Эрдэнэтээ дэмжье

     Улсын онцгой объект Эрдэнэт үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангахад сахилга бат, дэг журам, аюулгүй ажиллагаа, зөв ёс зүй, өндөр технологи, стандарт, сайн зохион байгуулалт, бүтээмжтэй ажлын арга барил нэн чухал. “Аюул ослоос ангид байя” уриатай Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчныг хамгаалах хэлтэс ХАБ-ын чиглэлээр хийгддэг дөрөвдүгээр шатны үзлэгээ эхлүүлжээ. Эрдэнэт үйлдвэрийн Гамшгаас хамгаалах штабын орлогч, ХАБЭАБОХХ-ийн дарга Д.Цагаан-Эрдэнэтэй ярилцлаа.

     - Онцгой дэглэм тогтоосонтой холбогдуулан гарсан Ерөнхий захирлын тушаалын хэрэгжилт хэр байна вэ?
     - Ерөнхий захирлын тушаалыг үндэслэн ажилчдын сахилга батыг хангах, эрүүл, аятай таатай орчинд, аюулгүйгээр ажил үүргээ гүйцэтгэхэд анхаарч байна. Бүх нийтийн амралтын өдрүүдэд цех, нэгжийн удирдлагууд хариуцлагатай жижүүрээр ажилласан. Онцгой дэглэм тогтоосон энэ үед, манай хэлтэс холбогдох нэгжүүдтэй хамтран алслагдсан объектуудын харуул хамгаалалт, жижүүрүүдийн сахилга хариуцлагад хяналт тавьж байна. Онц байдал зарласан гээд үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаа алдагдах ёсгүй. Хаврын улиралд нэг анхаарах зүйл нь гал түймрийн аюул байдаг. Гал унтраах 58 дугаар ангитай хамтран хяналт тавьж байна. Мөн Онцгой байдлын Ерөнхий газраас Монгол улс даяар энэ сарын 20-21-нд Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага хийх тухай мэдэгдэл ирсэн. Энэ ажлаа хэрэгжүүлж байна. Компанийн хэмжээнд хэвшил болсон нэг том ажил нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дөрөвдүгээр шатны иж бүрэн үзлэг юм. Энэ үзлэгийн ажлын хэсэг нь 22 гишүүнтэй, тэд төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа юм. Шалгалт Баяжуулах фабрик дээр үргэлжилж байна.

     - Оны эхний улирал дуусч байна. Үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангахад танай хэлтэс төлөвлөгөөт ямар ажлууд хийж байна вэ?
     - Бид өнгөрсөн онд үйлдвэрийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчныг хамгаалах чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, нэгдүгээр сарын 11-нд дүнгийн хурлаа танилцуулсан. Энэ хуралд компанийн төлөөлөл, үйлдвэрийн удирдлагуудаас бүрдсэн 443 хүн оролцож, ажлаа дүгнэлээ. Мөн ажиллагсдын дунд нээлттэй санал авч нэгтгэсэн. Бид дүнгийн хурлаас гарсан шийдвэрийг үндэслэн 2019 оны ажлаа төлөвлөж, үйлдвэрийн Ерөнхий захирлаар батлуулан, хэрэгжүүлж эхлээд байна.

     - Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах нь уул уурхайн салбарт маш чухал асуудал байдаг. Манай үйлдвэрийн тухайд?
     - Бид сүүлийн таван жилийн үйл ажиллагаандаа харьцуулалт хийж, дүнгийн хурлаар танилцуулсан. Эндээс харахад 2017, 2018 онд үйлдвэрлэлийн ослын тоо эрс буурсан нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахаар хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүн гарч байна. Үйлдвэрлэлийн осолд шууд тооцох боломжгүй. Мөн үйлдвэрийн автобус явдаггүй, чиглэл заагаагүй газраас хувийн тэргээр зорчдог ажилчид манайд цөөнгүй. Хальтиргаа гулгаатай өвлийн улиралд эдгээр ажилчдынхаа аюулгүй нөхцөлийг зохицуулах үүднээс хамтарсан гэрээ хийж, зөвшөөрөл олгож ажиллалаа. Ойрын үед хамгаалах хэрэгсэл, халуун хоол, хор саармагжуулах бүтээгдэхүүнээр ажиллагсдаа хангах компаниудыг сонгон шалгаруулна.  

     - Ажилчдын эрүүл мэндийн чиглэлээр хийж байгаа онцлох ажлуудаас дурьдвал?
    - Манай хэлтэс Үйлдэрчний эвлэлийн холбоотой байгуулсан “Хамтын гэрээ”-ний хэрэгжилтийг хангадаг. Тухайлбал, үйлдвэрийн ажилчдын халуун хоол,  хор саармагжуулах хүнсний болон сүү сүүн бүтээгдэхүүний чанарт хяналт тавьж, витаминжуулдаг. Мөн үйлдвэрийн бүс дэх цэвэр усны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэхээр ус цэвэршүүлэх 20 гаруй төхөөрөмж байрлууллаа. Ээлж харгалзахгүйгээр халуун хоолны үнийг 9800 төгрөг болгосон нь хоолны чанарыг сайжруулахад нөлөөлж байна. Манай хэлтэс Эрдэнэт сувиллын цогцолбортой хамтран үйлдвэрийн нийт ажилчдын эрүүл мэндийн хөтөлбөрийг амжилттай зохион байгууллаа.

     - Ижил төстэй үйл ажиллагаатай, уул уурхайн компаниудтай туршлага солилцох ажлын үр дүн гарч байна уу?
    - Манай үйлдвэр хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад манлайлж оролцсон ажилчдаа урамшуулж, мөн ХАБ-ын инженерүүдээ бусад уул уурхайн компаниудад туршлага солилцуулах ажлыг тогтмол зохион байгуулдаг. Эрдэнэт үйлдвэр, “Оюутолгой” компанитай хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр гэрээ үзэглэж, гурван жил хамтран ажиллаж байна. Бид уул уурхайн ууган үйлдвэр, жишиг компани хэдий ч “Оюутолгой” компаниас суралцах зүйл чамгүй бий. Тус компанид хэрэгждэг Ноцтой эрсдэлийг удирдах менежментийг үндсэн цехүүддээ нэвтрүүллээ. Эрдэнэт үйлдвэр Монгол улсын бүх л стандарт, хууль тогтоомжийг мөрдөж ажиллах ёстой. Тиймээс ч шинээр гарсан Олон улсын ISO45001 чанарын стандартыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

     - Энэ хавар хуурайшилт ихтэй, салхитай байгаагаас болж цагаан тоосны дэгдэлт үе үе гарч байна?  
    - Үйлдвэрийн хаягдлын аж ахуйн цагаан тоосны дэгдэлтийг бууруулах ажлын хүрээнд Орхон аймаг, үйлдвэр хоёр хамтран ажиллахаар болоод байгаа. Энэ хүрээнд Хангалын голын бохирдол, цагаан тоосны асуудлаар ажлын хэсэг байгуулж, аймгийн Засаг даргын зөвлөл, Иргэдийн хурлын тэргүүлэгчдээр хөтөлбөрөө хэлэлцүүлсэн. Бид хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа хүчин зүйлсийг бууруулахад анхаарч ажиллах болно. 2018 онд цагаан тоосны 42 удаагийн дэгдэлт бүртгэгдсэн. Энэ өвөл цас багатай, хавар нь хуурайшилт ихтэй байгаа тул тоос дэгдэж байна. Эрдэнэт үйлдвэр цагаан тоос дарах шинэ туршилтаа дөрөвдүгээр сараас хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөсөн.


И.ЧИНТОГТОХ

   Энэ удаа бид Засвар механикийн заводын дарга Б.Баасансүрэнтэй ярилцлаа.

     -Та өнгөрсөн оныхоо ололт амжилтын талаар товч ярина уу?
    -Заводын хамт олон өнгөрсөн онд үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүдээ 100-аас дээш хувиар давуулан биелүүлсэн. Бусад үйл ажиллагааны чиглэлээр өмнөө тавьсан зорилтоо амжилттай хэрэгжүүлж эхлээд байна. Зарим томоохон ажлууд болох Цутгуурын үйлдвэрлэлийн хэвний технологид хүйтнээр хатуурах холимгоор хэв бэлтгэх хагас автомат шугам нэвтрүүлэх, цехийн хэмжээнд 2018-2032 онд хийгдэх өргөтгөл, шинэчлэлийн техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ боловсруулах төсөл, Олон улсын ISO 9001 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, мөн үйлдвэрлэн гаргаж байгаа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний өртгийг тооцох шинэчилсэн аргачлал боловсруулах зэрэг ажлыг эхлүүлсэн. Үүнээс гадна элэгдсэн эд ангийн сэргээн засварлах орчин үеийн арга, технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломж бүрдлээ. Өөрөөр хэлбэл ТЭЗҮ боловсруулсан, Вакуум хальсны хэвний технологийн тоног төхөөрөмжийг сайжруулах чиглэлээр нэмэгдэл тоноглолууд үйлдвэрлэх ажил хийгдсэн байгаа.

     -Хүйтнээр хатуурах холимгоор хэв барих хагас автомат шугам нэвтрүүлэх ажилд ямар хугацаа шаардагдах вэ?
    -Энэ шугамын ажлыг өмнө нь манай заводод хэсэгчлэн үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Одоо цутгуурын үйлдвэрлэлийн хэвний технологийн 30 орчим хувьд ашиглаж байгаа. Энэ технологийн давуу талыг сайтар судлан заводын инженерүүдийн хүчээр ТЭЗҮ боловсруулж өмнөх онд Их барилгын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгасан. Ингээд өнгөрсөн онд Герман улсын FAT гэж цутгуурын үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг компанитай худалдан авах гэрээ байгуулснаар ажил эхэлсэн юм. Гэрээний дагуу нэг жилийн хугацаанд энэ ажлыг гүйцэтгэх ёстой. Компанийн Ерөнхий захирлын 2018 оны 9 дүгээр сарын 27–ны өдрийн А/755 дугаар тушаалаар  Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч - Ерөнхий инженерээр ахлуулсан ажлын хэсэг мөн чиглэл хариуцсан захирлын дэд ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Ажил төлөвлөгөөний дагуу явж байна. ЗМЗ-ын үйлдвэрлэлийн үйл ажиллагааг 2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 1-ний дотор бүрэн зогсоож тоног төхөөрөмжийг шинээр болон шилжүүлэн угсарч суурилуулах ажил хийгдэнэ. Одоогоор бэлтгэл ажлууд хэвийн хангагдаад явж байна.

     -Танай заводын зогсолтын үед компанийн бүтцийн нэгжүүдэд шаардлагатай сэлбэг хэрэгслээр хэрхэн хангахаар төлөвлөсөн бэ?
    -Мэдээж, энэ хамгийн том асуудал. Бид бүтцийн нэгжүүдтэй ярилцаад аль болох шаардлагатай сэлбэг хэрэгсэл худалдан авахгүй байхаар нөөц бүрдүүлэх төлөвлөгөө гарган ажиллаж байна. Өмнөх оны сүүлийн улирлаас нэмэлт үйлдвэрлэл явуулж эхэлсэн.  2019 онд манай завод үйлдвэрлэлийн ачаалалтай ажиллана. Энэ жилийн үйлдвэрлэл өнгөрсөн онуудын үйлдвэрлэлийн хэмжээнээс  өндөр төлөвлөгдсөн. Нийт  4670 гаруй тонн цутгамал бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Заводын бусад үйлдвэрлэлийн хэмжээ ч нэмэгдсэн байгаа. Энэ хагас автомат шугамын технологи үйлдвэрлэлд нэвтэрснээр 440 орчим хэвний модон загвар, 460 гаруй тонн хэвний металл хашлага ажил эхлэхэд бэлэн байх ёстой. Эдгээрээс завод өөрийн хүчээр боломжоороо хийнэ. Зарим хэсгийг нь, ялангуяа хэвний модон загварыг манай зарим ажилтнууд гадаадад хийлгэх судалгаа гаргасан. Хэвний модон загварыг дурын мужааны цех хийхгүй л дээ. Учир нь цутгамлын маш олон техникийн шаардлага, нөхцөл хэмжээ байдаг. Хэвний загвар маш зөв алдаагүй байж сая чанартай, гологдолгүй бүтээгдэхүүн гардаг.

     -Ажлын өөр хүндрэл бэрхшээл гарч байна уу?
    -Ажил хийх боломжгүй хүндрэл гарах нь гайгүй болов уу. Гэхдээ заводын үйлдвэрлэлийн төлөвлөгөөг биелүүлэх, төлөвлөсөн ажлыг цаг хугацаанд хийж хэрэгжүүлэхэд материал түүхий эдийн хангамжийн асуудлыг цаг тухайд нь хугацаа алдахгүй нийлүүлэлт хийвэл бид хийх ёстой зүйлүүдээ хийчихнэ. Гол асуудал энэ л байна. Манай хамт олон ажлын дадлага туршлагатай учраас зохион байгуулалтыг зөв хийгээд явбал ажилд нэг их хүндрэл үүсэх нь гайгүй. Өөр нэг асуудал нь зогсолт хийх зургаан сарын хугацаанд нийт 100 гаруй хүнийг ажлын байраар хангаж чадахгүй байдал үүснэ. Үүнийг хэрхэн шийдэх талаар Захиргаа, хүний нөөцийн хэлтэс, Эдийн засгийн хэлтэстэй ярилцаж бүтцийн нэгжүүдэд түр ажлын байраар хангах тухай санал явуулсан байгаа.

    -Танай заводын гаргаж буй бүтээгдэхүүний чанар хэр байна. Танай хамт олон ямар шинэ санал санаачилга гарган үйлдвэрлэлд нэвтрүүлээд байна вэ?
    -Манай завод үйл ажиллагаа явуулаад 40 жил болж байна. Өнгөрсөн онд компанитайгаа хамт 40 жилээ тэмдэглэсэн. Энэ хугацаанд Заводын үйлдвэрлэлийн технологид хэсэгчилсэн байдлаар шинэчлэлүүд хийгдсэн. Өнөөдрийн ашиглаж буй техник технологийн хувьд бүтээгдэхүүний чанар тийм ч муу биш байгаа. Бид ажиллах ёстой техникийн шаардлага, стандарт, технологийн горимыг мөрдөн ажиллаж байна. Гэвч орчин үеийн техник технологийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэх шаардлага зүй ёсоор гардаг. Үүнтэй  уялдуулан техник технологийн шинэчлэлийг үе шаттай хийж бүтээгдэхүүний чанар, стандартад мэдэгдэхүйц өөрчлөлт гаргах зайлшгүй шаардлагатай. Тиймээс бид дээр дурдсан техник технологийн шинэчлэл хийх, Олон улсын ISO 9001 стандарт, өртгийн аргачлал, ТЭЗҮ гаргах зэрэг бодлогын бичиг баримт боловсруулах ажлыг эхлүүлсэн.  Манай инженер техникийн ажилтнууд заводын дэргэдэх инженерийн зөвлөл болон өөрсдөө санаачилгатай ажиллаж байгаа. Бид цутгуурын цехийн өнгөт металл хайлах индукцийн зуухыг зөвхөн өнгөт металл хайлах биш хар металл хайлдаг болгосон. Өөрөөр хэлбэл өнгөт болон хар металл хайлна гэсэн үг. Ингэснээр бага оврын жижиг, цөөн тооны эд ангийг цутгах боломжтой.

    -Танай Инженерийн зөвлөл цаашид хийх ажлаа хэрхэн  төлөвлөсөн бэ?
    -Өмнө нь миний бие инженер техникийн ажилтнуудыг нэгтгэн нэг баг болгон ажиллуулах талаар тухайн үеийн заводын удирдлагуудад танилцуулсан ч ажил болгож чадаагүй өөр цех рүү явсан л даа. Нэг л болж өгөхгүй байсан. Ингээд 2016 онд ажил аваад байтал зарим инженерүүдээс санал ирсэн. Тэднийг дэмжсэн нь зөв алхам болсон. Инженерийн зөвлөл өмнөх онд дөрвөн чиглэлээр 21 ажил хийхээр төлөвлөснөөс биелэлт 87 орчим хувьтай гарсан. 2019 онд арай бодит байдалд нийцүүлж үйл ажиллагаагаа явуулахаар төлөвлөсөн байгаа. Ер нь Инженерийн зөвлөл байгуулсан нь сайнаар нөлөөлсөн, цаашид хийх ажлаа боловсронгуй болгон сайжруулж ажиллах шаардлага бий. Засвар механикийн завод нь Монголын металл боловсруулах, машин үйлдвэрлэлийн салбарын том обьект. Тэгэхээр манай инженерүүд санаачилгатай байх ёстой. Тэд зөвхөн нэг зүйлийг нөгөөгөөр солих, хуулбарлах биш эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийдэг түүнийгээ үйлдвэрлэлд туршдаг, инженерийн тооцоолол хийдэг, байх ёстой. Тиймээс бид 2018 оноос Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуультай хамтран ажиллах чиглэлээр ажлууд төлөвлөсөн ч тааруу хэрэгжсэнд  шүүмжлэлтэй хандаж байгаа. 2019 оноос хамтран ажиллах инженерүүдийг судалгааны ажилд татан оролцуулах чиглэл баримтална. Энэ ажлын хүрээнд Технологийн сургуулийн металл судлалын лабораторийг өргөжүүлэх, орчин үеийн дижитал лаборатори байгуулах, хамтран ажиллах төлөвлөгөөг шинэчлэх ажил хийгдсэн. Манай завод ирээдүйд салбарын тэргүүлэх, тулгуур үйлдвэр болох, бүс нутагт үйл ажиллагаа явуулах зорилт тавьж байгаа. Иймээс эрдэм шинжилгээ судалгаа, туршилт, үйлдвэрлэл гэсэн үзэл баримтлалыг хөгжүүлэх ёстой. Ер нь манай заводын үйлдвэрлэлийн гол асуудал бол зураг төсөл боловсруулан тооцоо судалгаа хийж эцсийн бүтээгдэхүүн чанартай, гологдолгүй гарснаар инженерийн хөгжил дэвшилд сайн нөлөө үзүүлэх юм. Инженерийн зөвлөл судалгаа шинжилгээ, сургалт, үйлдвэрлэлийг холбож ажиллах ёстой гэж боддог.

    -Одоогоор импорт орлох хэчнээн нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна вэ?
    -Импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэл нь манай заводын үйлдвэрлэлийн чухал хэсэг. 2014 оноос эхлэн импорт орлох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн бүртгэж, нутагшуулах үйл ажиллагаа эхэлсэн. Өмнө нь импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ч бүртгэлгүй, юу хийснээ тооцдоггүй байж. Өмнөх онд 250 гаруй нэр төрлийн 20,3 тэрбум орчим төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байх жишээтэй. Импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн зэрэгцээ нутагшуулах нь чухал. Энэ асуудалд компанийн бүтцийн нэгжүүд санаачилгатай байх ёстой. Нэг удаа хийлгээд дараа жилээс нь худалдан авахаар захиалах биш сайжруулах, чанаржуулах талаар манай заводтой хамтран ажиллах хэрэгтэй гэж боддог. Бид үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ жил бүр бүртгэдэг.  Бүтцийн нэгжүүдийн захиалгаар ажилладаг. Үүнийг арай боловсронгуй болгох хэрэгтэй.

    -Компанийн удирдлагаас танай заводын цаашдын хөгжлийн талаар анхаарч Монголын машин үйлдвэрлэлийн бааз болох тухай ч яригддаг. Энэ талаарх таны бодлыг сонсъё?
    - Манай завод бол машин үйлдвэрлэлийн нэг хэсэг. Ер нь машин үйлдвэрлэл гэдэг ерөнхий нэр л дээ. Зарим хүмүүс машин үйлдвэрлэл гэхээр өөрт хамгийн ойр автомашины тухай, нэг жийп машин эсвэл нэг авто техникийн тухай төсөөлдөг юм шиг. Гэхдээ таныг ингэж боддог гэж байгаа юм биш. Манай заводыг үзсэн гаднын буюу техникийн мэргэжлийн бус хүмүүс ямар ч хамаагүй автомашин эсвэл юу ч гэмээр юм бэ дээ дугуйтай явдаг машин хийж болох мэтээр асуудаг, бас хийж болно гээд л ярьдаг. Ихэнхтэй би санал нийлдэггүй. Машин үйлдвэрлэл бол олон салбартай гэж болно. Мөнхүү олон салбарыг дэмжиж дагуулж хөгжүүлдэг аж үйлдвэрийн томоохон суурь юм. Тухайлбал бидэнд хамгийн ойрхноос нь хэлбэл авто машин үйлдвэрлэл, уул уурхайн машин үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн, эрчим хүчний, барилгын машин механизм, суурь машин үйлдвэрлэл гэх мэт үргэлжилнэ.  Тэгэхээр манайх өнөөдөртөө яг бүхэл бүтэн нэг машин үйлдвэрлэх боломж хараахан бүрдээгүй.  Машин үйлдвэрлэл бол нэг машинд ордог бүх нэр төрлийн эд ангийг нэг газар, нэг дор хийдэггүй, тийм ч боломжгүй. Нэг машиныг бүрдүүлдэг эд анги, зангилааг хийж болох, хийдэг бусад чиглэлийн үйлдвэрүүдэд хийнэ, тэгээд нийлүүлж угсраад ямар нэг машин болдог. Ингэж бусдыгаа дэмждэг.  Ер нь бол Засвар механикийн завод машин үйлдвэрлэнэ. Гэхдээ машин үйлдвэрлэхийн тулд зайлшгүй техник, технологийн шинэчлэл хийх хэрэгтэй болно. Энэ шинэчлэлийг бид эхлүүлэхийг хүсэж зорьж байгаа. Дээр ярьсан тэр олон үйлдэлт суурь машинууд, хүйтнээр хатуурдаг хэвний холимгийн технологи гээд л... Засвар механикийн заводын техник, технологийг үе шаттай, бодлогоор шинэчлэн сайжруулж уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуй, барилгын үйлдвэрлэлийн тоноглол, төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, эд анги, бүтээгдэхүүн үйлдвэрлэл болон импорт орлох бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлж зах зээлийг өргөжүүлэх, борлуулалтыг идэвхжүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах үр ашгийг дээшлүүлэх зорилт тавин ажиллах нэг боломж гэж харж байна.
   
   -Цаг гарган ярилцсанд баярлалаа.

Т.БАТЧУЛУУН

Лхагва, 20 3-р сар 2019 00:00

Энх цагийн баатар

     Эрдэнэсийн их уурхай үүдээ нээж,  эх орны өнцөг булан бүрээс Эрдэнэтийн зүг  тэмүүлэх залуусын цуваа тасраагүй үе. Өвөрхангайгаас наашилсан нүүдэл дунд тулгар эх дуншсаар...Мягмаржав жолоочийнх  зорьсон нутаг “Хялганат”-даа бууриа засан, ханаа дугуйлангуут мантгар цагаан  хүү төрөв.  Энэ хүү өдгөө дөчин насны босго алхсан шийдэмгий харцтай, нуруулаг сайхан  эр  болжээ. Түүнийг  Эрдэнэт үйлдвэрийн гэрээт Гал унтраах, аврах  58-р ангийн аврагч, багны мастер  М.Ганзориг гэдэг. Дөлгөөн Сэлэнгэ дэргэдүүр нь мяралзах үлгэрийн хотхон мэт үзэсгэлэнт Хялганат нутагт түүний  балчир нас өнгөрчээ. М.Ганзориг гялалзсан хөдөлгөөнтэй, дүрсгүйдүү ч хүнд тусархуу, зоригтой хүү байж. Сэлэнгэ мөрөн бага зэргийн үертэй тэр нэгэн өдөр  усанд сэлэн  шумбаж байтал  хүмүүс гэнэт хашгиралдаад явчихав. Түүнээс нэлээн зайтай жаалхан хөвгүүн живж харагдлаа. Эргэн тойронд  ус руу  орж зүрхлэх хүн байсангүй.  М.Ганзориг хамаг хүчээрээ  хурдлан сэлсээр очиж  бяцхан хүүг татан авч, голын эрэгт гаргаснаар  алтан амийг нь аврав.  Аврагч болох анхны гараа нь эндээс эхэлсэн буюу.  Дунд сургуулиа төгссөн даруй  аврагч, гал сөнөөгч шалгаруулж авах зараар очиж шалгуулан тэнцсэнээр энэ ангийн  “байлдагч” болов. Ард иргэдийнхээ  амь нас, эд хөрөнгө болон улсын онцгой объектыг авран хамгаалах   хүнд хүчир, амаргүй албанд  22 жил үнэнчээр зүтгэжээ. Ганц л жишээ дурьдахад 2004 онд  Хаягдлын аж ахуйн 1880 м-ийн урттай хоолой лагаар бөглөрөн битүүрч, даруйхан нээхгүй бол үйлдвэр зогсох аюул тулгарсан үе. Турбан дотор М.Ганзориг дөрвөн  аврагч,  Баяжуулахын  мастер Пүрэвдалайн хамт  орж лагийг хүрздэж, малтаж  явсаар... Шугам хоолойн тэхий дунд  очиход тэднийг  огт агааргүй орчин угтав. Хөдөлмөрийн аюулгүй байдлын албаныхан  хүний амь эрсдэх аюултай  тул ажиллуулахаа зогсооё гэсэн ч,  бүхий л хүчээ шавхсаар  хүнд байдлаас гарсан гэдэг. Ийнхүү хоёр сар “ноцолдож” байж тэд хоолойг онгойлгож, үйлдвэрлэлийн тасралтгүй найдвартай  ажиллагааг хангах үйлсэд  гавьяа байгуулсан. Чөмөг хага ташим идэр есийн жавартайд  мөсөн доогуур аврах ажиллагаа явуулах, усанд  осолдсон хүний цогцсыг харанхуй шөнөөр гаргах  гэхчилэн аврагчид тохиох хүндхэн ачаа,  бэрхшээлд  тэр сөхөрч, халширч үзээгүй. Энгийн нэгэн  сонсоход ч эвгүйцмээр  зүйлтэй нүүр тулахдаа  тэр ер сэжиглэж цэрвэж байсангүй. Төрийн алтан соёмбо харж яваа гэж итгээд л, өргөсөн тангарагтаа үнэнч ажил үүргээ чин шударгаар гүйцэтгэнэ. Аврагч  хүний мөн чанар, тэсвэр хатуужлын туйлыг түүнээс харж болох. М.Ганзориг тухайн цагт ангийн захирагч асан хурандаа С.Мөнхбатын гарын “цэрэг”. Аврагч тухайн нөхцөл байдалд сэтгэл зүйгээ хэрхэн бэлтгэх, ажиллагааг хэрхэн гүйцэтгэх гэхчилэн их зүйлийг тэр хүнээс суралцаж. Хөлийг дөрөөнд, гарыг  ганзаганд хүргэсэн тэр ачтанд байнга талархаж явдаг юм билээ. Тусыг мартдаггүй  нь хүний мөс чанартайг нь илтгэнэ. “Энэ алба намайг хүмүүжүүлсэн. Ер нь л хатуухан үгэнд өрвөлздөг жаахан хөвгүүдийг цэргийн амьдрал, дүрэм журам цэгцэлж өгдөг. Эх оронч үзэл, монгол цэрэг гэх   бахархлыг эрхгүй төрүүлж, жинхэнэ эр хүнийг төлөвшүүлдэг гайхалтай алба” гэж эрс шулуухан хэлэхдээ тэрбээр өөрийн алба, ажил мэргэжлээрээ бахархаж буй нь илт байв. Тус ангийн аврагч Галын техник спортын Олон улсын хэмжээний мастер, сагс волейболын спортын мастер Ж.Болдбаатар агснаар бахархаж, цагаасаа эрт бурхны оронд заларсанд нь харамсаж явдгаа ярьсан. Ангийн захирагч А.Отгонбаяр, диспетчер С.Уранчимэг, нярав О.Тунгалагтамир нарын “онжав”-уудтайгаа мөр зэрэгцэн өдийг хүртэл ажиллаж яваадаа сэтгэл нь өег байдаг гэсэн. Энхийн цагт хөлс их гаргавал, дайны цагт цус бага урсана гэдэгчлэн залуусаа сургаж, дадлагажуулах, тэднийгээ албандаа хоёргүй сэтгэлээр зүтгэх сэтгэлтэй болгон хүмүүжүүлэхэд тэр санаа тавьдаг. “Одоогийн залуус ухамсартай, боловсролтой, бас богино хугацаанд төлөвшиж байна. Нэг л гэм нь аргадуулах гээд байдаг” гээд инээмсэглэсэн.

     Тэр хүнд итгэсэн шиг итгэдэг, бас хүний итгэлийг даасан шиг даадаг нэгэн. Итгэл даахгүй нэгнийг зүгээр л орхичихдог. Худал ярьж, хоосон амлахыг огтоос таашаадаггүй зантай.
     Тэрбээр ажил үйлсээрээ шалгаран 2003 онд Гамшгаас хамгаалах хэлтсийн Хөдөлмөрийн аварга, 2011, 2014 онд Онцгой байдлын газрын Хөдөлмөрийн аварга, 2002, 2006, 2010 онд Гал түймэр унтраах ангийн хөдөлмөрийн аварга, 2008 онд Монголын залуучуудын холбооны “Цэргийн алдар” алтан медаль, 2015 онд “Хөдөлмөрийн алдар” медаль, 2005, 2010, 2017 онд ОБЕГ-ын “Онцгой байдлын төлөө” 1,2,3-р зэргийн медаль, 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн хүндэт медаль, 2018 онд Онцгой байдлын Тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагджээ.
     Өдөр шөнийн аль ч цагт түгшүүрийн дохио, утасны дуудлагаар тушаал  авч “Мэдлээ, гүйцэтгэе” гэж  гараад  хэд ч хоногоор ажиллаж мэдэх эл  аврагчийн ар талд   “асаалттай танк” мэт зогсох бүсгүй бол Маналжавын Отгончимэг. Эднийх Г.Мөнхдөлгөөн, Г.Мөнххүслэн, Г.Галбаатар хэмээх гурван хүүтэй. Ар гэр, ахуй амьдралаа  найдвартай даагч “Дархан бэр” ханиараа бахархаж явдгаа ярьсан. Тэр хөвгүүддээ “эрдэм  номын мөр хөө, амь амьдралдаа арчаатай мэргэжил эзэмш” гэж  захидаг. Гэлээ ч ууган  хүүгийнхээ Хууль сахиулахын Их сургуулийн Онцгой байдлын сургуульд суралцах санаатайг нь сонсоод сэтгэлдээ баяртай яваагаа нуусангүй. Эгэл даруухан атлаа эгэлгүй их гавьяатай энэ залуу  ханьдаа, үрсдээ төдийгүй зон олондоо түшиг тулгуур, нөмөр нөөлөгтэй жинхэнэ эр хүн, энх цагийн баатар. Өргөсөн тангарагтаа хэзээд үнэнч, ард иргэдийнхээ амь нас  эрүүл мэндийн төлөө мятаршгүй тэмцэгч, гуйвшгүй шударга  ийм л эрс жинхэнэ Монгол цэрэг байх хувьтай. Энх цагийн баатрууд, мөрдэст дайчид та бүхний  гэгээн үйлс буян болон хурах болтугай.

Я.ЭНХТУЯА

Мэдээний төрөл

Календарь

« 3-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Зургийн цомог