Нийгэм

     “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ахмадын нэгдсэн зөвлөл, “Уурхайчин” соёлын ордон хамтран Орхон аймгийн нийт ахмадын дунд урлагийн наадам зохион байгуулж байна. Тус наадам энэ сарын 17-нд эхэлсэн бөгөөд ахмадууд урлагийн гурван төрөлд авьяас чадвараараа уралдаж байгаа юм. Орхон аймгийн хэмжээнд 8000 гаруй ахмад настан байдаг. Тэдний 2300 нь “Эрдэнэт үйлдвэр”-ээс ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, өндөр насны тэтгэвэрт гарчээ. Наадмын үеэр цаг үеийнхээ сор болсон ахмад  уран бүтээлчид урлагийн тайзнаа гоцлол дуу, хөгжим, бүжгийн төрлөөр  өрсөлдөн, шилдгүүдээ тодруулна. Мөн үйлдвэрийн Ахмадын нэгдсэн зөвлөлийн дэргэдэх  дуу, бүжгийн “Мөнгөн сор” чуулгын шинэ уран бүтээлчдийг сонгон шалгаруулах юм. Тус наадмын шүүгчээр мэргэжлийн урлагийн байгууллагын уран бүтээлчид ажиллаж байна.

И.Тогтох
Фото: Б.Баттөгс

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Чанарын хяналтын хэлтсийн Чанарын мэргэжилтэн Д.Шинэбаатартай ярилцлаа.

     - Эрдэнэт үйлдвэрт хэрэгжиж байгаа олон улсын стандартуудын талаар мэдээлэл өгнө үү? Ач холбогдлыг нь хэрхэн үнэлдэг вэ?
     - Өнөөдрийн байдлаар “Эрдэнэт үйлдвэр”-т чанарын менежментийн ISO 9001:2015, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн BS ISO 18001:2007, байгаль орчны менежментийн ISO 14001:2004 гэсэн тогтолцооны стандарт хэрэгжиж байна. “Эрдэнэт үйлдвэр” 2002 оноос Монгол Улсын Засгийн газрын 146 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ISO 9001 Олон Улсын чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлсэн. Үйлдвэрийн Чанар хяналтын хэлтэс энэ ажлыг удирдан зохион байгуулж, Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Авто тээврийн цех, Засвар механикийн заводыг хамруулан, 2004 оны тавдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэх болсон. Энэ хугацаанд 5 удаа давтан үнэлгээ хийлгэж, 2021 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийг хүртэл ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлсэн гэрчилгээг эзэмшиж байна. Мөн хяналтын ажил эрхэлдэг байгууллагын ажиллагаанд тавих Олон улсын ерөнхий шалгуур MNS ISO/IEC 17020:2013, сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага MNS ISO/IEC 17025:2018-ийг хэрэгжүүлдэг.
     Ер нь стандарт дагаж мөрдөх нь олон улсын худалдаа, хамтын ажиллагааг хялбаршуулах давуу талтай. “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьд ISO 17020 стандарт хэрэгжүүлснээр олон улсын зах зээлд зэс, молибдений баяжмалаа “чанартай” гэдгийг нь батлан харуулж байгаа юм. Аливаа чанарын менежментийн тогтолцоог тухайн байгууллага хэрэгжүүлснээр компанийн засаглал сайжрах, ажил үүргийн давхцал багасах, эрсдэлээс сэргийлэх, бүтээмж дээшлэх, чанарт ахиц гарах зэрэг эерэг үр дүн гардаг.

     - Цаашид нэвтрүүлэх боломжтой ямар стандарт байна вэ?
   - 2011 онд гарсан Эрчим хүчний менежментийн тогтолцоо болох ISO 50001-ээр олон улсын хэмжээнд 12000 байгууллага гэрчилгээ авсан байдаг. Энэ тогтолцоо нь өдөр тутмын ажиллагаандаа эрчим хүчний үр ашиг хүртэх, мөнгө хэмнэх, нөөцөө хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулахад тусалж байна. Харин мэдээллийн хамгааллын ISO/IEC 27001 стандартыг дэлхий дахинд 28000 байгууллага гэрчилгээ эзэмшиж, бизнест тулгардаг кибер дайралт болон бусад эрсдэлээс хамгаалах, мэдээллийн өмчөө хадгалах зорилгоор ашигладаг. Түүнчлэн ISO 22000 хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоог 32000 гаруй байгууллага нэвтрүүлсэн бөгөөд дэлхийн хүнс нийлүүлэлтийн хэлхээний аюулгүй байдалд хувь нэмрээ оруулж байна. Эдгээр тогтолцооны стандарт манай үйлдвэрийн хэмжээнд хэрэгжих боломжтой гэж харж байгаа.

    - Чанарын стандартын итгэмжлэл нь хугацааны хувьд ямар давтамжтай байдаг вэ?
    - Тухайн стандартад гурван жил тутам давтан аудит хийхийн зэрэгцээ Стандарт, хэмжил зүйн газрын баталгаажуулалтын байгууллагаас жил бүр магадлан аудит хийж, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.

     - Дэлхий нийтээр мөрдөж байгаа эдгээр стандарт хэрхэн шинэчлэгддэг вэ?
    - Олон улсын стандарт таван жил тутамд шинэчлэгддэг. Хүмүүс тухайн стандартыг хараад л хэзээ шинэчлэл хийснийг мэдэх боломжтой. Тухайлбал, ISO 9001:2008 стандартын ард бичигдсэн тоо буюу 2008 нь тухайн стандарт хэдэн онд шинэчлэгдсэнийг зааж байгаа юм. Харин 2015 онд Олон улсын стандартын байгууллагаас дахин шинэчлэн баталж, ISO 9001:2015 нэр томьёотой болсон.  
 

 

      

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

 

     “Эрдэнэт үйлдвэр”-ийн Тээвэр ложистикийн төвийн ажлын ачаалал, аюулгүй, найдвартай ажиллагааг хангах зорилгоор замын шинэ гарц бий болгож, үерийн суваг дээр гурван метр өндөр, долоон метр урт, 20 метр өргөнтэй бетонон гүүр барьж ашиглалтад оруулжээ. Замын шинэ гарц барьж байгуулах ажлын зураг төсвийг Төслийн менежментийн хэлтэс гаргаж, Тээвэр ложистикийн төвийн ажилтнууд дотоод нөөц боломжоо ашиглан барьсан байна. Ингэснээр төв замын ачаалал болон бараа материалын агуулахын хэвийн үйл ажиллагааг хангахад оновчтой шийдэл болсныг төвийн ажилтнууд онцоллоо. Тээвэр ложистикийн төв нь үйлдвэрийн дотоод хэрэгцээнд шаардлагатай олон нэр төрлийн импортын бараа бүтээгдэхүүн, сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмж хүлээн авах, нөөцлөх, хуваарилах, экспортын эцсийн бүтээгдэхүүн болох зэс, молибдений баяжмал илгээх ажлыг хариуцаж байна.

     

  

И.Тогтох
Фото: Б.Баттөгс

Мэдээний төрөл

Календарь

« 4-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Зургийн цомог