэл, технологийн сахилгыг чанд сахих, хөдөлмөрийн сахилга бат, үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааг хангуулахад чиглэсэн тодорхой заалтууд хэрэгжиж байна. Эдгээр нь үндсэндээ компанийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй, компанид мөрдөж буй тогтсон дүрэм, журмыг чанд сахиулах зорилготой. Тиймээс өнөөдрийн байдлаар компанийн өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн, жигд байгаа. Гурван сарын эхний 20 хоногийн дүн мэдээ гарч, үйлдвэрлэлийн төлөвлөгөө биелсэн амжилттай явж байна. Мөн энэ хугацаанд хэрэгжүүлэх тодорхой ажлын хүрээнд компанийн Ерөнхий захирлаас Нийгмийн асуудал хариуцсан орлогч болон Хүний нөөц, цалин хөлсний хэлтэст  чиглэл өгснөөр ажлын төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлж эхэлсэн. Үүний дагуу компанийн хэмжээнд ажлын байрны эмх цэгц, ажилчдын ажлын цаг ашиглалт, сахилга хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр тодорхой үзлэг, хяналтын ажлууд хийгдэж байна.

     -Хяналтыг хэрхэн хийж байгаа вэ?

    -Нэгдүгээрт, ажилчдын ажлын цаг ашиглалтын байдал, сахилга хариуцлагын чиглэлээр хяналт тавьж байна. Хоёрдугаарт, Ерөнхий захиргааны хоёрдугаар байраар өдөрт хэчнээн хүн ямар зорилгоор үйлчлүүлж байна, хөдөлгөөний урсгал бүтцийн ямар нэгжүүд дээр төвлөрч байна, “зочин” үнэмлэхээр үйлчлүүлж байгаа хүмүүсийн сэтгэл ханамж хэр зэрэг байгааг мэдэх зорилготой үзлэг, хяналт хийсэн. Өөрөөр хэлбэл Ерөнхий захиргааны байранд үзүүлж байгаа үйлчилгээ ямар байна, цаашид сайжруулж өөрчлөх шаардлагатай ямар асуудал байгааг мэдэх зорилготой юм. Энэ хяналтыг компанийн Дотоод аудитын хэлтэс, Их барилгын хэлтэс, Хуулийн хэлтэс болон Хүний нөөц, цалин хөлсний хэлтсийн дарга нар ажилтнуудтайгаа хамт өөрийн биеэр хариуцлагатай жижүүрийн үүрэг гүйцэтгэн ажилласан.

     -Анхаарал татсан ямар асуудал байна?

     -Цаг ашиглалт дээр анхаарал татсан асуудал бий. Гэхдээ тодорхой шалтгаанууд байгаа нь харагдсан. Эргэж тодруулах нь зүйтэй. Ерөнхий захиргааны зарим ажилчид зөвхөн өрөөндөө сууж биш, тодорхой үүрэг даалгавраар үйлдвэрийн бүс болон бусад объектууд руу өдөр тутам явж ажилладаг онцлогтой. Тухайлбал, Хангамж, Их барилга зэрэг хэлтсийн ажилтан, инженерүүд объектуудаар байнга явж ажилладаг. Мөн Олон нийттэй харилцах албаны сэтгүүлч, зураглаач, уран бүтээлчид үйл явдлын мөрөөр явж ажилладаг байх жишээтэй. Иймээс хөдөлгөөнийг зөв тооцохгүй бол орсон, гарсан болгоныг таслалт гэж үзэж болохгүй. Түүнээс  гадна захиргааны байрны буфетны ажиллах цагийг өөрчилье гэсэн дүгнэлтэд хүрсэн. Зарим хэлтэс ажлын ачаалал бага, хяналт сул, эсвэл илүүдэл орон тоо байна уу гэж дүгнэхээр харагдаж байгаа юм. Тиймээс зарим өөрчлөлт хийх шаардлагатай зүйлүүдийг анхааралдаа авсан.

     -“Гендирекц” буюу Ерөнхий захиргааны 2-р байранд өдөрт хэчнээн хүн ирж үйлчлүүлдэг вэ?

    -Нэг өдөрт ойролцоогоор 120 гаруй хүн үйлчлүүлж байна. Тэдний урсгал Хангамж, Их барилга, Хүний нөөц, цалин хөлсний хэлтэс, Олон нийттэй харилцах алба, Санхүүгийн хэлтсийн Нийгмийн даатгал гэсэн дөрвөн газар ихэвчлэн төвлөрдөг. Янз бүрийн бичиг баримт авах, өгөх, гэрээ хийх, уулзалт, ярилцлага өрнөх байдлаар зочин үнэмлэхээр орж ирсэн хүмүүсийн хэрэг бүтдэг. Зочин үнэмлэхийн журам бий. Гэтэл зарим зочид ороод хэдэн цаг гардаггүй. “Гендирекц”-д гурав дөрвөн цаг саатах нь ажлын онцлог байна уу, эсвэл хүлээн авч байгаа мэргэжилтнүүд ажлын байран дээрээ байхгүй, хүндрэл учруулаад байна уу гэдэгт мөн хяналт тавьсан. Мэргэжилтнүүдийн ажлын хариуцлага сахилгыг дээшлүүлэх, хяналтыг чангатгах, хандлагаа эергээр өөрчлөх, хүндрэлгүй үйлчлэх зэрэг ажлын чиглэл гаргасан.

     -Тухайлбал...?

     -Үйлчилгээ, аж ахуйн албаны хөтөч бүсгүйчүүд зочдыг угтан үйлчилж байгаа. Хэнтэй хэдэн давхарт уулзахыг зааж өгөөд, уулзах боломжгүй бол тайлбарыг хэлээд гаргах зохион байгуулалтын өөрчлөлтийг үйлчилгээнд нэвтрүүлсэн. Өөрөөр хэлбэл тухайн хүн зорьсон ажилтантай уулзаад асуудлаа түргэн шуурхай шийдвэрлүүлэх шугамыг л зөв болгоё гэж байгаа юм. Ер нь хэн нэгэнтэй уулзах нэрийдлээр нэвтэрчхээд дотор сэлгүүцдэг, давхруудын буйдан дээр хэдэн цагаар тухалж, таарсан болгонтой ярилцаж ажлын цаг үрдэг асуудал бий. Мөн Ерөнхий захиргааны үүдэнд зочин түр хүлээн авах хаалттай танхимуудыг бий болгох, хүмүүсийг хүлээн авдаг дээрх дөрвөн урсгал дээр хяналтыг өндөрсгөх, иргэдийн сэтгэл ханамжийн судалгааг авах суваг бий болгох зэрэг ажил сайжруулах чиглэлээр нэлээд зүйл хийгдэнэ.

     -Эрдэнэт үйлдвэрт ажлын шаардлагаар “түр үнэмлэх”-ээр нэвтэрч, зорчдог хүмүүс бий. Тэдний үнэмлэх онцгой дэглэмийн үед хүчинтэй юу?   

     -Иргэд энэ хугацаанд “Зочин” үнэмлэхээр тухай бүрдээ бүртгүүлж, үйлчлүүлнэ. Цаашид, түр үнэмлэх олголтын журмыг Хуулийн хэлтэстэй хамтран шинэчлэх, камеруудын хяналтыг сайжруулахаар ажиллаж байна.  

     - Цаашид анхаарч, хэрэгжүүлэх ёстой ажлаа тодорхойлсон байх? 

     - Ер нь энэ удаагийн үзлэг, хяналтаар Монгол Улсын Засгийн газрын 91 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Ерөнхий захирлын гаргасан тушаал, түүний дагуу авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай мэдээллийг цех, нэгжийн удирдлагууд маань хамт олондоо шуурхай хүргүүлж ажиллах шаардлагатай байгаа нь ажиглагдсан. Мөн хариуцсан нэгжийн ажилтнуудад тавих хяналтыг өндөржүүлж ажиллах нь чухал. Учир нь онцгой дэглэм тогтоосон энэ үед үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүй, ажилчдын сэтгэл санааг үймүүлсэн янз бүрийн үйл ажиллагаа зохион байгуулахгүй, тэдний эрх ашгийг хохироохгүй гэдгийг тодорхой заасан байгаа. Энэ чиглэлийн мэдээллийг ажилчдад хүргэх хэрэгтэй. Түүнээс гадна хэлтэс, цехийн дарга нар дотоод ажлаа сайжруулах чиглэлээр санаачилгатай ажиллах шаардлагатай байна гэсэн дүгнэлтэд хүрсэн.

   -Цаг үеийн асуудлаар хэрэгтэй мэдээлэл өгч, хэрэгжүүлж буй ажлынхаа талаар зав гарган танилцуулсанд баярлалаа.

 

М.ОДГЭРЭЛ

     Өнөөдөр улс орон даяар 16 цагт дуут дохио өгч, газар хөдлөлт, байгалийн аюулт үзэгдлийн үеийн дадлага, сургууль хийлээ. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 56 объектод гамшгийн үеийн бэлэн байдлыг шалгаж, ажилчид цугларах газарт цуглав. Үйлдвэрийн ажилчид Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлж, газар хөдлөлт, байгалийн аюулт үзэгдлийн үеийн бэлэн байдлаа хангалттай дүгнүүллээ.

У.Цэрэнбат
 Фото: Б.Баттөгс

Лхагва, 20 3-р сар 2019 00:00

Энх цагийн баатар

     Эрдэнэсийн их уурхай үүдээ нээж,  эх орны өнцөг булан бүрээс Эрдэнэтийн зүг  тэмүүлэх залуусын цуваа тасраагүй үе. Өвөрхангайгаас наашилсан нүүдэл дунд тулгар эх дуншсаар...Мягмаржав жолоочийнх  зорьсон нутаг “Хялганат”-даа бууриа засан, ханаа дугуйлангуут мантгар цагаан  хүү төрөв.  Энэ хүү өдгөө дөчин насны босго алхсан шийдэмгий харцтай, нуруулаг сайхан  эр  болжээ. Түүнийг  Эрдэнэт үйлдвэрийн гэрээт Гал унтраах, аврах  58-р ангийн аврагч, багны мастер  М.Ганзориг гэдэг. Дөлгөөн Сэлэнгэ дэргэдүүр нь мяралзах үлгэрийн хотхон мэт үзэсгэлэнт Хялганат нутагт түүний  балчир нас өнгөрчээ. М.Ганзориг гялалзсан хөдөлгөөнтэй, дүрсгүйдүү ч хүнд тусархуу, зоригтой хүү байж. Сэлэнгэ мөрөн бага зэргийн үертэй тэр нэгэн өдөр  усанд сэлэн  шумбаж байтал  хүмүүс гэнэт хашгиралдаад явчихав. Түүнээс нэлээн зайтай жаалхан хөвгүүн живж харагдлаа. Эргэн тойронд  ус руу  орж зүрхлэх хүн байсангүй.  М.Ганзориг хамаг хүчээрээ  хурдлан сэлсээр очиж  бяцхан хүүг татан авч, голын эрэгт гаргаснаар  алтан амийг нь аврав.  Аврагч болох анхны гараа нь эндээс эхэлсэн буюу.  Дунд сургуулиа төгссөн даруй  аврагч, гал сөнөөгч шалгаруулж авах зараар очиж шалгуулан тэнцсэнээр энэ ангийн  “байлдагч” болов. Ард иргэдийнхээ  амь нас, эд хөрөнгө болон улсын онцгой объектыг авран хамгаалах   хүнд хүчир, амаргүй албанд  22 жил үнэнчээр зүтгэжээ. Ганц л жишээ дурьдахад 2004 онд  Хаягдлын аж ахуйн 1880 м-ийн урттай хоолой лагаар бөглөрөн битүүрч, даруйхан нээхгүй бол үйлдвэр зогсох аюул тулгарсан үе. Турбан дотор М.Ганзориг дөрвөн  аврагч,  Баяжуулахын  мастер Пүрэвдалайн хамт  орж лагийг хүрздэж, малтаж  явсаар... Шугам хоолойн тэхий дунд  очиход тэднийг  огт агааргүй орчин угтав. Хөдөлмөрийн аюулгүй байдлын албаныхан  хүний амь эрсдэх аюултай  тул ажиллуулахаа зогсооё гэсэн ч,  бүхий л хүчээ шавхсаар  хүнд байдлаас гарсан гэдэг. Ийнхүү хоёр сар “ноцолдож” байж тэд хоолойг онгойлгож, үйлдвэрлэлийн тасралтгүй найдвартай  ажиллагааг хангах үйлсэд  гавьяа байгуулсан. Чөмөг хага ташим идэр есийн жавартайд  мөсөн доогуур аврах ажиллагаа явуулах, усанд  осолдсон хүний цогцсыг харанхуй шөнөөр гаргах  гэхчилэн аврагчид тохиох хүндхэн ачаа,  бэрхшээлд  тэр сөхөрч, халширч үзээгүй. Энгийн нэгэн  сонсоход ч эвгүйцмээр  зүйлтэй нүүр тулахдаа  тэр ер сэжиглэж цэрвэж байсангүй. Төрийн алтан соёмбо харж яваа гэж итгээд л, өргөсөн тангарагтаа үнэнч ажил үүргээ чин шударгаар гүйцэтгэнэ. Аврагч  хүний мөн чанар, тэсвэр хатуужлын туйлыг түүнээс харж болох. М.Ганзориг тухайн цагт ангийн захирагч асан хурандаа С.Мөнхбатын гарын “цэрэг”. Аврагч тухайн нөхцөл байдалд сэтгэл зүйгээ хэрхэн бэлтгэх, ажиллагааг хэрхэн гүйцэтгэх гэхчилэн их зүйлийг тэр хүнээс суралцаж. Хөлийг дөрөөнд, гарыг  ганзаганд хүргэсэн тэр ачтанд байнга талархаж явдаг юм билээ. Тусыг мартдаггүй  нь хүний мөс чанартайг нь илтгэнэ. “Энэ алба намайг хүмүүжүүлсэн. Ер нь л хатуухан үгэнд өрвөлздөг жаахан хөвгүүдийг цэргийн амьдрал, дүрэм журам цэгцэлж өгдөг. Эх оронч үзэл, монгол цэрэг гэх   бахархлыг эрхгүй төрүүлж, жинхэнэ эр хүнийг төлөвшүүлдэг гайхалтай алба” гэж эрс шулуухан хэлэхдээ тэрбээр өөрийн алба, ажил мэргэжлээрээ бахархаж буй нь илт байв. Тус ангийн аврагч Галын техник спортын Олон улсын хэмжээний мастер, сагс волейболын спортын мастер Ж.Болдбаатар агснаар бахархаж, цагаасаа эрт бурхны оронд заларсанд нь харамсаж явдгаа ярьсан. Ангийн захирагч А.Отгонбаяр, диспетчер С.Уранчимэг, нярав О.Тунгалагтамир нарын “онжав”-уудтайгаа мөр зэрэгцэн өдийг хүртэл ажиллаж яваадаа сэтгэл нь өег байдаг гэсэн. Энхийн цагт хөлс их гаргавал, дайны цагт цус бага урсана гэдэгчлэн залуусаа сургаж, дадлагажуулах, тэднийгээ албандаа хоёргүй сэтгэлээр зүтгэх сэтгэлтэй болгон хүмүүжүүлэхэд тэр санаа тавьдаг. “Одоогийн залуус ухамсартай, боловсролтой, бас богино хугацаанд төлөвшиж байна. Нэг л гэм нь аргадуулах гээд байдаг” гээд инээмсэглэсэн.

     Тэр хүнд итгэсэн шиг итгэдэг, бас хүний итгэлийг даасан шиг даадаг нэгэн. Итгэл даахгүй нэгнийг зүгээр л орхичихдог. Худал ярьж, хоосон амлахыг огтоос таашаадаггүй зантай.
     Тэрбээр ажил үйлсээрээ шалгаран 2003 онд Гамшгаас хамгаалах хэлтсийн Хөдөлмөрийн аварга, 2011, 2014 онд Онцгой байдлын газрын Хөдөлмөрийн аварга, 2002, 2006, 2010 онд Гал түймэр унтраах ангийн хөдөлмөрийн аварга, 2008 онд Монголын залуучуудын холбооны “Цэргийн алдар” алтан медаль, 2015 онд “Хөдөлмөрийн алдар” медаль, 2005, 2010, 2017 онд ОБЕГ-ын “Онцгой байдлын төлөө” 1,2,3-р зэргийн медаль, 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн хүндэт медаль, 2018 онд Онцгой байдлын Тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагджээ.
     Өдөр шөнийн аль ч цагт түгшүүрийн дохио, утасны дуудлагаар тушаал  авч “Мэдлээ, гүйцэтгэе” гэж  гараад  хэд ч хоногоор ажиллаж мэдэх эл  аврагчийн ар талд   “асаалттай танк” мэт зогсох бүсгүй бол Маналжавын Отгончимэг. Эднийх Г.Мөнхдөлгөөн, Г.Мөнххүслэн, Г.Галбаатар хэмээх гурван хүүтэй. Ар гэр, ахуй амьдралаа  найдвартай даагч “Дархан бэр” ханиараа бахархаж явдгаа ярьсан. Тэр хөвгүүддээ “эрдэм  номын мөр хөө, амь амьдралдаа арчаатай мэргэжил эзэмш” гэж  захидаг. Гэлээ ч ууган  хүүгийнхээ Хууль сахиулахын Их сургуулийн Онцгой байдлын сургуульд суралцах санаатайг нь сонсоод сэтгэлдээ баяртай яваагаа нуусангүй. Эгэл даруухан атлаа эгэлгүй их гавьяатай энэ залуу  ханьдаа, үрсдээ төдийгүй зон олондоо түшиг тулгуур, нөмөр нөөлөгтэй жинхэнэ эр хүн, энх цагийн баатар. Өргөсөн тангарагтаа хэзээд үнэнч, ард иргэдийнхээ амь нас  эрүүл мэндийн төлөө мятаршгүй тэмцэгч, гуйвшгүй шударга  ийм л эрс жинхэнэ Монгол цэрэг байх хувьтай. Энх цагийн баатрууд, мөрдэст дайчид та бүхний  гэгээн үйлс буян болон хурах болтугай.

Я.ЭНХТУЯА

   Энэ удаа бид Засвар механикийн заводын дарга Б.Баасансүрэнтэй ярилцлаа.

     -Та өнгөрсөн оныхоо ололт амжилтын талаар товч ярина уу?
    -Заводын хамт олон өнгөрсөн онд үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүдээ 100-аас дээш хувиар давуулан биелүүлсэн. Бусад үйл ажиллагааны чиглэлээр өмнөө тавьсан зорилтоо амжилттай хэрэгжүүлж эхлээд байна. Зарим томоохон ажлууд болох Цутгуурын үйлдвэрлэлийн хэвний технологид хүйтнээр хатуурах холимгоор хэв бэлтгэх хагас автомат шугам нэвтрүүлэх, цехийн хэмжээнд 2018-2032 онд хийгдэх өргөтгөл, шинэчлэлийн техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ боловсруулах төсөл, Олон улсын ISO 9001 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, мөн үйлдвэрлэн гаргаж байгаа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний өртгийг тооцох шинэчилсэн аргачлал боловсруулах зэрэг ажлыг эхлүүлсэн. Үүнээс гадна элэгдсэн эд ангийн сэргээн засварлах орчин үеийн арга, технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломж бүрдлээ. Өөрөөр хэлбэл ТЭЗҮ боловсруулсан, Вакуум хальсны хэвний технологийн тоног төхөөрөмжийг сайжруулах чиглэлээр нэмэгдэл тоноглолууд үйлдвэрлэх ажил хийгдсэн байгаа.

     -Хүйтнээр хатуурах холимгоор хэв барих хагас автомат шугам нэвтрүүлэх ажилд ямар хугацаа шаардагдах вэ?
    -Энэ шугамын ажлыг өмнө нь манай заводод хэсэгчлэн үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Одоо цутгуурын үйлдвэрлэлийн хэвний технологийн 30 орчим хувьд ашиглаж байгаа. Энэ технологийн давуу талыг сайтар судлан заводын инженерүүдийн хүчээр ТЭЗҮ боловсруулж өмнөх онд Их барилгын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгасан. Ингээд өнгөрсөн онд Герман улсын FAT гэж цутгуурын үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг компанитай худалдан авах гэрээ байгуулснаар ажил эхэлсэн юм. Гэрээний дагуу нэг жилийн хугацаанд энэ ажлыг гүйцэтгэх ёстой. Компанийн Ерөнхий захирлын 2018 оны 9 дүгээр сарын 27–ны өдрийн А/755 дугаар тушаалаар  Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч - Ерөнхий инженерээр ахлуулсан ажлын хэсэг мөн чиглэл хариуцсан захирлын дэд ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Ажил төлөвлөгөөний дагуу явж байна. ЗМЗ-ын үйлдвэрлэлийн үйл ажиллагааг 2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 1-ний дотор бүрэн зогсоож тоног төхөөрөмжийг шинээр болон шилжүүлэн угсарч суурилуулах ажил хийгдэнэ. Одоогоор бэлтгэл ажлууд хэвийн хангагдаад явж байна.

     -Танай заводын зогсолтын үед компанийн бүтцийн нэгжүүдэд шаардлагатай сэлбэг хэрэгслээр хэрхэн хангахаар төлөвлөсөн бэ?
    -Мэдээж, энэ хамгийн том асуудал. Бид бүтцийн нэгжүүдтэй ярилцаад аль болох шаардлагатай сэлбэг хэрэгсэл худалдан авахгүй байхаар нөөц бүрдүүлэх төлөвлөгөө гарган ажиллаж байна. Өмнөх оны сүүлийн улирлаас нэмэлт үйлдвэрлэл явуулж эхэлсэн.  2019 онд манай завод үйлдвэрлэлийн ачаалалтай ажиллана. Энэ жилийн үйлдвэрлэл өнгөрсөн онуудын үйлдвэрлэлийн хэмжээнээс  өндөр төлөвлөгдсөн. Нийт  4670 гаруй тонн цутгамал бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Заводын бусад үйлдвэрлэлийн хэмжээ ч нэмэгдсэн байгаа. Энэ хагас автомат шугамын технологи үйлдвэрлэлд нэвтэрснээр 440 орчим хэвний модон загвар, 460 гаруй тонн хэвний металл хашлага ажил эхлэхэд бэлэн байх ёстой. Эдгээрээс завод өөрийн хүчээр боломжоороо хийнэ. Зарим хэсгийг нь, ялангуяа хэвний модон загварыг манай зарим ажилтнууд гадаадад хийлгэх судалгаа гаргасан. Хэвний модон загварыг дурын мужааны цех хийхгүй л дээ. Учир нь цутгамлын маш олон техникийн шаардлага, нөхцөл хэмжээ байдаг. Хэвний загвар маш зөв алдаагүй байж сая чанартай, гологдолгүй бүтээгдэхүүн гардаг.

     -Ажлын өөр хүндрэл бэрхшээл гарч байна уу?
    -Ажил хийх боломжгүй хүндрэл гарах нь гайгүй болов уу. Гэхдээ заводын үйлдвэрлэлийн төлөвлөгөөг биелүүлэх, төлөвлөсөн ажлыг цаг хугацаанд хийж хэрэгжүүлэхэд материал түүхий эдийн хангамжийн асуудлыг цаг тухайд нь хугацаа алдахгүй нийлүүлэлт хийвэл бид хийх ёстой зүйлүүдээ хийчихнэ. Гол асуудал энэ л байна. Манай хамт олон ажлын дадлага туршлагатай учраас зохион байгуулалтыг зөв хийгээд явбал ажилд нэг их хүндрэл үүсэх нь гайгүй. Өөр нэг асуудал нь зогсолт хийх зургаан сарын хугацаанд нийт 100 гаруй хүнийг ажлын байраар хангаж чадахгүй байдал үүснэ. Үүнийг хэрхэн шийдэх талаар Захиргаа, хүний нөөцийн хэлтэс, Эдийн засгийн хэлтэстэй ярилцаж бүтцийн нэгжүүдэд түр ажлын байраар хангах тухай санал явуулсан байгаа.

    -Танай заводын гаргаж буй бүтээгдэхүүний чанар хэр байна. Танай хамт олон ямар шинэ санал санаачилга гарган үйлдвэрлэлд нэвтрүүлээд байна вэ?
    -Манай завод үйл ажиллагаа явуулаад 40 жил болж байна. Өнгөрсөн онд компанитайгаа хамт 40 жилээ тэмдэглэсэн. Энэ хугацаанд Заводын үйлдвэрлэлийн технологид хэсэгчилсэн байдлаар шинэчлэлүүд хийгдсэн. Өнөөдрийн ашиглаж буй техник технологийн хувьд бүтээгдэхүүний чанар тийм ч муу биш байгаа. Бид ажиллах ёстой техникийн шаардлага, стандарт, технологийн горимыг мөрдөн ажиллаж байна. Гэвч орчин үеийн техник технологийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэх шаардлага зүй ёсоор гардаг. Үүнтэй  уялдуулан техник технологийн шинэчлэлийг үе шаттай хийж бүтээгдэхүүний чанар, стандартад мэдэгдэхүйц өөрчлөлт гаргах зайлшгүй шаардлагатай. Тиймээс бид дээр дурдсан техник технологийн шинэчлэл хийх, Олон улсын ISO 9001 стандарт, өртгийн аргачлал, ТЭЗҮ гаргах зэрэг бодлогын бичиг баримт боловсруулах ажлыг эхлүүлсэн.  Манай инженер техникийн ажилтнууд заводын дэргэдэх инженерийн зөвлөл болон өөрсдөө санаачилгатай ажиллаж байгаа. Бид цутгуурын цехийн өнгөт металл хайлах индукцийн зуухыг зөвхөн өнгөт металл хайлах биш хар металл хайлдаг болгосон. Өөрөөр хэлбэл өнгөт болон хар металл хайлна гэсэн үг. Ингэснээр бага оврын жижиг, цөөн тооны эд ангийг цутгах боломжтой.

    -Танай Инженерийн зөвлөл цаашид хийх ажлаа хэрхэн  төлөвлөсөн бэ?
    -Өмнө нь миний бие инженер техникийн ажилтнуудыг нэгтгэн нэг баг болгон ажиллуулах талаар тухайн үеийн заводын удирдлагуудад танилцуулсан ч ажил болгож чадаагүй өөр цех рүү явсан л даа. Нэг л болж өгөхгүй байсан. Ингээд 2016 онд ажил аваад байтал зарим инженерүүдээс санал ирсэн. Тэднийг дэмжсэн нь зөв алхам болсон. Инженерийн зөвлөл өмнөх онд дөрвөн чиглэлээр 21 ажил хийхээр төлөвлөснөөс биелэлт 87 орчим хувьтай гарсан. 2019 онд арай бодит байдалд нийцүүлж үйл ажиллагаагаа явуулахаар төлөвлөсөн байгаа. Ер нь Инженерийн зөвлөл байгуулсан нь сайнаар нөлөөлсөн, цаашид хийх ажлаа боловсронгуй болгон сайжруулж ажиллах шаардлага бий. Засвар механикийн завод нь Монголын металл боловсруулах, машин үйлдвэрлэлийн салбарын том обьект. Тэгэхээр манай инженерүүд санаачилгатай байх ёстой. Тэд зөвхөн нэг зүйлийг нөгөөгөөр солих, хуулбарлах биш эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийдэг түүнийгээ үйлдвэрлэлд туршдаг, инженерийн тооцоолол хийдэг, байх ёстой. Тиймээс бид 2018 оноос Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуультай хамтран ажиллах чиглэлээр ажлууд төлөвлөсөн ч тааруу хэрэгжсэнд  шүүмжлэлтэй хандаж байгаа. 2019 оноос хамтран ажиллах инженерүүдийг судалгааны ажилд татан оролцуулах чиглэл баримтална. Энэ ажлын хүрээнд Технологийн сургуулийн металл судлалын лабораторийг өргөжүүлэх, орчин үеийн дижитал лаборатори байгуулах, хамтран ажиллах төлөвлөгөөг шинэчлэх ажил хийгдсэн. Манай завод ирээдүйд салбарын тэргүүлэх, тулгуур үйлдвэр болох, бүс нутагт үйл ажиллагаа явуулах зорилт тавьж байгаа. Иймээс эрдэм шинжилгээ судалгаа, туршилт, үйлдвэрлэл гэсэн үзэл баримтлалыг хөгжүүлэх ёстой. Ер нь манай заводын үйлдвэрлэлийн гол асуудал бол зураг төсөл боловсруулан тооцоо судалгаа хийж эцсийн бүтээгдэхүүн чанартай, гологдолгүй гарснаар инженерийн хөгжил дэвшилд сайн нөлөө үзүүлэх юм. Инженерийн зөвлөл судалгаа шинжилгээ, сургалт, үйлдвэрлэлийг холбож ажиллах ёстой гэж боддог.

    -Одоогоор импорт орлох хэчнээн нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна вэ?
    -Импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэл нь манай заводын үйлдвэрлэлийн чухал хэсэг. 2014 оноос эхлэн импорт орлох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн бүртгэж, нутагшуулах үйл ажиллагаа эхэлсэн. Өмнө нь импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ч бүртгэлгүй, юу хийснээ тооцдоггүй байж. Өмнөх онд 250 гаруй нэр төрлийн 20,3 тэрбум орчим төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байх жишээтэй. Импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн зэрэгцээ нутагшуулах нь чухал. Энэ асуудалд компанийн бүтцийн нэгжүүд санаачилгатай байх ёстой. Нэг удаа хийлгээд дараа жилээс нь худалдан авахаар захиалах биш сайжруулах, чанаржуулах талаар манай заводтой хамтран ажиллах хэрэгтэй гэж боддог. Бид үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ жил бүр бүртгэдэг.  Бүтцийн нэгжүүдийн захиалгаар ажилладаг. Үүнийг арай боловсронгуй болгох хэрэгтэй.

    -Компанийн удирдлагаас танай заводын цаашдын хөгжлийн талаар анхаарч Монголын машин үйлдвэрлэлийн бааз болох тухай ч яригддаг. Энэ талаарх таны бодлыг сонсъё?
    - Манай завод бол машин үйлдвэрлэлийн нэг хэсэг. Ер нь машин үйлдвэрлэл гэдэг ерөнхий нэр л дээ. Зарим хүмүүс машин үйлдвэрлэл гэхээр өөрт хамгийн ойр автомашины тухай, нэг жийп машин эсвэл нэг авто техникийн тухай төсөөлдөг юм шиг. Гэхдээ таныг ингэж боддог гэж байгаа юм биш. Манай заводыг үзсэн гаднын буюу техникийн мэргэжлийн бус хүмүүс ямар ч хамаагүй автомашин эсвэл юу ч гэмээр юм бэ дээ дугуйтай явдаг машин хийж болох мэтээр асуудаг, бас хийж болно гээд л ярьдаг. Ихэнхтэй би санал нийлдэггүй. Машин үйлдвэрлэл бол олон салбартай гэж болно. Мөнхүү олон салбарыг дэмжиж дагуулж хөгжүүлдэг аж үйлдвэрийн томоохон суурь юм. Тухайлбал бидэнд хамгийн ойрхноос нь хэлбэл авто машин үйлдвэрлэл, уул уурхайн машин үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн, эрчим хүчний, барилгын машин механизм, суурь машин үйлдвэрлэл гэх мэт үргэлжилнэ.  Тэгэхээр манайх өнөөдөртөө яг бүхэл бүтэн нэг машин үйлдвэрлэх боломж хараахан бүрдээгүй.  Машин үйлдвэрлэл бол нэг машинд ордог бүх нэр төрлийн эд ангийг нэг газар, нэг дор хийдэггүй, тийм ч боломжгүй. Нэг машиныг бүрдүүлдэг эд анги, зангилааг хийж болох, хийдэг бусад чиглэлийн үйлдвэрүүдэд хийнэ, тэгээд нийлүүлж угсраад ямар нэг машин болдог. Ингэж бусдыгаа дэмждэг.  Ер нь бол Засвар механикийн завод машин үйлдвэрлэнэ. Гэхдээ машин үйлдвэрлэхийн тулд зайлшгүй техник, технологийн шинэчлэл хийх хэрэгтэй болно. Энэ шинэчлэлийг бид эхлүүлэхийг хүсэж зорьж байгаа. Дээр ярьсан тэр олон үйлдэлт суурь машинууд, хүйтнээр хатуурдаг хэвний холимгийн технологи гээд л... Засвар механикийн заводын техник, технологийг үе шаттай, бодлогоор шинэчлэн сайжруулж уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуй, барилгын үйлдвэрлэлийн тоноглол, төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, эд анги, бүтээгдэхүүн үйлдвэрлэл болон импорт орлох бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлж зах зээлийг өргөжүүлэх, борлуулалтыг идэвхжүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах үр ашгийг дээшлүүлэх зорилт тавин ажиллах нэг боломж гэж харж байна.
   
   -Цаг гарган ярилцсанд баярлалаа.

Т.БАТЧУЛУУН

Мэдээний төрөл

Календарь

« 3-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Зургийн цомог