Үйлдвэрлэл

   Эрдэнэт үйлдвэрийн ажиллагчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг удахгүй эхэлнэ. Энэ жилийн үзлэгийн онцлог, өнгөрсөн оны үзлэгийн мөрөөр хийж хэрэгжүүлсэн ажлынх нь талаар “Эрдэнэт” сувиллын цогцолборын  Статистикч эмч Ж.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.

   - Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг хэзээ эхлэх вэ?
  
- 6-р сарын 20-ноос эхэлнэ. Үйлдвэрийн ахмадууд, ҮО, МШӨ-ний улмаас хувь тогтоолгосон ажилчдыг хуваарийн дагуу үзлэгт хамруулна.

   - Хуваарь гарсан уу? Үзлэгт хэдэн хүн хамрагдах вэ?
  - Эхний ээлжинд 6-р сарын 20-ноос Технологийн сургууль, Засвар угсралтын цех, Аж ахуй, үйлчилгээний цех, Судалгааны төв, ХМТАЦ-ын ажилчид орно. Төлөвлөгөөгөөр 6000-д ажиллагсад, ҮО, МШӨ-тэй 354 хүн, 2100 орчим ахмад үзлэгт хамрагдана. 7-р сарыг дуустал өдөртөө 45-50 хүн үзлэгт орохоор төлөвлөж байна.

   - Энэ жилийн үзлэгийн онцлог юу вэ?
 
- Энэ жил насны ялгаагүйгээр багц сонгох боломжтой. Компьютер-томограф болон Соронзон үелзүүрт томографийн /МRI/ шинжилгээтэй багцууд орсон. Есөн багц үзлэг хийгдэнэ. Үүнд:
      1. Үндсэн багц шинжилгээтэй
      2. Зүрхний
      3. Ходоод, улаан хоолойн дурантай
      4. Бүдүүн гэдэсний дурантай
      5. Чихрийн шижин болон бамбайн булчирхайн
      6. Мэдрэлийн багц /тархины судасны допплер, нурууны MRI
      7. Хэвлийн тодосгогчтой компьютер томографтай
      8. Уушигны бага тунт компьютер томографтай
      9. Нурууны рентген, Д витаминтай багц
   Бүх багцад үндсэн үзүүлэлтүүдийг тодорхойлох лабораторийн болон багажийн шинжилгээнүүд багтсан.

   - Багц  сонгохдоо юуг анхаарах вэ?
  - Цех хариуцсан эмч өмнөх жилүүдийн үзлэг шинжилгээ, эрүүл мэндийн түвшинг үндэслэн тухайн ажилтныг багц сонгоход чиглүүлж зөвлөгөө өгнө. Мөн ажилтнууд өмнөх жилийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ, ЭСЦ-ын эмч нарын давтан үзлэгийн үеэр зөвлөснийг бодолцож багцаа сонгох хэрэгтэй. Хэвлийн ЭХО-оор ямар нэг сүүдэртэй, голомттой гэх зэрэг асуудалтай байсан бол багц долоо буюу хэвлийн тодосгогчтой Компьютер томографтай багцыг, уушгинд ямар нэгэн асуудалтай бол наймдугаар багцыг сонгох жишээтэй.

  - Танай цогцолбороос өнгөрсөн оны үзлэгийн дүнд судалгаа хийсэн үү? Өвчлөлийг бууруулах чиглэлээр хэрхэн ажилласан бэ?
   - 2018 оны үзлэгийн дүнг нэгдсэн үзүүлэлтүүдээр гаргасан. Ажилчдын дунд тэргүүлэх өвчлөлд хоол боловсруулах замын эмгэг, бодисын солилцооны хямрал болон дотоод шүүрлийн эмгэг, бөөр шээсний замын эмгэг, зүрх судасны эмгэг орсон. Цех болгоныг хариуцсан эмч байдаг. Эмч бүр цехийнхээ урьдчилан сэргийлэх үзлэгийн тайланд дүн шинжилгээ хийж, цаашид анхаарах хүмүүсээ дахин нарийвчилсан шинжилгээнд оруулж, онош тодруулах, эмчилгээний асуудлыг хүн нэг бүрээр тооцон ажиллаж байгаа. Энэ ажил жилийн турш хийгддэг юм. Долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагийг эмч цех дээрээ ажиллах өдөр болгож, үзлэг хийх, шаардлагатай ажилчдын эрүүл мэндэд хяналт хийж цехийн удирдлагад танилцуулах, эрүүл мэндийн сургалт сурталчилгаа, эрүүл мэндийн хөтөлбөрт  хамруулах  ажлыг төлөвлөгөөний дагуу хийж байна.
   Мөн “Эрдэнэт” сувиллын цогцолбор болон БОЭТ, бусад төрөлжсөн эмнэлгүүдийн нарийн мэргэжлийн эмчийн хяналтын явц, эмчилгээний үр дүнд маш сайн анхаарч ажиллаж байна. Ажилчдын хөдөлмөрийн чадвар түр алдалтад хэд хэдэн чиглэлээр судалгаа дүгнэлт хийж байна. Тухайлбал, шинээр ажилд орсон  хүмүүсийн, удаан хугацаанд өвчтэй байгаа ажилчдын, олон удаа эмнэлгийн хуудас авч байгаа  гэх мэтээр.

   - Энэ чиглэлээр хэрхэн ажиллахаар төлөвлөж байна вэ?
   - Урьдчилан сэргийлэх үзлэгийн мөрөөр авч хэрэгжүүлэх ажлын  арга хэлбэрээ сайжруулан ажиллана. Орчин үеийн эрүүл мэндийн чиг хандлага урьдчилан сэргийлэх ажиллагаанд түлхүү анхаарч байгаа юм. Тиймээс бид ажилчдыг өвчлөлөөс сэргийлэх, ажлын байрны нөхцөлийг сайжруулах чиглэлд ХАБЭА-н хэлтэстэй хамтран олон ажил зохион байгуулах шаардлага бий.
   Мөн ажлын байранд эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаа буюу ажилтныг ажлаа хийж байх үед  эрүүл мэндийг нь хамгаалах, сайжруулах ажиллагааг  хэрэгжүүлэх шаардлагатай. Ажилтан буюу хувь хүн  эрүүл мэндийнхээ төлөө хариуцлагатай байх нь маш чухал. Яагаад гэвэл эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлсийн тухайд амьдралын хэв маяг 60-70 хувиар нөлөөлдөг гэсэн ДЭМБ-ын судалгаа байдаг.

Я.Энхтуяа
Фото: Б.Баттөгс

   Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн заводын Цутгуурын цехэд хийх техник, технологийн шинэчлэлийн бэлтгэл ажил өнөөдрийн байдлаар 50 хувийн гүйцэтгэлтэй байгааг Ерөнхий инженер А.Арвис онцоллоо. Өөрөөр хэлбэл, Цутгуурын цехийн хэвний хэсэгт “Хүйтнээр хатууруулах холимгоор хэв бэлтгэх хагас автомат шугам угсрах, суурилуулах” өргөтгөлийн бэлтгэл ажил үргэлжилж байна. Төслийн үндсэн зураг төсөл, техникийн шийдлүүд бүрэн хийгдэж, батлагджээ. Ирэх есдүгээр сард цехийн дөрвөн мэргэжилтэн Герман улсад очиж, төслийн техник, тоног төхөөрөмжийг хүлээж авах юм. Өргөтгөлийн ажилтай холбоотойгоор Цутгуурын цехийн үйл ажиллагааг 11 дүгээр сарын нэгнээс түр зогсоохоор төлөвлөжээ.

   Цутгуурын цехийн хэвний хэсэг 1974 онд ашиглалтад орсон. Тэр үеийн зураг төслөөр одоо хүртэл ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд техникийн шинэчлэл хийгдээгүй. Тиймээс хэвний хэсгийг бүхэлд нь буулгаж, орчин үеийн шинэлэг технологи бүхий ХБНГУ-ын Ф.А.Т компанийн тоног төхөөрөмж суурилуулах юм. Энэхүү төсөл хэрэгжсэнээр цутгамлын чанар сайжирч, хүчин чадал нэмэгдэхийн зэрэгцээ гаднаас импортоор худалдаж авдаг түүхий эдийн хэмжээ багасах ач холбогдолтой. Гол давуу тал нь хаягдалгүй, эко цутгуурын үйлдвэрлэлийн технологи нэвтрүүлнэ. Хүчин чадал дээшилснээр жилд үйлдвэрлэдэг 5000 тонн цутгамал бүтээгдэхүүн 7000 тонноор нэмэгдэж,  бүтээгдэхүүний хэмжээ 12000 тоннд хүрэх боломжтой болох юм. Цутгуурын цехийн “Хүйтнээр хатууруулах холимгоор хэв бэлтгэх хагас автомат шугам угсрах, суурилуулах” техник технологийн шинэчлэлтийг 2020 оны тавдугаар сарын нэгэнд ашиглалтад бүрэн оруулахаар ажиллаж байна.

М.Балжинням
Фото Б.Баттөгс

  

   Эрдэнэт үйлдвэр үйл ажиллагаа, бодлогынхоо нэгэн чухал хэсэг болгон хэрэгжүүлдэг байгаль орчны нөхөн сэргээлтийн талбайд очихдоо энэ удаа их ажлын арын “фронт”-ын тухай өгүүлэхээр  зорилоо.
   Эрдэнэтийн уурхайчид, дахин ашиглагдахгүй хоосон чулуулгийн  гуравдугаар овоолгыг нөхөн сэргээж, урьдын унаган төрхийг буцаан авчирсан түүх 2007 оноос эхэлжээ. Овоолсон чулуу, хайрганаас  өөр амьд ертөнц байх нөхцөлгүй шороон газрыг  ногоон зүлэг, шинэсэн ой болгон “хувиргах” хэрийн хүний санаанд багтах зүйл биш байх. Хурдан хийгдчих ч ажил бас биш. Тэгвэл өнөөдөр хааш хаашаагаа 36.2 га талбайг эзлэдэг хоосон чулуулгийн гуравдугаар овоолго, байгаль дэлхийдээ ногоон өнгөөр чимэг нэмэх нөхцөл хэдийнэ бүрджээ. Энд улиас шинэс, чацаргана жимсний модод салхины аясаар ханаран найгаж, үнэг хярс туулай, шонхор шувуу гээд есөн зүйлийн амьтад тааваараа нутагшиж байна. Байгаль сэргээд, хөрс ургамал ургаж эхлэхээр ан амьтад хүртэл дагаж амьдардаг зохицолдолгоо нь энэ болой.  Дэлгэр зун цагийн дүр төрх нь яг одоо ийм харагдана.
   “Уурхай байсан газар хайрга шороо, хоосон чулуу л үлддэг гэх ойлголт хэрхэвч байж таарахгүй. Баялагийг нь аваад тийм болгон үлдээх ч учиргүй” гэж гуравдугаар овоолгын нөхөн сэргээлтийн ажлыг санаачилагч, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийн дарга О.Эрдэнэтуяа хэлсэн. Анх түүнийг энд нөхөн сэргээлт хийх санаагаа танилцуулахад хэн ч итгэхгүй байж. Тэр тусмаа Ил уурхайн ажилчдаас “чулуун дээр яаж ургамал ногоо ургах юм бэ, ажилд садаа болсон төвөгтэй хүн бэ” гэж илт дургүйцэх нэгэн ч таарсан гэдэг. Харин эхэлсэн ажил нь жил гаруй хугацааны дараа үр дүнгээ өгч, хоосон чулуулгийн овоолгын “царай зүс” сайжирч эхлэхэд тэд  хүлээн зөвшөөрчээ. Хамтран ажиллаад ч эхэлж. Нөхөн сэргээлтийн ажил бол нөр их хөдөлмөр зүтгэлийн үр шим. Чулуу асгасан газрыг эхлээд тэгшилнэ. Дараа нь техникийн нөхөн сэргээлт хийж, 70-80 сантиметрийн зузаантай хөрс шинээр дэвсэнэ. Энэ бүхэнд  техник хэрэгсэл, ажиллах хүчин, цаг хугацаа гээд маш их зүйл шаардагдах нь ойлгомжтой. Эхэн үед бэрхшээл мундахгүй байв. “Ажил их, норм төлөвлөгөө биелэхгүй байхад юун чулуулгийн овоолго дээр ажиллах, замын тоос босоод байхад юун тэнд усалгаа хийх вэ”  гээд газар шороо тэгшлэх том оврын техникүүд олдохгүй байх үе ч их гарна. Гэсэн хэдий ч тэр бүхэнтэй  зөвшилцөж, ойлголцож  ажилласаар зорьсондоо хүрснээ О.Эрдэнэтуяа дарга болон түүний багийнхан сэтгэл өндөр ярьдаг. Бас  нөхөн сэргээх ажлыг хамгийн их дэмжиж,  хамтран ажилласан хүн нь тухайн үед Ил уурхайг удирдаж байсан Н.Бямбадорж дарга. Аливаад  их сэтгэлтэй, уурхайгаа арван хуруу шигээ мэддэг, ирээдүйг том харж чаддаг хүний хувьд байгаль орчны нөхөн сэргээлтийн ажлыг урагшлуулахад том хувь нэмрээ оруулсныг нь хэлэх учиртай гэж тэд хэлсэн.

  

   Санаачлага хамгийн чухал. Хаана ямар нөхцөлд байх нь хамаагүй, хэдэн хүнтэй байх ч хамаагүй зориглоод эхлүүлсэн байхад заавал үр дүн гарна. Харин гарсан үр дүнг цаашид сайжруулж авч явахад мэрийлт хэрэгтэй. Энд арав гаруйхан сантиметрийн урттай үрийн суулгац суулгаж, анхны модоо тарьж байсан бол жил бүр талбайнхаа хэмжээг нэмсээр өнөөдөр 38 га газарт нөхөн сэргээлтийн ажил хийжээ. Ингэснээр Эрдэнэт үйлдвэр өндөрлөг, салхины эрч ихтэй, хоосон чулуулагтай газарт мод тарьж, шинээр нөхөн сэргээлт хийсэн Монголын анхны уурхай болж буйг тэмдэглэх нь зүйтэй.
   Тарьсан мод зүлгээ байнгын арчилж тордох гэдэг бол нөхөн сэргээлтийн ажлын “амин сүнс”. Энэ ажлаа Байгаль орчныхон, Ил уурхай, Эко Монгол Эрдэнэ мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвтэй хамтран хийдэг.  Нөхөн сэргээлтийн ажлын гүйцэтгэх бас нэг гол хүч нь Эко Монгол Эрдэнэ сургуулийн үе үеийн оюутан, төгсөгчид. Тус сургууль байгаль орчны салбарын мэргэжилтэн бэлтгэдэг Эко Ази дээд сургуулиас салбарласан төв юм. Оюутнууд өөрсдөө хөрсөө судлаад, мод суулгац тарьж, арчилж буй нь том дадлага болдог. Энд хийгдэж буй нөхөн сэргээлтийн ажлаар дамжиж, маш олон байгаль орчны мэргэжилтнүүд бэлтгэгдэж гарчээ. Тэдний нэг “бүтээгдэхүүн” нь Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийн хяналт мониторингийн албаны дарга Ж.Жавхланбат. Байгалийг хэрхэн сэргээж болдогийг “нүдээр харж, гараар барьсан” хүний хувьд тэр ажилд орсон даруйдаа буюу 2013 оноос “Ногоон төгөл” төслийг санаачилжээ. Үр дүнд нь үйлдвэрийн бүс рүү ороход угтдаг “Ногоон төгөл” өнөөдөр жинхэнэ утгаараа ойн төгөл болохуйц олон мянган мод үрсэлгээг тордож, ургуулж байна. Олон олон хүмүүсийг мод тарих хоббид  “уруу татах” болжээ. Тэнд 25 төрлийн 12 мянган мод ургаж, ховор сонин жимс боловсорно. Энэ олон өгөөжийг бодохоор Эрдэнэт амьд байгаль дунд оршдог уурхай гэж нэрлэмээр.

  

   “Манайхан гол төлөв “мод тарих амархан” гэдэг. Амархан байж болно, гэхдээ арчилж ургуулна гэдэг хэцүү. Уйгагүй хөдөлмөр шаардана. Сэтгэл зүтгэлээ шингээнэ. Нөхөн сэргээлт хийгдсэн энэхүү өргөн уужим газарт спортын талбай бий болоосой гэж хүсдэг. Гадна дотны зочид энд гольф тоглож, цэвэр агаар амьсгалж, Эрдэнэтийн уурхайг дээрээс нь тольдоосой гэж төсөөлдөг. Хүсэл мөрөөдлөө дотроо төсөөлөөд, зураглалаа гаргах хэрэгтэй. Тэгээд түүнийгээ ажил болгохын төлөө зүтгэх ёстой” гэж О.Эрдэнэтуяа дарга дараагийн зорилтоо тодорхойлсон. Түүний багийнхан үйлдвэрийн бүс дэх нөхөн сэргээлтээс гадна Орхон аймгийн Баян-Өндөр уулын 145 га талбайд дүйцүүлэн хамгаалах ажил энэ хавар эхлүүлсэн. Энэ ажлын хүрээнд уурхайчид Баян-өндөр уулын энгэрт 400 орчим мод тарьжээ. Дүйцүүлэн хамгаалах ажил Сэлэнгэ амралтын баазад үр дүнтэй үргэлжилсээр. Монгол Улсын хэмжээнд нэн ховордсон амьтад, тарвага, халиун бугын илий,  зэрлэг гахай, цацагт хяруул, тахиа галуу нугас гээд ой тайга, хээр талд л харж болох ан амьтад хэдийнэ энд нутагшин, “байраа” олжээ.   
   Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийн хариуцан хийх бүх ажил нь чухал бас “том”. Цагаан тоос дарах, “ногоон ус”-ыг дахин ашиглах, агаарын бохирдол бууруулах, үйлдвэрийн ажиллагсад болон бүс нутгийн иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах, хог хаягдал, химийн хорт бодисын хадгалалт, хамгаалалт, хяналт гээд Эрдэнэт үйлдвэрийн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг хамгийн бага хэмжээнд барих, хүрээлэн буй орчныг хамгаалах тун чухал, нарийн асуудлууд энэ хэлтсийн чиг үүрэг нь болдог. Нөгөө талаас, байгаль орчноо хамгаалах талаар сургалт сурталчилгаа, нийгэмд хандах хандлага, ирээдүй үеийнхээ байгаль хайрлах үзлийг төлөвшүүлэх зэрэг ажлууд үндсэн зорилтын нэг нь. Үүний хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн Аялал жуулчлалын цогцолбор, Сэлэнгэ амралтын баазын дэргэд  Ногоон хөгжлийн төвийг Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн санаачилгаар байгуулж байна. Энэ төвийн үйл ажиллагаа нь байгаль хамгаалал, нөхөн сэргээлтийн олон улсын жишиг болох зорилттой ажиллах юм.  
   Хоосон чулуулгийн гуравдугаар овоолго бол уг нь манай үйлдвэрийн бүс дэх “ажлын байр”. Эндээс уурхай тэрүүхэн дор, хүдэр зөөсөн Белазууд тасралгүй давхилдаж харагдана. Харин овоолгын талбай  тэр чигтээ ногоон зүлэг,  модот шугуй, амьтад, цэцэг навч, жимсний бут. Эгээ л хүний гар хүрч байгаагүй, эзгүй онгон байгалийн тал хээр нутаг гэлтэй. Энэ дүр төрх нь Эрдэнэт уурхайчдын нөхөн сэргээлтийн ажлын үр дүн, түүнд шингэсэн нөр их хөдөлмөр, сэтгэл зүтгэлийн тод мөр буй.

  

М.Балжинням
Фото: Б.Баттөгс

   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйлдвэрлэлийн үйл ажиллагааг сайжруулахад мэдлэг чадвар, ур ухаанаа дайчлан, шилдэг санаагаа ажлын талбарт хэрэгжүүлж яваа олон залуу бий. “Бүтээлч санаачлагч-2018” сайн саналын системийн манлайлагч, “Энэрэл” хүүхдийн төвийн аргазүйч Х.Баярмаатай цөөн хором ярилцлаа. Тэрээр сайн саналын системд хоёр дахь удаагаа шалгарсан чадварлаг боловсон хүчний нэг юм.

  - Эрдэнэт үйлдвэрийн манлайлагчдын нэгээр таныг нэрлэлээ. Сайн саналын системд шалгарсан ажил, мэргэжлийнхээ онцлогоос танилцуулахгүй юу?
    - Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгж бүр өөрийн гэсэн онцлогтой. Миний хувьд “Энэрэл” хүүхдийн төвд 13 дахь жилдээ ажиллаж байна. Бид хичээлийн бус цагаар хүүхдүүдээ сургах, хөгжүүлэхэд анхааран ажилладаг. Ингэхдээ олон төрлийн сургалт зохион байгуулж, илүү бүтээлч иргэн болгох зорилт тавьсан. Хүүхэд бүр өөрийн гэсэн хүсэл мөрөөдөл, сонирхолтой. Тэр нандин мөрөөдлийг нь хуваалцаж, чадварыг нь хөгжүүлэхэд багш бидний оролцоо чухал. Бид ажлын онцлогоосоо хамааран механик юмуу техникийн тал дээр шинэ санал санаачилга гаргах боломжгүй. Харин хүүхдэд үйлчилж, тэдэнтэй харьцаж, хүмүүжилд нь анхаарч, тэдэнд юу тааламжтай байх, яавал ажлаа хөнгөвчилж болох талаар илүүтэй санаачилга өрнүүлдэг. Энэ бүхэн биеллээ олж, хүүхдүүд сэтгэл хангалуун байдагт баяртай байна.

   - Энэ удаагийн сайн саналын системд ямар санал санаачилга гаргасан бэ?
   - Бид хүрээлэн буй орчноо сайжруулж, өрөө тасалгааг илүү өвөрмөц буюу Монголын уламжлалт ёс заншлыг харуулсан хэлбэрээр тохижуулахыг хичээлээ. Мөн хүүхдийг бага насны гэгээн дурсамжтай байгаасай гэсэн үүднээс дурсамжийн цомог бэлтгэн, түүнийгээ бэлэглэх ажил санаачилсан. Шилдэг саналын “Хамгийн сайн санал”-аар шалгарсан нэг ажил маань шинэ жилийн үйл ажиллагаа байсан. Байгууллагын удирдлага үг хэлж, нээлт хийдэг уламжлалт хэв маягаа эвдсэн гэж болно. Манайхан өнгөрсөн шинэ жилийг үлгэрчилсэн байдлаар, хөтлөгчгүй зохион байгууллаа. Хонхны дуу жингэнэхэд үзүүлбэрүүд солигдож, илүү хөгжилтэй хэлбэрт оруулсан нь хүүхдүүдэд төдийгүй уригдсан зочдод маань ч таалагдсан. Шинэ жилийн хувцсаа оёж, бүх зүйлийг өөрсдөө гар бие оролцон хийсэн нь шалгаруулалтын нэг том үзүүлэлт болсон байх.

   - “Энэрэл” төвийн хүүхдүүд энэ зуныг хэрхэн өнгөрөөх вэ?
   - “Энэрэл”-ээр овоглож, халуун ам бүл болсон 49 хүүхэд бий. Энэ хичээлийн жил дуусч байгаа тул бид зусландаа гарах бэлтгэлээ хангаж байна. Энэ сарын 17-нд хүүхдүүдтэйгээ зусландаа гарна. Бид энэ зуныг зугаатай, үр бүтээлтэй өнгөрүүлнэ. Хүүхдүүд маань зөв хүн болж төлөвшиж, амьдрал дээр гараад биеэ дааж явах чадвартай байгаасай гэж бодож, тэднийгээ олон талаар хөгжүүлэхийг хичээж байна.

   - Ярилцсанд баярлалаа.

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

    Орхон аймгийн Замын Цагдаагийн тасаг өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн хуралд аймгийн ЗДТГ, МХГ, Авто тээврийн төв, Нийгмийн эрүүл мэндийн төв, ОБГ зэрэг төрийн байгууллагын мэргэжилтнүүд оролцов. Монгол Улсын хэмжээнд өнөөдөр “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” нэгдсэн арга хэмжээ эхэлж байна. Энэ хүрээнд хот хооронд болон орон нутгийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад Замын цагдаагийн тасаг бүрэн бүрэлдэхүүнээрээ хяналт тавьж ажиллах юм. Тус арга хэмжээ 10 дугаар сарын нэгний өдрийг хүртэл үргэлжилнэ. Энэ хүрээнд төрийн холбогдох байгууллагууд Замын цагдаагийн тасагтай хамтран хот хооронд, орон нутгийн замын нийтийн тээвэр, замын хөдөлгөөнд тавих хяналтыг нэмэгдүүлэх юм. Мөн 24 цагийн үйл ажиллагаатай хяналтын цэгийг нэмж байгуулан, шаардлагатай газар хурд хэмжигч суурилуулахаар төлөвлөсөн байна.
   Монгол Улсын хэмжээнд эхний таван сарын байдлаар зам тээврийн 579 осол, зөрчил бүртгэгджээ. Ослын улмаас 130 хүний амь нас эрсэдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад өссөн байна. Зам тээврийн ослын дийлэнх нь орон нутгийн замд гарч байгаа юм. Шалтгаан нь хурд хэтрүүлж, хамгаалах бүс хэрэглээгүй, хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлээгүй зэрэг гэж дүгнэжээ.

У.Цэрэнбат
Б.Баттөгс

   Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд чиглэсэн замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох сургалтад Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх “Энэрэл” төвийн хүүхдүүд хамрагдлаа. Тэд ногоон гэрэл, цагаан шугам, аюулгүй гарцын талаар мэдлэгтэй болов.
   Замын Цагдаагийн Ерөнхий газар улсын хэмжээнд “Бяцхан зорчигч” аян өрнүүлж, Ерөнхий боловсролын сургуулиуд дээр мэдлэг мэдээлэл олгох сургалт зохион байгуулсан. Харин Орхон аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг он гарсаар “Ногоон гэрэл, цагаан шугам” тэмцээнийг амжилттай зохиож, “Хөдөлгөөний соёл” аяны хүрээнд хүүхдэд зориулсан хэд хэдэн ажил хийхээр төлөвлөжээ. Зуны улиралд унадаг дугуй болон бусад хөдөлгөөнт тоглоомоор замын хөдөлгөөнд оролцох хүүхдийн тоо эрс нэмэгддэг тул 10 хүртэлх насны хүүхдийг зориулалтын зам талбайд, харгалзах том хүний хамтаар тоглуулж байхыг  Цагдаагийн газраас анхааруулж байна.  

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс



 

   Орхон аймаг сүүлийн жилүүдэд элэгний хавдраар Монгол улсын хэмжээнд тэргүүлэх болсонтой холбогдуулан хавдрын тархалтыг багасгах, ирээдүйд гарах хүндрэлийг бууруулахад анхаарал хандуулж эхэллээ. Хавдар судлалын үндэсний төв, “Эрдэнэтийн эмч” ТББ-тай хамтран сайн санаачилга хэрэгжүүлж, В вирустэй иргэдэд туслах ажил өрнүүлж байна. Тэд эхний ээлжинд “Медипас” эмнэлгийг түшиглэн, Эрдэнэт үйлдвэрийн өвчлөл бүхий 100 гаруй ажилтанд элэгний В вирусын эсрэг хоёр сарын хэрэглээний эмийг үнэ төлбөргүй олгох юм. Ингэхдээ тухайн өвчтөнийг элэгний эмчид үзүүлж, шаардлагатай тохиолдолд эм уулгахаар шийдвэрлэжээ. Элэгний В вирустэй хамгийн сайн тэмцсэн улсаар Тайвань улсыг нэрлэдэг бөгөөд тус улсад үйлдвэрлэсэн чанартай эмийг Хавдар судлалын үндэсний төв олгосон байна. Одоогоор дэлхий нийтэд В вирусээр өвчлөгсдийг бүрэн төгс эдгээх эмчилгээ хараахан гараагүй тул насан туршдаа болон тодорхой хугацаанд эм уух зайлшгүй шаардлагатай аж. Иймд ирээдүйд үүсэж болох эрүүл мэнд, гэр бүлийн стресс, санхүүгийн асуудалдаа одооноос анхаарч, эмийн зохистой хэрэглээгээр өвчнөө илааршуулахыг эмч нар зөвлөлөө.
   “Эрдэнэтийн эмч” ТББ-аас төсөл боловсруулж, аймгийн Эрүүл мэндийн газарт хүсэлт тавьжээ. “Энэ төсөл маань дэмжигдсэнээр ирэх наймдугаар сараас Орхон аймгийн иргэд вирусын эсрэг эмээр хангагдах юм. Орон нутгийн эмч нартаа чиглэсэн олон талт үйл ажиллагаа зохион байгуулахын зэрэгцээ нийтийг хамарсан ажлуудад ч идэвх санаачилгатай оролцоно” гэдгээ төрийн бус байгууллагын тэргүүн З.Сонор хэлсэн үгэндээ онцолсон. Тэд Хавдар судлалын үндэсний төвийн эмч нарыг багаар нь урьж, элэгний хавдар дээр хийгдэж байгаа судас боох болон элгэн дэх хавдрыг түлэх эмчилгээг орон нутагтаа хийлгэхээр зорьж байна.

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

   Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйд үүссэн элсний хуримтлалаас дэгддэг цагаан тоосыг Эрдэнэт үйлдвэр гурван төрлийн аргаар дарж байна. Үүний нэг арга нь тоос дарагч бодисыг устай хольж тоостой талбайд цацах технологи юм. Уг аргыг хэрэглэхийн тулд зориулалтын техник ашиглах шаардлагатай бөгөөд нуурын шавар, ус туулах өндөр хүчин чадалтай зориулалтын техник Хаягдлын аж ахуйд саяхан иржээ. Герман улсад үйлдвэрлэгдсэн Hydroseeder KEDA PB80100 маркын төхөөрөмж бүхий XCMG CAT2204A загварын трактор нь жижиг оврын техник хүрэх боломжгүй өндөрлөг газарт тоостой талбайг норгодгоороо давуу талтай юм. Энэхүү тракторыг өмнө ашиглаж байгаагүй, анх удаа туршиж байгаа аж.
   Цагаан тоосыг бүрэн дарах зорилгоор Баяжуулах үйлдвэрийн дэргэд Цагаан тоос дарах алба шинээр байгуулагджээ. Тус албаны ажилтнууд жилийн дөрвөн улирлын турш Хаягдлын аж ахуйд байрлан, цагаан тоос дарах ажлыг тасралтгүй үргэлжлүүлэх юм. Шинэ ирсэн тоос дарагч тракторыг ирэх долоо хоногт ашиглаж эхэлнэ. 

М.Балжинням


 

   Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгчид зургаадугаар сарын эхний 10 хоногт үйлдвэрлэлийн төлөвлөгөөг амжилттай биелүүллээ. Энэ хугацаанд 672.25 мянган м.куб уулын цул гаргаж, төлөвлөгөө 99.5 хувь, 282.47 мянган м.куб хөрс хуулалтын ажил гүйцэтгэж, төлөвлөгөө 93.5 хувийн биелэлттэй гарсан байна. Хүдэр олборлолт 993.93 мянган тонн буюу төлөвлөгөө 104.4 хувиар давж биелсэн бол хүдэр боловсруулалт 928.16 мянган тонн хүрч, төлөвлөгөөт үзүүлэлт 102 хувиар биелжээ.
   Хүдэр дэх металлын агуулга зэсийнх 0.465 хувьтай, төлөвлөгөө 100.2 хувиар, молибденых 0.0164 хувьтай, төлөвлөгөө 107.9 хувиар давсан үзүүлэлттэй байна. Металл авалтын гүйцэтгэл сарын эхний 10 хоногт зэсээр 88.31 хувь, молибденоор 49.00 хувьд хүрч, төлөвлөгөө 100-101 хувиар биелэв. Энэ хугацаанд баяжмал дахь зэсийн агуулга 22.38 хувь, төлөвлөгөө 100.2 хувиар, молибдены агуулга 50.61 хувь, төлөвлөгөө 105.4 хувиар тус тус биеллээ. 
   Зургаадугаар сарын эхний 10 хоногийн байдлаар Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид 280 вагон зэсийн баяжмал, 14 багц молибдены баяжмал ачсан байна.

М.Балжинням
Фото: Б.Баттөгс
 

 

   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ган бөөрөнцгийн цехэд орчин үеийн технологи нэвтрүүлж байгаа. Ажлын явцын талаар тус цехийн Ерөнхий инженер Б.Анх-Эрдэнээс тодрууллаа.

   - Шинэчлэлийн бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ?
 
- Манай цехийн хэмжээнд 2018 онд томоохон хөрөнгө оруулалт хийгдсэн. Бид оны эхний улиралд 2700 тонн ган бөөрөнцөг үйлдвэрлэж, одоогоор технологийн шинэчлэл хийхээр үйл ажиллагаа түр хугацаанд зогсоод байна. Энэ удаагийн ажлыг Дулааны цахилгаан станцын өргөтгөлтэй холбогдуулан хийж байгаа юм. Энэ хүрээнд нүүрс хийжүүлэх зуухнаас татгалзан, индукцийн технологи руу шилжиж, шугам шинэчлэгдэнэ. Үйлдвэрийн удирдлагуудад төслөө танилцуулж, дэмжигдсэн. Өнөөдрийн байдлаар ажлын хэсэг тоног төхөөрөмж судлахаар БНХАУлс руу томилолтоор явсан. Нийлүүлэгч компанитай гэрээ хийсний дараа хэдий хугацаанд үйлдвэрлэх, бэлтгэл ажилд ямар хугацаа шаардлагатай байх зэрэг бүх зүйл тодорхой болно. Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын зүгээс тухайн чиглэлээр хамгийн сайн бүтээгдэхүүн нийлүүлэх улсын үйлдвэрийг сонгох чиглэл өгсөн.

   - Шинэ технологийн онцлог, давуу тал юу вэ?
 
- Манай цех анх дизелийн түлш ашиглаж байсан. Дараа нь эдийн засгийн бодлогын хүрээнд нүүрс хийжүүлэх зуухтай боллоо. Одоо дэлхийн чиг хандлага цахилгаан соронзон орны нөлөөгөөр бэлдэцийг халаах буюу индукцийн технологи руу шилжээд байна. Бид ч энэ техологи руу шилжье гэж зорьсон. Шинэчлэлийн үр өгөөжөөр дэлхийн орчин үеийн технологитой хөл нийлүүлэн, ажлын орчин нөхцөлөө сайжруулах боломж бүрдэж байна.

   - Одоогийн байдлаар хэдэн төрлийн ган бөмбөлөг үйлдвэрлэж байна вэ? Шинэчлэл хийгдсэнээр цехийн хүчин чадал нэмэгдэх үү?
  
- Зэрэгцээ хоёр шугам суурилуулснаар хүчин чадал нэмэгдэнэ. Ингэснээр манай цех Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт ган бөөрөнцгийг 100 хувь үйлдвэрлэх боломж бүрдэх юм. Нэмэлт захилга ч гүйцэтгэх боломжтой болно. Цаашид ган бөөрөнцгийн төрөл зүйл нэмэгдэж, нэр төрөл нь өөрчлөгдвөл тэр бүхнийг үйлдвэрлэх боломжтой. Одоогоор манай цех Эрдэнэт үйлдвэрийн технологид ашиглаж байгаа 40, 80, 100 мм-ийн голчтой ган бөөрөнцөг үйлдвэрлэж байна. Эдгээрийг хуучин ашиглаж байсан нэг шугам дээрээ л хийдэг байсан. Шинээр тавих шугамууд нь 40-80 мм, 80-100 мм-ийн голчтой бөөрөнцөг үйлдвэрлэх хүчин чадалтай. Ингэснээр 80 мм-ийн голчтой бөөрөнцгийг хоёр шугам дээр зэрэг үйлдвэрлэх боломж бүрдэх юм. Шинэчлэлийн ажлыг энэ оны сүүлчээр дуусгаж, бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх зорилт тавьсан.

   - Аливаа техник, технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд боловсон хүчний асуудал чухал байдаг. Энэ талаар?
   - Шинэ орон тоо үүсгэхгүйгээр ажилчдаа дадлагажуулахад анхаарч байна. Нүүрс хийжүүлэх зуухан дээр ажиллаж байсан операторуудаа цувих хэсэг рүү шилжүүлж,  хоёр дахь шугам дээрээ ажиллуулна. Өнгөрсөн хугацаанд Технологийн сургуультай хамтран сургалт зохион байгууллаа. Эхний 16 ажилтан сургалтад хамрагдаж, энэ 7 хоногт төгсөж байна. Үлдсэн хүмүүсээ сургахад бид анхаарна. Мөн гэрээ байгуулсан компаний төлөөллийг нэг сарын хугацаанд үйл ажиллагаа жигдэртэл, ажилчдыг дадлагажуулах хамтарч ажиллах тухай санал тавина.

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс
 

Мэдээний төрөл

Календарь

« 6-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Зургийн цомог