Үйлдвэрлэл

   “Эрдэнэт” үйлдвэрийн удирдах ажилтнууд “Стратеги төлөвлөлт ба тэнцвэржүүлсэн үнэлгээний систем” сэдэвт хоёр өдрийн сургалтад хамрагдаж, стратеги төлөвлөлтийн талаарх мэдлэгээ ахиулж байна. Тус үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаалын дагуу удирдах ажилтныхаа мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор цуврал сургалт зохион байгуулж байгаагийн нэг нь энэхүү сургалт юм. Энэ удаагийн сургалтад  Глобал Стратегийн Удирдлагын Институтын захирал, Стратегийн зөвлөх Ц.Оюунжаргал “Стратеги төлөвлөлтийн орчин үеийн чиг хандлага”, “Стратеги төлөвлөлт ба Тэнцвэржүүлсэн үнэлгээний системийн давуу тал, ач холбогдол”, “Тэнцвэржүүлсэн үнэлгээний системийг нэвтрүүлэх 9 алхам” зэрэг сэдвээр хичээл зааж, Хөгжлийн хэлтсийн ажилтнууд мэдээлэл хийлээ.    
   Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ урт хугацааны хэтийн төлөв, төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна. Харин үйлдвэрийн дунд хугацааны стратеги төлөвлөлтийг хэрхэн хийж, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлоход уг сургалтын зорилго чиглэжээ.
   Стратеги төлөвлөлт нь тухайн компанид өрсөлдөөний давуу талыг бий болгодог. Тухайлбал, стратеги төлөвлөгөөгөө гаргасан компанийг төлөвлөлтгүй компанитай харьцуулахад ашиг орлого өндөр, ажилтнууд нь илүү чадварлаг байдаг гэсэн судалгаа бий.  Компани, үйлдвэрийн газрууд өөрийнхөө дунд болон урт хугацааны стратегийг төлөвлөнө гэдэг нь бүгдээрээ нэг зүгт харж, зорьж ажиллахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл,  бүх нөөц боломж, хүчин чармайлт, зорилго нь нэг зүгт чиглэдэг гэсэн үг юм. Энэ утгаараа “Эрдэнэт” үйлдвэр урт болон дунд хугацааны стратегаа оновчлох нь Монголын эдийн засгийн томоохон тоглогчийн хувьд өндөр ач холбогдолтой. Стратеги бодлогоо хамгийн хэрэгжих боломжтойгоор төлөвлөж, тэнцвэржүүлсэн үнэлгээний арга аргачлыг нэвтрүүлэх нь үр дүнтэй гэдгийг уг сургалтаар онцолж байна.     

М.Балжинням
Фото: Б.Ялалт

   "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Хуулийн хэлтсийн хуульч Д.Гансүхтэй ярилцлаа.

   - Өр барагдуулах ажлын талаар мэдээлэл өгнө үү?
  
- “Эрдэнэт” үйлдвэртэй гэрээ байгуулж, гэрээний нөхцөлийн дагуу урьдчилгаа мөнгө авч, гэрээний үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтэрч авлага үүсгэсэн 5-15 жилийн насжилттай, 161 компанид холбогдох 60.8 тэрбум төгрөгийн авлага барагдуулах ажлыг сүүлийн 5 жилийн хугацаанд манай хуульчдын баг хариуцан ажиллаж байна. Нийтдээ 43.05 тэрбум төгрөгийн авлагыг бодитоор барагдуулж, авлага барагдуулалт 70.7 хувьтай, 119 компанийн авлагыг бүрэн барагдуулж хаасан байна. 32 компанид шүүхийн шийдвэр гаргуулж, авлага барагдах шатандаа үргэлжилж байна. 2019  оны эхний улиралд нийт 20.7 тэрбум төгрөгийн авлага барагдуулаад байна.

   - Үүссэн авлагыг барагдуулах ажиллагааг явуулахдаа хууль, эрх зүйн талаас ямар дүрэм журмаар зохицуулагдаж, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажилладаг вэ?
   - Авлага барагдуулах ажиллагааг авлага барагдуулах ажиллагааны журмаар зохицуулж өгсөн. Ерөнхий захирлын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/689 тоот тушаалаар үүссэн авлагыг барагдуулах ажиллагааны журмыг шинэчлэн баталсан. Журмаар гэрээнд заасан чиг үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс хугацаа хэтэрсэн, найдваргүй авлага үүсгэсэн иргэн, хуулийн этгээд, компанийн ажилтнаас авах авлагыг барагдуулах, авлага барагдуулахад үйлдвэрийн бүтцийн нэгжүүдийн ажиллах тусгайлсан чиг үүргийг хэрэгжүүлж ажиллах, үүссэн авлагын баримт бичгийг Хуулийн хэлтэст хэрхэн шилжүүлэхийг журамлан үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна.

   - Хугацаа хэтэрсэн авлага гэж, найдваргүй авлага гэсэн нэр томьёог тайлбарлавал?
  - Хоёр өөр ойлголт юм. Хугацаа хэтэрсэн авлага гэж компанид бараа материал, тоног төхөөрөмж нийлүүлэх, ажил, үйлчилгээ үзүүлэхээр гэрээ байгуулж, гэрээнд заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүй иргэн, хуулийн этгээд, дотоодын борлуулалт болох цэвэр ус, дулаан, цахилгаан, утас, ярианы төлбөр зэрэг үйлчилгээ авсан байгууллагууд цаг тухайд нь төлбөр тооцоог компанид төлөөгүйгээс хугацаа хэтэрч үүсгэсэн авлага, үйлдвэрийн зардлаар гадаад болон дотоодод сурахаар сургалтын гэрээ байгуулсан ажилтан гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээгээр эд хариуцагч эд, материалын хохирол учруулснаас үүссэн авлагыг хэлнэ. Харин найдваргүй авлага гэж нэхэмжлэлийн шаардлага гаргах хуулийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, хуулийн этгээд нь татан буугдсан, дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон, хариуцагч нь нас барсан, шүүхийн шийдвэрээр хариуцлага хүлээх чадваргүй, ор сураггүй болсон, байгалийн гамшиг давагдашгүй хүчин зүйлийн улмаас авлага барагдуулах боломжгүй болсон иргэн, хуулийн этгээдийн авлагыг хэлнэ.

   - Авлага барагдуулах ажил амаргүй ажил. Ямар дарааллаар явагдаж байна вэ?
  - Авлага барагдуулах ажиллагааны журмаар үйлдвэрийн бүтцийн нэгжүүдэд гэрээ хариуцсан ажилтан ажилладаг. Энэ ажилтан ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийн дагуу гэрээний төсөл боловсруулах, түүний хэрэгжилтэд хяналт тавих, авлага барагдуулах талаар уулзалт хийх, протокол үйлдэх, мэдэгдэл, шаардлага хүргүүлэх, хуулийн этгээдтэй тооцоо нийлсэн акт үйлдэх, үлдэгдлийг баталгаажуулах, авлагын талаар тайлан мэдээ, хувийн хэрэг нээж, бүртгэл хариуцан ажилладаг. Үүссэн авлага барагдуулах ажиллагааны журамд үйлдвэрийн бүтцийн нэгжүүд, хэлтэс, цехийн ажиллах тусгайлсан чиг үүргийг зааж өгсөн. Авлага үүсгэсэн иргэн хуулийн этгээд нь авлага барагдуулах явцад мэдэгдэл, албан шаардлагад тогтоосон хугацаанд авлагыг барагдуулаагүй, санаатай зайлсхийсэн тохиолдолд бүтцийн нэгжийн дарга холбогдох баримт бичгийг Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогчийн зөвшөөрлөөр Хуулийн хэлтэст шилжүүлнэ. Холбогдох баримт бичигт гэрээний нотариатаар батлуулсан хуулбар, төлбөрийн даалгавар, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, НӨАТ төлөгч бол гэрчилгээний хуулбар, тооцоо нийлсэн акт, авлага барагдуулах талаар хийсэн протокол, мэдэгдэл, шаардлага зэрэг холбогдох албан бичгүүдийн бүрдэл орно. Авлага үүсгэсэн хуулийн этгээдийн материалыг Хуулийн хэлтэс хүлээн аваад дарга хуульчдад хуваарилна. Хуульч журамд заасны дагуу хавтаст хэрэг нээж, хийх ажлын төлөвлөгөө гаргаж, материалыг судалж, дүгнэлт хийнэ. Бүтцийн нэгжийн хариуцсан ажилтнаас тайлбар авна, мэдэгдэл шаардлага хүргүүлж, хөөн хэлэлцэх хугацааг судална. Шаардлагатай тохиолдолд авлага барагдуулах гэрээ хийж, авлага барагдуулах график төлөвлөгөө гарган Ерөнхий захирлаар  батлуулан мөрдөнө. Иргэн хуулийн этгээд ямар нэгэн хэлбэрээр авлага барагдуулаагүй тохиолдолд сонин хэвлэлээр зарлаж, нэр төрд нь халдах, хууль хяналтын байгуулагад шилжүүлэх, шийдвэр гаргуулах шат дараатай арга хэмжээ авна.

   - Авлага барагдуулах талаар бусад Хууль, хяналтын байгууллагатай хэрхэн хамтарч ажилладаг вэ?
  - Авлага барагдуулах ажиллагааны журмын дагуу хуулийн этгээдүүдийг холбогдох хууль, тогтоомжийн дагуу хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө шаардах эрхээ хадгалах үүднээс шүүхэд нэхэмжлэл гаргах, оршин суугаа хаяг тодорхойгүй, ор сураггүй хуулийн этгээдүүдийг эрэн сурвалжлах шийдвэр гаргуулах, гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзвэл цагдаагийн байгууллагаар шалгуулах зэрэг хууль хяналтын байгууллагатай хамтран ажилладаг. Шүүхийн шийдвэр гаргуулсан 10 компанийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, 19 компанид шүүхээр эрэн сурвалжлах шийдвэр гаргуулж  Цагдаагийн газарт шилжүүлсэн. Гурван компанид эрүүгийн хэрэг үүсгүүлэн Цагдаагийн газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

   - Хар жагсаалтад бүртгэгдсэн хуулийн этгээдүүдийн талаар?
  - Хууль, эрх зүйн газраас Ерөнхий захирлын 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/716 тоот тушаалаар Хар жагсаалтыг шинэчлэн баталсан. Гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, хугацаа хэтэрсэн авлага үүсгэсэн 141 компани, иргэн, хуулийн этгээдийг найдваргүйд тооцож, тэдгээрийн удирдлагатай 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл гэрээ, хэлцэл хийхгүй байхыг Ерөнхий захирлын орлогч, бүх газар, цех, хэлтсийн дарга нарт үүрэг болгосон.

   - Ярилцсанд баярлалаа.

А.Бямбамаа
Фото: Б.Баттөгс

   “Эрдэнэт” үйлдвэрийн Дулааны цахилгаан станц “Шинийг санаачлагч ажилтан”, “Шинийг санаачлагч шилдэг залуу мастер” шалгаруулах аян зарлажээ. Сайн саналын системд оновчтой санал гаргасан ажилтнаа урамшуулах зорилготой энэхүү аяныг долдугаар сарын сүүлчээр дүгнэж, тодруулах юм. Цехийн хэмжээнд оны эхний 6 сарын байдлаар сайн саналын системд 178 санал гаргаж, ажиллагчдын оролцоо нэмэгдэж 27.4 хувьтай гарчээ. Дулааны цахилгаан станцын хэмжээнд 321 ажилтныг хамруулсан бүтээмж чанарын 31 дугуйлан байдаг.

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

Мягмар, 18 6-р сар 2019 00:00

МЭДЭГДЭЛ



МЭДЭГДЭЛ

   Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн цахим сүлжээгээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас Өмнөд Африкийн Стандарт банкны өр төлбөрт шилжүүлсэн 40 сая ам.доллартай холбоотой баримт нотолгоогүй, ор үндэслэлгүй мэдээлэл нийтлэгдэж байна.
   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас Өмнөд Африкийн Стандарт банкинд төлөх 40 сая ам.долларыг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлсэн. Стандарт банкны зүгээс 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 40 сая ам.доллар хүлээж авсанаа мэдэгдсэн. Энэхүү өр төлбөртэй холбоотой ор үндэслэлгүй мэдээ, мэдээллийг нийгмийн сүлжээгээр нийтлэж байгаа учраас бид албан ёсны эх сурвалжийн хувьд 40 сая ам долларыг Стандарт банк хүлээн авсан тухай  баримтын  хуулбарыг англи, монгол хэлээр хүргэж байна.

   Цаашид “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйл ажиллагааг үгүйсгэсэн, харлуулсан, гүтгэлгийн шинжтэй мэдээ, мэдээлэл тараахгүй байхыг нийт хэвлэл, мэдээллийн байгууллагуудад уриалж байна.
   Мөн Эрдэнэт үйлдвэрийн талаарх үнэн бодит мэдээллийг албан ёсны эх сурвалжаас авч түгээхийг хүсье.   

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН
ХУУЛИЙН ХЭЛТЭС, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

   Байгалийн үзэсгэлэн бүрдсэн, эрүүл цэнгэг агаарт байрлах “Найрамдлын-Эрдэнэс” зуслан нь үйлдвэрийн ажилчдын хүүхдүүдэд зориулан 38 жилийн өмнөөс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн түүхтэй. Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх тус зуслан зуны хөтөлбөрөө эхлээд байна. Энэ талаар “Сэлэнгэ” амралтын баазын дарга Д.Эрдэнэбатаас тодрууллаа.

   - Хүүхдүүдийн хүсэн хүлээдэг зуслан үйл ажиллагаагаа эхэллээ. “Найрамдлын Эрдэнэс” зуслан хэдэн ээлж хүлээн авах вэ?
   - Эрдэнэт үйлдвэрийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгосонтой холбогдуулан манай цехийн бүтэц, орон тоонд нэлээд өөрчлөлт гарсан. Улмаар “Сэлэнгэ” амралтын бааз Амралт, аялал жуулчлалын цогцолбор болон өргөжиж, үйл ажиллагааны хамрах хүрээгээ тэллээ. “Найрамдлын-Эрдэнэс” хүүхдийн зуслангийн хувьд энэ долоо хоногт эхний ээлжээ хүлээн авсан. Өнөөдрийн байдлаар 358 хүүхэд зуслангийн нэгдүгээр ээлжинд амарч байна. Зуны улиралд зуслан найман ээлжээр хичээллэж, нэг ээлжиндээ 500 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай ажиллана. Бид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд орон нутгийн 53 иргэнтэй хамтран, сургагч багшаар ажиллуулж эхэлсэн.
  
   - Зуслангийн ээлж бүр ялгарах онцлогтой байх уу?
   - Зуслангийн үйл ажиллагааны хөтөлбөрөө жилээс жилд шинэчилж, сайжруулсаар ирсэн. Бид 38 жилийн туршлагатай. 2007 оноос хойш манай цехийн хэмжээнд шинэчлэлийн ажил эрчимтэй хийгдэж байна. Энэ хүрээнд зуслангийн ээлж бүрийг ямар нэг хөтөлбөрийн дор зохион байгуулахыг эрмэлзэх болсон. Энэ жилийн тухайд 1, 2, 3 дугаар ээлжиндээ Олон улсын хүүхэд солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж, Австрали улсаас амрагчид хүлээн авна. Харин 4, 5 дугаар ээлжинд спортын зөв хүмүүжил олгох зорилгоор сагс болон хөл бөмбөгийн тусгай сургалт явуулна.

   - Бусад зуслангаас ялгарах давуу тал нь юу вэ?
   - Манай зуслан Сэлэнгэ мөрний ай сав, байгалийн үзэсгэлэнт газарт байрладаг. Мөн Монгол Улсын “ТОП-100” аж ахуйн нэгж, дэлхийд данстай энэ том үйлдвэрийн дэргэд үйл ажиллагаа явуулдаг нь бидний давуу тал гэж хэлж болно. Ногоон байгальд амарч байгаа хүүхэд, залуучуудын хувьд хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалж, хог хаягдлаа хямгадаж, эх дэлхийтэйгээ харьцаж сурахад илүү дөхөмтэй.

   - “Зуслангийн эрхийн бичиг дуусчихлаа” гэсэн яриа гардаг. Энэ жилийн тухайд эрхийн бичгийн хүртээмж хэр байгаа вэ?
   - Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын хүүхдүүдийг хөгжүүлэх, тэднийг ая тухтай амраах зорилгоор “Найрамдлын-Эрдэнэс” зусланг 1981 онд байгуулсан. Бид үйлдвэрийнхээ ажилчдын хүүхдүүдийг амраах бодлогоо илүүтэй барьж, эрхийн бичгээ цехүүддээ хуваарилдаг. Бусад хүүхдэд эрхийн бичгийн хүрэлцээ муу байдаг тул ийм яриа гардаг байх. Энэ жил “Найрамдлын-Эрдэнэс” зусланд 4000 орчим хүүхэд амарна.

  

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяртай нийгмийн чиглэлээр хийгдэж буй ажил, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

  - Эрдэнэт үйлдвэр энэ оныг Хөрөнгө оруулалтын жил болгон зарласан. Үүний дотор уурхайчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлийн ажил цөөнгүй бий. Тэдгээрийн явц ямар байдалтай байна вэ?
   - Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагатай компанийн хувьд энэ чиглэлээр олон ажлыг төлөвлөн эхлүүлж байна. Юуны өмнө бид уурхайчдаа орон сууцжуулах зорилгоор  “Уурхайчин 1”, “Уурхайчин 2”, “Уурхайчин 3” нэртэй,  нийт 1300 айлын орон сууцыг барих ажил эхэлсэн. “Уурхайчин 1” төсөл  нь өнгөрсөн 5 дугаар сарын нэгний өдөр шав тавьж, барилгын ажил эхэлсэн байгаа. “Уурхайчин 2” төслийн тендер зарлагдсан бол  “Уурхайчин 3” хөтөлбөрийн тендерийг өнөөдөр нээсэн. Үүнтэй холбогдуулаад нийгмийн цехүүдэд  багагүй засвар үйлчилгээний ажлууд төлөвлөгдсөн. Тухайлбал, “Сэлэнгэ” амралтын баазын усан хангамжийн техникийг энэ онд шинэчилнэ. 1980-аад оноос хойш олон жилийн ашиглалтаас шалтгаалан чанар нь муудсан усан хангамжийг сольж шинэчлэх ажлын зардлыг  энэ жилийн төсөвт тусгаж өгснөөр энэ ажил хийгдэнэ.  Мөн “Уурхайчин” соёлын ордны барилгын бүх цонхыг шинэчлэхээр төлөвлөсөн. “Энэрэл” төвд орчин үеийн стандарттай спортын зал барина. Энэ ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг зарлахаар бэлтгэж байна. Дараагийн нэг томоохон ажил гэвэл “Сэлэнгэ” амралтын баазын дэргэд "Ногоон хөгжлийн төв" нэртэй бүс нутгийг хамарсан төв байгуулж байгаа. Үүнийг Байгаль орчны яамтай ярилцаж, зөвшилцсөний үндсэн дээр шийдвэрлэсэн гэх мэтчилэн хөрөнгө оруулалтын чиглэлийн ажлууд бүрэн хийгдэхээр эхлээд байна.

   - "Ногоон хөгжлийн төв"-ийн тухайд дэлгэрүүлнэ үү?
   - "Ногоон хөгжлийн төв" гэж олон улс болон манай улсад ч ажилладаг. Байгаль орчны яам, манай үйлдвэр хамтран зохион байгуулсан зөвлөгөөнөөс "Ногоон хөгжлийн төв"-тэй болох санаачилга гаргаж, Эрдэнэтэд тэр тусмаа “Сэлэнгэ” амралтын баазын дэргэд байгуулахаар сонгосон. Үүний учир нь үзэсгэлэнт байгаль, ан амьтантай газрыг түшиглэн эх дэлхийгээ хамгаалах, эх оронч үзлийг таниулах олон талын сургалт сурталчилгаа, үйл ажиллагааг зохион байгуулах боломжтой гэж үзсэн. Тиймээс энэ чиглэлээр "Ногоон хөгжлийн төв" ажиллана. Үйл ажиллагаа нь эхлэхэд ч бэлэн болоод байна.

    - Жил бүр үйлдвэрийн ажиллагсдаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулдаг. Энэ жилийн үзлэг хэзээ эхлэх вэ? Ямар онцлогтой байх бол?
    - Уурхайчдад чиглэсэн нийгмийн хамгааллын бодлогын нэг болох эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулж, үүнд жил бүр 8000 орчим ажилчин, ахмад, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хувь тогтоолгосон ажилчдыг хамруулдаг. Урьдчилан сэргийлэх үзлэгийг Эрдэнэт сувиллын цогцолбор, “Медипас” эмнэлэг хамтран зохион байгуулж байна. Энэ удаагийн үзлэгийг энэ сарын 20-ны өдрөөс эхлүүлж, бүх ажилчдаа 2019 онд багтаан хамруулахаар төлөвлөж байна. Урьдчилан сэргийлэх үзлэгийн онцлог гэвэл “Медипас” эмнэлэгтэй үзлэг, оношилгооны багцуудаа урьдчилан, сайн тохирч тодорхой болгодог. Илүү үр дүнтэй эрүүл мэндийн багцын үйлчилгээг үзүүлэх бодлого барьсан. Өөрөөр хэлбэл, хамгийн оновчтой, хэрэгтэй багцуудыг өмнөх жилүүдийн үзлэгийн үр дүнд суурилан шинээр гаргасан гэж хэлж болно. Ингэснээр энэ жилийн урьдчилан сэргийлэх үзлэгийн багц үйлчилгээг “Медипас” эмнэлэгтэй эцсийн байдлаар тохирч, эхлэхэд бэлэн болгоод байна. Мөн эмчилгээ сувилгааны хөтөлбөрийн дагуу Эрдэнэт сувилал цогцолбор уламжлал ёсоор зуны саам эмчилгээнд амрагчдаа хүлээж авч байна. Саам эмчилгээ энэ сарын 17-ноос ажиллаад эхэлсэн.

    - Хамтын ажиллагааны чиглэлээр ойрын үед ямар хөрөнгө оруулалт хийх вэ?
   - Удахгүй болох Үндэсний их баяр наадмыг Орхон аймагтайгаа хамтран зохион байгуулна. Эрдэнэт үйлдвэр жил бүр аймгийн баяр наадмыг зохион байгуулах  үйл ажиллагаанд нь зориулан 100 сая төгрөг зарцуулахаар төлөвлөдөг. Энэ жилийн хамтын ажиллагааны төлөвлөгөөнд ч энэ зардлыг тусгасан байгаа.

М.Балжинням
Фото Б.Баттөгс

   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ХАБЭА-н хэлтсийн дарга Д.Цагаан-Эрдэнэтэй уулзаж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сэдвийг хөндөн ярилцлаа.

  - Эхлээд та Уул уурхайн үйлдвэрийн газрын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагааны онцлогийн талаар ярина уу?
  
- Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрийн газрын ихэнх ажлын байрны орчин нөхцөл тоостой, дуу шуугиантай, овор хэмжээ их техник тоног төхөөрөмжтэй, химийн урвалж бодис хэрэглэдэг зэрэг физик, хими, биологи, эргономикийн хөдөлмөрийн сөрөг хүчин зүйлсийн нөлөөлөлд байдаг онцлогтой. Иймээс, Нэн түрүүнд ХАБЭА бодлогынхоо хүрээнд эдгээр сөрөг хүчин зүйлс нь ажилтны эрүүл мэнд, аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд ХАБЭА-н үйл ажиллагаа  чиглэдэг.

   - Хөдөлмөрийн аюулгүй байдлын үйл ажиллагааны онцлох ажлуудаас тодруулна уу?
   - Эрдэнэт үйлдвэр 40 гаруй жилийн түүхэнд уул геологийн нөхцөл хүндэрсэн, техник технологийн шинэчлэл үе шаттай хийгдэж байна. Манай хамт олны 60 гаруй хувь нь шинэ залуу ажилтнууд болсон. Ийм шалтгаанууд нь ажилтны амь нас, эрүүл мэндийг болзошгүй аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх, ХАБЭА-н үйл ажиллагаанд шинэ стандарт мөрдөх шаардлагатай болсон. 2019 онд MNS ISO 45001 стандарт руу шилжих ажлыг эхлүүлж байна. Энэ хүрээнд, тав дахь жилдээ мөрдөж буй ХАБЭА-н удирдлагын тогтолцооны дүрэм журмуудыг шинэчлэн боловсруулах ажил хийгдэж байна.  21-р зууны онцлогийг шингээсэн журам, дүрмүүдийг амжилттай боловсруулж, хэрэгжүүлэхийн тулд ХАБЭА-н үйл ажиллагаанд хүн бүр ухамсартай, идэвх санаачилгатай оролцож, хүлээсэн чиг үүргээ хариуцлагатай хэрэгжүүлэх нь нэн чухал. ХАБЭА-н бодлогын үндсэн чиглэлүүдийн нэг нь аюулыг мэдээлэх, илрүүлэх, арилгах цогц үйл ажиллагаа юм. Эрсдэлийн удирдлага, ноцтой эрсдэлийн хөтөлбөр, дөрвөн шатны хяналт, ажлын байрны аюулын хяналтын хуудас, аюултай тохиолдлын судалгаа хийх зэрэг аргаар аюулыг илрүүлж байгаа. 71300 дугаарын утсаар болзошгүй аюулыг мэдээлж байна. Энэ оны эхнээс нийт 513 санал мэдээлэл ирсэн. Бүтцийн нэгжүүдэд дотоод хяналт шалгалт явуулж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг гэрэл зургаар баримтжуулан акт, албан шаардлага хүргүүлж, зөрчлийг заасан хугацаанд нь арилгуулж ажиллалаа. Бүтцийн нэгжүүдийн ХАБЭА-н талаар явуулсан үйл ажиллагааг үнэлгээний комисс улирал бүр дүгнэж, тэргүүний цех, нэгж, ажилтнуудыг шалгаруулж шагнал урамшуулал олгож ирлээ.

   - Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагаанд хүн бүрийг идэвхтэй оролцдог болгохын тулд ямар ажлууд хийж байна вэ?
   - Манай хэлтэс Хөдөлмөрийн аюулгүй байдлын, Эрүүл ахуйн, Цацрагийн аюулгүйн гэсэн гурван албатай үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр алба нь харилцан уялдаатайгаар ажлын байруудад ХАБЭА-н аюулгүйн соёлыг төлөвшүүлэх, удирдлагын бодит үлгэр дуурайлал, манлайллыг дээшлүүлэхээр ажиллаж байгаа. Үүний тулд 71300, Аюулыг мэдээлэх хуудас, Ноцтой эрсдэлийн удирдлага, Эрүүл мэнд хөтөлбөр, ХАБЭА-н манлайллын таван арга хэрэгсэл зэргийг байнга сайжруулан хэрэгжүүлж байна. Манай үйлдвэр ХАБЭА-н бүтээлч оролцоо, манлайллын арга хэрэгслийг 2017 онд ЗМЗ-д, 2018 онд долоон бүтцийн нэгжид туршин хэрэгжүүлсэн. Ерөнхий захирлын А/79 тоот тушаалаар  2019 онд үйлдвэрийн хэмжээнд бүх бүтцийн нэгжүүд туршин хэрэгжүүлж байна. Энэ онд  ХАБЭА-н үйл ажиллагааг “Шүүмжлэхээс илүү сайжруулцгаая” уриан дор бүтцийн нэгжүүдийн 23, Ерөнхий захиргааны ажилтнуудын ХАБЭА-н долоон бүтээлч бүлэг байгуулагдан ажиллаж эхэлсэн. 

   - 2019 оны ХАБЭА-н манлайллын үйл ажиллагааны томоохон үр дүнгээс дурдана уу?
  - 2019 онд  үйлдвэрлэлийн ажлын байранд албадын тэргүүлэх мэргэжилтнүүдтэй ярилцлагууд хийсэн. Ерөнхий захиргааны ажилтнууд буюу газар хэлтсийн удирдлага, мэргэжилтнүүдийн үйлдвэрлэлийн ажлын байраар явж, семинар зохион байгуулсан. Эдгээр идэвхжүүлэлтийн үр дүнд  нийт 180 гаруй удирдах ажилтан ХАБЭА-н амлалт аван ажиллаж байна. Мөн цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог бүрдүүлэх зорилготой ажлууд системтэй хийгдэж байна. 

   - Шинээр байгуулагдсан Цацрагийн аюулгүйн албаны талаар тодруулна уу?
   - Энэ алба зохих хууль, захирамж, тушаал шийдвэрийн дагуу хоёр орон тооны ажилтантайгаар шинээр байгуулагдсан. Манай туршлагатай инженер Ц.Оргил тус албыг тэргүүлэн ажиллаж байгаа. Мөн үйлдвэрийн цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог бүрдүүлэхэд гол анхаарлаа хандуулж байна. Энэ хүрээнд нийт есөн гишүүнтэй орон тооны бус ажлын хэсэг байгуулагдсан. Хэлтсийн зүгээс, цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын үйл ажиллагааны чиглэлд ажилтнуудаа мэргэшүүлэхэд анхаарч гадаад, дотоодын сургалтад бодлоготойгоор хамруулж байна. Цацрагийн аюулгүйн албаны хоёр ажилтан маань үйлдвэрийн хэмжээнд цацрагийн аюулгүйн соёлыг төлөвшүүлэх зорилгоор ажлын байрны сургалт, сурталчилгаа, цацрагийн ослын дадлага сургуулилт явуулсан. Цаашид энэ салбарын дүрэм, журмын олон шаардлага шинээр тавигдаж байна.

   - Ажилчдыг хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэгслээр хангах ажлыг танай хэлтэс хариуцдаг. Нөгөө талаар шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг хэрхэн арилгуулж байна вэ?
   
- Үйлдвэрийн газрын ажилтнуудын хамгаалах хэрэгслийн тендерийн үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хүрээнд 2018 оны хамгаалах хэрэгслийн үлдэгдэл хэрэгцээг үндэслэн зургаан багц бүхий 32 нэр төрлийн бүтээгдэхүүний тендер зарлан шалгаруулалт явуулж нийлүүлэлт хийгдэж байна. Худалдан авалт, Хангамжийн хэлтэст хандаж эхний ээлжид нэн түрүүнд шаардлагатай хамгаалах хэрэгслүүдийн худалдан авалтыг харьцуулалтын аргаар шийдвэрлүүлсэн. Цаашид хяналт тавьж ажилладгийн тухайд хэлэхэд ХАБЭА-н холбоотой худалдан авалтыг хэлтсийн А-3 сертификаттай мэргэжилтнүүдийг түлхүү оруулж, үнэлгээний хороог зохион байгуулж ажиллах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Оёдлын цехтэй хамтран үйлдвэрийн газрын ажилтнуудыг тусгай зориулалтын ажлын бүх төрлийн хувцсаар тасралтгүй хангаж байна. Энэ оны эхнээс найман удаа 14 цех дээр ээлжит бус болон зорилтот хяналт шалгалт явуулж,  илэрсэн 31 зөрчил дутагдлыг гэрэл зургаар баримтжуулан акт, албан шаардлага хүргүүлж зөрчлийг заасан хугацаанд нь арилгууллаа.

   - Эрүүл ахуйн чиглэлээр хийгдсэн томоохон ажлаас дурдана уу?
   - Энэ жил ажилчдын эрүүл ахуйн орчин нөхцөлийг сайжруулах талаар хэдэн шинэлэг ажил санаачлан, төлөвлөгөө гарган ажиллаж байна. Нэгдүгээр улиралд “Эргономик” дэд хөтөлбөр хэрэгжүүлж, идэвх санаачилгатай оролцсон бүтцийн нэгжүүдийг шагнаж урамшуулсан. Энэхүү ажил нь тохиромжгүй арга барил бүхий эрсдэлтэй ажлын байрны судалгааг нарийвчлан гаргаж, орчин үеийн шийдэл бүхий гар багаж хэрэгслийг ажлын арга барилд нэвтрүүлэх, гар ажиллагааг хөнгөвчлөх, ажил амралтын горимыг оновчтой болгох, захын мэдрэл, булчин, үе холбоосны гаралтай үрэвсэлт артроз, радикулит МШӨ-г бууруулах зорилготой юм. Хоёрдугаар улиралд “ХАБЭА ба үйлдвэрийн орчны гоо зүй” сэдэвт гурван сарын аян зохион байгуулан ажлын явцад хяналт тавин ажиллаж байна. Мөн ажлын байрны орчны сөрөг хүчин зүйлсийн нөлөөллөөс шалтгаалан ажиллагсдын бие организмд үүсэх өөрчлөлтийг хянах зорилгоор Эрдэнэт Шинжлэх Ухаан Технологийн парктай хамтран тэдний үс, хумс, шүлс зэрэг биологийн сорьцод хүнд металл үзэх итгэмжлэгдсэн лабораторийг түшиглэн эрсдэлт бүлгийн ажилчдын “Биомониторинг”-ийн судалгаа, шинжилгээний ажлыг гүйцэтгэж байна.

   - Ажилчдын халуун хоолны үйлчилгээ, хүнсний эрүүл ахуйн талаар ямар дорвитой ажил хийгээд байна вэ?
  - Манай хэлтсийн Эрүүл ахуйн алба мэргэжлийн ажилтнуудаас бүрдсэн, бүтцийн нэгжүүдийн ХАБЭА хариуцсан ажилтнуудтай хамтран ажиллагсдын эрүүл, аюулгүй орчинд ажиллах, эрүүл ахуйн стандарт шаардлага хангасан ундны ус, хоол хүнсний хэрэглээнд өдөр тутам хяналт тавьдаг. Ажилчдын хоолны нэгж үнийн тарифыг 2000-3000 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Ажилчдын халуун хоолны үйлчилгээг сайжруулж, хоол хүнстэй холбоотой эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Засвар механикийн заводын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний өрөөнүүдэд барилгын урсгал засвар орууллаа. Нийтийн хоолны хэсгийн Москва Петушки ресторан нь Ил уурхайн Засварын хэсгийн ажилчдад  халуун хоолны үйлчилгээ үзүүлэх тул Барилга засварын цехийн хамт олон иж бүрэн урсгал засвар хийж ашиглалтад хүлээн авсан. Тэнд халуун хоол үйлдвэрлэл үйлчилгээ үзүүлэх ажиллагсдыг сонгон шалгаруулалтын журмаар авч, хоолны газар суурилуулах тоног төхөөрөмж худалдан авах ажлууд хийгдэж байна. Удахгүй ажилчдын халуун хоолны үйлчилгээ сайжирч шинэ шатанд гарна. Ялангуяа тендерт шалгарсан Таятанфүүд компанийн хоолны чанарыг сайжруулахаар хүнсний баг цэс батлан өдөр, оройгүй хяналт тавьж сайн чанарт хүргэнэ.

   - Ажил мэргэжлийн нэршил, хөдөлмөрийн нөхцөлтэй холбоотой асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна вэ?
   - Бид, ажилчдын ажил мэргэжлийн нэршлийн маргаантай болон хөдөлмөрийн нөхцөлийн ангиллын асуудлаар Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвтэй хамтран Цацрагийн үүсгүүртэй болон химийн бодистой харьцан ажилладаг 250 ажилтанд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх нарийвчилсан үзлэг шинжилгээ хийлгэсэн. Ажил мэргэжлийн нэршлийн маргаантай 50 ажлын байранд хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгэж, ирүүлсэн зөвлөмжийн дагуу өвчлөл бууруулах, ажлын байрны нөхцөл сайжруулах төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.

   - Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. 

Т.Батчулуун
Фото: Б.Баттөгс

Даваа, 17 6-р сар 2019 00:00

Чин сэтгэл

   Эгэл хүмүүсийн амьдралын замнал сонирхол татах нь бий. Биеэр үлгэрлэх нь амьдралд үнэ цэнэтэй байдаг. Ийм хүний нэг нь эл хөргийн эзэн  Цэенрэгзэнгийн Даваадулам. Ажил, амьдрал дээр чин сэтгэлээсээ хөдөлмөрлөж яваа нэгнээр хүн бахархдаг. Тийм хүнээс урмын үг харамлахгүй явахыг хичээдэг. Тиймээс би эл хөргийг “Чин сэтгэл” хэмээн нэрийдэв. Багын хүмүүжлээрээ тэр аливаад чин сэтгэлээсээ ханддаг зантай. Юмыг нэр төдий хийх, худлаа ярьж, хууран мэхлэхийг үзэхгүй. Түүний үг яриа, үйлс зорилго нь амьдрал дээр зөрөхгүй. Учир нь тэр багаасаа ажилч хичээнгүй, нягт нямбай байх зарчимд суралцаж, эрт хэрсүү суусных. Өвөө нь Аюурын Дандай гэж сумын Худалдаа бэлтгэл ангид нярав, нягтлангийн алба насаараа хашжээ. Гарын алгандаа багтахгүй олон түлхүүртэй явдаг байсан дүр зураг Даваадуламын сэтгэлд үлдэж. Худалдаа бэлтгэлийн ангид ирэх гоё эд барааг багадаа харж, амттаныг нь идэж өссөн болохоор аль эрт  түүний нүд, сэтгэлийн хор арилжээ. Түүний эмээ нь амьдрал таньсан, үнэн үгтэй нэгэн байж. Нутаг усандаа бариач Норовсүрэн хэмээн алдаршсан эл буурал орсон гарсан ах дүүсийг хоол ундаар дайлсан, түмэнд хүндлэгдэн явжээ. Хүнийг хараад л таних ажигч гярхай тэрээр Даваадуламыг нас бага, цус шингэн байхад нь ажил хөдөлмөрийн амтанд оруулсан агаад “ухаан муу бол нүд сохор” хэмээн сургах. Түүнийг дунд сургуульд байхад нь сүү цагаан идээ боловсруулж юм оёход сургажээ. Хөдөлмөрийн хүмүүжил хүнийг зөв болгон төлөвшүүлдгийн тод жишээ энэ. Эмээ, өвөө нь зээгээ ийн алган дээрээ бөмбөрүүлэн өсгөсөн байна. Түүний бусдаас ялгарах нэг онцлог нь хурдан морь унаж өсжээ. Нэг насны хоёр морь наадамд сойхоор эгчтэйгээ хоёул уралдааны замд гарна. Түүний төрсөн эгч хар нялхаасаа хурдан морь унажээ. Уянгалаг сайхан гийнгоолох нь одоо ч түүний чихэнд сонсогдох шиг болдог гэнэ. Харин Даваадулам хурдан морьдын уралдаан үзэхээрээ самсаа шархирна. Уяач Дандайн Амгаабазар агсан Даваадуламын нагац ах нь. Социалист нийгмийн үед хувийн машин, мал ахуйтай уяач ахын хайр халамжид өссөн хүний нэг нь Даваадулам инженер. “Улирлын амралтаараа улсын сайд шиг хүндлүүлж явлаа” гэгчээр түүнийг хичээл тарангуут 24 машин хөлөглөн авдаг асан нагацынхаа тухай тэр гэгээн дурсамж сөхнө билээ. Зөв ажиллаж, амьдарч чадсан цагаан мөртэй хүнд магтаал зохидог. Тэр техникумыг улаан дипломтой төгсөөд дээд сургуульд элсэн оржээ. Дээд сургуулийн дотуур байрны зөвлөлийн дарга сэтэртэй, жанжин Сүхбаатарын нэрэмжит цалинтай “хэнхэг” нь дэндсэн оюутан явахдаа амьдралынхаа ханьтай танилцсан байна. Одоо тэр айлын дархан бэр. Та үр хүүхдээ ямар зарчим баримталж өсгөсөн бэ гэхэд үглэж зэмлэхгүй ч өөрсдийн үлгэрлэл, тэдэнд суурь хүмүүжил олгодог. Том хүү маань Солонгост их сургууль төгсөөд Таван богд компанид ажиллаж байлаа. Одоо АНУ-д  сурч, ажиллаж, амьдардаг. Дунд хүү аав, ээжийнхээ мэргэжлийг эзэмшиж Эрдэнэтдээ төвхнөн амьдарч байх шив. Бага хүү дунд сургуулийн сурагч. Манай хүүхдүүдэд бидний ёс суртахуун төлөвшсөн байна. Дунд хүүгээ сайн мэргэжилтэн болгох зорилт тавьж байна. Орчин үеийн хүүхдүүд хурдтай, эрч хүчтэй, оюунлаг болсон байна” гэж товч хариулсан юм. “Нэг мэргэжил эзэмшсэн болохоор ханьтайгаа би ойлголцоход амар байдаг. Миний ажлын амжилт хамт олон, сайн ханийн дэмжлэгийн үр дүн. Түүнээс миний сайных биш” хэмээн өгүүлэв. Ханьтайгаа зөв амьдралын төлөө зүтгэж явсан он жилүүд түүнд бий. “Геодези зураг зүйн газар хувьчлагдаад, нөхөр ажилгүй, би гэртээ анхны бандиа харж байв. Эмээгийн буянаар ахынхаа хашаа байшинг зургаан мянгаар авч Улаанбаатарын “телевиз”-д бид айл гэр болсон. Тэр байр минь Эрдэнэтэд нэг өрөө байр болсон шүү. Манай хүн хавар геологийн ажлаар хөдөө яваад анхны цаснаар ирдэг байлаа” гэж туулсан амьдралынхаа гэгээн дурсамжаас хуваалцав. Эмээгээсээ өвлөсөн Германы кёклер маркийн оёдлын машинаар тэр юм оёдог байж. Бүтэн жил юм оёж зарсан орлогоороо байраа томсгосон амьдралын түүх түүнийх. Тэр жижиг ажлыг ч чин сэтгэлээсээ хийнэ. Их ажлыг амжуулахын тулд махран зүтгэж ард нь гарч санаа амардаг зантай. Баяр, гуниг, инээдэм наргиан энэ бүхэнд тэр өөрийнхөөрөө, сэтгэлээрээ... Иймээс хэн нэгнийг нүүрэн дээр нь алдаа дутагдлыг нь ил цагаахан хэлчихдэг гэмтэй. Ард нь юу ч бодохгүй цайлган цагаан сэтгэл тээн үлдэх. Хүн нэгнийхээ дэмд, загас усны хүчинд гэгч үнэн. Эмээ, нагац ах, хамаатан садныхаа тус дэмийг үл умартах. Тэр ч бүү хэл өдий зэрэгтэй яваагаа гар сэтгэл нийлсэн хамт олны минь хүч хэмээв. Тэрээр хүнд урам зориг өгөх дуртай. Зарим нь олны тусыг мэдэхгүй явах нь бий. Тэгвэл энэ хөргийн эзэн хүний тусыг мартах нэгэн биш. Өөрийнхөө өдий зэрэгтэй мэргэжлийн ажлаа хийж яваагаа нөхрийнхөө оюутан цагийн найз Д.Түвшинбаярын тус дэм гэх. Геологи хайгуулын ангид зөвхөн эрчүүд ажиллана. Түүнийг ажилд ороход зургаан эмэгтэй л эрчүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж байжээ. Одоо ч энэ тоо өсөөгүй. Тэр хүний итгэл алдах нэгэн биш гэдгээ ажил, амьдралаараа харуулж явна. Ажиллах хугацаандаа  хайгуулын таван лицензийн талбайд геодезийн  хээрийн хэмжилт  болон суурин боловсруулалтын ажлыг чанарын өндөр түвшинд хийжээ.
   Түүний эрхэлсэн ажил онцлогтой. Орд газрыг ашиглах төлөвлөлтөөс, олборлоод дуусах хүртэлх бүх үе шатанд мэдээлэл боловсруулах, баримтжуулах, хэмжих, тооцоолох, зураглах зэрэг ажил гүйцэтгэдэг. Тэрбээр “Эрдэнэтийн-Овоо” ордын хүрээнд хийж буй бүх  хайгуулын шатны ажлыг газар дээр нь хэмжиж, шалгаж,  өгөгдөл цуглуулж, баазад баримтжуулснаар уурхайн олборлох нөөцийн хэмжээг тодорхойлох, хил хүрээг тогтоох, хаягдлын аж ахуйн далангийн тогтворжилт, хамгаалалтын объём бэлтгэх ажлыг хийж байна. ГХА-ийн маркшейдер хаана хайгуул явагдаж байна, тэнд шаардлагатай мэдээллээр хангадаг. Өнгөрсөн хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий 302 мянган га талбайд хайгуулын ажил явуулахад шаардлагатай анхдагч материал дээр ажиллаж, төлөвлөлт хийх бүх зургийг байрлал болон өндрийн үндэслэлтэй бэлтгэн өгчээ. Барилгын материалын орд газруудын том масштабын зураг хийж, нөөцийн тооцоонд ашиглахад бэлтгэх, АМХЭГ-т жил бүр тайлан хамгаалахад шаардлагатай зургуудыг бэлтгэн өгөх зэрэг ажлыг цехийн болон үйлдвэрийн хэмжээнд гүйцэтгэдэг байна. Тэр цаг үетэйгээ хөл нийлүүлж алхах, байгаагаараа, ажил, амьдрал, мэргэжилд шаардлагатай зүйлд цаг алдалгүй суралцдаг, дайчин шургуу, ажил хэрэгч нэгэн юм. Тэрээр Геологи хайгуулын ангийн “Шилдэг инженер”, яамны “Хүндэт жуух бичиг”, “Тэргүүний геологич” цол тэмдэг, Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар энгэрээ мялаажээ. Маркшейдерээр Эрдэнэт үйлдвэрт тогтвор суурьшилтай, тасралтгүй 20 жил ажилласан хүн түүнээс өөр үгүй. Уул уурхайн анхных нь геологи хайгуулын ажил. Тэр газрын хэвлийн баялгийн байршлыг үнэн зөв тодорхойлох хариуцлага хүлээнэ. Анхны шанг татдаг, уурхайн нөөцийг тодорхойлох геологичдоороо тэр бахархдаг. Амттанд дуртай хүүхдэд чихэр өгөхөөр нүд нь гэрэлтээд л баярладаг лугаа адил тэр бусдын гаргасан амжилтад чин сэтгэлээсээ баярлах. Ер нь төрсөн нутаг ус, аав ээж, амраг хань, анд найз, алив бүхэн хүмүүний сэтгэлд оршино. Бүх зүйл сэтгэлтэй холбогдоно. Итгэл сэтгэлийн хүчийг, эзэмшсэн мэргэжилтэйгээ хослуулан хөдөлмөрлөж буй нэгэн бол маркшейдер Ц.Даваадулам бөлгөө. Чин сэтгэлийн хандлага, аливаа хүнд ажлыг чанартай хийх эрч хүч өгдөг ажгуу.

Т.Батчулуун

   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажиллагчид, ҮО, МШӨ-тэй иргэд, үйлдвэрээс тэтгэвэр тогтоолгосон ахмадууд Та бүхэн 2019 онд дараах нэр бүхий амралт, рашаан сувиллуудад амраад Хамтын гэрээний хөнгөлөлт эдлэх  боломжтой.

УЛСЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН РАШААН СУВИЛЛУУД:
   - Баатарван амралт сувилал /Магадлан итгэмжлэгдсэн сувилал/
   - Оргил рашаан сувилал /Улаанбаатар/
   - Хужирт /Өвөрхангай/
   - Төв Хужирт сувиллын илгээх бичгийг Баян дэлгүүрийн 2-р давхраас 99974332 утсаар холбогдон авах боломжтой.
   - Эльма-Хужирт, Сэмжид-Хужирт, Ананд-Хужирт
   - Шаргалжуут /Баянхонгор/
   - Аварга тосон /Хэнтий аймаг/
   - Хэрлэнгийн хөдөө арал /Аварга тосон ГОК-ийн сувилал/
   - Улсын төв амралт Аварга тосон
   - Дархан-Оточ “Аварга” рашаан сувилал
   - Жанчивлангийн рашаан сувилал /Төв аймаг/
   - Өвөр жанчивлан, Задгай цагаан сувилал
   - Бигэр /Говь-Алтай/ бөөрний сувилал
   - Хульж рашаан сувилал,
   - Хульж ресорт рашаан сувилал /Булган аймгийн Могод сум/
   - Галт халуун ус /Хөвсгөл/
Дээрх рашаан сувиллуудын илгээх бичгийг Амбулаторын 2-р давхарт 201 тоот өрөө, Статистикийн кабинет, амбулаторын бүртгэл лавлагааны хэсгээс олгоно.  

ИЛГЭЭХ БИЧГЭЭ ИРҮҮЛЭЭГҮЙ Ч АМАРЧ ИРЭЭД ХӨНГӨЛӨЛТ АВАХ БОЛОМЖТОЙ РАШААН СУВИЛЛУУД:
Тухайн сувиллаас олгосон  илгээх бичгийн хуулбарласан  хувийг хөнгөлөлт авах баримтдаа  хавсаргана.
    - Энергийн элс /Дорноговь аймаг /
    - Бөөрний сувилал
    - Хасу шивэрт /Архангай/
    - Отгонтэнгэр  /Завхан аймаг/

УЛААНБААТАР БОЛОН БУСАД АЙМАГ ДАХЬ МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН СУВИЛЛУУД:
   - Илгээх бичгээ авч ЭСЦ-ын эмч, мөн хяналтын эмч, эсвэл өрхийн эмчдээ үзүүлж тухайн эмнэлгийн тамга тэмдгээр баталгаажуулна. Нийгмийн даатгалаар баталгаажуулах шаардлагагүй.
   - “Чулуут” саам сувиллын  илгээх бичгийг ЭСЦ-ын сувиллын хэсгийн 1-р давхарт байрлах кассанд мөнгөө тушааж авна.  
  - Саам амралтуудын илгээх бичгийг Сувиллын хүлээн авах болон Статистик дүн бүртгэлээс олгоно. Орон нутгийн саам амралтуудад явахад ээлж харгалзахгүй, нэгдсэн унаагаар үйлчлэхгүй. Сувиллаас олгосон илгээх бичиг дээр ор хоногийн /эмчилгээний/ төлбөрийг бичүүлж, баталгаажуулсан байна.

АНХААРАХ ЗҮЙЛ:
   - Ажилчид рашаан сувилал, саам амралтуудад ээлжийн амралтаараа амарна. Ээлжийн амралт таарахгүй байгаа ч эмчлүүлэх шаардлагатай ажилчид цехийн эмч, хяналтын эмчийн үзлэг, дүгнэлтийг үндэслэн эмч нарын зөвлөгөөнөөр орсны дараа ээлжийн амралтаас зохицуулан сувилуулах боломжтой. Ийм  тохиолдолд эмнэлгийн хуудас олгохгүй.
   - Магадлан итгэмжлэгдсэн Рашаан сувиллуудад илгээх бичиг, ЭМД-ын дэвтрээ заавал авч очих шаардлагатай. Илгээх бичгийн арын хуудсан дахь  утсаар  холбогдон лавлаж өрөө байраа  урьдчилан захиална уу.
   - Ялангуяа Шаргалжуут, Аварга тосон /улсын/-д албаны утсаар нь холбогдож урьдчилгаа төлбөр төлсөн тохиолдолд захиалсан өрөө, байр баталгаажин хадгалагдаж, захиалга өгсөн хугацаандаа сувилуулах боломжтой.
   - Шаргалжуут, Аварга тосон /улсын/ албаны утас: 77437777
   - Энергийн элс бөөрний сувилалд илгээх бичгээ тэндээсээ авч сувилуулна. /вагоноор явах боломжтой/
   - Ачит элс бөөрний сувилал Хангал сумын Хялганатын нутаг дэвсгэр буюу Сэлэнгэ амралтын бааз явах замд байрладаг. 6-р сарын 20-ноос эхэлнэ. Илгээх бичгийг ЭСЦ-оос олгоно.

АВТОБУС БОЛОН УНААНЫ ТАЛААР:
    - ЭСЦ-оос нэгдсэн унаа  гаргахгүй тул баталгаат чиглэлд хувийн унаагаар, мөн тухайн рашаан сувиллын автобусаар үйлчлүүлэх боломжтой.
    - Илгээх бичгийн ар талд явах унааны талаар бичигдсэн.  
    - Аймгуудын /Завхан, Баян-Өлгий, Увс гэх мэт хол орших/ магадлан итгэмжлэгдсэн рашаан сувилалд илгээх бичгийг  очсон сувиллаасаа авч, бичиг баримтаа бүрдүүлэн Хамтын гэрээний хөнгөлөлт эдлэх  боломжтой.     

АМАРЧ СУВИЛУУЛААД ИРСНИЙ ДАРАА:
   - Дээрх рашаан сувиллуудад амарч сувилуулсан  хүмүүс ЭСЦ-ын амбулаторын 4-р давхар 405 тоот өрөө, мөн 2-р давхар 201-а тоот өрөө /статистикч эмч/-д доорх бичиг баримт бүрдүүлж өгнө.
      Сувиллын эмчилгээний хөнгөлөлт /50 хувь/
   - Илгээх бичиг /хуулбарласан хувь/
   - Сувилуулсан ор хоногийн зардал төлсөн баримт /эх хувь/
   - НӨАТ-ын баримт бус, зөвхөн сувиллын ор хоног эмчилгээний төлбөрийн баримтыг авна. /Нэмэлт үйлчилгээ, автомашины төлбөр тооцоо зэргийг  хувь хүн өөрөө хариуцна./
   - Унааны хөнгөлөлт олгогдохгүй.
   - Илгээх бичиг болон баримт дээр доорх нэмэлт мэдээллүүд засваргүй зөв бичигдсэн байх шаардлагатай.
   - Ажилчид - овог нэр, цех, табелийн дугаар
   - МШӨ, ҮО - овог нэр, цех, табелийн дугаар
   - Үйлдвэрээс тэтгэвэрт гарсан ахмадууд - овог нэр, цех, ахмадын үнэмлэхний дугаар
Ирсэн баримтуудыг нэгтгэж жагсаалт гарган:
   - Ор хоногийн /эмчилгээний/ зардлын хөнгөлөлтийг цех хариуцсан цалингийн нягтлан бодогч тооцож, цалин дээр виза картаар олгоно. МШӨ, тэтгэврийн хүмүүсийн хөнгөлөлт сар бүрийн тэтгэмжийн мөнгөтэй хамт олгогдоно.


ЭСЦ. Статистик, бүртгэл мэдээллийн хэсэг, сувиллын хүлээн авах, касс,
Статистик: 757-73453,  Бүртгэл лавлагаа: 757-73693,
Хүлээн авах: 757-73496, Касс: 757-73456.

   Сайн саналын системийн 100 манлайлагчийн нэгээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ус хангамжийн цехийн ус хангамжийн хэсгийн Ариутгах татуургын шугам сүлжээний засварын мастер С.Ганхуяг нэрлэгдсэн. Түүний дэвшүүлсэн 11 саналаас 9 нь үйлдвэрлэлд нэвтрээд байна.

  - Үйлдвэрийн хэмжээнд өрнүүлж буй бүтээмжийн ажлын үр өгөөжийг та хэрхэн харж байна вэ?
  - Эрдэнэт үйлдвэр ажилчдынхаа дунд бүтээмж, инновацийн уралдаан зарласнаар тэдний хийж бүтээх хүслийг бадрааж, залуучуудын санал санаачилга илүүтэй нэмэгдэж байна. Тухайн хүнээс санаачилга гарч байна гэдэг бол сэтгэлгээг хөгжүүлэх сайн талтай. Тиймээс ч бид аливаа бүтээмжийн саналыг дэмжиж, ажил хэрэг болгохыг эрмэлзсээр ирсэн. Сайн саналыг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр ажил хөнгөвчилж, илүү хялбар болсныг бид өдөр бүр харж, мэдэрч байна. Манай цех 2018 онд бүтээмж, инновацийн мэргэжилтэнтэй болсон. Өнгөрсөн оны ажлын үзүүлэлтээ 2017 онтой харьцуулахад бүтээмжийн ажил 2-3 дахин өссөн дүнтэй гарсан. Мөн сайн саналын системийн 100 манлайлагчийн жагсаалтад манай цехээс 15 ажилтан шалгарсанд баярлаж, хамт олноороо бахархаж байна. Цаашид бид бүтээмжийн ажлаа байнга өрнүүлж, үйлдвэрлэлд олон шинэ санаа нэвтрүүлэхийг зорино.

  - “Лусын сан” дугуйлангийнхаа амжилт, ололтоос хуваалцана уу?
  - Манай бүтээмж чанарын дугуйлан “Лусын сан” нэртэй, 9 хүний бүрэлдэхүүнтэй. Бид чандмань эрдэнэ болсон цэвэр усныхаа чанар, аюулгүй байдлыг хангадаг мэргэжлийн ажлаараа бахархан, дугуйлангаа нэрлэж байлаа. Манай хамт олон сүүлийн жилүүдэд цехийн хэмжээнд зохион байгуулсан бүтээмжийн уралдаан тэмцээнд тэргүүн байрт шалгарч, үйлдвэрийн хэмжээнд тогтмол 2, 3 дугаар байр эзэлж байгаа.

   - Эрдэнэт үйлдвэрт хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?
  - Би ус хангамжийн мэргэжилтэй. Сургуулиа төгсөж ирсэн шинэхэн оюутан ажлын талбарт гарч байлаа. Эрдэнэт үйлдвэрт 29 дэх жилдээ ажиллаж байна. Цэвэрлэх байгууламжийн технологиор ажиллаж байгаад сүүлийн 11 жилд нь ус хангамжийн мэргэжлээр цехдээ ажилласан. Үйлдвэрийн боловсон хүчний дийлэнх хувийг залуучууд эзэлж байгаа тул тэдэндээ хандан, “Хүн амьдралынхаа төлөө зүтгэх ёстой, хөдөлмөрлөх ёстой. Дэлхийн хэмжээний том үйлдвэрт ажиллаж байгаа тар нар азтай хүмүүс шүү. Үргэлж ажил, мэргэжлээрээ бахархаж яваарай” гэж захих дуртай.

  - Хэсгийнхээ ажлын онцлогийг дурдвал?
  - Ус хангамжийн хэсэг нь Эрдэнэт хотын хүн ам, үйлдвэр, аж ахуйн газруудыг ахуйн болон ундны ус, техникийн усаар ханган ажилладаг. Манай хэсэг тасралтгүй 24 цагаар ажиллахдаа дөрвөн дэд станцаар дамжуулан, хоногт 24-30 мянган куб метр усыг хотын хэрэгцээнд нийлүүлж байна. Бид цэвэр ус татах дөрвөн дэд станцынхаа бүхий л засвар үйлчилгээг улирал харгалзахгүйгээр хариуцан ажилладаг. Хариуцлага маш өндөртэй. Ямартаа ч өнгөрсөн хугацаанд үйлдвэр болон хотоо цэвэр усаар тасалж байсан удаагүй.

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

Мэдээний төрөл

Календарь

« 6-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Зургийн цомог