Үйлдвэрлэл

Сүүлийн жилүүдэд, Ил уурхайн тоног төхөөрөмж шинэчлэгдэж хүчин чадал нь нэмэгдсэн, ажлын хүрээ тэлж, уурхай өргөссөнтэй холбоотой гадаад цахилгаан хангамжийн чадлыг нэмэх, цахилгаан дамжуулах агаарын шугамыг өргөтгөх, уулын ажлын хүрээнээс гаргах зайлшгүй шаардлага үүссэн. Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн гадаад цахилгаан хангамжийг сайжруулах ажлын тендерт “Энх өглөө” компани ялсан. Оны өмнөөс эрчтэй эхэлсэн уг ажил энэ сарын сүүлээр дуусах төлөвлөгөөтэй байсан ч “ковид-19” халдварын нөхцөл байдлаас шалтгаалан хоёр сараар хойшиллоо. Одоо Ил уурхай нийт 8 МВА-ийн чадал бүхий хоёр дэд станцтай. Гэтэл уурхайн тоног төхөөрөмжийн суурилагдсан чадал нь 12,5 болсон. Цахилгаан хангамжийн чадлын дутагдлыг тоног төхөөрөмжүүдийг оновчтой байрлуулах, нэг гаргалгаа дээрх ачааллыг тэнцвэржүүлэх зэргээр “аргалж” байна. Өргөтгөл хийгдэж дэд станцууд нэмэгдсэнээр нийт 32,6 МВА-ийн чадалтай болж, долоо байсан гаргалгаа 24 болж нэмэгдэх юм. Ингэснээр тоног төхөөрөмжүүдээ өөрсдийн хүссэн газар байрлуулан цахилгаанаар найдвартай хангах, цахилгаан дамжуулах агаарын шугамын гэмтэлгүй болох нөхцөл бүрдэх юм. Түүнчлэн Ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх цахилгааны эх үүсвэрийг эндээс шийдэх боломж нээгдэнэ.       

М.Одгэрэл

Фото: Б.Баттөгс

Эрдэнэт үйлдвэрийн Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас хүний нөөцийн мэргэжилтнүүдийн дунд ажил мэргэжил, харилцаа хандлага, ур чадварын түвшин тогтоох шалгалтыг анх удаа зохион байгууллаа.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1185 тоот тушаалаар үйлдвэрийн хэмжээнд ажиллаж буй хүний нөөцийн мэргэжилтнүүдийн дунд мэргэжил, ур чадварын шалгалт зохион байгуулахаар шийдвэрлэсний дагуу хүний нөөцийн мэргэжилтнүүд дөрвөн үе шаттай, мэргэжлийн шалгалт өгчээ. Өөрөөр хэлбэл, албан баримт бичгийн, онолын мэдлэг, ур чадвар, харилцаа хандлага тодорхойлох гэсэн дөрвөн чиглэлээр мэдлэгээ шалгуулж, хувь ажилтны хөгжлийн түвшинд дүн тавиулав. Шалгалтын зорилго нь Эрдэнэт үйлдвэрт ажиллаж буй хүний нөөцийн мэргэжилтнүүд мэдлэг, ур чадвар, хандлагын хувьд ямар түвшинд байгааг тодорхойлох, нөгөө талаас, шалгалтад бэлдсэнээр өөрсдийн мэдлэг мэдээллээ сэргээж бататгах, шинээр сурч, мэдлэгээ ахиулж, дээшлүүлэх боломжийг нээхэд чиглэгдэж байна. Ингэснээр, цаашид хүний нөөцийн чиглэлээр ямар бодлого хэрэгжүүлэх, хүний мэргэжилтнүүдийг хэрхэн сургаж, боловсруулах зорилтоо тодорхойлоход ач холбогдолтой юм.

Шалгалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Захиргаа, хүний нөөцийн бодлогын газар, Хуулийн хэлтэс, Дотоод хяналтын хэлтэс болон боловсрол, сэтгэл зүйн чиглэлийн төлөөллүүд оролцож, шалгалтын материал, асуумжийг мэргэжлийн өндөр түвшинд боловсруулсан байна.    

М.Балжинням

Фото: Б.Баттөгс

Дэлхийн зах зээлд зэсийн үнэ өнөөдрийн байдлаар, 2020 оны улсын төсөвт төлөвлөснөөс 600 орчим доллар тонноор доогуур байна. Коронавирусын цар тахал дэлхий нийтэд төдийгүй улс орны эдийн засагт эрсдэл үүсгэж байгаа энэ үед “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ цар тахлаас урьдчилан сэргийлэх, үүсээд байгаа хүндрэлийг даван туулах нэгдсэн хөтөлбөр гаргаж, шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Үүний үр дүнд техник технологио шинэчлэх замаар үйлдвэрлэлээ өсгөж, улс болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татвараа бууруулахгүйгээр, үйлдвэрлэл эдийн засгийн төлөвлөгөөт үзүүлэлтээ давуулан биелүүллээ. Уурхайчид коронавирусын цар тахлаас өөрийгөө болон гэр бүлээ, цаашлаад улс орноо хамгаалан, хүлээсэн үүргээ биелүүлэн ажиллаж байна. Эрдэнэт үйлдвэр эх үрсийн баярын өдрөөс эхлэн уурхайчдынхаа цалинг 10 хувиар, ахмадуудынхаа тэтгэмжийг 40 хүртэл хувиар нэмэгдүүлэн бэлэг барьж байна. МҮХАҮТ, Монгол Улсын Засгийн газартай хамтран жил бүр шалгаруулдаг ТОП-100 аж ахуйн нэгжүүдийг Эрдэнэт үйлдвэр энэ жил 18 дахь удаагаа манлайлснаа саяхан гардсан. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын уурхайчид 2019 онд улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн татвар, эх орны хөгжилд оруулсан хувь нэмэр, нийгмийн хариуцлага зэрэг олон шалгуур үзүүлэлтийг тэргүүлж энэ шагналыг хүртсэн. Үйлдвэрийн газрын Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн санаачилгаар МҮХАҮТ-ын 2019 оны ТОП-10 аж ахуйн нэгжүүд улс, эх орны хөгжлийн асуудлаар уулзалт зохион байгуулах юм. Тэд Эрдэнэт үйлдвэрээс авч хэрэгжүүлж байгаа, ажлын байраа хадгалах, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэн, цалин урамшууллаа өсгөх сайн туршлагаас суралцаж, хамтдаа Монгол улсын Эдийн засгийг эрчимжүүлэх талаар санал солилцох юм байна. “ТОП-100 аж ахуйн нэгжүүдийг тэргүүлсэн нь уурхайчдад урам зориг өгч, цаашид “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ коронавирусын халдварын цар тахлын улмаас дэлхий нийтэд үүсээд байгаа санхүү, эдийн засгийн хүндрэлийг хэмнэлтийн бодлого, урьдчилан сэргийлэх оновчтой шийдлээр даван туулж чадна” хэмээн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн ил уурхайн ажил байдалтай танилцах үеэрээ онцолсон юм.

Фото: Б.Баттөгс

Лхагва, 27 5-р сар 2020 00:00

Өнөөдөр 05 дугаар сарын 27

Мэдүүштэй...

1. Өнөөдөр жилийн 148 дахь өдөр. Он дуусахад 217 хоног үлдлээ.

2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +26 градус, шөнөдөө +2 градус дулаан, багавтар үүлтэй, салхины хурд 5-6 м/сек байна.

3. Аргын тооллын 5 дугаар сарын 27.Буд гараг. Билгийн тооллын шинийн 5. Лусын буулттай, цагаан морь өдөр. Өдрийн наран 5 цаг 01 минутад мандан, 20 цаг 38 минутад жаргана. Энэ өдөр бар, нохой, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, могой, морь жилтнээ сөрөг муу тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.  Ном унших, замд гарах, эд юм бүтээх, бичиг зурхай зурах, ураг садан болох, худалдаа хийх, сүмийн тахил тахилга засах, өөрийн амьдралд тустай ажил хийх, бурханд залбирах, нөхрийг эрэх, хаад ноёд, ихэс дээдэст тангараг, амлалт гаргах, мал адгуус муулах үйлд сайн. Байр сууц тохижуулах, гэр барих, засах, морь худалдах, уралдуулах, улаан идээ авах, хатуу үйл ажил хийх, лам болох, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, модны үйл, үхэгсдийн үйлд муу. Өдрийн сайн цаг нь  морь (11:40-13:40), бич (15:40-17:40), хулгана (23:40-01:40), үхэр (01:40-03:40) болой. Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд мал арвижих сайн.

4.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 5341 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)

5.Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2803, евро 3050, БНХАУ-ын юань 392, ОХУ-ын рубль 39, Японы иен 26, БНСУ-ын вон 2.2 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn)

 

Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сард...

Асуулт: -1974-1978 онуудад МХЗЭ-ийн илгээлт өвөртлөн, манай орны өнцөг булан бүрээс олон зуун залуучууд Эрдэнэтийг зорьсон. Энэ залуучууд өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн туршлагатай ажилчид, халамжлан хүмүүжүүлэгчид болж өссөн нь мэдээж. Эдгээр залуучуудын заримын ажил үйлс, амьдрал, бүтээлээс танилцуулна уу?

Хариулт:-1974-1978 онуудад МХЗЭ-ийн илгээлтээр Эрдэнэтийн бүтээн байгуулалтын үйлсэд оролцохоор манай орны 18 аймаг, хоёр хотоос ирсэн олон зуун залуучууд Эрдэнэт хот, үйлдвэрийг бүтээн босголцож, анхны барилгачдаас төрөл бүрийн мэргэжил эзэмшсэн ажилчид, инженер техникийн ажилтан болтлоо хөгжжээ.

МХЗЭ-ийн илгээлтээр 1974 онд анх Эрдэнэтэд ирсэн 54 залуугийн 14 нь Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаагийн дотор хүдрийн ил уурхайн өрмийн машинч Доржийн Чойжид, Дашдоржийн Баатар, Баянсангийн Мишиграгчаа, Өлзийн Даваа, уурхайн засварчин Хятадын Пүрэвдорж, эксковаторын машинч Кушметийн Махмудхан, уулын технологийн тээврийн цехийн БелАЗ-ын жолооч Рэнжавын Оросоо, Равдандоржийн Жанчивдорж, жолооч Лхагвын Мишка, Барилга засварын цехийн цахилгаанчин Чойнхорын Мөнхбат, Орон сууц нийтийн аж ахуйн газрын үйлчлэгч Шушкений Кульзира, мөн 1974 оны МХЗЭ-ийн Төв хорооны зохион байгуулагч, анхны илгээлтийн залуучуудын ахлагчаар ажиллаж байсан, одоо уулын технологийн тээврийн цехийн ээлжийн дарга Даваагийн Пүрэвдорж нарыг онцлон дурьдаж болох юм.

МХЗЭ-ийн илгээлтийн эзэн хүдрийн ил уурхайн өрмийн машинч Данзангийн Жаргалсайхан техникийн хүчин чадлыг бүрэн дүүрэн ашиглаж, хөдөлмөрийн гарамгай амжилт гаргасан учир 1988 оны 5-р сарын 16-ны өдөр БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар цол, Сүхбаатарын одон, “Алтан соёмбо” медалиар шагнагдсан. Одоо Эрдэнэт хотын үйлдвэр, аж ахуй, соёл урлагийн төрөл бүрийн салбарт МХЗЭ-ийн илгээлтийн эзэн олон зуун залуучууд үр бүтээлтэй хөдөлмөрлөж байгаагийн дотор Эрдэнэт үйлдвэрт 200 шахам залуучууд ажиллаж, тэдгээрийн дийлэнх нь халамжлан хүмүүжүүлэгчид болсон.

 (Эх сурвалж:“Монгол, Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр: 100 асуулт, хариулт” номноос...)

Мэдээний төрөл

Календарь

« 5-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Зургийн цомог