Эрдэнэт мэдээ

   

×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Эрдэнэт үйлдвэр Монголчуудыг 42 жил тэжээх нөөцтэй Онцлох

02 4-р сар 2015 12:00
1325 удаа үзсэн

     100 гаруй мянган хүн амтай өнөөгийн “Эрдэнэт” хотын шинэ соёл иргэншлийн эхлэл 37 жилийн түүхтэй “Эрдэнэт” үйлдвэрээс эхтэй. Зэсийн үнэ дэлхийн зах зээлд буурсан ч төлөвлөгөөгөө 100 хувь биелүүлсэн тус үйлдвэр өнгөрсөн онд улсын төсөвт 462 тэрбум төгрөг  төвлөрүүлсэн амжилтаар 2014 оныг үджээ.

 

     Улмаар тус үйлдвэр түүхий эд, хүдрийн нөөцөө 206.7 сая тонноор  нэмэгдүүлж өрөмдлөгийн дээд амжилтыг тогтоосон байна. “Эрдэнэт” үйлдвэр үйл ажиллагаагаа олон нийтэд ил тод тайлагнадаг уламжлалтай. Энэ хүрээнд МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галааридаар ахлуулсан төвийн томоохон хэвлэл мэдээллийн байгууллагын 40 орчим сэтгүүлч тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаад ирлээ.

Өрөмдлөгийн  хэмжээгээрээ дэлхийн рекордыг эвджээ

     “Эрдэнэт” үйлдвэрийн Хүдрийн ил уурхайн олборлолт болон баяжуулах фабрикийн боловсруулалтын төлөвлөгөөний 2014 оны биелэлт өнгөрсөн 37 жилийн түүхэнд хамгийн оргил амжилтыг үзүүлснийг Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал Ц. Даваацэрэн онцоллоо. Түүнчлэн тус үйлдвэрийн эдийн засгийн үзүүлэлтүүд бүгд биелж, 2014 онд хяналтын бодлогыг амжилттай хэрэгжүүлснээр өөрийн өртөг зардлаа хэмнэжээ.12 жилийн хугацаанд шилдэг татвар төлөгчөөр шалгарсан тус үйлдвэр 2014 оныг олз омгоор арвин үджээ. Тухайлбал Хүдрийн ил уурхайн өрөмдөгч Батбаяр өрөмдсөн шоо метрийнхээ хэмжээгээр дэлхийн рекордыг эвдсэн байна. 2014 онд Эрдэнэтийн овоо ордын гүйцээх хайгуулын ажлын  төлөвлөгөөний  дагуу 39 мянган тууш метр, баруун хойд хэсэгт 22 мянга 605.7 тууш метр өрөмдөж үйлдвэрийн түүхэнд өрөмдлөгийн дээд амжилт тогтоожээ. Мөн тус үйлдвэрээс шинэ оны босгон дээр спортын 3 гавьяат төрсөн байна. Түүнчлэн Эрдэнэт үйлдвэр техник, технологийн шинэчлэлээр 2015 оныг угтжээ.Тодруулбал зэс молибдений хөвүүлэн баяжуулах машинаа шинэчилж, өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийг ашиглалтад өгснөөр 6 сая тонн хүдэр боловсруулах боломж бүрдэж байгаа юм. Улмаар нийт 35 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай болжээ. Мөн зэсийн металл авалт нэмэгдэн технологийн найдвартай ажиллагааг хангаж байгааг  үйлдвэрийн удирдлагууд онцолж байв.

 

     Эрдэнэт үйлдвэр өнгөрсөн онд 1000 инженерийн зөвлөлгөөнийг зохион байгуулж, бүтээмж инновацийн шинэ журмыг хэлэлцэн баталжээ.  Шинэ журамтай болсноор эрх зүйн хувьд инновацийн тогтолцоог бүрдүүлэх үндэс суурь тавигдах эхний алхам нь болсон байна. Энэ хүрээнд Хөгжлийн хэлтсийн харьяанд бүтээмж  инновацийн  төвийг байгуулан ажиллаж байгааг тэд дуулгалаа.

Импортын бүтээгдэхүүнийг орлуулж 3.7 тэрбумыг хэмнэв

     Эрдэнэт  үйлдвэрийн Засвар механикийн  завод гэхэд 640 ажилтантай.  Жилд 5000  тонн цутгамал, 2000 тонн боловсруулсан эд анги, 80-иад тонн резинин бүтээгдэхүүн, 800 тонн металл хийц үйлдвэрлэдэг. Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлын  Хэмнэлтийн горимд шилжих тушаал гарснаас хойш тус үйлдвэрийн хамт олон дотооддоо үйлдвэрлэж болохуйц бүхий л бүтээгдэхүүнийг судалж үйлдвэрлэснээс  3,7 тэрбум төгрөгийн хэмнэлттэй ажиллажээ.
     Импортыг орлох 85 нэр төрлийн жагсаалт гарган, засвар механикийн завод нь 21 нэр төрлийн  бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж  эхэлсэн нь энэ.

/Эрдэнэт үйлдвэр ганбөмбөлөгийн 80 хувийг дотоодоос хангадаг/

“Эрдэнэт”  Үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж байна

     Эрдэнэтийг түшиглэсэн үйлдвэрүүд ашиглалтад орж Монгол Улсын импорт орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэл өргөжжээ. Эрдэнэт хотод жижиг дунд үйлдвэрлэл үүдээ нээж 600 гаруй хүн ажил, орлоготой болсон байна. Өнгөрсөн онд л гэхэд Эрдэнэт үйлдвэрийн молибдений баяжмал боловсруулах “Шим технолоджи” ХХК үйл ажиллагаагаа дахин сэргээжээ. Тус ХХК жилд 3600 тн молибдений баяжмал боловсруулж, уул уурхайн гүн боловсруулсан, нэмүү өртөг шингэсэн экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэж 170 хүнийг ажлын байраар хангасан байна. Мөн Катодын зэсийн үйлдвэр “Ачит Их” ХХК  нь гидрометаллургын аргаар жилд 10 мянган тонн цэвэр зэс гаргах бөгөөд 200 гаруй хүн ажилтай болов. Түүнчлэн Монгол Улсын маскны анхны үйлдвэр “Цагаан жим” ХХК  дэлхийн стандартад нийцсэн 3-5 мянган маск үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд энд 20-иод хүн ажиллаж байна.  Эрдэнэт үйлдвэр маскны захиалга өгч гаднаас худалдан авахаа больжээ. Бас нэгэн сайн мэдээг дуулгахад  Эрдэнэт үйлдвэрийн цахилгаан электроникийн инженерүүд хамтран LED гэрлийн үйлдвэр байгуулсан байна. Дэвшилтэт технологид суурилсан тус үйлдвэр цахилгааны зарцуулалт 8 дахин бага, байгальд ээлтэй нэг гэрлийг 3 минутад үйлдвэрлэх хүчин чадалтай аж.  Ийнхүү Эрдэнэт үйлдвэр Резинин бүтээгдэхүүний үйлдвэр, Нанотехнологийн даавууны үйлдвэр, Төмөрлөгийн цогцолбор гээд үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжин ажиллаж байгаа нь сайшаалтай. Энэ бүхэн нь Улс орны хөгжилд  онцгой хувь нэмэр оруулж буйг тодотгох нь зүйтэй байх аа.

Олон улсын жишигт нийцсэн “Эрдэнэт медикал” эмнэлэг үүдээ нээнэ

     Уул уурхайн үр шимийг ард түмэнд хүргэсэн бас нэг бүтээн байгуулалт бол Эрдэнэт үйлдвэрийн  100 хувийн хөрөнгө оруулалттай оношилгоо, эмчилгээний “Эрдэнэт Медикал” эмнэлэг ирэх  6 дугаар сард Орхон аймаг болон Хангай, Төвийн бүсийн үйлчлүүлэгчдээ хүлээн авахад бэлэн болжээ.  Дүрс оношилгоо, лабораторийн оношилгоо, ангиографийн оношилгоо гэсэн үндсэн хэсгээс бүрдэж буй тус эмнэлгийг  Япон улсын инженерийн барилга архитектурын дагуу барьжээ. Өвчтөн, эмнэлгийн ажилтнууд өөр өөр хонгилоор давхцахгүй зорчихоос гадна эмнэлгийн ажилтнууд тавтай тухтай орчинд гадуур хувцсаа сольж ажиллах таатай орчин нөхцөл бүрджээ. Эмнэлэгт нэгдсэн хийн системийг суурилуулсан төдийгүй хүчилтөрөгчийг  ханаар нь дамжуулан тасаг бүрт байрлуулснаас үзвэл орчин үеийнх гэдэг нь илт байв. 200 хүнийг  хэвтэн эмчлүүлэх, өдөртөө 500 хүнийг үзэж оношлох хүчин чадалтай. Энэхүү эмнэлгийг  50 орчим сая ам.доллараар бүтээн босгосон бөгөөд зөвхөн  эмнэлгийн  тоног төхөөрөмж  гэхэд 20 сая ам.долларын өртөгтэй аж. Энэ нь гадны хөрөнгө оруулалттай уул уурхайн аж ахуйн нэгж, компаниудаас нийгмийн салбар  тэр дундаа эрүүл мэндийн  салбарт хөрөнгө оруулснаар ач холбогдолтой юм. Энэ жишгээр нийгмийн сайн сайхны төлөө уул уурхайн компаниуд ажиллавал тухайн орон нутгийн иргэдийн талархлыг хүлээх биз ээ.

/Зургадугаар сард ашиглалтад орох шинэ эмнэлэг/

Эрдэнэт шиг олон уурхайтай бол Монгол Улс хөгжлийн замаа дөтөлнө

     Монгол Улс 2014 онд нийтдээ 254 мянган тонн зэс үйлдвэрлэжээ. Энэ нь Азийн үйлдвэрлэлийн 25.8 хувийг дэлхийн зэс үйлдвэрлэлийн 1.36 хувийг эзэлж байна. Монголоос дэлхийн зах зээлд нийлүүлж буй зэсийн үйлдвэрлэлийг Эрдэнэт, Оюутолгой  гэсэн хоёр компани хангаж буй юм. Тус үйлдвэрүүдийн эдийн засаг болоод нийгэмд үзүүлж буй ач холбогдлыг харьцуулбал 2014 онд Оюутолгой нийт 33.9 сая тонн хүдэр, Эрдэнэт үйлдвэр 26 сая тонн хүдэр боловсруулжээ. Харин зэсийн баяжмалын боловсруулалтаар нь авч үзвэл Оюутолгой компани 692.3 мянган тонн, Эрдэнэт 516.8 мянган тонн зэсийн баяжмал боловсруулсан байна. Түүнчлэн хүдэрт агуулагдаж байгаа зэсийн агуулгаар Оюутолгойнх 25.3 хувь бол Эрдэнэт үйлдвэрийнх  23 хувьтай байна. 
     Өнгөрсөн оны  тайлан мэдээнээс үзвэл 2014 онд Оюутолгой  компани 175.6 мянган тонн зэс, Эрдэнэт үйлдвэр 137.5 мянган тонн зэс боловсруулжээ. Харин улсын төсөвт бүрдүүлж буй орлогоор нь авч үзвэл Эрдэнэт үйлдвэр 462.4 тэрбум төгрөг төвлөрүүлсэн бол  “Оюутолгой” 450 орчим тэрбум төгрөгийг төсөвт оруулжээ. Үнэндээ шилдэг татвар төлөгчөөр Эрдэнэт үйлдвэр 12 жил тэргүүлж буй бол Оюутолгой 2010 оноос хойш эхний тавд багтах болсон. Дээрх тоо баримтаас харвал “Оюутолгой”, “Эрдэнэт”-ийг  бодвол алт, мөнгө, молибден, хүдэр зэсийн баяжмал түлхүү боловсруулсан ч татвар төлөлтөөрөө Эрдэнэтийн ард гишгэж байна.  Үнэндээ “Оюутолгой”-н орд  долоон “Эрдэнэт”, 45 “Бороо” нэг асгатын ордын дайтай баялагтай гэдэг. Гэтэл тус ордыг ашиглаад багагүй хугацааг үдэж буй ч Монголын эдийн засагт оруулж буй өгөөжөөрөө Эрдэнэт үйлдвэрийг  гүйцэхгүй л явна.
     1963 онд Монгол, Зөвлөлт, Чехословакийн хайгуулчид  зэс молибдены ордыг нээснээр  Монголчуудын “саалийн үнээ” Эрдэнэт үйлдвэрийн бүтээн байгуулалт эхлэх суурь болсныг бид мартаагүй.

     Энэ хоёр үйлдвэрийн үйл явц нийгмийн өгөөжийг  бүтээн байгуулалтаас нь харж болно. Эрдэнэт үйлдвэрийг дагаад хот бий болсон бол таван жилийн хугацаанд Оюутолгойд гэр кэмпээс өөр зүйл алга. 1973 онд БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар хооронд “Эрдэнэтийн овоо орд” газрыг түшиглэн Эрдэнэт үйлдвэр байгуулах гэрээ хэлэлцээрийг алсын хараатай улс эх орноо бодож хийсэн нь эдүгээ монголчуудад өгөөжөө өгсөөр байна.

     Монгол, Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэрийн дүрмийн сангийн  51 хувийг Монголын Засгийн газар, 49 хувийг ОХУ-ын 100 хувь төрийн өмчит Росстехнологи корпораци эзэмшиж буй юм.

     Алсын хараатай, зөв мэргэн шийдэл нь эдүгээ 100 мянган хүн амтай том хот болтлоо хөгжиж өдгөө ч биднийг дахин 40 гаруй жил тэжээх чадвартай гэдгийг хараад сэтгүүлч миний бие бахархах сэтгэл төрж тухайн үеийн удирдагчиддаа мэхийн ёсолмоор санагдаж билээ.
     Долоон “Эрдэнэт”-тэй дүйх Оюутолгойн гэрээг ТЭЗҮ-гүйгээр байгуулсныг олон хүн таашаадаггүй. Монголын ард түмэнд 70 гаруй жил өгөөжөө өгөх Эрдэнэт үйлдвэр шиг бодлоготой, улсын хөгжлийн төлөө ажилладаг уул уурхайтай болвол Монгол Улсын хөгжлийн зам хурдацтай дөтлөх нь гарцаагүй.


 Д.ДОГСОМ

Эх сурвалж: http://montsame.mn/index.php?option=com_k2&view=item&id=56138:42&Itemid=650

Сүүлд өөрчлөгдсөн Лхагва, 19 7-р сар 2017 07:15
Үнэлэх
(0 Саналууд)

Эрдэнэт үйлдвэр ххк

Цахим хуудас: erdenetmc.mn

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог