Нийгэм

    Өнгөрч буй 2018 оны отгон энэ өдөр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн “Оюу” танхимд төрийн дээд одон, медалийг гардуулав. Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор дөрвөн хүнийг, Алтан гадас одонгоор 11 хүнийг, Хөдөлмөрийн хүндэт медалиар 9 хүнийг шагнажээ. Мөн энэ өдөр яамны жуух бичиг, “Тэргүүний уурхайчин” тэмдэг эзэндээ очлоо. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Л.Ганхуяг, Н.Кадирбек, З.Одончимэг, Т.Баасансүрэн нарыг, “Алтан гадас” одонгоор Р.Базашхан, Ц.Батсуурь, Г.Баяр, П.Гантулга, Д.Мэндбаяр, Б.Одончимэг, Б.Пүрэвдорж, Э.Уранчимэг, С.Ууганбаатар, Ч.Энхбаяр, Г.Эрдэнэбаяр, Хөдөлмөрийн хүндэт медалиар Д.Батзоригт, Д.Баттулга, С.Баттулга, Б.Баттуул, Ю.Ганболд, Я. Жаргалсайхан, Г.Мөнгөнсар, Б.Уртнасан, Н.Чулуунбаатар нарыг тус тус шагнасныг үйлдвэрийн удирдлагууд гардуулан өгөв.


У.Цэрэнбат
 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын нэрэмжит Тэргүүний ажилтнуудын шинэ жилийн баярын цэнгүүний үеэр компанийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хэд хэдэн шийдвэрийг танилцууллаа. “Эрдэнэт” үйлдвэр ажилчдынхаа орон сууцны хангамжийн асуудлыг шийдвэрлэхээр “Москва 300”, “ЭКО 400”, “Залуус 600” хорооллыг компанийн хөрөнгө оруулалтаар “Медипас” эмнэлгийн хажууд нь цогцоор нь бариулахаар болжээ. Орхон аймгийн ЗДТГ-аас энэхүү асуудлыг дэмжин ажилласанд компанийн удирдлага талархлаа илэрхийлэв. Мөн компанийн зүгээр ажилчиддаа орон сууцтай болоход нь хөнгөлөлт үзүүлж олгодог 8 сая төгрөгийг шинэ оны нэгдүгээр сарын нэгнээс 12 сая төгрөг болгон нэмэгдүүлсэн байна. Манлайлагч мастеруудын цалинг 2019 оны эхний өдрөөс 1 сая төгрөгөөр нэмэгдүүлэн, цаашид компанийн хэмжээнд манлайлагч мастерын нэмэгдэл бий болгосныг компанийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн шинэ жилийн цэнгүүний үеэр хэллээ. 

         Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн уурхайчин хамт олон компанийн ТУЗ-өөс өгсөн үйлдвэрлэлийн төлөвлөгөөт даалгаврыг энэ сарын 25-ны өдөр давуулан биелүүлсэн. Үүнийг дагаад компани 2018 онд санхүү, эдийн засгийн өндөр ашиг орлоготой ажиллаж, түүхэн амжилт тогтоов. Тухайлбал, анх удаа борлуулалтын орлогыг 2 их наяд төгрөгт хүргэж, улс болон орон нутгийн төсөвт 650 орчим тэрбум төгрөг төвлөрүүлэн, цэвэр ашгийн төлөвлөгөөг 20 хувиар давуулан биелүүлсэн. Үйлдвэрийн удирдлагуудын шийдвэр гарч, нийт ажилчиддаа цэвэр ашгийн үр дүнгээс мөнгөн урамшуулал олгохоор боллоо.

У.Цэрэнбат

Фото: Б.Баттөгс

 

 

           

 

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын нэрэмжит Тэргүүний ажилтнуудын шинэ жилийн ёслолын цэнгүүн уурхайчин бүрийн хүсэн хүлээдэг баяр байдаг. Энэ өдөр компанийн нийт ажилтнуудын 6000 гаруй бүртгэлийн дугаар бүхий хайрцагнаас Ерөнхий захирлын сугалаагаар 2 өрөө байрны супер азтан тодордог уламжлалтай. “Эрдэнэт” үйлдвэрийн 2018 оны 2 өрөө байрны эзнээр Авто тээврийн байгууллагын жолооч, Булган аймгийн Сэлэнгэ сумын уугуул Баттуулын Хишигчулуун тодорлоо.

 

У.Цэрэнбат

Фото: Б.Баттөгс

                    Компанийн шилдэг ажилтнуудыг тодруулах шинэ жилийн цэнгүүн энэ сарын 28-ны өдөр боллоо. Энэ үдэш компанийн хамт олон 2018 оны ажлаа дүгнэж, Оны шилдгүүдээ тодруулан, Төрийн дээд одон медалиар ажилтнуудаа шагнав. Ёслолын цэнгүүнд ЗГХЭГ-ын дэд дарга, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэн болон Орхон аймгийн Засаг дарга, “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал, түүний удирдлагын баг, цех хэсгийн шилдэг ажилтан, “Мастерын манлайлал” хөтөлбөрийн шилдэг мастерууд, компаниас төрсөн алдартан, гавьяатууд оролцлоо. Энэ үеэр Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга О.Хонгор, “Алтан гадас” одонгоор Ерөнхий захирлын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч, Ерөнхий инженер Т.Батмөнх, Баяжуулах үйлдвэрийн Дулаан агааржуулалтын хэсгийн механикч Л.Баасанчулуун, Хөдөлмөрийн  хүндэт медалиар Хууль эрхзүйн газрын тэргүүлэх хуульч З.Жаргалмаа нарыг тус тус шагнав.

                    Оны шилдэг ажилчнаар Автотээврийн байгууллагын хүнд даацын машины жолооч Б.Гарам-Очир, Засвар угсралтын цехийн тоног төхөөрөмжийн засварчин Д.Бямбадорж, “Сэлэнгэ” амралтын баазын үйлдвэрлэлийн байрны үйлчлэгч М.Нармандах нар шалгарлаа. Оны шилдэг санаачлагчаар Ил уурхайн эрчим зүйч Н.Бат-Ирээдүй, Засвар механикийн заводын хэсгийн мастер А.Ууганбаяр, Лаборатори судалгааны төвийн цахилгаан тоног төхөөрөмжийн засварчин Т.Доржсүрэн нар тодорсон. Оны шилдэг мэргэжилтнээр Засвар механикийн заводын хэвний загварчин Тарасов Ю.М., Ган бөмбөлгийн цехийн цахилгаан механикч С.Сумьяабазар, Спорт ордны усан сангийн ахлах арга зүйч С.Алтантуяа, Оны шилдэг удирдах ажилтнаар Ил уурхайн өрөмдлөг тэсэлгээний хэсгийн дарга Д.Бямбадорж нар шалгарлаа. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 2018 оны Шилдгийн шилдэг ажилтнаар Баяжуулах фабрикийн Нунтаглан баяжуулах хэсгийн баяжуулагч Д.Ганзориг тодорсон. Тэрээр сүүлийн таван жилд Нунтаглан баяжуулах хэсгийн техник, технологийн шинэчлэлийн хүрээнд хийгдсэн технологийн тохируулгын ажилд хамт олноо удирдан идэвх санаачилгатай оролцсон байна. “А.Ф.Трюряковын нэрэмжит шагнал”-аар Баяжуулах үйлдвэрийн Засварын хэсгийн механикч Машинец Е.А., Цахилгаан цехийн цахилгаан ба хийн гагнуурчин Ж.Эрдэнэцогт, Эрчим  хүчний цехийн Ерөнхий инженерийн ХАБЭА хариуцсан орлогч Л.Балдорж нарыг шагналаа.

 

У.Цэрэнбат

Фото: Б.Баттөгс

Баасан, 28 12-р сар 2018 00:00

Мэндчилгээ

    

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн уурхайчин хамт олондоо, Орхон аймгийн иргэд та бүхэндээ айлчлан ирж буй шинэ жилийн баярын мэнд дэвшүүлье.
     Улирч буй 2018 онд Эрдэнэтийн овоо ордыг ашиглах тухай Монгол-Зөвлөлтийн Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдсаны 45 жил, үйлдвэр анхны бүтээгдэхүүнээ гаргасны 40 жилийн ой тохиосон онцлог жил байлаа. 
     Манай баялаг бүтээгч хамт олон энэ онд ихийг төлөвлөн, хийж хэрэгжүүллээ. Түүхт ойн жилээ бид томоохон бүтээн байгуулалтын ажлыг ашиглалтад хүлээн авснаар эхлүүлсэн. Дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 48 мВт-аар өргөтгөж, манай компани Монгол улсын эрчим хүчний нэгдсэн системд жинтэй хувь нэмэр оруулсан төдийгүй, цахилгаан эрчим хүч хэрэглэгчээс үйлдвэрлэгч болсон.   
     Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Эрдэнэт үйлдвэрийг маань Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Д.Сүхбаатарын одонгоор шагнаж, хос одонтой үйлдвэр болсон нь Төр, түмэндээ үнэлэгдсэн баярт үйл явдал байлаа.
     Манай хөдөлмөрч хамт олны дундаас Хөдөлмөрийн баатар, гурван гавьяат төрж олон давхар баяр тохиосон сайхан жил боллоо.  
     Өнгөрсөн хугацаанд явуулсан уулын ажил, геологи хайгуул, ашиглалтын материалд иж бүрэн дүн шинжилгээ хийж, геологи хайгуулын ажлыг 2016 онтой харьцуулахад 2017 онд хоёр дахин, 2018 онд 3.2 дахин өсгөлөө. Ингэснээр үйлдвэрийн насжилтыг 20 шахам жилээр нэмэгдүүлж, цаашид 60 орчим жил ажиллах боломжтой болсныг тэмдэглэхэд нэн таатай байна.
     Үйлдвэрийнхээ тулгын чулууг тавилцаж, идэр насаа уурхайчны амаргүй мөртлөө нэр хүндтэй хөдөлмөрт зориулсан анхдагч, ахмадуудынхаа, амаржаад хүүхдээ асарч буй эмэгтэй ажилтнуудынхаа болон үйлдвэрийнхээ нийт ажилтан ажилчдынхаа бодит орлогыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллалаа.
      Эрдэнэт үйлдвэрийн ажилчдад олгодог орон сууцны санхүүгийн дэмжлэгийг 2019 оны нэгдүгээр сарын нэгнээс 12 сая төгрөг болгон нэмэгдүүлснийг дуулгахад таатай байна.
     2018 онд компанийн 40 жилийн түүхэнд анх удаа хүдэр боловсруулалтыг 31 сая 500 мянган тоннд хүргэлээ. Мөн хүдэр дэх зэсийн агуулга хамгийн бага түвшинд 0.480 хувь байхад, зэсийн металл авалтыг түүхэн дээд хэмжээнд буюу 89.5 хувьд хүргэсэн амжилттайгаар шинэ оноо угтаж байна.
      2018 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр борлуулалтын орлогыг 2 их наяд төгрөгт хүргэж, улс орон нутгийн төсөвт 650 орчим тэрбум төгрөг төвлөрүүлэх боломжтой боллоо.
     Манай хамт олон 2019 онд бизнес төлөвлөгөөгөө амжилттай хэрэгжүүлж, 2018 оны үр дүнгээ хадгалж, ахиулахын төлөө хичээн ажиллах болно.
      Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн баялаг бүтээгч хамт олон, үе үеийн уурхайчид, тэдний гэр бүл, хамтран ажилладаг түншүүд, Орхон аймгийн иргэд та бүхэндээ ирж буй 2019 ондоо ажлын өндөр амжилт гаргаж, эрүүл энх, аз жаргалтай байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Хос одонт үйлдвэр боллоо

      Монгол улсын хөгжилд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн бүтээлч хамт олны оруулсан бодит хувь нэмрийг өндрөөр үнэлж Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Д.СҮХБААТАРЫН ОДОН-оор шагналаа. Ийнхүү Эрдэнэт үйлдвэр ХХК хос одонт үйлдвэр боллоо.

Түүхэндээ үйлдвэрлэл, эдийн засгийн хамгийн өндөр үзүүлэлттэй ажиллалаа

     2018 онд компанийн 40 жилийн түүхэнд анх удаа хүдэр боловсруулалтыг 31,5 саяд хүргэлээ. Борлуулалтын орлогыг 2 их наяд төгрөгт хүргэж, улсын болон орон нутгийн төсөвт 650 орчим тэрбум төгрөг төвлөрүүлэх боломжтой болж, эдийн засгийн түүхэн дээд амжилтуудыг тогтоолоо. Эрдэнэт үйлдвэрийнхээ хөгжил дэвшилд хоёргүй сэтгэлээр зүтгэж, ажлын өндөр бүтээмжтэй ажиллаж буй баялаг бүтээгчдээ идэвхжүүлэх бодлогын хүрээнд ажилтан бүрийн бодит орлогыг нэмэгдүүлж, дундаж цалинг 2,4 сая төгрөгт хүргэлээ.

Техник, технологийн шинэчлэлийг эхлүүлж, найдвартай ажиллагааг хангахад бодитой алхам хийлээ

     Хүдэр нунтаглалтын МЩЦ-5,5х6,5 маркийн хоёр тээрмийг шинэчилж, жилд таван сая тонн хүдэр хүлээн авч баяжуулах хүчин чадалтай хам баяжуулалтын нэг дүгээр хосолмол секцийн нэг шугамыг бүрэн шинэчлэн, найдвартай ажиллагааг хангалаа.
     Хүдэр тээвэрлэх зориулалттай БелАЗ-75131 маркийн 130 тоннын даацтай өөрөө буулгагч гурван авто машины угсралт, тохируулгын ажлыг өөрсдийн хүчээр гүйцэтгэж, ашиглалтад орууллаа.
     Мөн энэ онд техник, технологийн шинэчлэлийн хүрээнд, ажилчдыг тээвэрлэх том оврын зургаан автобусаар парк шинэчлэл хийснээр үйлдвэрийн ажилчдыг тээвэрлэх автобусны цуваа бүрэн шинэчлэгдлээ.
 

Монгол улсын шилдэг аж ахуйн нэгжээр шалгарлаа


     Монгол улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж  Үйлдвэрийн Танхим хамтран жил бүр тодруулдаг “ТОП-100” аж ахуйн нэгжийн жагсаалтыг  Эрдэнэт үйлдвэр ХХК 16 дахь удаагаа манлайллаа. Мөн Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагуудыг эрэмбэлж, 2018 оны Шилдэг байгууллагаар Эрдэнэт үйлдвэр ХХК-ийг өргөмжиллөө. Эрдэнэт үйлдвэр ХХК Монголын Үндэсний Худалдаа Аж  Үйлдвэрийн Танхимаас жил бүр шалгаруулдаг “Энтрепренер-2018” шалгаруулалтын онцлох 10 аж ахуйн нэгжийг тэргүүллээ.



Монгол улсын төвийн эрчим хүчний системд анх удаа 317 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч нийлүүллээ

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Дулааны цахилгаан станцад 48 мВт-ын нийлбэр хүчин чадал бүхий дөрвөн турбингенераторыг суурилуулан өргөтгөж, ашиглалтад оруулснаар тус үйлдвэр Монгол улсын эрчим хүчний том хэрэглэгчээс  үйлдвэрлэгч рүү шилжиж,  эрчим хүчний салбарт зохих хувь нэмэр үзүүлж эхэллээ.
      Энэхүү хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын үр дүнд 2018 онд нийт 310 сая кВт.цаг цахилгаан, эрчим хүч үйлдвэрлэх төлөвлөгөөгөө давуулан биелүүлж, Төвийн эрчим хүчний системд 317 сая кВт.цаг цахилгаан, эрчим хүч нийлүүллээ.


Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн түүхт 40 жилийн ой тохиолоо

     Эрдэнэт үйлдвэр ХХК түүхт 40 жилийнхээ ойн хүрээнд олон үйл ажиллагааг төлөвлөн зохион байгууллаа. Тухайлбал:
      - Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ойн нэрэмжит Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Эрдэнэт хотноо зохион байгууллаа.
      - “Уурхайчин эмэгтэйчүүдийн чуулганыг үндэсний хэмжээнд анх удаа зохион байгуулав.
      - Монгол улсын Архивын Ерөнхий газар, “Эрдэнэт” үйлдвэр хамтран Архивын салбарт хамтран ажиллах Монгол улс, ОХУ-ын хамтарсан комиссын XXIII хуралдааныг Орхон аймаг, Эрдэнэт хотноо зохион байгууллаа.
      - “1000 инженерийн зөвлөгөөн”-ийг дөрөв дэх удаагаа зохион байгуулж, “Инноватор -2018” цомын эзэн болсон Баяжуулах үйлдвэрийн хамт олонд 100 сая төгрөгийн шагнал гардууллаа.
      - Мастеруудын зөвлөгөөнийг 2 дахь жилдээ зохион байгуулж, “Мастерын манлайлал” хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэн, цаашдын зорилтоо тодорхойллоо.
      - Ойн баяраа тохиолдуулан ажилчдадаа ажилласан жилээс нь хамаарч 1-4 сая төгрөг, анхдагч, ахмадуудаа 1 сая төгрөгөөр урамшууллаа.  
    - Эрдэнэт үйлдвэрийн түүхэн 40 жилийн ойн хүрээнд олон зөвлөгөөн, форум, нэгдсэн үйл ажиллагаа болон Уурхайчин хамт олондоо зориулсан баярын үйл ажиллагаануудыг бүтэн жилийн турш амжилттай зохион байгуулж, их бүтээн байгуулалтад гар бие оролцсон хүмүүстээ түүхт ойн хүндэтгэл, талархлаа илэрхийллээ.


Хөдөлмөрийн баатар, гурван гавьяат шинээр төрлөө

     Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ил уурхайн өрөмдлөг тэсэлгээний хэсгийн өрмийн машинч Батхүүгийн Батбаярыг Монгол улсын Хөдөлмөрийн баатар цолоор, Эрдэнэт үйлдвэрийн анхдагч, Геологи хайгуулын ангийн ахмад ажилтан, Төрийн соёрхолт Гүндсамбуугийн Сандуйжав, Баяжуулах үйлдвэрийн Засварын хэсгийн тоног төхөөрөмжийн засварчин Эрдэнэ-Очирын Доржболд, Авто тээврийн байгууллагын Уулын технологийн тээврийн хэсгийн дарга Доёдын Чадраабал нарыг Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор тус тус шагнасан. Ийнхүү Эрдэнэт үйлдвэрийн алдартнууд нэг Хөдөлмөрийн баатар, гурван Гавьяатаар бүл нэмлээ.
 

Дэлхийн тавцангаас хос хүрэл медаль ганзагаллаа

     “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” спорт клубийн тамирчид их спортод амжилт гаргаж, улс эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгалаа. БНХАУ-ын Гуанжоу хотод болсон Дэлхийн шилдэг 16 мастеруудын “Мастерс-2018” тэмцээнд жудо бөхийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Довдонгийн Алтансүх 66 кг-ийн жинд хүрэл медаль хүртэв. Энэтхэг улсын нийслэл Шинэ Дэли хотод болсон сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн ДАШТ-ээс Хангарьд спорт клубийн тамирчин Мягмардуламын Нандинцэцэг 54 кг жинд хүрэл медаль хүртэж, Эрдэнэт үйлдвэрийн төдийгүй, Монгол Улсын түүхэнд анхны эмэгтэй дэлхийн медальтан болсноороо түүхэн онцлог амжилт үзүүллээ.


Эрдэнэт үйлдвэр цаашид 60 жил ажиллах боломжийг бүрдүүллээ

     Өнгөрсөн жилүүдэд явуулсан уулын ажил, ашиглалтын хайгуулын материалд иж бүрэн дүн шинжилгээ хийж, 2017 онд геологи хайгуулын ажлыг 2016 оноос хоёр дахин, 2018 онд 3,2 дахин өсгөсний үр дүнд үйлдвэрийн насжилтыг 20 шахам жилээр нэмэгдүүлж, Эрдэнэт үйлдвэр цаашид 60 орчим жил ажиллах боломж бүрдлээ.


Алсын хараа, Эрхэм зорилго, Үнэт зүйлээ шинэчлэн тодорхойлж, баталгаажууллаа

     Компанийн Алсын хараа, Эрхэм зорилго, Үнэт зүйлсийг шинэчлэн тодорхойлж, компанийн удирдлагууд 12-р сарын 14-ний түүхт өдөр баталгаажууллаа. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн
     Алсын хараа:
           - Дэлхийн жишиг, Монголын бахархал компани байна.
     Эрхэм зорилго:
          - Бид тогтвортой хөгжил, хариуцлагатай уул уурхайг эрхэмлэн үндэсний баялгийг бүтээнэ.
     Үнэт зүйлс:
          - Аюулгүй байдал, эрүүл мэнд
          - Ёс зүй, хариуцлага
          - Байгаль орчин
          - Хамтын хүч
          - Инноваци

     Шинэ жил айсуй энэ өдөр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал, хамт олны бэлэг Орхон аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудыг хөгжүүлэх “Найдвар” төв, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн холбооны дэргэдэх хүүхэд, залуучуудын төвд хүрлээ. “Найдвар” төвд өнөөдрийн байдлаар 25 хүүхэд сурч хөгжиж байна. Өнөөдөр тус төвийн хүүхдүүдийн Шинэ жилийн баяртай давхцан компанийн Ерөнхий захирлын болон Орон сууцны хэсгийн хамт олны давхар бэлэг хүүхдүүдийг баярлууллаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүд өөрсдөө хариуцан ажиллуулдаг Хүүхэд, залуучуудын төв 35 хүүхдийг нийгэмшүүлэн хөгжүүлдэг. Энэ төвийг анх 2014 онд нээгдэхэд “Эрдэнэт” үйлдвэрийн Тамгын хэлтсийн бүтээмж чанарын “Эрэмгий бүсгүйчүүд” дугуйлан анги, танхимыг нь тохижуулж өгч байсан юм. Өнөөдөр уурхайчин хамт олны бэлэг хүүхдүүдэд баяр хөөр авчирлаа.


У.Цэрэнбат

 

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн дэргэдэх Энэрэл төвийн хүүхдүүдийн Өвлийн өвгөнд хаягласан захидал дээрх хүсэл өнөөдөр биеллээ. Компанийн удирдлагууд энэ өдөр тус төвийн хүүхдүүдэд шинэ жилийн бэлгийг нь гардуулан өгөв. “Энэрэл” төвд 51 хүүхэд хүмүүжиж байгаа бөгөөд хамгийн бага нь хоёр настай юм. “Эрдэнэт” үйлдвэрийн уурхайчин ах, эгч нартаа үргэлж баярласан сэтгэлээ илэрхийлж байдаг хүүхдүүд урлагийн тоглолт, өөрсдийн хийсэн гар эдлэлийн зүйлсээр үзэсгэлэн гаргаж, хүсэл мөрөөдлөө цаасанд буулгажээ. Хүүхдүүд багш нарынхаа ачийг хариулахыг, Монгол улсдаа төдийгүй дэлхийд цуутай тамирчин, кино найруулагч, инженер болохыг хүсчээ. “Эрдэнэт” үйлдвэрийн хамт олны төлөөлөл болон зочилсон удирдлагуудад “Энэрэл” төвөөс 2018 онд зохион байгуулсан Онцлох 10 үйл явдлаа танилцуулав. Хүүхдүүд өнгөрч буй онд урлаг, сурлага, спортын өндөр амжилт гарган, “Хөдөлмөр” зусландаа хүнсний ногоогоо тариалан, “Цагаан сар”, “Баярлалаа” аяныг зохион байгуулж, “Мөрөөдлийн аялал”-д гарсан гээд олон сайхан үйл явдлыг дурсамж болгон үлдээсэн байна. Шинэ жилийн баярын тоглолтын үеэр Монгол-Туркын хамтарсан сургуулийн сурагч З.Бат-Үйлсийг Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын тушаалаар “Шилдэг хүүхэд” медалиар шагнагдсаныг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн гардуулан өглөө.


У.Цэрэнбат

 

    Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн анхан шатны удирдах ажилтан, 450 гаруй мастер өнөөдөр “Мастерын манлайлал” хөтөлбөрийн үр дүнг хэлэлцлээ. Тэдний зорилго хөтөлбөрийн үр өгөөж, өөрсдийн оролцооны талаар зөвлөлдөх байлаа. Энэхүү хөтөлбөр нь Ерөнхий захирлын тушаалаар 2018 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр батлагдаж, компанийн хэмжээнд 40 оролцогчийг шалгаруулан сонгож, хувь хүний хөгжлийн хөтөлбөрт хамруулсан. Сэтгэлгээгээ өөрчлөн, шинийг эрэлхийлсэн, хүсэл эрмэлзлэл нэг залуустай нөхөрлөх, тэднээс суралцах, уул уурхайн салбартаа арвин туршлагатай зөвлөх, Хөдөлмөрийн баатар, гавьяат, анхдагчдаас суралцах давуу талыг “Мастерын манлайлал” хөтөлбөр олгосон юм. Хөтөлбөрт оролцогч 40 мастер таван багт хуваагдан компанийн үнэт зүйлсийг бэхжүүлэхийн тулд ажилтнуудын дунд эерэг өөрчлөлтийн үйл ажиллагааг зохион байгуулжээ. Тэдгээрээс “Залуусын давалгаа”, “ММ залуус” баг шилдгээр шалгарсан байна. Мөн хөтөлбөрт оролцоход манлайлсан 20 залууг өнөөдөр зөвлөгөөний үеэр урамшууллаа.

     Энэ өдөр Эрдэнэт хотноо зохион байгуулагдаж буй тус зөвлөгөөн нь компанийн хэмжээнд хоёр дахь нь болж байна. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын санаачилгаар Мастеруудын анхдугаар зөвлөгөөнийг 2017 онд зохион байгуулсан. 2018 онд “Мастерын манлайлал” хөтөлбөрт 40 ажилтан хамрагдсан ч анх хөтөлбөрт оролцохоор саналаа ирүүлсэн “Эрдэнэт” үйлдвэрийн 17 цехийн 151 ажилтан байгаа юм. Иймд “Эрдэнэт”-ийн мастерууд манлайлах хүчээ нэгтгэн, хамтдаа хөгжилд тэмүүлэх хүсэл эрмэлзлэл дүүрэн байгааг илэрхийлж байгаа юм. Хөтөлбөрийн төгсгөлд мастеруудаас авсан түвшин тогтоох үнэлгээнээс үзэхэд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн манлайлал, хувь хүний гүйцэтгэлийн гол үзүүлэлт, бүтээмжийн үйл ажиллагааны оролцоо зэрэг үзүүлэлт өссөн байна. Энэ нь “Мастерын манлайлал” хөтөлбөрийн үр дүн байв.

     “Үйлдвэрийн мастер хүн гэдэг дайны талбарт бол галын шугаманд цэргүүдээ удирдах цэргийн дарга, энхийн цагт том бүтээн байгуулалтыг хөдөлгөгч хүч - уурхайчдаа чиглүүлэгч хөтөч юм” гэж “Эрдэнэт” үйлдвэрээс төрөн гарсан, Монгол улсын хөдөлмөрийн баатар Д.Жаргалсайхан хэлж байсан юм. Тэд бол “Эрдэнэт” үйлдвэрийн хүний нөөцийн чухал капитал билээ. Уул уурхайн салбарт техник, технологийн шинэчлэл дэлхийтэй хөл нийлж байгаа ч үйл ажиллагааг сайжруулах шаардлага өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Орчин үеийн менежментийн шинжлэх ухааны арга зүйг туршин нэвтрүүлж, үйлдвэрлэлдээ хөгжүүлэхэд мастеруудын оролцоо чухал үүрэгтэй. “Эрдэнэтийн Овоо”-ны өгсөн буян зөвхөн зэс, молибдены бус “уурхайчин” хэмээх баялаг билээ. “Эрдэнэт” үйлдвэр гэх 6000 гаруй ажилчин өнгөрсөн 40 жилийн хугацаанд уул уурхайн салбарыг эх орны хөгжлийн тулгуур болгон хөгжүүлэхийн тод жишээ болсон. Монгол хүний сэтгэлгээг “бүтээлч” болгон өөрчлөх, хамтдаа эх орныхоо хөгжлийн “үнэт зүйлс” болох хүсэл “Эрдэнэт”-ээс ундарч байна. 


У.Цэрэнбат

     Өнөөдөр 2018 оны 12-р сарын 25. Монгол улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 96 жилийн баярын энэ өдөр, 14 цагийн байдлаар “Эрдэнэт” үйлдвэрийн уурхайчин, баялаг бүтээгч хамт олон хүдэр боловсруулалт, олборлолтын жилийн төлөвлөгөөгөө биелүүллээ. Ингэснээр үйлдвэрлэлийн бүх төлөвлөгөөт үзүүлэлт хангагдаж, “Эрдэнэт” эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ амжилттай гүйцэтгэлээ. Мөн 2018 онд компани хоёр их наяд төгрөгийн орлоготой ажиллаж, цэвэр ашгийг 400 орчим тэрбум төгрөгт  хүргэн, улс, орон нутгийн төсөвт 650 орчим тэрбум төгрөг төвлөрүүлэн эдийн засгийн түүхэн дээд амжилт тогтоов.


У.Цэрэнбат

Мэдээний төрөл

Календарь

« 12-р сар 2018 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

Зургийн цомог