Бидний тухай

     Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хийж хэрэгжүүлдэголон ажлаас хүүхэд багачуудад чиглэсэн ажлуудыг орхигдуулалгүй өнөөдрийг хүрсэн. Тиймээс ч Соёл, урлагийн цогцолбор, Спорт цогцолбор, “Энэрэл” төв, “Найрамдлын-Эрдэнэс” зуслан, Орос 19 дүгээр сургууль, Орос 3 дугаар цэцэрлэг, Технологийн сургууль гэсэн бүтцийн нэгжийн тогтвортой үйл ажиллагааг хангах зорилгоор хөрөнгө оруулалт хийсээр байна. Үйлдвэртэйгээ нас чацуу эдгээр байгууллага хамрах хүрээ, ач холбогдлын хувьд өргөжин тэлсээр эдүгээ Орхон аймгийг төлөөлөх үүрэг хариуцлага бүхий нэгжүүд болжээ.

     Хүүхдийг багаас нь урлагт дур сонирхолтой болгож, авьяасыг нь нээн хөгжүүлэх зорилгоор Соёл, урлагийн цогцолбор жилдээ 9 дугуйланд 300 орчим хүүхэд элсүүлж, мэргэжлийн багшлах боловсон хүчнээр ханган ажиллаж байна. Спорт цогцолборын тухайд 18 дугуйланд давхардсан тоогоор жилдээ 12 мянган хүүхэд суралцаж, шилдэг тамирчдаа аймаг, бүс, олон улсын чанартай уралдаан тэмцээнд амжилттай бэлтгэн, ур чадварыг нь ахиулсаар иржээ. Урлагийн байгууллага энэ хичээлийн жилд хийл хөгжим, спортынхон 2-5 настнуудад зориулсан бассейны сургалтаар шинэ элсэлтээ авч эхэлжээ.

      “Найрамдлын-Эрдэнэс” зуслан жилдээ 3100 хүүхэд хүлээн авахаар төлөвлөсөн ч энэ зун найман ээлжинд 4000 хүүхэд хүлээн авчээ. Эдгээрээс 128 хүүхдийг үнэ төлбөргүй амрааж, хүүхдийг сурч боловсрох, үеийнхэнтэйгээ нөхөрлөх, хөгжих боломж бололцоогоор хангасан байна. Байгалийн үзэсгэлэнт газар, цэнгэг агаартай бүсэд байрлах тус зуслангийн сургалтын хөтөлбөр, аргазүйтэй танилцан, туршлага солилцохоор Олон Улсын “Артек” зуслангийн удирдлагууд зочилж, хамтын ажиллагааныхаа талаар ярилцаад буцсан.

 

     Түүнчлэн Эрдэнэт үйлдвэр “Энэрэл” хүүхдийн асрамжийн төвдөө 2-18 насны 51 хүүхдийг халамжлан хүмүүжүүлж, тэднийг суралцах, амьдрах аятай таатай нөхцөл боломжоор ханган ажиллаж байна. Хүүхдүүд хичээлийн жилийн турш эрдэм номдоо шамдан, зуны улиралд хөдөлмөр зуслангийн үйл ажиллагаандаа оролцон, амьдрах арга ухаанд суралцдаг онцлогтой. 2019 оны хөрөнгө оруулалтаар “Энэрэл”-ийн хүүхдүүдэд зориулсан спорт заал, бага эмнэлэг ашиглалтад оржээ.

     Уул уурхайн салбарын боловсон хүчнийг 45 дахь жилдээ бэлтгэж байгаа Технологийн сургуулийн шилдгүүд Эрдэнэт үйлдвэрт ажиллах эрхийн батламжаа гарддаг бол олон арван төгсөгчид Монгол орныхоо өнцөг булан бүрт мэргэжлийн ур чадвараа дайчлан ажиллаж байна. Бакалавр, магистр, нэг жилийн мэргэжлийн анхан шат, гурван сарын түр сургалт болон ахлах сургуулийн сурагчдад зориулсан төрөлжсөн хөтөлбөрөөр хичээллэдэг тус сургуульд 2019-2020 оны хичээлийн жилд 7 хөтөлбөрөөр 600 гаруй хүүхэд суралцана. Эрдэнэт үйлдвэр энэ онд оюутан сурагчдынхаа суралцах орчныг тохижуулан, орчин үеийн номын сан байгуулах ажилд томоохон хөрөнгө оруулалт хийгээд байна.

     Бага насны хүүхдийн хэлний түвшин, чадварыг ахиулах, унаган орос хэлтэй иргэдийг бий болгох, Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаа ОХУ-ын иргэдийн хүүхдүүдийг эх хэлээ танин мэдэхэд туслах зорилгоор орос сургууль, цэцэрлэгийг ажиллуулж байна. Жилдээ 450 орчим хүүхэд хүлээн авдаг орос сургуулийн хөдөлмөрийн ангийг юниматын төхөөрөмжөөр тохижуулж, 230 хүүхдэд боловсрол олгож байгаа орос цэцэрлэгтээ сэтгэхүй хөгжүүлэх лего тоглоомоор хөрөнгө оруулалт хийжээ.

     Эдгээрээс гадна эх орондоо инженерийн боловсролыг хөгжүүлэх зорилгоор Орхон аймгийн Ерөнхий боловсролын 8 сургуульд аюулгүйн ажиллагааг хангасан, олон үйлдэлт, бага оврын технологийн сургалтын тоног төхөөрөмж бүхий ЮНИМАТ иж бүрэн танхимыг тохижуулан, 16 сургуульд робот автоматжуулалтын иж бүрдэл бэлэглэж, 38 цэцэрлэгийн 9000 орчим хүүхэд багачуудыг бүтээлч сэтгэхүй хөгжүүлэх тоглоомоор хангаад байна. Австри улсын шилдэг инженерүүдийн зохион бүтээсэн ЮНИМАТ төхөөрөмж нь хүүхэд бүрийг шинийг санаачлагч, бүтээлч сэтгэлгээтэй, бодит чадвартай иргэн болгох төлөвшүүлэх юм.

    Багш, ажилчдын цалин хөлс, барилга байгууламжийн тохижилт, засвар үйлчилгээ, үйл ажиллагааны зардал, сургалт семинар, хэрэглэгдэхүүн, гадаадад мэргэжил дээшлүүлэх томилолт гээд хүүхэд багачуудын өмнө хүлээх Эрдэнэт үйлдвэрийн хариуцлага нэн их. Нийгмийн хариуцлага гэдэг ойлголтыг үгээр бус үйлдлээр, оюуны хөгжилд хийсэн хөрөнгө оруулалтаар харуулж байгаа Эрдэнэт үйлдвэр Монголын уул уурхайн салбарт үлгэрлэн, шинэлэг ажил бүхнээрээ түүчээлэн байна.

И.Чинтогтох

 

     Эрдэнэт үйлдвэрийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан хамтын гэрээний 2.4 дэх заалтын дагуу, үйлдвэрт тасралтгүй 20 ба түүнээс дээш жил ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх нь үүссэн ажилтны хүсэлтийг үндэслэн мэргэжлийг нь залгамжлуулах зорилгоор төрсөн нэг хүүхдийг мэргэжил, эрүүл мэндээр тэнцсэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулдаг. Энэ нь нэг талаасаа удам дагасан уурхайчдыг төрүүлэх сайн талтай ч ажил эрхлэгчдийн зарим нь ажилдаа сонирхолгүй, хайнга ханддаг, дадлага туршлагагүй зэрэг асуудлууд тулгардаг.

     Уг заалтын дагуу ажилд шинээр орсон ажилтнуудыг шаардлагатай бол дахин дадлагажуулах, мэдлэг чадвар, хандлага, ёс суртахууныг сайжруулах тал дээр сурган хөгжүүлэх үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулж байна. Тодруулбал бүтцийн нэгжийн удирдлагаас “хангалтгүй” үнэлгээ авсан 13 цехийн 173  ажилтныг “Хувь хүний хөгжил-Харилцаа хандлага” сургалтад хамруулжээ. Уг сургалтын зардал болох гучин зургаан сая төгрөгийг Үйлдвэрчний эвлэлийн холбооноос гаргажээ.

 

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Улсын онцгой объект болохын хувьд хэн дуртай нь орж, гарах боломжгүй. Тиймдээ ч үйлдвэрийн бүсэд нэвтэрч байгаа хүн бүр зөвшөөрөл авч, техник хэрэгсэлд үзлэг шалгалт хийдэг тогтсон дэг журамтай. Энэ удаад Хуулийн хэлтсийн хуульч Г.Лхагважаваас ажлын цахим үнэмлэхийн зохистой хэрэглээний талаар тодрууллаа.

-Эрдэнэт үйлдвэрийн ажилчид ажлын цахим үнэмлэхээ хэрэглэж хэвших тал дээр хэр хангалттай байна вэ?

     -Цахим үнэмлэхийн төхөөрөмжийг жил гаруйн өмнөөс үйлдвэрийн бүс, объектод хүчин төгөлдөр ашиглаж эхэлсэн. Энэ нь 2018 онд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын баталсан “Цахим үнэмлэх олгох, ашиглах журам”, “Үйлдвэрийн бүсэд хүн тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх журам”-аар зохицуулагдаж байна.   

-Үнэмлэх ашиглахтай холбоотой зөрчил, дутагдал гарч байна уу?

     -Үйлдвэрийн газрын ажилчид өөрийн цахим үнэмлэхийг бусдад шилжүүлэх, үнэмлэхээрээ өөр хүн нэвтрүүлэх зэрэг хэд хэдэн зөрчил гарсан. Эдгээр нь Хөдөлмөрийн дотоод журам болон дээр дурдсан хоёр журмыг зөрчсөн үйлдэл болж байгаа юм. Одоогоор зөрчил гаргасан 10 хүнд сануулах, сахилгын шийтгэл аваад байна. Энэ төрлийн зөрчил нэмэгдэж болзошгүй гэдэг үүднээс урьдчилан сэргийлэх, түүнийг таслан зогсоох ажлуудыг Хуулийн хэлтсээс зохион байгуулж, ажилчдын хуулийн мэдлэгийг дээшлүүлэх шаардлагатай гэж үзсэн.

-Аль төрлийн зөрчлийг илүүтэй гаргаж  байна вэ?

     -Ажлын үнэмлэхийг бусдад дамжуулснаар өөр хүн нэвтрэх, үнэмлэхээ мартаж ирээд бусдын үнэмлэхээр давхардаж орох зөрчил түгээмэл гарсан. Одоогоор Захиргааны 1, 2 дугаар байр, авто шалган нэвтрүүлэх 1, 2 дугаар пост дээр Гэрээт цагдаагийн алба хаагчид болон Аж ахуй, үйлчилгээний цехийн ээлжийн ажилчид хяналт тавьж байна. Компьютерээр хэн орж, гарч байгааг хянах боломжтой байдаг тул зөрчил нь илүүтэй мэдэгдээд байгаа юм. Өөрийн үнэмлэхэд эзэн болж, үйлдвэрийн мөрдөх журмуудыг дагахгүй байснаар сахилгын шийтгэл авах нь тухайн хүнд ихээхэн хор хохиролтой.

-Тухайн ажилчинд ямар хохирол гардаг талаар илүү дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу? Ажилчид энэ талын мэдээллийг авах нь зөв байх?

     -Сахилгын шийтгэл нь нэг жилийн хугацаанд үргэлжилж, шагнал урамшуулал авах, албан тушаал ахих боломж нь хязгаарлагддаг. Алсдаа гарах сөрөг үр дагавар, нөлөөг нь бодолцож, ажилдаа орох, гарах үедээ өөрийн үнэмлэхийг уншуулж байх нь чухлыг ойлгож аваасай.

-Зөрчил нь илэрсэн 10 хүний тухайд ямар шийтгэл авсан бэ?

     -Одоогоор сануулах сахилгын шийтгэл авсан. Үйлдлээ давтан гаргавал цалин бууруулах, цаашлаад ажлаас халах хүртэл арга хэмжээ авна. Хууль журмыг мөрдөх гэж гаргадгаас биш зөрчих гэж гаргадаггүй. Үйлдвэрийн газрын үнэмлэх нь тухайн хүнийг “Энэ байгууллагад ажилладаг”-ийг гэрчлэх үндсэн баримт бичиг учраас үйлдэлдээ анхаарч, бусдад шилжүүлэхээс өмнө үр дагаврыг нь санаж байх нь чухал.   

-Нэг үнэмлэхээр хоёр хүн нэвтэрсэн тохиолдолд хэнд нь хариуцлага тооцох вэ?

     -Үнэмлэхийг өгсөн хүнд нь бусдад ашиглуулсан, ашигласан хүнд нь өөрийн эд зүйлийг ашиглаагүй гэдэг үндэслэлээр хэн хэнд нь хариуцлага тооцно.

-Үнэмлэхээ барьцаанд тавьсан бол яах вэ?

     -Холбогдох журмуудаар хориглосон заалт бий. Цахим үнэмлэх ашиглах, хяналт тавих тухай журмын 3.6-д “Үнэмлэхийг бусдад өгч ашиглуулах, шилжүүлэх, барьцаанд өгөхийг хориглоно” гэж заасан. Хэрэв барьцаанд өгсөн үйлдэл нь нотлогдвол мөн сахилгын шийтгэл онооно.

-Журмыг шинэчилснээр илүү хатуу чанга болгож байгаа гэж ойлгож болох уу?

     -Үйлдвэрийн газрын ажилчдыг чангалах бус чанаржуулах, зөрчлөөс урьдчилан сэргийлж, гаргуулахгүй байх тал дээр журмыг шинэчлэх ажлыг зохион байгуулж байна. Ойрын хугацаанд шинэчлэгдсэн журмыг дуусгаж, танилцуулга мэдээллийг цех, нэгжийн удирдлагуудтай хамтран хэрэгжүүлнэ.

И.Чинтогтох

Фото: Ш.Лхамсүрэн

Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжүүд намар болон өвөлжилтийн бэлтгэл ханган ажиллаж байна.

     ДЦС онцгой объект тул өвөлжилтийн бэлтгэлд онцгой анхаарах шаардлагатайг станцын удирдлага онцоллоо. Дүн өвлийн хүйтний үед ДЦС гал алдах эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс өвлийн бэлтгэл ажлыг өндөр түвшинд хангаж ажиллах ёстой  байдаг. Энэ жил станцынхан өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд дөрвөн агуулга бүхий 34 ажил төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар төлөвлөгөөний гүйцэтгэл 70%-тай  байна. 

     ДЦС-ын хамт олон Баяжуулах үйлдвэрийн болон өөрийн төлөвлөгөөт “Их зогсолт”-ын үеэр намар, өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөөнд тусгагдсан хэд хэдэн томоохон ажлыг амжилттай гүйцэтгэжээ. Үлдэж буй ажлаа ирэх 10 дугаар сарын нэгний дотор дуусгахаар төлөвлөн ажиллаж байна. Тухайлбал, 3 дугаар зуухны иж бүрэн их засвар, 4 дүгээр зуухны агаар халаагчуудыг иж бүрэн солих ажлуудыг тендерээр шалгарсан гаднын байгууллага батлагдсан графикийн дагуу гэрээгээр гүйцэтгэж байгаа юм. Эдгээр ажлууд бүрэн дуусаж ашиглалтад хүлээн авсны дараа намар, өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөө бүрэн биелнэ. Ингэснээр өвлийг өнтэй давах гол баталгаа хангагдана гэж станцын Ерөнхий инженер ярилаа.

Мөн өвлийн бэлтгэлийн хамгийн чухал ажлуудын нэг нь түлш, мазут нөөцлөх ажил юм. Энэ ажил төлөвлөгөөний дагуу хэвийн үргэлжилж, одоогийн байдлаар станц 47 мянган тонн нүүрсний нөөцтэй ажиллаж байгааг тэрээр хэлэв.

     Түлш бэлтгэх ажлын хүрээнд станцынхан галт тэргээр ирж буусан түлшийг үйлдвэрлэлийн технологид дамжуулах зориулалт бүхий хамуурын төхөөрөмжийн гүйцэтгэх механизм, түүний цахилгаан удирдлагыг иж бүрэн шинэчилжээ. Уг шинэчлэл нь хөрөнгө оруулалтын ажлын хүрээнд хийгдэж, Герман улсын “Sew eurodrive” компанийн мотор редукторыг худалдан авч, угсарч суурилуулан ашиглалтад амжилттай оруулсан байна. Ингэснээр хамуурын тоног төхөөрөмжийн технологийн тасралтгүй, найдвартай ажиллагаа дээшилж, урьд гарч байсан гэмтэл, осол саатлууд арилах боломжтой болжээ. Мөн  хамуурын төхөөрөмжийн өөрийн хэрэглээний цахилгаан эрчим хүчний зарцуулалт 30% орчим буурч байгаа нь ДЦС-ын дотоод хэрэгцээний цахилгаан эрчим хүчний өөрийн өртгийг багасган,  улмаар эдийн засгийн хэмнэлтэд эерэг нөлөө үзүүлэх юм.   

     Уг ажлыг ДЦС-ын Түлш дамжуулах хэсгийн болон цахилгаан техникийн хэсгийн инженер техникийн ажилтнууд чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэжээ.

М.Балжинням

     Эрдэнэт үйлдвэрийн ДЦС-ын ажилтнууд станцынхаа дотоод хэрэгцээний цахилгаан хангамжийн схемийг шилжүүлэн холбож ашиглалтад оруулах ажлыг ХАБЭА-ийн болон технологийн зөрчил, аваар сааталгүй амжилттай гүйцэтгэсэн байна. Уг ажил тус станцын  2019 оны  өртөг зардал бууруулах ажлын төлөвлөгөөнд тусгагдсан бөгөөд тоног төхөөрөмжийг худалдан авч зураг төслийн дагуу угсран суурилуулах, тохируулах ажлыг энэ оны 4 дүгээр сараас эхэлжээ. Тэгвэл, эцсийн шилжүүлэн холбож, ашиглалтад оруулах ажлыг станцын цахилгаан техникийн хэсэг, зуух, турбины хэсгийн шуурхай үйлчилгээ-засварын бригад хамт олон, мөн  Цахилгааны цех, Засвар угсралтын цехийн шуурхай үйлчилгээ-засварын бригадын нийт 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг өнгөрсөн 8 сарын 30-наас 31-нд шилжих шөнө 12 цагийн турш гүйцэтгэж бүрэн дуусгасан байна.

     Цахилгаан хангамжийн схемийг шилжүүлснээр ДЦС-ын үйлдвэрлэлийн технологийн тогтвортой ажиллагаа, осол авааргүй найдвартай ажиллах горим ажиллагаанд эерэг нөлөө үзүүлэх бөгөөд мөн цахилгаан эрчим хүчний өөрийн өртөг, зардал буурах, үүнтэй уялдан станцын  техник, эдийн засгийн  үзүүлэлтүүд дээшлэх ач холбогдолтойг албаны эх сурвалж онцоллоо. Тухайлбал, хуучин схемээр станцын дотоод хэрэгцээний цахилгаан эрчим хүчний хэрэглээг Төвийн Эрчим хүчний нэгдсэн системээс 35 киловольтын /кВ/ агаарын шугамаар цагт 1 кВт/цаг цахилгаан эрчим хүчийг ойролцоогоор 214 төгрөгөөр худалдан авдаг байсныг өөрийн 12 мегаваттын /МВт/ турбин-генераторуудаас гарч байгаа 1кВт/ц цахилгаан эрчим хүчний өөрийн өртөг шингэсэн үнээр буюу ойролцоогоор 125 төгрөгөөр дотоод хэрэгцээгээ хангах нөхцөл бүрдэж байгаа нь ДЦС төдийгүй Эрдэнэт үйлдвэрт өгөх үр ашиг, өгөөж нэмэгдэх боломжтой болжээ.  

     Уг ажлыг гүйцэтгэх явцад станцын шуурхай үйлчилгээ-засварын ажилтнууд  хэд хэдэн хариуцлагатай сэлгэн залгалтуудыг батлагдсан хөтөлбөрийн дагуу гүйцэтгэсэн байна. Сэлгэн залгалт болон холболтын ажилд  мэргэжлийн өндөр ур чадвар гарган, амжилттай хамтран ажилласан ДЦС-ын Цахилгаан техникийн хэсгийн  шуурхай ажиллагаа-засварын ИТА, ажилтнууд  болон Цахилгааны цехийн релей хамгаалалтын хэсэг, Шугам сүлжээ дэд станцын хэсэг, Засвар угсралтын цехийн цахилгааны угсралтын бригадын ИТА, ажилтнуудад талархаж буйгаа ДЦС-ын Ерөнхий инженер Д.Дарханбаяр илэрхийллээ.

М.Балжинням

Мэдээний төрөл

Календарь

« 9-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Зургийн цомог