Цаг агаар

Бидний тухай
Бямба, 02 2-р сар 2019 00:00

Мэндчилгээ

     Эрдэнэт үйлдвэрийн түүхт 40 жилийн ой тохиосон шороон нохой жилд ажил хөдөлмөрийн өндөр амжилт гарган ажилласан эрхэм хүндэт уурхайчиддаа,  хамт олондоо, Эрдэнэтчүүд та бүхэндээ XVII жарны шороон гахай жилийн сар шинийн мэндчилгээ дэвшүүлж, ажил хөдөлмөрийн өрнүүн амжилт, амьдралын хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
     Улиран одож байгаа нохой жил бол Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид, хамт олон бидний хувьд 40 жилд хийж бүтээснээ дүгнэн цэгнэсэн, амжилт бүтээл арвин, ашиг орлого өндөр, сайхан жил байлаа.
     Хамгийн чухал нь дараагийн 60 жилд хийх бүтээн байгуулалтын ажил үйлсийнхээ зорилго, чиглэлийг тодорхойллоо. Компанийнхаа алсын хараа, эрхэм зорилгоо шинэчлэн баталгаажуулсан.
     Түүхт ойн жилд хамт олон маань сэтгэл санаа нэгтэй, нэг баг болж, хамтын хүчээр хичээн зүтгэж ажиллалаа.
     Үүний үр дүнд нохой жилд компанийн үйлдвэрлэл, техник технологи, эдийн засгийн үзүүлэлтүүд 100-аас дээш хувиар давж биелсэн. Борлуулалтынхаа орлогыг түүхэндээ анх удаа 2 их наяд төгрөгт хүргэж, цэвэр ашгийн төлөвлөгөөг 120 орчим тэрбум төгрөгөөр давуулан биелүүллээ. Ингэснээр улс, орон нутгийн төсөвт 655 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн. Энэ бол уурхайчид та бидний нөр их хөдөлмөрийн үр дүн, хичээл, зүтгэлийн үр шим юм.
     “Эзэн хичээвэл заяа түшнэ” гэдэг ардын маань сайхан үг ажил хэрэг болж бид амжилттай сайн ажиллаж байна.
     Уурхайчдын маань найдвартай ар тал болж байдаг хань ижил, гэр бүлд нь гүн талархлаа илэрхийлж, аз жаргалын дээдийг хүсэн ерөөе.    
     Та бид ажлын арвин амжилт, бахархалт үйл явдлаар дүүрэн нохой жилээ үдэж, өрнүүн их ажлын үргэлжлэл болсон гахай жилтэйгээ золгож байна. Гарч буй гахай жилд манай хамт олон компанийнхаа хөгжлийн үндсэн чиглэлд тусгагдсан томоохон төслүүдийг эхлүүлж, түүхэн бүтээн байгуулалтын буухиаг үргэлжлүүлэх болно.
     Баялаг бүтээгч хамт олон маань шинэ амжилт, бүтээн байгуулалтаар түүхийн хуудсаа баяжуулна гэдэгт итгэл төгс байна. 
     Эрдэнэт үйлдвэрийн өнөр бүлдээ, өнөөдрийн энэ сайхан түвшинд хүргэж ирсэн үе үеийн уурхайчиддаа, ахмад буурлууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
     Та бүхэн маань сар шинэдээ сайхан шинэлээрэй.
     Цаг сайхан, цагаа өтгөн байх болтугай.

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал,
Монгол улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан,
Техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D)
Х.БАДАМСҮРЭН